Дэлхий дахинд
Энэтхэгийн ерөнхий сайд агуйд бясалгал хийхдээ монгол дээл өмсжээ
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди тус улсын Уттраханд мужийн Хималайн уулын бүсэд хоёр хоног зочилжээ.
Ингэхдээ тэр энд байдаг эртний Кендарнат сүмд мөргөж, сүмээс 1.5 км зайтай байдаг агуйд бясалгал хийсэн байна.
Сонирхолтой нь Нарендра Моди уулын сүмд зочлох үедээ монгол дээл өмсжээ. Түүнийг 2015 оны тавдугаар сард Монгол улсад айлчлахад нь тухайн үеийн ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн бэлэглэсэн дээлийг тэр өмссөн байна.
Моди уулын агуйд 17 цаг ганцаар сууж бясалгал хийсэн тухай Энэтхэгийн хэвлэлүүд мэдээлжээ.
Тэрээр Ням гарагийн өглөө агуйгаас гарч ирснийхээ дараа сэтгүүлчидтэй уулзахдаа бясалгал нь саяхан болж өнгөрсөн сонгуулийн дараа сэтгэл санаагаа ариусгах зорилготой байсан, харин сонгуульд ялуулахыг бурхнаас хүсээгүй гэж мэдэгдсэн байна.
Энэтхэг даяар сар гаруй хугацаанд үргэлжилсэн сонгуулийн санал хураалт саяхан дуусаад байгаа юм. Сонгуулийн үр дүнг ирэх Пүрэв гарагт зарлахаар төлөвлөжээ.