Улс төр
У.Хүрэлсүх: Манай хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж их байна
Монгол, Казахстаны бизнес форум БНКазУ-ын нийслэл Нур-Султан хотноо эхэлж байна. Монгол, Казахстаны 300 орчим бизнес эрхлэгч, албаны төлөөлөгчид оролцлоо. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Монгол, Казахстаны бизнес форумд оролцож, хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе.
Эрхэм хүндэт Ерөнхий сайд Аскар Мамин, Эрхэм хүндэт бизнес эрхлэгчид ээ, Хатагтай, ноёд оо, Өнө эртнээс хаяа дэрлэн оршиж ирсэн казах түмний өлгий нутаг, нүүдлийн соёл иргэншлийн өв уламжлалын баялаг түүхтэй, Монголчууд бидний ойр дотно түнш Казахстан Улсад Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар 25 жилийн дараа ийнхүү айлчилж байгаадаа би ихээхэн баяртай байна. Энэ удаагийн айлчлал маань Монгол, Казахстаны харилцааны түүхэнд шинэ хуудсыг нээж, хамтын ажиллагааг чанарын шинэ түвшинд гаргаж, манай хоёр ард түмний найрамдлыг улам бататгана гэдэгт итгэлтэй байна. Өчигдөр би Бүгд Найрамдах Казахстан Улсын анхны ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга, Эрхэмсэг ноён Нурсултан Назарбаевт бараалхаж, Ерөнхий сайд, Эрхэмсэг ноён Аскар Маминтай албан ёсны хэлэлцээ хийлээ. Уулзалт, яриа хэлэлцээ найрсаг, ажил хэрэгч уур амьсгалд болж, Монгол, Казахстаны харилцааг бид цаашид шат ахиулан хөгжүүлэхээр тохиролцлоо. Улс төрийн бат бэх харилцаан дээрээ суурилан худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, уул уурхай, мал аж ахуй, газар тариалан, хот төлөвлөлт, аялал жуулчлалын гээд өргөн хүрээтэй салбарт эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр бид ярилцлаа. Монгол, Казахстаны харилцааг өргөжүүлэхэд иргэд хоорондын солилцоо, нэн ялангуяа бизнес эрхлэгчид Та бүхний хамтын ажиллагаа нэн чухал үүрэгтэй. Монгол Улсын Ерөнхий сайдын албан ёсны айлчлалын хүрээнд өнөөдөр ийнхүү Нурсултан хотноо зохиогдож буй “Монгол-Казахстаны бизнес форум” нь хоёр орны эдийн засаг, бизнесийн харилцааг эрчимжүүлэн хөгжүүлэхэд томоохон түлхэц болно гэдэгт итгэлтэй байна. Бизнес форумыг хамтран зохион байгуулж байгаа Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим, Казахстаны үндэсний компани “КАЗАХ-ИНВЕСТ“ болон форумд хүрэлцэн ирсэн бизнес эрхлэгчид Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Манай хоёр улс зах зээлийн харилцаанд шилжин орсноос хойшхи хугацаанд эдийн засаг, нийгмийн багагүй бэрхшээл, сорилтуудыг даван туулж өнөөгийн хөгжил дэвшилд хүрсэн билээ. Өнгөрсөн хугацаанд Казахстан Улс бизнесийн тогтвортой орчин бүрдүүлж, өрсөлдөх чадвараа ахиулан эдийн засгийн хөгжлийн өндөр амжилтад хүрч чадсаныг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Монгол Улсын эдийн засаг 2018 онд 6.9 хувиар, энэ оны эхний хагас жилд 7.3 хувиар өссөн бөгөөд цаашид ч өсөх төлөвтэй байна. 2018 онд манай улсад оруулсан гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ өмнөх онтой харьцуулахад 18 хувиар өсч, энэ оны эхний хагас жилд ч хөрөнгө оруулалт нэмэгдсэн дүнтэй байна. Товчоор хэлэхэд Монгол Улсад бизнесийн таатай орчин бүрдэж, хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж байгааг тэмдэглэн хэлэхийг хүсч байна. Монгол Улсын эдийн засаг өсөлттэй байгаа хэдий ч уул уурхайн салбараас хэт хамааралтай, эмзэг хэвээр байна. Иймд бид эдийн засгийн бүтцийг төрөлжүүлж, уул уурхайн салбараас гадна бусад салбарын үйл ажиллагааг бодлогоор дэмжиж, хөрөнгө оруулалтын илүү таатай нөхцлийг бүрдүүлэхийг зорьж байна. Эрхэм хүндэт бизнес эрхлэгчид ээ, Манай хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж маш их байна гэж би боддог. Энэ талаар өөрийн санал, бодлоо та бүхэнтэй хуваалцахыг хүсч байна. 2018 оны байдлаар Монгол-Казахстаны худалдааны эргэлт 35,6 сая ам.долларт хүрсэн нь манай нийт гадаад худалдааны дөнгөж 0,3 хувьтай тэнцэж байна. Манай улсаас 3,5 сая ам.долларын үнэ бүхий адуу, хонь, ямааны мах болон ноолууран бүтээгдэхүүн экспортложээ. Казахстанаас 32,1 сая ам.долларын үнэ бүхий цагаан будаа, янжуур тамхи, жимс жимсгэнэ, ургамлын тос болон тоног төхөөрөмж худалдан авсан байна. 1990-ээд онд Монгол, Казахстаны худалдааны хэмжээ 75 сая ам.долларт хүрч байсан бол өнөөдөр бараа эргэлт хоёр дахин бага байна. Хоёр орны худалдаа Та бидний хүсэн хүлээсэн хэмжээнд хүрээгүй, товчоор хэлэхэд боломжит нөөц бололцооноос хавьгүй доогуур түвшинд байна. Иймд худалдаа, хөрөнгө оруулалтын хэмжээг дорвитой өсгөхөд бизнес эрхлэгчид Та бүхний хүчин чармайлт, хамтын ажиллагаа туйлын чухал юм. Та бүгдийн хүчин чармайлтыг Монгол Улсын төр засаг бүхий л талаар дэмжин ажиллах болно гэдгийг энд цохон тэмдэглэе. Хоёр орны эдийн засаг, бизнесийн харилцааг шинэ түвшинд гаргахын тулд уул уурхай, хүнсний үйлдвэрлэл, мал аж ахуй, газар тариалан, газрын тос, сэргээгдэх эрчим хүч, аялал жуулчлал зэрэг олон салбаруудад байгаа нөөц боломжийг хамтран ашиглах нь зүйтэй гэж үзэж байна. Энэ оны 6 дугаар сараас Казахстаны иргэний агаарын тээврийн “СКАТ” компани Нур-Султан – Улаанбаатарын хооронд тогтмол нислэг үйлдэж эхэллээ. Түүнчлэн, Монгол Улсын агаарын тээврийн “Хүннү Айр” компани Улаанбаатар-Алмата чиглэлд шууд нислэг хийхээр төлөвлөж байна. Эдгээр нислэгүүд бий болсноор манай хоёр орны иргэд, бизнес эрхлэгчид жуулчид шууд зорчих нөхцөл бүрдэж, хоёр орны эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаа эрчимжихэд зохих хувь нэмэр оруулах нь дамжиггүй юм.
Казахстаны бараа бүтээгдэхүүн тухайлбал хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, нарийн хилэн бөс даавуу, алим жимс зэргийг манай ард түмэн олон жилийн өмнөөс хэрэглэж заншсан, чанар нь танигдсан бараа бүтээгдэхүүн юм. Сүү, махны чиглэлийн “Казахын цагаан толгойт” үүлдрийн үхэр, газар тариалангийн зарим сорт, төрлийг бид Монголд нутагшуулан ашиглаж ирсэн туршлагатай. Эдгээр уламжлалт худалдаа, хамтын ажиллагааг цаашид улам бүр эрчимжүүлэн хөгжүүлэх боломжтой гэж үзэж байна. Эрчимжсэн мал аж ахуй, мах үйлдвэрлэлийн чиглэлээр Казахстанд хэрэгжүүлж байгаа сайн туршлагаас судалж, Монголд хамтран ажиллах боломжийг бүрэн дүүрэн ашиглах нь зүйтэй. Дэвшилтэт технологи, инноваци нэвтрүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагаанд онцгой анхаарч, хоёр улсын төр, засгийн түвшинд дэмжин ажиллах шаардлагатай гэж үзэж байна. Тухайлбал, хамтын ажиллагааны тодорхой түвшинд хүрээд байгаа “Алт цэвэршүүлэх үйлдвэр”-ийн төслийг Улаанбаатар хотод хэрэгжүүлэхэд хоёр талын холбогдох байгууллагууд эрчимтэй ажиллаж, бодит үр дүн гаргах нь чухал байна. Эрхэм хүндэт бизнес эрхлэгчид ээ, “Дэм дэмэндээ, дээс эрчиндээ” гэж монгол ардын зүйр үг байдаг. Миний дээр дурдсан эдгээр боломжийг бодит ажил хэрэг болгохын тулд хоёр орны бизнес эрхлэгчид Та бүхэн хүч чармайлтаа дайчлан, идэвхтэй хамтран ажиллахыг уриалж байна. Бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид Та бүхний үр дүнтэй яриа хэлцэл, харилцан ашигтай хамтын ажиллагаа нь хоёр орны эдийн засгийн харилцааг улам бүр бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт би бүрэн итгэлтэй байна. Бизнес форумын үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье. Манай хоёр орны ганбат найрамдал улам батжин хөгжих болтугай гэв хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Улс төр
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Монгол Улсын Их Хурал 2023 онд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх тухай 64 дүгээр тогтоолыг баталсан билээ.
Уг тогтоолоор Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх үзэл санааг иргэдэд тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулахыг Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсэгт даалгасан юм.
Монгол Улсын Их Хурлын 2023 оны 64 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол орон даяар 21 аймаг, нийслэлийн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн эхний цагийн хичээлийг “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвийн доор байгуулахаар шийдвэрлэсэн.
Энэхүү хичээлийг сурагчдад Үндсэн хуулийн ач холбогдол, Монгол Улсын үндсэн хууль, үндсэн хуульт ёсны хөгжлийг таниулж, тэдний үндсэн хууль, төрт ёсоо дээдлэх, эх оронч үзэл санааны төлөвшлийг дэмжих зорилгоор зохион байгуулах гэж байна. Улс орон даяар нэг зэрэг зохион байгуулах хичээлд ерөнхий боловсролын 885 сургуулийн 26.228 бүлгийн нийт 797.905 суралцагч хамрагдана.
Хичээл 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 08.00 цагт эхлэх бөгөөд нийслэлийн 314, аймаг, сум, багийн 567, бусад 4 сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчид хамрагдах юм.
Бага ангийн сурагчдад заах хичээлийн агуулгад Үндсэн хуулийн тухай, Үндсэн хууль ба бидний эрх, эрх чөлөө, Үндсэн хууль ба бидний үүрэг гэсэн сэдэв багтсан бол, дунд ангийн сурагчидтай Үндсэн хууль гэж юу вэ гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэхээс гадна Монгол улсын Үндсэн хууль, түүний бүтэц, баталсан түүх, хүний эрх, эрх чөлөө, иргэний үндсэн ба журамт үүргийн талаар тайлбарлан таниулахаар хичээлийн агуулгад тусгасан байна.
Ахлах ангийн сурагчидтай Монгол Улсын Үндсэн хууль бидний амьдралд яагаад тийм чухал вэ сэдвээр ярилцан, Монгол Улсын тусгаар тогтнол, Төрийн дуулал, хэн нэгнээс үл хамааран өөрийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хийгээд, Үндсэн хуулиар олгогдсон бусад эрхийн талаар хэлэлцэнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
Улс төр
Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Сандра Шуфани болон Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил, Blackberry компанийн төлөөлөл Мааз Ясин нарыг хүлээн авч уулзлаа.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү “Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хиймэл оюун, их өгөгдөл зэрэг дэвшилтэт технологийг бусад салбарт нэвтрүүлэх, инновац, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зэрэг үндэсний хэмжээний томоохон ач холбогдолтой арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн Кибер аюулгүй байдал, цахим хөгжилд ихэд анхаарч, эрсдэлийн түвшнийг тодорхойлохоор олон байгууллагатай хамтран ажиллаж байна. Мэдээллийн технологийн хүний нөөцийг чадавхжуулах шаардлага их байгаа тул кибер аюулгүй байдлын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд Канадын их, дээд сургуулиудтай хамтрах, хамтарсан хөтөлбөрийг МУИС, ШУТИС дээр түшиглэн байгуулах чиглэлээр хамтран ажиллахыг хүсэж байна. Түүнчлэн цахим эдийн засгийг хөгжүүлэхэд анхаарч, Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, инновацид түшиглэсэн бараа бүтээгдэхүүнийг экспортлох нөхцөлийг бүрдүүлж, УИХ-аас хууль баталсан. Цаашид энэ салбарт хамгийн ээлтэй улс болохыг зорьж байна. 2027 онд Үндэсний хиймэл дагуулаа хөөргөж, сансрын эдийн засгийг хөгжүүлэх амбицтай байна. Мөн дрон туршилтын бүс байгуулах бэлтгэл ажилдаа орсон” хэмээн ярилаа.
Талууд хоёр улсын программ хангамж үйлдвэрлэгч хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа үүлэн тооцоолол чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Хиймэл оюун, их өгөгдөл, машин сургалт гэх мэт орчин үеийн технологийг төрийн үйлчилгээнд ашиглах талаар xамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийг судлан үзэхээ сайд Ц.Баатархүү илэрхийлэв.
Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил “Канадын Засгийн газраас хоёр жилийн өмнө Энэтхэг, Номхон далайн бүс нутаг руу чиглэсэн стратегиа зарласан. Энэ хүрээнд тус бүс нутаг дахь улсуудтай харилцаагаа өргөжүүлэхийг хүсэж байна. Цахим аюулгүй байдал ардчилсан улсуудын хувьд олон сорилтыг дагуулж байна. Энэ чиглэлд Монгол Улсын Засгийн газартай хамтарч ажиллахдаа таатай байх болно. Мөн манай улсын Blackberry компани энэ чиглэлд найдвартай, дэвшилтэт технологийг Засгийн газруудад санал болгож байна” гэж онцоллоо.
Канад Улс нь мэдээллийн технологийн салбарт үндэстэн дамнасан компаниуд болон үндэсний хэмжээний олон компаниудтай. Тэдгээр компаниудыг дэмжин хөгжүүлэх чиглэлээр арвин туршлагатай аж.
“Blackberry” компанийн төлөөлөгч Мааз Ясин “Blackberry компани аюулгүй харилцаа холбоо, цахим аюулгүй байдлын чиглэлд анхаарч ажиллаж байна. Бизнесийнхээ үйл ажиллагааг цахим аюулгүй байдлыг хангахад чиглүүлж, дэвшилтэт технологийг хөгжүүлсэн. Энэхүү технологийг АНУ, GREAT 7, НАТО-тай хамтран ажиллаж байна. Улмаар Азийн цахим хөгжлийг түүчээлэгч улсуудтай хамтрахыг зорьж байна. Ингэхдээ Засгийн газруудад дата мэдээллийн бие даасан байдлыг санал болгож байгаа юм” гэж ярилаа гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
-
Улс төр18 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм20 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент20 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм21 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Энтертайнмент19 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм21 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм20 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд19 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ