Нийгэм
Хятадад “ТА БИД”хэдийг төлөх вэ?
Өртэй хүн өөдөлдөггүй, өттэй мал таргалдаггүй гэж үг бий. Хуучны энэ үг зах зээлийн зарчимтай өнөөгийн нийгэмтэй нийцэх нь юу л бол. Эдийн засгийн харилцааны нэг гол хэмжигдэхүүн нь өр, зээл болоод удаж байна. Харин өр нь дарамт болж байна уу, үгүй юү гэдэг л өөрөө асуудлын гол юм. Хувь хүн байтугай улс орон ч зээлээр хөдөлж байгаа өнөө үед Монгол Улсын гадаад өрийн талаар, тэр тусмаа өмнөд хөрш БНХАУ-аас авсан өрийн талаар “Үндэстний ТОЙМ” сэтгүүл тоймлолоо.
“Чингис”, “Хуралдай”, “Мазаалай”, “Димсам” гээд Монгол Улсын гадаад дахь нэр өрийн бичигтэй холбогдсоор удаж байна. Заримыг нь төлж, заримаас нь төлсөөр л явна. Ямар боловч өр нь таазандаа тулаад байсан нэг үеэ бодоход байдал харьцангуй сайжирсан гэгддэг. Үүнд ОУВС болон хандивлагч орнуудаас босгосон хөнгөлөлттэй зээлүүд тус болсон нь маргаангүй юм. Гэсэн хэдий ч гадаад өрийн үлдэгдэл 29.5 сая ам.доллар байна. Энэ бол их тоо. Их тоог тайлбарлахын өмнө гадаад өрийн талаар цухас өгүүлье. Гадаад өр гэдэгт Засгийн газар, Төв банк, хадгаламжийн байгууллагууд, бусад салбарын нийт гадаад өр болон хөрөнгө оруулагчийн зээлийн нийлбэр багтаж байгаа юм. Яг энэ тодорхойлолтоор авч үзвэл Засгийн газрын нийт өр 20 их наяд төгрөг бөгөөд үүний 84 хувь нь гадаад өр байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Засгийн газрын гадаад өр 18.9 их наяд төгрөгт хүрчээ. Энэ бол Монгол Улсын бараг хоёр жилийн төсөвтэй тэнцэх мөнгө.
Одоо үндсэн сэдэв рүүгээ буюу БНХАУ-д бид хэдийг өгөх ёстой талаар өгүүлье. Учир нь дэлхийн хоёр дахь том эдийн засаг гэгддэг БНХАУ-д өртэй, үүнээсээ болж газар нутгаа тасдаж өгсөн улсын жишээ ч сонсогдох болсон. Эвсэл хөрөнгө оруулалт, зээл тусламжаасаа болж БНХАУ-ын улс төрийн нөлөөнд автсан Африкийн орнуудын талаар ч дэлхийн хэвлэлүүд мэдээлж байна. Тиймээс Монгол, Хятад улсын өрийн талаар энэ удаад тодотгох гэсэн юм. Өгөх нь гэдийдэг гэдэг хэвшмэл хэлц бий. Харин манай хөрш эсрэгээрээ гэдийлгүй бидэнд өгсөөр иржээ. Сүүлийн үед манай улсад өрнөөд байгаа бүтээн байгуулалтууд ихэвчлэн өмнөд хөршийн зээл, тусламжаар юм. Яармагийн гүүр, Замын цагдаа орчмын гүүрэн гарц, Сонсголонгийн гүүрний шинэчлэл гэхэд БНХАУ-ын Экспорт, импортын банкнаас авсан Засгийн газрын данстай тэрбум ам.долларын зээлээр бүтэж байгаа. Голдуу дэд бүтцийн салбарт зарцуулах зохицуулалттай тус зээл нь хоёр хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай. Үүний дараагаар улаанбаатарчуудыг өмхийгээс салгах Төв цэвэрлэх байгууламжийн барилга мөн урд хөршийн 300 сая ам.долларын зээлээр босно. Тоймлоод хүргэвэл ийм томоохон бүтээн байгуулалтууд байна. Тэр хэрээр нь манайхан ч урагшаа хараад сурчихсан. Хамгийн сүүлд энэ хавар Ерөнхийлөгч БНХАУ-д албан ёсны айлчлал хийж, хөрөнгө оруулалт нэртэй өчнөөн зээлд гарын үсэг зурсан. Түүнтэй зэрэгцээд компаниуд ч энэ дунд багтсан юм. “Эрдэнэс стийл” компани Хятадын талтай хамтран кокс, ган төмөрлөгийн үйлдвэрийн цогцолбор барихаар тохиролцов. Мөн “Шинэ Амгалан хороолол”-ыг барих гэж буй “Гангар инвест” компани Хятадын банкнаас зээл авахаар тохиролцсон. “Мошеа эко энержи” компани Шинэ Нисэхийн хажууд барьж байгаа 50 Мвт-ын 65 сая долларын өртөгтэй нарны цахилгаан станцын тоног төхөөрөмжөө зээлээр авахаар болсон. Гэхдээ энд Засгийн газраас баталгаа гаргахгүй бөгөөд эрсдэлийг хэлэлцээр байгуулсан компаниуд хариуцна.
Хятадаас авсан зээлийн хэмжээ
Засгийн газрын өр 746 мянган $
Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагуудын
Богино хугацаат зээл 64 мянган $
Бондын өрийн бичиг 149.8 мянган $
Хөрөнгө оруулагчийн зээл 354.9 мянган $
урт хугацаат зээл нь 202 мянган
бусад салбарын зээл богино хугацаат 33.8 мянган $
урт хугацаат өр 52 мянган $
2019 оны Улсын төсөвт тусгаснаар
БНХАУ-ын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар нийт 254 сая $ төсөл хэрэгжүүлнэ. Үүнээс 205.7 сая $ буюу 22 төсөл нь хөнгөлөлттэй зээлээр,
48.3 сая $ буюу 8 төсөл буцалтгүй тусламжаар хэрэгжих нь.
Энэ их авлагын хажуугаар тулаад ирсэн бас нэгэн өглөг буюу өр нь ирэх оны долоодугаар сард хугацаа нь дуусах Хятадын Ардын банкны своп хэлцэл юм. Анх 2014 онд байгуулсан 15 тэрбум юань буюу 5.4 их наяд төгрөгийн своп хэлцлийн хугацаа 2017 оны наймдугаар сард дууссан. Тухайн үед манай улсын эдийн засаг хасах циклээс өндийхгүй, гадаад валютын албан нөөцөө шавхаад ч энэ өрөө төлж чадахгүй хэмжээнд байсан. Энэ үед урд хөршөөс хэлцлийг дуусгавар болгох шахалт хүчтэй байсан гэдгийг ч тухайн үеийн албаны эх сурвалж байсан. Харин сэхээнд байсан эдийн засгийг ОУВС “эмчлэх” эрх авснаар дээрх хэлцлийг шинэчлэн баталж, гурван жилээр сунгасан нь өмнө дурдсанчлан 2020 оны долоодугаар сард дуусах юм. Тиймээс одооноос эхлээд Төв банк болон Засгийн газрын түвшинд своп хэлцлийг дуусгах уу, дахин шинэчлэх үү гэдэг асуулт яригдана. Аливаа бүх зүйлд хоёр тал байдгийн адилаар энэ асуудалд ч эргэлзэх хоёр шалтгаан байна. Тэр үеийг бодвол Монгол Улсын эдийн засаг хийгээд, Төв банкны албан нөөц нэмэгдсэн тул нөөцөө шавхаад төлөх боломжтойг нэг талаас тайлбарлаж байгаа юм. Нөгөө талаас хоёр тал хэлэлцэж тохиролцвол гэрээг сунгах боломжтой тул албан нөөцөө шавхаж, дансаа хоослолгүйгээр хэлцлийг шинэчлэх боломжтой гэж байгаа юм. Тэгвэл 2017 онд Монгол Улсын эдийн засаг хүндхэн байхад хэлцлийн хугацаа дуусахад БНХАУ-аас ирэх шахалт хүнд байсан. Одоо эдийн засаг амьсгаа авч байгаа дээрээ өгсөн нь дээр. Ер нь хөрш орноос своп хэлцлийг дуусгах сонирхолгүй. Дахиад эдийн засаг хүндрэхэд илүү хүчтэй шахалт хийх боломж хүлээж байгаа гэдэг өөр нэг өнцөгийг гаргаж байгаа юм.
Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан
Хятадын Ардын банкны своп хэлцэл 2020 оны долоодугаар сард дуусна. Үүнтэй холбоотойгоор бид шаардлагатай бэлтгэл ажлуудыг хангаж байгаа. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард би БНХАУ-д айлчилж, Төв банкных нь ерөнхийлөгчтэй уулзаж, тодорхой асуудлуудаар ярилцаж, ойлголцсон. Тэгэхээр энэ асуудлаар бид цаашид анхаарч ажиллах болно. Гэхдээ энэ асуудлын хувьд цаашдаа Сангийн яам, Гадаад харилцааны яамны чиглэлээр бидэнд нэлээд дэмжлэг, туслалцаа авах шаардлага бий.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Рекс Тиллерсон
БНХАУ улс орнуудтай ил тод бус гэрээ хэлэлцээ байгуулж, өөрт хамааралт байдлыг нэмэгдүүлж, мөнгө хүүлэх зорилготой зээл олгож, авлига хээл хахуультай гэрээ байгуулснаар улс орнуудыг том өрөнд татан оруулж, тус улсуудын тусгаар байдлыг нь алдагдуулж, урт хугацааны бие даасан хөгжил дэвшлийг нь үгүйсгэсэн үйл ажиллагаа явуулж байна.
Өрөвдөөд өрхийг нь бүтээх, эвийлээд эдийг нь авах гэдэгчлэн БНХАУ-ын төрийн бодлого хөгжил буурай орнуудад хөрөнгө оруулалт хийж, түүгээрээ дамжуулан тухайн улсад эрх ашгаа нэмэгдүүлдэг гэдэг. Энэ тухай Шри Ланкагийн тэрбум ам.долларын өрийн оронд Хятад улс усан боомтыг нь авснаар бүр ихээр яригдах болсон. Үүнд хариу болгох мэт тус улс бусад улсуудад олгох хөрөнгө оруулалтаа нэмэхээ мэдэгдсэн юм. Зөвхөн “Нэг бүс, нэг зам” санаачилгын хүрээнд гэхэд 40 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ. БНХАУ-ын хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэдэг нь жижиг улсуудын өр нэмэгдэнэ гэсэн үг гэдгийг олон судлаачид хараад байгаа. “Дэлхийн хөгжлийн төлөө” судалгааны байгууллагаас Хятад улсын өрийн хавханд орсон найман улсын нэгээр Монгол Улсыг нэрлэсэн байсан. “Нэг бүс, нэг зам” санаачилгын хүрээнд манай улсын өр бүр нэмэгдэхийг ч дурдсан байсан. Өнөөдрийн байдлаар БНХАУ манай улсын хамгийн том хөрөнгө оруулагч бөгөөд тэр чинээгээрээ хамгийн их болгоомжлох цэг нь юм. Уг нь хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээл авахад болохгүй зүйлгүй. Угаасаа ч зээл, тусламж авахгүйгээр тэнгэр рүү харсаар байгаад бид хөгжихгүй. Харин асуудал нь энэ их өрөө хэзээ, хэрхэн төлөхөө сайтар бодох ёстой юм. Учир нь үнэгүй бяслаг зөвхөн хавханд л байдаг гэдэг шүү дээ.
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр8 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм10 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент9 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент9 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм10 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Улс төр8 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Нийгэм10 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм9 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна