Бусад
Хятад нүүрсний импортоо танаж байна

БНХАУ ирэх арванхоёрдугаар сард гадаадаас оруулж ирэх нүүрсээ эрс хорогдуулна гэж ТАСС мэдээллээ. Агентлагийн эх сурвалж хэлэхдээ хятадын гол компаниуд нүүрс худалдан авахаа хорогдуулснаар Бээжин импортоо танах бололтой. Албан ёсны статистик мэдээгээр хятадын нүүрсний импорт 2018 оны эхний 10 сард өнгөрсөн оны мөн үеийнхээс 11 хувь буюу өсч 252 сая болсон байна. Гэтэл 2017 оны жилийн дүнгээр Хятад 279 сая тонн нүүрс импортолж байжээ.
Хэдийгээр нүүрсний хэрэглээ өсдөг хүйтний улирал эхэлж байгаа ч эрчим хүчний нүүрсний эрэлт саарч, нөгөө талд нь нүүрсний нөөц нэмэгдсэнээр дотоодын зах зээлд сүүлийн саруудад нүүрсний үнэ буурч эхэлсэн гэж хэвлэлд тэмдэглэжээ.
Хятадын аж үйлдвэрлэлийн судалгааны Sublime China компанийн шинжээч Жан Минь нүүрсний импортыг хязгаарлах ажлыг гаалийн механизмаар шийдвэрлэх байх гэж Reuters агентлагт мэдээлсэн байна.
Тэр бас импортыг хязгаарлах шийдвэрийн тухайд энэ бол дотоодын зах зээлд илүүдэл бий болж байгаатай холбон тайлбарлажээ. Яг ийм шалтгаанаар эрчим хүчний компаниудад ч урьдын адил эрэлт ихсээгүй гэнэ.
Хятадын түүхий нүүрс импортлогч томоохон компани болох China National Building Materials International бас өөрийнхөө түншүүдээс арванхоёрдугаар сард нүүрс авах төлөвлөгөөгүй байгаа юм байна. Reuters агентлагийн эх сурвалжийн өгүүлснээр бол Бээжин албан ёсоор импортод хязгаар тавихгүй байлаа ч тус компани энэ жилийн импортоо өнгөрсөн оны үзүүлэлтээсээ давуулахгүй байхаар тооцож байна гэжээ.
Энэ мэдээллийг хятадын томоохон корпораци Huaneng Group-ийн топ-менежер бас баталсан байна хэмээн rzd-partner.ru хэвлэл лхагва гарагт мэдээллээ.

Бусад
Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.
Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж, говь, хуурай хээрийн бүсийн экосистемийн үнэлгээ хийх, экологийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийг тогтоож, тусгай хамгаалалтад авах, үүнд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлын нэг бөгөөд айлчлалын үеэр ярилцсан санал, санаачилгууд ийнхүү бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаагийн илрэл юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа үеэр Прага хотын амьтны хүрээлэнд зочилж, шинээр төрсөн тахийн унаганд “Дагина” хэмээх нэр хайрлаж байсан юм.
Прага хотын амьтны хүрээлэн 2024 оны гуравдугаар сард “Монголын говь”-ийн байнгын үзмэр байгуулж, монгол гэр барин, тахь нутагшуулах төслийн үйл явц, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд тогтмол толилуулж байна.
Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байх хугацаандаа тахь нутагшуулах ажлын хүрээнд тахийг цэргийн онгоцоор тээвэрлэн Монгол Улсад авчрах шийдвэр гаргасан нь уг төслийн амжилтад чухал хувь нэмэр оруулсан юм. Үүний үр дүнд Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрээд байна.
Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.