Дэлхий дахинд
Оддын тэсрэлтийн нөлөөгөөр хүн хоёр хөл дээрээ зогссон гэх таамгийг дэвшүүлжээ
Бусад мичнүүд дөрвөн хөллөж явахад хүний өвөг дээдэс хойд хоёр хөл дээрээ явдаг болсноор дэлхийг байлдан дагуулах зам нь эхэлсэн гэдэг.
Африкийн ширэнгэн ойд модноос модонд дүүлэн амьдарч байсан хүний өвөг ямар шалтгаанаар хоёр хөл дээрээ зогсох болсныг бүрэн тайлбарлаагүй байгаа.
Харин саяхан АНУ-ын хэсэг эрдэмтэд оддын тэсрэлт (супернова) хүнийг зогсоход хүргэсэн гэх сонирхолтой таамаг дэвшүүлжээ.
Тэдний үзэж байгаагаар Сүүн замын галактикийн бидэнтэй ойр орших олон тооны одод долоон сая жилийн өмнөөс цувран дэлбэрч эхэлсэн гэнэ.
Энэ үйл явц сая сая жил үргэлжилсэн байна. Тэсрэлтийн улмаас сансрын уудамд хүчтэй туяа цацарч, 2.6 сая жилийн тэртээ дэлхийд ирэх туяаны эрчим дээд хэмжээндээ хүрчээ.
Уг туяаны нөлөөгөөр дэлхийн агаар мандал ихээр ионжиж, аянга цахилгааныг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлсэн гэж эрдэмтэд үзсэн байна.
Аянга цахилгаан нь Африкийн ширэнгэ ойг түймэрт автуулж, тал газрын хэмжээг нэмэгдүүлсэн гэнэ.
Ингээд ой модод багасч, тал газарт буух шаардлага гарснаар хүний өвөг дээдэс хоёр хөл дээрээ алхаж сурахад хүрсэн байна.
Үүнээс өмнө уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр Африкийн ширэнгэ багассан нь хүнийг хоёр хөл дээрээ явдаг болгосон гэх онол хамгийн түгээмэл яригддаг байв.
Судалгаанд оролцсон Канзасын их сургуулийн судлаач Адриан Мелотт хүний өвөг үүнээс эрт хойд хоёр хөл дээрээ явж эхэлсэн байж болох бөгөөд оддын тэсрэлтүүд уг эволюцийг хурдасгасан гэж бодож байгаагаа ярьжээ.
“Ой ширэнгэ тал газраар солигдох үед хоёр хөл дээрээ босож сурах нь давуу тал болж байсан байх. Сийрэг тарж ургасан модноос модны хооронд алхах, тал газарт өндөр ургасан өвсөн дундаас араатныг түрүүлж олж харах зэрэг хэрэгцээ бий болсон гэж үзэж байна” хэмээн тэр тайлбарласан юм.
Дэлхийгээс 164 гэрлийн жилийн зайтай үүссэн тэсрэлтийн туяа агаар мандлын ионжилтыг 50 дахин нэмэгдүүлнэ гэж тэд тооцоолжээ.
Ердийн үед сансрын туяа нь агаар мандлын гадна давхаргыг ионжуулдаг бол илүү эрчтэй туяа нь атмосферын гүнд хүртэл үйлчлэх ёстой гэнэ.
Эрдэмтэд сансрын туяа үнэхээр аянга цахилгааныг нэмэгдүүлдэг эсэхийг гүнзгийрүүлэн судалж, батлах хэрэгтэйг онцолжээ.
Уг сонирхолтой таамаг “Journal of Geology” сэтгүүлд өчигдөр нийтлэгдсэн юм.
Эх сурвалж: The Guardian