Энтертайнмент
“Game of Thrones” цувралын жүжигчид үзэгчидтэйгээ салах ёс гүйцэтгэжээ
Найман жил үргэлжилсэн телевизийн салбарын хамгийн том цуврал бүтээл “Game of Thrones” өчигдөр албан ёсоор өндөрлөлөө.
Уг бүтээлийн сүүлчийн бүлгийн сүүлчийн анги Улаанбаатарын цагаар Даваа гарагийн өглөөний 9:00 цагт HBO сувгаар цацагдсан юм.
HBO компанийн мэдээлснээр энэхүү ангийг тус компанийн бүх сувгаар 19.3 сая хүн үзсэнээс АНУ-ын зах зээлд 13.6 сая хүн үзжээ.
Энэ нь HBO компанийн түүхэн дээд амжилт юм байна. Өмнөх дээд амжилтыг 2002 онд гаргасан “The Sopranos” цувралын сүүлчийн анги 13.4 сая үзэгчтэйгээр эзэмшиж байжээ.
Гэхдээ АНУ-аас бусад улсуудын зах зээлд хууль бус аргаар хуулбарлан үзсэн тоо үүнээс олон дахин өндөр байдаг юм. Тухайлбал сүүлчийн наймдугаар бүлгийн эхний ангийг дөрөвдүгээр сарын 14-нд үзүүлэхэд 24 цагийн дотор 54 сая хувь хуулбарлагдаж тарсныг тухайн үед Muso зах зээлийн судалгааны байгууллага мэдээлж байв.
Тэдгээрийн ихэнх нь Хятад, Энэтхэгийн зах зээлд хуулбарлагджээ.
Өчигдөр сүүлчийн ангийг цацсаны дараа HBO компаниас “Game of Thrones” цувралын зарим гол баатруудын үзэгч фэнүүдтэйгээ салах ёс гүйцэтгэсэн бичлэгийг нийтэлсэн байна.
Уг дүрс бичлэгт Исаак Хэмпстид Райт (Брэн), Эмилиа Кларк (Данерис), Жон Брэдли (Сэм), Кристофер Хивью (Тормунд), Гвендолин Кристи (Бриени), Мэйси Уилльямс (Арья), Софи Тюрнер (Санса) нар өөрсдийг нь дэмжиж, хайрлаж байсан үзэгчдэдээ талархал илэрхийлээд салах ёс гүйцэтгэжээ.
Эх сурвалж: Business Insider
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.