Бусад
Эмээгийн нулимс
Настай хүнийг уйлахыг харах хамгийн сэтгэл өвдөм,нүд хальтрам хэцүү юм билээ.Би юу ч бодож чаддаггүй, бүр юу ч ярих яриагүй энэ хорвоог бүхэлд нь үзэн ядаж зүгээр тааз ширтэж хэвтдэг байсан.Би намар болж байгааг харж чадахгүй тэнгэр бол зун хэвээрээ л харагдаад харин найзууд над дээр ирэхдээ гадуур хувцастай болсноор намарыг мэдэрдэг байлаа.Энэ эмээгийн тухай бичиж эхэлхэд л хамар шархирж өөрийн эрхгүй тэнгэр луу харж байна тэгэхдээ хэвтээд биш шүү таяагтайгаа хөнгөхөөн алхаад цонхоор харж зогсоно.. Намарын тэнгэрийг биш хаварын тэнгэрийг үзэн ядсан харцаар биш хатуу үнэнгийн ард гарсандаа тайвширсан харцаар харж зогсоно…
Хоолоо аваарай гэх дуутай зэрэгцэн түрдэг орны чимээ холоос ирж яваа нь сонсогдсон юм. Манай өрөөнд нилээн өндөр насны өндөрдүү биетэй туранхай эмгэн носилка дээр түрүүлэн орж ирлээ. Ихэл зовиуртай байгаа боловч тэвчсэн үү? эсвэл өвчин намдаах эмэндээ болоод өвдөхгүй байгаа юмуу хий дэмий л нүд нь бүлтэгнэнэ. Хараад л ишш чааваас даа гэж бодмоор.Яг миний хажуу талын орон дээр хэдэн талаас нь өргөж тавьлаа сувилагч нар…
-Эмээ гэрээс чинь хүн ирэхүү? Ирэх хүн байхгүй ээ хүү минь
-Эмээ ор хөнжлийн даавуу байгаа юу? Эмээ юу ч дуугарж чадахгүй байхгүй гэдэг нь илт байдалтай сувилагч руу хархад эмээг ойлгосон сувилагч
За эмээ би таньд ор хөнжилийн даавуу аваад ирье та харин хүүхдүүддээ хэл хүргээдэх дугаар нь байгаа юу гэж асууж дуусаагүй байхад эмээгийн нүдэнд нулимс цийлэгнэж үрчлээтэй зовхинийхон завсараар нулимс нь хар аяандаа урсаж моонийсон муу гараараа нулимасаа арчин хэвтлээ.Ийвийдээ одоо л нэг өвдөснөө мэдэж өвдсөндөө болоод уйлж байгаа юмуу…..Үгүй ээ над дээр ирэх үр байхгүй юм.
Эмээгийн дунд чөмөг хугарсан. Усанд явж байгаад бүдэрч унаад дунд чөмөгөө хугалжээ. Тэр хавьд байсан хүмүүс гэмтэлийн эмнэлэгт авчирч хүргэж өгсөн. Эмээгийн гэр далан давхарын тэнд байдаг. Ганцаараа амьдардаг.Өвчний түүхэн дэх ерөнхий тэмдэглэл нь ердөө л энэ.
Сувилагч эмч хоёр орж ирээд эмээг баахан шалгаалаа.Бас эмээг хагалгаанд орох ёстойг , эрүүл мэндийн дэвтэр бичиг баримтаа авчруулах ёстойг, хамгийн хэрэгтэй нь хүүхдүүд гэрээс нь хүн ирэхүү мөн сахиур хэрэгтэйг хэллээ. Хэн ч хамаагүй ээ та хүн дууд гэлээ. Байхгүй ирэхгүй энгэртээ сүү урсгаж хормойдоо цус урсгаж төрүүлсэн ганц үр нь шоронд байгаа зүүнхараагийн шоронд байгаа.Таван жилийн өмнө хөнгөн шингэн байхдаа хүү дээрээ очиж элэгээ нэг дэвтээсэн. Эмээ навсархай ногоон дээлтэй, буриад гутал нь бүүр яаажийж жаажийсан, шингэн урт буурал үсээ сүлжсэн, улаан эрээн алчуур толгойдоо боосон.Эмээгийн нас 75.Өдий 75 насан дээрээ сүүжин ээмэг санжигнуулаад намбайж сууж байхсан. ямар сайндаа л усанд салгалж явхав дээ. Үгүй ээ тэгээд тэр хавийн хажуугаар нь явж байсан хүмүүс ядарсан муу эмээг 2 хувинтай ус цүл пал хийлгээд арай ядан явхад нь Алив эмээ би өргөөд өгье гэх хүн байгааүй юм байхдаа. Хүмүүс бөөнөөрөө л хүн чанараа нэг газар гээчиж.Уначаад босож чадахгүй ёолоод удаан хэвтээд байхаар нь хүмүүс анзаарч тусалсан гэнэ
Эмээ 5-ын хоёр хувиндаа л санаа зовоод байсан. Тэр хувин яахвээ эмээ минь гэрээс чинь ойр зуурийн юм авчрах хүн нээрээ байхгүй юмуу? Энэ асуултыг яасан их асуудаг юм бэ? Асуух болгонд нь хэлэх үггүй нүд нь бүлтэгнээд өрөвдмөөр. Байсан бол аль хэдийн ирчих байсан биз дээ. Ээжийг би нүдээрээ боль гэж дохьлоо.
Эмээ юм уухуу цангаж байна уу эсвэл асуухгүй хийгээд өгөхөөс нааш эмээдээ уух юм гэж дуугарахгүй. Бодвол санаа зовоод хүнд төвөг удахгүй юм шүү гэсэн бодолтой байх шиг. Зүгээрээ эмээ хүмүүс хүн чанараа бөөнөөрөө гээж байхад хажууд чинь байгаа хүмүүс гээгээгүй юмаа эмээ минь.
Иймэрхүү байдалтай нэг хонолоо.Би шөнө дөө унтаж чадахгүй болсон явдалд итгэж ядан өөртөөгөө эвлэрхийг хүсдэгүй бодолдоо дарагдан хүмүүсийн унтаж байгааг тэд нарт атаархдаг байлаа. Гэтэл хажууд уртаар санаа алдах сонсогдлоо. Эмээ бид 2 л өрөөнд унтаагүй нойр хулжжээ. Хөгшин залуу 2 нэг нь хүүгээ бодож нөгөө нь өөртэйгөө эвлэрхгүй санаа алдсаар үүр цайлгадаг байлаа. Маргааш нь ээж , өрөөний эхнэрээ сахиж байсан ах 2 эмээгийнд очихоор болсон юм. Эмээ энгэрээсээ хуучин монгол цоожны түлхүүр гаргаж өгөөд гэрээ зааж зурж нөгөө 2 арай гэж ойлгох шиг болоод явлаа. 4,5 цагийн дараа ээж өрөөний ах хоёр эмээгийн ойр зуурын юмыг авсаар арай гэж оллоо гэсээр ирлээ. Бүүр сүүлд дараа нь би ээжээс эмээгийн гэр ямар байсаныг асуусан юм. Гэр нь яг 70 давхарын хажууд жижигхэн хашаанд 4 ханатай гэртэй, гэрт авдар ширээ яаажгий сандал ганц ортой.хэзээний цэвэр цэмцгэрт дуртай ээж маань гэр нь харин их цэвэрхэн эмх цэгцтэй юм билээ гэлээ. Авдарнаас нь эмээгийн бичиг баримтыг авах гээд онгойлгоход эрэгтэй хүний шинэ дээл, бүс, гутал байсан гэнэ бодвол хүүдээ хэзээ нэг өдөр өмсүүлнэ дээ гэж бэлдсэн байх. Эх хүний сэтгэлээ гэж…
Манай өрөөнд бас нэг эмээ байсан юм. тэр эмээг хүүхдүүд нь ээлжилж сахина.Ач зээ нар нь ирээд дуусдаггүй. Утасаар чанга чанга яринаа. Тэгээл манай охин Англиас ярьж байна, манай хүү Солонгосоос яриж байна юу захих уу гэж байна гээд л онгирно. Үр хүүхэддээ эрхэлсэн тансаг эмээ байлаа. Тэр эмээгийн шүүгээн дээр чихэр жимс боов ундаа пиг өрөөстэй. Харин ядарсан муу эмээгийн шүүгээн дээр бор тагш, нэг халбага, варианий шилтэй ус тэгээ л болоо… Амьдрал гэдэг хатуурхах хүндээ дэндүү хатуурхаж хайртай гэсэн болгоныг нь булааж хатсан нулимас, дан тэрлэгтэй үлдээж чаддаг л юм байна. Охидууд бие биедээ атаархдаг шиг энэ эмээ олон хүүхэдтэй эмээд атаархдаг болов уу гэж хааяа бодно.
Эмээ надад залуу насаа ярьсан юм. Олон хүүхэдтэй байж болох байсан ч насны ганц ханиа хүлээж энгэртээ хүүгээ тэвэрч залуу насаа барсан юм гэнэ. Эмээгийн байр байдалыг харвал залуудаа ихэл сайхан хүүхэн байсан байхаа. Өндөр нуруутай, уртаа гэзэгтэй, том алаг нүдтэй хараад ханамгүй сайхан хүүхэн, хүрхэд хол дагина л гэсэн үг. Тоолоод баршгүй малтай,төөлөөд баршгүй нутагт алдарт баяны ганц эрх хонгор охин юмсанж.
-Би багадаа аавын гэрт жаргалаа эдэлсээн яахвээ гомдох юмгүй ээ амьдралд гэж хэлхэд… Надад хүн заавал жаргаж зовж жаргаж зовох ёстой юм боловуу? Яагаад дандаа жаргаж болдоггүй юм бэ? Би тэгвэл хүүхэд байхдаа ч зовсон хүүхэн насан дээрээ жаргах нь гэсэн өвдөөд зовж байна, Тэгээд би эмээ болсон цагтаа нэг жаргах юмуу?
Үгүй би хүүхэн насан дээрээ гоо сайхан гунхаж явдаг залуу насандаа жаргамаар байна. Зүгээрээ хорьхон жил залуу насандаа жаргаад үхэхэд надад гомдолгүй. Би наймаалцъя тэгэхүү бурхаан. Би танд эмээ насаа өгий надад харин хорьхон жилийн жаргал өгчих. Та надад шудрага бус хандсанаа мэдэж байгаа биздээ.За за арван жил байсан ч болно. Ингээд ч болтугай наймаалцах юмсан.
Эмээгийн насаараа хүлээсэн хүн нь Орос залуу байжээ. Тэр үед төмөр зам барьж байсан Оросын инженэр залуу. Халхын сайхан бүсгүйг өөрийнх болгосон орос залуу хоёрын дурлал нутагтаа бөөн шуугиан тарьж, эсэргүүцэл ихтэй байсан ч .Нууж хааж нуугдаж болзсоор Орос залуугийн нутаг буцах хугацаа болход сайхан бүсгүй хэвлийдээ алаг урагийг нь амилуулж байжээ. Эргэж ирээд аваад явнаа гээд шунхан улаан уруулыг нь үнсээд,хэвлий дэх үрээ чагнаж нэг үзээд итгэл сэтгэлийг нь өвөртлөөд явжээ. Тулгар биетэй бүсгүйгээс нөгөө үхэл хатал болоод араас нь гүйгээд байсан залуус зайгаа барьж, авгай хүүхнүүд толгой нь эргэсэн эгээтээ л харь гаригийн хүнээс жирэмсэн болсон мэт ярина. Аав нь зэмлэж нэг үзэж аргадаж нэг үзэж хүн амьтаны хэл амаас хол гэрт нь төрүүлжээ. Цэнхэр нүдтэй шар үстэй орос жаал мэндэлжээ. Зээгээ үзсэн аав ээж хоёр нь нялхарч хүүгээ тэвэрсэн бүсгүй эр нөхөрөө ороод ирэх юм шиг үүдрүүгээ баярлан харна. 1жил 2жил 5жил өнгөрсөн ч орос залуу ирсэнгүй. Хүүгээ хөтлөн төмөр зам дагах алхаж, хүү нь төмөр зам дээр хөлд орж. Энэ төмөр замыг аав нь хийсэн юм ингээд л хүрээд ирнэ дээ гэж мөн ч их хүлээсэндээ.
Аав нь орос зээгээ дагуулж нутгийн наадамд бардам явдаг болов. Яадаг юм мах цусны минь тасархай гэнэ. Хүүхэнтэй суух залуу байсангүй. Бузар булай завхай зайдангаар нь дуудна.Гэвч дотроо энэ муу шар банди байгаагүй бол аваад суучих юмсан гэж бодож явдаг эр өчнөөн байсан ч зориглосон нь байхгүй. Бүсгүй ч эр нөхөрөө хүлээж байна гээд энгэрээ тас хумьдаг байж. Хүн амьтаны хэл амнаас залхсан аав нь хүүхнээ хотруу явуулж. Хүүхэн хотод ирээд төмөр замчин болно гэж сурж анхны төмөр замчин болж насаараа төмөр зам даган амьдарч нөхөрөө хүлээжээ. Итгэл сэтгэл гал халуун хайр, хүүхэн нас, гоо сайхан, гуалаг биеийг нь ганцхан өөрт нь үлдээгээд 30 жилийн амьдарлыг нь хулгайлаад явсан орос залуудаа гомдодгүй гэнэ.
Үгүй ээ эмээ минь тэр муу Оросыг хүлээж байсан доор халхын сайхан юүндэн гөөгөөтэйгээ суугаад олон хүүхэдтэй болоод энэ эмээ шиг ингээд жаргаж амьдарч болох байсан шүү дээ. Тиймээ тэгэхдээ эмээ нь хайртай хүнээ хүрээд ирчих юм шиг итгэж хүлээсэн юм. Одоо ч итгэл минь мөхөөгүй шүү.
Орос банди нь том болж анаагахад орж ангийнхаа хөөрхөн охинтой сууж ажил амьдрал жигдрээд улсын томоохон эмнэлэгт мэс засалын эмчээр ажилладаг болж. Эмээд төмөр замаас хүндэт ажилчин гэж байраар шагнуулж олон ачтай болж амар сайхандаа жаргажээ… Ийм л байх байсан юм. Даанч бэр нь хүүхэд гаргаж чаддаггүй байж. Болно байлгүй дээ бүтнэ байх гэж уужим ухаан гаргаж бэрээ хайрлаж өрөвддөг байж.
Тэр өдөр хүү нь ойрд уулзаагүй найзындаа гэнэтийн уулзалт болгохоор очихоор шийдсэн нь гай болжилдээ.Найзынхаа гэрт орход найз нь нилээн зодуулаад хутгалуулсан бөөн цусан дунд хэвтэж байж.Эмч хүн болсон хойно яаралтай тусламж үзүүлж амийг нь аврах гэж оролдож байгаад дийлэлгүй өнгөрүүлжээ. Улаан цусан дунд найзийгаа аврах гэж суусан түүнийг гаднаас орж ирсэн найзийх нь эхнэр дүү 2 нь алуурчин гэж ойлгожээ. Эмээгийн хүү хүний амь аврах эмчийн тангарагтай үнэнч байсан болхоор амийг л аврах гэж оролдсон өөр хүн байсан бол ойртохгүй муу санаалаад…
Эмээгийн хүүд хэргийг хүчээр тохож мөрдөн байцаах газар зодож хорьж дарамталж байгаад хэргийг хүчээр тохжээ. Уг нь хэргийн газар нарийн шинжилгээ хийж, мөрдөн байцаагч шударгаар ажилсан бол эмээгийн амьдрал өнөөдөр шал өөр байх байсан юм.
Найзыгаа аврах гэж оролдсон биш алуурчин гэж гүтгүүлж шоронгийн хаалга татаж олон жилийн ял авчээ. Энэ цагдаа хуулийхан дэндүү бүдүүлэг хэргийг хурдан шийдэхийн тулд. Хичнээн хүн хилс хэргээр эмээгийн хүү шиг гүтгүүлж шоронд суугаа бол. Тэдний араас хичнээн ээж хичнээн эхнэр хичнээн хүүхэд аавыгаа санаж элэгээ эмтэлж нэг дуу дутуу дулимаг амьдарж яваа бол.
Эсвэл хохирогчийг уйлаад байхад жинхэнэ хэрэгтэн хоригдох ёстой хүнээ хамгаалж өмгөөлж ялаас мулталж хохирогчийг хохирогч чигээр нь үлдээсэн бол. Яг л надад тохиолдсон явдал шиг. Энэ сэтгэлзүйг энэ шаналалыг төсөөлж бичихэд хэцүү..ӨШӨӨ АВНА ДАА. Дотроос ингэж хашгардаг….
Бэр охиноо өөр шигээ насаара хүн хүлээж амьдрах вий гэсэндээ албаар бэрдээ ааш гаргаж гомдоох болж. Тэр болгонд дотроо ижийгээ өршөө гэж нулимасаа залгина. Нэг л өдөр байраа бэрдээ үлдээх бичиг баримтаа жин тан болгож үлдээгэд гэр бүлийн зургаа аваад яваад өгч. Эмээ тэр үед бас ч 60 хүрж яваа насандаа байсан болхоор байсан мөнгөөрөө 70 давхарийн тэнд жижиг хашаа 4 ханатай гэр аван тэтгэвэрийн мөнгөөрөө болгоод амьдарана даа гээд амьдарч эхэлж. Мөн ч уужуу сэтгэл гаргаж мөн ч их өөрийгөө золиосолж дээ энэ эмээ.
Заримдаа эмээ нүдээ анин хөнгөн санаа алдан хэвтэнэ. Өөрийгөө эмнэлэгийн орон дээр биш ногоон зүлгэн дээр тааз ширтэж биш тэнгэр ширтэж хүүтэйгээ эрхэлж тоглодог тэр цэцэгт нугадаа сайхан бүсгүй насандаа очиж сэтгэл хангалуун хэвтэж байна гэж төсөөлдөг байхдаа гэж боддог….Эмээгийн амьдарлыг золбин шар орос, зовлон мэддэггүй зарим хүнд зоосоор үйлчилдэг хууль, ажилаа хийхээс залхуурсан мөрдөн байцаагч сэтэр зүүсэн арчаагүй хүмүүс ийм болгожээ.Уг нь эмээ ноорхой ногоон дээлтэй биш ногоон торгон дээлтэй, сүүжин ээмэг санжигнуулаад инээд алдсан ач нартайгаа эрхлэн сууж, алдарт эмчийн ээж гэж хүндлүүлж, навсархай гэрт биш найман өрөө байранд, усанд явах гэж гэрээсээ гарж биш нарлаж суух гэж гэрээсэ гардаг. Ай хөөрхий хүний тавилаан гэж…
Манай тасгийн эмч ааш муутай ч сайхан сэтгэлтэй өрөвч цаана л нэг хүний төлөө гэсэн эмч байсан юм.Учрийг нь хэд хоног харж ойлгосон эмч нэг өдөр за эмээ маргааш хагалгаанд орно.Үнэгүй хагалгаа санаа зоволтгүй хагалгаанд орох хэрэгтэй юмнуудийн эмч нь өрөөндөө аваад тавьсан байгаа за юу эмээ гэж хэлээд дулаахан инээмсэглэхэд
Эмээ нулимсаа барьж чадалгүй уйлсан. Миний хүү чам шиг сайхан эмч байсан юмаа. Сайхан буяантай эмч хүү минь эмээгийнхээ насыг аваарай… гэж хэлээд чимээгүй нулимс нь урсаад л байлаа.
Эмээд маш их дусал тариа витамин хийдэг зарим нь их үнэтэй байсан. Ааш муутай эмч холоос ингэж хайрлаж байсан юм. Нэг хэвтэж байгаа дээр сайн тордоод авья л гэсэндээ. Өөрөө бие нь яаж байна гэж асуухгүй хэрнээ сувилагчаас яаж байгааг нь өдөрт хэдэнтээ асууна. Өглөө 6 цагт ажилдаа ирдэг заримдаа этгээд санагддаг тэр эмч надад 2 хагалгаа хийсэн. Цаанаа өрөвдөөд байгаагаа наанаа аашилж харуулдаг эмч шүү дээ. Би ч загнуулж байсан. Яагаад дандаа хөмсөгөө зангидаж хэвтэж байдаг юм чи. удахгүй босчих юм чинь инээ мэдэв үү… Дараа нь би айсандаа болоод инээсэн. Тэрнээс хойш эмчийгээ хархаар л инээдэг болсон. Би өвдсөндөө болоод инээхээ мартсан байж. Харин инээмсэглэлийг минь эргүүлж надад өгсөн ааш муутай эмч.
Эмээг манай өрөөнийхөн бүгдээрээ хайрладаг. Ээж нөгөө сахиур ах хоёр ээлжилж тусалдаг байсан. Эргэлтийн хоолноосоо бүгдээрээ өгдөг. Эмээ тэр болгонд буянаа нэм гэж ерөөнө. Тэгэхдээ их өрөвдмөөр санаа зовоод байх шиг. Би эмээг чихэр жимсээр их дайлна. Эмээ энэ гоё надад зөндөө байгаа гээд хүчээр өгнө. Амьхандаа эмээг баярлуулах гэж. Зарим нь эмээгийн идэж үзээгүй амттангууд.
Эмээ намайг бас их өрөвднөө. Хайран сайхан охин ямар муухай нь ийм болгодог байнаа гэхээр нь л би уйлчина. Намайг уйлахаар эмээ нүдэнд нь нулимс цийлэгнээд л ирнэ. Эмээг уйлууллаа гээд ээж намайг загнана.Яадаг юм урс сэтгэлээ нимгэл гэж нулимс хүнд заяажээ. Сонин шүү сайхан уйлчхаар хэсэгтээ л сэтгэл хөнгөрөөд. Зарим хүмүүс том болцон гээд уйлдаггүй байх. Эсвэл жаргалтай хүнийг амьдрал уйлахыг нь мартуулдаг байх. Дуусдаггүй зовлонг дундлах гэж.
Дусал нулимсаа ч хайрлахгүй би уйлаад ч болтугай дундрах бол…
Уйлжил сууна даа бүсгүйн заяаа минь….гэж дуун дээр гардаг.
Зовох гэж эмэгтэй хүн төрсөн юм гэж золигийн нэгэн зохиолч хэлжээ. Энэ үгэнд ямар олон хүн тийшдээ үнэн үнэн ёстой гоё хэллээ гэж хөөрөхийг нь яана. Зовох гэж эмэгтэй хүн төрсөн юм гэж тийм сонсголонтой сонсогдоод байгаа юм байхдаа. Би лав энэ үгэнд дургүй гэж нэг ах надад хэлсэн юм. Би ч бас дургүй…
Эмээд нэг жижигхээн алганд багтмаар толь байсан. Хааяа гаргаж ирж тольдоно шүү дээ эмээ маань.Далан таван настай эмэгтэй толинд харахдаа юу боддог бол. Би анх гайхаж билээ эмээ тольдож байхыг хараад ээжийгээ ч тольдож байхыг бараг харж байгаагүй. Эсвэл ээж маань намайг тольдож харж хүүхэн насаа, хүүхэн насандаа хэвээрэй байгаагар төсөөлдөг байх. Ай хөөрхий эмэгтэй хүн ямарч үедээ үзэсгэлэнтэй. Энэ хорвоогийн ихэнх дуу бидний үзэсгэлэн гоо үлэмж төгөлдөрийг бишрэн бишрэн дуулагдсаар… Эмээ их сайхан дуулдаг бүсгүй байжээ. Нэг орой өрөөнд дотно дулаахан яриа болсон юм.Эмээг дуу дуулаад өгөөч гэж гуйлаа.Төсөөлдөө эмнэлгийн орон дээр хэвтэж буй эмээ хоолойгоо засан дуулах гэж байна.
Саглагар саглагар модондоо
Шаазгай шувуу шагширна даа хө
Сайхан биег минь төрүүлсэн
Ээжийнхээ ачийг яанам вэ хө…..яанам бэ хө… яанам
Эмээгийн дуу тамирдангуу атал хичээнгүй, эвэлгхэн хэрнээ хааяа аялгуун дотроо сэм сэмхэн төөрнө. Ээж минь нүдэнд нь нулимс цийлэгнэн сууна. Аргагүйдээ намайг бэртлээ, өвдлөө, охин чинь найдваргүйээ, ээжээ тэсэхгүйнээ өвдөөд байна гэж орилж уйлхад дусал ч нулимас гаргаагүй ээж минь. Чи тэсэхгүй гээд яах юм чи тэс… загнаж нулимсаа үзүүлээгүй ээж минь. Эмээгийн гунигтай дуунд ээжийгээ санан санан сэтгэлдээ өмөлзөж суугаа байхдаа.
Маргааш нь эмээ хагалгаанд орсон. Хагалгаанаас гарч ирээд дэн дун орон гаран байлаа. Ээж сувилагч хоёл ээлжилж эмээд цай уулгаж байлаа. Ээж маань та яаж байна гэж зөөлөи асуухад ээж нь зүгээрээ гэж эмээ хэлсэн. Олои жил ээжээ гэж дуудуулж үзээгүй, олон жил ээж нь гэж хэлж үзээгүй, олон жил ээж нь гэх үгийг сонсоогүй миний ээж……..Энэ 2 эмэгтэйг сэтгэлдээ юу бодсонг төсөөлж чадахгүй нь…
Эмээг нилээн гайгүй болсоны дараа би хагалгааны өрөө ямар байна аймаар байна уу та сандарсануу гэж асуулаа. Тэгсэн эмээ би хагалгааний өрөөг зурагт хивстэй хачин гоё өрөө байдаг болов уу гэж бодсон чинь харанхуй хүйтэн зэвхий даасан өрөө байиа лээ гэж бид нарийг баахан инээлгэлээ. Эмээ эмч нар хүйтэн өрөөнд дан шаахаатай даавуун хувцастай, хэдэн цагаар зогсож, цустай холилдож яаж ядарч зогсдог бол муу хүү минь бас тэгж байсан байхдаа..Эвий эвий энэ эмч нар сайхан дулаахан буриад гутал өмсөөд зогсож болдоггүй юм байхдаа… гэж үнэн сэтгэлээсээ хэлсэн юм.
Эмч нараа гэж өвчтөнөө босоод ирхэд нь дотроо баярлаж за дахиад өвдөж битгий ирээсэй гэж боддог бодолоо нуудаг. Би л гэхэд эмнэлэгт өвдсөн болгоныг харж өрөвдөж, ёолох дуунд нь зүрх урагдаж элэг эмтэрч хурдхан л эмнэлгээс зугтмаар санагдаж байхад.Энэ эмч нар насаараа энэ мэдрэмжийг мэдэрч, насаараа зүрхээ чангалж, насаараа хүний зовлон өвчин сонсож харж, насаараа хүйтэн шалан дээр даарж зогсоно.Эвий эвий эмч нь одоохон эмчлээд өгнө битгий уйл гэж хэлж чадахгүй хэлээ хазана.Би лав эмч залуутай сууна. Эмчийн сэтгэл яг л ээжийн сэтгэл шиг зөөлөн ивээнгүй байдагыг мэдэрсэн учраас…
Нөгөөдөр нь би өөр эмнэлэг рүү шилжсэн юм. Тэр үед эмээ өндийж суудаг болсон байсан. Эмээ надад сайхан охиноо болдог бол би өмнөөс өвдөөд охиноо босгоод явуулахсан, босноо босно миний охин босоод айлын сайхан эхнэр, арван хүүхэдийн ээж болоорой. Их юм сурж мундаг хүн болоорой. Насны буяанаас эрдэмийн буян нь илүү байдаг юм гэж хэлээд надад бал өгсөн. Одоо өгсөн балаар нь бүхнийг сийрүүлэн бичиж сууна. Би эмээд эмч болноо би тэгээд буриад гутал өмсгөж хагалгаанд оруулдаг болгоноо. Энэ амлалтаа одоо ч сэтгэлдээ тээжил явна эмээ минь…
Сүүлд сонсохнээ эмээ босоод явдаг болсон гэсэн. Ямарч байсан эмнэлгээс гарсан. Хөөрхийдөө өөрөө сажлаад харьсан байхдаа. Гэртээ ирхэд нь эзэнгүй хашаа хүйтэн гэр нь эл хул оргиод орход халширмаар байсан боловуу? Галынхаа дэргэд суугаад санаа алдсан боловуу? Цай чанах ус, гал түлэх мод байсан боловуу? Дахиад л усандаа явсан байхдаа…
Хүүгийн зүрх цохилж байхад үхэх эрх надад байхгүй гэж нэг удаа хэлж билээ. Эмнэлгээс гараад хүү дээрээ хуушуур хийгээд дуртай нанжин чавга нь аваад очно доо хө. Ижийгээ хүлээж байгаарай үр минь.
Хүн хүнийхээ амьдарлыг бусниулж чаддагын энгийн нэг жишээ эмээ, эмээгийн хүү, Пүрэвмаа охин гуравын амьдралын хүүрнэл байлаа. Эмээгийн хүү эрх чөлөөгөө алдаж Ээжийн охин эрүүл мэндээ алдсан ч бид хоёрт ээж байгаа. Хөхөөрөө ивийлж даллах ээж нар минь байгаа болохоор нэг л сайхан сэтгэл өег байж чаддаг юмаа.
Бусад
Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана
Өнгөрсөн наймдугаар сард Боловсролын сайд П.Наранбаяр Монголын хувийн их дээд сургуулиудын холбооны төлөөлөлтэй уулзах үеэр ярилцсаны дагуу нэгдсэн байдлаар бүх хувийн их, дээд сургуулийн удирдлагуудтай уулзлаа.
Хувийн их, дээд сургуулийн удирдлагууд тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэн нэгтгэж, төрийн дээд боловсролын салбар дахь оролцоо дэмжлэг болон эрх зүйн орчин, элсэлтийн босго, дээд боловсролын байгууллагуудын эрэмбэ, багшийн хөгжил болон нийгмийн баталгаа гэсэн чиглэлүүдээр санал хүсэлтээ илэрхийлэв. Тухайлбал, их, дээд сургуулийн онцлогийг харгалзаж үнэлэх замаар эрэмбэ тогтоох, төрийн зүгээс өмчийн хэлбэрийг ялгахгүйгээр адил тэгш бодлого хэрэгжүүлэх, салбарт хэрэгжиж буй хуулиудад өөрчлөлт оруулах шаардлагатай гэлээ.
Боловсролын сайд П.Наранбаяр их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллахаа онцолж, дээд боловсролын байгууллагуудын онцлог, чиглэлийг харгалзан ангилах байдлаар хөндлөнгийн байгууллагаар эрэмбэ тогтоолгох, элсэлтийн босгыг үе шаттайгаар өсгөн элсэгчдийг чанаржуулах бодлого баримтална хэмээв. Мөн бүх санал хүсэлтэд хариу өгч, нэгтгэж эрэмбэлэн үе шаттайгаар шийдвэрлэхээ хэллээ гэж Боловсролын яамнаас мэдээллээ.
Бусад
ТББХ: Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэв
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 05-ны хуралдаанаар Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 01 дүгээр тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийн танилцуулгыг сонслоо.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.5 дахь хэсэгт “Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах нарийвчилсан журмыг Улсын Их Хурлын тогтоолоор батална.” гэж заасныг үндэслэн уг тогтоолын төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор УИХ-ын гишүүн О.Номинчимэгээр ахлуулан, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, П.Сайнзориг, Х.Тэмүүжин нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан юм.
УИХ-ын гишүүн О.Номинчимэг ажлын хэсгийн дүгнэлтийг танилцуулав.
Тэрбээр, Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголыг Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Нийтийн сонсголын тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын 2017 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Нийтийн сонсгол зохион байгуулах журам”-д заасны дагуу зохион байгуулж ирсэн.
Монгол Улсын Их Хурлаас 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-д Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах зарим харилцааг нарийвчлан зохицуулж хуульчилсан байна.
Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн Арван тавдугаар бүлэг бүхэлдээ Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах дараах харилцааг нарийвчлан зохицуулсан байна. Үүнд:
- 119 дүгээр зүйлд Улсын Их Хурлын хяналтын сонсгол явуулах талаар хүсэлт гаргах, хүсэлтийг шийдвэрлэх талаар;
- 120 дугаар зүйлд сонсгол зохион байгуулах харьяаллын талаар;
- 121 дүгээр зүйлд сонсголын бэлтгэл ажлыг хангах талаар;
- 123, 124 дүгээр зүйлд сонсголд оролцогч, түүний эрх, үүрэг;
- 125 дугаар зүйлд сонсгол даргалагчийн эрх, үүрэг;
- 126, 127 дугаар зүйлд сонсголыг танхимаар болон цахимаар явуулах журам;
- 128 дугаар зүйлд сонсголын тайлан, тэмдэглэл боловсруулж, олон нийтэд түгээх талаар;
- 129-133 дугаар зүйлд Нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулах журам.
Өөрөөр хэлбэл, Улсын Их Хурлын хяналтын сонсголыг дээр дурдсан хуулийн зохицуулалтын хүрээнд зохион байгуулах боломжтой байх бөгөөд нарийвчилсан журам батлан гаргах тохиолдолд хуулийн зохицуулалтыг давхардуулан журамд тусгах нөхцөл үүсэж байх тул тус журмын төслийг боловсруулах шаардлагагүй гэж ажлын хэсэг дүгнэлээ гэлээ.
Түүнчлэн тэрбээр 2024-2028 оны парламентын бүрэн эрхийн хугацаанд холбогдох журмын тоог цөөлж, хуулиар зохицуулах шаардлагатай зохицуулалтыг журмаар биш хуульд тусгаж байх стратегийг баримталж байгааг дурдаад, цаашид хууль хэрэглээний хувьд ойлгомжтой болгох үүднээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тохиолдолд хяналтын сонсголын зохион байгуулалттай холбоотой зарим шаардлагатай зохицуулалтыг нэмж тусгах саналтай байна хэмээсэн. Тухайлбал, тус хуулийн 121 дүгээр зүйлийн 121.6-д заасны дагуу шинжээчийг томилохдоо ажлын хэсгийн саналыг үндэслэн Байнгын хороо тогтоол гаргахаар зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл, ажлын хэсэг байгуулагдаагүй бол шинжээч томилох хүсэлт гаргах субьект хэн байх талаарх зохицуулалтыг тодорхой болгох шаардлагатай. Түүнчлэн сонсгол явуулах бүтэц нь Байнгын хороо, дэд хороо байх олон улсын жишигт нийцүүлэх нь цаашид Байнгын хорооны үйл ажиллагааг илүү мэргэшсэн, уялдаа холбоотой байх ач холбогдолтой тул холбогдох өөрчлөлтийг хийх хэрэгтэй. Мөн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэг, 126 дугаар зүйлийн 126.5 дахь хэсгийг тус тус хүчингүй болгох саналтай байгаагаа танилцуулсан юм.
Ажлын хэсгийн дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй.
Мөн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэв.
УИХ дахь МАН-ын бүлгээс тус дэд хорооны бүрэлдэхүүнээс УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг чөлөөлж, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очирыг бүрэлдэхүүнд оруулах саналыг ирүүлсний дагуу Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулжээ.
Хэлэлцэж өуй асуудалтай холбогдуулан асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг хэлэлцэн батлахыг дэмжин, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Дараа нь “Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Тогтоолын төслийн талаар Байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ танилцуулсан. Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалт нь төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус гэсэн төрөлтэй байх бөгөөд мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсэгт заасны дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо Улсын Их Хурлын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаврыг холбогдох шийдвэрийн төслийн хамт нэгдсэн хуралдаанд оруулж, шийдвэрлүүлэх ёстой хэмээв.
Мөн тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасны дагуу Байнгын, дэд хорооноос хийх төлөвлөгөөт хяналт шалгалтыг Улсын Их Хурлын төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаварт тусган хэрэгжүүлэхээр заасныг тодотгоод, хяналт шалгалтын талаар Байнгын хороодоос холбогдох саналыг авахад Аж үйлдвэржилтийн бодлогын, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос тусгайлан санал ирүүлээгүй гэлээ.
Байнгын хороодоос ирүүлсэн санал болон хяналт шалгалтын бусад асуудлын хүрээнд УИХ-ын 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд зохион байгуулах нэр дэвшигчдийн хяналтын сонсголыг УИХ-ын төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаварт тусган боловсруулсан хэмээн танилцуулсан юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэг, иргэдээс ирж байгаа хүсэлт, өргөдлийн дагуу хууль зүйн бодлоготой холбоотой, ялангуяа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль тогтоомжийн биелэлттэй холбоотой асуудлыг хяналт шалгалтын цаглаварт оруулах асуудлыг хөндөн байр сууриа илэрхийлсэн.
Эцэст нь тогтоолын төслийг хэлэлцэн батлах асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин чуулганы нэгдсэн хуралдаанд Байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Бусад
Дэлгэрэх цехийн М.Эрдэнэцэцэг
“Манайх эсгий бүрээсээс бусдыг үйлдвэрлэдэг, гадуур дотуур цагаан бүрээс, давхарга, берзинт, өрх гээд л. Миний хувьд 1993 оноос өрхийн үйлдвэрлэл эрхэлж, ээжтэйгээ хамт цагаан бүрээс оёж эхэлсэн. Түүнээс хойш 31 жил өнгөрсөн байна. Манайхыг аж ахуйн нэгж гэж ойлгов оо, оёдлын цех шүү. Ажлын байрны хүчин чадлын тухайд 16 хүн ажиллах боломжтой ч өнөөдрийн байлаар найман оёдолчин ажиллаж буй ” хэмээн үйл ажиллагаагаа танилцуулсан бүсгүй бол БЗД-ийн иргэн, Дэлгэрэх цехийн эзэн М.Эрдэнэцэцэг. Гав шав хийсэн гялалзуур эмэгтэй шүү гэх тодотголд яг таарах хүн гээд хэлчихвэл буруудахгүй л болов уу. Түүний ажил агуулахаас бүс бараагаа ангилж татахаас эхэлж, эсгүүр хийх, оёдол, ангилах, бэлэн болсон бүтээгдэхүүнээ Нарантуул руу хүргэх, орон нутаг дахь борлуулагчид руугаа ачуулах гэхчилэн амсхийх завгүй гүйсээр үдшийн бүрийтэй золгоно. Ажлынхаа завсраар өндөр настай ижий, хүү хоёроо халамжлах учиртай. Бас ажлын хамт олон гэж бодлын үзүүрт өнжих найман бүсгүй, хоёр эр бий. Хүний л амьдрал болохоор жаргал зовлон ээлжилнэ. Ямар ч үед дэргэд нь байж, зүдрэх үед нь энгэртээ наах нь миний үүрэг гэж ойлгох түүнд хамт олон нь хачин сайн юм билээ. Нэгэн цагт ээжүүдээ дагаж, цехийнх нь умгар өрөөнд эрхэлж наадаж өссөн охид амьдралд хөл тавьж, эдүгээ оёдолчин болцгоон хоёр ээжтэйгээ мөр зэрэгцэн ажиллаж байгаа гээд бодохоор Дарь-Эхийн овооны энгэр бэлд бууриа засч төвхнөсөн жижигхэн цехийн түүх эгэлгүй агаад бахархам ажээ.
Ажилсаг ээжийн хичээнгүй охин
М.Эрдэнэцэцэг өөрийнхөө сайн сайхан явааг ээжийнхээ ажилсаг чанартай холбоно. Ё.Нармандах хэмээх гайхамшигт эмэгтэй бол түүний ээж. Цэл залуугаараа ханиасаа хоцорч гурван үрээ хөлийг нь дөрөөнд,гарыг нь ганзаганд хүргэсэн ижийгээрээ охин нь өнөөдөр гангарч сууна.
Хөнгөн, хүнсний техникум төгссөн залуухан бүсгүй амьдралд хөөр баяртайгаар хөл тавьтал мэргэжил бус юу чаддагаараа амьдарлаа залгуулах тийм цаг үе тосох нь тэр. Тодруулж хэлбэл, БНМАУ зах зээлийн нийгэмд шилжсэн 1990 оны цагаан морин жил. Амьдралын ямар ч үед хөл алдаж үзээгүй ижий нь “Эрдэнэцэцэг ээ, миний охин ижийнхээ оёдлын машинаар хоолоо олж ид. Нагац ахын чинь хүүхдүүд гэрийн бүрээс, цаваг оён Дэнжийн мянгын зах дээр борлуулж байна. Борлуулалт ч гайгүй бололтой. Би тэдэнд тусалж, гэрийн бүрээс, цавгийг яаж эсгэдэг, хэрхэн оёдгийг мэдэж авлаа. Одоо хоёулаа үзээд алдая. Монгол хүн байгаа цагт монгол гэр байж л таарна” хэмээн цуу ямбуу даавуу дэлгэн анхны эсгүүрээ хийсэн тэр өдрөөс хойш бага таван ханатын баруун талаас оёдлын машины дуу тасраагүй гэж хэлж болно. Ингэж л тэрбээр өөрийн гэх орлоготой энэ цагийн хэллэгээр бизнесийнхээ гарааг эхлүүлсэн түүхтэй.
Оёдлын цех байгуулагдаад 31 жил болжээ. Хүний амьдралын бүхэл бүтэн үе ч гэж хэлж болохоор. Өсч дэвжсэн түүх нь энгийн юм шиг атлаа шантарч, уйлж дуулж явсан өдрүүд М.Эрдэнэцэцэгт бий. “Одоо л хөл дээрээ босох нь. Банкнаас авсан зээлээ түүртэлгүйгээр дарж чадах цаг айсуй” хэмээн бүтэн нойртой хонож эхэлтэл гал усны гашуун зовлонгийн өмнө өвдөг сөгдөх нь тэр. Амсхийх гэдгийг умартан зүтгэж байж бий болгосон бүхнийг нь дүрэлзсэн гал хамж аваад үнс болгож орхив. Хүний амь эрсдээгүйд нь магнайгаа хагартал баярлавч ёрдойж харлаад үлдсэн төмрийн хог, утаа савсуулан уугих бууриас өөр юу ч үгүй хоцорсондоо харамсан, харамсан уйлж зогссон тэр хүнд үеийг туулаад л гарсан. Ажлын байрны тав тухтай орчныг бүрдүүлэхийн төлөө хичээн 2019 онд үйлдвэрийн хоёр давхар шинэ байраа ашиглалтад оруулав. Эдүгээ агуулах, савтай ч болсон байна. Бараа материалаа ч жилийн дөрвөн цагийн эргэлтийг даахуйцаар нөөцлөх эдийн засгийн боломжтой болсон гээд багагүй амжилтад хүрсний нууц нь маш энгийн. Эрхэлсэн ажилдаа сэтгэлээ өгч, хичээх явдал. Түүнчлэн хэлсэн үгэндээ хүрч, үнэнч байдлыг эрхэмлэдэг чанар аж.
Хөндлөнгөөс харахад, сувд мэт шаргалтан цайрах цуу ямбуу даавуу нэгэн хэмээр нүргэлэх оёдлын машины дуу, үйлчин бүсгүйн хурдан шаламгай хөдөлгөөнтэй өнгө хослохуй дор монгол гэрийн гоёл болох гадуур, дотуур цагаан бүрээс, цаваг, өрх болж хувирна. “ Үнэтэй торгон хөшиг хэцээр татаж” хэмээх шүлэг зөвхөн шил толь болсон орд харшийнх бус талын Монголын үнэт өв монгол гэрийн дотуур хөшиг ч хээ хуар, саа бүхий үнэтэй торгоор хийгддэг болсныг энэ цехийн үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүнээс олж харснаа нуух юун.
“Цэцгээ гэдэг оёдолчныг хайж явна”
Худалдан авагчид түүнийг ийн сурагласаар ирэх нь бий. “Байнгын минь хаяг Нарантуул зах” шүү дээ хэмээн цайлганаар инээх оёдолчин бүсгүйг малчид андахгүй болжээ. Жил өнжөөд л гэрийнхээ гадуур, дотуур цагаан бүрээсээ сольдог учраас түүний урласан цагаан бүрээсүүд борлогдохгүйн зовлон үгүй. Ийм амжилтад хүрэхийн тулд монгол гэрийн давуун эдлэлийн зах зээлийг алдахгүйн төлөө тэрбээр 31 жил тасралтгүй хөдөлмөрлөсөн. Гэхдээ үнэнчээр. Үйлдвэрлэлийн аль ч шат дамжлагад алдаа гарах ёсгүй гэж тэр үздэг. Түүний баримталж ирсэн зарчим бол чанартай бүс даавуугаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх, худалдан авагчаа солихгүй байх явдал. Нэг удаагийн ашиг бодох бус зөвхөн өөрийг нь зорьж ирэх худалдан авагчаа дээдлэх учиртай хэмээн мань хүн үздэг байна. Тэр утгаараа байнгын үйлчлүүлэгчийн захиалгыг цаг хугацаанд нь гаргаж өгөхийг хичээхийн сацуу худалдаж авсан бүрээс нь очоод барихад язайхгүй, дутахгүй байх ёстой гэдэг дээр анхаарч ажилладаг байна. Үр дүнд нь малчид итгэлээ өгч, Эрдэнэцэцэг буюу Цэцгээ оёдолчны сэтгэлээ шингээж оёсон гэрийн даавуун эдлэлийг сонгож тэр хэрээр эрэлт ч их болжээ. Үүнээс гадна бараа бүтээгдэхүүнийхээ чанарт онцгой анхаарч анхны дамжлаг болох хамгийн чанартай даавууг сонгож, үйлдвэрлээ явуулна. Бас итгэлийн асуудал. Энэ талаараа тэрбээр “Манайх түншүүдтэйгээ 2004 оноос хамтран ажиллаж, бие биеийнхээ итгэлийг алдахгүй явсаар өнөөдөртэй золгосон. Аливаа үйл хэрэг итгэлцэл дээр тогтдог бөгөөд хэн хэнийхээ итгэлийг алдахгүй байх аваас хамтын ажиллагаа улам л бэхжин хөгждөг жамтай” хэмээн өгүүлсэн.
М.Эрдэнэцэцэг олонтой нэгэн.
Оёдолчдынхоо ахуй амьдралыг өөд татаж, хамтдаа хөгжих нь түүний зорилго. Зорилгодоо хүрэхийн тулд тэднийгээ ажлаар хангах явдал. Азаар бидэнд ажилгүй өнжих өдөр гэж үгүй. Өөрөөр хэлбэл, захиалга тасардаггүй гэсэн үг. Гэхдээ тэдний ажил улирлын чанартай гэдгийг хэлэх нь зөв байх. Шинэ гэрийн найр наадам, хуримын сар дуусмагц автомашины дулаан хучилга, гэрийн хаалганы дулаалга руугаа орно. Тэгээд арванхоёрдугаар сарын сүүлчээс хойш үндсэн бүтээгдэхүүнээ оёж эхэлдэг байна. Нөөц гэж ч ойлгож болох юм билээ. Нөгөөтэйгүүр, түүнийг тойрон найман “цэцэг” эргэлдэж буй. Түүний ”торгон” цэрэг П.Алтанцэцэг гэхэд л Дэлгэрэх цехэд 18 жил ажиллаж байгаа бөгөөд үйлдвэрийнхээ бүхий л үйл ажиллагааг хариуцна. И.Санчирын тухайд 16 дахь жилдээ ажиллаж байгаа. Оёдол хийхээс гадна оёдлын машины бүхий л засвар үйлчилгээг хариуцдаг алтан гартай бүсгүй. Тэрбээр дулаалга, давхарга, берзинт гээд бүсгүй хүн оёход хэцүү байж мэдэх оёдлыг ч өлхөн хийдэг. Цехэд шинэ хүн орж ирэхэд оёдлын бүх шат дамжлагыг зааж сургах үүрэг түүнийх. О.Лхамсүрэн хамт олныхоо эд эс нь болоод 12 жил болжээ. Алиа хошин, нийтэч зантай хэмээн танилцуулсан. И.Оюунтүлхүүр арав дахь намартайгаа золгож байгаа. Залуучууд дотроо хамгийн хурдан шалмаг, дайчин бүсгүй гэж ирээд л дарга нь магтаж байна лээ. С.Мөнхзул бүсгүйн хувьд үйлдвэрлэл хариуцдаг П.Алтанцэцэгийн охин нь. Уг нь тэрбээр тогооч мэргэжилтэй. Дээр дурдсан цехэд өсч торнисон хоёр охины нэг нь. Цехийн хамгийн залуу ажилтан бол Т.Төмөрбаатар. Ажилд ороод хоёр жил болж байгаа ч аливаа зүйлийг маш хурдан сурдаг, хичээнгүй залуу гэсэн шүү. Бидэнтэй уулзаж амжаагүй ч заавал онцолж хэлэх оёдолчин бол н.Содцэцэг. Тэрбээр зөвхөн гэрийн торгон хөшгийг дагнаж урладаг. Тэд хамтрагчид болоод арав гаруй жил болжээ.
Дашрамд өгүүлэхэд, оёдлын салбарт голдуу эмэгтэйчүүд ажилладаг. Тэд хоногийн талыг ажил дээрээ өнгөрүүлэх нь бий. М.Эрдэнэцэцэг ажил олгогчийн хувьд оёдолчдынхоо ахуй амьдралыг гарын таван хуруу шигээ мэднэ. Тиймээс охиддоо боломжийнхоо хэрээр туслахыг хичээн зээл өгөх, тусламж үзүүлэх зэргээр ахуй амьдралд нь дэм болсоор ирсний үр дүнд эхнээсээ өөрийн гэсэн хашаа, байшинтай болцгоожээ. Энэ бол хувь хүний сэтгэл мэдэх асуудал. Дэлгэрэх цехийнхэн ядарч зүдэрч яваа нэгэнд сайхан сэтгэлийн гараа байсхийгээд сунгадаг талаар БЗД-ийн нийгмийн ажилтан онцолсныг уншигчдадаа дуулгахад таатай байна. Өнгөрсөн жилүүдэд жил дараалан болсон үер ус, зуд турханд өртсөн хэд хэдэн айлд Дэлгэрэх цехийнхэн иж бүрэн гэр, гэрийн бүрээс хэрэгсэл болон эд материалын тусламж үзүүлж ирснийг мэдэх хүн олон.
-
Улс төр18 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр18 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Улс төр18 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Нийгэм17 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Энтертайнмент8 цаг өмнө
Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ
-
Улс төр17 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө