Улс төр
Ч.Хүрэлбаатар: Цалин, тэтгэврийг инфляцын түвшинтэй уялдуулан нэмнэ
Монгол Улсын 2020 оны төсөв тойрсон асуудлыг хэлэлцсэн. Үүнтэй холбогдуулан Сангийн сайд Ч.ХҮРЭЛБААТАРААС цөөн асуултад хариулт авсан юм.
-Уул, уурхайн салбараас 3.2 их наяд төгрөг олно гэж төсөөлсөн байна. Энэ нь өнгөрсөн оныхоос 24 хувиар их. Дээрх төсөөлөл биелэх боломжтой юу?
-2020 оны төсвийг боловсруулахад гадаад талдаа дөрвөн төрлийн эрсдэл байна гэж үзсэн. Нэгдүгээрт, АНУ, БНХАУ хооронд үүссэн худалдааны дайн эдийн засагт тодорхой бус байдлыг бий болгож байгаа. Хоёрдугаарт, эрдэс баялаг, түүхий эдийн үнийн хэлбэлзэл гарах магадлалтай. Гуравдугаарт, дэлхийн эдийн засгийн өсөлт саармагжих магадлал байна. Дөрөвдүгээрт, Европын хэлэлцээрүүд мөн эрсдэл гарч болзошгүй. Мөн дотоод талдаа дөрвөн эрсдэл бий. Дэлхийн эдийн засгийн тодорхой бус байдал манай экспортын гол бараа бүтээгдэхүүний, үнэд нөлөөлж магадгүй.
Мөн өвөлжилтийн нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байгаа нь хоёр дахь том эрсдэл. Түүнчлэн “Саарал жагсаалт”-ыг эрсдэл хэмээн үзэж байна. Байгалийн баялагтай холбоотойгоор төсөвт нүүрсний экспортыг 42 сая, зэсийн баяжмал 1.2 сая тонн, төмрийн хүдрийг үнэ, хэмжээний хувьд ч өсөлттэй байна гэж үзээд 8.2 сая тонн, алтны олборлолтыг хоёр орчим тонноор буурна гэж тооцож, төсөөлсөн.
-Төсөвт концессын гэрээний талаар тусгасан уу. 2019 оны хөрөнгө оруулалтын биелэлт 39 хувь байна. Ирэх онд дахиад 1.65 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт тавьсан байна. Концесстойгоо нийлээд хоёр их наяд байна?
-У.Хүрэлсүхийн Засгийн газар нэг ч төгрөгийн концессын гэрээ байгуулаагүй. Байгуулах ч үгүй. Энэ Засгийн газрыг анх байгуулж байхад 6.3 их наяд төгрөгийн концессын гэрээг уламжилж авсан. Аль ч Засгийн газрын үед байгуулсан концессын гэрээг санхүүжүүлэх үүргийг одоогийн Засгийн газар хүлээсэн. Дээр нь бүх гэрээг валютаар хийсэн нь бидэнд нэлээд дарамт болж байгааг хэлэх нь зүйтэй.
-Улсын өрийг буурууллаа гэсэн мэдээллийг та хийсэн. Гэтэл Монгол Улсын өр 2016 онд 24 тэрбум ам.доллар байсан бол 2019 онд 29.7 тэрбум байна. Үүнээс өр буурсан үзүүлэлт харагдахгүй байна л даа. Та улсын өр буурч байна, өрийг барагдуулж байна гэдгийг юунд үндэслэн хэлж байна вэ?
-Улсын болон Засгийн газрын өр гэж бий. Монгол Улсын өр өнөөдрийн байдлаар 29.7 тэрбум ам.доллар байна. Улсын өрөнд Монголоос хэзээ нэгэн цагт гарах төлбөрүүдийг бичдэг. 29.7 тэрбумаас 18.2 тэрбум ам.доллар нь аж ахуйн нэгж, компаниудын тавьсан өр, зээл. Тухайлбал, “Оюутолгой”, “Саунд гоби сэндс”, “Монголын алт” компани, МИАТ, Хөгжлийн банкны гадаадаас авсан зээл байгаа юм. Үүний 50 хувь буюу ес орчим тэрбум ам.доллар нь “Оюутолгой” компанийнх. Монголын 34, гадаадын 66 хувь гэхгүйгээр бүгдийг Монгол Улсын өрөнд бичдэг. Энэ нь хөрөнгө оруулалт хэдий ч нэг өдөр буцааж төлнө гэдэг агуулгаараа Монгол Улсын өрөнд бичдэг. Хувийн хэвшлийн зээлийн хэмжээ нэмэгдэнэ гэдэг эдгээр аж ахуйн нэгжид гадаадынхны итгэх итгэл нэмэгдэж байна гэсэн үг. Гаднаас оруулж байгаа хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэдэг эргээд гарна гэдэг утгаар нь улсын өрөөр бүртгэдэг. Тиймээс Засгийн газрын, улсын өрийг хооронд нь хольсноос олон нийтэд буруу ойлголт төрүүлдэг талтай. Ингээд 29.7 тэрбумаас 18.2 тэрбум ам.доллар нь аж ахуйн нэгж, компаниудын авсан өр бол 2.2 тэрбум нь арилжааны банкуудын авсан зээл. Манай арилжааны банкууд гаднаас зээл авч, эх үүсвэр татаж санхүүжилтээ хийдэг. Мөн Монголбанкны өр хоёр тэрбум гаруй ам.доллар байгаа. Энэ бол БНХАУ-ын Ардын банктай төлбөрийн тооцоо хийдэг своп зээл. Үлдсэн нь Засгийн газрын өр долоон тэрбум ам.доллар. Үүнээс 2.9 тэрбум ам.доллар нь “Чингис”, “Самурай” зэрэг гоё нэртэй бондын өр юм. Засгийн газар 2019 оны наймдугаар сард 7.4 их наяд төгрөгийн үндсэн болон хүүгийн өр төлсөн. Ийм хэмжээний өрийг төлсөн болохоор өр төлсөн гэж хэлэлгүй яах вэ.
-Улсын төсвийн аядагдал хоёр их наяд төгрөг байна. Төсвийг алдагдалгүй хийж болоогүй юм уу?
-Төсвийн алдагдлыг хоёр их наяд төгрөг гэж тооцсон. Хоёр их наядын алдагдал бол тэнцвэржүүлсэн тэнцэл шүү. Тэнцвэржүүлсэн тэнцэл гэдэг орлогоо нийт биш тэнцвэржүүлсэн орлогоор авсан гэсэн үг. Үүнд хоёр эх үүсвэрийг оруулаагүй. Тогтворжуулалтын сан, Ирээдүйн өв санг оруулаагүй. Энэ хоёр сангийн орлогыг нэмчихвэл нэг их наяд гаруй төгрөг тэнд бий.
2020 төсвийн төслийг УИХ-д өргөн барьчихаад хэвлэлийн хурал хийхдээ хоёр их наяд төгрөгийн алдагдлыг нэг ч төгрөгийн гоё нэртэй бонд гаргаж, эсвэл арилжааны банкаас нэг ч төгрөгийн зээл авч санхүүжүүлэхгүй гэдгээ хэлсэн. Үүгээрээ ч явж байна.
-Иргэдийн цалин тэтгэврийг ирэх жил хэдэн сараас, хэдэн хувиар нэмнэ гэж тооцоолсон бэ. Ямар зарчим барьж нэмэгдүүлэх боломжтой гэж тооцож байгаа вэ?
-Цалин, тэтгэврийг инфляцын түвшинтэй уялдуулан нэмнэ. Инфляцын түвшинтэй уялдуулан хоёр дахь жилдээ цалин тэтгэврийг нэмсэн. Тухайлбал, 2018 онд нэмэхдээ сүлжээнд үүссэн алдааг засч, нэмсэн. Сургууль, цэцэрлэгийн багш, сувилагчдын цалинг ахиу нэмсэн. Үүний дараа инфляцын түвшинтэйгээ уялдуулан нэмээд яваа. 30-40 хувиар нэмсэн тохиолдол бий. Гэхдээ энэ нь эргээд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг хөөрөгддөг. Тэгэхээр цалин, хөлс нэмсэний ашиг гарахгүй байдаг учир инфляцын түвшинд нэмж байгаа. Энэ нь харин зөв.
-Царцсан барилгуудын хөрөнгө оруулалтыг үргэлжүүлнэ гэлээ. Хэчнээн барилга, байгууламжид хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт хийх вэ?
-Царцсан барилга, байгууламжийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхдээ гурван зарчим барьсан. 23 обьектод 23 тэрбум төгрөгийг төсөвт тусгасан. 2018 онд Төсвийн тухай хуульд багтсан боловч ажлаа хийж чадахгүйн улмаас санхүүжилтээ хураалгасан 38 төслийн 34.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг буцааж олгоно.
-Монгол Улс олон улсын ФАФТ байгууллагын “Саарал жагсаалт”-д орох эрсдэлтэй талаар ярьж байгаа. Өнгөрсөн хугацаанд манай улс “Саарал жагсаалт”-д орохгүй байх асуудлаар ямар арга хэмжээ авсан бэ. Хэрвээ энэ жагсаалтад орчихвол ямар эрсдэл үүсэх вэ?
-“Саарал жагсаалт”-ын хувьд манай улс хяналтад явж байсан. Би энэ талаар өнгөрсөн хоёрдугаар сараас хойш ярьж байгаа. Арилжааны банкуудын өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн эх үүсвэрт аудит хийх шаардлагатай байна. Яагаад гэвэл, арилжааны банкууд капиталаа нэмэгдүүлэхдээ Ил тодын хуулийг ашигласан. Ил тодын хуулийг баталсан онд нь хэрэгжүүлээд дуусчихсан. Гэтэл арилжааны банкууд, сүүлд өөрийн хөрөнгөө нэмэхдээ Ил тодын хууль руу эргүүлэн оруулж ирсэн. Энэ мөнгө хуулийн дагуу байна уу, яагаад урт хугацаа орсон гэдгээс асуудал үүснэ Үүнд аудитын шалгалт хийсэн дүн гарч, дүнгээ яаж баталгаажуулах вэ, үүнтэй холбоотой ямар арга хэмжээ авах гэдгээ Монголбанк шийдэх учиртай. Түүнчлэн мөнгө угаахтай холбоот олон асуудлыг ярьдаг. Гэтэл шүүхээр шийдсэн хэрэг нэг ч байхгүй. Энэ нь Монгол Улсыг санхүүдээ хэр хяналт тавьдаг, ямар хариуцлага тооцдог гэдгийг тодорхой бус болгож байна.
М.Энхцэцэг
Улс төр
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Монгол Улсын Их Хурал 2023 онд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх тухай 64 дүгээр тогтоолыг баталсан билээ.
Уг тогтоолоор Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх үзэл санааг иргэдэд тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулахыг Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсэгт даалгасан юм.
Монгол Улсын Их Хурлын 2023 оны 64 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол орон даяар 21 аймаг, нийслэлийн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн эхний цагийн хичээлийг “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвийн доор байгуулахаар шийдвэрлэсэн.
Энэхүү хичээлийг сурагчдад Үндсэн хуулийн ач холбогдол, Монгол Улсын үндсэн хууль, үндсэн хуульт ёсны хөгжлийг таниулж, тэдний үндсэн хууль, төрт ёсоо дээдлэх, эх оронч үзэл санааны төлөвшлийг дэмжих зорилгоор зохион байгуулах гэж байна. Улс орон даяар нэг зэрэг зохион байгуулах хичээлд ерөнхий боловсролын 885 сургуулийн 26.228 бүлгийн нийт 797.905 суралцагч хамрагдана.
Хичээл 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 08.00 цагт эхлэх бөгөөд нийслэлийн 314, аймаг, сум, багийн 567, бусад 4 сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчид хамрагдах юм.
Бага ангийн сурагчдад заах хичээлийн агуулгад Үндсэн хуулийн тухай, Үндсэн хууль ба бидний эрх, эрх чөлөө, Үндсэн хууль ба бидний үүрэг гэсэн сэдэв багтсан бол, дунд ангийн сурагчидтай Үндсэн хууль гэж юу вэ гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэхээс гадна Монгол улсын Үндсэн хууль, түүний бүтэц, баталсан түүх, хүний эрх, эрх чөлөө, иргэний үндсэн ба журамт үүргийн талаар тайлбарлан таниулахаар хичээлийн агуулгад тусгасан байна.
Ахлах ангийн сурагчидтай Монгол Улсын Үндсэн хууль бидний амьдралд яагаад тийм чухал вэ сэдвээр ярилцан, Монгол Улсын тусгаар тогтнол, Төрийн дуулал, хэн нэгнээс үл хамааран өөрийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хийгээд, Үндсэн хуулиар олгогдсон бусад эрхийн талаар хэлэлцэнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
Улс төр
Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Сандра Шуфани болон Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил, Blackberry компанийн төлөөлөл Мааз Ясин нарыг хүлээн авч уулзлаа.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү “Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хиймэл оюун, их өгөгдөл зэрэг дэвшилтэт технологийг бусад салбарт нэвтрүүлэх, инновац, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зэрэг үндэсний хэмжээний томоохон ач холбогдолтой арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн Кибер аюулгүй байдал, цахим хөгжилд ихэд анхаарч, эрсдэлийн түвшнийг тодорхойлохоор олон байгууллагатай хамтран ажиллаж байна. Мэдээллийн технологийн хүний нөөцийг чадавхжуулах шаардлага их байгаа тул кибер аюулгүй байдлын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд Канадын их, дээд сургуулиудтай хамтрах, хамтарсан хөтөлбөрийг МУИС, ШУТИС дээр түшиглэн байгуулах чиглэлээр хамтран ажиллахыг хүсэж байна. Түүнчлэн цахим эдийн засгийг хөгжүүлэхэд анхаарч, Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, инновацид түшиглэсэн бараа бүтээгдэхүүнийг экспортлох нөхцөлийг бүрдүүлж, УИХ-аас хууль баталсан. Цаашид энэ салбарт хамгийн ээлтэй улс болохыг зорьж байна. 2027 онд Үндэсний хиймэл дагуулаа хөөргөж, сансрын эдийн засгийг хөгжүүлэх амбицтай байна. Мөн дрон туршилтын бүс байгуулах бэлтгэл ажилдаа орсон” хэмээн ярилаа.
Талууд хоёр улсын программ хангамж үйлдвэрлэгч хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа үүлэн тооцоолол чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Хиймэл оюун, их өгөгдөл, машин сургалт гэх мэт орчин үеийн технологийг төрийн үйлчилгээнд ашиглах талаар xамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийг судлан үзэхээ сайд Ц.Баатархүү илэрхийлэв.
Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил “Канадын Засгийн газраас хоёр жилийн өмнө Энэтхэг, Номхон далайн бүс нутаг руу чиглэсэн стратегиа зарласан. Энэ хүрээнд тус бүс нутаг дахь улсуудтай харилцаагаа өргөжүүлэхийг хүсэж байна. Цахим аюулгүй байдал ардчилсан улсуудын хувьд олон сорилтыг дагуулж байна. Энэ чиглэлд Монгол Улсын Засгийн газартай хамтарч ажиллахдаа таатай байх болно. Мөн манай улсын Blackberry компани энэ чиглэлд найдвартай, дэвшилтэт технологийг Засгийн газруудад санал болгож байна” гэж онцоллоо.
Канад Улс нь мэдээллийн технологийн салбарт үндэстэн дамнасан компаниуд болон үндэсний хэмжээний олон компаниудтай. Тэдгээр компаниудыг дэмжин хөгжүүлэх чиглэлээр арвин туршлагатай аж.
“Blackberry” компанийн төлөөлөгч Мааз Ясин “Blackberry компани аюулгүй харилцаа холбоо, цахим аюулгүй байдлын чиглэлд анхаарч ажиллаж байна. Бизнесийнхээ үйл ажиллагааг цахим аюулгүй байдлыг хангахад чиглүүлж, дэвшилтэт технологийг хөгжүүлсэн. Энэхүү технологийг АНУ, GREAT 7, НАТО-тай хамтран ажиллаж байна. Улмаар Азийн цахим хөгжлийг түүчээлэгч улсуудтай хамтрахыг зорьж байна. Ингэхдээ Засгийн газруудад дата мэдээллийн бие даасан байдлыг санал болгож байгаа юм” гэж ярилаа гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
-
Улс төр18 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм20 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент19 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм20 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Энтертайнмент19 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм20 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм20 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд18 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ