Энтертайнмент
Жүжигчин О.Дөлгөөн АНУ-д их сургуулиа төгсчээ
Улсын драмын эрдмийн театрын залуу жүжигчин О.Дөлгөөн мэргэжил дээшлүүлэхээр алс холын Америкийн Калифорни мужийн Сан Франциско хотод “Academy of Art University” их сургуульд урлагийн чиглэлээр суралцсан бөгөөд сургуулиа амжилттай төгсчээ.
Жүжигчин бүсгүй гэр бүлийн хамт тэнд амьдардаг юм. Тэрбээр өнгөрсөн зун эх орондоо ирж “Хувьсал” продакшны ээлжит уран бүтээл “Тэнгэрээс буусан од” уран сайхны киноны гол дүрд тоглосон нь олны анхаарлыг ихэд татсан юм.
Авьяаслаг залуу жүжигчин О.Дөлгөөн нь анх “Амьдралд тавтай морил” олон ангит кинонд хэнэггүй, эршүүд Золоогийн дүрээр олны танил болсон байдаг. Мөн “Хайрын рекорд”, “Single ladies 1, 2, 3”, “Сүүлчийн шөнө”, “Учрал” зэрэг дэлгэцийн уран бүтээлээс гадна У.Шекспирийн “Ромео Жульетта” жүжгийн Жульеттагийн дүрд тоглосон өсөх ирээдүйтэй уран бүтээлч.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.