Дэлхий дахинд
Доналд Трамп: Хэрвээ Иран улс дайныг хүсвэл энэ нь тэдний хувьд төгсгөл юм
Иракийн нийслэл Багдад хот дахь ногоон бүс буюу төрийн ордон, гаднын Элчин сайдын яамууд байрладаг хэсэгт өчигдөр артилерын гэнэтийн цохилт хийсэн явдал болж өнгөрлөө. Албаны хүмүүсийн мэдэгдэж байгаагаар ЗХУ-ын үед зохион бүтээсэн катюшагийн бөмбөгдөлтөд ямар нэгэн барилга байшин сүйдэж, хүний амь эрстээгүй байна. Артилерын сум Багдад дахь АНУ-ын Элчин сайдын яамны байрнаас хойд зүгт хагас километр орчимд байрлах нэр нь үл мэдэгдэх цэргийн дурсгалын хөшөөний хажууханд туссан аж.
АНУ-ын Төрийн департаментийн зүгээс энэ талаар албан ёсны мэдэгдэл гаргахдаа “Багдад болсон пуужингийн довтолгоонд АНУ-ын иргэдийн оршин суух ямар ч барилга байгууламж сүйдэж, хүний амь нас хохироогүй. Бид энэ хэрэг явдлыг маш нухацтай авч үзэж байгаа. Одоогоор үүнийг хэн үйлдсэн болох талаар ямар нэгэн бодит нотолгоо байхгүй байна. Гэхдээ сүүлийн хоёр долоо хоногт гарсан хэрэг явдлыг авч үзвэл үүнд Иран улсад хариуцлага хүлээлгэх бүрэн боломжтой” гэсэн юм.
Учир нь өнгөрөгч мягмар гаригт Саудын Арабын газрын тос олборлогч хоёр станцыг дрон ашиглан дэлбэлсэн хэрэг явдал гарсан билээ. Мөн үүнээс гурав хоногийн дараа газрын дундад тэнгист хөвж байсан нефть тээвэрлэгч дөрвөн хөлөг онгоцыг сөнөөсний хоёр нь Саудын Арабын өмч байсан юм. Энэ бүхнийг Ираны захиалгаар хөрш Йемен улс дахь лалын хэт даврагч Хоути бүлэглэл үйлдсэн болохоо хүлээсэн юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ням гаригт Иракт болсон бөмбөгдөлтийн дараагаар өөрийн албан ёсны твиттер цахим хаягтаа “Хэрвээ Иран улс дайныг хүсэж байвал энэ нь тэдний хувьд төгсгөл юм.Тиймээс АНУ-д дахин заналхийлсэн оролдлого хийгээд хэрэггүй” гэсэн байр суурийг илэрхийлсэн байна.
Дэлхийн зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон улс төр судлаачид Доналд Трамп Саудын Араб болон Иракийн захиалгаар нийгмийн сүлжээнд үг дайж, улс төр хийж, болоогүй дайныг зохиомлоор өдөөж байна гэж шүүмжлэлтэй хандах болсон юм.
Харин Саудын Арабын Гадаад хэргийн сайд Адел ал-Жубейр “Бид бүс нутагт дайн гарахыг хүсэхгүй байна. Гэхдээ хэрвээ Иран улс дайныг хүсэж байвал бид бүх хүчээ ашиглах болно гэдгийг анхааруулж байна” гэсэн юм. Тус улсын хаан Салман бин Абдулазиз Ал Сауд энэ асуудлын талаар хэлэлцэхээр Персийн булан болон Арабын улсуудын удирдагч нарыг энэ тавдугаар сарын 30-нд зөнч Мухаммедын мэндэлсэн ариун Мекка хотноо урьсан байна. Энэхүү хурлаар Арабын удирдагчид бус нутагт нь заналхийлж буй боломжит дайны талаар хэлэлцэнэ гэж олон улсын улс төрийн шинжээчид үзэж байна.
Одоогоор энэ бүхэнд Ираны зүгээс ямар нэгэн албан ёсны тайлбар хийгээгүй байгаа юм. Хамгийн сүүлд тус улсын Гадаад хэргийн сайд Мохаммед Жавад Зариф төрийн мэдлийн албан ёсны “IRNA” телевизээр дамжуулан “АНУ-ын зүгээс манай улсад тавьсан эдийн засгийн хориг арга хэмжээнээс болж үл ойлголцол улам бүр нэмэгдэж, мөргөлдөөн гарах эрсдэл бүр ч дордох боллоо. Гэхдээ бид дайныг хүсэхгүй байна. Үүнтэй адил бүс нутагт ч ямар нэгэн асуудал үүсэхийг зөвшөөрөхгүй, ийм алхам гаргуулахгүй” гэсэн юм.
Эх сурвалж: Reuters