Улс төр
Зэвсэгт хүчний 013 дугаар ангийг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Зэвсэгт хүчний 013 дугаар ангийг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнах тухай зарлиг гаргасантай холбогдуулан Цэргийн гавьяаны улаан тугийн одон гардуулах ёслол өнөөдөр Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн жагсаалын талбайд боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонордуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Цэргийн гавьяаны улаан тугийн одонг тус ангийн Байлдааны туганд зүүж, одоо үүрэг гүйцэтгэж байгаа болон өмнө нь үүрэг гүйцэтгэж байсан нийт бүрэлдэхүүнд баяр хүргэн үг хэлсэн юм.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА З.ЭНХБОЛД:
“Эрхэм генерал, офицер, ахлагч, 013 дугаар үе үеийн ажилтан, алба хаагч Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.
Цэргийн ууган ангиудын нэг, “Холбооны тусгай хороо” хэмээн алдаршсан Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн бие бүрэлдэхүүний амрыг эрж, түүхт 90 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.
1929 онд байгуулагдсан холбооны тусгай сумангийн Ховд, Улиастай, Хэнтий, Баянтүмэнгийн цэргийн хороо, ангиудыг Цэргийн яамтай холбоогоор хангаж байсан, 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайн, 1947-1948 оны Баруун хилийн тулгаралтад Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөө, бүрэн бүтэн байдлыг батлан хамгаалах үндсэн үүргээ нэр төртэй биелүүлж, Зөвлөлт Холбоот Улсын Зэвсэгт хүчинтэй хамтарсан “Зоргол”, “Хэрлэн-73”, “Говь-77”, 1979 оны хээрийн сургуулиудын холбоо, мэдээллийг амжилттай зохион байгуулж ирсэн түүхэн замналтай.
Мөн орчин үеийн энхийг дэмжих Ирак, Сьерра Леон, Чад, Өмнөд болон Хойд Суданы ажиллагаа, олон улсын Дархан, Сэлэнгэ, “Хааны эрэлд” зэрэг хамтарсан сургууль, сургалт дадлага, “Аравт” морин цэргийн уралдааны бодит холбоо, мэдээллийг зохион байгуулж, тавигдсан үүргийг амжилттай биелүүлж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрийн өмнөөс талархал илэрхийлье.
Ардын хувьсгалт цэргийн ангиудаас цэргийн сургалт бэлтгэл, сахилга зохион байгуулалтаараа шалгарсан Холбооны тусгай хорооны гавьяаг үнэлж, 1936 онд “Алтан гадас” одонгоор шагнаж байсан бол түүхт 90 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч зарлиг гаргаж, Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа.
Энэхүү шагнал нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлыг хамгаалах эрхэм үүрэгтэй цэрэг дайчдын эх оронч үзэл, хүмүүжлийн илэрхийлэл болж байх болтугай.
Цэргийн холбоочид тайван цагийн болон байлдааны, үндсэн болон тусгай чиг үүргүүдээ хариуцлагатай биелүүлж, мэргэжлийн мэдлэг, ур чадвараа гүнзгийрүүлэн ажиллах болно гэдэгт эргэлзэхгүй байна.
Анги бүрэлдэхүүний эх орноо батлан хамгаалах, Монгол Улсын зэвсэгт хүчний удирдлагын холбоог найдвартай хангах үйлсэд ажлын амжилт, нийт алба хаагчдад эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.
Монгол цэргийн хийморь золбоо, холбоочин дайчдын яруу алдар бадрах болтугай” гэлээ.
Улс төр
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Монгол Улсын Их Хурал 2023 онд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх тухай 64 дүгээр тогтоолыг баталсан билээ.
Уг тогтоолоор Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх үзэл санааг иргэдэд тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулахыг Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсэгт даалгасан юм.
Монгол Улсын Их Хурлын 2023 оны 64 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол орон даяар 21 аймаг, нийслэлийн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн эхний цагийн хичээлийг “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвийн доор байгуулахаар шийдвэрлэсэн.
Энэхүү хичээлийг сурагчдад Үндсэн хуулийн ач холбогдол, Монгол Улсын үндсэн хууль, үндсэн хуульт ёсны хөгжлийг таниулж, тэдний үндсэн хууль, төрт ёсоо дээдлэх, эх оронч үзэл санааны төлөвшлийг дэмжих зорилгоор зохион байгуулах гэж байна. Улс орон даяар нэг зэрэг зохион байгуулах хичээлд ерөнхий боловсролын 885 сургуулийн 26.228 бүлгийн нийт 797.905 суралцагч хамрагдана.
Хичээл 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 08.00 цагт эхлэх бөгөөд нийслэлийн 314, аймаг, сум, багийн 567, бусад 4 сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчид хамрагдах юм.
Бага ангийн сурагчдад заах хичээлийн агуулгад Үндсэн хуулийн тухай, Үндсэн хууль ба бидний эрх, эрх чөлөө, Үндсэн хууль ба бидний үүрэг гэсэн сэдэв багтсан бол, дунд ангийн сурагчидтай Үндсэн хууль гэж юу вэ гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэхээс гадна Монгол улсын Үндсэн хууль, түүний бүтэц, баталсан түүх, хүний эрх, эрх чөлөө, иргэний үндсэн ба журамт үүргийн талаар тайлбарлан таниулахаар хичээлийн агуулгад тусгасан байна.
Ахлах ангийн сурагчидтай Монгол Улсын Үндсэн хууль бидний амьдралд яагаад тийм чухал вэ сэдвээр ярилцан, Монгол Улсын тусгаар тогтнол, Төрийн дуулал, хэн нэгнээс үл хамааран өөрийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хийгээд, Үндсэн хуулиар олгогдсон бусад эрхийн талаар хэлэлцэнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
Улс төр
Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Сандра Шуфани болон Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил, Blackberry компанийн төлөөлөл Мааз Ясин нарыг хүлээн авч уулзлаа.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү “Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хиймэл оюун, их өгөгдөл зэрэг дэвшилтэт технологийг бусад салбарт нэвтрүүлэх, инновац, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зэрэг үндэсний хэмжээний томоохон ач холбогдолтой арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн Кибер аюулгүй байдал, цахим хөгжилд ихэд анхаарч, эрсдэлийн түвшнийг тодорхойлохоор олон байгууллагатай хамтран ажиллаж байна. Мэдээллийн технологийн хүний нөөцийг чадавхжуулах шаардлага их байгаа тул кибер аюулгүй байдлын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд Канадын их, дээд сургуулиудтай хамтрах, хамтарсан хөтөлбөрийг МУИС, ШУТИС дээр түшиглэн байгуулах чиглэлээр хамтран ажиллахыг хүсэж байна. Түүнчлэн цахим эдийн засгийг хөгжүүлэхэд анхаарч, Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, инновацид түшиглэсэн бараа бүтээгдэхүүнийг экспортлох нөхцөлийг бүрдүүлж, УИХ-аас хууль баталсан. Цаашид энэ салбарт хамгийн ээлтэй улс болохыг зорьж байна. 2027 онд Үндэсний хиймэл дагуулаа хөөргөж, сансрын эдийн засгийг хөгжүүлэх амбицтай байна. Мөн дрон туршилтын бүс байгуулах бэлтгэл ажилдаа орсон” хэмээн ярилаа.
Талууд хоёр улсын программ хангамж үйлдвэрлэгч хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа үүлэн тооцоолол чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Хиймэл оюун, их өгөгдөл, машин сургалт гэх мэт орчин үеийн технологийг төрийн үйлчилгээнд ашиглах талаар xамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийг судлан үзэхээ сайд Ц.Баатархүү илэрхийлэв.
Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил “Канадын Засгийн газраас хоёр жилийн өмнө Энэтхэг, Номхон далайн бүс нутаг руу чиглэсэн стратегиа зарласан. Энэ хүрээнд тус бүс нутаг дахь улсуудтай харилцаагаа өргөжүүлэхийг хүсэж байна. Цахим аюулгүй байдал ардчилсан улсуудын хувьд олон сорилтыг дагуулж байна. Энэ чиглэлд Монгол Улсын Засгийн газартай хамтарч ажиллахдаа таатай байх болно. Мөн манай улсын Blackberry компани энэ чиглэлд найдвартай, дэвшилтэт технологийг Засгийн газруудад санал болгож байна” гэж онцоллоо.
Канад Улс нь мэдээллийн технологийн салбарт үндэстэн дамнасан компаниуд болон үндэсний хэмжээний олон компаниудтай. Тэдгээр компаниудыг дэмжин хөгжүүлэх чиглэлээр арвин туршлагатай аж.
“Blackberry” компанийн төлөөлөгч Мааз Ясин “Blackberry компани аюулгүй харилцаа холбоо, цахим аюулгүй байдлын чиглэлд анхаарч ажиллаж байна. Бизнесийнхээ үйл ажиллагааг цахим аюулгүй байдлыг хангахад чиглүүлж, дэвшилтэт технологийг хөгжүүлсэн. Энэхүү технологийг АНУ, GREAT 7, НАТО-тай хамтран ажиллаж байна. Улмаар Азийн цахим хөгжлийг түүчээлэгч улсуудтай хамтрахыг зорьж байна. Ингэхдээ Засгийн газруудад дата мэдээллийн бие даасан байдлыг санал болгож байгаа юм” гэж ярилаа гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
-
Улс төр18 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм20 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент19 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм20 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Энтертайнмент19 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм20 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм20 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд18 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ