Дэлхий дахинд
Малайз улс ганцхан эм хирстэй үлдлээ
Суматрын хирс гэгддэг ховор төрөл зүйлийн амьтны Малайз дахь сүүлчийн эрэгчин үхснийг өчигдөр тус улсын байгаль хамгаалагчид мэдээлжээ.
Ингэснээр тус улсад ганцхан эм хирс үлдэж байна.
Там нэртэй уг хирсний дотор эрхтэн өвчлөөд удаж байсан юм. Суматрын хирс нь энэ төрлийн амьтад дотроос хамгийн жижиг нь бөгөөд нас биед хүрэхдээ 130 см орчим өндөртэй болдог.
Ази тивд амьдардаг хос эвэртэй цорын ганц төрөл зүйл болох Суматрын хирс нь үсэрхэг биетэйгээрээ онцлог юм. Энэ төрлийн хирс нь Индонез, Малайзын зарим хэсэг, Тайландын өмнөд хэсэгт цөөн тоогоор амьдардаг.
Одоогоор дэлхий даяар нийт 80 орчим Суматрын хирс үлдсэн тухай Олон Улсын Хирсний Сан мэдээлжээ.
Там хирсийг үржүүлэх зорилгоор Малайзын засгийн газар тусгай хамгаалалттай газарт хоёр эмэгчинтэй нутагшуулсан байна. Харамсалтай нь хоёр эм хирс хээлтэх чадваргүй нь батлагдсан юм.
Одоо хоёр эм хирснээс Иман нэртэй нэг нь үлдээд байна. Малайзын засгийн газар өөрийн байгальд амьдардаг Суматрын хирсийг устахаас аврахын тулд зохиомлоор үр тогтоох технологийн судалгаанд хөрөнгө зарцуулсан ч үр дүн муутай байна.
Дэлхий даяар хирсний төрөл зүйлүүд устахын ирмэгт хүрээд байгаа. Баруун Африкийн хар хирс бүрэн устаж үгүй болсныг 2013 онд зарласан байдаг. Өнгөрсөн онд Африкийн цагаан хирсний сүүлчийн эрэгчин үхснээр мөн устах аюул нүүрлээд байна.
Эх сурвалж: CNN