Нийгэм
“E-Police” аппликэшнийг ашиглан мэдээлэх зам тээврийн зөрчлүүд
Тээврийн цагдаагийн алба камер, аппликэшн ашиглан өдөрт нэгдүгээр эгнээгээр явсан 3,000-5,000 орчим зөрчил, хурд хэтрүүлсэн зөрчил 500-1,000 зөрчил илрүүлдэг аж.
Тус албанаас хяналтын камераар илрүүлсэн болон иргэдийн оролцоотойгоор зам тээврийн зөрчлийг илрүүлэх боломжтой “Цахим замын цагдаа” фэйсбүүк хуудас, “E-POLICE” аппликэшний талаар өнөөдөр мэдээллээ.
“ЦАХИМ ЗАМЫН ЦАГДАА” ФЭЙСБҮҮК ХУУДСАНД 30-50 ЗӨРЧЛИЙН МЭДЭЭЛЭЛ ИРДЭГ
Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Лхагважаргал “Цахим замын цагдаа фэйсбүүк хуудсын гол онцлог нь цагдаагийн алба хаагчид хяналт тавих боломжгүй цэгт, ялангуяа хорооллын дундах замуудад тээврийн хэрэгслийн зөрчлийг илрүүлэхэд оршино. Иргэд маань өөрсдөө “Иргэн бүр цагдаа” уриан дор “Цахим замын цагдаа” фэйсбүүк хуудсанд зам тээврийн зөрчлийг илгээж, хариу авах боломжтой. Тээврийн цагдаагийн албанд иргэдийн ирүүлсэн мэдээллийг харъяа дүүргийн замын цагдаагийн хэлтсүүд рүү шилжүүлэн арга хэмжээ тооцож ажиллаж байна. Мөн урсгал сөрсөн, зогсох зогсоолын дүрэм зөрчсөн мэдээлэл иргэдээс хамгийн их ирж байна. Өдөрт “Цахим замын цагдаа” фэйсбүүк хуудсанд 30-50 зөрчлийн мэдээлэл ирдэг” гэв.
ШАР ТЭМДЭГ, ТЭМДЭГЛЭГЭЭ РҮҮ ОРОХ ХОРИОТОЙ ДҮРЭМ ӨНГӨРСӨН САРЫН 20-НООС ХЭРЭГЖИЖ ЭХЭЛСЭН
Замын хөдөлгөөний удирдлагын төвийн олон нийт, сургалт судалгаа хариуцсан мэргэжилтэн Х.Гансүх “Улаанбаатар хотод гол уулзварууд дээр нийт 37 хяналтын камер ажиллаж байна. Мөн нийслэлд нийт 150 уулзварт гэрлэн дохио байгаагаас 80 гэрлэн дохиог онлайнаар шууд удирдан замын хөдөлгөөнийг зохицуулдаг. Он гарсаар хяналтын камер ашиглан нийт 2,700 орчим осол саадыг илрүүлж, 944 орчим замын саадад зохицуулалт хийсэн. Өмнө нь өдөрт 1,500 орчим иргэн гэрэл дохио зөрчиж, 1,000 орчим иргэн хурд хэтрүүлдэг байсан бол замын хөдөлгөөний удирдлагын төв байгуулагдаж, камераар хянах болсноор тэдгээр зөрчлүүд 200 ч хүрэхгүй болсон.
Мөн шар тэмдэг, тэмдэглэгээ рүү орох хориотой дүрэм өнгөрсөн сарын 20-ноос хэрэгжиж эхэлсэн. Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд дөрвөн уулзварт тус тэмдэглэгээ бий. Баруун эргээд явган зорчигчид зам тавьж өгөхдөө шар тэмдэг дээр зогсвол, эсвэл зохицуулагчийн гэрэл дохиогоор шар тэмдэглэгээ дээр зогссон тохиолдолд тухайн тээврийн хэрэгсэлд хариуцлага тооцохгүй” гэлээ.
ИРГЭД АППЛИКЭШНЭЭР ЗӨРЧЛИЙН МЭДЭЭЛЭЛ ИРҮҮЛЭХДЭЭ ГУРАВ ХҮРТЭЛХ ЗУРГААР БАРИМТЖУУЛАХ БОЛОМЖТОЙ
Тээврийн цагдаагийн албаны замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн ахлах зохицуулагч М.Гарьд “Тээврийн цагдаагийн алба замын хөдөлгөөний удирдлагын төвтэй хамтран замын хөдөлгөөний соёлыг дээшлүүлэх, зөрчлийг бууруулах, иргэдийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор “E-Police” аппликэшн гарган ажиллаж байна. Тус аппликэшн гарснаас хойш иргэдээс нийт 7,000 орчим зөрчлийн мэдээлэл ирсэн. Үүнээс тухайн зөрчлийн мэдээлэл нотлох баримтын хэмжээнд байгаа эсэхийг үндэслэн одоогийн байдлаар 4,000 гаруй зөрчилд торгуулийн арга хэмжээ тооцон ажиллаж байна. Иргэдийн аппликэшнээр ирүүлж буй зөрчлийн мэдээлэл нь гурав хүртэлх зургаар баримтжуулах боломжтой. Гол нь иргэд тухайн обьектийг дүрсэлсэн зургуудыг тодорхой авч явуулах шаардлагатай” гэв.
ТА БҮХЭН “E-POLICE” АППЛИКЭШНИЙГ АШИГЛАН ДАРААХ ЗӨРЧЛҮҮДИЙГ МЭДЭЭЛЛЭХ БОЛОМЖТОЙ
Түр болон удаан зогсохыг хориглосон газарт зогссон, тэмдэг тэмдэглэл зөрчсөн
Явган хүний зам, гарч, ногоон байгууламж дээр зогссон
Явган хүний зам, хөвөө, зорчих хэсгийн гадна талаар явсан
Урсгал сөрсөн
Үргэлжилсэн цагаан шугам давж зүүн гар тийшээ эргэсэн, буцаж эргэсэн
Эгнээ байр буруу эзэлсэн
Гэрлэн дохио зөрчсөн
Улсын дугаар арилсан, үзэгдэх байдал муудсан
Утаа хэт ихээр ялгаруулсан / бүрэн бус/
Нийгэм
Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ
УБЗАА-наас 2022-2024 онд 150 мянга орчим ам метр явган замыг шинэчлэн засварлаж, өргөтгөсөн.
Тухайлбал, энэ онд УБЗАА-наас 28,300 ам метр, НЗХГ-аас 10 мянган ам метр явган зам шинэчилж, замын нөхөн сэргээлттэй холбоотойгоор 13 мянган ам метр буюу нийт 51 мянга гаруй ам метр явган зам засварласан байна. Энэ талаар холбогдох албаны мэргэжилтнүүдээс тодрууллаа.
УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “2022 онд УБЗАА-наас нийслэлийн хэмжээнд 66 мянга орчим ам метр стандартад нийцэхгүй буюу гөлгөр гадаргуутай явган зам байгааг судалгаагаар тогтоосон. Эдгээр замын ихэнх нь Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөө, Самбуугийн гудамж зэрэг хотын төвийн хэсгээр байгааг тогтоож байв. Энэ хүрээнд 2024 онд нийслэлийн Засаг даргын зүгээс эдгээр шаардлагад нийцэхгүй байршлуудын явган замыг нэг стандарттай болгон, барзгар гадаргуутай чулуугаар хийх шийдвэрийг гаргасан. Ийнхүү өнөөдрийн байдлаар таван багц ажлын худалдан авах ажиллагааны гүйцэтгэгч нь шалгарсан бол үлдсэн дөрвөн багц ажлын худалдан авах ажиллагааг зарлаад буй” гэв.
НЗХГ-ын дарга Б.Одбаяр “Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ. Ингэхдээ хөдөлгөөний аюулгүй байдал, холболт, өргөн, гадаргуун барзгаржуулалт зэрэг үндсэн дөрвөн шаардлагыг тавина. Иж бүрэн гудамжны төлөвлөлтийн хүрээнд авто зам, ногоон байгууламж, явган зам, барилга гэсэн дарааллыг баримтлах юм. Мөн зам хариуцагчийн тогтолцоог бий болгохоор төлөвлөж байна. Ингэснээр явган зам эвдэрсэн тохиолдолд тухай бүрд нь шуурхай засварлах боломж бүрдэж буй. Түүнчлэн ажлын талбайн нарийвчилсан зохион байгуулалтын төлөвлөгөөг гаргаж явган зам хийж байгаа талбайг гүйцэтгэгч аж ахуйн нэгж авах юм. Ингэхдээ тухайн талбайг хаах тохиолдолд хөдөлгөөн зохион байгуулалтыг зайлшгүй хийж, явган зорчигчийн саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлсэн байх гэдэг шаардлагыг тавина” гэлээ.
Ташрамд, өмнө нь Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэмд явган замын өргөн хамгийн багадаа нэг метр байна гэж заасан нь хоёр ба түүнээс дээш хүн зэрэг зорчиход хүндрэлтэй байв. Харин цаашид явган замыг хамгийн багадаа хоёр метр өргөнтэй болгон шинэчилнэ. Явган замыг илүү өргөн болгож, зорчиход таатай болгосноор аж ахуйн нэгжүүдээр үйлчлүүлэх үйлчлүүлэгчид олширч, орлого нэмэгддэг аж.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ
Хөвсгөл аймгийн Галт сумын нутагт өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 28-ны 04:34:37 цагт газар хөдөлжээ.
Газар хөдлөлт 5.6 магнитудын хүчтэй байсан байна.
Одоогоор газар хөдлөлтийн улмаас учирсан хохирол бүртгэгдээгүй гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Хөдөлмөрийн тухай хууль” /Шинэчилсэн найруулга/-ийг сурталчлан таниулах арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг боловч хуулийг буруу хэрэглэх, өөрөөр ойлгох, тайлбарлах зэрэг асуудал цөөнгүй байсаар байна.
Иймд Хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, жижиг, дунд аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн харилцааны соёлыг төлөвшүүлэх, ажилтны хөдөлмөрлөх эрхийг хангахад чиглэсэн “Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2024 оны 03 дугаар тогтоолоор баталсан.
Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх “Мэргэшсэн зөвлөх”-үүдийг бэлтгэх эхний сургалтыг 2024 оны 05 дугаар сард зохион байгуулж, 27 мэргэшсэн зөвлөх бэлтгэсэн бол хоёр дахь удаагийн сургалтыг 2024 оны 11 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулж, 16 аймаг, Улаанбаатар хотоос хуульч, эрх зүйч, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон бусад чиглэлээр мэргэшсэн 35 хүн хамрагдаж байна.
Энэхүү хөтөлбөр нь хөдөлмөрийн болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, нийгмийн даатгалын хууль тогтоомжийн талаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх, зөвлөгөө мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулах, хөдөлмөрийн харилцааны мэдээллийн цахим үйлчилгээ үзүүлж, ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх, хөдөлмөрийн харилцааны хууль тогтоомжийн хэрэгжилтийг дэмжих зорилготой юм гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
-
Нийгэм18 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Улс төр18 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр18 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
-
Нийгэм13 мин өмнө
Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ
-
Нийгэм4 мин өмнө
Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ