Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Төрийн дээд цол, одон медаль гардуулаа
Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жил, Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жил, Монгол Улсад геологийн салбар үүсэж хөгжсөний 80 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Төрийн дээд цол, одон медаль гардуулаа.
Төрийн дээд цол, одон медаль гардуулах ёслол Төрийн ордны Ёслол, хүндэтгэлийн их танхимд болж, цол, одон медалийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулав.
Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор
- “Харанга” хамтлагийн гитарчин Яримпилийн Одсүрэн,
Гавьяат жүжигчин цолоор
- “Харанга” хамтлагийн бөмбөрчин Нэмэхийн Пүрэвдаш,
Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор
- Нийслэлийн Хот тохижилтын газрын зам талбайн мастер Дүгэржавын Баянжаргал,
- Зорчигч тээврийн нэгтгэлийн 1 дүгээр баазын автобусны жолооч Эрдэнэхүүгийн Очирхуяг,
- Нийслэлийн Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын машинист Жамсрангийн Сүхбаатар,
- Нийслэлийн Хот тохижилтын газрын хог тээврийн машины жолооч Дуламсүрэнгийн Шаравдорж,
- Ус сувгийн удирдах газрын бохирын шугамын засварчин Уртнасангийн Эрдэнэтуяа нарыг шагналаа.
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор
- Уул уурхайн сайдын зөвлөх Дашийн Бат-Эрдэнэ,
- Засгийн газрын хэрэг эрхлэх газрын ахлах референт Дамбийсүрэнгийн Болд,
- “Минторес” ХХК-ийн “Эргэлийн зоо-50” төслийн ахлагч Шагдарсүрэнгийн Доржсүрэн
- “Гурван үндэс” ХХК-ийн зөвлөх геологич Гүнчингийн Дэжидмаа
- Геологийн төв лабораторийн ахмад ажилтан Өсөхбаярын Доржханд нар шагнагдав.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан иргэдэд Монгол Улсын Төрийн дээд одон медаль гардуулах зарлиг гаргасан юм. Тэдний төлөөлөл болох дараах хүмүүст Төрийн дээд одон медаль гардууллаа.
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор
- “Мон Мед Комплекс” ХХК-ийн ерөнхий захирал Норовдондогийн Жамсран
Алтан гадас одонгоор
- МУИС-ийн геологи, геофизикийн тэнхимийн багш Норовын Байгалмаа,
- Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны ахмад настан Батдоржийн Бямбацэрэн,
- Төв аймгийн Баянчандмань сумын цэцэрлэгийн эрхлэгч Цэмбэлийн Долгормаа,
- “Энх титэм” Өрхийн эрүүл мэндийн төвийн ахлах сувилагч Төмөрийн Мөнгөнцэцэг,
- Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны ахмад настан Жамбацэрэнгийн Нармандах,
- Хүүхдийн урлан бүтээх төвийн захирал Чулуунбатын Отгонгэрэл,
- Нийслэлийн Сонгинорхайрхан дүүргийн 20 дугаар хорооны иргэн Бат-Өлзийн Хандсүрэн нарыг тус тус Алтан гадас одонгоор шагналаа.
Шударга журам медалиар
- Нийслэлийн Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны иргэн Лхагвасүрэнгийн Отгонбаярыг шагнав.
ТӨРИЙН ДЭЭД ЦОЛ, ОДОН МЕДАЛИАР ШАГНАГДСАН ЭРХМҮҮДЭД БАЯР ХҮРГЭЖ, МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:
Манлайлагчид аа, ажил үйлсээрээ хошуучлагчид аа,
Өнөөдөр Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ойг тохиолдуулан олон жил эрхэлсэн ажил үйлсээрээ манлайлж, үр бүтээлтэй ажилласан хөдөлмөрийн хошуучлагчид, авьяастнуудад төрийн дээд цол, одон медаль гардууллаа.
Нийслэлийн хот тохижилтын газрын зам талбайн мастер Дүгэржавын Баянжаргал нь 1984 оноос хойш хүнд хэцүү нөхцөлд шантрахгүй, идэвх зүтгэлтэй, тогтвор суурьшилтай ажиллаж, зам талбайн үйлчилгээг хариуцан, автозамыг өдөрт 2-3 удаа цэвэрлэх, хог хаягдлыг цаг хугацаанд нь ачуулах, өвлийн улиралд халтиргаа гулгаа үүсэхээс хамгаалан арчлалт хийх зэргээр үйлчилгээний салбарт 35 жил үр бүтээлтэй ажиллажээ.
Мөн Нийслэлийн хот тохижилтын газрын хог тээврийн машины жолооч Дуламсүрэнгийн Шаравдорж нь хог тээвэрлэх, нийслэлийн цэвэр цэмцгэр байдал, өнгө төрхийг нэмэгдүүлэхийн төлөө уйгагүй хөдөлмөрлөж, улсад 42 жил ажиллах хугацаандаа 120 гаруй жолоочийг халамжлан хүмүүжүүлж, сурган дадлагажуулжээ.
Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын машинист Жамсрангийн Сүхбаатар нь шугам сүлжээ, тоног төхөөрөмж, ус дулааны худагт үзлэг хийж илэрсэн зөрчлийг цаг алдалгүй засварладаг чухал үүрэгтэй ажил гүйцэтгэж, өрхийн усны алдагдлыг бууруулж, засвар үйлчилгээ хариуцах зэргээр 34 жил ажиллажээ.
Ус сувгийн удирдах газрын бохирын шугамын засварчин Уртнасангийн Эрдэнэтуяа 1982 оноос хойш хог, лагтай бохирын шугам хоолой, худгийн эвдрэл, гэмтлийг засварлаж энэ ажлаа тасралтгүй 37 дахь жилдээ гүйцэтгэж байна.
Зорчигч тээврийн нэгтгэлийн 1 дүгээр баазын автобусны жолооч Эрдэнэхүүгийн Очирхуяг 1987 оноос хойш 32 жил нийтийн тээврийн салбарт тасралтгүй ажиллахдаа осол, авааргүй иргэдийг тээвэрлэн ажил мэргэжилдээ эзэн болсон үлгэр жишээ жолооч юм.
Эдгээр манлайлагчид нийслэлийн оршин суугчдын тав тух, амгалан байдлыг хангахын төлөө олон жил идэвх зүтгэлтэй, үр бүтээлтэй ажилласны учир Нийслэлийн түүхт ойгоор төрийн дээд цол шагналыг хүртээж байна.
Та бүхэнд баяр хүргэе.
Мөн геологийн салбарын түүхт 80 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол олгуулахаар салбарын удирдлага, хамт олны зүгээс тодорхойлсон хүсэлтийг ёсоор болголоо. Эх орныхоо эрдэс баялгийг судлах, шинжлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, олон жилийн үр бүтээлтэй ажлаа үнэлүүлж зогсоо та бүхэнд дахин баяр хүргэе.
Энэ өдрүүдэд 30 жилийн ойгоо тэмдэглэж байгаа “Харанга” хамтлагийн хөгжимчин, ая зохиогч Яринпилийн Одсүрэн Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, бөмбөрчин Нэмэхийн Пүрэвдаш Монгол Улсын Гавьяат жүжигчин цолоор шагнагдаж байна. Монголын ард түмний сэтгэлд хоногшсон олон арван уран бүтээлийн эзэн Харанга хамтлагийнхны хөдөлмөр зүтгэл, авьяас чадварыг үзэгч, сонсогчид бэлхнээ мэдэх билээ.
Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ойн тэмдэглэлт өдөр Баянзүрх дүүргийн иргэн, цагдаагийн бэлтгэл хошууч Л.Отгонбаярыг “Шударга журам” медалиар шагнаж байгааг дуулгахад таатай байна. Бэлтгэл хошууч Л.Отгонбаяр нь иргэний зориг гарган үүргээ чанд ухармсарласны хүчээр бага насны хүүхдийн амь насыг аварсан нь бахархан дуурайх, алдаршуулан тэмдэглэх гавьяат үйлс мөн билээ. Монгол Улсын хамгийн үнэт баялаг болсон бяцхан иргэний амь насыг аварсанд тань онцгойлон талархал илэрхийлье.
Эрхэм гавшгайчид, манлайлагчид аа
Та бүхэнд төрийн цол, одон медаль гардан авсанд тань баяр хүргээд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Манлайлагчдын алдар бадартугай.
Мөнх тэнгэрийн ивээлээр Улсын нийслэл Улаанбаатар хот цэцэглэн хөгжих болтугай” гэлээ.
Улс төр
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Эрхэм хүндэт туурга тусгаар Монгол Улсын ард иргэд ээ,
Та бүхэнд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, ард түмэн засаглах, эрх чөлөөтэй амьдрах үндсийг бүрдүүлсэн анхдугаар Үндсэн хууль батлагдсан 100 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.
Одоогоос 100 жилийн өмнө монголын аймаг, хошууд, ардын цэргийн ангиудаас сонгогдсон 77 төлөөлөгч Улсын Анхдугаар Их Хурлаар чуулж анхны Үндсэн хуулиа 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр баталж Бүгд Найрамдах Улсыг тунхагласан түүх бол бидний бахархал мөн.
Монголчууд дэлхий дахинаа Бүгд Найрамдах улсаа тунхаглаж анхдугаар Үндсэн хуулиа баталснаар зүүн болон төв Азидаа Япон, Хятад улсын хамт Үндсэн хууль бүхий эхний гурван улс болж, тэргүүлж хөтөлсөн түүхтэй. Ийнхүү Бүгд Найрамдах засаглалыг тогтоож, дэлхийн улс орнуудтай хөл нийлүүлж, үндсэн хуульт ёсыг нэвтрүүлж, тивдээ түүчээлсэн нь бидний хувьд үнэ цэнэтэй.
ХХ зууны эхэн үеийн дэлхийн улсуудын байдлыг авч үзэхэд өмнөд хөршид Манж Чин улсын уналт, хойд хөршид Октябрын хувьсгал, Европ тивд улс орнуудын зөрчилдөөн, Дэлхийн I дайн, зарим үндэстний тусгаар тогтнолын төлөөх тэмцэл өрнөж, дайн дажины хурцадмал нөхцөлтэй байсныг та бүхэн мэднэ. Дэлхий дахин амар амгалангүй байсан энэ цаг үед Монголчууд жинхэнэ эрх чөлөөнд хүрэх зорилгоо ахиулж, Бүгд Найрамдах засгаа тунхаглаж чадсан нь үнэхээр бахархалтай үйл явдал.
1924 оны Үндсэн хуулийн улс төр, эрх зүйн ач холбогдол нь төрийн эрх мэдлийг ард түмэнд шилжүүлж, төрийг сонгуульт зарчмаар удирдах тогтолцоог бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөөний талаар зарим дэвшил гарган хуульчилж, Бүгд Найрамдах улсыг тунхаглан зарласанд оршино.
Зуун жилийн өмнө Монголчууд ард түмэн засаглах, төлөөллийн зарчмаар төрийг удирдах, байгалийн баялгийг ард түмний мэдэлд харьяалуулах, улсын бэлгэ тэмдгийг тогтоох, хууль тогтоох байгууллага нь гүйцэтгэх засгаа томилох, хүний үндсэн эрх, эрх чөлөөг баталгаажуулах, нутгийн удирдлагын бүрэн эрхийг тодорхойлох зэрэг олон чухал асуудлыг тунхаглаж байсан нь залгамжлагдаж өнөөгийн ардчилсан Үндсэн хуульд бэхжин төгөлдөржсөөр байна.
Монгол Улс анхдугаар Үндсэн хууль баталснаас хойш 100 жилийн хугацаанд 1940, 1960, 1992 онд Үндсэн хуулиа бүтэц, бичвэр, агуулгын хувьд улам бүр баяжуулан сайжруулсныг та бүхэн мэднэ. Үндсэн хуульт ёсны энэхүү хөгжлийн үе шатад төрт улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг өчүүхэн ч төдий дордуулаагүй нь Монголчууд бидний бас нэгэн бахархах зүйл мөн юм.
Анхдугаар Үндсэн хуульд засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх, төрийн эрх мэдлийн уг сурвалж жинхэнэ ард буюу иргэд байх зарчмыг анх удаа тогтоосон нь дараа дараагийн Үндсэн хуульд бэхжиж, улмаар 1992 оны ардчилсан Үндсэн хуулийн амин чухал зарчмын нэг болсон билээ.
Тиймээс өнөөгийн парламентын засаглал нь геополитик, дотоод улс төрийн нөхцөл байдлын хувьд чухал тогтолцоо бөгөөд үүнийг цаашид улам бүр төгөлдөржүүлэн авч явах ёстой.
2023 онд ардчилсан Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр сонгуулийн холимог тогтолцоонд шилжсэн бөгөөд Монгол Улсын Их Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн дүнд таван намын төлөөлөл бүхий 126 гишүүнтэй парламент бүрдэж олон ургалч үзэл санаа хангагдах нөхцөл бий боллоо.
Шинээр бүрдсэн парламент Үндсэн хуулийн эрхэм зорилгод үндэслэн Стратеги төлөвлөгөөгөө баталсан бөгөөд цаашид хууль тогтоох болон хянан шалгах бүх үе шатад хүн төвтэй үзэл санаанд суурилсан, хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалсан байх агуулга, шаардлага нэн тэргүүнд тавигдана.
Монгол Улсын Их Хурал ардчилсан Үндсэн хуулийн онцгой чухал зарчим болох ард түмэн засаглах Бүгд Найрамдах Улсын эрх зүйн үндсийг тогтоосон анхдугаар Үндсэн хуулийн түүхэн ач холбогдлыг тэмдэглэж, ард түмэн бид бүрнээ дагаж мөрдвөл зохих 1992 оны Үндсэн хуулиа дээдлэн залах тухай тогтоолыг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр баталсныг та бүхэнд дуулгахад таатай байна.
Бид өнөөдөр анхдугаар Үндсэн хуулийн зуун жилийн түүхэн ойн өдөрт гүн хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ цаашид Бүгд Найрамдах ёс, ард түмний засаглал, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг хойч үедээ уламжлан дамжуулах төрийн байгуулалт, төрт ёсыг бэхжүүлэх эрхэм хүндтэй үүргээ нэр төртэйгээр биелүүлнэ гэдэгт итгэл дүүрэн байна.
Та бүхэндээ Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийн зуун жилийн ойн баярын мэндийг дахин хүргэж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.
2024.11.26
Улаанбаатар хот
Улс төр
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
1924 оны 6 дугаар сарын 3-нд хуралдсан Монгол Ардын Намын Төв Хорооны Тэргүүлэгчдийн хурал улс оронд Бүгд Найрамдах засаг тогтоох тухай шийдвэр гаргасныг Төв Хорооны бүгд хурлаар хэлэлцэн баталж, “харьяат Бүгд Найрамдах ардын засгийг явуулж, … улсын бүх дээд эрхийг Улсын Их Хурал, мөн хурлаар сонгогдсон Засгийн газар хадгална” гэж тогтоожээ.
Энэ дагуу БНМАУ-ын Анхдугаар хурал хуралдаж, 1924 оны 11 дүгээр сарын 26-нд Ардын бүрэн эрхт Бүгд Найрамдах Улсыг тунхаглан, анхдугаар Үндсэн хуулиа баталсан билээ.
Уг Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлд: “Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд Найрамдах Бүрэн Эрхт Ард Улс гэж, улсын дээд эрхийг жинхэнэ ардад эдлүүлэн, улсын аливаа хэргийг Улсын Их Хурал, тус хурлаар сонгогдсон Засгийн газраас гүйцэтгэн шийтгүүлэх явдлыг нийтээр сүсэглэн дагавал зохино” хэмээн заажээ.
Ийнхүү манай улс ХХ зууны хүн төрөлхтний улс төрийн дэвшилтэт үзэгдэл-Бүгд Найрамдах байгуулалд шилжин орсон Ази тивийн анхны улсын нэг болжээ. Мөн Монгол Улс түүхэндээ анх удаа Бүгд Найрамдах байгууллыг тунхагласан Үндсэн хуультай болсон байна.
Түүх сөхвөл анхны Үндсэн хуулийг боловсруулах ажлын хэсэг байгуулах шийдвэрийг Ардын Засгийн газар, Монгол Ардын Намаас 1922 оны 5 дугаар сарын 19-нд гаргаж, тус ажлын хэсгийн даргаар Шүүх яамны сайд, хурц гүн Магсаржавыг томилжээ. Улмаар 1922 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Ардын Засгийн газрын 39 дүгээр хурал тэрхүү комиссын ажилтай холбогдуулан гаргасан тогтоолдоо: “Үндсэн хуулийг ардын эрхт хэмжээт цаазат Англи мэт улсын хуулиас товчлон авч, эдүгээгийн явуулан буй засгийн байдалд нийцүүлэн зохиовол зохино” хэмээн заасан байдаг.
Уг ажлын хэсэг Зөвлөлт Орос Улс, АНУ, Япон, Бельги зэрэг улс орнуудын Үндсэн хуулиудыг орчуулж, судалж байсныг хөрөнгөтөн орнуудын Үндсэн хуулиудыг хуулах нь гэсэн үндэслэлээр 1922 оны 12 дугаар сард татан буулгажээ. Харин 1924 оны 9 дүгээр сарын 23-нд Ардын Засгийн газрын Ерөнхий сайд Б.Цэрэндоржоор ахлуулсан Үндсэн хууль боловсруулах комисс байгуулжээ.
Улсын анхдугаар Их Хурал 1924 оны 9 дүгээр сарын 8-нд Нийслэл хүрээнд эхэлж, халхын дөрвөн аймаг, Дөрвөдийн хоёр аймаг, Алтай ба Хөвсгөлийн Урианхай хошууд, Дарьганга, Ховдын тариачин хошуу болон ардын цэргийн ангиудаас нийт 90 хүн Их Хуралд төлөөлөгчөөр сонгогдсоноос 77 төлөөлөгч нь оролцжээ. Анхдугаар Их Хурлаар олон чухал асуудал хэлэлцэж шийдвэрлэсний дотор анхдугаар Үндсэн хуулийг 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр санал нэгтэй баталжээ.
Хуудас бүр дээр нь “Ардын эрхт Монгол Улсын Хурлын тамга” гэсэн дөрвөлжин тамга дарсан Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийн 18 хуудас эх бичиг, тус Үндсэн хуулийн зүйл заалтыг тайлбарласан 72 хуудас тайлбар сэлтийн хамт эдүгээ Архивын ерөнхий газрын сан хөмрөгт хадгалагдаж байна.
Анхдугаар Үндсэн хуулийн эх бичгийн сүүлийн хуудаст “Монгол Улсын 14 дүгээр оны 10 сарын 30 бөгөөд аргын улирлын 11 сарын 26-ны өдрийн үдийн хойт 4 цаг 17 минутад энэхүү Үндсэн хуулийг Улсын анхдугаар Их Хурлын 14 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлд батлав. Хурлын дарга Жадамба, дэд дарга Бадрах, нарийн бичгийн дарга Гэлэгсэнгэ, Дугаржанцан” хэмээжээ.
Монгол Улсын анхны Үндсэн хууль нь 6 бүлэг, 50 зүйлтэй. Анхны Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлд “Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд найрамдах Бүрэн эрхтэй Ард улс хэмээж, улсын дээд эрхийг жинхэнэ ардад эдлүүлэн, улсын аливаа хэргийг Улсын Их Хурал ба мөн хуулиар сонгогдсон Засгийн газраас гүйцэтгэн шийдвэрлүүлэх явдлыг нийтээр сүслэн дагавал зохино” хэмээжээ. Энэ нь тухайн цагт хоёр их гүрний дунд оршиж байсан жижиг, буурай Монгол орны хувьд өөрийн тусгаар тогтнолоо олох маш том алхам байв.
Монголчууд туурга тусгаар улс болсноо ийнхүү зарлахад хэдийгээр хоёрхон улс зөвшөөрөхөө мэдэгдсэн ч Монголын талаарх энэ мэдээлэл Америкийн “Нью Йорк таймс” сонинд нийтлэгдэн дэлхийн олон орны сонорт хүрсэн түүхтэй. Хэдийгээр тухайн цаг үед Монгол Улсыг хүлээн зөвшөөрсөн Төвд, Тува улсууд нь өдгөө БНХАУ, ОХУ-ын бүрэлдэхүүнд багтдаг ч манай улсыг хүлээн зөвшөөрсөн анхны улсууд хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.
Аливаа улсын тусгаар тогтнол нь Үндсэн хуулиараа баталгаажиж байдаг. Тиймээс анхдугаар Үндсэн хуулиа баталсны ач холбогдол нь тусгаар тогтнолын дайтай үнэ цэнэтэй юм. Анхдугаар Үндсэн хуулинд “… улсын дээд эрхийг жинхэнэ ардад … эдлүүлж”, “Улс төрийн бүх хэргийг ард түмнээс удирдан гүйцэтгэх явдлыг хүндэтгэнэ” хэмээн тунхагласан энэхүү заалт одоо ч утга агуулгаа хадгалан ардчилсан шинэ Үндсэн хуульд оршсоор байгаа билээ.
Үндсэн хуульдаа хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдлэх заалт оруулсан энэ цагаас эхлэн улс орон, ард түмний аж амьдралд олон дэвшилтэт ахиц өөрчлөлт гарчээ. Улсын хувь заяатай холбоотой асуудлыг нэг хүний үзэмжээр бус нийт ард түмний хүсэл зоригт нийцүүлэн шийдэх боломж бүхий засаглалыг бүрдүүлсэн нь анхдугаар Үндсэн хуулийн түүхэнд гүйцэтгэсэн чухал үүрэг юм.
Тусгаар тогтносон Монгол Улсын 14 дүгээр он буюу 1924 оны энэ өдөр “Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд Найрамдах Бүрэн Эрхтэй Ард Улс” хэмээн дотоод ба гадаадад тунхаглан зарлаж, хуульчлан бататгаажуулсан нь ХХ зууны түүхэн дэх онцгой үйл явдал хэмээн үздэг.
Тиймээс хоёр их гүрний дунд оршин тогтнодог Монгол Улсыг тусгаар тогтносон улс болоход томоохон хувь нэмэр оруулсан анхны Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласан энэ өдрийг Монголын ард түмэн бүх нийтээрээ тэмдэглэж ирсэн уламжлалтай билээ.
Та бүхэнд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын мэндийг хүргэе.
Улс төр
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Монгол Улсын Их Хурал 2023 онд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх тухай 64 дүгээр тогтоолыг баталсан билээ.
Уг тогтоолоор Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх үзэл санааг иргэдэд тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулахыг Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсэгт даалгасан юм.
Монгол Улсын Их Хурлын 2023 оны 64 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол орон даяар 21 аймаг, нийслэлийн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн эхний цагийн хичээлийг “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвийн доор байгуулахаар шийдвэрлэсэн.
Энэхүү хичээлийг сурагчдад Үндсэн хуулийн ач холбогдол, Монгол Улсын үндсэн хууль, үндсэн хуульт ёсны хөгжлийг таниулж, тэдний үндсэн хууль, төрт ёсоо дээдлэх, эх оронч үзэл санааны төлөвшлийг дэмжих зорилгоор зохион байгуулах гэж байна. Улс орон даяар нэг зэрэг зохион байгуулах хичээлд ерөнхий боловсролын 885 сургуулийн 26.228 бүлгийн нийт 797.905 суралцагч хамрагдана.
Хичээл 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 08.00 цагт эхлэх бөгөөд нийслэлийн 314, аймаг, сум, багийн 567, бусад 4 сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчид хамрагдах юм.
Бага ангийн сурагчдад заах хичээлийн агуулгад Үндсэн хуулийн тухай, Үндсэн хууль ба бидний эрх, эрх чөлөө, Үндсэн хууль ба бидний үүрэг гэсэн сэдэв багтсан бол, дунд ангийн сурагчидтай Үндсэн хууль гэж юу вэ гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэхээс гадна Монгол улсын Үндсэн хууль, түүний бүтэц, баталсан түүх, хүний эрх, эрх чөлөө, иргэний үндсэн ба журамт үүргийн талаар тайлбарлан таниулахаар хичээлийн агуулгад тусгасан байна.
Ахлах ангийн сурагчидтай Монгол Улсын Үндсэн хууль бидний амьдралд яагаад тийм чухал вэ сэдвээр ярилцан, Монгол Улсын тусгаар тогтнол, Төрийн дуулал, хэн нэгнээс үл хамааран өөрийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хийгээд, Үндсэн хуулиар олгогдсон бусад эрхийн талаар хэлэлцэнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
-
Улс төр22 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент24 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Дэлхий дахинд23 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
-
Энтертайнмент23 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Улс төр23 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав