Дэлхий дахинд
Дональд Трамп сүмо үзэж, өөрийн нэрэмжит цомоо түрүүлсэн бөхөд гардуулав
Япон улсад хийх төрийн айлчлалаа Бямба гарагт эхлүүлсэн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр Токиогийн Рёгокү Кокугикан ордонд зочилж, сүмо бөхийн тавдугаар сарын тэмцээний сүүлийн барилдааныг үзжээ.
Тэр энэ үеэр түрүүлсэн бөх, 25 настай мэгашира цолтон Асаноямад “United States President’s Cup” нэртэй цомыг анх удаа гардуулсан юм.
Сүмогийн тэмцээн үзэхдээ Дональд Трамп хэд хэдэн уламжлалыг нь зөрчсөн байна. Тухайлбал дэвжээний дэргэдээс үзсэн хүмүүс тусгай олбог дээр завилж суух ёстой бол АНУ-ын ерөнхийлөгч гэргийн хамт сандал дээр тухалсан юм.
Мөн барилдааны үр дүнд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж олбогоо шиддэг уламжлалыг энэ удаа Сүмогийн Холбооноос хориглосон нь Трампын аюулгүй байдалдтай холбоотой байжээ.
Мөн дэвжээ буюу дохён дээр гарахдаа хүн бүр гутлаа тайлах ёстой байдаг. Харин Трамп гуталтай гарсан нь уламжлалыг эвдсэн хэрэг байлаа.
Японы зарим хэвлэлүүд Трампын гуталтай хөл тавьсан дэвжээг ариулахыг Сүмогийн Холбоонд санал болгожээ.
Амралтын өдрүүдэд Дональд Трамп Японы ерөнхий сайд Абэ Шинзотой гольф тоглож, зоог барьсан байна. Өнөөдөр тэр Японы шинэ эзэн хаан Нарухитод бараалхсан анхны гадаад улсын төрийн тэргүүн болох юм.
Эх сурвалж: Business Insider