Улс төр
ЭЗБХ: Байнгын хорооны харъяа төсвийн ерөнхийлөн захирагчдын 2018 оны санхүүгийн нэгтгэсэн тайланг зөрчилгүй хэмээн дүгнэжээ
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны 2019 оны намрын ээлжит чуулганы анхны хуралдаан өнөөдөр (2019.10.02) 11 цаг 50 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар Засгийн газраас 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.
Тогтоолын төслийн талаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулахдаа, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны гүйцэтгэл болон Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг хуулийн хугацаанд нэгтгэн, аудит хийлгэн УИХ-аар хэлэлцүүлж байна. Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн орлогын гүйцэтгэл 9.3 их наяд, төсвийн зарлага 9.3 их наяд хүрч тэнцвэржүүлсэн тэнцэл 27.9 тэрбум төгрөгийн ашигтай гарсан нь 2010 оноос хойш анх удаа тохиож буй тэнцэл гэлээ. Энэ нь ДНБ-ий 0.09 хувьтай тэнцэж байгаа аж. Эдийн засгийг эрчимжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлогын үр дүн, уул уурхайн бүтээгдэхүүний экспорт болон үнийн өсөлт, аж ахуйн нэгжүүдийн ашигт ажиллагаа, санхүүгийн чадвар сайжирсан, НӨАТ-ын бүртгэлийн системийн хамрагдалт өссөн, татварын өр барагдуулалтын түвшин нэмэгдсэн зэрэг эерэг үзүүлэлтүүдийн үр дүнд нэгдсэн төсвийн орлого 10.2 их наяд төгрөгт хүржээ. Түүнчлэн төсөв, санхүүгийн зохистой бодлого хэрэгжүүлсэн, төсөв тодотгохгүйгээр мөрдүүлсэн, Засгийн газрын дотоод болон гадаад үнэт цаас гаргахгүйгээр төсвийн санхүүжилтийг олгож, төсвийн сахилга бат, хариуцлагыг сайжруулсан жил байсан хэмээн Сангийн сайд дурдав.
Монгол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл болон Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд харъяалагдах Үндэсний Статистикийн хорооны дарга, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Барилга, хот байгуулалтын сайд, Зам, тээврийн хөгжлийн сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Эрчим хүчний сайдын багцын 39 төсвийн шууд захирагч, төрийн 100 хувийн өмчит 70 аж ахуйн нэгж, Засгийн газрын гадаад зээл, буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй 27 төсөл, сангийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг нэгтгэн өнөөдрийн хуралдаанд танилцуулж байгаа гэлээ. Нэгдсэн төсвийн гүйцэтгэлээр тус Байнгын хорооны төсвийн ерөнхийлөн захирагчдын нийт зарлага болон цэвэр зээлийн дүн 692.3 тэрбум төгрөгт хүрч, гүйцэтгэл нь 95.8 хувьтай байжээ. Урсгал зардалд 94.1 тэрбум төгрөг, хөрөнгийн зардалд 555.3 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Нийт зарлага болон зээлийн дүнгийн 54.4 хувь буюу 376.3 тэрбум төгрөгийг Зам, тээврийн хөгжлийн сайд, 22.8 хувь буюу 157.8 тэрбум төгрөгийг Эрчим хүчний сайд, 17.5 хувь буюу 120.9 тэрбум төгрөгийг Барилга, хот байгуулалтын сайд, 3.6 хувь буюу 25 тэрбум төгрөгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, 1.8 хувь буюу 12.3 тэрбум төгрөгийг Үндэсний Статистикийн хороо болон Санхүүгийн зохицуулах хорооны дарга нарын багцын зарлага эзэлж байгаа юм байна.
Тайлант онд улсын төсвөөс Барилга, хот байгуулалтын сайдын багцын 67.4 тэрбум, Зам, тээврийн хөгжлийн сайдын багцын 68.4 тэрбум, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын багцын 3.6 тэрбум, Эрчим хүчний сайдын багцын 36.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, төсөл, арга хэмжээг санхүүжүүлсэн болохыг Ч.Хүрэлбаатар сайд танилцуулсан. Улсын төсвөөс 244.1 тэрбум төгрөгийн урсгал санхүүжилтийг олгосон бол төсөвт байгууллагын өөрийн орлогоор 15.1 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг бүрдүүлжээ. Түүнчлэн улсын төсөвт 447.7 тэрбум төгрөг төвлөрүүлсэн нь төлөвлөсөн дүнгээс 22.4 тэрбум төгрөгөөр илүү байгааг салбарын сайд танилцууллаа.
Дараа нь Эдийн засгийн байнгын хорооны харъяа төсвийн ерөнхийлөн захирагчдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусвар болсон жилийн эцсийн санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын дүгнэлтийн талаар Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат танилцуулав. Байнгын хороонд харъяалагддаг 6 Төсвийн ерөнхийлөн захирагчид 2018 онд нийт 722.4 тэрбум төгрөгийн төсөв батлагдсанаас 692.4 тэрбум төгрөг зарцуулж, 95.8 хувийн гүйцэтгэлтэй байна гэлээ.
Барилга, хот байгуулалтын сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2018 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 16 байгууллага, нэгжийн санхүүгийн тайлан нэгтгэсэн бөгөөд 6 санхүүгийн тайланг түүвэрт хамруулан, 6 санхүүгийн тайланд “зөрчилгүй”, 4 санхүүгийн тайланд “хязгаарлалттай” санал дүгнэлт гаргажээ. Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2018 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 17 байгууллага, нэгжийн санхүүгийн тайлан нэгтгэн, 11 санхүүгийн тайланд “зөрчилгүй”, 3 санхүүгийн тайланд “хязгаарлалттай”, санал дүгнэлт өгсөн байна. Зам, тээврийн хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2018 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд эрхлэх асуудлын хүрээний 61 байгууллага, нэгжийн санхүүгийн тайлан нэгтгэгдсэнээс 60 санхүүгийн тайлан аудитад хамрагдаж, 1 санхүүгийн тайланд итгэл үзүүлсэн байна. Аудитаар 12 санхүүгийн тайланг түүвэрт хамруулан, 43 санхүүгийн тайланд “Зөрчилгүй”, 1 санхүүгийн тайланд “Сөрөг” /Орхон авто зам, засвар арчлал ТӨХК /, 5 санхүүгийн тайланд “Хязгаарлалттай” санал дүгнэлт өгчээ.
Эрчим хүчний сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2018 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 36 байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэгдсэн. Үүнээс 31 санхүүгийн тайланд “зөрчилгүй”, 5 санхүүгийн тайланд “хязгаарлалттай” санал дүгнэлт өгсөн байна. Үндэсний Статистикийн хорооны даргын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2018 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 23 байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэгдсэн. Үүнээс 2 санхүүгийн тайланг түүвэрт хамрагдаж, 3 санхүүгийн тайланд итгэл үзүүлсэн, 17 санхүүгийн тайланд “зөрчилгүй”, Нийслэлийн статистикийн газарт “хязгаарлалттай” санал дүгнэлт өглөө. Эдийн засгийн байнгын хорооны харъяа дээрх төсвийн ерөнхийлөн захирагчдын 2018 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд “зөрчилгүй” санал дүгнэлт гардуулсан байна.
Танилцуулгуудтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Б.Баттөмөр, М.Оюунчимэг, Ж.Ганбаатар нь нар асуулт асууж, Сангийн сайд болон Монгол Улсын Ерөнхий аудитор, холбогдох албан тушаалтнуудаас асуулт асууж, тодруулга хийв. Тухайлбал, гүйцэтгэл нь удаан хугацааны туршид он дамжин яригдаж байдаг бүтээн байгуулалтын ажлуудын талаарх асуултад хариулахдаа Сангийн сайд “2018 оны хувьд батлагдсан төсвөөс 359.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг дутуу санхүүжүүлсэн. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаас 107 тэрбум төгрөгийн дутуу гүйцэтгэлтэй байгаа. Үүний шалтгаан нь тендэр дээр хугацаа алдаж байна, тендэрийн явцад нэлээдгүй маргаан гарч байна, аж ахуйн нэгжүүдийн гүйцэтгэл цаг хугацаандаа амжихгүй байна. Эхний хоёр шалтгааны улмаас цаг хугацаа нэлээн алддаг бөгөөд үүнээс үүдэн гурав дахь шалтгаан үүсч байна” гэлээ. Орон нутгийн төсөв дээр 100 тэрбум төгрөгийн гүйцэтгэл дутуу байгаагийн шалтгаан нь мөн л тендэр, газар, хугацаа алдаж буй асуудал болохыг тэрбээр тайлбарлав. Түүнчлэн сайд тус бүрийн багцад гадаадын зээл, тусламжийг тусгадаг байдлаас үүдэн гадаадын зээл, тусламжаас 117 тэрбум төгрөгийн дутуу санхүүжилттэй байгаа гэв. Тендерийн хуульд өнгөрсөн хавар нэмэлт, өөрчлөлт оруулсан учраас тендерийн маргаан гарах нь харьцангуй багассан гэдгийг Ч.Хүрэлбаатар сайд хэлж байв.
Цаашдаа тендерийг цэгцлэх, эрх мэдлийг орон нутагт шилжүүлэх нь оновчтой хэмээн үзэж буйгаа хэлэв. Түүнчлэн зээл, тусламжийн асуудлыг нэгтгэн Сангийн сайдын багцад тусгасаны үр дүнд гадаадын зээл, тусламжийн гүйцэтгэл 70 гаруй хувьд хүрсэн ач холбогдолтой гэв. Сангийн яамны зүгээс татвар төлөгчдийн мөнгө, хөрөнгийг үр ашиг нь гардаг төсөл, хөтөлбөрүүдэд зарцуулах чиглэлийг баримталж ажиллаж байгаа гэдгийг сайд хэлсэн. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Монгол Улсын худалдааны бодлогын талаар тайлбар хүссэн бөгөөд Сангийн сайд хариулахдаа “Одоогоор худалдааны бодлогын асуудал Гадаад харилцааны яаманд харъяалагдаж байгаа. Дэлхий дахинаа гадаад худалдааны бодлогын асуудал чухалд тооцогдож, эргэн тойронд нь олон үйл явдал өрнөж буй энэ цаг үед манай улс ч үүнд онцгой анхаарал хандуулах цаг болсон хэмээн үзэж байгаа” гэлээ. Түүнчлэн Б.Баттөмөр гишүүний тодруулсны дагуу 2018 оны байдлаар эдийн засгийн идэвхжил Монгол Улсын бүх нутаг дэвсгэр, бүх салбарт байсан бөгөөд өсөлт гарсан гэдгийг хэлэв. Төсвийн орлого төлөвлөснөөс давж биелсэн гэдгийг сайд онцоллоо. Монгол Улсын хэмжээнд нэг хүнд ногдох ДНБ 4072 ам.доллар байгаа аж. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг агаарын бохирдлыг бууруулахад чухал ач холбогдолтой ипотекийн зээл олголт, иргэдийг орон сууцжуулах ажлын гүйцэтгэлийн талаар тодруулж хариулт авсан бол Байнгын хорооны дарга гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж буй эрчим хүчний салбарын бүтээн байгуулалтын гүйцэтгэл болон аудитын дүгнэлттэй холбоотой зарим зүйлийг асууж, холбогдох албан тушаалтнуудаас хариулт авсан.
Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа “Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөлтэй холбогдуулан санал хэлэв. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ иргэн төвтэй, үр ашиг бүхий үр дүнтэй арга хэмжээнүүдийг салбар бүр авч хэрэгжүүлэх шаардлагатай байгааг хэлсэн бол УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир он дамнан хөрөнгө оруулалт тавьдаг ч хэрэгждэггүй төсөл, хөтөлбөрүүдтэй холбоотой саналаа хэлэв. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан уул уурхайн салбарын хэвийн үйл ажиллагааг хангах шаардлагын талаар саналаа хэлсэн бол УИХ-ын гишүүн Б.Ундармаа гүйцэтгэл хийгдээгүй сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалтын санхүүжилтийг ирэх онд тусгаж өгөх хүсэлтийг гаргаж байв. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр улсын өрийн талаар санал хэлж байв.
Ийнхүү гишүүд санал хэлсний дараа УИХ-ын тогтоолыг дэмжих томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь дэмжсэн юм. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр тогтов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Улс төр
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Монгол Улсын Их Хурал 2023 онд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх тухай 64 дүгээр тогтоолыг баталсан билээ.
Уг тогтоолоор Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх үзэл санааг иргэдэд тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулахыг Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсэгт даалгасан юм.
Монгол Улсын Их Хурлын 2023 оны 64 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол орон даяар 21 аймаг, нийслэлийн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн эхний цагийн хичээлийг “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвийн доор байгуулахаар шийдвэрлэсэн.
Энэхүү хичээлийг сурагчдад Үндсэн хуулийн ач холбогдол, Монгол Улсын үндсэн хууль, үндсэн хуульт ёсны хөгжлийг таниулж, тэдний үндсэн хууль, төрт ёсоо дээдлэх, эх оронч үзэл санааны төлөвшлийг дэмжих зорилгоор зохион байгуулах гэж байна. Улс орон даяар нэг зэрэг зохион байгуулах хичээлд ерөнхий боловсролын 885 сургуулийн 26.228 бүлгийн нийт 797.905 суралцагч хамрагдана.
Хичээл 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 08.00 цагт эхлэх бөгөөд нийслэлийн 314, аймаг, сум, багийн 567, бусад 4 сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчид хамрагдах юм.
Бага ангийн сурагчдад заах хичээлийн агуулгад Үндсэн хуулийн тухай, Үндсэн хууль ба бидний эрх, эрх чөлөө, Үндсэн хууль ба бидний үүрэг гэсэн сэдэв багтсан бол, дунд ангийн сурагчидтай Үндсэн хууль гэж юу вэ гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэхээс гадна Монгол улсын Үндсэн хууль, түүний бүтэц, баталсан түүх, хүний эрх, эрх чөлөө, иргэний үндсэн ба журамт үүргийн талаар тайлбарлан таниулахаар хичээлийн агуулгад тусгасан байна.
Ахлах ангийн сурагчидтай Монгол Улсын Үндсэн хууль бидний амьдралд яагаад тийм чухал вэ сэдвээр ярилцан, Монгол Улсын тусгаар тогтнол, Төрийн дуулал, хэн нэгнээс үл хамааран өөрийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хийгээд, Үндсэн хуулиар олгогдсон бусад эрхийн талаар хэлэлцэнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
Улс төр
Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Сандра Шуфани болон Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил, Blackberry компанийн төлөөлөл Мааз Ясин нарыг хүлээн авч уулзлаа.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү “Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хиймэл оюун, их өгөгдөл зэрэг дэвшилтэт технологийг бусад салбарт нэвтрүүлэх, инновац, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зэрэг үндэсний хэмжээний томоохон ач холбогдолтой арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн Кибер аюулгүй байдал, цахим хөгжилд ихэд анхаарч, эрсдэлийн түвшнийг тодорхойлохоор олон байгууллагатай хамтран ажиллаж байна. Мэдээллийн технологийн хүний нөөцийг чадавхжуулах шаардлага их байгаа тул кибер аюулгүй байдлын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд Канадын их, дээд сургуулиудтай хамтрах, хамтарсан хөтөлбөрийг МУИС, ШУТИС дээр түшиглэн байгуулах чиглэлээр хамтран ажиллахыг хүсэж байна. Түүнчлэн цахим эдийн засгийг хөгжүүлэхэд анхаарч, Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, инновацид түшиглэсэн бараа бүтээгдэхүүнийг экспортлох нөхцөлийг бүрдүүлж, УИХ-аас хууль баталсан. Цаашид энэ салбарт хамгийн ээлтэй улс болохыг зорьж байна. 2027 онд Үндэсний хиймэл дагуулаа хөөргөж, сансрын эдийн засгийг хөгжүүлэх амбицтай байна. Мөн дрон туршилтын бүс байгуулах бэлтгэл ажилдаа орсон” хэмээн ярилаа.
Талууд хоёр улсын программ хангамж үйлдвэрлэгч хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа үүлэн тооцоолол чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Хиймэл оюун, их өгөгдөл, машин сургалт гэх мэт орчин үеийн технологийг төрийн үйлчилгээнд ашиглах талаар xамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийг судлан үзэхээ сайд Ц.Баатархүү илэрхийлэв.
Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил “Канадын Засгийн газраас хоёр жилийн өмнө Энэтхэг, Номхон далайн бүс нутаг руу чиглэсэн стратегиа зарласан. Энэ хүрээнд тус бүс нутаг дахь улсуудтай харилцаагаа өргөжүүлэхийг хүсэж байна. Цахим аюулгүй байдал ардчилсан улсуудын хувьд олон сорилтыг дагуулж байна. Энэ чиглэлд Монгол Улсын Засгийн газартай хамтарч ажиллахдаа таатай байх болно. Мөн манай улсын Blackberry компани энэ чиглэлд найдвартай, дэвшилтэт технологийг Засгийн газруудад санал болгож байна” гэж онцоллоо.
Канад Улс нь мэдээллийн технологийн салбарт үндэстэн дамнасан компаниуд болон үндэсний хэмжээний олон компаниудтай. Тэдгээр компаниудыг дэмжин хөгжүүлэх чиглэлээр арвин туршлагатай аж.
“Blackberry” компанийн төлөөлөгч Мааз Ясин “Blackberry компани аюулгүй харилцаа холбоо, цахим аюулгүй байдлын чиглэлд анхаарч ажиллаж байна. Бизнесийнхээ үйл ажиллагааг цахим аюулгүй байдлыг хангахад чиглүүлж, дэвшилтэт технологийг хөгжүүлсэн. Энэхүү технологийг АНУ, GREAT 7, НАТО-тай хамтран ажиллаж байна. Улмаар Азийн цахим хөгжлийг түүчээлэгч улсуудтай хамтрахыг зорьж байна. Ингэхдээ Засгийн газруудад дата мэдээллийн бие даасан байдлыг санал болгож байгаа юм” гэж ярилаа гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
-
Улс төр14 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент15 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм16 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм16 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент15 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм16 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм16 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд14 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ