Улс төр
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ахмадууддаа хүндэтгэл үзүүлэв
НҮБ-ын Ерөнхий ассамблей 1990 онд жил бүрийн аравдугаар сарын 01-ний өдрийг “Олон улсын ахмадын өдөр” болгон зарласан билээ. Энэ өдрийг дэлхий нийтээр 29 дэх жилдээ, харин Монгол Улсад 27 дахь жилдээ ёсчлон тэмдэглэж байна.
Олон улсын болон Монголын ахмадын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, УИХ-ын Тамгын газрын удирдлагууд өнөөдөр (2019.09.24) Улсын Их Хурал болон Улсын Их Хурлын Тамгын газарт олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадуудаа Төрийн ордонд хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.
УИХ-ын Тамгын газар нь Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурал болон Улсын Их Хурлын гишүүн байсан, Улсын Их Хурлын Тамгын газарт ажиллаж байгаад гавьяаны амралтдаа гарсан нийт 90 гаруй ахмадтай юм.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ахмадуудад баярын мэндчилгээ дэвшүүлээд, уламжлалт уулзалтад хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, “Саяхан Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент үүсэж, анхдугаар чуулган хуралдсаны 29 жилийн ойн өдөр тохиосон. Харин өнөөдөр байнгын ажиллагаатай парламентын Тамгын газар байгуулагдсаны 29 жилийн ой мөн тохиож байна. Та бүхэндээ УИХ-ын Тамгын газар байгуулагдсаны 29 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье. Ахмадын өдрөөр ахмадууддаа хүндэтгэл үзүүлдэг, санал сургаалийг нь сонсдог уламжлал хэдийнээ тогтсон. Та бүхэн Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдах эхлэлийг тавьсан түүхэн гавьяатай хүмүүс. Ардын Их Хурал, Улсын Бага Хурал болон үе үеийн УИХ-д гишүүнээр, УИХ-ын Тамгын газарт олон төрлийн ажил мэргэжлээр ажиллаж байсан Монгол төрийн жинхэнэ түшээд Та бүхний дунд олон бий. Ард түмэндээ үйлчлэх, төрдөө үнэнчээр зүтгэх төрийн албаны мөн чанарыг тууштай, тогтвортой сахиж чадсан хүмүүс бол яах аргагүй УИХ-ын Тамгын газрын ахмадууд билээ. Та бүхэнтэйгээ зөвхөн баярын өдрөөр уулзаад өнгөрөх нь хангалтгүй. Тиймээс УИХ-ын Тамгын газраас ахмадуудтайгаа ойр ойрхон ажил хэргийн уулзалтыг хийж, зарим асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж, үнэ цэнэтэй туршлагаас нь суралцах, зөвлөмжийг нь авдаг байх шинэ санаачилгыг гаргаж байгааг дуулгахад таатай байна. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын Мэдээлэл, судалгааны төвийг бие даасан газар болгохоор ажиллаж байгаа. Энэ намар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг ард нийтийн санал асуулгаар батлуулах ажлыг зохион байгуулах гэж байна. Иргэд, олон нийтэд төслийн агуулгын ач холбогдлыг сурталчлан таниулах, тайлбарлах ажилд Та бүхнийг идэвхтэй хамтран ажиллахыг уриалж байна.
Улсын Их Хурлаас ахмад настнуудын нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэхэд манлайлан ажиллаж байна. Монгол Улсын хүн амын дундаж наслалт нэмэгдэж байгаа. Сүүлийн арван жилийн хугацаанд 7 жилээр нэмэгдсэн байна. Иймд цаашид төрөөс ахмадуудад тулгамдаж буй нийгэм, эрүүл мэндийн асуудлыг шийдэх цогц бодлого хэрэгжүүлэх ёстой. Сайн талаас нь харвал ажлын чадамж, ажил гүйцэтгэх чадвар хэвээрээ байгаа бол сөрөг тал нь насжилтаа дагаад эрүүл мэнд, нийгмийн даатгал, тэтгэврийн санд таагүй байдал үүсгэх магадлалтай болж байна. Манай улсад төдийгүй дэлхийн олон улс оронд үүнийг тооцож ажиллах шаардлага үүсэж байгаа. Энэ жил ахмадын өдрийг дэлхий даяар “Тогтвортой хөгжлийн зорилт 2030”-д заасан ахмадуудыг нас, хүйс, шашин шүтлэг, хөгжлийн бэрхшээл, угсаа гарал, орлогын байдал болон бусад статусаас үл хамааруулан нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдралд идэвхтэй оролцуулах боломжийг хууль, эрх зүйгээр хангах зорилтыг хэрэгжүүлэх уриан дор тэмдэглэж байна” гээд Монгол Улсын Их Хурлаас ахмад настнуудын эрхийг хамгаалах, эрүүл аюулгүй орчинд амьдрах баталгааг хангах, цалин орлого аж байдлыг сайжруулахад чиглэсэн олон ажлыг хэрэгжүүлж ажиллахаа илэрхийлэв.
Уулзалтад оролцсон ахмадуудыг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн асан Н.Тогтох үг хэлж, Монгол төрийн үйл хэрэгт хүчин зүтгэж ирсэн үе үеийн ахмад буурлуудад байнга анхаарал, халамж тавьдаг Улсын Их Хурлын удирдлага, түүний Тамгын газарт талархал илэрхийлээд цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүслээ.
Хүндэтгэлийн уулзалтад Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурал болон Улсын Их Хурлын гишүүн байсан, Улсын Их Хурлын Тамгын газарт ажиллаж байгаад гавьяаны амралтдаа гарсан 60 гаруй ахмад оролцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
Улс төр
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Монгол Улсын Их Хурал 2023 онд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх тухай 64 дүгээр тогтоолыг баталсан билээ.
Уг тогтоолоор Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх үзэл санааг иргэдэд тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулахыг Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсэгт даалгасан юм.
Монгол Улсын Их Хурлын 2023 оны 64 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол орон даяар 21 аймаг, нийслэлийн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн эхний цагийн хичээлийг “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвийн доор байгуулахаар шийдвэрлэсэн.
Энэхүү хичээлийг сурагчдад Үндсэн хуулийн ач холбогдол, Монгол Улсын үндсэн хууль, үндсэн хуульт ёсны хөгжлийг таниулж, тэдний үндсэн хууль, төрт ёсоо дээдлэх, эх оронч үзэл санааны төлөвшлийг дэмжих зорилгоор зохион байгуулах гэж байна. Улс орон даяар нэг зэрэг зохион байгуулах хичээлд ерөнхий боловсролын 885 сургуулийн 26.228 бүлгийн нийт 797.905 суралцагч хамрагдана.
Хичээл 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 08.00 цагт эхлэх бөгөөд нийслэлийн 314, аймаг, сум, багийн 567, бусад 4 сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчид хамрагдах юм.
Бага ангийн сурагчдад заах хичээлийн агуулгад Үндсэн хуулийн тухай, Үндсэн хууль ба бидний эрх, эрх чөлөө, Үндсэн хууль ба бидний үүрэг гэсэн сэдэв багтсан бол, дунд ангийн сурагчидтай Үндсэн хууль гэж юу вэ гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэхээс гадна Монгол улсын Үндсэн хууль, түүний бүтэц, баталсан түүх, хүний эрх, эрх чөлөө, иргэний үндсэн ба журамт үүргийн талаар тайлбарлан таниулахаар хичээлийн агуулгад тусгасан байна.
Ахлах ангийн сурагчидтай Монгол Улсын Үндсэн хууль бидний амьдралд яагаад тийм чухал вэ сэдвээр ярилцан, Монгол Улсын тусгаар тогтнол, Төрийн дуулал, хэн нэгнээс үл хамааран өөрийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хийгээд, Үндсэн хуулиар олгогдсон бусад эрхийн талаар хэлэлцэнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
Улс төр
Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Сандра Шуфани болон Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил, Blackberry компанийн төлөөлөл Мааз Ясин нарыг хүлээн авч уулзлаа.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү “Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хиймэл оюун, их өгөгдөл зэрэг дэвшилтэт технологийг бусад салбарт нэвтрүүлэх, инновац, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зэрэг үндэсний хэмжээний томоохон ач холбогдолтой арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн Кибер аюулгүй байдал, цахим хөгжилд ихэд анхаарч, эрсдэлийн түвшнийг тодорхойлохоор олон байгууллагатай хамтран ажиллаж байна. Мэдээллийн технологийн хүний нөөцийг чадавхжуулах шаардлага их байгаа тул кибер аюулгүй байдлын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд Канадын их, дээд сургуулиудтай хамтрах, хамтарсан хөтөлбөрийг МУИС, ШУТИС дээр түшиглэн байгуулах чиглэлээр хамтран ажиллахыг хүсэж байна. Түүнчлэн цахим эдийн засгийг хөгжүүлэхэд анхаарч, Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, инновацид түшиглэсэн бараа бүтээгдэхүүнийг экспортлох нөхцөлийг бүрдүүлж, УИХ-аас хууль баталсан. Цаашид энэ салбарт хамгийн ээлтэй улс болохыг зорьж байна. 2027 онд Үндэсний хиймэл дагуулаа хөөргөж, сансрын эдийн засгийг хөгжүүлэх амбицтай байна. Мөн дрон туршилтын бүс байгуулах бэлтгэл ажилдаа орсон” хэмээн ярилаа.
Талууд хоёр улсын программ хангамж үйлдвэрлэгч хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа үүлэн тооцоолол чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Хиймэл оюун, их өгөгдөл, машин сургалт гэх мэт орчин үеийн технологийг төрийн үйлчилгээнд ашиглах талаар xамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийг судлан үзэхээ сайд Ц.Баатархүү илэрхийлэв.
Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил “Канадын Засгийн газраас хоёр жилийн өмнө Энэтхэг, Номхон далайн бүс нутаг руу чиглэсэн стратегиа зарласан. Энэ хүрээнд тус бүс нутаг дахь улсуудтай харилцаагаа өргөжүүлэхийг хүсэж байна. Цахим аюулгүй байдал ардчилсан улсуудын хувьд олон сорилтыг дагуулж байна. Энэ чиглэлд Монгол Улсын Засгийн газартай хамтарч ажиллахдаа таатай байх болно. Мөн манай улсын Blackberry компани энэ чиглэлд найдвартай, дэвшилтэт технологийг Засгийн газруудад санал болгож байна” гэж онцоллоо.
Канад Улс нь мэдээллийн технологийн салбарт үндэстэн дамнасан компаниуд болон үндэсний хэмжээний олон компаниудтай. Тэдгээр компаниудыг дэмжин хөгжүүлэх чиглэлээр арвин туршлагатай аж.
“Blackberry” компанийн төлөөлөгч Мааз Ясин “Blackberry компани аюулгүй харилцаа холбоо, цахим аюулгүй байдлын чиглэлд анхаарч ажиллаж байна. Бизнесийнхээ үйл ажиллагааг цахим аюулгүй байдлыг хангахад чиглүүлж, дэвшилтэт технологийг хөгжүүлсэн. Энэхүү технологийг АНУ, GREAT 7, НАТО-тай хамтран ажиллаж байна. Улмаар Азийн цахим хөгжлийг түүчээлэгч улсуудтай хамтрахыг зорьж байна. Ингэхдээ Засгийн газруудад дата мэдээллийн бие даасан байдлыг санал болгож байгаа юм” гэж ярилаа гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
-
Улс төр10 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм12 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент11 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент11 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм12 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм12 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм12 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд10 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ