Улс төр
Байнгын хорооны дарга Д.Оюунхоролд “Хамтдаа хэлэлцье” аяны хэлэлцүүлгийн дүнг хүлээлгэн өгөв
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхоролд гэр бүлийн талаарх хуулийг шинэчлэн, эрх зүйн орчныг сайжруулахтай холбоотой улс орон даяар зохион байгуулсан “Хамтдаа хэлэлцье” аяны хэлэлцүүлгийн нэгтгэсэн саналыг Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны төлөөлөл өнөөдөр (2019.10.11) хүлээлгэн өгөв.
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг орон даяар, олон нийтээр хэлэлцүүлсэн тус аяныг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 06 дугаар сарын 01-ний өдрийн хооронд зохион байгуулсан байна. Гэр бүл салалт, түүнээс үүдэн хүүхэд, эмэгтэйчүүдийн эрх ноцтой зөрчигдөн хохирч буй нь “Хамтдаа хэлэлцье” аяныг зохион байгуулах нийгмийн шаардлага байсан гэдгийг Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн С.Одонтуяа хэллээ. Гурван сарын хугацаанд улс орон даяар зохион явуулсан аяны хүрээнд 21 аймгаас 19500 гаруй, нийслэлийн 9 дүүргээс 10000 гаруй иргэний саналыг авсан байна. Эдгээрийг нэгтгэхэд гэр бүлийн боловсролыг насны онцлогт тохируулан албан бусаар олгох, эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр “Хүүхдийн тэтгэлэгийн сан” байгуулж хүүхдийн эрхийг хангах, хүүхдийн тэтгэлэгийг насны ялгаваргүйгээр олгох, гэр бүлийн гишүүдийн хариуцлагыг өндөржүүлэх асуудлыг хуульчлах, гэр бүлийн асуудлаар мэргэшсэн шүүгч, өмгөөлөгч, нийгмийн ажилтан, сэтгэл зүйчдийн тоог нэмэгдүүлэх зэрэг асуудлыг хөнджээ.
Мөн гэр бүлийн хүчирхийллийн голлох шалтгаан болж буй архины хэрэглээг бууруулахад анхаарах, гэр бүлийг дэмжих төрийн бодлогыг тодорхой болгох, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг зогсоосон шийдвэрийг цуцлах, Хамтын тэтгэврийн тухай хуулийг хэрэгжүүлэх зэрэг саналууд хамгийн олон давтамжтайгаар ирсэн байна. Эдгээрээс хуульд зайлшгүй тусгах шаардлагатай саналуудыг багцлан хууль тогтоогчдод хүргүүлж, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо холбогдох эрх зүйн шинэчлэлийг хийхэд хамтран ажиллахан хэмээн найдаж буйгаа Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн С.Одонтуяа хэллээ.
Гэр бүлийн талаарх асуудлуудад улс төр, шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа эмэгтэйчүүд илүүтэй анхаарч, зүтгэж ажиллах нь зүйтэй хэмээн үзэж буйгаа Байнгын хорооны дарга Д.Оюунхорол илэрхийлсэн. Үргэлжлүүлэн тэрбээр “Гэр бүл нийгмийн үнэт суурь гэж нийтээрээ ярьдаг атлаа хууль эрх орчныг 1999 оноос хойш өнөөдрийг хүртэл сайжруулж, шинэчилж чадсангүй. Хуульд асар олон өөрчлөлт хийх шаардлагатай, нийгмийн хүлээлт бий. Энэ асуудлыг шийдвэрлэх энэ цаг үед манай Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо улс орон даяар хэлэлцүүлэг зохион байгуулж, иргэдээс гаргасан саналыг нэгтгэн УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд ирүүлж буйд талархаж байна. Нөгөө талаас УИХ-ын эмэгтэй гишүүдийг энэ асуудалд анхаарал хандуулж, нэгдэх урилгыг алгыг ирүүлж буйд баярлалаа. Энэ асуудлуудыг шийдвэрлүүлэхийн төлөө Та бүхэнтэй хамтран ажиллах болно” гэлээ.
Улс төржүүлж болдоггүй олон асуудлын нэг бол гэр бүл гэдгийг Байнгын хорооны дарга Д.Оюунхорол онцолсон. Улс төрч эмэгтэйчүүд нийгмийн өмнө тулгамдсан гол асуудлууд, эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр нам харгалзахгүй хамтран ажиллах шаардлагын талаар тэрбээр байр сууриа илэрхийлсэн юм. “УИХ-ын ээлжит сонгууль дөхөж байна. Улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих, нэмэгдүүлэх зорилготой олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа. Нийгмийн нөхцөл байдал цаг, цагаар өөрчлөгдөж байдаг онцлогтой өнөө үед нийцүүлж эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх, тэдгээрийг чадавхжуулах, дэмжих ажлуудыг зохион байгуулна. Улс төрийн нам бүр энэ чиглэлээр зохих түвшинд анхаарах учиртай” гэлээ. Мэдээ, мэдээллийн давалгаа нь эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог хязгаарлах, бууруулах эрсдэл дагуулж байгаа тул анхаарал хандуулж, тодорхой арга хэмжээ зохион байгуулна гэдгээ мөн тэрбээр хэлсэн.
Хамтран ажиллах урилгыг хүлээн авч буйд УИХ-ын гишүүн З.Нарантуяа талархал илэрхийлээд “Монголын нийт хүн амын талаас илүү хувийг эзэлж буй эмэгтэйчүүдийг төлөөлж ядууралтай тэмцэх, улс орны хөгжлийн явцыг тодорхойлох, ажлын байрыг нэмэгдүүлэх зэрэг өрх бүрд тулгамдаж буй нийтлэг асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ямар нэг улс төржилтгүйгээр эмэгтэйчүүдийн оролцоо, эмэгтэйчүүдийн шийдлийг хамтдаа дэмжиж улс орныхоо хөгжлийн төлөө хамтдаа зүтгэх нэг л зорилго бидэнд бий. Энэ зорилгынхоо хүрээнд гэр бүлийн хөгжлийн төлөө хамтран ажиллах саналыг дэмжин хүлээж авч буйд талархал илэрхийлье” гэв.
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос ирэх мягмар гарагт (2019.10.15) Гэр бүлийн тухай хуулийн талаарх хэлэлцүүлгийг зохион байгуулах бөгөөд Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны төлөөлөл тус хэлэлцүүлэгт оролцож, хэлэлцүүлгийн нэгдсэн дүнг танилцуулахыг урив.
Улс төр
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Монгол Улсын Их Хурал 2023 онд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх тухай 64 дүгээр тогтоолыг баталсан билээ.
Уг тогтоолоор Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх үзэл санааг иргэдэд тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулахыг Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсэгт даалгасан юм.
Монгол Улсын Их Хурлын 2023 оны 64 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол орон даяар 21 аймаг, нийслэлийн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн эхний цагийн хичээлийг “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвийн доор байгуулахаар шийдвэрлэсэн.
Энэхүү хичээлийг сурагчдад Үндсэн хуулийн ач холбогдол, Монгол Улсын үндсэн хууль, үндсэн хуульт ёсны хөгжлийг таниулж, тэдний үндсэн хууль, төрт ёсоо дээдлэх, эх оронч үзэл санааны төлөвшлийг дэмжих зорилгоор зохион байгуулах гэж байна. Улс орон даяар нэг зэрэг зохион байгуулах хичээлд ерөнхий боловсролын 885 сургуулийн 26.228 бүлгийн нийт 797.905 суралцагч хамрагдана.
Хичээл 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 08.00 цагт эхлэх бөгөөд нийслэлийн 314, аймаг, сум, багийн 567, бусад 4 сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчид хамрагдах юм.
Бага ангийн сурагчдад заах хичээлийн агуулгад Үндсэн хуулийн тухай, Үндсэн хууль ба бидний эрх, эрх чөлөө, Үндсэн хууль ба бидний үүрэг гэсэн сэдэв багтсан бол, дунд ангийн сурагчидтай Үндсэн хууль гэж юу вэ гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэхээс гадна Монгол улсын Үндсэн хууль, түүний бүтэц, баталсан түүх, хүний эрх, эрх чөлөө, иргэний үндсэн ба журамт үүргийн талаар тайлбарлан таниулахаар хичээлийн агуулгад тусгасан байна.
Ахлах ангийн сурагчидтай Монгол Улсын Үндсэн хууль бидний амьдралд яагаад тийм чухал вэ сэдвээр ярилцан, Монгол Улсын тусгаар тогтнол, Төрийн дуулал, хэн нэгнээс үл хамааран өөрийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хийгээд, Үндсэн хуулиар олгогдсон бусад эрхийн талаар хэлэлцэнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
Улс төр
Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Сандра Шуфани болон Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил, Blackberry компанийн төлөөлөл Мааз Ясин нарыг хүлээн авч уулзлаа.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү “Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хиймэл оюун, их өгөгдөл зэрэг дэвшилтэт технологийг бусад салбарт нэвтрүүлэх, инновац, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зэрэг үндэсний хэмжээний томоохон ач холбогдолтой арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн Кибер аюулгүй байдал, цахим хөгжилд ихэд анхаарч, эрсдэлийн түвшнийг тодорхойлохоор олон байгууллагатай хамтран ажиллаж байна. Мэдээллийн технологийн хүний нөөцийг чадавхжуулах шаардлага их байгаа тул кибер аюулгүй байдлын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд Канадын их, дээд сургуулиудтай хамтрах, хамтарсан хөтөлбөрийг МУИС, ШУТИС дээр түшиглэн байгуулах чиглэлээр хамтран ажиллахыг хүсэж байна. Түүнчлэн цахим эдийн засгийг хөгжүүлэхэд анхаарч, Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, инновацид түшиглэсэн бараа бүтээгдэхүүнийг экспортлох нөхцөлийг бүрдүүлж, УИХ-аас хууль баталсан. Цаашид энэ салбарт хамгийн ээлтэй улс болохыг зорьж байна. 2027 онд Үндэсний хиймэл дагуулаа хөөргөж, сансрын эдийн засгийг хөгжүүлэх амбицтай байна. Мөн дрон туршилтын бүс байгуулах бэлтгэл ажилдаа орсон” хэмээн ярилаа.
Талууд хоёр улсын программ хангамж үйлдвэрлэгч хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа үүлэн тооцоолол чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Хиймэл оюун, их өгөгдөл, машин сургалт гэх мэт орчин үеийн технологийг төрийн үйлчилгээнд ашиглах талаар xамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийг судлан үзэхээ сайд Ц.Баатархүү илэрхийлэв.
Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил “Канадын Засгийн газраас хоёр жилийн өмнө Энэтхэг, Номхон далайн бүс нутаг руу чиглэсэн стратегиа зарласан. Энэ хүрээнд тус бүс нутаг дахь улсуудтай харилцаагаа өргөжүүлэхийг хүсэж байна. Цахим аюулгүй байдал ардчилсан улсуудын хувьд олон сорилтыг дагуулж байна. Энэ чиглэлд Монгол Улсын Засгийн газартай хамтарч ажиллахдаа таатай байх болно. Мөн манай улсын Blackberry компани энэ чиглэлд найдвартай, дэвшилтэт технологийг Засгийн газруудад санал болгож байна” гэж онцоллоо.
Канад Улс нь мэдээллийн технологийн салбарт үндэстэн дамнасан компаниуд болон үндэсний хэмжээний олон компаниудтай. Тэдгээр компаниудыг дэмжин хөгжүүлэх чиглэлээр арвин туршлагатай аж.
“Blackberry” компанийн төлөөлөгч Мааз Ясин “Blackberry компани аюулгүй харилцаа холбоо, цахим аюулгүй байдлын чиглэлд анхаарч ажиллаж байна. Бизнесийнхээ үйл ажиллагааг цахим аюулгүй байдлыг хангахад чиглүүлж, дэвшилтэт технологийг хөгжүүлсэн. Энэхүү технологийг АНУ, GREAT 7, НАТО-тай хамтран ажиллаж байна. Улмаар Азийн цахим хөгжлийг түүчээлэгч улсуудтай хамтрахыг зорьж байна. Ингэхдээ Засгийн газруудад дата мэдээллийн бие даасан байдлыг санал болгож байгаа юм” гэж ярилаа гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
-
Улс төр18 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм20 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент20 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм21 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Энтертайнмент19 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм20 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм20 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд19 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ