Улс төр
Б.Лхагважав: Айл өрх бүрийг орон сууцжуулна гэдэг хий хоосон амлалт
Популистууд. Энэ юу гэсэн үг вэ. Үүний хариулт бол МАХН-ынхны хэлж ярьж, хийж буй үйлдэл. Тодотговол, урьдчилгаагүй, хүүгүй зээлээр айл өрх бүрийг орон сууцтай болгоно гэсэн амлалт. Онол, судалгааг үл тоомсорлож, олны сэтгэлийг хөөргөж, тэдний сэтгэл хөдлөлд тулгуурлан элдэв хоосон үгээр нэр хүнд, санал авах гэсэн арга. Амьдралд хэрэгжих боломжгүй хоосон амлалт өгч, түүнийхээ төлөө хариуцлага хүлээдэггүй хүмүүсийг популистууд гэж болно. Популист улстөрчид жирийн хүмүүсийн чихний чимэг болсон цалин тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх, баялгийг тэгш хуваарилах, албан тушаалтны эрх ямбыг хасах, нийгэмд шударга ёс тогтоох зэрэг уриа лоозоц дэвшүүлдэг. Ард түмэн үүнд итгэж явсан үе бий ч одоо бол үгүй. Тиймээс МАХН-ынхан энэ удаад нийгмийн буюу айл өрхийн эрэлт хэрэгцээн дээр тоглолт хийж эхэлсэн. Айл өрх бүр ялангуяа гал голомтоо бадрааж буй залуу хос нэг, хоёр өрөө байртай болохыг хүсдэг ч урьдчилгаа, барьцаа хөрөнгө, батлан даагч, зээлийн хүүнд хүлүүлдэг.
Үе үеийн Засгийн газар гэр хорооллыг орон сууцжуулах зорилгоор олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг ч өнөөдрийн байдлаар хамгийн боломжит хувилбар нь Ипотекийн зээл, түрээслээд өмчлөх явдал юм. Энэ хоёр хэлбэрээр олон айл өрх орон сууцтай болсон. Харин урьдчилгаагүй, хүүгүй зээлээр орон сууцтай болох боломж байсан бол өдийд гэр хороолол гэж байхгүй байх байлаа. Хийсэн бүтээсэн байтугай юу хийж, бүтээх нь тодорхойгүй байдаг популист улстөрчдийн балаг эдийн засгийг сөхрүүлж, улс орныг үймээн самуунд уруу татах хүртэл хор хөнөөлтэй болохыг улс төр судлаачид хэлдгийг санах цаг иржээ.
МАХН-ынхан ард түмний саналыг авахын тулд энэ бүхнийг эхлүүлсэн. Үүнийг бид бус тэд өөрсдөө хүлээн зөвшөөрч “Манай нам сонгуульд ялбал айл өрх бүрийг орон сууцтай болгоно” гэж хэлсэн. Яаж вэ гэдэгт тэд хэрхэн хариулахаа мэдэхгүй байгаа юм. Харин үүнийг эдийн засагчид “үнэхээр инээдтэй, байж боломжгүй асуудал” хэмээн тодорхойлж буй. Цагийн жамаар популистуудын ярьдаг сэдэв цөөрч, хууртагддаг хүмүүс нь багасах байх. Учир нь, популизм тооцоо, судалгаан дээр суурилдаггүй тул хэзээ ч биелэхгүй нь цор ганц үнэн.
МАХН-ынхны ярьж буй асуудлын хүрээнд Бизнесийн ухааны доктор Б.ЛХАГВАЖАВТАЙ ярилцлаа.
ДЭЭРЭМ ХИЙХ Л ЗҮЙЛ ЯРЬЖ БАЙНА
-МАХН-ынхан айл өрх бүрийг орон сууцтай болгох боломжтой талаар ярьж эхэллээ. Хамгийн гол нь урьдчилгаагүй, хүүгүй зээл олгоно гэсэн нь хүмүүсийн анхаарлыг ихэд татаад байна. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?
-Зарим улс орон ард иргэдээ орон сууцжуулах хөтөлбөрийг Үндсэн хуульдаа тусгасан байдаг. Ингэснээр тухайн асуудалд судалгаа тооцоотой ханддаг гэсэн үг. МАХН-ынхны ярьж буй хөтөлбөрийн тухайд санхүүгийн эх үүсвэр бүрдүүлэх нь ямар ч судалгаа, үндэслэлгүй юм билээ. Тэд зүгээр л дээрэм хийх зүйл ярьж байна. 1990 онд бүгдээрээ адилхан гараанаас гарсан. Тухайн үед мал хувьчлах үйл явц өрнөж байсан. Одоо бол орон сууцны бодлогыг төрийн хэмжээнд барих бодлого тасалдаж, чөлөөт зах зээлд орхигдсон. Зах зээлд өнөөдөр орон сууцны эрэлт, нийлүүлэлт хангалттай ч үүний холбоосыг, хэрхэн нийцүүлэхийг шийдэж чадахгүй байна. Одоогоор бариад дуусчихсан, борлогдоогүй 30, 40 мянган байр бий.
Ер нь манай улсад орон сууц барьсны дараа борлуулах, хэрэглэгчдэд хүргэх зэрэг дараагийн үйл явц хоцрогдсон гэж болно. Хожим энэ талд анхаарал хандуулж, Ипотекийн зээл, түрээсийн орон сууц зэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлээд байгаа. Гэхдээ барилгын хувийн компаниуд банк санхүүгийн байгууллагаас зээл авч байж, тухайн орон сууцыг барьж байгаа.
Барилгын салбар ийм системээр явж байхад улс төрийн нэг нам гэнэт гарч ирээд тэдгээр барилгыг иргэдэд хуваарилж, ямар ч үнэ төлбөргүй олгоно гэж байгаа нь өрөөсгөл ойлголт. Эрүүл ухаанаар бодоход ч хэцүү. Тэд барилгын компаниудыг орон сууцаа үнэ төлбөргүй барьдаг гэж ойлгоод байх шиг.
Иргэдийг урьдчилгаагүй, хүүгүй зээлээр орон сууцжуулах боломж яагаад ч байхгүй. Ийм боломжтой байсан бол социализмын үед л бүх айл өрхийг орон сууцтай болгочихсон байх байлаа.
-Тэд санхүүгийн эх үүсвэрийн тухайд тооцоо судалгаа хийсэн, сонгуульд ялчихвал хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэдэг тайлбар хэлээд байгаа. Ер нь манай улс ийм хэмжээний хөтөлбөр хэрэгжүүлэх чадамж эдийн засгийн хувьд бий юү?
-Эдийн засгийн хувьд чадамж байхгүй. 2013-2014 онд гаднын улс орноос авсан их хэмжээний өр зээлийг 2020, 2021 онд төлж барагдуулах ёстой. Ялангуяа ирэх жил сонгуулиар гарч ирсэн улс төрийн ямар ч нам улс орны өмнө асар том хариуцлага хүлээж, их хэмжээний өр зээлийг төлж барагдуулах ёстой болж байна. Ойролцоогоор хоёр тэрбум ам.доллар шүү дээ. Энэ зөвхөн улсын төлөх ёстой зээлийн хэмжээ. Нөгөө талдаа хувийн компаниудын авсан 16, 17 тэрбум ам.долларын өр бий. Энэ бол уул уурхайн компаниуд газрын хэвлийн баялгийг барьцаалж авсан зээлүүд. Тиймээс тухайн компаниуд үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж, өр зээлээ төлж барагдуулах нь улсын төсвөөс ч илүү хүнд ажил болоод байна. Ойрын жилүүдэд улсаас тийм их хэмжээний мөнгө гарах ямар ч боломжгүй. Улс орны боломж нөхцөл, бодит байдал ийм байхад айл өрх бүрийг орон сууцжуулна гэдэг зүгээр л хий хоосон амлалт.
МАХН-ЫНХАН ДЭЭД ШҮҮХЭД ОЧИХ НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛСЭН
-Сонгуульд ялалт байгуулж, төр, засгийн эрхийг авахын тулд иргэдийг төөрөгдүүлж, хий хоосон амлалт өгч буй энэ ёс зүйгүй үйлдэлд хэн хариуцлага тооцох вэ?
-Дээд шүүх. Яагаад гэвэл, Дээд шүүх улс төрийн намуудыг бүртгэн авч, хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр, бодлогыг нь баталдаг. Сонгуулийн тухай хуулиар улсын төсөв, татвар төлөгчдийн мөнгийг барьцаалж, амлалт өгч, сонгуульд өрсөлдөхийг хориглосон байдаг. МАХН-ынхан ийм зүйл амласнаасаа болж Дээд шүүхэд очих нөхцөлийг бүрдүүлээд байна. Улс төрийн сонгуульд өрсөлдөхийн тулд улсынхаа эдийн засгийг “алж” болохгүй шүү дээ. Эдийн засгийн ямар ч судалгаа, эх үүсвэргүй зүйл зарлаж, иргэдийн ядуу, эмзэг байдалд тоглолт хийж буй нь Дээд шүүхээс тухайн намын нэрийг татах үндэслэл болно. Өөрсдөө ийм асуудал үүсгэчихээд шүүхээс эрхийг нь хасахаар эргээд хэрүүл хийх л зохион байгуулалттай зүйл хийгээд байна.
Сонгуулийн өмнө галзуурлын зургаан сар эхэлдэг. Тэр нь эхэлчихсэн байна. Сонгууль болохоос өмнө ямар ч хүний хийж, бүтээсэн зүйлийг харлуулж, өөрөө баатар болох гэж зүтгэдэг. Аль эсвэл хэрүүл хийж, заргалдаж, шүүхдэлцэж тэр хэрээрээ пиараа өсгөх, өрөвдүүлэх янз бүрийн аргыг гарамгай хийдэг. Үүний эхлэлийг МАХН-ынхан тавьж, тайзан дээр гарч ирээд байна.
-Ипотекийн зээлд зарцуулж буй санхүүжилтийг тухайн хөтөлбөр рүү оруулах боломж бий гэдэг зүйлийг хэлж байсан. Ийм боломж бий юү?
-Сонгууль болохоос зургаа, долоон сарын өмнө ийм зүйл болдгийг ард иргэд мэддэг ч нэг хэсэг нь түүнд хууртдаг тал бий. Улсын нийтийн санхүүгийн үндсэн зорилгыг нийгмийн халамж руу чиглүүлэх нь байх ёстой асуудал. Гэхдээ Монголбанк 2013, 2014 онд Засгийн газартай нийлж, бизнес хийх нэрийдлээр Монголбанкны үндсэн концепцын эсрэг Ипотекийн зээл олгосон байдаг. Тухайн үед олгосон хоёр их наяд төгрөг нь одоо Монголбанкны өр болчихсон яваа. Монголбанкны үндсэн алдагдлын гурван их наяд төгрөгийн хоёр их наяд нь Ипотекийн зээлийн өр. Олон улсын валютын сангийнхан үүнийг банкны системийн том гажуудал гэж үздэг. Сүүлийн хоёр жилд Монголбанк тухайн зээлийг зогсоож, Засгийн газар хариуцахаар болсон. Ингэснээр Засгийн газар энэ жил 60, 70 орчим тэрбум төгрөгийн зээл олгож байна.Илүүчилж байгаа нь ердөө л энэ. Гэтэл асар их хэмжээний буюу 12 тэрбум ам.доллар шаардлагатай асуудлыг хийж, хэрэгжүүлэх боломжтой гэж МАХН-ынхны ярьж байгаа нь үнэхээр инээдтэй. Үүний оронд ажлын байр бий болгох ажлыг санаачлах хэрэгтэй л дээ.
ОРОН СУУЦНЫ НӨАТ-ЫГ 100 ХУВЬ БУЦААН ОЛГОХ НЬ БОДИТ АЛХАМ
-Тухайлбал, танд ямар санал байна вэ?
-У.Хүрэлсүх сайдын Засгийн газрын хийж буй ажлуудаас авууштай нэг нь Татварын багц хуулийг баталсан явдал юм. Ингэснээр 2020 оноос 170 мянган компани арав дахин бага татвар төлөх боломжтой болж байна. Үүний цаана хөдөлмөрийн зах зээлд буюу технологи, хүн хүч, нийгмийн асуудалд анхаарч, мөнгө зарцуулах боломж гарч ирж байгаа юм. Эдгээр компанийн идэвхжил, эрчимтэй өрнөлөөр дамжуулж, 1.1 сая ажилчдын нийгмийн асуудлыг шийдэх нь зүйтэй.
Бас нэг бодит амлалт гэвэл, орон сууц худалдан авсан иргэдэд НӨАТ-ыг 100 хувь буцаан олгох явдал юм. Энэ нь цаагуураа барилгын компани, айл өрхийг орон сууцтай болохыг дэмжиж буй хэрэг. Үүнийг Засгийн газар хэрэгжүүлэхэд ямар ч хүндрэл, бэршээл гарахгүй. Эдийн засгийн хувьд ч асуудал үүсэхгүй. НӨАТ-ын систем мөнгөний урсгалын хяналтыг бий болгодог. Ийм маягаар бага багаар гол ажлаа хийхгүй бол хүнд үнэгүй юм өгнө гэж хэзээ ч байхгүй шүү дээ. Үүнд, хууртах хэрэггүй.
Улс төр
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Монгол Улсын Их Хурал 2023 онд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх тухай 64 дүгээр тогтоолыг баталсан билээ.
Уг тогтоолоор Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх үзэл санааг иргэдэд тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулахыг Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсэгт даалгасан юм.
Монгол Улсын Их Хурлын 2023 оны 64 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол орон даяар 21 аймаг, нийслэлийн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн эхний цагийн хичээлийг “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвийн доор байгуулахаар шийдвэрлэсэн.
Энэхүү хичээлийг сурагчдад Үндсэн хуулийн ач холбогдол, Монгол Улсын үндсэн хууль, үндсэн хуульт ёсны хөгжлийг таниулж, тэдний үндсэн хууль, төрт ёсоо дээдлэх, эх оронч үзэл санааны төлөвшлийг дэмжих зорилгоор зохион байгуулах гэж байна. Улс орон даяар нэг зэрэг зохион байгуулах хичээлд ерөнхий боловсролын 885 сургуулийн 26.228 бүлгийн нийт 797.905 суралцагч хамрагдана.
Хичээл 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 08.00 цагт эхлэх бөгөөд нийслэлийн 314, аймаг, сум, багийн 567, бусад 4 сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчид хамрагдах юм.
Бага ангийн сурагчдад заах хичээлийн агуулгад Үндсэн хуулийн тухай, Үндсэн хууль ба бидний эрх, эрх чөлөө, Үндсэн хууль ба бидний үүрэг гэсэн сэдэв багтсан бол, дунд ангийн сурагчидтай Үндсэн хууль гэж юу вэ гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэхээс гадна Монгол улсын Үндсэн хууль, түүний бүтэц, баталсан түүх, хүний эрх, эрх чөлөө, иргэний үндсэн ба журамт үүргийн талаар тайлбарлан таниулахаар хичээлийн агуулгад тусгасан байна.
Ахлах ангийн сурагчидтай Монгол Улсын Үндсэн хууль бидний амьдралд яагаад тийм чухал вэ сэдвээр ярилцан, Монгол Улсын тусгаар тогтнол, Төрийн дуулал, хэн нэгнээс үл хамааран өөрийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хийгээд, Үндсэн хуулиар олгогдсон бусад эрхийн талаар хэлэлцэнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
Улс төр
Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Сандра Шуфани болон Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил, Blackberry компанийн төлөөлөл Мааз Ясин нарыг хүлээн авч уулзлаа.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү “Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хиймэл оюун, их өгөгдөл зэрэг дэвшилтэт технологийг бусад салбарт нэвтрүүлэх, инновац, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зэрэг үндэсний хэмжээний томоохон ач холбогдолтой арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн Кибер аюулгүй байдал, цахим хөгжилд ихэд анхаарч, эрсдэлийн түвшнийг тодорхойлохоор олон байгууллагатай хамтран ажиллаж байна. Мэдээллийн технологийн хүний нөөцийг чадавхжуулах шаардлага их байгаа тул кибер аюулгүй байдлын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд Канадын их, дээд сургуулиудтай хамтрах, хамтарсан хөтөлбөрийг МУИС, ШУТИС дээр түшиглэн байгуулах чиглэлээр хамтран ажиллахыг хүсэж байна. Түүнчлэн цахим эдийн засгийг хөгжүүлэхэд анхаарч, Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, инновацид түшиглэсэн бараа бүтээгдэхүүнийг экспортлох нөхцөлийг бүрдүүлж, УИХ-аас хууль баталсан. Цаашид энэ салбарт хамгийн ээлтэй улс болохыг зорьж байна. 2027 онд Үндэсний хиймэл дагуулаа хөөргөж, сансрын эдийн засгийг хөгжүүлэх амбицтай байна. Мөн дрон туршилтын бүс байгуулах бэлтгэл ажилдаа орсон” хэмээн ярилаа.
Талууд хоёр улсын программ хангамж үйлдвэрлэгч хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа үүлэн тооцоолол чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Хиймэл оюун, их өгөгдөл, машин сургалт гэх мэт орчин үеийн технологийг төрийн үйлчилгээнд ашиглах талаар xамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийг судлан үзэхээ сайд Ц.Баатархүү илэрхийлэв.
Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил “Канадын Засгийн газраас хоёр жилийн өмнө Энэтхэг, Номхон далайн бүс нутаг руу чиглэсэн стратегиа зарласан. Энэ хүрээнд тус бүс нутаг дахь улсуудтай харилцаагаа өргөжүүлэхийг хүсэж байна. Цахим аюулгүй байдал ардчилсан улсуудын хувьд олон сорилтыг дагуулж байна. Энэ чиглэлд Монгол Улсын Засгийн газартай хамтарч ажиллахдаа таатай байх болно. Мөн манай улсын Blackberry компани энэ чиглэлд найдвартай, дэвшилтэт технологийг Засгийн газруудад санал болгож байна” гэж онцоллоо.
Канад Улс нь мэдээллийн технологийн салбарт үндэстэн дамнасан компаниуд болон үндэсний хэмжээний олон компаниудтай. Тэдгээр компаниудыг дэмжин хөгжүүлэх чиглэлээр арвин туршлагатай аж.
“Blackberry” компанийн төлөөлөгч Мааз Ясин “Blackberry компани аюулгүй харилцаа холбоо, цахим аюулгүй байдлын чиглэлд анхаарч ажиллаж байна. Бизнесийнхээ үйл ажиллагааг цахим аюулгүй байдлыг хангахад чиглүүлж, дэвшилтэт технологийг хөгжүүлсэн. Энэхүү технологийг АНУ, GREAT 7, НАТО-тай хамтран ажиллаж байна. Улмаар Азийн цахим хөгжлийг түүчээлэгч улсуудтай хамтрахыг зорьж байна. Ингэхдээ Засгийн газруудад дата мэдээллийн бие даасан байдлыг санал болгож байгаа юм” гэж ярилаа гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
-
Улс төр20 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм22 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент21 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм22 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Энтертайнмент21 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Дэлхий дахинд20 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
-
Нийгэм22 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм22 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна