Дэлхий дахинд
Хуавэй компани гар утсандаа microSD карт ашиглах эрхгүй боллоо
Хятадын Хуавэй компанийн эсрэг тавьсан АНУ-ын засгийн газрын хориг улам өргөжиж байна. Хоригийн дагуу тус компани SD Association байгууллагын гишүүн байх эрхгүй болжээ.
Уг байгууллага нь SD, microSD санах ойн картнуудын стандартыг тогтоогч юм. Ингэснээр Хуавэй цаашид үйлдвэрлэх гар утас, зөөврийн компьютертаа SD, microSD картны стандартыг ашиглах боломжгүй болж байна.
Одоо хэрэглэгчдийн гар дээр ашиглагдаж байгаа болон нэгэнт үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүнүүдэд SD, microSD картнууд хэвээр ажиллах юм. Харин Хуавэй компаниас гаргах шинэ төхөөрөмжүүдэд ийм стандартын карт ашиглах боломжгүй байх ажээ.
Дараагийн ээлжинд утасгүй сүлжээний стандартыг тогтоодог Wi-Fi Alliance
байгууллага мөн АНУ-ын хоригийн дагуу Хуавэйн гишүүнчлэлийг түдгэлзүүлэх төлөвтэй байна.
Гэхдээ Андроидын хоригтой харьцуулахад SD картны хориг Хуавэйн хувьд харьцангуй жижиг асуудал гэгдэж байгаа ажээ. Учир нь тус компани microSD картнаас овор хэмжээ багатай, өөрийн бий болгосон Nano Memory (NM) карттай бөгөөд сүүлийн үеийн зарим бүтээгдэхүүндээ нэвтрүүлээд байгаа юм.
Эх сурвалж: The Verge