Дэлхий дахинд
Хүн амины хэрэгт холбогдсон Оросын улс төрчийг парламентын гишүүнээс чөлөөлөв
Өчигдөр ОХУ-ын Холбооны Зөвлөлийн бүх 153 гишүүний саналаар Рауф Арашуковыг парламентын гишүүнээс чөлөөлөх шийдвэр гаргажээ.
Түүнийг хуулинд заасан хугацаанд буюу дөрөвдүгээр сарын 1-ний дотор хөрөнгө орлогын мэдүүлгээ өгөөгүй шалтгаанаар хууль тогтоох байгууллагаас хөөсөн байна.
Одоо 32 настай Арашуков нь хүн амины хэрэгт холбогдож, нэгдүгээр сарын 30-нд болсон Холбооны Зөвлөлийн чуулганаар халдашгүй эрхээ цуцлуулж байсан юм. Шийдвэр гармагц чуулганы танхимд Арашуковыг баривчлах ажиллагаа явагдаж байжээ.
Түүнийг Умард Кавказын Карачай-Черкес мужид 2010 онд хоёр удаа захиалгаар хүний амь хөнөөлгөсөн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм.
Үүнээс гадна орон нутгийн гэмт хэргийн бүлэгтэй холбоотой гэгдэж байгаа Арашуков бүх насаар хоригдох ял сонсох төлөвтэй байна.
Түүний эцэг Раул Арашуков нь Карачай Черкесийн хууль тогтоох байгууллагын гишүүн, Газпром компанийн орон нутаг дахь салбарын зөвлөхөөр ажилладаг. Түүнийг бас хэд хэдэн гэмт хэрэгт холбогдуулан нэгдүгээр сард баривчилсан юм.
Эх сурвалж: ТАСС