Эдийн засаг
МУХБ шинэчилсэн хуулиараа жилд дундажаар 3-4 байгууллагад шалгуулдаг

Засгийн газраас Монгол Улсын Хөгжлийн банкны үйл ажиллагаанд ээлжит хяналт, шалгалт хийх журмын дагуу өнөөдөр буюу 2 дугаар сарын 20-ны өдөр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг МУХБ-ны удирдлагуудтай уулзаж шалгалтын удирдамжаа танилцууллаа.
Хяналт шалгалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Монголбанкны төлөөлөл багтжээ. Ажлын хэсгийн ахлагчаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, дэд даргаар Сангийн яамны Төсвийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбат нар ажиллах юм.
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: Ажлын хэсэг бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж 30 хоногийн дотор дүгнэлтээ гаргана. Шалгалтаар хуулиар тогтоосон хэм хэмжээний хүрээнд Хөгжлийн банкүйл ажиллагаагаа явуулж байсан эсэх, татан төвлөрүүлсэн эх үүсвэр, тэр дундаа Чингис, Самурай бонд, дотоодод гаргасан бонд, батлан даалтын эргэн төлөлтийн байдал, төсөл хөтөлбөрийн санхүүжилт, хэрэгжилт, хяналт шалгалт, зээлийн эргэн төлөлтийн түвшин, санхүүгийн өнөөгийн нөхцөл байдал, засаглалын бүтэц, зохион байгуулалт хэр оновчтой байгаа эсэхэд шалгалт хийнэ.Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах хуулийн хэрэгжилт, өмч хөрөнгийн ашиглалт хамгаалалт, хөрөнгө оруулалтын үр өгөөж гэх мэт бүхий л чиглэлээр энэ удаагийн шалгалт явуулж МУХБ-ны үйл ажиллагааны талаар ерөнхий дүгнэлт хийхэд шалгалтын зорилго чиглэж байна.
Чингис, Самурай бондуудын зарцуулалт, эргэн төлөлттэй холбоотой асуудлууд олон нийтийн дунд эргэлзээ дагуулсан хэвээр байна. Энэ бүхнийг нэг талд нь гаргаж ил тод байдлыг нэмэгдүүлэх, бонд, зээлтэй холбоотой нууцын зэрэгтэй материалуудтай танилцаж шаардлагатай гэж үзвэл нууцын жагсаалтаас гаргах нь зүйтэй. Засгын газрын зүгээс МУХБ-ны зээлийн асуудлууд нууцын зэрэглэлтэй байх шаардлагагүй гэсэн дүгнэлтэд хүрээд байна. Ажлын хэсгийн гишүүд ажил үүргийнхээ хувиар нууц материалтай гарын үсэг зураад танилцах эрхтэй. Танай байгууллагын зүгээс хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ажлын хэсгийн шалгалтын үйл ажиллагаанд бүх талаар дэмжлэг үзүүлж хамтран ажиллахыг хүсье.
МУХБ-ны Тэргүүн дэд захирал Ч.Энхбат: 2016 оны 9 дүгээр сард МУХБ-ны шинэ удирдлагууд ажил авахтай зэрэгцэн Засгийн газрын ээлжит шалгалт орсон. Шалгалтаас гарсан дүгнэлтийн дагуу холбогдох арга хэмжээг авч хуулийн байгууллагад шаардлагатай баримт материалыг шилжүүлэн хамтран ажиллаж байна. Цаашид дахин ийм алдаа зөрчил гаргахгүй байх тал дээр мөн онцгой анхаарч байгаа. МУХБ-ны хуулийг 2017 оны 2 дугаар сард шинэчлэн батлуулсан. Шинэ хууль хэрэгжиж эхэлснээр хяналтыг хэд дахин нэмэгдүүлж, сар бүр тайлан мэдээгээ Монголбанк, ЗГХЭГ, Сангийн яаманд хүргүүлж байгаа. Өнгөрсөн 2018 онд Монголбанк, Үндэсний аудитын газар, Авлигатай тэмцэх газар, Татварын ерөнхий газар зэрэг байгууллагууд шалгалтаар орж ирсэн. Жилд дундажаар 3-4 газар шалгалт хийдэг болсон. МУХБ-ны шинэчилсэн хуулиар Засгийн газраас 2 жилд нэг удаа шалгалт хийхээр зохицуулагдсан байдаг. Үүний дагуу 2018 онд орох байсан ээлжит шалгалт энэ жил орж ирж байна. Манай байгууллагын зүгээс ирсэн бүх шалгалтад хуулийн дагуу бүх матералиа бүрэн дүүрэн гаргаж шалгуулдаг. Энэ удаад ч мөн хааж нуух асуудал байхгүй. Та бүхний ажлыг бүх талаар бүрэн дэмжинэ.

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.