Гэр бүл салалтын хамгийн том хохирогч нь хүүхэд болж байгаа гашуун сургамжууд олон гарч буй ч хамтын амьдралдаа цэг тавих хосын тоо буурсангүй. Нэг өдрийн өмнө ч болов гэрлэлтээ л цуцлуулвал там болсон амьдралд нь цэг тавигдах мэт төсөөлцгөөн, шүүхэд хандсаар…
Статистик мэдээгээр, жилд 20 мянга орчим хос гэрлэдэг ч 4000 орчим нь салдаг аж. Тодруулбал, 2015 онд 3873 хос, 2016 онд 4003 хос, 2017 онд 3945 хос, 2018 онд 4201 хос гэр бүлээ цуцлуулжээ. Энэ бол албан ёсоор гэр бүлээ цуцлуулсан тоо.
Цаана нь шүүхэд хандалгүйгээр хамтын амьдралдаа цэг тавьсан бүтэлгүй хайруудыг оруулбал нэмэгдэнэ гэсэн үг. Нэг гэр бүл дунджаар хоёр хүүхэдтэй гэж тооцвол жилд 8000 гаруй хүүхэд хохирогч нь болж байна.
Гэрлэлтээ цуцлуулахаас аргагүйд хүрсэн шалтгаанаа талууд таарч тохироогүй гэхээс илүүтэй араар тавилт буюу гэр бүлээс гадуурх харилцаа гэж тайлбарладаг аж. Нийт салалтын 60 орчим хувь нь дээрх шалтгаанаас үүдэлтэй гэдэг мэдээлэл ч байгаа юм. Өөрөөр хэлбэл, гэрлэлтээ цуцлуулахаас аргагүйд хүрдэг олон шалтгаан байгаагийн хамгийн өндөр хувийг гэр бүлээс гадуурх харилцаа эзэлдэг болжээ.
Нийгмийн эмзэг сэдэв болоод удаж байгаа энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд гэр бүл үймүүлэгчдэд хүлээлгэх хариуцлагын санкцтай болох асуудал ч хөндөгдөж эхлээд байна. Гэвч энэ нь хуулиар зохицуулна гэхээс илүүтэй хувь хүний ёс зүй, ухамсрын асуудал болохыг судлаачид хэлж байна. Учир нь, нэгнээ сайн таньж мэдээгүй үедээ гэр бүл зохиодог. Асуудал үүсэхэд бие биедээ туньдаг. Ний нуугүй ярилцаж, ойлголцдоггүй. Ан цав үүссэнээс болж өөр нэгэнтэй сэтгэл, биеэ хуваалцаж давахыг оролддог. Эцэст нь амьдралаа дахин шинээр зохиох сонголттой тулдаг аж.
Гэр бүлээс гадуурх харилцаа Монгол Улс засаглалын тогтолцоогоо өөрчилж, ардчилсан нийгэмд шилжсэн үеэс замбараагаа алдсан гэдэг ч социалзмын үед ч шүднийх нь өвчин байсаар иржээ. Иймээс энэ асуудлыг хуулиар ч зохицуулахыг оролдсон байна. Тухайлбал, Эрүүгийн хуульд гэр бүлийн талаар тогтворгүй хүнийг намд элсүүлэхгүй, албан тушаалд томилохгүй, мөн ажлаас халах хүртэл арга хэмжээ авахаар зүйчилж байжээ. Гэвч бүтэлтэй зүйл болоогүй. Карьераасаа илүүтэй хоёрдогч амьдралыг илүүд үзжээ.
БНСУ-д мөн гэр бүлээс гадуурх харилцаанд хариуцлага хүлээлгэхээр хууль баталсан ч хэрэгжээгүй аж. Хэрэгжээгүй шалтгаан нь гэр бүлээс гадуурх харилцааны баримт нотолгоо хүн болгонд үүсэхээр байжээ. Үүнээс улбаалж, 2013 онд хариуцлага хүлээлгэх заалтаа хүчингүй болгосон юм байна. Тодруулж хэлбэл, гэр бүлээс гадуурх харилцааг хуулиар зохицуулах боломжгүй гэдэг нь эндээс харагдана.
Одоогоос 30 гаруй жилийн өмнө Ч.Лодойдамбын зохиол “Гарын таван хуруу” дэлгэцнээ амилсан нь нийгмийн захиалга байсан тухай судлаачид хэлдэг. Нэг үгээр хэлбэл, Шагдарт зориулсан хуулиар гэр бүлийн харилцааг зохицуулах боломжгүй байсан учраас хүүхдүүдээ орхидог Шагдарыг бий болгохгүйн тулд хүмүүсийн оюун санаанд нөлөөлөхийг хичээж дээрх киног бүтээжээ. Гэр бүл бол хайр сэтгэл, ёс зүйн зарчим дээр л тогтдог. Үнэ цэнэ ч түүнд л оршдог. Хүний ухамсар, ёс зүйтэй холбоотой бүх асуудлыг хуульчилна гэвэл хэрэгждэггүй нэг хуультай л болно.
Хууль баталлаа гэхэд гэр бүл үймүүлэгчийг хүчирхийлэл үйлдэгчийн нэгэн адил саатуулах юм уу, эсвэл торгох юм уу. Хариуцлага хүлээлгэнэ гэдэг нь юу байх вэ гэдгээс эхлээд асуудал босох биз.
Үүний оронд хүүхдүүдээ зөв хүн болгон хүмүүжүүлж, ёс зүйтэй хүн болгон төлөвшүүлэх, гэр бүлийн үнэ цэнэ, амьдралд бий болох бэрхшээл саадыг давахад бэлтгэх гэр бүлийн сайн боловсрол олгох бодлого хэрэгжүүлэх шаардлага байна.