Нийгэм
Мах бол үндэсний баялаг бөгөөд төрийн хамгаалалтад байна
Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр бүлгийн тавдугаар зүйлд “Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна” хэмээн тунхагласан байдаг. Мал төрийн хамгаалалтад байна гэдэг нь монгол хүний эрүүл мэндийг хамгаалж буй төрийн бодлого. Өөрөөр хэлбэл хүнсний аюулгүй байдлыг төр хамгаална гэдгээ Үндсэн хуулийн дээрх заалтаар баталгаажуулсан гэж болох юм. Олон мянган жилийн өмнөөс монголчуудын аж амьдралын гол эх үүсвэр, ахуй соёлынх нь салшгүй хэсэг болж ирсэн нүүдлийн мал аж ахуй өнөөгийн цаг үед экологийн цэвэр бүтээгдэхүүний эх үүсвэр, хүн амын эрүүл мэндийн баталгаа гэдгээрээ үнэ цэнэтэй.
Генийн өөрчлөлтгүй, химийн бодисгүй мах, махан бүтээгдэхүүнийг монголчууд бид хэрэглэж ирсэн. Бэлчээрийн соргог өвс ногоо, олон төрлийн эмийн ургамал идэж буй монгол малын мах хүний биед шаардлагатай бүхий л аминдэмээр баялаг бөгөөд ангийн махтай адил гэж үзэх нь ч бий.
Үүнийг нотлох жишээ олон. Хэдхэн жилийн өмнө ДЭМБ-аас уруул, тагнайн сэтэрхий эмгэгтэй хүүхэд төрж байгаа шалтааныг тодруулахаар Азийн 15 орныг хамруулсан судалгаа хийжээ. Хятад, Япон, Солонгос, Энэтхэг, Лаос, Филиппин гээд олон улс орны эхчүүдийг хамруулж хийсэн судалгаагаар Лаост уруул, тагнайн сэтэрхий хүүхэд төрөх эмгэг хамгийн цөөн байгаа нь батлагджээ. Үүнд ямар хүчин зүйл нөлөөлж байгааг судалсанд лоасчуудын хүнсэндээ өргөн хэрэглэдэг навчит байцаа буюу манайхны нэрлэдгээр салатны байцаанд хамаг учир байсан аж. Уг байцаанд агуулагддаг бодисууд ургийн хөгжлийн үед уруул, тагнайн сэтэрхий үүсгэхээс сэргийлдэг гэдгийг судлаачид тогтоожээ.
Гэтэл Монголд уруул, тагнайн эмгэгтэй хүүхэд төрөх тохиолдол Лаосынхоос хэд дахин бага байгааг ДЭМБ-ынхан анзаарчээ. Энэ бол монголчууд хүнсэндээ хонины мах их хэрэглэдэгтэй шууд холбоотой гэсэн дүгнэлт гарсан байна. Жирэмсэн эхчүүд хонины махаа л идээд байхад хүүхэд нь уруул, тагнайн сэтэрхий гэх мэт эмгэггүй төрдөг гэсэн үг. Тэгэхээр хонь гэдэг амьтан юу иддэг болоод мах нь тийм ид шидтэй байгаа юм бэ гэсэн асуулт гарна. Мэдээж бэлчээрийн өвс ургамлын гайхамшиг энэ юм. Монгол хонь 80 гаруй төрлийн эмийн ургамал иддэг гэсэн судалгаа ч бий аж. Харин монгол үхэр 40 гаруй нэр төрлийн эмийн ургамлаар хоолллодог. Бог, бод малын иддэг өвс, ургамлын төрөл зүйлд иймэрхүү ялгаа байх боловч нийтлэг утгаараа бол монгол мал эмийн ургамлыг боловсруулдаг амьд үйлдвэр гэсэн үг ажээ.
Б.Ринчен гуайг өмнөд хөршид айлчилж явахад хятадууд энэ ногоо тийм ч өвчинд сайн, тэр ногоо тийм ч юманд сайн хэмээн тайлбарлахад, “Монголчууд бид ногоо иддэггүй. Мал маань ийм ногоонуудыг идчихдэг. Харин бид малынхаа махыг иддэг юм аа” хэмээн хэлж амыг нь тагласан гэдэг. Их эрдэмтний энэ үг монгол малын гайхамшгийг товч тодорхой хэлсэн ажээ.
Тэгэхээр монгол малын мах бол хамгийн эрүүл, цэвэр, экологийн хүнс. Импортын гахай, тахианы мах хүний эрүүл мэнд, амь насанд аюул заналхийлсээр удаж буй өнөө үед үүнийг улам ойлгох болжээ. АНУ-ын Хоол хүнс судлалын холбооноос тахианы маханд хийсэн органик бус хүнцлийн шинжилгээ эерэг гарсан тухай “The Wall Street Journal” болон “Тhe Associated Press” зэрэг дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд саяхан мэдээлсэн. АНУ-д худалдаалж, хүнсэндээ хэрэглэдэг нийт тахианы махны тал хувь нь үхэлд хүргэх аюултай, хорт хавдрын шалтгаан болдог хүнцлийг их хэмжээгээр агуулдаг болох нь ийнхүү тогтоогджээ. Холын АНУ-ыг ярихаа байя гэхэд хажуугийн хөршид хүнсний аюулгүй байдал ямар билээ. Тэндээс импортолсон тахиа, гахайны мах АНУ-ынх шиг хорт хавдар үүсгэх хүнцэлгүй гэх ямар ч баталгаа байхгүй. Тахиаг хурдан өсгөж томруулах, таргалуулах зорилгоор тусгай бордоо, тэжээл, тариа тарьдаг. Тийм тахианы махыг байнга хэрэглэвэл хүний биед генийн өөрчлөлт гардаг. Тухайлбал, тахианы мах их иддэг өсвөр насны хөвгүүдэд эмэгтэйлэг шинж давамгай болдог, эмэгтэйчүүд тахианы мах их идсэнээр лийр хэлбэрийн таргалалт их түгээмэл болсон гээд эрүүл бус махны хэрэглээнээс үүдэлтэй сөрөг мэдээлэл олон.
Монгол Улс 66 сая малтай. Энэ бол жинхэнэ өсөн үрждэг, нөхөн төлждөг баялаг. Харамсалтай нь энэ баялгийнхаа үр шимийг хүртэж чадахгүй шахам байна. Хүн амаа байгалийн цэвэр, эрүүл, шимтэй хүнсээр хангая гэвэл юуны өмнө махны хэрэглээг дэмжих, үнийг нь зохистой түвшинд байлгах ёстой. Махны үнэ нэмэгдвэл малчдад ашигтай гэдэгтэй санал нийлдэггүй. Малчдыг дэмжих төрийн бодлого, үнийн зөрүүгээс ашиг хонжоо хайх ченжийн тогтолцооноос давж хэрэгжихгүй байгаа нь харамсалтай.
Монгол хүнээ эрүүл байлгая гэвэл малаа эрүүлжүүлэх нь чухал. Үүнтэй холбогдоод вакцины наймаа, шахаа, вакцины чанар гээд олон асуудал сөхөгддөг. Дөнгөж өчигдөрхөн цахим сүлжээнд зарим иргэн захаас авсан шинэ хонины махнаас вакцин үнэртэж байна гэсэн мэдээлэл оруулсан байна лээ.
УИХ Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль, Малын генетик нөөцийн тухай хуулийг баталж, Улсын мал эмнэлгийн Ерөнхий газар болон Ерөнхий малын эмчтэй болсон. Тиймээс мал эмнэлгийн асуудал хариуцсан бие даасан агентлагтай улс оронд ийм шалдар булдар асуудал уг нь гарах ёсгүй юм.
Салбарын яаман дээр ч гэсэн “Монгол мал”, “Малын эрүүл мэнд” зэрэг үндэсний хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа. Ийм байхад монгол мал өвчтэй, эсвэл махнаас нь вакциных нь үнэр арилаагүй байна гэх мэт яриа гарах юм бол, тэр нь хэрвээ үнэн байх юм бол сайд нь шууд огцрох нь шударга ёсонд нийцнэ. Шүлхий гэх мэт малын гоц халдварт өвчнүүд сүүлийн жилүүдэд тасралтгүй гарч байгаа. Үүнийг 100 хувь байгалийн давагдашгүй хүчин зүйл гэж үзэх аргагүй. Малаа эрүүлжүүлж, өвчин эмгэгээс сэргийлэх зорилготой Үндэсний хөтөлбөрүүдэд зарцуулсан хэдэн арван тэрбум төгрөг үр дүнгүй салхинд хийссэн л гэсэн үг.
Дашрамд дурдахад саяхан ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле Франц Улсад ажлын айлчлал хийн Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын 87 дугаар чуулга уулзалтад оролцоод ирсэн. Сайдын айлчлал бол аялал зугаалга биш болохоор энэ чиглэлд ахиц дэвшил авчрах, олон улсын жишиг, стандарт руу дөхөх шийдэл, санаа, сэдэл олонтой ирсэн бизээ.
Малчдаа дэмжиж, малаа эрүүлжүүлэхгүйгээр монгол хүний эрүүл мэндийн талаар ярих аргагүй. Товчхондоо бол ХХААХҮЯ гэдэг бол Эрүүл мэндийн яам юм. Монгол хүний эрүүл хоол хүнсийг үйлдвэрлэж байгаа салбарын бодлогыг боловсруулж буй төрийн захиргааны төв байгууллага гэдэг утгаараа шүү дээ. Мал төрийн хамгаалалтад байна гэдгийн цаад утга энд улам тодорно. Мах ч гэсэн төрийн хамгаалалтад байх ёстой. Эрүүл монгол хүний төлөө төр үүнийг хийдэг билээ.
Нийгэм
Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ
УБЗАА-наас 2022-2024 онд 150 мянга орчим ам метр явган замыг шинэчлэн засварлаж, өргөтгөсөн.
Тухайлбал, энэ онд УБЗАА-наас 28,300 ам метр, НЗХГ-аас 10 мянган ам метр явган зам шинэчилж, замын нөхөн сэргээлттэй холбоотойгоор 13 мянган ам метр буюу нийт 51 мянга гаруй ам метр явган зам засварласан байна. Энэ талаар холбогдох албаны мэргэжилтнүүдээс тодрууллаа.
УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “2022 онд УБЗАА-наас нийслэлийн хэмжээнд 66 мянга орчим ам метр стандартад нийцэхгүй буюу гөлгөр гадаргуутай явган зам байгааг судалгаагаар тогтоосон. Эдгээр замын ихэнх нь Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөө, Самбуугийн гудамж зэрэг хотын төвийн хэсгээр байгааг тогтоож байв. Энэ хүрээнд 2024 онд нийслэлийн Засаг даргын зүгээс эдгээр шаардлагад нийцэхгүй байршлуудын явган замыг нэг стандарттай болгон, барзгар гадаргуутай чулуугаар хийх шийдвэрийг гаргасан. Ийнхүү өнөөдрийн байдлаар таван багц ажлын худалдан авах ажиллагааны гүйцэтгэгч нь шалгарсан бол үлдсэн дөрвөн багц ажлын худалдан авах ажиллагааг зарлаад буй” гэв.
НЗХГ-ын дарга Б.Одбаяр “Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ. Ингэхдээ хөдөлгөөний аюулгүй байдал, холболт, өргөн, гадаргуун барзгаржуулалт зэрэг үндсэн дөрвөн шаардлагыг тавина. Иж бүрэн гудамжны төлөвлөлтийн хүрээнд авто зам, ногоон байгууламж, явган зам, барилга гэсэн дарааллыг баримтлах юм. Мөн зам хариуцагчийн тогтолцоог бий болгохоор төлөвлөж байна. Ингэснээр явган зам эвдэрсэн тохиолдолд тухай бүрд нь шуурхай засварлах боломж бүрдэж буй. Түүнчлэн ажлын талбайн нарийвчилсан зохион байгуулалтын төлөвлөгөөг гаргаж явган зам хийж байгаа талбайг гүйцэтгэгч аж ахуйн нэгж авах юм. Ингэхдээ тухайн талбайг хаах тохиолдолд хөдөлгөөн зохион байгуулалтыг зайлшгүй хийж, явган зорчигчийн саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлсэн байх гэдэг шаардлагыг тавина” гэлээ.
Ташрамд, өмнө нь Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэмд явган замын өргөн хамгийн багадаа нэг метр байна гэж заасан нь хоёр ба түүнээс дээш хүн зэрэг зорчиход хүндрэлтэй байв. Харин цаашид явган замыг хамгийн багадаа хоёр метр өргөнтэй болгон шинэчилнэ. Явган замыг илүү өргөн болгож, зорчиход таатай болгосноор аж ахуйн нэгжүүдээр үйлчлүүлэх үйлчлүүлэгчид олширч, орлого нэмэгддэг аж.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ
Хөвсгөл аймгийн Галт сумын нутагт өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 28-ны 04:34:37 цагт газар хөдөлжээ.
Газар хөдлөлт 5.6 магнитудын хүчтэй байсан байна.
Одоогоор газар хөдлөлтийн улмаас учирсан хохирол бүртгэгдээгүй гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Хөдөлмөрийн тухай хууль” /Шинэчилсэн найруулга/-ийг сурталчлан таниулах арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг боловч хуулийг буруу хэрэглэх, өөрөөр ойлгох, тайлбарлах зэрэг асуудал цөөнгүй байсаар байна.
Иймд Хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, жижиг, дунд аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн харилцааны соёлыг төлөвшүүлэх, ажилтны хөдөлмөрлөх эрхийг хангахад чиглэсэн “Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2024 оны 03 дугаар тогтоолоор баталсан.
Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх “Мэргэшсэн зөвлөх”-үүдийг бэлтгэх эхний сургалтыг 2024 оны 05 дугаар сард зохион байгуулж, 27 мэргэшсэн зөвлөх бэлтгэсэн бол хоёр дахь удаагийн сургалтыг 2024 оны 11 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулж, 16 аймаг, Улаанбаатар хотоос хуульч, эрх зүйч, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон бусад чиглэлээр мэргэшсэн 35 хүн хамрагдаж байна.
Энэхүү хөтөлбөр нь хөдөлмөрийн болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, нийгмийн даатгалын хууль тогтоомжийн талаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх, зөвлөгөө мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулах, хөдөлмөрийн харилцааны мэдээллийн цахим үйлчилгээ үзүүлж, ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх, хөдөлмөрийн харилцааны хууль тогтоомжийн хэрэгжилтийг дэмжих зорилготой юм гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
-
Нийгэм18 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Улс төр18 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр18 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
-
Нийгэм14 мин өмнө
Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ
-
Нийгэм5 мин өмнө
Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ