Нийгэм
Хүний уушгийг “иддэг” хөрсний хийг хэмжүүлээрэй
Бидний мэдэхгүй хэр нь биеийг минь бага багаар “идэж” буй аюул улам олширч байна. Хүнийг эрүүл мэнд, эд хөрөнгөөр нь барьцаалан сөгдүүлж, эцэстээ алтан амийг нь авдаг хавдрын өвчлөлийг хэн ч төсөөлөхгүй хөрсний хий үүсгэдэг гэвэл итгэх үү.
Хамгийн аюултай нь хүний уушгинд нөлөөлж хавдрын эх үүсвэр болдог хөрсний хий орон гэр, ажлын газар, сургууль, цэцэрлэгийн орчин гээд үр хүүхдийн маань өдрийнхөө ихэнх хугацааг өнгөрүүлдэг газар болгонд хуримтлагдаж байдаг.
Энэ аюул хүний таван мэдрэхүйгээр илэрхийлэгдэх боломжгүй байгалийн гаралтай, цацраг идэвхт радон хий юм. Барилгын хана, шалны ан цав, сантехникийн хоолойгоор дамжин хуримтлагдаж байдаг радон хийг тусгай цацрагийн хэмжилтийн багажаар илрүүлэхээс өөрөөр мэдэх аргагүй. Өнөөгийн Монголын нөхцөл байдлаас харвал радон хийн хэмжилтийн багаж улсын хэмжээнд хоёр байгаагийн нэг нь нийслэлд, нөгөөх нь Дорнод аймагт байдаг аж. Тэгэхээр мэргэжлийн хяналтын байгууллага хэмжилт хийе гэж мэрийгээд ч өргөн хүрээнд хүрч ажиллах боломж хомс.
Нөгөө талаас иргэдийн хувьд ч радон хийн талаарх мэдлэг дутмаг байгаагаас хүүхэд хөгшидгүй хорт хавдар үүсгэх эрсдэлтэй хөрсний хийгээр амьсгалж байна. Өөрөөр хэлбэл, хөрсөн дэх цацраг идэвхт элемент амьсгалын замаар дамжин хүний биед орж байдаг. Гэр, сургууль, ажил гээд ер нь хаана ч байсан байшинд л байгаа цагт хөрсний хийн аюул дагасаар л байх болно. Тэр дундаа агааржуулалт муутай, хуучны барилгуудад радон хийн хуримтлал их байдаг аж.
Мэргэжлийн хяналтын байгууллагаас сүүлийн гурван жилийн хугацаанд эмнэлэг, цэцэрлэг, сургуулийн анги танхимуудад хуримтлагдсан радон хийний хуримтлалыг хэмжсэн байна. Нийслэлийн 186 объектод тандалт судалгаа хийхэд 22 барилгын 34 цэгт зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн үзүүлэлттэй гарчээ. Гэхдээ дээрх хэмжилтийг хаврын улиралд илүүтэй хийсэн учраас барилгууд харьцангуй агааржуулалт сайтай байх үе таарсан.
Харин өвлийн улиралд хэмжилт хийсэн барилгуудын талаас илүү хувь нь радон хийн хуримтлал их байсныг мэргэжлийн байгууллагаас тодотгосон юм. Тухайлбал, өвлийн улиралд халаалтын систем муутай сургуулиуд цонхоо бараг онгойлгодоггүй. Үүнээс болоод өвлийн улиралд хийсэн хэмжилт зөвшөөрөгдөх хэмжээнээс гурваас дөрөв дахин их гарсан тохиолдол байгаа аж.
Нэг сургуулийн радон хийг хэмжихийн тулд тодорхой цэгүүдийг сонгож аваад хамгийн багадаа 40 минутаас нэг цагийг зарцуулдаг гэнэ. Энэ байдлаар нийслэлийн хэмжээнд байгаа нэг багажаар өдөрт 3-4 барилгад л хэмжилт хийх боломжтой юм.
Дээр дурдсанчлан уушгины хорт хавдар үүсгэх өндөр эрсдэлтэй радон хий бидний амьдарч буй орон сууцанд ч бий. Гэвч нийслэлийн хэмжээнд байгаа ганц ширхэг багажаар сургууль, цэцэрлэг, эмнэлэг, музейн барилгуудаа өргөн хүрээнд хэмжих боломж тааруу учраас орон сууц бүр мөсөн хаягдаж байгаа юм. Гэхдээ иргэд мэргэжлийн хяналтын байгууллагад хүсэлт гаргаж орон сууцныхаа радон хийг хэмжүүлэх боломжтойг мэргэжлийн хяналтын байцаагч хэлсэн.
И.Ариунсайхан: Сургууль, цэцэрлэгүүд радон хийг хэмжүүлэх хүсэлт гаргаж болно
Энэ талаар МХЕГ-ын Цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагч И.Ариунсайханаас тодрууллаа.
-Радон хий хаанаас үүсдэг вэ. Үүнийг хэрхэн илрүүлэх боломжтой вэ?
-Радон хий гэдэг нь байгалийн гаралтай, цацраг идэвхт хий. Өнгөгүй, үнэргүй, хүний нүдэнд үзэгдэхгүй учир тусгай цацрагийн хэмжилтийн багажаар хэмжиж илрүүлдэг. Зүүн Өмнөд Азийн орнуудтай харьцуулахад манайх хөрсөн дэх ураны хэмжээгээр дунджаас илүү байдаг. Хөрсөнд агуулагдах уран, торийн бүлийн элементийн агууламж, барилгын насжилт, хөрсний геологийн бүтэц, улирлын онцлогоос шалтгаалан радоны хуримтлалын хэмжээ янз бүр байна. Байгалийн гаралтай радон хий нь амьсгалын замаар хүний биед нэвтрэн дотоод шарлагыг үүсгэдэг. Өндөр хөгжилтэй орнуудад хүний үс, биологийн өтгөн, шингэн ялгадсаас дээж авах замаар дотоод шарлагын үүсгэгчийг тодорхойлж байна.
-Тандалт судалгаагаар ямар барилгуудад радон хийн хуримтлал их байна вэ?
-Судалгаанд хамрагдсан барилгуудын 55 хувь нь 30-аас дээш жилийн насжилттай байсан. Иймээс байгалийн гаралтай радон хийн хуримтлалын хэмжээ нь барилгын насжилттай шууд холбоотой гэж үзэж байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас сургууль, цэцэрлэг, эмнэлэг, музейг эрсдэлтэй гэж үзэж болох барилгуудад байгалийн гаралтай радон хийний тандалт судалгааг хийсэн. Хөрсний геологийн бүтцээс хамаараад Хан-Уул дүүргийн зарим шинэ барилгад улирал харгалзахгүй радон хий өндөр гарсан тохиолдол илэрсэн. Тодруулбал, шинээр баригдсан сургууль, цэцэрлэгийн барилгын агаарт хуримтлагдсан радон хийн хэмжээ өндөр гарсан.
2018 онд 10 музейд тандалт хийхэд “Богд хааны ордон музей”, “Үлэг гүрвэлийн музей”, “Жуковын музей” гэсэн зургаан музейн барилгын агаарт радон хийн зөвшөөрөгдөх хэмжээ хэтэрсэн үзүүлэлттэй гарсан. Эдгээр музей сан хөмрөгөө гэмтээхгүйгээр хадгалахын тулд агаар оруулахгүйгээр битүү орчинд үйл ажиллагаа явуулдаг. Ялангуяа, тэнд байнга ажилладаг хүмүүст маш хортой. “Богд хааны ордон” музейд улсын байцаагчийн зөвлөмж хүргүүлсний үндсэн дээр агааржуулалтаа сайжруулсан.
-Сургуулиудад хийн хуримтлал их байна гэхээр хүүхдүүдэд илүү хортой байна гэсэн үг үү?
-Тухайн газарт хэр удаан хугацаатай байхаас хамаарна. Тухайлбал, хүүхдүүд сургууль, цэцэрлэг дээр ихэнх цагаа өнгөрүүлдэг. Хүүхэд өдрөөс өдөрт өсөж байдаг бодгаль. Ялангуяа, бага насны хүүхдийн бодисын солилцоо хурдацтай явагдаж, эсүүд эрчимтэй хуваагддагаас цацрагт илүү мэдрэг байдаг. Энэ нь насанд хүрсэн хүнтэй харьцуулахад хожмын үр дагавар нь хэд дахин илүү гэсэн үг юм. Тиймээс цэцэрлэг, сургуулиудад илүү анхаарал хандуулан ажиллаж байгаа.
-Радон хийн хуримтлал өндөр байвал хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх вэ?
-Радон хийнээс гарах альфа бөөм нь амьсгалын замаар дамжин уушгинд хуримтлагддаг. Ийм замаар дотоод шарлагад өртөж, уушгины хавдар үүсгэх эрсдэлийг бий болгодог. ДЭМБ-ын судалгаагаар тамхи татдаг хүмүүсийн хувьд радон хий нь хорт хавдар үүсгэх хоёрдогч хүчин зүйл болдог бол тамхи татдаггүй хүмүүст анхдагч шалтгаан болж байгаа. Монгол Улсын хэмжээнд дагаж мөрдөж буй стандартын хувьд нэг метр куб агаарт цацраг идэвхийн хэмжээ 200 Бк (Беккерель) байвал хэвийн гэж үздэг.
Радон хийнээс үүссэн өвчлөлийн судалгаа эрүүл мэндийн байгууллагад байдаггүй. Бид хүрээлэн байгаа орчин, сансрын туяа, хоол хүнсээс байнга цацрагийн шарлагад өртөж байдаг. Хүн амын нэг жилд авч болох цацрагийн тунгийн хэмжээ 1мЗв байдаг. Үүний 50 хувь нь байгалийн гаралтай радоноос үүсдэг гэсэн судалгаа бий.
-Хуримтлалыг багасгаж, сэргийлэхийн тулд яах ёстой вэ?
-Анги танхимд агаарын солилцоог маш сайн хийх хэрэгтэй. Агааржуулалт сайн оруулахаас гадна хана, шаланд нэмэлт хучилт хийж, сорогч байрлуулдаг туршлага олон улсад бий. Байшингийнхаа гадна үндэс сайтай мод тарих хэрэгтэй. Европын оронд бол орон сууц худалдаж авахдаа радоны хэмжилт хийлгэсэн эсэх, ямар бүсчлэлд хамаардгийг маш нарийн шалгаж, гэрээндээ тусгадаг юм билээ. Шинээр барилга барихдаа радоны хий өндөр байх магадлалтай газар сонгохгүй байх. Сонгохоор бол үнэ хямд байх зэрэг жишиг байдаг.
Сургуулиуд дээр илэрч байгаа зөрчлүүдээс үзвэл агааржуулалтын нэгдсэн системгүй эсвэл агааржуулалтын системдээ урсгал засвар, цэвэрлэгээг тогтмол хийдэггүй, барилгын засвар хийхдээ өрөө тасалгааны агааржуулалтын нүхийг таглаж хаасан, агааржуулалтын системийн ач холбогдлыг төдийлөн онцгойлж авч үздэггүй нийтлэг зөрчил дутагдал ажиглагдсан. Радон хий нь хана, шалны ан цав, сантехникийн хоолой зэрэг хөрснөөс гарах бүхий л боломжоор дамжин хуримтлагддаг. Орой цонхоо хаагаад өглөө болоход 12 цаг хуримтлагдах жишээтэй. Сургууль, цэцэрлэгүүд радоны хийг хэмжүүлье гэсэн хүсэлтээ гаргаж болно.
-Орон сууцанд амьдарч байгаа бол заавал хэмжүүлэх ёстой юу. Олон улсын туршлага ямар байдаг вэ?
-Хэмжилтийг заавал хийлгэх ёстой. Бид хэмжилтийн багаж барьж очоод олон цагийн турш айлын гэрт хэмжилт хийх нь улирал, агааржуулалт, давхраас хамаараад учир дутагдалтай. Орон сууцны нэгдүгээр давхрын айлууд радоны хийд илүү өртөх магадлалтай. Олон улсын туршлагаар бол агаарыг хуримтлуулдаг детектор гээд тусгай тоологч төхөөрөмж байдаг. Айлд 1-3 сар байрлуулж хурааж шуудангаар явуулаад мэргэжлийн лаборатиороор хэмжүүлдэг. Одоохондоо манайд ийм боломж алга. 2013 онд олон улсын атомын энергийн агентлагийн туршилтын үеэр 60 детектор өгөөд гурван сар айлуудад тавихад радон хийн үзүүлэлт маш өндөр гарсан.
-Багажаа нэмэх боломжгүй юу?
-Радон хийг хэмждэг багаж 6,000 еврогийн үнэтэй. Дорнод аймаг ураны уурхайтай учраас хяналт тавихын тулд аймгийнхаа хөрөнгөөр авсан. Өөрсдийнхөө хэмжээнд хаана ямар байдлаар дэмжих боломж байгааг эрэлхийлж байна. Хамгийн гол нь детектортэй болоод тархалтын зураглалаа гаргах шаардлагатай.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ
Хөвсгөл аймгийн Галт сумын нутагт өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 28-ны 04:34:37 цагт газар хөдөлжээ.
Газар хөдлөлт 5.6 магнитудын хүчтэй байсан байна.
Одоогоор газар хөдлөлтийн улмаас учирсан хохирол бүртгэгдээгүй гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Хөдөлмөрийн тухай хууль” /Шинэчилсэн найруулга/-ийг сурталчлан таниулах арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг боловч хуулийг буруу хэрэглэх, өөрөөр ойлгох, тайлбарлах зэрэг асуудал цөөнгүй байсаар байна.
Иймд Хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, жижиг, дунд аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн харилцааны соёлыг төлөвшүүлэх, ажилтны хөдөлмөрлөх эрхийг хангахад чиглэсэн “Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2024 оны 03 дугаар тогтоолоор баталсан.
Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх “Мэргэшсэн зөвлөх”-үүдийг бэлтгэх эхний сургалтыг 2024 оны 05 дугаар сард зохион байгуулж, 27 мэргэшсэн зөвлөх бэлтгэсэн бол хоёр дахь удаагийн сургалтыг 2024 оны 11 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулж, 16 аймаг, Улаанбаатар хотоос хуульч, эрх зүйч, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон бусад чиглэлээр мэргэшсэн 35 хүн хамрагдаж байна.
Энэхүү хөтөлбөр нь хөдөлмөрийн болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, нийгмийн даатгалын хууль тогтоомжийн талаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх, зөвлөгөө мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулах, хөдөлмөрийн харилцааны мэдээллийн цахим үйлчилгээ үзүүлж, ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх, хөдөлмөрийн харилцааны хууль тогтоомжийн хэрэгжилтийг дэмжих зорилготой юм гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
-
Нийгэм18 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Улс төр18 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр18 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
-
Нийгэм5 мин өмнө
Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ