Улс төр
Нийслэлийн Засаг дарга хэн бэ

НИТХ-ын45 төлөөлөгчийн талаархи баримтуудыг дэлгэж байна. Учир нь тэдний нэг нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын даргаар томилогдох юм. НИТХ-ын төлөөлөгчид энэхүү албан тушаалд нэр дэвшигч нь гаднаас бус дотроосоо байх ёстой хэмээн үзэж буй аж. Ингээд нийслэлийн иргэн та хэнд итгэж болохоо өөрийнхөөрөө тунгаах буй за.
Улс төрийн салхинд туугдахыг хүсээгүй С.Амарсайхан
НИТХ-ын дарга. Энэ эрхмийн явдал мөр нийслэлтэй холбогдсоноос хойш ил болсон. Магтуулах, муулуулахын тухайд бараг л тэнцэж буй байх. Боловсрол мэдлэгийн тухайд өнөөгийн нийгэмд гологдохооргүй нэгэн. АНУ-д хоёр ч коллеж төгссөн тухайгаа намтартаа тэмдэглэсэн байна лээ. Мөн Соут Вест Их сургуулийг дүүргэсэн аж. Харин эзэмшсэн мэргэжлийн тухайд оноосон зүйл үгүй ч эрхзүйч, магистр гэсэн ганц өгүүлбэр байна лээ. Ажил амьдралын гараа нь тун дажгүй. Монгол Улсын ШУМТ-ийн төвийн ажилтнаар хэсэгхэн зуур ажиллаад Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин Сайдын Яамны Консулын ажилтан, Атташе болсон байдаг. Он цагийн тухайд 2000-2004 он. Үүний дараа Американ Трейд & Девелопмент компанид гадаад худалдааны менежерээр дөрвөн жил ажилласнаа 2007 оноос “Оюуны Ундраа Групп” ХХК-ий Гүйцэтгэх захирал, Ерөнхий захирал, ТУЗ-ийн даргаар тус тус ажиллажээ. Мань эрийг нийслэлийн хэмжээний улстөрч гэж ойлгож болно. Анх 2012 онд НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон байдаг. Өнгөрсөн орон нутгийн сонгуульд ялалтаа бататгаснаар НИТХ-ын даргаар ажиллах болсон. Өнгөрсөн хугацаанд НИТХ-ын тэргүүлэгч, Хот байгуулалт, дэд бүтцийн хороо, Санхүү, Төсөв, эдийн засгийн хороо болон “Ухаалаг Улаанбаатар” Хөгжлийн хорооны гишүүн, Нийслэлийн Авто Худалдааны төвийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж ирсэн бөгөөд 2016 оноос НИТХ-ын Санхүү, Төсөв, эдийн засгийн хорооны дарга, өмч хувьчлалын комиссын гишүүнээр тус тус ажиллаж буй. Дашрамд өгүүлэхэд, түүнд Су.Батболдын орыг залгаж, Нийслэлийн Засаг даргын сэнтийд сонирхол байхгүй гэх яриа гарсан. Учир нь тэрбээр ирэх 2020 оны УИХ-ын сонгуульд өөрийгөө сойж байж мэднэ. Өөрөөр хэлбэл, хугацаа богино үлдсэн тул улс төрийн салхинд туугдахыг хүсээгүй байх.
Хотын даргын суудал хүү тооцохтой адил биш
НИТХ-ын тэргүүлэгч Б.Батнасан
Энэ эрхэм гахай жилд хорвоод мэндэлсэн болой. Тодруулбал, 1971 он. Шаардлага гарвал энгэрийнхээ халааснаас гаргаж ирээд үзүүлэх дээд боловсролтойг нь гэрчлэх хоёрын хоёр диплом бий. Дээр нь нэмээд Удирдлагын академийн ромбо үзүүлж болно. Ажлын туршлагын тухайд хувиараа бизнес эрхэлж байгаад шууд л компаний дэд захирлаар ажилласан байдаг. Түүний намтрыг сонирхвол “Дэвшил сан” хадгаламж зээлийн хоршоо, “Алаг-Уул ган” ББСБ гээд дандаа д бэлэн мөнгө эргэлдэж байдаг санхүүгийн байгууллагууд нь анхаарал татах юм гээч. Гэхдээ түүнд улстөрчийн хийгээд төрийн албаны туршлага бий. Улс төрч болох гараагаа улс төрийн албан тушаал болох БГД-ийн Засаг даргын туслах улмаар БХД-ийн ЗТДГ-т Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга, БХД-ийн Засаг даргаар ажиллаж байсан. Бас болоогүй БХД-ийнхээ Улаанзагалмайн хорооны тэргүүнээс авахуулаад БХД-ийн МАН-ын хорооны дэд дарга, нийслэлийн МАН-ын хорооны гишүүн, МАН-ын Бага хурлын гишүүн гээд намын анхан шатнаас дээд шат хүртлээ улстөрчийн хувьд гэрлийн хурдаар өсч яваа идэр эр. Гэсэн хэдий ч хотын даргын суудал руу зүтгэх цаг нь арай л болоогүй нөхөр. Насны хувьд ойртож мэдэх ч Улаанбаатар хэмээх их айлыг авч явна гэдэг ББСБ ажиллуулан хүүгийн хүү тооцож суухтай адил биш хэмээн намынх нь нөхөд дүгнэж байна лээ.
“Захирал” Б . Цолмон
НИТХ-ын төлөөлөгчдийн дийлэнх нь идэр насныхан. Тэдний нэг нь Б.Цолмон. Германд боловсрол эзэмшсэн нэгэн. Бүр болоогүй улс төр судлаачаар. Гэхдээ мань эр германы боловсролоо голсон уу эсвэл монголынхоо их, дээд сургуулийн дипломыг илүүд үзсэн үү Их засаг их сургуулийн босгыг алхаж төгссөн байдаг. Түүний ажилласан байдлыг сонирхсон хэн бүхэн “хөөх” гэх байх. Дандаа л аж ахуйн нэгжийн захирал. Тодруулбал, 2003 оноос “Орифлэйм” ХХК-ий захирал, ”Ориент энержи групп”, “Пауэрложистикс”, Аз хийморийн хишиг”, “А1групп” ХХК-ий захирал гэх мэтчилэн хөврөх авай. Харин төрийн албанд зүтгэсэн нь ердөө хоёрхон жил. 2013-2015онд УИХ-ын тамгын газарт УИХ-ын гишүүний бие төлөөлөгч. Түүнийг Сумъяабазарын хүн гэж хэлж болох байх. Учир нь тэрбээр СХД-ийн ИТХ-ын төлөөлөгчөөр 2008-2016 онд ажиллаж байгаад 2016 оноос НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа нөхөр. Түүний нийгэм рүү, дүүрэг рүүгээ цаашлаад нийслэлийн хөгжил цэцэглэлтийн төлөө хийсэн ажил нь одоогоор олонд хүрээгүй байгаа тул сонгинохайрханчууд л түүнийг таних байх. Тиймээс асуудал ойлгомжтой.
Хотын даргын суудлыг зүүдлээгүй яваа болов уу
НИТХ-д бага ангийн багш мэргэжилтэй ганцхан хүн байдаг. Тэр нь мэдээж Д.Мөнхжаргал. Хашсан ажил, нийгмийн сайн сайхны төлөө сэтгэл оюунаа зориулж яваагаараа тэрбээр НИТХ-ын төлөөлөгч дундаа дээгүүр жагсах юм билээ. Тэрбээр НИТХ-ын Нийгмийн хөгжлийн хороог тэргүүлдэг. Боловсролын хувьд ч боломжийн. Багшийн коллеж, СӨБ-ын дээд курс, МУБИС, гадаад хэлний “Онол” дээд сургууль, Хүний нөөцийн боловсролын институт, DUKSUN WOMENS university гэх мэтчилэн. Ганц өө хэлэхэд, мэргэжлээрээ маш цөөхөн жил ажилласан. Нөгөөтэйгүүр, энэ бүсгүй 2016 оноос улс төр сонирхож эхэлсэн юм билээ. Гэхдээ амжилттай. НИТХ-ын төлөөлөгчөөр 2016 оноос ажиллаж буй. Бас болоогүй, БГД-ийн МАН-ын 121 үүрийн дэд даргын сонгуультай. Шуудхан хэлье. Одоохондоо мань хүн хотын даргын суудлыг зүүдлээгүй л яваа болов уу. Нийслэлийн иргэд ч хүлээн зөвшөөрөхгүй байх.
Маргаашийн дугаарт үргэлжлэлийг уншаарай
2024 оныг чухалчлах НИТХ-ын тэргүүлэгч Н.Батсүмбэрэл
Баянхонгор аймгийн уугуул энэ залуу монгол хүний цагаахан хөөрүү зангаар “Манай аймгаас улсын маань Ерөнхийлөгч тодорсон юм “ хэмээн тэрүүхэндээ хөөрцөглөдөг байж мэднэ. Тэрбээр Түүх-нийгмийн ухааны багш мэргэжилтэй. Гэхдээ мань эр мэргэжлээрээ нэг өдөр ч ажиллаагүй юм билээ. Бас аймагтаа ч очоогүй. Намтар нь үүнийг хэлж өгсөн хэрэг. Батсүмбэрэл ажил амьдралын гарааг Нийслэлийн МАН-ын хороонд улс төрийн ажилтнаас эхэлж, Ерөнхийлөгчийн тамгын газарт референт, Нийслэлийн МАН-ын хороонд улс төрийн ажилтан, НАМЗХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, МҮХАҮТ-д хэлтсийн дарга, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч, МАН-ын улс төрийн бодлогын ахлах ажилтан, “Монгол наадам” цогцолбор ОНӨТҮГ-ын даргаар тус тус ажиллаж байгаад 2016 оноос Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч улмаар 2008-2012,2016 оноос НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байгаа аж. Эдүгээ хашиж буй албан тушаалын тухайд мэдээлэл алга. Тэгэхээр анхаарлаа тойрог руугаа хандуулахаар бүхнээс өөрийгөө чөлөөлсөн байж болох юм. Бас болоогүй МАН-ын Бага хурлын гишүүн, НАМЗХ-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Монголын багш нарын холбооны дэд ерөнхийлөгч ч гэж байгаа. Улс төрчийн тухайд анхан шатнаас намынхаа удирдах түвшинд бүхий шат дамжлагад сэтгэл оюун, хүч чадлаа дайчлан ажилладаг учраас ийм амжилтад хүрч чадсан биз ээ. Гэхдээ тэр өсч дэвшиж яваа улстөрчийн хувьд эдүгээ Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх хэмжээний хүн болтлоо туршлага хуримтлуулсан гэж үзэхгүй байгаа болов уу. Учир нь түүнд 2020 бус 2024 оны УИХ-ын сонгууль чухал байж мэдэх юм.
Магтуулсан, шоглуулсан хоёр нь тэнцсэн төлөөлөгч
Нийслэлийн Засаг даргын орлогч, П.Баярхүү
Олны танил, тэдний хайр хүндэтгэлийг нэгэн цагт хүлээж явсан кино жүжигчин, ТВ-ийн найруулагч энэ эрхэм улс төрд мөрөө гаргаад төдийлөн удаагүй ч улстөрчдийн үе үехэн эдэлдэг бүхий л зовлонг эдэлсэн. Хийсэн ажлынхаа үр дүнг харж амжаагүй байхад л атаархлын салхи хийсгэж одох нь бий. Хэвлэлээр магтуулсан, шоглуулсан хоёр нь ер нь тэнцэж байх вий. Гэхдээ тэр аливаад бууж өгч байсан удаагүй нь сайхан даа. Нөгөөтэйгүүр, П.Баярхүү амьдралыг өөрийнхөө бүтээж, өөрийнхөөрөө туулж яваа нэгэн. Боловсрол мэдлэгийн тухайд ч бусдаас дор орохгүй. Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын “Adgware Akademy” төгссөн. Эрхзүйч мэргэжилтэй. Манай улстөрчдийн дийлэнх нь эрхзүйч мэргэжилтэй байдаг юм билээ. Энэ мэргэжлээ эх орондоо эзэмшсэн. Нөгөөтэйгүүр, түүний амьдрал дандаа дардан замаар жирийлгээгүй. Харийн нутагт хүнд хөдөлмөр эрхэлж ар гэрээ тэжээхийн зовлонг тэрбээр биеэр эдэлсэн цөөн улстөрчийн нэг. Магадгүй цорын ганц нь ч байж мэднэ. Тэр хэрээр П.Баярхүү эгэл жирийн иргэдэд ойр байдаг байж мэднэ.Нийслэлийн Засаг даргын орлогчоор ажилласан хугацаандаа эрхлэх үүргийнхээ хүрээнд цаашлаад нийгмийн сайн сайхны төлөө чамгүй зүйлийг хийснийг нь түмэн мэдэх учраас энд нурших нь илүүц. Залуу хүн гэж л өөлөхгүй юм бол түүнд нийслэлийг авч явах амьдралын ухаан бий. Дадлага туршлага ч сууж байгаа байх. Өөрийнх нь эр зориг, сэтгэлийнх нь дуудлага хэрэг билээ.
Баруун жигүүрийн төлөөлөгч С.Мөнхчулуун
Нийслэлийн баруун жигүүрийн төлөөлөгч тэрбээр сарын гаруйн дараа дөчин насны босго алхана. Дөрөө дарсан ат, дөч хүрсэн эр гэдэг дээ. Мөн ирэх сонгууль гэхэд намтарт нь доктор гэх цол хэргэм нэмэгдэж бичигдэх буй за. Учир нь мань эр доктор цол хамгаалахаар сурч байгаа юм билээ. Нэгэнтээ хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа “Герман улсад номын мөр хөөсөн хугацаа богино ч гэлээ нүдийг минь нээсэн он жилүүд байсан” хэмээн дурссан байв. Тэр ер нь нийслэлтэй ажил амьдралаараа гүн бат холбогдсон нэгэн аж. Ажил амьдралынхаа гарааг Нийслэлийн өмчийн харилцааны газарт бүртгэлийн мэргэжилтнээр ажиллаж байгаад мөн газартаа Төр, хувийн хэвшлийн концессийн хэлтсийн дарга, СХД-ийн ЗДТГ-ын тамгын газрын даргаар тус тус ажилласан нөхөр. Улстөрийн сонгуульт ажлын тухайд СХД-ийн МАН-ын хорооны дэд дарга, МАН-ын Бага хурлын гишүүн, Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга, эдүгээ НИТХ-ын Хууль зүй, төрийн байгуулалтын хорооны даргаар ажиллаж буй. Шулуухан хэлье. Түүнийг журмын нөхөд ч Засаг даргад нэрийг нь дэвшүүлэхгүй биз, өөрөө ч дэвшинэ гэхгүй биз.
Боловсролтой, эмэгтэй гэх шалгуур тавигдвал ч…,
НИТХ-ын тэргүүлэгч гишүүн С.Эрдэнэтуулыг хэний охин болохыг уншигч та гадарлаж буй за. Түүний аав улстөрч, бизнесмен Д.Сайхансамбуу. Сайн эцгийн нөмөр нөөлөг, алсыг харсан ухааны цараар дэлхийд нэртэй их сургуульд боловсрол олж авсан цөөн эмэгтэйчүүдийн нэг. Хүүхэд 15-хан насандаа гэрээсээ гарч номын мөр хөөсөн гэх утгаараа амьдралд маш эрт биеэ даасан гэж дүгнэж болно. Мөн л ИБУИНВУ-ын Оксфорт Брууксын их сургуулийг дүүргэсэн нэгэн. Түүний монгол хүний амьдрал, ахуй орчин, бизнесийн ертөнцтэй танилцах аялал аавынх нь түүний нэр дээр байгуулж өгсөн “Нарантуул” зочид буудлын менежерээс эхтэй. Улмаар “Голомт” банкны картын төвд мэргэжилтнээр хэсэг ажиллаад Гадаад харилцааны яаманд хэвлэл мэдээллийн аташшегаар ажилласнаар Монголын төрд хүчээ өгч эхэлсэн байдаг. Эдүгээ С.Эрдэнэтуул Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн даргаар ажиллаж буй. Мөн нийслэлийн хамгийн олон хүн амтай БЗД-ийн XIY тойргийн сонгогчдыг нийслэлд төлөөлдөг. Боловсролтой дээр нь эмэгтэй хүн нийслэлийг авч явна гэсэн шалгуур тавигдах аваас С.Эрдэнэтуул нэрээ дэвшүүлж болох л юм.Бурхан мэдэх хэрэг. Дэмжлэг авч чадвал сайн л байна. Ар талд нь Сайхансамбуу гэх үхэхээс бусдыг үзсэн хөгшин бурхи чиглүүлээд өгөх биз.
Харвардын их сургуулийн судлаач багш Ц.Байгальмаа
Энэ сайхан эмэгтэйн намтрыг уншиж суух мөчид дэлхийд Монголынхоо нэрийг гаргаад докторынхоо ажлыг хийгээд сууж байхгүй гэх харуусал яагаад ч юм надад төрсөн. Одоо тэр эрдмийн ажлаа улс төрөөр солив бололтой. Чухам яагаад гэдгийг Ц.Байгальмаа өөрөө л хариулах байх. Түүний ажилласан байдлыг сонирхох аваас дэлхийд нэртэй их сургуулиудад л багшлаад амжиж, Сайхан мэдээлэл байгаа биз. Японы Шизуокагийн их сургуульд төр, хувийн хэвшлийн хамтарсан инноваци хөгжүүлэх дэд төслийн удирдагч, мэдээлэл технологийн багш, АНУ-ын Харвардын их сургуульд судлаач багшаар ажиллаж байгаад МАН-ын дэргэдэх судалгааны тинк-танк байгууллага “Стратеги Академи” ТББ-д эрдэмтэн нарийн бичгийн дарга, “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалыг дэмжих хөтөлбөр II үе шатыг хариуцсан удирдагч гээд үзэхээр түүнтэй боловсрол мэдлэгээрээ өрсөлдөх төлөөлөгч ховор байж ч мэднэ. Гэхдээ туршлага гэж зүйл бий. Аж ахуйн нэгж удирдах, ажил амьдралын эс ширхэг бүрийг мэдэрч, түүндээ гарц хайх гэдэг номын хуудас эргүүлж онол ярихаас тэс өөр зүйл байхыг үгүйсгэх аргагүй. Гэхдээ 50 хүрч яваа эмэгтэйн амьдралыг харах өнцөг өөр гэдгийг надаар хэлүүлэх юун. Ямартай ч сэтгэлийн хөөрөлд авсан босч харайхгүй л болов уу. Төрд эмэгтэй хүний торгон мэдрэмж байсхийгээд хэрэг болж ирснийг бидний түүх гэрчилнэ дээ.

Улс төр
Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ

2022 онд Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх дэлхийн үнэт өв, түүх, соёлын дурсгалт газар Орхоны хөндийд шинэ Хархорум хотыг сэргээн байгуулах зарлиг гаргасан.
Монголчуудын түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийн илэрхийлэл болсон Төрийн далбааг Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д өнө мөнхөд мандуулах ёслолоор Хархорум хотын бүтээн байгуулалт эхэллээ.
Ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож хэлсэн үгэндээ, монгол түмний ариун гал голомт болох Орхоны хөндийд Хархорум хотыг бүтээн байгуулахдаа сурвалж бичиг, археологийн олдвор, нотолгоонд тулгуурлан 800 гаруй жилийн тэртээх дүр төрх, Их хаадын сүр хүчийг шингээх ёстойг онцоллоо.
Мөн авто зам, төмөр зам, нисэх буудал, ус, дулаан, цахилгаан, хог хаягдал боловсруулах үйлдвэр, цэвэрлэх байгууламж, ногоон бүс, хөдөө аж ахуйн кластер, гол, нуурыг сэргээх зэрэгт нэн тэргүүнд анхаарах шаардлагатайг тэмдэглэв.
Цаг хугацаа, хөрөнгө, хүч хөдөлмөр шаардах бүтээн байгуулалтад төр, засаг, хувийн хэвшил, түмэн олноороо нэгдэж, нэгэн үзүүрт сэтгэлээр Хархорум хотоо сэргээн байгуулах үйлсэд идэвхтэй оролцохыг уриаллаа.
Тэрбээр Хархорум хотын ногоон байгууламжийн ажилд сэтгэл зүрхээ зориулан, идэвх санаачилга гарган, хөрөнгө зарцуулсан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.
Хархорум хотыг бүтээн байгуулах хүрээнд нийт 1,500 га талбайд нэг сая гаруй шилмүүст болон навчит мод, сөөг тарьж ургуулна.
Сүүлийн сар гаруйн хугацаанд төр, хувийн хэвшил, түүний дотор уул уурхай, ойн болон модны салбарын 40 гаруй байгууллага, аж ахуйн нэгжийн 800 гаруй хүн 550 гаруй мянган мод тариад байна.
“Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д гэхэд л төр, хувийн хэвшил хамтран 11 мянган ширхэг мод тарин, 13 мянган кв.м авто зогсоол, 11 мянган кв.м явган зам тавьж, цахилгаан, гэрэлтүүлэг, худаг, усжуулалт зэргийг шийджээ.
Шинэ Хархорум хотод 500 мянган хүн оршин суух бөгөөд 285 мянган ажлын байр бий болж, үүнийг даган бүс нутгийн хөгжлийг тэтгэх хот болно гэж тооцоолж байна.
Төр, захиргааны болон олон улсын байгууллага, гадаад улс орнуудын Дипломат төлөөлөгчийн газар төвлөрсөн, нийгэм, эрүүл мэнд, дэд бүтэц, өндөр технологийн үйлдвэрлэл, орон сууц, соёл, урлаг, аялал жуулчлал, ногоон байгууламж, бусад үйлчилгээ хөгжсөн ухаалаг хот байхаар төлөвлөсөн.
Тухайлбал, хотын нийт талбайн 50 хувь нь ногоон байгууламж, 30 хувь нь барилгажих талбай, 20 хувь нь авто зам байх юм.
Хот байгуулахтай холбоотойгоор Өвөрхангай, Архангай аймгийн нутаг дахь Орхоны хөндийд 189 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд аваад байна.
Хархорум хот нь түгжрэл, агаар, ус, хөрсний бохирдол гээд нийгэм, эдийн засаг, иргэдийн ахуй амьдрал, эрүүл мэнд зэрэгт сөргөөр нөлөөлж байгаа хүн амын төвлөрлийг задлах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдүүлэх, нийгмийн суурь үйлчилгээг хангах, суурьшлын шинэ бүсүүд бий болоход томоохон хувь нэмэр оруулна.
Улсын Их Хурал Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хууль баталж, Засгийн газар Хархорум хотын Захирагчийн Ажлын алба, Хотын болон Эрдэмтдийн зөвлөл ажиллуулж байна.
Одоогоор “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-гээс гадна “Мэдээлэл, сурталчилгааны цогцолбор” байгуулж, Хөгшин Орхон гол, Хэлтгий цагаан нуур, эртний нийслэлийн туурийг сэргээн, хотын бүтээн байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг боловсруулж байгаа юм.
Шинэ Хархорум хотод ногоон байгууламж барих эхний шатны ажилд:
1. “Эрдэнэс Тавантолгой” ХК
2. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ
3. “Эрдэнэс алт ресурс” ХК
4. “Эрдэнэс Монгол нэгдэл”
5. “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ
6. “Энержи ресурс” ХХК
7. “Шивээ овоо” ХХК
8. “Багануур” ХК
9. “Бороо гоулд” ХХК
10. “Оюу толгой” ХХК
11. “Болд төмөр ерөө” ХХК
12. “Саусгоби сэндс” ХХК
13. “Платинум ланд” ХХК
14. “Бадрах энержи” ХХК
15. “Дархан төмөрлөгийн үйлдвэр”
16. “Тэрбум мод” сан
17. Шүүхийн шинжилгээний ерөнхий газар
18. “МИАТ” ТӨХК
19. “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэг
20. “Монголын төмөр зам” ТӨХК
21. “Тавантолгой төмөр зам” ХХК
22. “Хархорин” цахилгаан түгээх сүлжээ
23. Зэвсэгт хүчний Жанжин штаб
24. Хил хамгаалах ерөнхий газар
25. Дотоодын цэргийн штаб
26. Онцгой байдлын ерөнхий газар
27. Цагдаагийн ерөнхий газар
28. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
29. Төрийн тусгай хамгаалалтын газар зэрэг байгууллага, аж ахуйн нэгж хувь нэмрээ орууллаа.
Улс төр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

Монгол Улсад Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярыг “Хүүхэд-Хайр-Ирээдүй” сэдвийн хүрээнд орон даяар тэмдэглэж байна. Хүндэтгэлийн чуулга уулзалт Төрийн ордонд болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 100 жилийн ойн баярын мэндийг Засгийн газар, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн нэрийн өмнөөс дэвшүүллээ.
Өнгөрсөн хугацаанд Монгол Улстай бүх талаар хамт байсан НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, ДЭМБ, Японы Хүүхдийг ивээх сан, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага, Дэлхийн зөн, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Европын холбоо, Гүүд Нейборс, Монголын Улаан загалмайн нийгэмлэг болон олон улсын хүмүүнлэгийн бусад байгууллагууд, Элчин сайдын яамдад онцгойлон талархал илэрхийлээд Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байгааг онцлов.
1925 оны тавдугаар сарын 8 буюу 100 жилийн тэртээх энэ өдөр их зохиолч Дашдоржийн Нацагдорж 19 настайдаа “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо”-г санаачилсан нь Монголын хүүхдийн төлөө байгууллага, хөдөлгөөний эхлэл болсон. Тиймээс Хүүхдийн байгууллага, хүүхдийн хөдөлгөөн бол шинэ Монгол Улсын соёл, гэгээрлийн үндэсний сэргэн мандалтын нэгэн давалгаа болсон.
Монгол Улс эх орны дайны хүнд бэрх он жилүүд буюу 1940-өөд оноос анхны хүүхдийн зусланг байгуулж, 1951 онд Хүүхэд залуучуудын театр, 1957 онд Залуу байгальчдын төв станц, 1958 онд Монголын пионер сурагчдын ордон, 1969 онд Хүүхэд залуучуудын парк, 1975 онд Залуу техникчдийн ордон, 1978 онд Олон улсын “Найрамдал” төв зэрэг хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжсэн томоохон бүтээн байгуулалтуудыг хийсний зэрэгцээ өсвөр үеийнхний хүмүүжил, төлөвшлийг “Бүх нийтийн үйлс” болгож, хойч үедээ анхаарал хандуулж байсан түүхтэй.
1980-аад оны сүүлч, 1990-ээд оны эхэн үед өрнөсөн нийгмийн шилжилтийн нөлөөгөөр хүүхдийн байгууллага, хөдөлгөөний үйл ажиллагаа доголдсон ч төрөөс тавих анхаарал сулраагүй. Монгол Улс 1990 онд Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцид нэгдэн орж, хүүхдийн эрхийг төрөөс хангах, хамгаалах үүрэг хүлээж, хүүхдийн төлөө үйл ажиллагааны үндэсний механизмыг бүрдүүлсэн. Улмаар 1995 онд Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийг байгуулж, 1996 онд анх удаа Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуультай болж, хүүхдийн үндсэн эрхийг хангах эрх зүйн орчныг бүрдүүлсэн зэргийг Ерөнхий сайд цохон тэмдэглэв.
Засгийн газар 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлаж, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдаж, шаардлагатай байгаа 200 сургууль, цэцэрлэг, дотуур байрны асуудлыг 2026 оны төсөв болон төр хувийн хэвшлийн түншлэлээр бүрэн шийдвэрлэхээр болсон.
Өнөөдөр бид хамтдаа хүүхэд хамгаалал, хүүхдийн хөгжлийн цогц ажлын төлөвлөгөөг олон улсын байгууллагуудтай хамтарч боловсруулах, хүүхдийн төлөө хөрөнгө оруулалтыг төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагаагаар нэмэгдүүлэх, хүүхдийн төлөө байгууллагуудын хамтын ажиллагаа, ойлголцол, харилцан итгэлцлийн тогтолцоог сайжруулах, хүүхдийн оролцооны байгууллагыг чадавхжуулах, хүүхдийн сангийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгох, хүүхдийн шинжлэх ухаан, технологийн ордон, хүүхдийн спортын цогцолбор, хүүхдийн урлагийн ордон, дөрвөн улирлын хүүхдийн зуслан, хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвийг бүсчлэн байгуулах зэрэг олон асуудлыг эрэмбэлнэ.
Аль ч улс орны ирээдүй бол хүүхэд. Монголын ирээдүй болсон хүүхдийн төлөө зориулж буй сэтгэл зүрх, цаг хугацаа, хүчин зүтгэл, хамтын ажиллагаа, харилцан ойлголцол бол хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт юм. Тиймээс хүүхдийн хамгаалал, хөгжлийн хөрөнгө оруулалтын харилцааг оролцооны аргаар шийдвэрлэж, хүүхдийн төлөө байгууллагуудын их засвар, хүний нөөцийн асуудлыг цогц байдлаар шийдвэрлэх төлөвлөгөөг бас өнөөдөр хэлэлцэх шаардлагатай байгааг Ерөнхий сайд онцлов.
Хүүхэд бүр цэцэрлэгтэй, хүүхэд бүр сургуультай, хүүхэд бүр зуслантай, хүүхэд бүр хөгжлийн ордонтой байх ёстой. Үүний төлөө Засгийн газар, салбарын яам онцгойлон анхаарч ажиллаж байгааг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан энэ үеэр хэлсэн үгэндээ тодотголоо.
2025 онд Монголын хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жил төдийгүй НҮБ-ийн Хүүхдийн эрхийн конвенцид нэгдэн орсны 35 жил, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийг байгуулсны 30 жил давхар тохиож байна.
Улс төр
Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна

-
Энтертайнмент10 цаг өмнө
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо
-
Эдийн засаг13 цаг өмнө
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа
-
Нийгэм13 цаг өмнө
Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй
-
Нийгэм11 цаг өмнө
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа
-
Нийгэм10 цаг өмнө
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
-
Нийгэм13 цаг өмнө
Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө
-
Нийгэм11 цаг өмнө
Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ
-
Нийгэм13 цаг өмнө
“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно