Нийгэм
“ТОХИРОХ АЖИЛД ЗӨВ ХҮНИЙГ – job and career fair” арга хэмжээнд урьж байна
Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”-өөр дамжуулан 9 төрлийн багц үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад нэг цэгээс хүргэдэг ба хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээний хүртээмж, чанар, үр ашгийг дээшлүүлэх, олон улсын чиг хандлагад нийцүүлэх, сайн туршлагыг туршин нэвтрүүлэх зорилгоор олон шинэлэг үйлчилгээг иргэдэд хүргэж байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв, Карьер хөгжлийн төв хамтран ажил идэвхтэй хайж буй иргэдийн зан төлөв, авьяас сонирхол, хандлага, ур чадварыг технологийн дэвшил ашиглан дэлгэрэнгүй тодорхойлж, карьер хөгжлийн цогц үйлчилгээг үе шаттай зохион байгуулан ажиллалаа. Энэ нь нэг талаас хувь хүнд өөрийгөө таньж мэдэх боломжийг олгох, нөгөө талаас ажил олгогчдод чадварлаг боловсон хүчнээр хүний нөөцөө бүрдүүлэхэд нь туслах чухал ач холбогдолтой үйл ажиллагаа юм. Үйл ажиллагааг карьер инкубатор, карьер үзэсгэлэн гэсэн 2 үе шаттай зохион байгуулсан ба эхний үе шатыг нэг сарын хугацаанд хэрэгжүүлж, ажил идэвхитэй хайж буй иргэдэд өөрийгөө таньж мэдэх, давуу болон сул талаа тодорхойлох, хөдөлмөрийн зах зээлд тавигдаж буй нийтлэг шаардлагуудад нийцэх, хүссэн ажилдаа ороход нь шаардлагатай карьер хөгжлийн цогц үйлчилгээг хүргээд байна. Тус үйл ажиллагааны 2 дахь үе шат буюу үр дүнг тооцох “Тохирох ажилд зөв хүнийг – Job and career fair” арга хэмжээг 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 11.00-15.00 цагийн хооронд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд зохион байгуулагдана. Энэхүү арга хэмжээ нь ажлын байран дахь хувь хүний хандлага, ур чадвараа тодорхойлж, карьер төлөвлөлтөө боловсруулсан, хөдөлмөрт бэлтгэгдсэн иргэд хүссэн ажилдаа орох, ажил олгогчид эдгээр иргэдтэй ажлын шууд ярилцлага хийж, шаардлагад нийцсэн иргэдийг ажилд авах боломж олгож байгаагаараа онцлог юм. “Тохирох ажилд зөв хүнийг – Job and career fair” арга хэмжээнд ажлын байран дахь хувь хүний онцлог, ур чадвар, хандлага тодорхойлох үнэлгээ хийлгэж, зөвлөгөө авсан, карьер төлөвлөлт, CV Resume бичих, ярилцлагад бэлтгэх чиглэлээр сургалтад хамрагдсан 40 иргэн болон арга хэмжээнд оролцох хүсэлт ирүүлсэн 16 ажил олгогч байгууллага оролцож байна. Нийслэлийн иргэд та бүхнийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд урьж байна. Арга хэмжээ “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”-д 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 11.00-15.00 цагийн хооронд болно.
Хаяг: Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбар Утас: 75111896, 91011896
НИЙСЛЭЛИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ГАЗАР, КАРЬЕР ХӨГЖЛИЙН ТӨВ
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.