Бусад
Эхийн хайранд ивлэсэн авьяас
Бага байхдаа сахилгагүй хүүхэд байлаа. Ангийнхаа охидыг их шоглож уйлуулна. Багш ангиас гараад явахад л ширээн дээгүүр дамжаад гүйчихдэг хөдөлгөөнтэй хүү байсан. Гэхдээ шууд ойлголтоор биш шүү. Хүүхдэд гэнэн томоогүй мөртлөө юу ч хийж болмоор юм шиг санагдах үе байдаг шүү дээ. Яг л түүн шиг хүүхэд ахуй нас минь өнгөрсөн” гэж ярих түүнийг “Авъяаслаг монголчууд шоу”-ны даруухан атлаа эвлэгхэн хоолойтой залуугийн дүрээр монголчууд эчнээ танина. Тэрээр Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд 1991 онд айлын тав дахь хүү болон мэндэлжээ. Гуравдугаар ангиасаа дуулж эхэлсэн нь түүнийг одоогийн авъяасыг нээж, урлагийн тайз руу хөтлөх гүүр болжээ.
СУИС-ийн босго алхсан нь
Хожмын авьяасаа бага ангидаа нээсэн Д.Бердибек 2010 онд СУИС-д элсэн оржээ. Сонирхолтой нь, дуулаачийн биш “Шоу менежмент”-ийн анги түүний сонголт байв. Гэхдээ түүний сонголт алдсангүй. Эсрэгээрээ СУИС хэмээх их айлын босго алхсан нь урлагийн “гэр бүл”-д багтаж өнөөдрийн амжилтынх нь суурийг тавьжээ. Учир нь, сонгосон ангидаа суралцаж байхдаа хөгжмийн хөг эгшигт өөрийн эрхгүй “дурлаж” өөр сонголт хийхэд хүрчээ. Энэ тухайгаа СУИС-ийн хүндэт профессор Найрал дууны удирдаач Д.Оюунхишиг багшдаа дуулгаж, хөгжимчин болох хүсэлтэйгээ хэлж, мэргэжлээ солихоор шулууджээ. Үүнийг сонссон багш Оюунхишиг “Чи хөгжим дарж чадах юм уу, нотын талаар хэр мэдлэгтэй вэ” хэмээн асуусан гэдэг. Хариуд нь Д.Бердибек “Хөгжим тоглож чадахгүй” гэжээ. Улмаар зуныхаа амралтаар багшаасаа домбор дарж сурах даалгавар авч, нутаг буцсан байна. Тэрээр “Зуныхаа амралтын хажуугаар домборын сургалтад суусан. Өөрийнхөө хэмжээнд дажгүй дараад сурчихсан юм. Хичээлийн амралт ч дууссан. Сургуульдаа ирээд элсэлтийн нэмэлт шалгалт өгч тэнцэж, найрал дууны удирдаач мэргэжлээр суралцах эрхтэй болсон юм. Ингээд л эргэлт буцалтгүй гаргасан шийдвэрээ дагасан даа. Урлагийн сургуулийн оюутан хичээл их, байнгын бэлтгэлтэй байдаг. Өдөр шөнөгүй нот цээжилж, бэлтгэл байнга хийнэ. Хажуугаар нь хичээлээ хийнэ. Тэглээ гээд шалгалтаа муу дүн авсан ч дахиж өгөөд 61 хувиар D үнэлгээ авч тэнцэж байлаа. Ингэж нуцат буцаж байснаа ер мартдаггүй юм. Гэртээ очиход аав, ээж минь “Сайн сураад ирэв үү” гээд үнсэхэд нь “Амжилттай сураад ирлээ” гээд гэмшингүй хариулж билээ. Аав, ээждээ худлаа хэлчихсэн болохоор хэсэгтээ сэтгэл санаа хэцүүхэн байлаа. Өөртөө хэт гэмшиж, өмнөхөөсөө илүү хичээж “Би заавал амжилттай сурах ёстой” гэж өөртөө амлалт өгч билээ” хэмээн тэрээр даруухан ярьсан юм.
Хайраараа хөглөсөн хөгжмийн зэмсэг нь хамгийн үнэ цэнэтэй
Д.Бердибект хамгийн үнэ цэнэтэй нэг зүйл бий. Магадгүй өнөөгийн өндөрлөгт хүргэх, хүрсэн, хүргэж яваа тэрхүү нандин зүйл нь оюутан байхад нь ээжийнх нь авч өгсөн төгөлдөр хуур. Хүний амьдрал гэдэг эрээнтэй, бараантай. Элдэв янзын тохиол, гэнэтийн явдлаар дүүрэн. Тэдгээр нь хүн болж төрсний аз завшааныг мэдрүүлэх үе байхад насан туршдаа мартахааргүй хөнгөн гунигийг төрүүлэх нь бий. Яг ийм амьдралын таашгүй хэрнээ төсөөлөшгүй тавилан Д.Бердибекийг зургадугаар ангид байхад тохиосон гэдэг. Хатуу ч гэлээ амьдралын энэхүү тохиол нь тэрээр ээжийгээ “тэнгэр дэвшүүлсэн” явдал байв. Эхийн хайр гэдэг юугаар ч сольж болохгүй бас ямар ч хариу нэхдэггүй. Хэрсүү атлаа тэрсхэн насандаа яваа хүүхэд эхийн хайраар дутаж, үе тэнгийнхнийхээ адил жаргалыг мэдрэхгүй өснө гэдэг нэг талаар харамсалтай, нөгөө талаар сэтгэл эмзэглүүлэм цаг үе. Тэрээр “Намайг зургаадугаар ангид байхад бурхан ээжийг минь аваад явчихсан юм. “Хүүгээ урлагийн хүн болгоно” гэж үргэлж ярьдаг байсан. Гэхдээ буцаагаад надад амьд бурхан шиг сайхан ээж заяасан. Хүү нь ээждээ маш их хайртай. Ачийг хариулах юмсан гэж үргэлж бодож явдаг” гэдгээ хайр дүүрэн харцаар намуухан гэгч нь хоолой зангируулан хэлсэн юм.
Хүний амьдрал гэнэтийн зүйлээр дүүрэн. Өнчин нулимстай үлдсэн, үр хүүхдээ элэг бүтэн, эхийн хайраар дутаахгүй амьдруулахын тулд хожим аав нь хүнтэй суусан гэнэ. Энэ нь ч буруудсангүй. Эхийн хайрыг эргэж мэдэрсэн Д.Бердибек нэг л мэдэх их сургуулийн босго алхсан байв. “2011 онд ээж минь хөдөөнөөс ирж надад төгөлдөр хуур авч өгсөн. Тухайн үед надаас өөр хөгжимтэй хүүхэд манай ангид байгаагүй. Аав, ээж минь ажил хийж, олсон мөнгөө хурааж, сэтгэл зүрхээ шингээж хуримтлалаараа надад зориулж хөгжим авч өгсөн болохоор илүү их хичээлдээ анхаарч, илүү их өөрийгөө дайчилж, өмнөө зорилго тавьсан.
“Бердибек чи ийм үнэтэй хөгжим авахуулчихаад сайн дарж сурах ёстой” гэж үргэлж өөртөө хэлж, бодож явдаг байсан” гэдгээ тэрээр нуусангүй. “Би сайн суралцахын тулд их хичээдэг. Орондоо хэвтэж байхад толгойд гэнэт ая орж ирвэл харайж босоод л төгөлдөр хуураа дараад л бичиж, тэмдэглэнэ. Оюутны байранд амьдардаг байлаа шүү дээ. Намайг сайн ойлгож, дэмждэг байсан учраас шөнө гэлтгүй хөгжмөө дарж, хичээлээ хийдэг байсан. Бие биенээ ойлгож, үргэлж тусалж дэмждэг өрөөнийхөндөө үнэхээр их талархаж явдаг” гэв.
Урлагийн наадам, тоглолт болоход Д.Бердибек төгөлдөр хуураа аваад очдог болжээ. Нямбай гэгч нь машины ард хийгээд аваад явна. Нутгаасаа Улаанбаатарыг зорьж, хүүдээ зориулж авч өгсөн хөгжим нь өнөөдөр түүний ирээдүйг ийн гэрэлтүүлсэн хэрэг. Сургуулиа амжилттай төгсч, дэлхийн хэмжээний том шоунд шилдэг оролцогч болсон нь мэдээж ээжийнх нь авч өгсөн хөгжимтэй салшгүй холбоотой гэсэн үг. Өдгөө Д.Бердибек хорвоод хосгүй сайхан хоёр ээжийнхээ хүслийг биелүүлж, урлаг хэмээх хязгааргүй том ертөнцөд тодоос тод гэрэлтэй, өөрийн гэсэн өнгө аястай олон бүтээл туурвиж, хэдийнэ өөрийн орон зайг эзэлжээ. Хайраар хөглөсөн хөгжмийн зэмсэг түүний хувьд хамгийн үнэ цэнэтэй гэдгийн утга учир энэ ажээ.
Амьдралаа зохиосон түүх
Түүний ханийг Күн Нуур гэдэг. Монголчилбол, Наранцацралт гэсэн утгатай. Анх ханьтайгаа 2014 онд танилцаж, хайрын түүхээ эхлүүлжээ. Тэдний хайр дурлал гэгээн атлаа хүлээлт тэвчээр дунд өнгөрсөн гэнэ. Учир нь Бердибекийн хань нь Турк улсын их сургуульд суралцаж байсан үед тэд танилцсан гэдэг. Хайртай хүнээсээ хол амьдарна гэдэг хэцүү. Хайраар жигүүрлэж, сэтгэл зүрхээрээ үргэлж хамт байдаг ч хүний амьдрал болсон хойно үл ойлголцох, гомдол тунирхах асуудал гарах нь энүүхэнд. Ийм асуудал гарах бүрт эр хүн холч ухаанаар шийдэж, ойлголцох нь бие биедээ итгэх итгэлийг бататгаж, хайрыг илүү үнэ цэнэтэй болгодог гэж тэрээр хэлсэн юм. “Хайртай хүнээсээ хол байна гэдэг хэцүү. Хардаж, сэрдэх, гомдож тунирхах үе олон тохиолдоно. Тэр бүрт эр хүн тэвчээртэй байх хэрэгтэй. Тэрхүү хугацаанд тэвчиж, уучлах нь ялалт юм байна гэдгийг ойлгосон. Хань минь миний анхны хайр. Ханьдаа хайрын дээдийг мэдрүүлж, аз жаргалтай амьдруулах юм сан гэж боддог” хэмээн эелдэгхэн инээмсэглэв.
Үргэлжлүүлэн тэрээр “Олон хүүхэдтэй болно гэж боддог. Хүүхдүүдээ зөв сайн хүмүүжүүлнэ. Аав ээж минь гэрээр дүүрэн хүүхэд өсгөж хүмүүжүүлж хүний дайтай хүн болгосон. Би доороо нэг эрэгтэй дүүтэй. Дүүгээ харж хандаж, хайрлаж хамгаалж явах үүрэгтэй. Одоо оюутан залуу байгаа. Эргээд бодоход хүүхэд нас минь хамгийн их аз жаргалаар дүүрэн өнгөрч дээ” гэсэн юм. Тэрээр заяаны хань адилхан байдаг гэсэн. Би ханьтайгаа их төстэй шүү дээ. Хүмүүс дүү охин чинь үү гэдэг юм. Хань минь аавын эрх охин. Надад ч бас эрхэлдэг юм. Хоол цай сайтай, цэвэрч нямбай ухаалаг эмэгтэй. Эр хүний сайн яваа нь эхнэрээсээ гэдэг үг бий. Миний амжилттай ажиллаж байгаагийн ард халамжтай сайн ханиа байгаа. Би 141 дүгээр сургуульд дуу хөгжмийн багшаар ажиллаж байна. Сургуулийн захирал, менежер хоёр “Та хоёр амьдрал эхлүүлж яваа шинэ гэр бүл. Тиймээс бид дэмжээд эхнэрийг чинь ажилд авъя” гэсэн. Бид хоёр бусдын адил тэгээс амьдрал эхлүүлээд байр хөлслөөд амьдарч яваа залуу гэр бүл. Тиймээс сайхан амьдрал бүтээхийн тулд ажлыг голохгүй хийх хэрэгтэй. Эхнэр маань сургуулийн гал тогоонд хоёр сар гаруй угаагч хийсэн. Хайрцаг дүүрэн таваг бариад дээрээс доод давхар хүртэл олон удаа нааш цаашаа явна. Миний цалингаар сайхан амьдарнаа ханиа гээд л ажлаас нь гаргачихсан юм. Эр хүн эхнэр хүүхдээ тэжээж сайхан амьдруулах үүрэгтэй шүү дээ. Ирээдүйд хань минь ээж болно. Эмэгтэй хүнд биеийн хүчний хүнд ажил тохирохгүй. Зөв бодолтой сэтгэлтэй явбал ажил амьдрал аяндаа сайхан болдог гэж боддог. Сайхан амьдрал бүтээхийн тулд би хичээж, хөдөлмөрлөнө” гэснээр бидний яриа өндөрлөсөн юм.
Хүмүүний амьдрал олон өнгөтэй. Гэрэл гэгээ цацруулсан цав цагаахан өнгөтэй би Д.Бердибек хэмээх авъяаслаг залуу уран бүтээлчийг зүйрлэсэн юм. Харцнаас хайр гэрэлтэж, хэлж байгаа бүхнээс нь хийж бүтээх их хүсэл ундарсан түүнийг урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө аястай олон сайхан бүтээл туурвиж эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд мандуулсан уран бүтээлч болно гэдэгт итгэж байна.
Бид ийн хөөрөлдөж дуусаад СУИС руу хамт алхаж, түүний багштай очиж уулзсан юм. Амралт дөхсөн болоод ч тэр үү, оюутан бүр бэлтгэлээ хийж, энд тэндгүй хөгжим тоглож байлаа. Гурван давхарт байрлах СУИС-ийн хүндэт профессор Найрал дууны удирдаач Д.Оюунхишиг багшийн ангид орж, учир байдлаа хэлэн цөөн хором ярилцсан юм.
-Шавийн эрдэм багшаас гэдэг шиг Д.Бердибекийн энэ хүртэл амжилттай яваа нь тантай салшгүй холбоотой болов уу. Оюутан байхдаа ямар хүүхэд байсан юм бол?
-Бек бол хичээл зүтгэлтэй оюутан байсан. Хүн мэргэжлээ зөв сонгож, өөрийгөө олох нь чухал. Өөр мэргэжлээс “урваж” орж ирсэн хүүхэд. Тухайн үед би Бекийн ангийнханд хичээл орж, нот заасан. Тэр үеэс хөгжимд илүү их татагдаж, мэргэжлээ солих тухайгаа надад хэлсэн. Сурах хүсэл мөрөөдөлтэй хүүхдийг дэмжих нь багш хүний үүрэг. Хүн өөрийнхөө авьяасыг мэдэрч зөв сонголт хийх хэрэгтэй. Нот мэддэг хүн бүхэн хөгжмийн аялгуу зохиодоггүй. Туурвисан бүтээлүүд нь их сайхан аялгуутай. Сайн уран бүтээлч болох хүнд өгөгдөл гэж бий. Бек ямар уран бүтээлч вэ гэдэг нь “Авьяаслаг Монголчууд” шоугаар илэрсэн гэж дүгнэдэг. Ард түмэн ч мэддэг болсон.
-Хичээл зүтгэлтэй оюутан байсан гэлээ. Шавиа хэрхэн хурцалж, урмын үгээр тэтгэдэг вэ?
-“Нойлын ногоон тэг” гээд л загнаж байсан үе олон. Бек сургууль дээрээ өнждөг оюутан байсан. Байнга төгөлдөр хуур тоглоод суучихна. Аав нь “Чи гэртээ яагаад харьдаггүй юм бэ” гээд утсаар яриад байдаг юм. Тэгэхэд “Би аавтай чинь ярья” гээд л “Сайн хөгжмийн зохиолч, авьяаслаг хүү төрүүлсэн” гэж хэлье гэдэг. Монголд сайн хөгжмийн зохиолч төрсөн гэж бодож байна. Багш хүний аз жаргал, шавиа амжилттай явахыг харах. Би Бекийг монголынхоо нэрийг дэлхийд мандуулсан сайн хөгжмийн зохиолч болно гэж боддог.
-“Авьяаслаг Монголчууд” шоунд таны шавь амжилттай оролцож, монголчуудыг нэгтгэж чадсан. Багш хүн шавиа дэмжих нь мэдээж. Дуулсан дууных нь сонголтыг хэрхэн хүлээж авсан бэ?
-Монгол хэл дээр дуулахыг нь сонссон. Казах, Монгол хэл дээр дуулахыг нь сонсоод өөрийн эрхгүй бахархсан. Монгол Улс бол олон үндэстэн ястны өлгий нутаг. Монголчуудыг нэг дээвэр дор нэгтгэж, чадсан гэж бодож байна. Дууны сонголтууд таалагдсан.
-Хувь хүнийх нь талаас дүгнэхэд…
-Хүмүүжил сайтай хүүхэд. Би аав, ээжид нь баярлаж явдаг. Хүнд гэр бүлийн хүмүүжил чухал. Бек бол уйгагүй хөдөлмөрлөж, юм сурах гэж их хичээдэг.
С.Ичинхорлоо
Бусад
Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана
Өнгөрсөн наймдугаар сард Боловсролын сайд П.Наранбаяр Монголын хувийн их дээд сургуулиудын холбооны төлөөлөлтэй уулзах үеэр ярилцсаны дагуу нэгдсэн байдлаар бүх хувийн их, дээд сургуулийн удирдлагуудтай уулзлаа.
Хувийн их, дээд сургуулийн удирдлагууд тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэн нэгтгэж, төрийн дээд боловсролын салбар дахь оролцоо дэмжлэг болон эрх зүйн орчин, элсэлтийн босго, дээд боловсролын байгууллагуудын эрэмбэ, багшийн хөгжил болон нийгмийн баталгаа гэсэн чиглэлүүдээр санал хүсэлтээ илэрхийлэв. Тухайлбал, их, дээд сургуулийн онцлогийг харгалзаж үнэлэх замаар эрэмбэ тогтоох, төрийн зүгээс өмчийн хэлбэрийг ялгахгүйгээр адил тэгш бодлого хэрэгжүүлэх, салбарт хэрэгжиж буй хуулиудад өөрчлөлт оруулах шаардлагатай гэлээ.
Боловсролын сайд П.Наранбаяр их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллахаа онцолж, дээд боловсролын байгууллагуудын онцлог, чиглэлийг харгалзан ангилах байдлаар хөндлөнгийн байгууллагаар эрэмбэ тогтоолгох, элсэлтийн босгыг үе шаттайгаар өсгөн элсэгчдийг чанаржуулах бодлого баримтална хэмээв. Мөн бүх санал хүсэлтэд хариу өгч, нэгтгэж эрэмбэлэн үе шаттайгаар шийдвэрлэхээ хэллээ гэж Боловсролын яамнаас мэдээллээ.
Бусад
ТББХ: Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэв
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 05-ны хуралдаанаар Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 01 дүгээр тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийн танилцуулгыг сонслоо.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.5 дахь хэсэгт “Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах нарийвчилсан журмыг Улсын Их Хурлын тогтоолоор батална.” гэж заасныг үндэслэн уг тогтоолын төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор УИХ-ын гишүүн О.Номинчимэгээр ахлуулан, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, П.Сайнзориг, Х.Тэмүүжин нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан юм.
УИХ-ын гишүүн О.Номинчимэг ажлын хэсгийн дүгнэлтийг танилцуулав.
Тэрбээр, Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголыг Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Нийтийн сонсголын тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын 2017 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Нийтийн сонсгол зохион байгуулах журам”-д заасны дагуу зохион байгуулж ирсэн.
Монгол Улсын Их Хурлаас 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-д Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах зарим харилцааг нарийвчлан зохицуулж хуульчилсан байна.
Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн Арван тавдугаар бүлэг бүхэлдээ Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах дараах харилцааг нарийвчлан зохицуулсан байна. Үүнд:
- 119 дүгээр зүйлд Улсын Их Хурлын хяналтын сонсгол явуулах талаар хүсэлт гаргах, хүсэлтийг шийдвэрлэх талаар;
- 120 дугаар зүйлд сонсгол зохион байгуулах харьяаллын талаар;
- 121 дүгээр зүйлд сонсголын бэлтгэл ажлыг хангах талаар;
- 123, 124 дүгээр зүйлд сонсголд оролцогч, түүний эрх, үүрэг;
- 125 дугаар зүйлд сонсгол даргалагчийн эрх, үүрэг;
- 126, 127 дугаар зүйлд сонсголыг танхимаар болон цахимаар явуулах журам;
- 128 дугаар зүйлд сонсголын тайлан, тэмдэглэл боловсруулж, олон нийтэд түгээх талаар;
- 129-133 дугаар зүйлд Нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулах журам.
Өөрөөр хэлбэл, Улсын Их Хурлын хяналтын сонсголыг дээр дурдсан хуулийн зохицуулалтын хүрээнд зохион байгуулах боломжтой байх бөгөөд нарийвчилсан журам батлан гаргах тохиолдолд хуулийн зохицуулалтыг давхардуулан журамд тусгах нөхцөл үүсэж байх тул тус журмын төслийг боловсруулах шаардлагагүй гэж ажлын хэсэг дүгнэлээ гэлээ.
Түүнчлэн тэрбээр 2024-2028 оны парламентын бүрэн эрхийн хугацаанд холбогдох журмын тоог цөөлж, хуулиар зохицуулах шаардлагатай зохицуулалтыг журмаар биш хуульд тусгаж байх стратегийг баримталж байгааг дурдаад, цаашид хууль хэрэглээний хувьд ойлгомжтой болгох үүднээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тохиолдолд хяналтын сонсголын зохион байгуулалттай холбоотой зарим шаардлагатай зохицуулалтыг нэмж тусгах саналтай байна хэмээсэн. Тухайлбал, тус хуулийн 121 дүгээр зүйлийн 121.6-д заасны дагуу шинжээчийг томилохдоо ажлын хэсгийн саналыг үндэслэн Байнгын хороо тогтоол гаргахаар зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл, ажлын хэсэг байгуулагдаагүй бол шинжээч томилох хүсэлт гаргах субьект хэн байх талаарх зохицуулалтыг тодорхой болгох шаардлагатай. Түүнчлэн сонсгол явуулах бүтэц нь Байнгын хороо, дэд хороо байх олон улсын жишигт нийцүүлэх нь цаашид Байнгын хорооны үйл ажиллагааг илүү мэргэшсэн, уялдаа холбоотой байх ач холбогдолтой тул холбогдох өөрчлөлтийг хийх хэрэгтэй. Мөн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэг, 126 дугаар зүйлийн 126.5 дахь хэсгийг тус тус хүчингүй болгох саналтай байгаагаа танилцуулсан юм.
Ажлын хэсгийн дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй.
Мөн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэв.
УИХ дахь МАН-ын бүлгээс тус дэд хорооны бүрэлдэхүүнээс УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг чөлөөлж, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очирыг бүрэлдэхүүнд оруулах саналыг ирүүлсний дагуу Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулжээ.
Хэлэлцэж өуй асуудалтай холбогдуулан асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг хэлэлцэн батлахыг дэмжин, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Дараа нь “Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Тогтоолын төслийн талаар Байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ танилцуулсан. Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалт нь төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус гэсэн төрөлтэй байх бөгөөд мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсэгт заасны дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо Улсын Их Хурлын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаврыг холбогдох шийдвэрийн төслийн хамт нэгдсэн хуралдаанд оруулж, шийдвэрлүүлэх ёстой хэмээв.
Мөн тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасны дагуу Байнгын, дэд хорооноос хийх төлөвлөгөөт хяналт шалгалтыг Улсын Их Хурлын төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаварт тусган хэрэгжүүлэхээр заасныг тодотгоод, хяналт шалгалтын талаар Байнгын хороодоос холбогдох саналыг авахад Аж үйлдвэржилтийн бодлогын, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос тусгайлан санал ирүүлээгүй гэлээ.
Байнгын хороодоос ирүүлсэн санал болон хяналт шалгалтын бусад асуудлын хүрээнд УИХ-ын 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд зохион байгуулах нэр дэвшигчдийн хяналтын сонсголыг УИХ-ын төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаварт тусган боловсруулсан хэмээн танилцуулсан юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэг, иргэдээс ирж байгаа хүсэлт, өргөдлийн дагуу хууль зүйн бодлоготой холбоотой, ялангуяа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль тогтоомжийн биелэлттэй холбоотой асуудлыг хяналт шалгалтын цаглаварт оруулах асуудлыг хөндөн байр сууриа илэрхийлсэн.
Эцэст нь тогтоолын төслийг хэлэлцэн батлах асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин чуулганы нэгдсэн хуралдаанд Байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Бусад
Дэлгэрэх цехийн М.Эрдэнэцэцэг
“Манайх эсгий бүрээсээс бусдыг үйлдвэрлэдэг, гадуур дотуур цагаан бүрээс, давхарга, берзинт, өрх гээд л. Миний хувьд 1993 оноос өрхийн үйлдвэрлэл эрхэлж, ээжтэйгээ хамт цагаан бүрээс оёж эхэлсэн. Түүнээс хойш 31 жил өнгөрсөн байна. Манайхыг аж ахуйн нэгж гэж ойлгов оо, оёдлын цех шүү. Ажлын байрны хүчин чадлын тухайд 16 хүн ажиллах боломжтой ч өнөөдрийн байлаар найман оёдолчин ажиллаж буй ” хэмээн үйл ажиллагаагаа танилцуулсан бүсгүй бол БЗД-ийн иргэн, Дэлгэрэх цехийн эзэн М.Эрдэнэцэцэг. Гав шав хийсэн гялалзуур эмэгтэй шүү гэх тодотголд яг таарах хүн гээд хэлчихвэл буруудахгүй л болов уу. Түүний ажил агуулахаас бүс бараагаа ангилж татахаас эхэлж, эсгүүр хийх, оёдол, ангилах, бэлэн болсон бүтээгдэхүүнээ Нарантуул руу хүргэх, орон нутаг дахь борлуулагчид руугаа ачуулах гэхчилэн амсхийх завгүй гүйсээр үдшийн бүрийтэй золгоно. Ажлынхаа завсраар өндөр настай ижий, хүү хоёроо халамжлах учиртай. Бас ажлын хамт олон гэж бодлын үзүүрт өнжих найман бүсгүй, хоёр эр бий. Хүний л амьдрал болохоор жаргал зовлон ээлжилнэ. Ямар ч үед дэргэд нь байж, зүдрэх үед нь энгэртээ наах нь миний үүрэг гэж ойлгох түүнд хамт олон нь хачин сайн юм билээ. Нэгэн цагт ээжүүдээ дагаж, цехийнх нь умгар өрөөнд эрхэлж наадаж өссөн охид амьдралд хөл тавьж, эдүгээ оёдолчин болцгоон хоёр ээжтэйгээ мөр зэрэгцэн ажиллаж байгаа гээд бодохоор Дарь-Эхийн овооны энгэр бэлд бууриа засч төвхнөсөн жижигхэн цехийн түүх эгэлгүй агаад бахархам ажээ.
Ажилсаг ээжийн хичээнгүй охин
М.Эрдэнэцэцэг өөрийнхөө сайн сайхан явааг ээжийнхээ ажилсаг чанартай холбоно. Ё.Нармандах хэмээх гайхамшигт эмэгтэй бол түүний ээж. Цэл залуугаараа ханиасаа хоцорч гурван үрээ хөлийг нь дөрөөнд,гарыг нь ганзаганд хүргэсэн ижийгээрээ охин нь өнөөдөр гангарч сууна.
Хөнгөн, хүнсний техникум төгссөн залуухан бүсгүй амьдралд хөөр баяртайгаар хөл тавьтал мэргэжил бус юу чаддагаараа амьдарлаа залгуулах тийм цаг үе тосох нь тэр. Тодруулж хэлбэл, БНМАУ зах зээлийн нийгэмд шилжсэн 1990 оны цагаан морин жил. Амьдралын ямар ч үед хөл алдаж үзээгүй ижий нь “Эрдэнэцэцэг ээ, миний охин ижийнхээ оёдлын машинаар хоолоо олж ид. Нагац ахын чинь хүүхдүүд гэрийн бүрээс, цаваг оён Дэнжийн мянгын зах дээр борлуулж байна. Борлуулалт ч гайгүй бололтой. Би тэдэнд тусалж, гэрийн бүрээс, цавгийг яаж эсгэдэг, хэрхэн оёдгийг мэдэж авлаа. Одоо хоёулаа үзээд алдая. Монгол хүн байгаа цагт монгол гэр байж л таарна” хэмээн цуу ямбуу даавуу дэлгэн анхны эсгүүрээ хийсэн тэр өдрөөс хойш бага таван ханатын баруун талаас оёдлын машины дуу тасраагүй гэж хэлж болно. Ингэж л тэрбээр өөрийн гэх орлоготой энэ цагийн хэллэгээр бизнесийнхээ гарааг эхлүүлсэн түүхтэй.
Оёдлын цех байгуулагдаад 31 жил болжээ. Хүний амьдралын бүхэл бүтэн үе ч гэж хэлж болохоор. Өсч дэвжсэн түүх нь энгийн юм шиг атлаа шантарч, уйлж дуулж явсан өдрүүд М.Эрдэнэцэцэгт бий. “Одоо л хөл дээрээ босох нь. Банкнаас авсан зээлээ түүртэлгүйгээр дарж чадах цаг айсуй” хэмээн бүтэн нойртой хонож эхэлтэл гал усны гашуун зовлонгийн өмнө өвдөг сөгдөх нь тэр. Амсхийх гэдгийг умартан зүтгэж байж бий болгосон бүхнийг нь дүрэлзсэн гал хамж аваад үнс болгож орхив. Хүний амь эрсдээгүйд нь магнайгаа хагартал баярлавч ёрдойж харлаад үлдсэн төмрийн хог, утаа савсуулан уугих бууриас өөр юу ч үгүй хоцорсондоо харамсан, харамсан уйлж зогссон тэр хүнд үеийг туулаад л гарсан. Ажлын байрны тав тухтай орчныг бүрдүүлэхийн төлөө хичээн 2019 онд үйлдвэрийн хоёр давхар шинэ байраа ашиглалтад оруулав. Эдүгээ агуулах, савтай ч болсон байна. Бараа материалаа ч жилийн дөрвөн цагийн эргэлтийг даахуйцаар нөөцлөх эдийн засгийн боломжтой болсон гээд багагүй амжилтад хүрсний нууц нь маш энгийн. Эрхэлсэн ажилдаа сэтгэлээ өгч, хичээх явдал. Түүнчлэн хэлсэн үгэндээ хүрч, үнэнч байдлыг эрхэмлэдэг чанар аж.
Хөндлөнгөөс харахад, сувд мэт шаргалтан цайрах цуу ямбуу даавуу нэгэн хэмээр нүргэлэх оёдлын машины дуу, үйлчин бүсгүйн хурдан шаламгай хөдөлгөөнтэй өнгө хослохуй дор монгол гэрийн гоёл болох гадуур, дотуур цагаан бүрээс, цаваг, өрх болж хувирна. “ Үнэтэй торгон хөшиг хэцээр татаж” хэмээх шүлэг зөвхөн шил толь болсон орд харшийнх бус талын Монголын үнэт өв монгол гэрийн дотуур хөшиг ч хээ хуар, саа бүхий үнэтэй торгоор хийгддэг болсныг энэ цехийн үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүнээс олж харснаа нуух юун.
“Цэцгээ гэдэг оёдолчныг хайж явна”
Худалдан авагчид түүнийг ийн сурагласаар ирэх нь бий. “Байнгын минь хаяг Нарантуул зах” шүү дээ хэмээн цайлганаар инээх оёдолчин бүсгүйг малчид андахгүй болжээ. Жил өнжөөд л гэрийнхээ гадуур, дотуур цагаан бүрээсээ сольдог учраас түүний урласан цагаан бүрээсүүд борлогдохгүйн зовлон үгүй. Ийм амжилтад хүрэхийн тулд монгол гэрийн давуун эдлэлийн зах зээлийг алдахгүйн төлөө тэрбээр 31 жил тасралтгүй хөдөлмөрлөсөн. Гэхдээ үнэнчээр. Үйлдвэрлэлийн аль ч шат дамжлагад алдаа гарах ёсгүй гэж тэр үздэг. Түүний баримталж ирсэн зарчим бол чанартай бүс даавуугаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх, худалдан авагчаа солихгүй байх явдал. Нэг удаагийн ашиг бодох бус зөвхөн өөрийг нь зорьж ирэх худалдан авагчаа дээдлэх учиртай хэмээн мань хүн үздэг байна. Тэр утгаараа байнгын үйлчлүүлэгчийн захиалгыг цаг хугацаанд нь гаргаж өгөхийг хичээхийн сацуу худалдаж авсан бүрээс нь очоод барихад язайхгүй, дутахгүй байх ёстой гэдэг дээр анхаарч ажилладаг байна. Үр дүнд нь малчид итгэлээ өгч, Эрдэнэцэцэг буюу Цэцгээ оёдолчны сэтгэлээ шингээж оёсон гэрийн даавуун эдлэлийг сонгож тэр хэрээр эрэлт ч их болжээ. Үүнээс гадна бараа бүтээгдэхүүнийхээ чанарт онцгой анхаарч анхны дамжлаг болох хамгийн чанартай даавууг сонгож, үйлдвэрлээ явуулна. Бас итгэлийн асуудал. Энэ талаараа тэрбээр “Манайх түншүүдтэйгээ 2004 оноос хамтран ажиллаж, бие биеийнхээ итгэлийг алдахгүй явсаар өнөөдөртэй золгосон. Аливаа үйл хэрэг итгэлцэл дээр тогтдог бөгөөд хэн хэнийхээ итгэлийг алдахгүй байх аваас хамтын ажиллагаа улам л бэхжин хөгждөг жамтай” хэмээн өгүүлсэн.
М.Эрдэнэцэцэг олонтой нэгэн.
Оёдолчдынхоо ахуй амьдралыг өөд татаж, хамтдаа хөгжих нь түүний зорилго. Зорилгодоо хүрэхийн тулд тэднийгээ ажлаар хангах явдал. Азаар бидэнд ажилгүй өнжих өдөр гэж үгүй. Өөрөөр хэлбэл, захиалга тасардаггүй гэсэн үг. Гэхдээ тэдний ажил улирлын чанартай гэдгийг хэлэх нь зөв байх. Шинэ гэрийн найр наадам, хуримын сар дуусмагц автомашины дулаан хучилга, гэрийн хаалганы дулаалга руугаа орно. Тэгээд арванхоёрдугаар сарын сүүлчээс хойш үндсэн бүтээгдэхүүнээ оёж эхэлдэг байна. Нөөц гэж ч ойлгож болох юм билээ. Нөгөөтэйгүүр, түүнийг тойрон найман “цэцэг” эргэлдэж буй. Түүний ”торгон” цэрэг П.Алтанцэцэг гэхэд л Дэлгэрэх цехэд 18 жил ажиллаж байгаа бөгөөд үйлдвэрийнхээ бүхий л үйл ажиллагааг хариуцна. И.Санчирын тухайд 16 дахь жилдээ ажиллаж байгаа. Оёдол хийхээс гадна оёдлын машины бүхий л засвар үйлчилгээг хариуцдаг алтан гартай бүсгүй. Тэрбээр дулаалга, давхарга, берзинт гээд бүсгүй хүн оёход хэцүү байж мэдэх оёдлыг ч өлхөн хийдэг. Цехэд шинэ хүн орж ирэхэд оёдлын бүх шат дамжлагыг зааж сургах үүрэг түүнийх. О.Лхамсүрэн хамт олныхоо эд эс нь болоод 12 жил болжээ. Алиа хошин, нийтэч зантай хэмээн танилцуулсан. И.Оюунтүлхүүр арав дахь намартайгаа золгож байгаа. Залуучууд дотроо хамгийн хурдан шалмаг, дайчин бүсгүй гэж ирээд л дарга нь магтаж байна лээ. С.Мөнхзул бүсгүйн хувьд үйлдвэрлэл хариуцдаг П.Алтанцэцэгийн охин нь. Уг нь тэрбээр тогооч мэргэжилтэй. Дээр дурдсан цехэд өсч торнисон хоёр охины нэг нь. Цехийн хамгийн залуу ажилтан бол Т.Төмөрбаатар. Ажилд ороод хоёр жил болж байгаа ч аливаа зүйлийг маш хурдан сурдаг, хичээнгүй залуу гэсэн шүү. Бидэнтэй уулзаж амжаагүй ч заавал онцолж хэлэх оёдолчин бол н.Содцэцэг. Тэрбээр зөвхөн гэрийн торгон хөшгийг дагнаж урладаг. Тэд хамтрагчид болоод арав гаруй жил болжээ.
Дашрамд өгүүлэхэд, оёдлын салбарт голдуу эмэгтэйчүүд ажилладаг. Тэд хоногийн талыг ажил дээрээ өнгөрүүлэх нь бий. М.Эрдэнэцэцэг ажил олгогчийн хувьд оёдолчдынхоо ахуй амьдралыг гарын таван хуруу шигээ мэднэ. Тиймээс охиддоо боломжийнхоо хэрээр туслахыг хичээн зээл өгөх, тусламж үзүүлэх зэргээр ахуй амьдралд нь дэм болсоор ирсний үр дүнд эхнээсээ өөрийн гэсэн хашаа, байшинтай болцгоожээ. Энэ бол хувь хүний сэтгэл мэдэх асуудал. Дэлгэрэх цехийнхэн ядарч зүдэрч яваа нэгэнд сайхан сэтгэлийн гараа байсхийгээд сунгадаг талаар БЗД-ийн нийгмийн ажилтан онцолсныг уншигчдадаа дуулгахад таатай байна. Өнгөрсөн жилүүдэд жил дараалан болсон үер ус, зуд турханд өртсөн хэд хэдэн айлд Дэлгэрэх цехийнхэн иж бүрэн гэр, гэрийн бүрээс хэрэгсэл болон эд материалын тусламж үзүүлж ирснийг мэдэх хүн олон.
-
Улс төр14 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр14 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Улс төр14 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Нийгэм13 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр13 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
-
Энтертайнмент4 цаг өмнө
Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ