Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хэлэлцүүлгийн шатанд явж байгаа билээ.
Тус хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийн явцад ажлын хэсгээс гаргасан саналын томьёоллын дагуу “Монгол Улсын иргэнийг хорт хавдар эрт илрүүлэх үзлэг, оношилгоонд заавал хамруулна” гэж өөрчлөн найруулахаар болсон байна.
Хүн амын нас баралтын голлох шалтгаан болдог хорт хавдрыг эрт илрүүлэх зорилгоор иргэдийг хавдрын үзлэг, оношилгоонд хамрагдахыг ийнхүү хуульчлах гэж байгаа аж.
Энэхүү хуулийн төсөлд Эрүүл мэндийн яам ямар байр суурьтай байгааг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлээс тодрууллаа.
– Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуульд “Монгол Улсын иргэнийг хорт хавдар эрт илрүүлэх үзлэг, оношилгоонд заавал хамруулна” гэсэн заалт оруулах гэж байгаа. Тус заалтад салбарын яам ямар байр суурьтай байна вэ?
-УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир нарын гишүүд уг хуулийн төслийг санаачилж, Эрүүл мэндийн тухай хуульд хорт хавдраас урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ оношилгооны заалт оруулсан. Бидний зүгээс тус хуулийн төслийг дэмжиж байгаа.
Мөн энэхүү үйлчилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын санд дангаар нь үүрүүлэхгүйгээр улсын төсвөөс гаргаж байх саналыг бид хүргүүлсэн.
-Хууль батлагдсан тохиолдолд иргэдийг тогтмол үзлэг, шинжилгээнд хамрагддаг болгохын тулд хэрхэн ажиллах вэ?
-Хорт хавдар нас баралтын хоёр дахь шалтгаан болж байна. Тиймээс Эрүүл мэндийн яам энэ хуулийг батлагдмагц хэрэгжүүлэх, олон нийтэд түгээх чиглэлээр санаачилгатай ажиллах болно.
-Хорт хавдрын өвчлөлийг бууруулах чиглэлд яамны зүгээс ямар бодлого баримталж ажиллаж байгаа вэ?
-Эрүүл мэндийн яам 2018 оны аравдугаар сарын 1-нээс эхлэн орон даяар хорт хавдраас урьдчилан сэргийлэх үзлэгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэн зохион байгуулж байгаа. Энэ нь олон улсын жишигт нийцсэнээр тухайн хүний насны эрсдэлд суурилсан /18-34 нас, 35-45 нас, 46-64 нас, 65-аас дээш насны/ гэх дөрвөн багцыг гаргасан. Өөрөөр хэлбэл, тухайн насан дээр хорт хавдраар өвдөх магадлал өндөр байдаг гэдэг нь олон улсын түвшинд судалгаагаар нотлогдсон учраас энэ чиглэлээр найман төрлийн хорт хавдрыг илрүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэг явуулж байна. Одоогоор хорт хавдрын 54 тохиолдлыг илрүүлэн, эмчилж байна.
Мөн Японы Засгийн газарт хандаж 8.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий хамгийн сүүлийн үеийн 4D эхо аппаратаар 21 аймаг, есөн дүүргээ хангасан. Үүний үр дүнд хорт хавдрыг 0.1 мм байхад нь илрүүлж болох учир тухайн хүн хорт хавдрын улмаас эрүүл мэнд, амь насаараа хохирохгүй.
2020 оны үндсэн чиглэлд бид улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй амбулторуудыг ходоодны дурангаар хангах саналыг Сангийн яаманд хүргүүлсэн. Ингэж чадвал хорт хавдар дундаа хоёр дахь шалтгаан болж буй ходоодны хорт хавдрыг эрт оношилж, иргэдээ хамгаалах боломж бүрдэнэ.