Улс төр
Улс төрөөс “шар шувтлах” гишүүд

Шарын шашинд шар шувтлах гэсэн ойлголт бий. Энэ тухай Л.Түдэвийн “Оройгүй сүм” романд Санж хамбыг шар шувтлан хийдээс хөөсөн тухай ихэд тодорхой өгүүлсэн байдаг. Шар шувтлах гэдэг нь сахил санваартай лам хүн шашны бүх цол хэргэмээсээ татгалзаад, шар өнгийн өмсгөлөө тайлж, энгийн иргэн болохыг хэлдэг. Үүн шиг Монголын улс төрөөс шар шувтлах гишүүд тодорч байна. Энэ бүгд ЖДҮХС-гийн зээлтэй холбогдсон гишүүд.
Ерөнхий сайд өчигдөр Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлтэй холбоотой хүмүүст хариуцлага тооцож, БХБ-ын дэд Ш.Лхамсүрэн, ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осор, УБЦТС ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баярсайхан, Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-ын захирал Ц.Амарсанаа нар ажлаа өглөө. Үүний өмнө УИХ-ын дарга, Ерөнхийлөгч ЖДҮ-ийн зээлтэй холбоотой харьяа газрын дарга, удирдлагуудад хариуцлага тооцсон. Харин одоо өөрийн компанидаа болон ах дүү, хамаатан садан, гэр бүлийнхэндээ тэрбум тэрбумаар авсан улстөрчдөд хариуцлага тооцмоор байна. Энэ хүмүүс улс төрөөс үүрд зайлах хэрэгтэй. Эрх мэдэл өгөхөөр өөрийн эрх ашгаа л боддогийг чинь бүгдээрээ харлаа. Нэр дурдагдсан улстөрчид 2020 онд дахин улс төрд орохгүй, ийш зүглэхгүй гэдгээ амлаад явах хэрэгтэй байна. Эрхэм гишүүд та бүхэн иргэдээ төлөөлж чадахгүй юм байна. Хувийн ашиг сонирхлыг дээгүүр тавьж, төлөөллийн ардчиллын үндсэн зарчмаа мартсан байна. Өөрсдийг чинь сонгоод явуулсан иргэдийнхээ татварын мөнгөнөөс хулгайлсан та нар ёс суртахууны хувьд ч, хүн чанарын хувьд ч дахин Монголын төрд байх орон зай үлдээгүй ээ. Дээлээ нөмөрчихгүйхэн шиг мөрөөрөө аж амьдралаа бодоод явбал барав.
Иргэд ч эднийг дахин улс төрд оруулахгүй байх хэрэгтэй. Эхнээсээ “Бид уучлахгүй” хэмээн тэмцэж байна. Ирэх сонгуульд энэ хүмүүсийг дахин сонгохгүй байхад л болно. Хорин он гэж хэлээд байгаа маань тэр хүртэл их хурал тарж амжихгүй биз. Тарсан ч бүрдэх гэсээр яаж ийгээд дараагийн сонгууль хүрчих гээд байна. Одоо та нар улс төр гэж гоншгонохоо болих хэрэгтэй. Үхэр малтай нь тэрийгээ хариулаад, гурил будаа тарьдаг нь тариан талбайгаа зүглэж, хоолны бизнестэй нь тогоо шанагаа нийлүүлээд энгийн хүний амьдралаар амьдарч яагаад болохгүй гэж. Хөрөнгө орлогын мэдүүлгээс чинь харахад ЖДҮ-ийн зээл авахааргүй мөнгөтэй, хөрөнгөтэй улс байна лээ шүү дээ, та нар. Харин ЖДҮ-ийн зээлээр мөнгө хүүлсэн нь эрүүгийн хариуцлагаа хүлээж, хуулиар явж шийдэгдэх биз.
Энэ онд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан 134 аж ахуй нэгжид зээл олгосноос 122 нь УИХ болон Засгийн газрын гишүүд, албан тушаалтнуудын хамаарал бүхий хүмүүсийн компани байсан. Улстөрчид, албан тушаалтнууд нүдэн дээр амьдралаас тасраад тэдний ах дүү, хамаатан садан нь өөрсдөө албан тушаалд очсон мэт сагаад байдгийн учрыг иргэд сая ил болсон ЖДҮ-ийн зээлээс л олж харлаа. Улс төрд орох гэж айхтар дурлаад байдаг нь засаг унагах нэг кноп л гэхэд тэрбумаар үнэлэгддэг байсанд л юм байна. Кнопоо хэдэн удаа хэдэн тэрбум болгосныг бас таашгүй. Иргэд ЖДҮ зээл дээр ингэтэл давалгаалж эсэргүүцэж байгаа нь амьдралд нь дэндүү ойр учраас тэр юм. Энгийн иргэд амьдрах орон байр, нэг жижигхээн ТҮЦ ажиллуулахын төлөө банкнаас өндөр хүүтэй зээл авах гэж яаж шар махтайгаа хатдаг билээ. Гэтэл нэг удаа кноп дарснаа тэрбумаар үнэлээд хүүгүй шахуу зээл авсан хүмүүс өөрсдийнх нь сонгосон гишүүд байхаар хэн дуртай байх билээ.
“Би мэдээгүй, хажуу дахь эрдэнээ мэдэхгүй зээл авчихаж, буцаагаад төлчихсөн, төлчихнө зүгээр санаа зоволтгүй, тэр компанийн үйл ажиллагаанд би оролцохгүй байгаа, уучлалт гуйхгүй” гэх мэтээр хэнэггүй, дээрэнгүй, үл тоосон, булзсан тайлбарыг улстөрч ЖДҮ-чид хэлээд сууж байна. Монголын төрд орж ирээд ЖДҮ-ийн нэрээр зээл авсан улстөрчдийн шарыг шувталъя. Улс төрд дахин хэзээ эргэж ирүүлэхгүй, “шар шувтлах” гишүүдийг дахин нэрлэе. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Дорнод гурил” 950 сая, Г.Солтан “Монгол Шаазан” 950 сая, Мөн УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Газар Агро” ХХК, “Газар буудай” ХХК зэрэг өөрийн хувь эзэмшдэг компанид ЖДҮХС-гаас 1.950 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан байна. Тэрбээр авсан зээлээ буцаан төлсөн. Гэвч төлсөн нь авсан гэдгийг нь үгүйсгэх хэрэг биш. Түүнчлэн УИХ-ын гишүүн Н.Учралын аав Н.Ням-Осорын эзэмшлийн “Хүннү” ХХК тус сангаас 950 сая төгрөгийн зээл авчээ. УИХ-ын гишүүн Н.Оюундарийн 80 хувийг нь эзэмшдэг “Рэд стар клуб” ХХК 800 саяын хөнгөлөлттэй зээл авсан байна. Тэрбээр хүүгийнхээ өмнөөс ихэд дургүйцэн байж уучлал гуйх аядсан. Ховд аймгаас нэр дэвшин, сонгогдсон гишүүн О.Батнасангийн төрсөн дүү О.Ганбаатарын 100 хувийн эзэмшдэг “Топкондитер” ХХК 950 сая төгрөгийн зээл авсан гэдэг нь ил болжээ. Мөн УИХ-ын залуу гишүүн Г.Тэмүүлэнгийн ээжийн эзэмшлийн “Спан цогцолбор” ХХК сангийн мөнгөнөөс 700 сая төгрөгийг хөнгөлөлттэйгөөр зээлсэн гэнэ. УИХ-ын гишүүн Л.Энхболдын хамаарал бүхий “Жаргалант Харвест” тэрбум хоёр зуун саяыг, “Хас говь транс” ХХК 950 саяын зээлийг тус тус ЖДҮ-ээс авчээ. Эдгээр зээлийг өөрийн хамаарал бүхий банк бус санхүүгийн байгууллагадаа авч мөнгө хүүлсэн байж болзошгүй гэж яригдаж буй. Л.Энхболд гишүүнтэй хамтран ЖДҮХС-гаас зээл авсан байж болзошгүй хэрэгт Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ нар нэр холбогдоод буй мэдээлэл бий. Мөн ЖДҮХС-гаас өнгөрсөн хоёр жилд зээл авсан компаниудын жагсаалтад МАН-ын генсек НИТХ-ын төлөөлөгч Д.Амарбаясгалангийн тус бүр 30 хувийг эзэмшдэг “Тайшир өргөө”, “Агро технологи” гэх компаниуд байсан юм. Тэрбээр нийт 1.3 тэрбум төгрөгийг сангаас зээлсэн гэнэ. УИХ-ын гишүүн Б.Ундармаа энэ онд өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “Доктор МЭЙК” ХХК-ийг 100 хувь эзэмшдэг гэж мэдэгдсэн. Тэгвэл түүний эзэмшлийн тус компани ЖДҮХС-гаас 700 сая төгрөгийг зээлжээ. Уг нь түүний эзэмшдэг нийт компаниудын үнэ 128 тэрбум төгрөгөөр үнэлэгдэхээр аж. УИХ-ын гишүүн А.Сүхбатын дүү А.Баттөгсийн эхнэр Г.Буяндэлгэрийн “Түгээмэл түмэн хишиг” компани 800 саяын зээл авсан байна. УИХ-ын гишүүн Б.Наранхүүгийн дүүгийн “Сингапурхэльткейр” ХХК 800 саяыг зээлжээ. Энэ мэтчилэн шар шувтлах гишүүдийн нэрс хөвөрч байна. Цаашлаад ч хамаарал бүхий компаниуд нь ч нэмэгдэх шинжтэй.
Мөн төрд өндөр албан тушаал хашдаг хүмүүс ч энэ зээлийг албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж олноороо авсныг эхнээс нь хэвлэлүүд зарласан. Төрийн өмчийн газар одоогийн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор 2018 онд ЖДҮХС-гаас 500 сая төгрөгийн зээл авсан байна. Ц.Ням-Осорын Хөрөнгө орлогын мэдүүлэгт “Хос-Эрхэс” ХХК -ийг 100 хувь эзэмшдэг гэсэн байв. Гэтэл тэрбээр энэ 100 хувь эзэмшдэг компаниараа дамжуулан сангийн мөнгөнөөс хувь хүртжээ. Тэрбээр өмнө ЖДҮХС-гийн дарга байсан. Үүний араас Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэнгийн хувь эзэмшдэг компани ЖДҮХС-гаас зээл авчээ. Ш.Лхамсүрэн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурдсан “Дархан мах корпораци” ХХК нь ЖДҮХС-гаас 450 сая төгрөгийн зээл авсан гэж бүртгэгджээ. Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч Б.Амгаланбаатарын ЖДҮХС-гаас авсан 1.3 тэрбум төгрөгийн асуудал юм. Тэрбээр зээл авч өгсөн “Цаст Согоот” ХХК-ийг 100 хувь эзэмшдэг гэж Авлигатай тэмцэх газарт өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурдсан байдаг. ЖДҮХС-гаас 750 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар 100 хувь өөрийн эзэмшлийн “Цэнстайл” ХХК-д авсан байна. Энэ мэтчилэн дурдаад байвал цааш олон нэрс хөврөх нь.
Эрх бүхий албан тушаалтан нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад болон өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал бий болгон зээл олгосон, авсан нь албан тушаалын гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж үзэн дээрх нэр дурдагдсан хүмүүс болон ах дүү, гэр бүлийнхнийг нь ч шалгаж байгаа. ЖДҮ-чдийн булхай илэрснээр улс төр ч бужигнаад эхэлсэн. Өрсөлдөгч фракц бүлэглэлийнхнээ идсэн, уусан, завшсаныг бас илчлээд эхэллээ. Парламентын засаглалын давуу тал нь олонхтой, цөөнхтэй, бие даагчтай олуулаа учраас идээ бээрээ ч шахаад бүгдээрээ хэрэлдэж, бултаараа хэлэлцэж болдогт байгаа юм. Идээчин уугаачнуудаа сайн илчилж, шарыг нь шувталж, иргэдтэйгээ нийлж тэмцэн, төрд дахин шургалахааргүй болгоё.

Улс төр
Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ

2022 онд Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх дэлхийн үнэт өв, түүх, соёлын дурсгалт газар Орхоны хөндийд шинэ Хархорум хотыг сэргээн байгуулах зарлиг гаргасан.
Монголчуудын түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийн илэрхийлэл болсон Төрийн далбааг Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д өнө мөнхөд мандуулах ёслолоор Хархорум хотын бүтээн байгуулалт эхэллээ.
Ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож хэлсэн үгэндээ, монгол түмний ариун гал голомт болох Орхоны хөндийд Хархорум хотыг бүтээн байгуулахдаа сурвалж бичиг, археологийн олдвор, нотолгоонд тулгуурлан 800 гаруй жилийн тэртээх дүр төрх, Их хаадын сүр хүчийг шингээх ёстойг онцоллоо.
Мөн авто зам, төмөр зам, нисэх буудал, ус, дулаан, цахилгаан, хог хаягдал боловсруулах үйлдвэр, цэвэрлэх байгууламж, ногоон бүс, хөдөө аж ахуйн кластер, гол, нуурыг сэргээх зэрэгт нэн тэргүүнд анхаарах шаардлагатайг тэмдэглэв.
Цаг хугацаа, хөрөнгө, хүч хөдөлмөр шаардах бүтээн байгуулалтад төр, засаг, хувийн хэвшил, түмэн олноороо нэгдэж, нэгэн үзүүрт сэтгэлээр Хархорум хотоо сэргээн байгуулах үйлсэд идэвхтэй оролцохыг уриаллаа.
Тэрбээр Хархорум хотын ногоон байгууламжийн ажилд сэтгэл зүрхээ зориулан, идэвх санаачилга гарган, хөрөнгө зарцуулсан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.
Хархорум хотыг бүтээн байгуулах хүрээнд нийт 1,500 га талбайд нэг сая гаруй шилмүүст болон навчит мод, сөөг тарьж ургуулна.
Сүүлийн сар гаруйн хугацаанд төр, хувийн хэвшил, түүний дотор уул уурхай, ойн болон модны салбарын 40 гаруй байгууллага, аж ахуйн нэгжийн 800 гаруй хүн 550 гаруй мянган мод тариад байна.
“Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д гэхэд л төр, хувийн хэвшил хамтран 11 мянган ширхэг мод тарин, 13 мянган кв.м авто зогсоол, 11 мянган кв.м явган зам тавьж, цахилгаан, гэрэлтүүлэг, худаг, усжуулалт зэргийг шийджээ.
Шинэ Хархорум хотод 500 мянган хүн оршин суух бөгөөд 285 мянган ажлын байр бий болж, үүнийг даган бүс нутгийн хөгжлийг тэтгэх хот болно гэж тооцоолж байна.
Төр, захиргааны болон олон улсын байгууллага, гадаад улс орнуудын Дипломат төлөөлөгчийн газар төвлөрсөн, нийгэм, эрүүл мэнд, дэд бүтэц, өндөр технологийн үйлдвэрлэл, орон сууц, соёл, урлаг, аялал жуулчлал, ногоон байгууламж, бусад үйлчилгээ хөгжсөн ухаалаг хот байхаар төлөвлөсөн.
Тухайлбал, хотын нийт талбайн 50 хувь нь ногоон байгууламж, 30 хувь нь барилгажих талбай, 20 хувь нь авто зам байх юм.
Хот байгуулахтай холбоотойгоор Өвөрхангай, Архангай аймгийн нутаг дахь Орхоны хөндийд 189 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд аваад байна.
Хархорум хот нь түгжрэл, агаар, ус, хөрсний бохирдол гээд нийгэм, эдийн засаг, иргэдийн ахуй амьдрал, эрүүл мэнд зэрэгт сөргөөр нөлөөлж байгаа хүн амын төвлөрлийг задлах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдүүлэх, нийгмийн суурь үйлчилгээг хангах, суурьшлын шинэ бүсүүд бий болоход томоохон хувь нэмэр оруулна.
Улсын Их Хурал Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хууль баталж, Засгийн газар Хархорум хотын Захирагчийн Ажлын алба, Хотын болон Эрдэмтдийн зөвлөл ажиллуулж байна.
Одоогоор “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-гээс гадна “Мэдээлэл, сурталчилгааны цогцолбор” байгуулж, Хөгшин Орхон гол, Хэлтгий цагаан нуур, эртний нийслэлийн туурийг сэргээн, хотын бүтээн байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг боловсруулж байгаа юм.
Шинэ Хархорум хотод ногоон байгууламж барих эхний шатны ажилд:
1. “Эрдэнэс Тавантолгой” ХК
2. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ
3. “Эрдэнэс алт ресурс” ХК
4. “Эрдэнэс Монгол нэгдэл”
5. “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ
6. “Энержи ресурс” ХХК
7. “Шивээ овоо” ХХК
8. “Багануур” ХК
9. “Бороо гоулд” ХХК
10. “Оюу толгой” ХХК
11. “Болд төмөр ерөө” ХХК
12. “Саусгоби сэндс” ХХК
13. “Платинум ланд” ХХК
14. “Бадрах энержи” ХХК
15. “Дархан төмөрлөгийн үйлдвэр”
16. “Тэрбум мод” сан
17. Шүүхийн шинжилгээний ерөнхий газар
18. “МИАТ” ТӨХК
19. “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэг
20. “Монголын төмөр зам” ТӨХК
21. “Тавантолгой төмөр зам” ХХК
22. “Хархорин” цахилгаан түгээх сүлжээ
23. Зэвсэгт хүчний Жанжин штаб
24. Хил хамгаалах ерөнхий газар
25. Дотоодын цэргийн штаб
26. Онцгой байдлын ерөнхий газар
27. Цагдаагийн ерөнхий газар
28. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
29. Төрийн тусгай хамгаалалтын газар зэрэг байгууллага, аж ахуйн нэгж хувь нэмрээ орууллаа.
Улс төр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

Монгол Улсад Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярыг “Хүүхэд-Хайр-Ирээдүй” сэдвийн хүрээнд орон даяар тэмдэглэж байна. Хүндэтгэлийн чуулга уулзалт Төрийн ордонд болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 100 жилийн ойн баярын мэндийг Засгийн газар, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн нэрийн өмнөөс дэвшүүллээ.
Өнгөрсөн хугацаанд Монгол Улстай бүх талаар хамт байсан НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, ДЭМБ, Японы Хүүхдийг ивээх сан, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага, Дэлхийн зөн, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Европын холбоо, Гүүд Нейборс, Монголын Улаан загалмайн нийгэмлэг болон олон улсын хүмүүнлэгийн бусад байгууллагууд, Элчин сайдын яамдад онцгойлон талархал илэрхийлээд Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байгааг онцлов.
1925 оны тавдугаар сарын 8 буюу 100 жилийн тэртээх энэ өдөр их зохиолч Дашдоржийн Нацагдорж 19 настайдаа “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо”-г санаачилсан нь Монголын хүүхдийн төлөө байгууллага, хөдөлгөөний эхлэл болсон. Тиймээс Хүүхдийн байгууллага, хүүхдийн хөдөлгөөн бол шинэ Монгол Улсын соёл, гэгээрлийн үндэсний сэргэн мандалтын нэгэн давалгаа болсон.
Монгол Улс эх орны дайны хүнд бэрх он жилүүд буюу 1940-өөд оноос анхны хүүхдийн зусланг байгуулж, 1951 онд Хүүхэд залуучуудын театр, 1957 онд Залуу байгальчдын төв станц, 1958 онд Монголын пионер сурагчдын ордон, 1969 онд Хүүхэд залуучуудын парк, 1975 онд Залуу техникчдийн ордон, 1978 онд Олон улсын “Найрамдал” төв зэрэг хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжсэн томоохон бүтээн байгуулалтуудыг хийсний зэрэгцээ өсвөр үеийнхний хүмүүжил, төлөвшлийг “Бүх нийтийн үйлс” болгож, хойч үедээ анхаарал хандуулж байсан түүхтэй.
1980-аад оны сүүлч, 1990-ээд оны эхэн үед өрнөсөн нийгмийн шилжилтийн нөлөөгөөр хүүхдийн байгууллага, хөдөлгөөний үйл ажиллагаа доголдсон ч төрөөс тавих анхаарал сулраагүй. Монгол Улс 1990 онд Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцид нэгдэн орж, хүүхдийн эрхийг төрөөс хангах, хамгаалах үүрэг хүлээж, хүүхдийн төлөө үйл ажиллагааны үндэсний механизмыг бүрдүүлсэн. Улмаар 1995 онд Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийг байгуулж, 1996 онд анх удаа Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуультай болж, хүүхдийн үндсэн эрхийг хангах эрх зүйн орчныг бүрдүүлсэн зэргийг Ерөнхий сайд цохон тэмдэглэв.
Засгийн газар 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлаж, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдаж, шаардлагатай байгаа 200 сургууль, цэцэрлэг, дотуур байрны асуудлыг 2026 оны төсөв болон төр хувийн хэвшлийн түншлэлээр бүрэн шийдвэрлэхээр болсон.
Өнөөдөр бид хамтдаа хүүхэд хамгаалал, хүүхдийн хөгжлийн цогц ажлын төлөвлөгөөг олон улсын байгууллагуудтай хамтарч боловсруулах, хүүхдийн төлөө хөрөнгө оруулалтыг төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагаагаар нэмэгдүүлэх, хүүхдийн төлөө байгууллагуудын хамтын ажиллагаа, ойлголцол, харилцан итгэлцлийн тогтолцоог сайжруулах, хүүхдийн оролцооны байгууллагыг чадавхжуулах, хүүхдийн сангийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгох, хүүхдийн шинжлэх ухаан, технологийн ордон, хүүхдийн спортын цогцолбор, хүүхдийн урлагийн ордон, дөрвөн улирлын хүүхдийн зуслан, хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвийг бүсчлэн байгуулах зэрэг олон асуудлыг эрэмбэлнэ.
Аль ч улс орны ирээдүй бол хүүхэд. Монголын ирээдүй болсон хүүхдийн төлөө зориулж буй сэтгэл зүрх, цаг хугацаа, хүчин зүтгэл, хамтын ажиллагаа, харилцан ойлголцол бол хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт юм. Тиймээс хүүхдийн хамгаалал, хөгжлийн хөрөнгө оруулалтын харилцааг оролцооны аргаар шийдвэрлэж, хүүхдийн төлөө байгууллагуудын их засвар, хүний нөөцийн асуудлыг цогц байдлаар шийдвэрлэх төлөвлөгөөг бас өнөөдөр хэлэлцэх шаардлагатай байгааг Ерөнхий сайд онцлов.
Хүүхэд бүр цэцэрлэгтэй, хүүхэд бүр сургуультай, хүүхэд бүр зуслантай, хүүхэд бүр хөгжлийн ордонтой байх ёстой. Үүний төлөө Засгийн газар, салбарын яам онцгойлон анхаарч ажиллаж байгааг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан энэ үеэр хэлсэн үгэндээ тодотголоо.
2025 онд Монголын хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жил төдийгүй НҮБ-ийн Хүүхдийн эрхийн конвенцид нэгдэн орсны 35 жил, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийг байгуулсны 30 жил давхар тохиож байна.
Улс төр
Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна

-
Энтертайнмент14 цаг өмнө
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо
-
Эдийн засаг18 цаг өмнө
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа
-
Нийгэм17 цаг өмнө
Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй
-
Нийгэм15 цаг өмнө
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа
-
Нийгэм15 цаг өмнө
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
-
Нийгэм16 цаг өмнө
Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ
-
Нийгэм18 цаг өмнө
Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө
-
Нийгэм16 цаг өмнө
Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа