Бусад
А.Ганбат: Үе дамжсан биш ирээдүйтэй залуу үед итгэл өгөхийг хүсч байна
Ирээдүйн Зэвсэгт хүчнийг авч явах залуучуудад боломж олгох, өнөөдөр алдагдсан шударга ёсыг тогтоохын тулд чармайж ажиллаж байна. Зарим зүйл дээр хэт хатуу байр суурьтай ажиллаж байгаа маань таалагдахгүй байж болно.Тэглээ гээд ирээдүйн зорилгодоо хүрэхийн тулд өнөөдөр ухрах утгагүй, алдагдсан олон зүйлийг засч залруулах ажлыг хийх гэж амралтгүй ажиллаж байна. Магадгүй өнөөдрийн төлөө биш маргаашийн, ирээдүйн төлөө ажиллаж байсныг хожим ойлгох байсан ч хамаа алга…” хэмээн ярилцлагаа эхэлсэн хүн бол Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал А.Ганбат байв. Зэвсэгт хүчний жанжин штабын нэгдүгээр орлогч даргаар ажиллаж байгаад үүрэг ажлаа өгөөд 9 жилийн дараа салбартаа эргэн ирсэн А.Ганбат дарга армийн нэр хүнд иргэдийн дунд унаж, олон нийтийн итгэл түгшүүрээр солигдсон хүндхэн цаг үед Зэвсэгт хүчний жанжин штабын дарга хэмээх хүндтэй атлаа, хариуцлагатай албыг хариуцаж ажиллахаар томилогдсон юм. Тэрбээр уг ажлыг хүлээж авсанаас хойш өнөөдрийг хүртэл хэвлэлд ярилцлага өгөөгүй байсныг дурдах нь зүйтэй болов уу.
-Хугацаат цэргийн алба хааж байгаа цэргүүд Монгол Улсын бүтээн байгуулалтын ажилд оролцохоор болсон нь хүмүүсийн анхаарлыг ч их татаж байна. Эндээс яриагаа эхлэе?
– Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн өгсөн чиглэл үүрэг, тогтоолын дагуу Тавантолгой- Зүүнбаянгийн чиглэлд 416.16 км төмөр замын бүтээн байгуулалтад туслан гүйцэтгэгчээр хугацаат цэргийн алба хаагчид оролцож эхлээд байна. Монголын Ардын арми гэж байх үед Монгол Улс барилгын цэргийн ангитай, олон цэрэгтэй байлаа. Барилгын цэргийн ангид алба хааж байсан хугацаат цэргүүд тухайн үед Монгол Улсын гол бүтээн байгуулалтад хүч нэмрээ өгч, мөн хөдөлмөрөөр гол хүмүүжлийг өөртөө бий болгож байсан. Энэ утгаараа энэ том байгууллагыг дамжин хугацаат цэргийн олон алба хаагч, офицерууд, цэргийн ахлагч нар улсынхаа бүтээн байгуулалтад оролцож, хөгжилд хувь нэмрээ оруулж байсан түүх уламжлал бий. Тиймээс энэ уламжлалыг сэргээхийн тулд 2010 оноос Зэвсэгт хүчний цэргийн ангид барилгын цэргийн ангиудыг шинээр байгуулж эхэлсэн. Ингэж байгуулагдсан ангиудын хүчээр, мөн зэвсэгт хүчний инженерийн ангийн хүч хэрэгслэлээр бид өнөөдөр энэхүү бүтээн байгуулалтад оролцож байна.
-Хугацаат цэргийн алба хаагчдыг хүнд хүчир ажил хийлгэх гэж байна гэсэн хүмүүс байхад, тэд энэ ажлыг хийх ёстой гэж үзэж байгаа хүмүүс ч бас байна. Та зөндөө л сонсож байгаа байх?
-Зэвсэгт хүчний анги байгууллагуудын тухайд мэргэжилтэй боловсон хүчингээ тодорхой хугацаанд бэлдчихсэн учраас боломжийн үүрэг бүрэлдэхүүнтэй байгаа. Тиймээс Монгол Улсын Их хурал, Засгийн газраас тодорхой шийдвэр гаргаад хөрөнгө санхүүжилтын асуудал шийдэгдсэнээр Дорноговь аймгийн Мандах суманд ажлын анхны шав татаад ажил эхэлсэн. Манайхаас энэ ажилд оролцож байгаа алба хаагчдын хувьд энэ ажлыг хийж бүтээе гэсэн эрмэлзэлээс гадна зэвсэгт хүчинд ямар үр өгөөж үлдэх вэ гэдгийг давхар тооцож оролцож байгаа. Сүүлийн жилүүдэд зэвсэгт хүчинд оруулалт ерөнхийдөө тааруухан байгаа. Тэгэхлээр энэ бүтээн байгуулалтанд оролцсоноор бид барилга инженерийн ангиуддаа томоохон хөрөнгө оруулалт хийх боломж үүсэж байгаа юм. Энэ хөрөнгө оруулалт болсны дараа бид бас тодорхой бие бүрэлдэхүүнээ энхийн сахиулах ажиллагаанд инженерийн рот хүчийг оролцуулах боломж бас бүрдэх учраас аль ч талаараа зэвсэгт хүчинд хэрэгцээтэй төсөл болж байгаа. Дээрээс нь манай хугацаат цэргийн албан хаагчдаас мэргэжлийн шаардлага хангасан залуусаас шигшиж цэргийн алба хаах хугацаандаа бүтээн байгуулалтын ажилд оролцоно, мөн мөнгөн хуримтлал үүсэх боломж бий болж байгаа зэрэг олон давуу талтай ажил юм шүү дээ.
-Бүтээн байгуулалтад оролцож ажиллах алба хаагчид хоёр сая төгрөгийн цалинтай гэж зарласан. Цалин анхаарал татаж байгаа учир цэргийн алба хаагчид ажиллах дуртай байгаа байх?
-Инжерийн анги салбарын офицер, ахлагч нар ч энэ бүтээн байгуулалтад оролцож, ажиллах боломжтой. Ингэснээр үндсэн цалингаасаа гадна, хийсэн хөдөлмөрийнхөө хөлсийг нэмж авах боломж үүсэж байгаа. Өөрөөр хэлбэл, манай офицер, ахлагч нарын маань эдийн засгийн хувьд давуу тал үүсэх юм. Хамгийн гол нь энэ томоохон бүтээн байгуулалтад гадны компаниуд, ажилчид ажиллахгүй, монгол ажилчид, монгол инженерүүд, монголын цэргийн алба хаагчид, монголын компаниуд ажиллана. Ингэснээр монголчууд бид бүтээж, хийж чаддаг гэдгийг харуулна гэж бодож байна. Нэг түүх өгүүлэхэд, 1946-1949 онд Алтанбулагаас Улаанбаатар хүртэлх төмөр замыг гурван жилд багтааж тавьсан. Тухайн үед нөхцөл байдал, нөөц боломж мэдэх хүмүүс нь мэдэх байх. Учир нь тэр үед одоогийнх шиг тоног төхөөрөмж байгаагүй юм шүү дээ. 21 дүгээр зуун гараад 19 жил болчихлоо. Энэ хугацаанд бид техник технологийн ямар өндөр түвшинд хүрсэнийг энэхүү төмөр замын бүтээн байгуулалт, энд ажиллаж байгаа алба хаагчид харуулна гэж итгэж, зорьж байгаа. Тиймээс энэхүү бүтээн байгуулалтын ажлыг манай алба хаагчид асуудалгүй хийх, зориг эрмэлзэл дүүрэн байгаа гэж итгэж байна.
-Бүтээн байгуулалтад оролцож, ажиллах алба хаагчдын сонгон шалгаруулалт яаж явагдсан бол. Эсвэл барилгын цэргийн ангид хувиарлагдаж ирсэн хугацаат цэргийн алба хаагчдыг ямар нэгэн шалгуургүйгээр шууд ажиллуулж байгаа юу?
-Иргэдийн дунд ташаа ойлголт байгаа учир та ингэж асууж байгаа гэж ойлгож байна. Хугацаат цэргийн албанд татагдаж ирсэн залуусыг ангидаа хувиарлагдаж ирэнгүүт л шууд л ажлын хувцас өмсгөөд, хүрз бариулаад төмөр зам дээр ажиллуулахгүй юм. Түрүүн би хэлсэн. 21 дүгээр зуун гэж. Тиймээс бүтээн байгуулалтын ажилд хугацаат цэргийн алба хаагчид оролцох тохиолдолд сургалтад хамрагдана. Энэ сургалтын хамгийн бага хугацаа нь хагас жилийн буюу тухайн ажлыг гүйцэтгэхэд шаардагдах анхан шатны буюу үндсэн сургалтад хамрагдана. Тиймээс энэ ажилд оролцох хүсэлтэй хүн эхлээд хүсэлтээ гаргана. Энэ бүтээн байгуулалтын ажилд хүрз барьж, шороо ухах биш техник технологитой ажиллана. Тиймээс мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвд суралцаж төгссөн, замын хүнд машин махнизмын оператор, жолооч гэсэн нарийн мэргэжилтэй хугацаат цэргийн алба хаагчид л бүтээн байгуулалтын ажилд хамрагдах боломжтой гэсэн үг. 1946-1949 онд хүрзээр, хүний хүчээр замын даланг барьж байсан. Одоо бол техник, технологийн эрин шүү дээ.
-Сая татагдсан цэргүүдийн дунд бүтээн байгуулалтын ажилд шаардлагатай нарийн мэргэжлийн үнэмлэхтэй, мэргэшсэн залуус татагдаж чадсан болов уу?
-Бид нэгдүгээр ээлжийн цэрэг татлагаар ийм мэргэжлийн залуусыг татах гэж нэлээн ажил боллоо. Харамсалтай нь мэдээлэл жаахан хоцорсон уу, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийг төгссөн, мэргэшсэн залуус цөөн байлаа. Тиймээс хоёрдугаар ээлжийн татлагаар бид энэ тал дээр илүү анхаарч, МСҮТ болон энэ чиглэлийн сургуульд суралцаж төгссөн, мэргэжилтэй залуусыг татах шаардлага зүй ёсоор тавьж байгаа.
-Одоо ажиллаж байгаа бүтээн байгуулалтын ажилд цэргүүд байхгүй гэсэн үг үү?
-Гол ажлыг манай офицер, ахлагч нарын бүрэлдэхүүн хийж байгаа. Манайх замын инженерийн нэг анги байгуулсан. Энэ ангид барилгын мэргэжилтэй 29 цэргийн л орон тоо байна. Бүтээн байгуулалтын ажил дээр газар дээр нь цутгалтуудыг хийх, хэв шахмал хийх барилгын ажил хийх барилгын мэрэгжилтэй залуус хэрэгтэй байна. Мөн хүнд мехнизмын операторын жолоочийн мэргэжилтэй хугацаат цэргийн алба хаагч маш хэрэгтэй байгаа. Тиймээс хугацаат цэргийн алба хаагчдын дунд байгаа ийм мэргэжилтэй цэргүүдийг цэргийн албаны анхан шатны мэргэжлийн бэлтгэл дууссаны дараа гэрээ байгуулаад цалинтай ажиллуулна.
-Та дээр хариулсангүй, бүтээн байгуулалтад оролцож байгаа цэргүүд хоёр сая төгрөгийн цалин авах уу?
-Цалингийн мэдээлэл иргэдэд чөлөөтэй хүрч байгаа учир мэдээлэлтэй байгаа байх аа. Тиймээс мэргэжилтэй хүн бол мэргэжлийнхээ дагуу нормоо хийгээд хоёр сая төгрөгийн цалин авах боломжтойг Зам тээвэр хөгжлийн сайд сонинд өгсөн ярилцлагадаа дурдсан байгаа, хүмүүс уншсан байх. Хоёр сая төгрөг бага мөнгө биш. Тиймээс энэ бүтээн байгуулалтын ажилд оролцож байгаа хүмүүсийн хувьд болон олон төрлийн нийгмийн асуудал шийдэхэд боломж гарч байна гэж хувьдаа харж байгаа.
-Цөөнгүй удаа цэргийн алба хаагчдаар төмөр зам тавиулах ажлыг хийлгэж байгааг шүүмжлэхийг харлаа. Гадаадын туршлагатай компаниар ажиллуулсангүй гэдэг шүүмжлэл шүү дээ?
-Гадаадын компаниудаар дамжуулан төмөр зам хийлгэж байсан туршлага манайд бий. Тиймээс бүтээн байгуулалтын ажилд гадны компаниудаас санал авахад ойролцоогоор 3 сая америк доллараар 1 км төмөр замыг барина гэсэн тооцоо гаргаж өгсөн юм билээ. Гэтэл бид дотооддоо өөрсдийнхөө мэргэжилтэнгүүд, монгол инженерүүд, цэргийн алба хаагч нараа ажиллуулахад дээрх өртөгийг 2-2.5 дахин хямдруулж хийх боломж бүрдэж буй. Хамгийн гол нь тэр их мөнгө монголдоо үлдэх боломж гэж харж байгаа учраас бид Ерөнхийлөгчийн саналыг дэмжиж алба хаагчдаа ажиллуулахаар болсон байгаа. Нөгөө талаар бид төмөр замын ажлыг хийж чадвал, эхнээсээ бүтээн байгуулалтын ажлаа өөрсдөө хийчихвэл, дараа дараачийн бүтээн байгуулалтад монголчууд монголын ард иргэд итгэх итгэл нь нэмэгдэхийн болов уу гэсэн бодолтой байгаагаа нуух юм алга.
–Бүтээн байгуулалтад ажиллаж буй хугацаат цэргийн алба хаагчдын аюулгүй байдал, орчинд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын зүгээс ямар арга хэмжээг авч байгаа бол?
-Бүтээн байгуулалтын ажилд оролцож байгаа ангийн алба хаагчдыг бид хөдөлмөр хамгааллын инженерүүдийн сургалтад хамруулсан, Уул уурхайн яаманд. Ингэснээр манай хөдөлмөр аюулгүй байдлын ажилтнууд тэнд ямар дүрэм журам баримталж яаж ажиллахыг тэнд ажиллах дарга цэргүүдээс шаардах учраас өндөр ач холбогдол өгч байна. Ямар ч ажлыг харлуулдаг зүйл бол аваарь осол учир бид шат шатандаа, чиглэл чиглэлдээ анхаарал тавьж ажиллаж байна.
-Нэгэн зүйл, Та есөн жилийн дараа энэ салбартаа эргэж ирсэн. Өнгөрсөн хугацаанд олон асуудал гарсан, Зэвсэгт хүчний анги салбаруудад… Магадгүй та ажлаа аваад удаагүй байгаа ч Зэвсэгт хүчний харьяа анги нэгтгэлүүдэд үүссэн асуудлуудыг цэгцэнд оруулах байх гэсэн хүлээлт байгааг та анзаарсан байх. Таны хувьд энэ салбарыг удирдаж ажиллахдаа цаашид баримтлах бодлого, чиглэлийг сонирхож байна. Мөн ажлаа юунаас эхлэв, таныг анги нэгтгэлүүдийг ямар нөхцөл байдалтай хүлээж авав?
-Зэвсэгт хүчин бол Монгол Улсын нэг эд эс, бүрэлдэхүүн. Тиймээс дотор нь алба хааж байгаа манай бүрэлдэхүүн ч гэсэн монголын нийгмийн нэг хэсэг. Нуух юм алга,нийгэм ямар байгааг та нар мэдэж байгаа. Өөрөөр хэлбэл, ямар нийгэмд ямар хүмүүс ажиллаж байгааг гэсэн үг шүү дээ. Мэдээж энэ “хаялга” Зэвсэгт хүчинд бас байна. Энэ бүхэн миний хувийн бодол юм шүү. Бидний хашиж буй алба өөрөө эрсдэлтэй салбар. Хүнээс маш их төвлөрөлийг шаарддаг. Хурд, хүч, оюун санааны төвлөрөлийг шаарддаг, маш чухал хөдөлмөр. Тиймээс үүнд яаж ажиллах уу, хүмүүсээ яаж дадлагажуулах уу, яаж ажиллуулах уу гэсэн олон чухал асуудлыг баг бүрэлдэхүүнтэйгээ ярилцаж, хамтын шийдвэр гаргах гэж оролдож байна.
Нөгөө талаар нийгмийн бүхий л салбарт сахилга, дэг журам алдагдсан, хөл толгойгоо алдчихсан мэт байдал үүссэн байна. Энэ байдал манай салбарт тодорхой хэмжээгээр байгааг нуух юм алга. Хамгийн гол нь манай салбарт ч улс төрчид их нөлөөлж байна. Зэвсэгт хүчинд байгаа гол гол ангиудын захирагч, өндөр албан тушаалтай хүмүүсийн томилгоон дээр улс төрчид их оролцдог болчихож. Ямар нэгэн улс төрчийн гаргасан тушаал шийдвэр хүмүүст их нөлөөлж байна. Үүнээс гадна, нутгийн зөвлөл гэж бас нэг нөлөөлдөг газар бий болчихож. Ийм байхад, мэргэжлийн хүн чадвартай хүн дэвших боломжгүй болж байна. Хамгийн гол нь бүх салбарт байгаа шиг манай салбарт энэ байдал ороод ирчихсэн байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний командлагч бол надад өгсөн үүрэгтээ “шударга ёсыг салбартаа хэрэгжүүл” гэдэг үүрэг өгсөн. Тиймээс би энэ дагуу үүссэн асуудлыг шийдвэрлэх гэж оролдож байна. Энэ шийдвэр маань зарим хүмүүст тодорхой хэмжээгээр сөргөөр тусахыг үгүйсгэхгүй. Гэсэн ч бидэнд ухрах арга байхгүй учир хичээх болно. Мэргэжилтэй чадвартай, олон шатны сургуулийг зохих ёсоор нь төгссөн, хот хөдөөг сэлгэж ажилласан ийм бүрэлдэхүүнийг удирдах төвшинд ажиллуулаагүй тохиолдолд ямар үр дүнд хүрч байгааг та бүхэн харж байгаа байх. Тиймээс өмнө нь би зэвсэгт хүчинд ажиллаж байхдаа ч бас энэ чиглэл дээр барьж байсан бодлогоо одоо ч дахиад барьж ажиллана. Энэ бол ямар нэгэн албан тушаал хаших, цол ахих, энхийг сахиулах ажиллагаанд явах гэж танил талаараа над руу яриулах, надад дамжсан утгаар нөлөөлөх гэж оролдсон тохиолдол бүхэн чинь 180 эргэнэ шүү гэж. Би энэ сануулгыг ажлаа аваад бүхий л ахлах офицерууд, газар, хэлтсийн дарга нарт анхааруулж хэлсэн. Сануулаад байхад нөлөөлөх гэж орж ирсэн нэг ахлах офицерын үйлдлийг би хэлснээрээ шийдвэрлэсэн. Түүнд би хэлж байснаа сануулаад зөрчсөн учир ямар арга хэмжээ авч байгаагаа хэлсэн.
-Ямар арга хэмжээ авсан бэ?
-Нас нь ч болчихсон байгааг сануулаад тэтгэвэрт нь гаргах тушаалд гарын үсэг зурсан. Хэлээд байхад зөрчиж байгаа бол би ч гэсэн хариуцлагыг нь үүрэгжүүлэхэд асуудал алга. Ер нь танилын үг дамжуулж, албан тушаал руу зүтгэх биш дараа үедээ боломж олгож, хамтран зүтгэж улс эх орондоо өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэх ёстой. Цэргийн хүн бол цэргийн хүн хариуцлагатай, сахилга баттай байх ёстой.
-Шийдвэр хатуу ч бусдад үлгэр дууриалал болно гэдэг байх аа. Магадгүй хэсэг бүлэгт таалагдахгүй ч өөрийн хүчээр, эрдэм мэдлэгээрээ явж байгаа нөгөө хэсэгт маш их таалагдахаар барахгүй, итгэл найдвар өгч байгаа байх?
-Миний баримталдаг зарчим тэр юм. Магадгүй, бүгдийг цэгцэнд оруулахад хугацаа шаардагдана байх. Гэхдээ, бид нар ирээдүйн зэвсэгт хүчнийг удирдах, ирээдүйн зэвсэгт хүчнийг авч явах офицер, ахлагч нарт боломж олгох, ийм нөхцөл бололцоо байгаа гэдгийг үзүүлэхийг л зорьж байна. Тэгэхгүй хэн нэгэн улс төрчийн нөлөөллөөр эсвэл одоо нутгийн зөвлөлийн нөлөөллөөр албан тушаалд томилогддог байдал ужгирсаар байх болно. Тиймээс ийм байдлыг таслан зогсоох болно гэдгийг албан ёсоор хариуцлагатайгаар хэлж, баримталж, хэрэгжүүлэх болно. Энэ тухай би офицеруудад хэлсэн, цаашид ч энэ зарчимыг баримталж ажиллана.
-Хугацаат цэргийн алба хаагчдын ар гэрийнхэний хамгийн ихээр санааг зовоодог үйл бол хэрэг зөрчил… Энэ том асуудал байх…?
-Хэрэг зөрчил Зэвсэгт хүчний анги нэгтгэлүүдэд гарч байгаа нь үнэн. Гэхдээ аливаа асуудалд наанатай цаанатай хандах ёстой болов уу. Учир нь Зэвсэгт хүчин бол монголын нийгмийн тодорхой нэг хэсэг гэж би дээр хэлсэн. Тиймээс энэ салбарт сайн, муу, сөрөг, эерэг бүхэн бий. Би статистик судалгаа авч, үзлээ. 10 мянган хүн тутамд ямар байдлаар золгүй учрал, хэрэг зөрчил, осол хэрэг гардаг тухай судалгаа юм. Энэ судалгааг өөрийн салбарын бүлгүүдэд харьцуулахад газар тэнгэр шиг л зөрүү байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр, сошиалаар ганцхан тийм асуудлаас болоод тэглээ гэж хэт харлуулах нь хэр зэрэг зохистойг мэдэхгүй юм. Тиймээс бидэнд байгаа зөрчлийг, дутагдлыг хэлж байгаа хүмүүсийг буруутгах утгагүй. Хамгийн гол нь зэвсэгт хүчин гэдэг нь Монгол Улсын нэг эд эс гэдгийг зөвөөр ойлгоосой гэж хүсэх байна.
-Муу мэдээлэл түрээд эерэг мэдээлэл нь дарагддаг тохиолдол олон бий гэж үү?
-Бүтэж байгаа зөндөө ажил бий. Албан тушаалтан сайн ажиллаж байгаа. Монгол Улсын төлөө зүтгэж байгаа энэ олон залуучууд, офицер ахлагч нарын хөдөлмөрийг, чармайлтыг үнэлэх ёстой. Ний нуугүй хэлэхэд ийм сөрөг мэдээллээр амьдардаг хэсэг бүлэг бий болсон нь үнэн хэдий ч уулын чимээ цагааныг туулайн чинээ хар бүрхдэг гэж хэдий болтол хар мэдээллээр салбарыг үнэлж, дүгнэж явах билээ дээ. Магадгүй, өнөөдөр болоод байгаа мэт шантааж хэлбэрийн үгүйсгэл, тэгж амьдардаг бүлэглэлд цаашид удаан амьдрах ирээдүй улам байхгүй болно гэж итгэдэг. Тиймээс баталгаагүй мэдээлэлд цаг хугацаа зарцуулах хэрэггүй юм.
-Хугацаат цэргийн ээлжит татлага бүрээр яригддаг цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн асуудал анхаарал маш ихээр татдаг. Бараг л төрөлжсөн өвчлөл байдаг юм шиг. Саяын татлагаар “пэпсиний хүүхдүүд”, “коланы хүүхдүүд” гэсэн яриаг цөөнгүй сонссон. Залуучуудын дунд гүйх, гэнэт хазгай гишгэсэнээс болж шагай нь мултрах, шилбэний яс цуурах гэмтэл их байдаг гэж… ?
– 2019 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагийн дүнг Жанжин штабын зөвлөлийн хурлаар хэлэлцсэн. Нэлээн нухацтай яригдсан асуудал хугацаат цэргийн алба хаагчдын эрүүл мэнд байсан. Энэ асуудалд цаашид ямар арга хэмжээ авах вэ, ямар байгуулагад хандах вэ гэсэн асуудлыг нухацтай ярилцаж, тодорхойлсон. Нийгэм ямар байна, хүн амын амьдрал ямар байна, тэрний нөлөөлөл яалт ч гүй хугацаат цэргийн албанд татагдсан дайчдад илэрдэг, нуух юм байхгүй. Шууд ярихад эхний ээлжинд оюутан цэргийн алба хаагчдын асуудал. Тодорхой хэмжээний боломжтой амьдралтай, дундаас дээд түвшний боломжтой нь оюутан цэрэгт татагдаж байна. Арай гайгүй боловсролтой нь их дээд сургуульд суралцаж төгсөөд явчихаж байна. Тиймээс хугацаат цэргийн албанд татагдаж ирж байгаа залуучуудын дийлэнх нь дундаж болон түүнээс доош орлоготой айлын хүүхдүүд ирэх хэлбэр рүү шилжчихэж.
Энэ хүмүүсийн амьдрал нь ямар байгаагаа бас тэр хүмүүсийн өдөр тутамдаа авдаг калори нь ямар төвшинд байна гээд харахад сэтгэл өвдөхөөр юмнууд их бий. Хувь хүний, эрүүл зөв хооллолтоос шалтгаалах зүйл олон. Залуучууд маш ихээр хийжүүлсэн ундаа уудаг, хөдөлгөөний хомсдолд орсон. хөдөлгөөний эмгэгтэй байх нь элбэг. 18,19 настай залуус даралт ихэсдэг өвчинтэй, даралт нь 170, 180 хүрч байна. Хүзүүний эдийн хэсгийн шохойжилттой хүмүүс ирж байна. Энэ юуг харуулаад байна гэхээр эцэг эхчүүд хүүхдийнхээ спортоор хичээллүүлэх, хөдөлгөөнтэй байлгах, эрүүл аж төрөхийг нь орхигдуулдаг. Энэ зүйл зарим төвшинд дутмаг байгаагийн шинж юм болов уу гэсэн бодолтой байна.
Монгол Улсын хүн ам өнөөдрөөс 2 дахин бага байхад одоо байгаагаас их цэрэг татаж болдог л байсан. Тэр үед залуус эрүүл байсан байна. Одоо бол эрүүл мэндээрээ залуучууд цэрэгт тэнцэхгүй байна. Ирээдүй үеийнхээ эрүүл мэндийн асуудлыг орхигдуулсан, үүнийг анхаараагүй нь хугацаат цэргийн албанд ирж байгаа залуучуудын эрүүл мэндийн байдлаар илэрч байна. Энийг төр засгийн хэмжээнд их том төвшинд ярьж, хийж гүйцэтгэхгүй бол цаашид үргэлжлэх болно. Залуучуудын дунд ясны сийрэгжилт маш их. Ийм өвчтэй хүн ачаалалтай хөдөлмөрийг давахад хэцүү. Үүнээс болж, тэрхүү залуучуудыг цэргийн алба, зэвсэгт хүчинд татаж авчирсан офицерүүд буруутна. Гэтэл монгол эрчүүдийн, ирээдүйн аавуудын, ирээдүйн өрхийн тэргүүнүүдийг эрүүл байлгахад эрүүл мэндийн боловсрол олгоход цэцэрлэг яслиас эхлэх ёстой шүү дээ.
-“Памперсний хүүхдүүд” гэдэг нэр томьёотой өвчлөл бас сонссон?
-Тийм эмгэгтэй хүүхдүүд госпитальд хэвтэн эмчлүүлж, мэс засалд орж байна. Эмч нарын судалгааны ажил эхэлсэн, явж байгаа. Үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхийн тулд буруу хооллохгүй, буруу зуршлаас ангид байлгах нь эцэг эхийн үүрэг. Гэтэл энэ асуудал орхигдсоноос болж үүссэн зуршлыг жилийн дотор өөрчилнө гэдэг хэцүү, хүнд асуудал. Дүрэмтэй, журамтай цэргийн хүнд хөдөлмөрөөр л энэ хүүхдүүдийг хүмүүжүүлэхийн тулд хугацаат цэргийн алба хаалгадаг. Гэтэл энэ албанд татагдаж ирчихээд анхны ачаалал даахгүй, бэртэл аваад эхлэхээр эцэг эхэд шууд тулгах хэцүү. Нэгэнт л алба хаалгахаар аваад ирчихсэн болохоор манай ахлах ахлагч офицерүүд анхаарч, хариуцаж ажиллаж байна. Гэвч аль аль талд нь байгаа асуудал гэдэг маш хэцүү. Тиймээс цаашид тал талдаа анхаарч үзэхээс аргагүй.
-Үеийн үед хугацаат цэргийн алба хаагдын хугацааны асуудал маргаан дагуулдаг. Хугацаат цэргийн алба хаах хугацааг нэмэх асуудалд та ямар байр суурьтай байдаг вэ?
-Дэлхийн хэмжээнд хугацаат цэргийн алба хаах хугацааг судалж үзэж байсан. Социализмын үе шиг гурван жилээр цэргийн алба хаах нь нэг бодлын амар ч гэсэн улс оронд тийм ч таатай зүйл биш. Учир нь хөдөлмөрийн насны залуучуудыг алба хааж байна нэрээр удаан хугацаагаар барих шаардлага байхгүй. Тэгээд ч нөхцөл байдал тэс өөр болсон. Тиймээс хугацаат цэргийн албыг урт хугацаагаар хаах шаардлагагүй, тэр бүү хэл харин ч нэг жилийн хугацааг хорогдуулах боломжтой гэж үздэг хүний нэг шүү дээ, би. Хугацаат цэргийн албыг байлгая гэж бодож байгаа бол байсан шиг байлгах хэрэгтэй. Би түрүүн хэлсэн, сүүлийн гурван жилд зэвсэгт хүчинд ямар ч хөрөнгө оруулалт хийгдээгүй байна. Хөрөнгө оруулалт байхгүй учир хугацаат цэргүүдийг байрлуулах казарм ч шинэчлэгдээгүй, ахуйг хангасан үйлчилгээний тодорхой зүйлүүд орхигдсон байх жишээний. Хөрөнгө оруулалт тасалдсан учир шинээр хийх боломж үндсэндээ алга. Надад урт биш хугацаагаар заавал жил гэхгүй хугацаанд монголын бүх эрчүүд цэргийн албыг ямарваа нэгэн шалтаг тоочихгүйгээр хаадаг болчихоосой гэсэн хүсэл байдаг. Ингэвэл, монгол эрчүүдийг, монголын ирээдүйн эцэг, аавыг зөв хүмүүжүүлж бэлтгэхэд эх орноо хамгаалах үзлээр төлөвшихөд их нэмэр болно. Цэргийн албанаас тодорхой шалтгаанаар хүмүүсийг чөлөөлдөг. Мөнгөн төлбөрөөр цэргийн албаа хааж байна. Ийм байгаа учир хугацаат цэргийн албыг ямар хүмүүс хааж байгааг хэн хүнгүй харж байна. Гэтэл Үндсэн хуульд, эх орноо хамгаалах, эр цэргийн албыг хаана гэсэн заалт бий. Тиймээс энэ үүргийг хүн бүхэн жигд биелүүлдэг байгаасай гэж хүсдэг юм, хувьдаа. Гэвч, ингэхийн тулд бид нарт дахиад л мөнгө хэрэгтэй…
-Та зэвсэгт хүчинд хөрөнгө оруулалт чухал байна гэж хоёр ч удаа онцолж хэллээ. Гэтэл шинэ анги нэгтгэлүүд байгуулагдаад л байдаг шүү дээ. Тийм хөрөнгийг хаанаас гаргадаг байна аа?
–Зэвсэгт хүчин бол улсынхаа тусгаар тогтнолыг гадны нөлөөллөөс хамгаалах үндсэн чиг үүрэгтэй. Ийм учраас хангалттай хөрөнгө оруулалт шаардлагатай тухай би хөндөж буй хэрэг. Харин шинээр анги байгуулагдсан нь тодорхой цаг хугацаатай, хэдэн жилийн өмнөх ажил болов уу. Учир нь сүүлийн жилүүдэд шинээр байгуулагдсан анги байхгүй. Харин санхүүжилт яагаад хэрэгтэй байгаа тухай олон ангиудынхаа барилгын урсгал засвар, гал тогооны техник хэрэгсэл гэх мэтээр ярихад цаг хугацаа их орох учир нурших хэрэггүй гэж бодож байна. 21-р зуун гараад 19 жил болсон байхад энэ л хэлбэртэйгээр цааш явах уу үгүй юу гэдэг дээр олон асуудал гарах байх.
-Гарц мэдээж байж л таараа…?
-Шийдэж болох анхны байж болох хувилбар нь Монгол Улсын Зэвсэгт хүчин энэ том бүтээн байгуулалтад оролцож, өөрсөддөө тодорхой хуримтлал үүсгэх, өөрсдийнхөө хөрөнгө оруулалтыг тодорхой хэмжээнд хангах зорилго агуулагдаж буйг бид ойлгож байгаа. Мөн улсынхаа эдийн засгийг тодорхой төвшинд мэдэж байгаагийн хувьд “шууд тэгье” гэж хэлэх хэцүү. Гэсэн хэдий ч наанатай цаанатай хандаж, зэвсэгт хүчийг тодорхой хэмжээгээр анхаарах байхаа гэсэн бодол байна, бидэнд. Түүнээс гадна, намайг энэ ажилд томилогдоход Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх уулзаад, “ би цэргийн сургуулийг төгссөнийхөө хувьд зэвсэгт хүчинд бүхий боломжоороо туслах, шаардлагатай зүйл дээр дэмжиж ажиллах болно” гэж хэлсэн. Энэ бүхнээс харахад, магадгүй ирэх жилийн төсөв батлагдахад Зэвсэгт хүчинд шаардлагатай санхүүжилт, хөрөнгө оруулалт орж ирэх байх гэж итгэж, хүлээж байна.

Бусад
Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Монголчууд жилд албан ёсны болон өргөн дэлгэр 15-20 баяр тэмдэглэдэг. Тухайлбал, жил бүр аравдугаар сарын 29-нд нийслэлийн өдрийг тэмдэглэж ирсэн.
Мөн жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд Даншиг наадам зохион байгуулдаг байсан. Тэгвэл энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамтад нь зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулна.
Цаашид наймдугаар сард даншиг наадам, аравдугаар сард нийслэлийн өдрийг тэмдэглэхгүй. Нийслэлийн өдөр буюу нийслэлийн иргэдийн баярыг жил бүрийн зургаадугаар сарын сүүлийн долоо хоногийн амралтын өдөр тэмдэглэх Засгийн газрын тогтоол ч гарсан. Нийслэлийн иргэдийн баяр, даншиг наадмыг нэгтгэснээр цар хүрээ нь өргөжин тэлж, жуулчдыг татахад чухал ач холбогдолтой.
Энэ үеэр жуулчид болон иргэдэд зориулсан олон арга хэмжээг зохион байгуулна. Хүчит бөхийн барилдаан, хурдан морь болон жороо морины уралдаан, шагай, сур харвааны наадам, сээр цохих тэмцээн, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн, Улаанбаатар хотын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, монгол хувцасны үзүүлбэр, есөн дүүргийн Ардын авьяастнуудын тоглолт, Улаанбаатар театрын “Монгол туургатан” уран бүтээлээ толилуулна.
Түүнчлэн цам харайх, лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн, сор залах, соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин, соёлын арга хэмжээг үзэж сонирхох боломжтой. Тухайлбал, энэ жил цам харайх үзүүлбэрт 120 гаруй цамчин оролцож өргөн хүрээг хамарч байна.
Зургаадугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн уул болох Богдхан, Сонгинохайрхан, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрханыг тахих ёслолоор нийслэлийн иргэдийн баяр “Хүрээ цам-Даншиг наадам 2025”-ын үйл ажиллагаа эхэлнэ. Энэ үеэр нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сүм хийдүүд цан хэнгэргээ дуугарган, ард иргэдийн сайн сайхны төлөөх хурал ном хурж, буян үйлдэн, сайн үйлсийн ажил зохион байгуулна.
Бусад
Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.
Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж, говь, хуурай хээрийн бүсийн экосистемийн үнэлгээ хийх, экологийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийг тогтоож, тусгай хамгаалалтад авах, үүнд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлын нэг бөгөөд айлчлалын үеэр ярилцсан санал, санаачилгууд ийнхүү бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаагийн илрэл юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа үеэр Прага хотын амьтны хүрээлэнд зочилж, шинээр төрсөн тахийн унаганд “Дагина” хэмээх нэр хайрлаж байсан юм.
Прага хотын амьтны хүрээлэн 2024 оны гуравдугаар сард “Монголын говь”-ийн байнгын үзмэр байгуулж, монгол гэр барин, тахь нутагшуулах төслийн үйл явц, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд тогтмол толилуулж байна.
Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байх хугацаандаа тахь нутагшуулах ажлын хүрээнд тахийг цэргийн онгоцоор тээвэрлэн Монгол Улсад авчрах шийдвэр гаргасан нь уг төслийн амжилтад чухал хувь нэмэр оруулсан юм. Үүний үр дүнд Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрээд байна.
Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
-
Нийгэм4 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
-
Нийгэм6 цаг өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
-
Нийгэм6 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм5 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Нийгэм6 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна
-
Нийгэм5 цаг өмнө
Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ
-
Нийгэм6 цаг өмнө
АТГ: Нийтийн албанд томилогдох 505 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав
-
Нийгэм6 цаг өмнө
Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо