Улс төр
АБНЭУ-ын нийслэл Абу Даби хотод Элчин сайдын яам нээн ажиллуулахаар болов
УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.10.11) үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Энэ талаар Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа нар тус тус танилцуулав.
Манай улс Булангийн орнуудтай харилцааны агуулга, үр дүнг өргөжүүлэх, тэднээс буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл авах, хөрөнгө оруулалт татах, хамтарсан төсөл хэрэгжүүлэх боломж бий гэдгийг Гадаад харилцааны сайд дурдаад АНЭУ-д Элчин сайдын яам байгуулснаар Абу Дабигийн хөгжлийн сан, Абу Дабигийн хөрөнгө оруулалтын газар зэрэг хөгжлийн сан, санхүүгийн байгууллагуудтай шууд холбоо тогтоон, ойр хамтран ажиллах, хувийн хэвшлийн хүрээнд хамтын ажиллагааг дэмжих замаар хөрөнгө оруулалт татах зэрэг шинэ боломж нээгдэнэ гэлээ. Тухайлбал, Эмират Улс нь махны хэрэгцээнийхээ 90 орчим хувийг гаднаас импортоор авдаг, махны эрэлт хэрэгцээ нь хурдацтайгаар нэмэгдэж байгаа тул манай улс мах экспортлох чиглэлээр хамтран ажиллах бүрэн боломжтой гэж үзжээ.
АНЭУ-ын Абу Даби хотод 102 орны Элчин сайдын яам ажилладаг бөгөөд тус улс Элчин сайдын яамаа Улаанбаатар хотод 2016 онд нээсэн байна. Иймд харилцан адил байх зарчмын хүрээнд хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, хамтын ажиллагааны нөөц бололцоог бүрэн дүүрэн ашиглах зорилгоор Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотод Монгол Улсын Элчин сайдын яам байгуулах нь зүйтэй гэж үзсэн байна. Абу Даби дахь Элчин сайдын яамыг 3 орон тоотой байгуулахаар төлөвлөсөн бөгөөд Эмиратын талаас зарим зардлыг хариуцахаа мэдэгдсэн байна.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцжээ.
Тогтоолын төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан гадаад улсад томилогдох албан хаагчдыг ямар шалгуураар томилж байгаа, хэрхэн хариуцлагажуулсан, томилогдсон албан хаагч алдаа, дутагдал гаргавал томилсон албан тушаалтан ямар хариуцлага хүлээх талаар асуулт асууж, хариулт авчээ. УИХ-ын гишүүн Л.Болд дипломат албаны томилогооны асуудлыг анхаарах цаг болсон, дипломат албан тушаалд тавих шалгуурыг чангатгах нь зүйтэй, гадаад талдаа манай улсын нэр хүнд унаж байгааг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо анхаарах шаардлагатай талаар, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан дипломат албанд нүүрлээд байгаа энэ асуудалд хатуу хандаж, хариуцлагажуулах цаг болсон талаар тус тус үг хэлсэн. Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Б.Дэлгэрсайхан, Д.Эрдэнэбат, Г.Тэмүүлэн, Л.Энх-Амгалан нар асуулт асууж, санал хэллээ. Гишүүдийн зүгээс тус улстай хийсэн худалдааны эргэлт бага байхад Элчин сайдын яам нээн ажиллуулах шалтгаан, ач холбогдлыг тодруулахын зэрэгцээ Кувейт улсад байгаа Элчин сайдын яамаа хааж, АНЭУ-д байгуулах боломж байгаа эсэхийг лавласан.
Арабын Нэгдсэн Эмират Улсад Монгол Улсын Элчин сайдын яам байгуулах хэд хэдэн нөхцөл шалтгаантай. Тус улс Монгол Улсад 2016 онд Элчин сайдын яамаа нээсэн тул харилцан адил байх зарчмаар Элчин сайдын яам байгуулах шаардлагатай. Монгол Улсад 20 гаруйхан орны Элчин сайдын яам байдаг тул энэ хүрээгээ тэлэх нь гадаад бодлогын асуудал. Арабын Нэгдсэн Эмират Улс Монголд багагүй хөрөнгө оруулалт хийсэн. Тухайлбал, Говь-Алтай аймгийн усан цахилгаан станцын санхүүжилтийн эх үүсвэрийг тус улсын хөнгөлөлттэй зээлээр бүрдүүлсэн бөгөөд өнөөдөр олон сум цахилгаанаар хангагдаад байна. Тус улс Монголд буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл их үзүүлдэг төдийгүй энэ хүрээнд олон сургууль, цэцэрлэг баригдаж байна.
Нөгөөтэйгүүр, Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби, Дубай хот нь дэлхийн санхүү, ялангуяа үл хөдлөх хөрөнгө, технологийн шинэчлэлийн том төв болж хувирсан. Дубай хотод маш их экспо зохиогддог. Арван нэгдүгээр сард болох экспод манай улсад бүхий л талын дэмжлэг үзүүлэхээ мэдэгдсэн. Тэгэхээр санхүү, үл хөдлөх хөрөнгийн том төвийн “үүдэнд” Элчин сайдын яамаа нээн ажиллуулснаар тэндхийн хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж, ажиллах шаардлагатай байна гэдгийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хариултдаа дурдав. Хоёр орны худалдааны эргэлт өндөр биш байгаа ч цаашдаа үүнийгээ өсөн нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатай гэж байлаа.
Кувейт улс Монгол Улстай 1990 оноос хойш найрсаг харилцаж, маш их буцалтгүй тусламж үзүүлж, хөрөнгө оруулалт хийсэн. Хамгийн наад захын жишээ гэхэд Хөвсгөлийн Мөрөн-Уньтын авто замыг тус улсын санхүүжилтээр барьж, ашиглалтад оруулснаар дотооддын жуулчлалыг хөгжүүлэх боломжийг бүрдүүлж байгаа тул бид хариу найрсаг хандах нь зөв гэж бодож байна салбарын сайд хариулж байлаа.
Ингээд Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 54,2 хувь нь дэмжив.
Улс төр
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Монгол Улсын Их Хурал 2023 онд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх тухай 64 дүгээр тогтоолыг баталсан билээ.
Уг тогтоолоор Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх үзэл санааг иргэдэд тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулахыг Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсэгт даалгасан юм.
Монгол Улсын Их Хурлын 2023 оны 64 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол орон даяар 21 аймаг, нийслэлийн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн эхний цагийн хичээлийг “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвийн доор байгуулахаар шийдвэрлэсэн.
Энэхүү хичээлийг сурагчдад Үндсэн хуулийн ач холбогдол, Монгол Улсын үндсэн хууль, үндсэн хуульт ёсны хөгжлийг таниулж, тэдний үндсэн хууль, төрт ёсоо дээдлэх, эх оронч үзэл санааны төлөвшлийг дэмжих зорилгоор зохион байгуулах гэж байна. Улс орон даяар нэг зэрэг зохион байгуулах хичээлд ерөнхий боловсролын 885 сургуулийн 26.228 бүлгийн нийт 797.905 суралцагч хамрагдана.
Хичээл 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 08.00 цагт эхлэх бөгөөд нийслэлийн 314, аймаг, сум, багийн 567, бусад 4 сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчид хамрагдах юм.
Бага ангийн сурагчдад заах хичээлийн агуулгад Үндсэн хуулийн тухай, Үндсэн хууль ба бидний эрх, эрх чөлөө, Үндсэн хууль ба бидний үүрэг гэсэн сэдэв багтсан бол, дунд ангийн сурагчидтай Үндсэн хууль гэж юу вэ гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэхээс гадна Монгол улсын Үндсэн хууль, түүний бүтэц, баталсан түүх, хүний эрх, эрх чөлөө, иргэний үндсэн ба журамт үүргийн талаар тайлбарлан таниулахаар хичээлийн агуулгад тусгасан байна.
Ахлах ангийн сурагчидтай Монгол Улсын Үндсэн хууль бидний амьдралд яагаад тийм чухал вэ сэдвээр ярилцан, Монгол Улсын тусгаар тогтнол, Төрийн дуулал, хэн нэгнээс үл хамааран өөрийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хийгээд, Үндсэн хуулиар олгогдсон бусад эрхийн талаар хэлэлцэнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
Улс төр
Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Сандра Шуфани болон Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил, Blackberry компанийн төлөөлөл Мааз Ясин нарыг хүлээн авч уулзлаа.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү “Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хиймэл оюун, их өгөгдөл зэрэг дэвшилтэт технологийг бусад салбарт нэвтрүүлэх, инновац, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зэрэг үндэсний хэмжээний томоохон ач холбогдолтой арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн Кибер аюулгүй байдал, цахим хөгжилд ихэд анхаарч, эрсдэлийн түвшнийг тодорхойлохоор олон байгууллагатай хамтран ажиллаж байна. Мэдээллийн технологийн хүний нөөцийг чадавхжуулах шаардлага их байгаа тул кибер аюулгүй байдлын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд Канадын их, дээд сургуулиудтай хамтрах, хамтарсан хөтөлбөрийг МУИС, ШУТИС дээр түшиглэн байгуулах чиглэлээр хамтран ажиллахыг хүсэж байна. Түүнчлэн цахим эдийн засгийг хөгжүүлэхэд анхаарч, Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, инновацид түшиглэсэн бараа бүтээгдэхүүнийг экспортлох нөхцөлийг бүрдүүлж, УИХ-аас хууль баталсан. Цаашид энэ салбарт хамгийн ээлтэй улс болохыг зорьж байна. 2027 онд Үндэсний хиймэл дагуулаа хөөргөж, сансрын эдийн засгийг хөгжүүлэх амбицтай байна. Мөн дрон туршилтын бүс байгуулах бэлтгэл ажилдаа орсон” хэмээн ярилаа.
Талууд хоёр улсын программ хангамж үйлдвэрлэгч хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа үүлэн тооцоолол чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Хиймэл оюун, их өгөгдөл, машин сургалт гэх мэт орчин үеийн технологийг төрийн үйлчилгээнд ашиглах талаар xамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийг судлан үзэхээ сайд Ц.Баатархүү илэрхийлэв.
Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил “Канадын Засгийн газраас хоёр жилийн өмнө Энэтхэг, Номхон далайн бүс нутаг руу чиглэсэн стратегиа зарласан. Энэ хүрээнд тус бүс нутаг дахь улсуудтай харилцаагаа өргөжүүлэхийг хүсэж байна. Цахим аюулгүй байдал ардчилсан улсуудын хувьд олон сорилтыг дагуулж байна. Энэ чиглэлд Монгол Улсын Засгийн газартай хамтарч ажиллахдаа таатай байх болно. Мөн манай улсын Blackberry компани энэ чиглэлд найдвартай, дэвшилтэт технологийг Засгийн газруудад санал болгож байна” гэж онцоллоо.
Канад Улс нь мэдээллийн технологийн салбарт үндэстэн дамнасан компаниуд болон үндэсний хэмжээний олон компаниудтай. Тэдгээр компаниудыг дэмжин хөгжүүлэх чиглэлээр арвин туршлагатай аж.
“Blackberry” компанийн төлөөлөгч Мааз Ясин “Blackberry компани аюулгүй харилцаа холбоо, цахим аюулгүй байдлын чиглэлд анхаарч ажиллаж байна. Бизнесийнхээ үйл ажиллагааг цахим аюулгүй байдлыг хангахад чиглүүлж, дэвшилтэт технологийг хөгжүүлсэн. Энэхүү технологийг АНУ, GREAT 7, НАТО-тай хамтран ажиллаж байна. Улмаар Азийн цахим хөгжлийг түүчээлэгч улсуудтай хамтрахыг зорьж байна. Ингэхдээ Засгийн газруудад дата мэдээллийн бие даасан байдлыг санал болгож байгаа юм” гэж ярилаа гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
-
Улс төр18 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм20 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент20 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм20 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Энтертайнмент19 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм20 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм20 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд19 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ