Нийгэм
Нагояагийн их сургуульд 6 оюутан докторын тэтгэлгээр суралцана
Өчигдөр Японы Нагояагийн их сургуулийн Азийн сателит кампус институтийн докторын хөтөлбөрийн 2018 оны элсэлтийн ёслолын үйл ажиллагаа боллоо. Энэ хичээлийн жилээс манай улсаас боловсрол, анагаах ухаан, байгаль орчин, хуулийн салбарын 6 мэргэжилтэн төрийн албан хаагчдад зориулсан докторын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж байгаа бөгөөд тэд ажлаа хийнгээ Нагояагийн их сургуулийн шилдэг профессоруудын удирдлага доор дэлхийн түвшний судалгаа хийж докторын зэрэг хамгаалах юм.
Еслолын ажиллагаанд БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Такаока Масато, Нагояагийн их сургуулийн захирал Мацүо Сэйичи, Азийн сателит кампус институтийн захирал Исода Фүмио нарын албаны хүмүүс, их, дээд сургуулийн удирдлагууд оролцож тэтгэлэгт хөтөлбөрийн талаар мэдээлэл өгөхийн сацуу энэ жил Монголоос тус докторын тэтгэлэгт хамрагдсан докторантур оюутнуудад баяр хүргэлээ.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр Нагояагийн их сургуулийн Азийн сателит кампус институтийн зүгээс төрийн албан хаагчдад зориулсан докторын хөтөлбөр хэрэгжүүлж буйд талархал илэрхийлээд “Төрийн албан хаагчдыг чадавхжуулах, тэдний боловсрол, мэдлэг, ур чадварыг үргэлж дээшлүүлж, мэргэшүүлэхэд Монгол Улсын Засгийн газрын зүгээс байнга анхаарч ирсэн. Ийм ч учраас ажлаа хийнгээ өөрийн салбартаа мэргэших, өндөр түвшний судалгааг Японы шилдэг профессоруудын удирдлага доор хийх боломжийг манай төрийн албан хаагчдад олгож байгаа Азийн сателит кампус институтийн хэрэгжүүлж буй докторын хөтөлбөр нь энэ жилээс хүрээгээ тэлж, хууль, анагаах ухаан, байгаль орчны салбараас гадна боловсролын салбарт доктор бэлтгэх болсонд баяртай байна. Энэ хөтөлбөрийн үйл ажиллагааг бид цаашид дэмжиж ажиллах болно” гэлээ.
Харин Нагояагийн их сургуулийн ерөнхийлөгч Мацүо Сэйичи “Нагояагийн их сургууль Азийн улс орнуудын хүний нөөцийн хөгжилд хувь нэмрээ оруулахаар ажиллаж ирлээ. Энэ үйл ажиллагааны үндсэн хөтөлбөр бол “Азийн улс орнуудын тэргүүлэх төрийн албан хаагчдыг бэлтгэх хөтөлбөр” бөгөөд Монгол Улс дахь Азийн сателит кампусаараа дамжуулан энэхүү хөтөлбөрөө хэрэгжүүлж байна. Тухайн оронд байрлах оффисоороо дамжуулан Японд болон гадаад улсад докторын сургалт явуулах энэхүү хөтөлбөр манай орны хувьд өмнө нь хэрэгжүүлж байгаагүй шинэлэг хөтөлбөр юм. Энэ жил 6 монгол оюутан элсэн орлоо, та бүхэндээ баяр хүргэж амжилт хүсье” гэлээ.
Энэхүү докторын тэтгэлэгт хөтөлбөр нь Хөтөлбөр нь зайны сургалтыг уламжлалт сургалтын хэлбэртэй хослуулан төрийн албанд ажил үүргээ гүйцэтгэхийн хажуугаар Нагояагийн их сургуульд суралцаж, Японы тэргүүлэх профессоруудаар удирдуулан докторын зэрэг хамгаалах боломжийг олгож буйгаараа онцлог юм.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.