Бусад
“Тавантолгой түлш” ХХК-ийн ажилтнууд “Ажлын байраа хамгаалан тэмцэнэ” гэдгээ мэдэгдлээ

Төрийн бус байгууллагуудаас “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн санхүүгийн дэмжлэгтэйгээр төмөр зам, сайжруулсан шахмал түлшний үйлдвэр, цэцэрлэг сургууль барихаа зогсоо гэсэн шаардлагыг тавин 2019.05.29-нд жагсаал, цуглаан хийхээ зарлаад байгаа билээ. Энэ мэдээллийг эсэргүүцэн “Тавантолгой Түлш” ХХК-ийн ажилтнууд “Ажлын байраа хамгаалъя” гэсэн нэрийн дор Хэвлэлийн бага хурал хийлээ.
“Тавантолгой түлш” компанийн нэгдүгээр үйлдвэрийн хяналтын инженер Д.Чимгээ: “Монголын ард түмэн дэлхийн брэнд нүүрсээр хийсэн Сайжруулсан шахмал түлшээ яагаад хэрэглэж болохгүй байгаа юм бэ. Яагаад Төрийн бус байгууллагын шахалт дарамт дор бүтээн байгуулалт зогсох ёстой гэж. Миний ар талд үйлдвэрлэл, тээвэр, борлуулалт гээд 700 гаруй ажилтнууд зогсож байна. Түүний ард гэр бүл, үр хүүхэд гээд бүхэл бүтэн амьдрал, сэтгэл санааг бодох ёстой.
Манай үйлдвэр Улаанбаатар хотын утааг 50 хувь бууруулах зорилгоор 24 цагийн турш тасралтгүй ажиллаж байгааг дуулгая. Хүн амын амь нас, эрүүл мэндэд олон жил заналхийлсан утааг бууруулах ажил хэний эрх ашигт нийцэхгүй байгаа юм бэ. Сүүлийн 20 гаруй жил яригдсан утааны эсрэг авсан дорвитой алхам болсон Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрээ хамгаална гэдгээ илэрхийлж хэвлэлийн бага хурал хийж байна” гэлээ.
Тус үйлдвэрийн зуухны мастер Ч.Бат-Эрдэнэ: “Түүхий нүүрсийг хориглосон түүхэн шийдвэр гаргасан Засгийн газартаа баярлаж байна. У.Хүрэлсүх шиг зоримог ажилладаг улс төрчөө дэмжинэ, хамгаална. Сайны хажуугаар саар гэгчээр сайжруулсан шахмал түлшийг улс төрийн явцуу эрх ашигтаа ашигладаг улс төрийн хүчин, төрийн бус байгууллагууд бий боллоо. Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн угсралтын ажил дуусаагүй, үр дүнгээ ард түмэндээ тайлагнах болоогүй байна. Иргэд та бүхэн элдэв суртал ухуулгад авталгүйгээр төр засгийн шийдвэрээ хүндэтгэн “Тавантолгой Түлш” компанийн сайжруулсан шахмал түлшээ дэмжинэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
“Тавантолгой Түлш” ХХК-ийн I үйлдвэрийн инженер З.Цэрэндорж: “Бид амласан амлалт, хүлээсэн үүргээ биелүүлж дэлхийн стандартын дагуу хийгдсэн Сайжруулсан шахмал түлшээр гэр хорооллын 220 мянган өрхөө хангана. Харин үйлдвэрийн ажилтнуудын сэтгэл зовоосон, жагсаал цуглааныг эсэргүүцаж байна. Хараад байхад ТББ-дад дээрэлхүүлдэг, үйл ажиллагаагаа зогсоодог аж ахуйн нэгжүүд бий болжээ. Бид тэд нар шиг дуугүй, хүлцэнгүйгээр үүд хаалгаа барихгүй” гэдгээ мэдэгдье” гэлээ.

Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
Бусад
Нийслэлд үйл ажиллагааа явуулж буй 770 нийтийн байранд хяналт шалгалт хийлээ

Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/214 дугаартай захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрны орчин, нөхцөл байдалд хяналт шалгалт хийлээ. Тодруулбал, ажлын хэсгийн бүрэлдэхүүн нийслэлийн есөн дүүргийн 770 нийтийн байрнуудын нөхцөл байдалтай танилцаж, газар дээр нь ажиллав. Тус ажлын хүрээнд нийтийн байрны эрүүл ахуй, гал болон цахилгааны аюулгүй байдал, эрүүл ахуйн халдвар хамгаалал зэрэг нь шаардлага хангаж буй эсэхийг шалгаж, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, дүгнэлтийг боловсруулах юм.
Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн 770 байр байдгаас 754 нь иргэнд, үлдсэн нь аж ахуйн нэгжид бүртгэлтэй байна. Мөн үүнээс зөвхөн 285 нь татвар төлдөг болохыг хяналт шалгалтын үеэр илрүүллээ. Галын аюулгүй байдал алдагдсан 11 төрлийн нийт 5730 зөрчил илэрч 132 буюу 2.3 хувийг тухайн цаг мөчид арилгуулж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг даалгалаа.
2025 оны 02 сарын байдлаар 770 нийтийн байр шалгалтад хамрагдсан бөгөөд давхардсан тоогоор 26 төрлийн 7,985 зөрчил илэрч, хууль тогтоомжийн хэрэгжилт 45,6%-тай байна.
- Галын аюулгүй байдал 40%
- Эрүүл ахуйн 34%
- Байгаль орчин 57%
- Гэмт хэрэг, хэв журам 75%,
- Барилга байгууламж 22.3%
НЦУГ-аас гаргасан 2025 оны 02 дугаар сарын мэдээгээр гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 120, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчигдсөн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 142 нийтийн байр байна. Мөн Нийтийн байр түрээслэгч 11129 иргэнийг бүртгэсэн. Нийт есөн дүүргийн 383 иргэн аж ахуйн нэгжээс 175 буюу 45.8% нь хөрсөнд шингээдэг нүхэн жорлонтой бөгөөд стандартад нийцсэн, бохир сордог нүхэн жорлонгийн тоо 201 буюу 52,5% харин төвлөрсөн шугамд холбогдсон 7 буюу 2% байна. Шалгалтаар дүүргийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд 96% огт бүртгэлгүй байгаа нь хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдахгүй явж ирсэн юм.