Улс төр
Нийслэлийн Засаг дарга хэн бэ
НИТХ-ын45 төлөөлөгчийн талаархи баримтуудыг дэлгэж байна. Учир нь тэдний нэг нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын даргаар томилогдох юм. НИТХ-ын төлөөлөгчид энэхүү албан тушаалд нэр дэвшигч нь гаднаас бус дотроосоо байх ёстой хэмээн үзэж буй аж. Ингээд нийслэлийн иргэн та хэнд итгэж болохоо өөрийнхөөрөө тунгаах буй за.
Улс төрийн салхинд туугдахыг хүсээгүй С.Амарсайхан
НИТХ-ын дарга. Энэ эрхмийн явдал мөр нийслэлтэй холбогдсоноос хойш ил болсон. Магтуулах, муулуулахын тухайд бараг л тэнцэж буй байх. Боловсрол мэдлэгийн тухайд өнөөгийн нийгэмд гологдохооргүй нэгэн. АНУ-д хоёр ч коллеж төгссөн тухайгаа намтартаа тэмдэглэсэн байна лээ. Мөн Соут Вест Их сургуулийг дүүргэсэн аж. Харин эзэмшсэн мэргэжлийн тухайд оноосон зүйл үгүй ч эрхзүйч, магистр гэсэн ганц өгүүлбэр байна лээ. Ажил амьдралын гараа нь тун дажгүй. Монгол Улсын ШУМТ-ийн төвийн ажилтнаар хэсэгхэн зуур ажиллаад Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин Сайдын Яамны Консулын ажилтан, Атташе болсон байдаг. Он цагийн тухайд 2000-2004 он. Үүний дараа Американ Трейд & Девелопмент компанид гадаад худалдааны менежерээр дөрвөн жил ажилласнаа 2007 оноос “Оюуны Ундраа Групп” ХХК-ий Гүйцэтгэх захирал, Ерөнхий захирал, ТУЗ-ийн даргаар тус тус ажиллажээ. Мань эрийг нийслэлийн хэмжээний улстөрч гэж ойлгож болно. Анх 2012 онд НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон байдаг. Өнгөрсөн орон нутгийн сонгуульд ялалтаа бататгаснаар НИТХ-ын даргаар ажиллах болсон. Өнгөрсөн хугацаанд НИТХ-ын тэргүүлэгч, Хот байгуулалт, дэд бүтцийн хороо, Санхүү, Төсөв, эдийн засгийн хороо болон “Ухаалаг Улаанбаатар” Хөгжлийн хорооны гишүүн, Нийслэлийн Авто Худалдааны төвийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж ирсэн бөгөөд 2016 оноос НИТХ-ын Санхүү, Төсөв, эдийн засгийн хорооны дарга, өмч хувьчлалын комиссын гишүүнээр тус тус ажиллаж буй. Дашрамд өгүүлэхэд, түүнд Су.Батболдын орыг залгаж, Нийслэлийн Засаг даргын сэнтийд сонирхол байхгүй гэх яриа гарсан. Учир нь тэрбээр ирэх 2020 оны УИХ-ын сонгуульд өөрийгөө сойж байж мэднэ. Өөрөөр хэлбэл, хугацаа богино үлдсэн тул улс төрийн салхинд туугдахыг хүсээгүй байх.
Хотын даргын суудал хүү тооцохтой адил биш
НИТХ-ын тэргүүлэгч Б.Батнасан
Энэ эрхэм гахай жилд хорвоод мэндэлсэн болой. Тодруулбал, 1971 он. Шаардлага гарвал энгэрийнхээ халааснаас гаргаж ирээд үзүүлэх дээд боловсролтойг нь гэрчлэх хоёрын хоёр диплом бий. Дээр нь нэмээд Удирдлагын академийн ромбо үзүүлж болно. Ажлын туршлагын тухайд хувиараа бизнес эрхэлж байгаад шууд л компаний дэд захирлаар ажилласан байдаг. Түүний намтрыг сонирхвол “Дэвшил сан” хадгаламж зээлийн хоршоо, “Алаг-Уул ган” ББСБ гээд дандаа д бэлэн мөнгө эргэлдэж байдаг санхүүгийн байгууллагууд нь анхаарал татах юм гээч. Гэхдээ түүнд улстөрчийн хийгээд төрийн албаны туршлага бий. Улс төрч болох гараагаа улс төрийн албан тушаал болох БГД-ийн Засаг даргын туслах улмаар БХД-ийн ЗТДГ-т Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга, БХД-ийн Засаг даргаар ажиллаж байсан. Бас болоогүй БХД-ийнхээ Улаанзагалмайн хорооны тэргүүнээс авахуулаад БХД-ийн МАН-ын хорооны дэд дарга, нийслэлийн МАН-ын хорооны гишүүн, МАН-ын Бага хурлын гишүүн гээд намын анхан шатнаас дээд шат хүртлээ улстөрчийн хувьд гэрлийн хурдаар өсч яваа идэр эр. Гэсэн хэдий ч хотын даргын суудал руу зүтгэх цаг нь арай л болоогүй нөхөр. Насны хувьд ойртож мэдэх ч Улаанбаатар хэмээх их айлыг авч явна гэдэг ББСБ ажиллуулан хүүгийн хүү тооцож суухтай адил биш хэмээн намынх нь нөхөд дүгнэж байна лээ.
“Захирал” Б . Цолмон
НИТХ-ын төлөөлөгчдийн дийлэнх нь идэр насныхан. Тэдний нэг нь Б.Цолмон. Германд боловсрол эзэмшсэн нэгэн. Бүр болоогүй улс төр судлаачаар. Гэхдээ мань эр германы боловсролоо голсон уу эсвэл монголынхоо их, дээд сургуулийн дипломыг илүүд үзсэн үү Их засаг их сургуулийн босгыг алхаж төгссөн байдаг. Түүний ажилласан байдлыг сонирхсон хэн бүхэн “хөөх” гэх байх. Дандаа л аж ахуйн нэгжийн захирал. Тодруулбал, 2003 оноос “Орифлэйм” ХХК-ий захирал, ”Ориент энержи групп”, “Пауэрложистикс”, Аз хийморийн хишиг”, “А1групп” ХХК-ий захирал гэх мэтчилэн хөврөх авай. Харин төрийн албанд зүтгэсэн нь ердөө хоёрхон жил. 2013-2015онд УИХ-ын тамгын газарт УИХ-ын гишүүний бие төлөөлөгч. Түүнийг Сумъяабазарын хүн гэж хэлж болох байх. Учир нь тэрбээр СХД-ийн ИТХ-ын төлөөлөгчөөр 2008-2016 онд ажиллаж байгаад 2016 оноос НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа нөхөр. Түүний нийгэм рүү, дүүрэг рүүгээ цаашлаад нийслэлийн хөгжил цэцэглэлтийн төлөө хийсэн ажил нь одоогоор олонд хүрээгүй байгаа тул сонгинохайрханчууд л түүнийг таних байх. Тиймээс асуудал ойлгомжтой.
Хотын даргын суудлыг зүүдлээгүй яваа болов уу
НИТХ-д бага ангийн багш мэргэжилтэй ганцхан хүн байдаг. Тэр нь мэдээж Д.Мөнхжаргал. Хашсан ажил, нийгмийн сайн сайхны төлөө сэтгэл оюунаа зориулж яваагаараа тэрбээр НИТХ-ын төлөөлөгч дундаа дээгүүр жагсах юм билээ. Тэрбээр НИТХ-ын Нийгмийн хөгжлийн хороог тэргүүлдэг. Боловсролын хувьд ч боломжийн. Багшийн коллеж, СӨБ-ын дээд курс, МУБИС, гадаад хэлний “Онол” дээд сургууль, Хүний нөөцийн боловсролын институт, DUKSUN WOMENS university гэх мэтчилэн. Ганц өө хэлэхэд, мэргэжлээрээ маш цөөхөн жил ажилласан. Нөгөөтэйгүүр, энэ бүсгүй 2016 оноос улс төр сонирхож эхэлсэн юм билээ. Гэхдээ амжилттай. НИТХ-ын төлөөлөгчөөр 2016 оноос ажиллаж буй. Бас болоогүй, БГД-ийн МАН-ын 121 үүрийн дэд даргын сонгуультай. Шуудхан хэлье. Одоохондоо мань хүн хотын даргын суудлыг зүүдлээгүй л яваа болов уу. Нийслэлийн иргэд ч хүлээн зөвшөөрөхгүй байх.
Маргаашийн дугаарт үргэлжлэлийг уншаарай
Улс төр
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Монгол Улсын Их Хурал 2023 онд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх тухай 64 дүгээр тогтоолыг баталсан билээ.
Уг тогтоолоор Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх үзэл санааг иргэдэд тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулахыг Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсэгт даалгасан юм.
Монгол Улсын Их Хурлын 2023 оны 64 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол орон даяар 21 аймаг, нийслэлийн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн эхний цагийн хичээлийг “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвийн доор байгуулахаар шийдвэрлэсэн.
Энэхүү хичээлийг сурагчдад Үндсэн хуулийн ач холбогдол, Монгол Улсын үндсэн хууль, үндсэн хуульт ёсны хөгжлийг таниулж, тэдний үндсэн хууль, төрт ёсоо дээдлэх, эх оронч үзэл санааны төлөвшлийг дэмжих зорилгоор зохион байгуулах гэж байна. Улс орон даяар нэг зэрэг зохион байгуулах хичээлд ерөнхий боловсролын 885 сургуулийн 26.228 бүлгийн нийт 797.905 суралцагч хамрагдана.
Хичээл 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 08.00 цагт эхлэх бөгөөд нийслэлийн 314, аймаг, сум, багийн 567, бусад 4 сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчид хамрагдах юм.
Бага ангийн сурагчдад заах хичээлийн агуулгад Үндсэн хуулийн тухай, Үндсэн хууль ба бидний эрх, эрх чөлөө, Үндсэн хууль ба бидний үүрэг гэсэн сэдэв багтсан бол, дунд ангийн сурагчидтай Үндсэн хууль гэж юу вэ гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэхээс гадна Монгол улсын Үндсэн хууль, түүний бүтэц, баталсан түүх, хүний эрх, эрх чөлөө, иргэний үндсэн ба журамт үүргийн талаар тайлбарлан таниулахаар хичээлийн агуулгад тусгасан байна.
Ахлах ангийн сурагчидтай Монгол Улсын Үндсэн хууль бидний амьдралд яагаад тийм чухал вэ сэдвээр ярилцан, Монгол Улсын тусгаар тогтнол, Төрийн дуулал, хэн нэгнээс үл хамааран өөрийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хийгээд, Үндсэн хуулиар олгогдсон бусад эрхийн талаар хэлэлцэнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
Улс төр
Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Сандра Шуфани болон Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил, Blackberry компанийн төлөөлөл Мааз Ясин нарыг хүлээн авч уулзлаа.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү “Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хиймэл оюун, их өгөгдөл зэрэг дэвшилтэт технологийг бусад салбарт нэвтрүүлэх, инновац, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зэрэг үндэсний хэмжээний томоохон ач холбогдолтой арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн Кибер аюулгүй байдал, цахим хөгжилд ихэд анхаарч, эрсдэлийн түвшнийг тодорхойлохоор олон байгууллагатай хамтран ажиллаж байна. Мэдээллийн технологийн хүний нөөцийг чадавхжуулах шаардлага их байгаа тул кибер аюулгүй байдлын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд Канадын их, дээд сургуулиудтай хамтрах, хамтарсан хөтөлбөрийг МУИС, ШУТИС дээр түшиглэн байгуулах чиглэлээр хамтран ажиллахыг хүсэж байна. Түүнчлэн цахим эдийн засгийг хөгжүүлэхэд анхаарч, Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, инновацид түшиглэсэн бараа бүтээгдэхүүнийг экспортлох нөхцөлийг бүрдүүлж, УИХ-аас хууль баталсан. Цаашид энэ салбарт хамгийн ээлтэй улс болохыг зорьж байна. 2027 онд Үндэсний хиймэл дагуулаа хөөргөж, сансрын эдийн засгийг хөгжүүлэх амбицтай байна. Мөн дрон туршилтын бүс байгуулах бэлтгэл ажилдаа орсон” хэмээн ярилаа.
Талууд хоёр улсын программ хангамж үйлдвэрлэгч хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа үүлэн тооцоолол чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Хиймэл оюун, их өгөгдөл, машин сургалт гэх мэт орчин үеийн технологийг төрийн үйлчилгээнд ашиглах талаар xамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийг судлан үзэхээ сайд Ц.Баатархүү илэрхийлэв.
Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил “Канадын Засгийн газраас хоёр жилийн өмнө Энэтхэг, Номхон далайн бүс нутаг руу чиглэсэн стратегиа зарласан. Энэ хүрээнд тус бүс нутаг дахь улсуудтай харилцаагаа өргөжүүлэхийг хүсэж байна. Цахим аюулгүй байдал ардчилсан улсуудын хувьд олон сорилтыг дагуулж байна. Энэ чиглэлд Монгол Улсын Засгийн газартай хамтарч ажиллахдаа таатай байх болно. Мөн манай улсын Blackberry компани энэ чиглэлд найдвартай, дэвшилтэт технологийг Засгийн газруудад санал болгож байна” гэж онцоллоо.
Канад Улс нь мэдээллийн технологийн салбарт үндэстэн дамнасан компаниуд болон үндэсний хэмжээний олон компаниудтай. Тэдгээр компаниудыг дэмжин хөгжүүлэх чиглэлээр арвин туршлагатай аж.
“Blackberry” компанийн төлөөлөгч Мааз Ясин “Blackberry компани аюулгүй харилцаа холбоо, цахим аюулгүй байдлын чиглэлд анхаарч ажиллаж байна. Бизнесийнхээ үйл ажиллагааг цахим аюулгүй байдлыг хангахад чиглүүлж, дэвшилтэт технологийг хөгжүүлсэн. Энэхүү технологийг АНУ, GREAT 7, НАТО-тай хамтран ажиллаж байна. Улмаар Азийн цахим хөгжлийг түүчээлэгч улсуудтай хамтрахыг зорьж байна. Ингэхдээ Засгийн газруудад дата мэдээллийн бие даасан байдлыг санал болгож байгаа юм” гэж ярилаа гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
-
Нийгэм3 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Нийгэм3 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Энтертайнмент2 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент2 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм3 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм2 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд1 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
-
Улс төр1 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав