Нийгэм
Хэл Засалч Светлана Юрьевна манай улсад ажиллаж байна
БСШУСЯ болон МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн Тусгай хэрэгцээт боловсролын тэнхимийн урилгаар Эрхүүгийн их сургуулийн багш, хэл засалч, профессор Светлана Юрьевна манай улсад ажиллаж байна. Тэрээр “Хэл ярианы бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүй” сэдвээр МУБИС, тусгай сургууль, цэцэрлэгийн багш, судлаач, хэл засалч мэргэжилтэн, оюутнуудад зориулсан сургалтаа өнөөдөр эхлүүллээ. Сургалтыг нээж, БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир, “Манай улсын хувьд харьцангуй бага судлагдсан хэл заслын шинжлэх ухааны үндэс, ойлголт мэдлэг, хэл ярианы бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүйг багш нарт түгээн дэлгэрүүлэх, тусгай боловсролын багш бэлтгэх хөтөлбөрийг сайжруулахад энэ сургалт чухал ач холбогдолтой юм” гэлээ. Хэл ярианы хөгжлийн хувьд хоцрогдолтой, янз бүрийн согог бэрхшээлтэй, бусадтай харилцахад хүндрэлтэй хүүхдийн тоо нэмэгдэж байгаа өнөө үед хэл заслын шинжлэх ухаан өндөр хөгжсөн Оросын холбооны улсаас эрдэмтэн профессор ирж мэдлэгээсээ хуваалцаж байгаа нь цагаа олсон гэдгийг тэрээр мөн онцоллоо.
Сургалтын нээлтэд МУБИС-ийн Сургалт хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал, доктор, дэд профессор Х.Тамир, Боловсрол судлалын сургуулийн захирал доктор, дэд профессор Г.Цогзолмаа нар оролцлоо.
Эрхүүгийн Багшийн дээд сургууль нь манай улсын согог судлал, хэл заслын үндэсний мэргэжилтнийг бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан ирсэн. Манай улсын тусгай сургуулиудад ажиллаж буй согог зүйч мэргэжилтнүүдийн багагүй хувь нь тус сургуулийн төгсөгчид байдаг байна.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.