Нийгэм
Н.Мөнхбаяр: Ном уншдаг хүн номын хямдрал дагаж шуурах биш үнэ цэнийг нь мэддэг учир үндсэн үнийг нь төлөөд авдаг юм

Сургалт, Зөвлөх үйлчилгээний “Mind Update Institute”-ийн сургагч багш Н.Мөнхбаяртай ярилцлаа.
-Таныг байгууллагын удирдлагуудтай их тулж ажилладаг гэж дуулсан. Ер нь байгууллагууд ямар ажилтан авахыг илүү сонирхдог болсон бэ. Энэ талаар та хэрхэн зөвлөдөг вэ. Мөн ямар ажилтан амжилтад хүрдэг вэ?
– Сүүлийн жилүүдэд аливаа хүнд hard skills, soft skills гэсэн хоёр төрлийн ур чадвар байдаг гэж их ярьдаг болсон байна. Тэгвэл бид хамгийн энгийнээр Hard skills гэдгийг академик мэдлэг, IQ дээр суурилсан ур чадварууд гэж хэлж болно. Жишээ нь хэл сурах ур чадвар, аливаа зүйлийг хурдан суралцах ур чадвар, академик мэдлэгийг эзэмших ур чадвар гэх мэт мэргэжлийн зүйлс багтана. Одоогийн нөхцөл байдлыг ажиглавал дийлэнх байгууллагын хүний нөөцүүд Hard skills буюу туршлага дээр суурилсан ур чадвар бүхий хүнийг ажилд авах хандлага түлхүү байна. Ингээд хүний нөөцүүд тухайн хүнийг ажилд авсны дараа хамт олонтойгоо дасан зохицох, үйлчлэгч, хэрэглэгч, харилцагчтайгаа харилцах, цагаа зөв төлөвлөх, эерэг бүтээлч байх гэх мэт ур чадварууд дутмаг байгааг олж хардаг. Ингээд хүний нөөцийн мэргэжилтнүүд дараагийн туршлага бүхий хүнийг хайж эхэлдэг. Үр дүнд нь хүний нөөцийн алба эсвэл мэргэжилтэн хүнээ хөгжүүлэх гэхээсээ илүүтэй ажилд авах, халах гэсэн 2-хон зүйлсийг хийсээр байгаад хамаг цагаа бардаг сөрөг үр дүн гарч ирдэг. Анхнаасаа EI (Emotional intelligence)-ээ хайдаггүй гэсэн үг л дээ. Харин soft skills-ийг зөөлөн ур чадвар гэж нэрлэдэг. Ихэнхдээ EI буюу Emotional Intelligence гээд сэтгэл хөдлөл, итгэл дээр суурилсан хувь хүний ур чадварууд гэж тодорхойлж болно. Ажил амьдралынхаа тэнцвэрийг зохицуулах, эерэг хандлагатай байх, харилцааны зөв ур чадвартай хувь хүнийг нь ажилд авах нь байгууллагын хүний нөөцийн бодлогод илүү нийцэх өндөр магадлалтай юм. Ажлыг, мөн туршлагыг явцын дунд суралцаж болно шүү дээ.
Хэрэв та анзаарвал мөрөөдлөөрөө ажилладаг хүмүүс л ажилтанд хүрч байна шүү дээ. Тийм залуусыг харахад ажлаа гүн гүнзгий сэтгэж, хийж бүтээж байна. Хийж буй ажлаасаа кайф авч буй хүн бусад зүйлээс ч гэсэн кайф авдаг.
Байгууллагын удирдлагууд тэр хүслээрээ жигүүрлээд ирж буй залууст боломжийг нь олгох хэрэгтэй. Ялангуяа алдах, онох боломжийг нь удирдлагууд ажилтнууддаа олгож байж тухайн хүн хөгжинө гэдгийг ойлгох ёстой. Хүн алдахгүйгээр амжилтад хүрнэ гэж байхгүй шүү дээ. Гэтэл залуучуудын бүтээлч бус байдалд удирдлагууд маш их нөлөөлдөг нь харагддаг. Жишээ нь нэг дизайнер байлаа гэж бодоход үнэхээр бүтээлч дизайн хийгээд захиралдаа танилцуулахад “аан энэ дээр нутгийнхаа уулыг нэмчихье”, эсвэл текст дутуу байна гээд баахан текст нэмээд нөгөө сайхан санааг үгүй болгочихож байгаа юм. Ийм бүтээлч залуучууд тав зургаан жил дарагдсаныхаа дараа ажлынхандаа нөлөөлөх хэмжээний болох үедээ бүтээлч байдал нь хайрцаглагдсаар байгаад алга болчихсон байдаг. Үр дүнд нь бүтээлч бус, ажлын зааварчилгаагаар ажилладаг хүмүүсийн нэгдэл болчихсон байдаг.
-EQ нь бас шүүмжлэлт сэтгэлгээ, аливаад задлан шинжилгээ хийж, мэдээллийг боловсруулан хүлээн авах чадварыг багтаадаг гэж ойлгож болох уу. Сүүлийн үед цахим орчинд мэдээллийг хүлээж авахдаа хүмүүс их туйлширч байгаа талаар их ярих боллоо. Энэ талаар…?
-Фэйсбүүкд нэг хүнийг тэнэг гээд биччихжээ. Түүний дор тэр хүнийг танихгүй байж өө тэнэг юм байна ш дээ гээд л бичдэг хүн олон байна. Ийм нөхцөл байдал үүсээд байгаа шалтгааныг би ЗАВ ИХТЭЙ байна гэж л хэлнэ. Тодорхойгүй зүйл дээр реакцлаад бухимдаад сууж байгаа хүнийг маш их завтай гэхгүй өөр юу гэх билээ. Ажилтай хүний ам нь ажиллах завгүй гар нь хөдөлж байдаг болохоор нийгмийн асуудалд бухимдах биш өөрт хэрэгтэй зүйлд төвлөрч байдаг. Ажлаа хийгээд сууж байгаа хүнд фэйсбүүкийн хэрүүл ямар хамаатай билээ. Массын сэтгэл зүй ийм байгаа учраас Монголчуудын бүтээмж муу байгаа юм. Монголд нэг хүний хийх ажлыг 22 хүн хийж байна гэж гадны нэгэн мэргэжилтэн хэлсэн байдаг. Заримдаа яг оноод хэлчихсэн санагдаад байдаг юм.
Яагаад солонгос кинонууд Монголд ийм их өндөр үзэлттэй байгаад байгаа юм? Яагаад савангийн дууриуд ийм их борлуулалттай байгаад байгаа юм? Яагаад тэрний голоор компаниуд рекламаа тавиулах гээд алалцаад байгаа юм? Хандалт нь маш өндөр байгаа учраас тэр шүү дээ. Хийх юмгүй, завтай учраас тэрийг хүлээгээд, реклам сурталчилгаатайгаа нийлээд хоёр цагийг савангийн дуурьд орой бүр зарцуулж байна. Уг нь тэр хоёр цагаа гэр бүлдээ, үр хүүхэддээ, хувь хүний хөгжилдөө зарцуулмаар байгаа юм. Хүүхдийнхээ гэрийн даалгаврыг хийлгэхгүй байж солонгос кино үзээд л сууж байдаг.
Завтай байгаа талаар ярихаар боловсролын тогтолцооны талаар ярих хэрэг гарна. Боловсролын тогтолцоог өөрчилж, хүмүүсийг сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэх ямар чухал гэдгийг ойлгуулах хэрэгтэй байгаа юм. Амжилттай яваа залуусыг харахад дандаа завгүй байдаг. Гэхдээ л бүх зүйлсийг амжуулж байдаг. Нийгмийн сайн дурын ажлууд хийж байна, өөрсдийгөө хөгжүүлж байна, амралтын өдөр ч гэлтгүй сургалтуудад сууж байна. Гэтэл дийлэнх масс ийм биш байгаа нь харамсалтай.
Жишээ номын талаар ярихад хүмүүс нэг үеэ ном их уншдаг болчихжээ гэж дүгнэж болно. Гэхдээ энгийн өдрүүдээр номын дэлгүүрүүдээр орохоор бараг хүн байхгүй. Харин хямдрал зарласан өдрүүдээр нь пиг дүүрэн. Энэ дахиад л сэтгэлгээний ядуурал. Яагаад бүтэн мөнгийг нь төлөөд аваад уншчихаж болохгүй байгаа юм бэ. Тэгэхээр хямдрал зарласан өдөр ном аваад, тэрийгээ фэйсбүүктээ зарлаад байгаа хүмүүс хэлбэрдэж уншаад байна уу. Авсан номоо уншилгүй хадгалаад байдаг юм биш биз. Тэгээд л номныхоо зургийг аваад л за энэ номыг эхлүүллээ гээд л пост хийнэ. Уншиж дуусгадаг үгүй нь тодорхойгүй. Ном уншдаг хүн үнэ цэнийг нь мэдэж байгаа учраас үндсэн мөнгийг нь төлөөд худалдаж авна. Нэг номыг бичихийн тулд оюуны ямар том хөдөлмөр явж байгаа билээ. Үүнийг үнэлж чаддаг байна гэсэн үг юм.
Хүмүүс хэвлэлийнхэн шар мэдээ цацаад байна гэдэг. Уншаад байгаа юм чинь яах юм. Хандалт аваад байна шүү дээ. Сэтгэхүйн өөрчлөлт хийгээгүй, боловсролын тогтолцоогоо шинэчилээгүй цагт ард иргэдийн ухамсар хэвээрээ л байна. Одоо бол улсын хийх ёстой ажлыг хувийн байгууллагууд хийж байна. Хэн нэгэн хүнийг ажилд авдаг. Тэгээд хандлагыг нь өөрчлөх, амьдралынх нь хэвшлийг өөрчлөхийн тулд сургалтанд хамруулдаг. Уг нь ажилд орж ирэхдээ энэ ур чадваруудыг эзэмшээд ороод ирэх ёстой шүү дээ. Тэр байтугай бүр ерөнхий боловсролын сургуульдаа эзэмшчихсэн байх ёстой юм. Ажилчдынхаа хандлагыг өөрчилдөг, амьдралын хэвшлийг нь өөрчилдөг хувийн байгууллагуудад бүр алга ташиж баяр хүргэмээр байдаг юм.
-Сэтгэл зүйгээ удирдана гэдэг их өргөн хүрээний ойлголт байх. Хүн өөрийн сэтгэл зүйгээ удирдах, эерэг хандлагатай байх энгийн алхмуудыг танилцуулж болох уу. Тэгэх ёстой гэдгийг мэддэг ч хэрхэн үүнийг хэрэгжүүлэх вэ гэдэг дээр зөвлөгөө өгөхгүй юу?
– Сэтгэлзүйгээ удирдахын тулд бодлоосоо эхлэх хэрэгтэй. Тодорхой нэг асуудлууд тулгарахад эерэг болон сөрөг үр дагаврууд зайлшгүй дагалдаж байдаг. Тэрийг аль өнцгөөс нь хүлээж авах вэ гэдэг л хамгийн том асуудал. Сэтгэл зүйгээ удирдаж чаддаг эхнэр, нөхрийн харилцаанд асуудал гарлаа гэж бодъё. Тэд маргалдсан бол бие биенээсээ түрхэн хугацаанд тусгаарлагдаж, тайван орчинд байхыг эрмэлздэг. Өөр өрөөнд ороод өөртэйгөө ярилцаж асуудалд хандах өнцгөө тодорхойлж, өөрийгөө тайвшруулаад унтаж, амраад маргааш нь суугаад болж өнгөрсөн асуудлын талаар хоорондоо ярилцдаг. Харин ихэнх Монголчууд эхнэртэйгээ, нөхөртэйгөө муудалцчихлаа гэж бодоход хоёулаа эхлээд тайвшираад маргааш ярилцъя гээд өөр өрөөнд орчихвал асуудал бүр хүндрэх жишээтэй. Бараг араас нь дагаж ороод хэрэлдэх байх. Энэ нь хүлээн зөвшөөрөх, өнцгийг нь зөв тодорхойлох чадварууд сул байгаагийнх. Бид аливаа асуудалд эерэг дүгнэлтүүдийг хийж чадах юм бол сэтгэл зүйгээ удирдах амархан. Сөрөг сэтгэл хөдлөлөөс татгалзах хэрэгтэй. Бүх зүйлд давуу тал бий. Хамгийн гол нь тэр давуу талыг олж харж чадаж байна уу гэдэг дээр төвлөрөх ёстой. Үүнд итгэл үнэмшил нөлөөлөх маш их боломжтой.
Өөр жишээ авъя. Би мөнгөтэй түрүйвчээ алга болголоо. Бухимдаж, уцаарллаа гэж бодъё. Гэтэл лам түүнийг том гарз хаажээ, их орлого орж ирэх нь гэж хэллээ гэж үзье. Мэдээж би тайвширна. Гэхдээ үүнийг лам дээр очихгүйгээр, сэтгэл зүйгээ удирдаад алга болсон эргээд олдохгүй бол бухимдаад яах билээ гэдгийг эргэцүүлж болно. Ингээд бид сэтгэл хөдлөлүүдээ эерэг цэг дээр хянаад эхэлбэл илүү эерэг үр дүн гарах магадлалтай. Ажлаас чинь нэг зүйл хий гээд даалгавар өглөө гэж бодъё. Тэр даалгаврыг хийж чадах эсэх нь сэтгэл зүйтэй л холбоотой. Ажлын даалгавраа яана аа гээд хүлээгээд авчихвал тэр хэзээ ч бүтэхгүй. За гялалзуулчихъя гэж хүлээж авбал тэр дороо дуусна. Тэгэхээр бидний бүтээмж сэтгэлзүйтэй маш их холбоотой. Хэрвээ би энийг чадна болгоно гээд хүлээгээд авчихвал хийх цагийнхаа зөв хуваарилалтыг гаргаж, шаардлагатай тусламжуудаа цуглуулдаг. Нэг үг байдаг даа “Хийе гэсэн хүнд арга нь олддог, хийхгүй гэсэн хүнд шалтаг нь олддог”. Үүнийг дүгнэж үзвэл бид сэтгэлзүйгээ зөв тийш нь удирдан чиглүүлж чадсан тохиолдолд олон зүйлийг хийж, амжуулах боломжтой болох юм.
Бас бид амьдралаас аз жаргалыг мэдэрч чадахгүй байна. Аз жаргалтай байж ерөөсөө чадахгүй байна. Энэнд саад болоод байгаа зүйл нь нөгөө л аливаа зүйлийг харах өнцөг. Алхам бүрээсээ аз жаргалыг мэдэрмээр байна. Зүгээр л сэтгэл ханамжтай байдал бол аз жаргал шүү дээ.
-Таныг арав гаруй жил хувь хүний хандлага болон байгууллагын хамт олны эерэг харилцаа, бүтээмжийг дээшлүүлэх тал дээр сургагч багшаар ажиллаж байгаа гэж сонссон. Та сардаа хэдэн хүнд зөвлөгөө сургалт явуулдаг вэ. Эдгээр хүмүүст буюу дийлэнхдээ үйлчлүүлэгчиддээ юуг зөвлөдөг вэ?
-Яг тоолж байгаагүй юм байна. Гэхдээ багцаалдвал хамгийн багадаа сард 500 хүнтэй уулзана. Жилд зургаан мянган хүн гэсэн үг. Арван жилийн хугацаанд бол 60 мянган хүнд хамгийн багадаа сургалт зөвлөх үйлчилгээг үзүүлсэн байна.
Нэн тэргүүнд өөртөө итгэ. Өөртөө л итгэ өөр хэнд ч биш. Монголчууд бусдад маш их итгэдэг. Нөхөргүй хүнээс очиж нөхрийнхөө талаар зөвлөгөө авна. Хүүхэдгүй хүнээс хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх талаар зөвлөгөө авна. Энэ нь бидний өөртөө итгэхгүй байгаагийн шинж. Үүний нэг жишээ нь шашинд хандах хандлага.Шашин шүтэх муу биш л дээ. Гэхдээ манайхан мухар сүсэг хэлбэр лүү шүтдэг. Гадаад хүүхдүүд бурхан минь надад энэ шалгалтанд бэлдэх эрч хүч хайрлаач гэж залбирдаг. Харин Монгол хүүхдүүд шалгалтан дээр юу ч хийлгүй явуулчихна. Тэрнийхээ араас бурхан минь гайгүй байгаасай даа билээ гэж залбирна. Энд сүсэг бишрэлийн ялгаа гарч ирж байна. Би өөртөө итгэхгүй байгаа тохиолдолд юуг ч эхлүүлэх боломжгүй. Тиймээс өөртөө итгэ.
Хоёрдугаарт бүх асуудлын эерэг цэгийг олж харахыг хичээ. Асуудлыг арай өөрөөр шийдэх аргуудад суралцах хэрэгтэй. Жишээ нь ажилаас хоцорсон тохиолдолд минут тутамд 100 төгрөг суутгана гэж захирал мэдэгдлээ. Үүнийг анх сонсоод хүн шулах гэлээ гэж уурлах ажилтан бий. Гэтэл хоцрохгүй л бол асуудал алга гэж хүлээж авах хүн ч бий. Ерөөсөө л хандлагын ялгаа. Саяхан Зөрчлийн хууль гэж батлагдах үед жолоон бүрт арван оноо байаа, зөрчил гаргавал хасагдана гэж мэдэгдсэн. Тэр үед аравхан оноо гэж олон хүүн шүүмжилсэн. Угтаа зөрчихгүй л бол оноо хасагдахгүй шүү дээ. Бид асуудлыг хүнд өнцгөөс нь олж харж, бухимдаад байгааг үүнээс харж болно. Мөн чанарыг нь ойлгодоггүй. Тиймээс асуудлыг харах өнцгөө их зөв байлгаарай гэж хэлмээр санагддаг.
Гуравдугаарт бодсон зүйлээ хийж, туршиж үзэхгүй бол ямар ч үр дүн гарахгүй. Миний нэг танил гурван жил илтгэх урлагийн хичээлд суугаад одоо болтол илтгэж сураагүй. Яагаад сурахгүй байгаа юм гэхээр индэр дээр гарахаас айгаад байдаг юм гэдэг. Онолын мэдлэг нь супер болчихсон. Гэтэл практикийн чадвар байхгүй. Бусад нь чаддаг би чаддаггүй гэсэн ойлголттой. Хүний төрөлхийн чадвар гэдэг чинь унтах, идэх шүү дээ. Илтгэх ур чадвар, цагийн менежмент гэх soft skills-ийн ур чадварууд бүгд олдмол. Миний хамгийн анх зааж байсан хичээл “Эрдэнэт хивс” дээр болж байсан юм. Илтгэлээ нэг цаг гучин минут тавихаар болж 40 слайд бэлтгэж байлаа. Гэтэл би хорин минутад яриад дуусгачихсан. Үлдсэн хугацааг яах нь тодорхойгүй, заалнаас маш олон хүмүүс хэцүү асуултуудаар булж, би маш их эвгүй байдалд орсон. Тэр орой би хэзээ ч сургагч багш болохгүй юм байна гэж бодож байсан. Харин манай захирал намайг толгой эргэтэл загинаад маргаашнаас нь би чадах юм байна гэж бодоод, үргэлжлүүлээд өнөөдрийг хүртэл унаж босоод л явж байна. Үүний үр дүнд одоо л нэг жаахан ойлголттой болж байгаа юм. Хичээл дээрээ сурагчдынхаа анхаарлыг татаж чадахгүй байх, алдах тохиолдол маш их байсан. Би тийм ч төгс биш ч гэсэн хэрвээ тэр үед би чадахгүй юм байна гэдэгтээ итгэсэн бол өнөөдөр энд байхгүй. Монголчууд туршиж үзэхгүйгээр амжилтанд хүрэхийг хүсдэг. Бидний интернет хайлт их өрөвдмөөр, их хямдхан. Хамгийн хурдан яаж турах вэ, хамгийн хялбараар яаж хэл сурах вэ, хамгийн тиймээр яаж тэгэх вэ гэх мэт.
Нэг талаасааа энэ нь оюуны хоосролын шинж рүү шилжиж байна гэж харагдаж байгаа юм. Гоё, гоё зүйл яриад л яваад байдаг туршдаггүй, хийдэггүй. Ерөөсөө л ямар нэгэн ур чадвар эзэмшихийг хүсвэл турш, хий. Гараа хумхиад, битгий бодоод суугаад бай. Би ийм гурван зүйлийг л хэлмээр байна.
-Бидний хамгийн том алдаа юу вэ?
-Бид нар бүгдээрээ буруугүй. Ерөнхийлөгчөөс авахуулаад төрсөн хүүхэд хүртэл буруугүй. Эцэг эх аяга хагалчихвал аяга хагарах сайн, хүүхэд хагалчихвал салгалж яваад хагалчихсан. Бид ерөөсөө өөрсдөдөө буруу өгдөггүй. Мөн хариуцлага хүлээж чаддаггүй. Өөртөө буруу өгдөггүй, өөртөө бурууг нялзаадаггүй учраас нийгэм маань сэтгэхүйн хувьд асуудалтай. Боловсролын систем өөрчлөгдөөгүй тохиолдолд нийгмийн сэтгэхүй хэзээ ч өөрчлөгдөхгүй. Боловсролын системийг өөрчлөхийн тулд сургуулийн өмнөх боловсрол, ЕБС-ийн багш нарын цалинг тултал нь өндөр болгоод шалгуураа чангалах ёстой. Одоо ЕБС-д багшилж байгаа багш нар дотор өөрсдөө хувь хүний хөгжлийн ур чадвар байхгүй, бие даан хөгжих ур чадваргүй, хичээл зааж буй арга барил нь хоцрогдчихсон багш нар ч байдаг. Гэтэл үүнд ямар нэгэн арга хэмжээ авдаггүй. Тухайн цалиндаа баригдаж л ажилладаг. Гэтэл их сургууль төгсөөд сайн хүүхдүүд сургуульдаа багшаар үлдэхгүй алтан дунджууд нь үлдээд байна. Мууг нь арай ч авч үлдэхгүй байгаа юм. Сайн ч биш муу ч биш нөхдүүд сургуульд багшаар үлдээд байна. Олон жил ажил дээр гарахгүйгээр номоор нүдэгдчихсэн, аймар их юм мэддэг мөртлөө юу ч мэддэггүй хүмүүс бэлтгэгдээд байна. Ийм зүйл боловсролын бүх шатандаа байгаа учраас гадаад ертөнц ийм байдаг, дэлхий гэж ийм шүү гэж мэдээлэл өгөхгүй байгаа учраас бид дотроо буглаад, сошиалаар хэрэлдээд сууж байдаг юм шиг санагддаг.
-Та өнөөгийн боловсролын салбарын системийн талаар шүүмжлэлтэй ханддаг бололтой?
-Хэрвээ миний санаагаар болдог бол Ерөнхий Боловсролын Сургуулиудад (ЕБС) задлан дүгнэх, шинэчлэх ойлголтуудын талаар хичээлүүд заах хэрэгтэй. Монголын боловсролын систем аливаа зүйлийн утга учрыг ойлгуулдаггүй зүгээр цээжлүүлдэг. Шүлэг байлаа гэж бодоход энэ шүлэгний далд утга санаа нь юу юм бэ гэдгийг тайлбарлаж өгөх хэрэгтэй. Яруу найргийн мөн чанарыг ойлгож эхэлбэл миний амьдралд хэрэг болох уу үгүй гэдгийг бодож эхэлнэ. Гэтэл бид нар хараар, ухамсаргүй цээжилдэг. Математикийн хичээл дээр маш их анзаарагддаг. Пифагорын теорем гээд ярихаар мэддэггүй хүн байхгүй. Юунд ашигладаг вэ гээд асуухаар хэн ч мэдэхгүй. Байшингийн дээвэр барихдаа пифагорын теорем ашиглаад дээврийнх нь хэмжээг тааруулна гэж хэн ч бодохгүй тэр томьёог цээжлээд байгаа учраас бидний мэдлэг хэрэгцээгүй болж эхэлнэ. Боловсрол олгох систем нь үхмэл. Хэлний хичээл дээр баахан үг цээжлүүлээд, дүрэм цээжлүүлээд тэрийгээ дахин дахин давтаад л байдаг мөртлөө юунд хэрэглэдэг нь тодорхойгүй. Ярьдаггүй, ашигладаггүй. Суралцаж буй арга барил нь ийм үхмэл учраас бид нарт задлан дүгнэх чадвар муу байгаа юм. Яг энүүгээр нэг үеийн нийгэм тэр чигтээ явж байна. 1990-ээд оноос өмнөх үеийнхэнд задлан дүгнэх ур чадвар сайн байсан юм шиг ажиглагддаг. Тухайн үеийн нийгмээсээ шалтгаалаад А бол А Б бол Б гэдгийг мэддэг байсан мөртлөө түүнийгээ илэрхийлэх эрхгүй байсан. Яг тэр зааварчилгааныхаа дагуу дараагийн үеийг бэлдсэн. Одоо 20 хүртэлх насны хүүхдүүд дээр задлан шинжилдэг болох гээд байгаа үр дүн ажиглагддаг. Гэтэл 20-50 хүртэлх насны хүмүүс асуудлын мөн чанарыг ойлгохыг зорьдоггүй. Нямдорж муухай гэвэл Нямдоржийг бүгдээрээ муухай л гэж ойлгоно. Баттулга эх орноо худалдлаа гэвэл өө яг худалдчихаж гэж ойлгодог. Нямбаатар нийгэмд ашиггүй хууль батлуулжээ гэвэл хуулийг нь ч уншаагүй байж шууд л хүлээж авна. Ард нь яагаад худалдсан юм, юу болсон юм, худалдсаныг нь яаж баталж байгаа юм гэх мэт зөндөө асуултад хариулт өгдөггүй. Түүмээс хүмүүс суралцах хэрэгтэй. Суралцаж байгаа хүн л хөгждөг. Суралцах сонирхол байхгүй учраас өөрчлөгддөггүй. Зөвхөн өөрийнхөө бодлоор л яваад байдаг.
Одоогийн эцэг эхчүүд арай өөр сэтгэлгээтэй. Гэхдээ хүүхдүүдээ маш их шахдаг. Төгс хүн болгохыг хичээдэг. Тэгээд академик ур чадварыг нь эзэмшүүлээд EI-г нь хаячихдаг. Одоогийн хүүхдүүд бас өрөвдмөөр. Хүүхэд байх цаг байхгүй. Өглөө хичээлдээ явна залгаад өдөр өнжүүлэхэд явна, балетандаа явна, шатардаа явна, ой тогтоолтынхоо сургалтанд явна гэх мэтээр өдөр нь өнгөрдөг. Уг нь бол хүүхэд байх үеэ жаахан мэдэрмээр байдаг. Австрид бага сургуулиуйн хүүхдүүд өглөө есөн цагаас хичээлдээ очоод орой дөрөв хүртэл сургууль дээрээ байдаг. Хичээл хийдэг үгүйг нь ээж мэдэхгүй гээд байгаа байхгүй юу. Яг ямар хичээл хийдгийг нь би мэдэхгүй, даалгавар өгдөггүй, амралтын өдрүүдээр жаахан даалгавар өгдөг, сууж хийж хэрэггүй өөрийнхөө цаг завтай, хийхийг хүссэн үедээ хийгээрэй гэсэн өнцгөөр даалгаврыг нь хийлгүүлдэг. Тэгээд л хүүхэд нь босоод тоглож байгаад л, идээд, уугаад нэг сууж жаахан юм хийгээд л дахиад тойрч гүйж байгаад нэг сууж жаахан юм хийгээд л гэх маркаар хийдэг. Ингээд байвал сууж сурахгүй юм биш үү гэж би асуусан. Тэгтэл бага байхад нь сурах ийм гоё гэдгийг ойлгуулчих юм бол анги ахих тусам аяндаа сурдаг гэж хариулсан. Манайд бол хүчээр суулгана. Нэгдүгээр ангийн хүүхдийн гэрийн даалгаврыг хийлгэх гэж зодоон болдог шүү дээ. Хүүхдийг бага байхад нь юунд дуртайг нь мэдчих юм бол түүгээр нь хичээллүүлсээр байгаад амьдрал дээр гарч ирэхэд тэр хүүхэд мөрөөдлөөрөө жигүүрлэчихсэн хүүхэд болоод гараад ирнэ. Манайд юу зааж байгаа нь мэдэгдэхгүй суусаар байгаад л дуусдаг. Ажил дээр гараад бас суудаг л хүн болдог. Эдгээрийг чинь яван хоцрогсод, суун таслагсад гээд байгаа шүү дээ. Яг тасалчихсан юм уу гэхээр ажил дээрээ арзайгаад байж байдаг. Яг ажил хийгээд байгаа юм уу гэхээр үгүй. Эсвэл яг очиж байна гэдэг хүмүүс байдаг даа. Ийм хүмүүсийг л бэлдээд байгаа юм. Тэгэхээр эцэг эхчүүд хүүхдэдээ зөв нөлөөлж байх хэрэгтэй. Яагаад тэр шүлгийг цээжлүүлж байгааг нь тайлбарлаж өгөх хэрэгтэй. Хэт олон юманд бас явуулмааргүй байна. Хүүхэд тавдугаар анги хүртлээ юунд дуртай вэ гэдгээ хайгаад, туршаад яваад байдаг юм байна л даа. Тэгээд тухайн хүүхэд юунд дуртайгаа мэдээд түүнийгээ хөгжүүлээд нас биед хүрвэл мөрөөдлөөрөө жигүүрлэсэн, хийж бүтээе гэсэн болж төлөвшдөг гэж бодож байна.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.