Улс төр
ЭЗБХ: Нэмэлт санхүүжилтийн зээлийн хэлэлцээрийн төсөл болон Засгийн газар хоорондын санхүүгийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжив
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2019.10.08) 11 цаг 46 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хуралдааны эхэнд Засгийн газраас 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Эксим банк хоорондын “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийн нэмэлт санхүүжилтийн зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөв. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Эксим банк хооронд байгуулсан 1 тэрбум ам.долларын зээлийн хүрээнд “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийг хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Төслийн зөвлөх компаниар шалгарсан Бүгд Найрамдах Энэтхэг Улсын “Инженерс Индиа Лимитед” компанийн боловсруулсан техник-эдийн засгийн үндэслэлээр (ТЭЗҮ) газрын тос боловсруулах үйлдвэрийн хөрөнгө оруулалтын зардлыг нийт 1 тэрбум 236 сая ам.доллар байхаар тооцоо гарсан байна. Үүнтэй холбогдуулан тус үйлдвэрт нэмэлтээр шаардлагатай 236 сая ам.долларын зээлийн хэлэлцээр байгуулахаар Энэтхэгийн талтай тохироод байгааг тэрбээр танилцуулгадаа дурдав. Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Эксим банкны дээрх зээл нь 20 жилийн хугацаатай бөгөөд зээлийн үндсэн төлбөрөөс 5 жил чөлөөлөгдөх юм байна. Зээлийн хүү жилд 1.75 хувь бол зээлийн хөнгөлөлтийн түвшин 29.44 хувьтай аж.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Б.Баттөмөр, Д.Тэрбишдагва, Л.Болд, Х.Болорчулуун нар асуулт асууж, Сангийн сайд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт авсан юм. Нэмэлтээр шаардлагатай 236 сая ам.долларын зарцуулалтын талаарх тодруулахад анх төслийг хэрэгжүүлэхээр ТЭЗҮ боловсруулах үед Монгол Улсын 19, 21 дүгээр талбайгаас олборлож буй газрын тосны шинж чанарт тулгуурлсан технологи бүхий боловсруулах үйлдвэр байгуулах уу, эсвэл олон шинж чанар бүхий газрын тосыг боловсруулах технологитой үйлдвэр байгуулах уу гэдэг шийдлийг гаргах шаардлагатай байсан. Ингээд үйлдвэрийн технологийн горимд өөрчлөлт оруулж, ус төрөгчийн аргаар задладаг технологийг нэвтрүүлэхээр шийдвэрлэсэн учраас дээрх хэмжээний нэмэлт санхүүжилт шаардлагатай болсон хэмээн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Хүнд үйлдвэр, газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулалтын газрын дарга Б.Анхбаяр тайлбар хийлээ. Төсөл дэх Монголын талын оролцооны талаар Д.Тэрбишдагва гишүүн тодруулахад зээлийн нөхцөлд нийт өртгийн 65 хувийг Энэтхэг Улсын талаас авах бараа, ажил үйлчилгээнд зарцуулах зохицуулалттай бөгөөд үлдсэн 35 хувийг Монгол Улсын талаас нийлүүлэх бараа, ажил үйлчилгээнд зарцуулахаар судалгаа хийж, бэлтгэл хангаж ажиллаж байна гэлээ.
Гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн төсөвт өртөг нэмэгддэг байдалд шүүмжлэлтэй хандаж байгаагаа Л.Энх-Амгалан гишүүн сануулаад, анхны ТЭЗҮ-д хяналт хийсэн эсэх, нэмэлт санхүүжилтэд хяналт хийсэн эсэхийг лавлаж байв. Цаашид төслийн өртөг нэмэгдэхгүй, нийт 1.2 ам.доллароор газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж, ашиглалтад оруулах баталгаа шаардлагатай гэдгийг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад анхааруулсан. Зөвхөн үйлдвэр барих өртөг дээрх хэмжээнд яригдаж байгаа бол түүхий эд татах, тээвэрлэх асуудлыг хэрхэн шийдвэрлсэн талаар тодруулж хариулт авсан.
Үргэлжлүүлэн нэмэлт санхүүжилтийн зээлийн хэлэлцээрийн төсөлтэй холбогдуулан гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва төслийн дэд бүтцийн асуудал, үйлдвэрийн үр ашгийн талаарх тооцооллыг тодорхой болгох шаардлагын талаар байр сууриа илэрхийлж, дотоодын мэргэжилтнүүдийн судалгаа, тооцооллыг ашиглах саналыг гаргаж байв. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд энэ төрлийн бүтээн байгуулалтын ажил яригдсаар, жил бүрийн төсөв дээр тодорхой хөрөнгө суулгасаар ирсэн ч үр дүнгүй өнөөдрийг хүрсэн болохыг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг сануулаад, энэ удаагийн төсөл үр ашиггүй, бодит бүтээн байгуулалт хийгдэлгүй өнгөрөх вий гэдэг болгоомжлол төрж буйгаа хэлсэн. Ж.Бат-Эрдэнэ гишүүн зээл тусламжаар хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн өртөг нэмэгддэг байдлыг шүүмжлээд, нэмэлт санхүүжилтийн талаарх тооцоолол дутуу байна хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн. Түүнчлэн санхүүжилт дахин нэмэгдэх эрсдэл бий эсэхийг лавлаж байсан юм. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Л.Болд нар төслийг зөвшилцөхийг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 58.3 хувь нь Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Эксим банк хоорондын “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийн нэмэлт санхүүжилтийн зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.
Байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулах Санхүүгийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөв. Засгийн газраас 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ирүүлсэн уг төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.
Онцгой байдлын байгууллагад агаараас аврах ажиллагаа явуулах нэгж байгуулах, нисдэг тэрэг, гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төслийг Бүгд Найрамдах Франц Улсын 57.985 сая еврогийн зээлийн хүрээнд хэрэгжүүлэхээр Францын талтай тохироод байгаа аж. Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн нөхцөл нь нийт хугацаа 30 жил, жилийн хүү 0.08 хувь, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жил, хөнгөлөлтийн түвшин 60.3 хувь болохыг тэрбээр танилцуулгадаа дурдсан.
Төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авсан. Зээлийн хүрээнд нийлүүлэгдэх тоног, төхөөрөмжийн ашиглалтын талаар Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг тодруулав. Төсөл гурван жилийн хугацаанд хэрэгжих юм байна. Нисдэг тэргэний нисгэгч, инженер техникийн ажилтнуудыг бэлтгэх сонгон шалгаруулалтын хугацаа товлогдсон, үүний дараа стандарт сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулах аж. Тоног төхөөрөмжийн нийлүүлэлттэй холбогдуулан 44 ажлын байр нэмэгдэх тооцоолол гаргасан бөгөөд холбогдох байгууллагуудад мэдээллийг хүргүүлсэн байгаа гэлээ. Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, ОБЕГ-ын гадаад харилцаа, хамтын ажиллагааны бодлого чиглэлийн талаар тодруулж хариулт авав. Мөн төсөлтэй холбогдуулан байр сууриа илэрхийлж, санал хэлсэн.
Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувь нь Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулах Санхүүгийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжсэн юм. Иймд санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.
Улс төр
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Монгол Улсын Их Хурал 2023 онд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх тухай 64 дүгээр тогтоолыг баталсан билээ.
Уг тогтоолоор Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх үзэл санааг иргэдэд тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулахыг Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсэгт даалгасан юм.
Монгол Улсын Их Хурлын 2023 оны 64 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол орон даяар 21 аймаг, нийслэлийн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн эхний цагийн хичээлийг “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвийн доор байгуулахаар шийдвэрлэсэн.
Энэхүү хичээлийг сурагчдад Үндсэн хуулийн ач холбогдол, Монгол Улсын үндсэн хууль, үндсэн хуульт ёсны хөгжлийг таниулж, тэдний үндсэн хууль, төрт ёсоо дээдлэх, эх оронч үзэл санааны төлөвшлийг дэмжих зорилгоор зохион байгуулах гэж байна. Улс орон даяар нэг зэрэг зохион байгуулах хичээлд ерөнхий боловсролын 885 сургуулийн 26.228 бүлгийн нийт 797.905 суралцагч хамрагдана.
Хичээл 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 08.00 цагт эхлэх бөгөөд нийслэлийн 314, аймаг, сум, багийн 567, бусад 4 сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчид хамрагдах юм.
Бага ангийн сурагчдад заах хичээлийн агуулгад Үндсэн хуулийн тухай, Үндсэн хууль ба бидний эрх, эрх чөлөө, Үндсэн хууль ба бидний үүрэг гэсэн сэдэв багтсан бол, дунд ангийн сурагчидтай Үндсэн хууль гэж юу вэ гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэхээс гадна Монгол улсын Үндсэн хууль, түүний бүтэц, баталсан түүх, хүний эрх, эрх чөлөө, иргэний үндсэн ба журамт үүргийн талаар тайлбарлан таниулахаар хичээлийн агуулгад тусгасан байна.
Ахлах ангийн сурагчидтай Монгол Улсын Үндсэн хууль бидний амьдралд яагаад тийм чухал вэ сэдвээр ярилцан, Монгол Улсын тусгаар тогтнол, Төрийн дуулал, хэн нэгнээс үл хамааран өөрийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хийгээд, Үндсэн хуулиар олгогдсон бусад эрхийн талаар хэлэлцэнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
Улс төр
Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Сандра Шуфани болон Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил, Blackberry компанийн төлөөлөл Мааз Ясин нарыг хүлээн авч уулзлаа.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү “Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хиймэл оюун, их өгөгдөл зэрэг дэвшилтэт технологийг бусад салбарт нэвтрүүлэх, инновац, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зэрэг үндэсний хэмжээний томоохон ач холбогдолтой арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн Кибер аюулгүй байдал, цахим хөгжилд ихэд анхаарч, эрсдэлийн түвшнийг тодорхойлохоор олон байгууллагатай хамтран ажиллаж байна. Мэдээллийн технологийн хүний нөөцийг чадавхжуулах шаардлага их байгаа тул кибер аюулгүй байдлын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд Канадын их, дээд сургуулиудтай хамтрах, хамтарсан хөтөлбөрийг МУИС, ШУТИС дээр түшиглэн байгуулах чиглэлээр хамтран ажиллахыг хүсэж байна. Түүнчлэн цахим эдийн засгийг хөгжүүлэхэд анхаарч, Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, инновацид түшиглэсэн бараа бүтээгдэхүүнийг экспортлох нөхцөлийг бүрдүүлж, УИХ-аас хууль баталсан. Цаашид энэ салбарт хамгийн ээлтэй улс болохыг зорьж байна. 2027 онд Үндэсний хиймэл дагуулаа хөөргөж, сансрын эдийн засгийг хөгжүүлэх амбицтай байна. Мөн дрон туршилтын бүс байгуулах бэлтгэл ажилдаа орсон” хэмээн ярилаа.
Талууд хоёр улсын программ хангамж үйлдвэрлэгч хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа үүлэн тооцоолол чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Хиймэл оюун, их өгөгдөл, машин сургалт гэх мэт орчин үеийн технологийг төрийн үйлчилгээнд ашиглах талаар xамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийг судлан үзэхээ сайд Ц.Баатархүү илэрхийлэв.
Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил “Канадын Засгийн газраас хоёр жилийн өмнө Энэтхэг, Номхон далайн бүс нутаг руу чиглэсэн стратегиа зарласан. Энэ хүрээнд тус бүс нутаг дахь улсуудтай харилцаагаа өргөжүүлэхийг хүсэж байна. Цахим аюулгүй байдал ардчилсан улсуудын хувьд олон сорилтыг дагуулж байна. Энэ чиглэлд Монгол Улсын Засгийн газартай хамтарч ажиллахдаа таатай байх болно. Мөн манай улсын Blackberry компани энэ чиглэлд найдвартай, дэвшилтэт технологийг Засгийн газруудад санал болгож байна” гэж онцоллоо.
Канад Улс нь мэдээллийн технологийн салбарт үндэстэн дамнасан компаниуд болон үндэсний хэмжээний олон компаниудтай. Тэдгээр компаниудыг дэмжин хөгжүүлэх чиглэлээр арвин туршлагатай аж.
“Blackberry” компанийн төлөөлөгч Мааз Ясин “Blackberry компани аюулгүй харилцаа холбоо, цахим аюулгүй байдлын чиглэлд анхаарч ажиллаж байна. Бизнесийнхээ үйл ажиллагааг цахим аюулгүй байдлыг хангахад чиглүүлж, дэвшилтэт технологийг хөгжүүлсэн. Энэхүү технологийг АНУ, GREAT 7, НАТО-тай хамтран ажиллаж байна. Улмаар Азийн цахим хөгжлийг түүчээлэгч улсуудтай хамтрахыг зорьж байна. Ингэхдээ Засгийн газруудад дата мэдээллийн бие даасан байдлыг санал болгож байгаа юм” гэж ярилаа гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
-
Улс төр17 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент18 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм19 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм19 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент18 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм19 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм19 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд17 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ