Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга: Бид мэдээллийн технологийг нийгмийн сүлжээний хэрэглээнээс өөрөөр дорвитой ашиглахгүй байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Монгол Улсын Засгийн газар болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Нээлттэй нийгэм хүрээлэн, Эстоны Засгийн газрын хамтын санаачилгын, олон улсын ашгийн бус “И-засаглал академи” хамтран өнөөдөр Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд “Дижитал Монгол” хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Бүрэн дижиталчлал хийхэд шаардлагатай бодлого, зохицуулалтын шинэчлэл, цахим засаглалын асуудлаарх хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нээж үг хэлэв.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:
“Дижитал Монгол” хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн Та бүхэнд өглөөний мэнд хүргэж, талархал илэрхийлье.
Хэлэлцүүлгээс үр дүнтэй, шуурхай “дижитал” үр дүн гарна гэдэгт итгэж байна. Монгол Улсын Засгийн газар асуудлыг өргөн харж, эрчимтэй арга хэмжээ авах зорилгоор энэ хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа байх гэдэгт итгэлтэй байна.
Мэдээллийн технологийг хөгжлийн хурдасгуур, улс орон, нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих дэд бүтэц, шийдвэрлэх хүчин зүйл болохыг нийтээрээ нэгэнт хүлээн зөвшөөрсөн цаг үед Та бид амьдарч байна. Нэг ёсондоо дижиталгүй орчин үед хүссэн, хүсээгүй амьдарч эхэлжээ.
Дэлхийн өрсөлдөх чадварын төвөөс эрхлэн гаргасан “Дэлхийн дижитал өрсөлдөх чадварын тайлан 2019”-д нийт 63 улсын дижитал өрсөлдөх чадварын индексийг 51 үзүүлэлтээр тодорхойлоход Монгол Улс сүүлээсээ хоёрдугаар байрт буюу 62-т эрэмбэлэгджээ. Тайлангийн үзүүлэлтүүдийг мэдлэг, технологи, ирээдүйд бэлэн байгаа эсэх гэсэн гурван үндсэн шалгуураар дүгнэн харьцуулсан юм байна.
Энэ индексээс харвал, Азийн орнуудаас Хонгконг, Өмнөд Солонгос улсууд эхний аравт багтаж, Хятад улс 22-т жагссан байх жишээтэй. Харин бид Венесуэл улсын өмнө бичигдсэн байна. Энэ улс дайн самуунтай, улс төрийн нөхцөл байдал нь хүнд байгаа. Ийм улстай дээр, доороо ороод явж байна.
Тооны хувьд Монгол Улс мэдээллийн технологи, холбоо харилцааны үйлчилгээг иргэдэд хүргэх тал дээр чамлахааргүй үзүүлэлтэд хүрч, үүрэн холбооны хэрэглэгчдийн тоо хүн амынхаа тооноос давжээ гэж бид ярилцдаг. 2019 оны наймдугаар сарын байдлаар ухаалаг утас хэрэглэгчийн тоо 3 сая 403 мянгад хүрсэн. Харин Үндэсний статистикийн хорооны мэдээллээр хүн амын тоо 3 сая 200 мянга байх жишээтэй. Гэвч энэ тоо чанарыг илтгэх эсэх асуудлаар тооцоо хийх хэрэгтэй.
Хүмүүсийн амьдрал, эрхэлж байгаа ажил, боловсрол, төрийн үйлчилгээ, бизнес болон худалдаа наймаандаа дижитал үйлчилгээг, мэдээллийн технологийг ашиглах, амьдралдаа эрс өөрчлөлт авчрах суурь үндэс Монгол Улсад бүрдсэн гэж хэлж болно.
Бид мэдээллийн технологийг нийгмийн сүлжээний хэрэглээнээс өөрөөр дорвитой ашиглахгүй байна. Наад захын жишээ гэхэд л өвчний оношийг эмч нар хоорондоо мэдээлэл солилцох, хамтран хэлэлцэх, их хэмжээний тоон өгөгдөлтэй эмнэлгүүдийн мэдээллийн баазтай харьцуулах замаар зөв тодорхойлох боломжийг ашиглахгүй байгаа. Гэтэл хиймэл оюун ухааны тусламжтайгаар монгол шиг цөөн хүн амтай улсууд их өгөгдөл ашиглах замаар өвчтөний оношийг алдаагүй тогтоох боломж хэдийн бүрдчихсэн байна.
Тиймээс дижиталчлалыг зөвхөн үүрэн холбоогоор төсөөлөх биш интернэт, цахим орчин, хиймэл оюун, их өгөгдөл зэргийг яаж өөр өөрсдийнхөө ажлын талбар, амьдралд хэрэглэх, оролцуулах юм бэ гэдэгт шийдэл гаргах тал дээр шургуу ярилцах болов уу гэж бодож байна. Дугуйг шинээр зохиох гэж чармайх хэрэггүйтэй адил хүн төрөлхтний бий болгосон бэлэн мэдлэг, туршлага, боломж нээлттэй байна.
Дижитал шилжилт нэр дор Улаанбаатар хотын захиргаа зөвхөн нэг вэб сайтыг 2.6 тэрбум төгрөгөөр хийхээр төсөвтөө тусгасан нь НИТХ дахь цөөнхийн бүлгийн шүүмжлэлд өртөж байгааг Та бүхэн сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр харсан харсан байх. Цахим хуудаст 2,6 тэрбум зарцуулахын оронд “ТҮЦ” машин 100-г аваад тараан байрлуулбал иргэдэд тустай байх шүүмжлэл мөн гарсан. Энэ асуудлыг хаа, хаанаа ярилцах хэрэгтэй.
Дахин нэг энгийн жишээ хэлэхэд, жолоочийн татвар төлөх үйлчилгээг цахим болгосон гэж бид удаан ярьсан. Гэтэл 400 мянга гаруй жолоочоос цахимаар татвараа төлсөн нь 24 мянга гаруйхан байна. Бид яриад, болоод байгаа мэт боловч амьдрал дээр үзүүлэлт нь муу байна. Эндээс харахад дижитал шилжилт хийсэн гэх нь яриа хэр бодитой вэ, сэтгэлгээний, хэрэглээний эрс шинэчлэл, хуулийн зохицуулалт хоцрогдож байна хэмээн хэлмээр байна. Энд сууж байгаа УИХ-ын гишүүдэд хэлэхэд холбогдох хуулийг сайжруулах хэрэгтэй.
Засгийн газар Оксфордын их сургуулийн эрдэмтэдтэй хамтран хийсэн “Цахим эрин дэх Монгол Улс” судалгааны дүнгээс харахад мэдээллийн технологийг бүх салбарт үр дүнтэй ашигласнаар хөгжлийг эрс хурдасгах боломж бүрдсэн байна. Нэгэнт Засгийн газар энэ их сургуультай хамтран судалгаа гаргасан юм бол ажлаа хурдасгах хэрэгтэй.
Бодитоор “Дижитал Монгол” болохын төлөө зөвхөн төр, төрийн байгууллагууд дангаараа чармайх нь учир дутагдалтай. Энэ ажилд мэдээж хувийн хэвшлийн байгууллагууд, их дээд сургууль, судалгааны байгууллагууд, олон улсын байгууллагуудын оролцоо нэн чухал ач холбогдолтой байгаа юм. Эцсийн дүндээ Монголын эдийн засгийн бүтцийг өөрчилж, мэдлэгт суурилсан өндөр технологийн үйлдвэрлэл, үйлчилгээний эзлэх хувийг нэмэгдүүлэхэд “Дижитал Монгол” чиглэж, бизнес эрхлэлтийг дэмжих, шинэ технологийн боломжийг шуурхай ашиглах, зах зээл бий болгох чухал юм.
Эстоны улсаас ирсэн зочдод талархал илэрхийлж байна. Хэлэлцүүлгээс үр дүн гарах байх гэдэгт итгэж байна. Эстони улс бүх үйлчилгээгээ цахимжуулснаар авлигал, төрийн үйлчилгээ хүнд сурталгүй болсон зэргээр үр дүн гарсан.
“Дижитал Монгол” хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн та бүхэнд амжилт хүсье” гэснээр хэлэлцүүлгийг нээв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлснийхээ дараа “И-засаглал” академийн дэд захирал Ханнес Астокийн илтгэлүүдийг сонслоо.
Улс төр
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслолоор эхэллээ. Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.
Дараа нь Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцлоо.
Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол, үндэсний бөхийн барилдаан болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан баярын хурал 2024 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр Төрийн ордны “Их Монгол” танхимд боллоо.
Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэснээр эхэлсэн баярын хурлын эхэнд Улсын Их Хурлын дэд дарга, Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Х.Булгантуяа үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ тусгаар Монгол Улсын бүрэн эрхт байдлыг илэрхийлсэн Үндсэн хуулийн үзэл санааг иргэн бүрд таниулах, сурталчлах, хууль дээдлэх ёсыг олон нийтэд төлөвшүүлэх нь үндэсний бахархал хэмээн үзэж, ажлын хэсэг 100 жилийн ойг “Санан тунхаглах ирээдүй” сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж буйг дурдаад, үүний хүрээнд Эмэгтэй парламентчдын гуравдугаар чуулга уулзалт, “Парламентын хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” чуулга уулзалт, гэрэл зураг, архивын баримтын үзэсгэлэн, “Үндсэн хуульт ёс, өнгөрсөн, одоо, ирээдүй” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал зэрэг олон томоохон арга хэмжээг зохион байгуулж байгааг танилцуулсан юм. Мөн маргааш буюу 2024 оны 11 дүгээр сарын 26-нд 21 аймаг, есөн дүүргээс тусгайлан ирж сургалтад хамрагдан бэлтгэгдсэн багш нар ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн нас насны онцлогт тохирсон Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийн мэдлэг олгох хичээл заах гэж байгааг тэрбээр мэдээлж, ойн хүрээнд төрийн ёслол, хүндэтгэлийн олон арга хэмжээ төлөвлөгдсөнийг тэмдэглээд, аливаа улсын тусгаар тогтнол нь Үндсэн хуулиараа баталгааждаг агаад Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа 100 жилийн тэртээ баталсны ач холбогдол нь тусгаар тогтнолын дайтай үнэ цэнтэй юм гэв.
Баярын хурлыг албан ёсоор нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүллээ. Бүрэн эрхт, тусгаар тогтносон Монгол Улсын нийт ард иргэд, төр, улсыг удирдаж ирсэн төрийн тэргүүн, Ерөнхийлөгч нар, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нар, Ардын Их Хурал болон Улсын Бага Хурлын депутатууд, төрийн түшээдэд хандсан мэндчилгээндээ тэрбээр үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо байлдан олж, улмаар бэхжүүлэн батжуулахын төлөө хичээн зүтгэсэн өвөг дээдсийн бартаат түүх, анхдугаар Үндсэн хуулиа боловсруулан баталж, Бүгд найрамдах улсыг тунхаглан зарласан алдар гавьяаг бахархан дурсаж, Монгол Улсын Үндсэн хуульт ёсны 100 жилийн түүхийн хөгжил бол аливаа эрх мэдэл ард түмнээс эх сурвалжтай байх зарчимд тулгуурлан, төр засгийн эрх мэдлийг Үндсэн хуулиар тогтоож, хүний эрх, эрх чөлөөг хамгаалан баталгаажуулж, эрх зүйт төрийг байгуулахын төлөөх нэгэн зууны нөр их хичээл зүтгэл, эрэл хайгуул, сургамж туршлага, бидний өв соёл, үнэт зүйл болохыг онцлон тэмдэглэв. Түүнчлэн Ерөнхийлөгч эдүгээ хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Ардчилсан Үндсэн хууль бол Монголын ард түмний амьдралд түүхэн шинэ эргэлт болж, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бэхжүүлж, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэх, дэлхий дахинд Монгол Улс оюун санааны эрх чөлөө, энх тайвны бэлгэ тэмдэг болсон улс хэмээн үнэлэгдэн хэлэгдэх үндэс суурийг тавьж өгснийг онцгойлон илтгээд, ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлахад оюун ухаан, зүрх сэтгэлээ дайчлан хүчин зүтгэсэн Ардын Их Хурлын депутатууд болон Улсын Бага Хурлын гишүүд, төр нийгмийн зүтгэлтнүүд, үе үеийн Монгол төрийн түшээдэд гүн талархал илэрхийллээ.
Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурлын үндсэн илтгэлийг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан “Санан тунхаглах ирээдүй” сэдвээр тавилаа. Тэрбээр илтгэлдээ, 1924 онд анхдугаар Үндсэн хуулиа баталсан нь түүхэн онцгой үйл явдал болсон бөгөөд түүний хөрс суурийг хорьдугаар зууны эхэнд өрнөсөн Монголчуудын тусгаар тогтнолоо сэргээхийн төлөөх тэмцэл, хувьсгал тавьсан гэдгийг чухалчлан дурдаж, олон улс дахь улс төр, дайн дажины хурцадмал нөхцөлд Монголчууд жинхэнэ эрх чөлөөнд хүрэх зорилгоо биелүүлж, Бүгд Найрамдах засгаа бүрэн утгаар тунхагласныг бахархан тэмдэглэв. Анхдугаар Үндсэн хуулийн улс төр, эрх зүйн ач холбогдол нь төрийн эрх мэдлийг ард түмэнд шилжүүлж, хүний эрх, эрх чөлөөний асуудлаар зарим дэвшил гарсан хийгээд Бүгд Найрамдах улсыг тунхаглан зарласанд оршиж буйг Улсын Их Хурлын дарга илтгэлдээ тухайлан онцолж, энэ нь дараа дараагийн Үндсэн хуулийн уг сурвалж болж, улам бэхжсээр 1992 оны ардчилсан Үндсэн хуульд тусгалаа олсныг дурдлаа. Мөн тэрбээр, Монгол Улсын Их Хурлын ес дэх удаагийн сонгуулийн дүнд бүрдсэн парламент 2024-2028 онд баримтлах стратеги төлөвлөгөөгөө баталж, “хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулах, олон ургалч үзлийг хангах, үр нөлөөтэй байх, ил тод, нээлттэй, хүртээмжтэй байх, ёс зүйтэй, хариуцлагатай, хариуцан тайлагнадаг байх”-ыг үнэт зүйл болгон тодорхойлсныг танилцуулаад, хууль тогтоох болон хянан шалгах бүх үе шатанд хүн төвтэй үзэл санаанд суурилсан, хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалсан байх агуулга, шаардлагыг нэн тэргүүнд тавьж ажиллахыг илэрхийлэв.
Баярын хуралд оролцсон үе үеийн төр, нийгмийн зүтгэлтнүүдийг төлөөлөн Монгол Улсын Их Хурлын дарга асан Р.Гончигдорж, Д.Лүндээжанцан, Г.Занданшатар нар үг хэлж, Үндсэн хуульт ёсны 100 жилийн түүх, анхдугаар болон түүнээс хойших Үндсэн хуулиудын залгамж чанар, үнэ цэнийг илтгэхийн зэрэгцээ улс орныхоо сайн сайхан ирээдүй, шударга ёс, эрх зүйт ёс, үндсэн хуульт ёсны төлөвшлийн төлөө хамтран зүтгэхийг уриаллаа. Өвөг дээдсийн эхлүүлсэн их үйл хэрэг нь бидний хувьд зөвхөн бахархал бус хойч үедээ энх тайван, шударга ёс, хүний эрх, эв нэгдлийг хамгаалж, өвлүүлэх үүрэг хариуцлага юм хэмээн баярын хурлыг хааж хэлсэн үгэндээ Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж онцолсон юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Эрхэм хүндэт туурга тусгаар Монгол Улсын ард иргэд ээ,
Та бүхэнд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, ард түмэн засаглах, эрх чөлөөтэй амьдрах үндсийг бүрдүүлсэн анхдугаар Үндсэн хууль батлагдсан 100 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.
Одоогоос 100 жилийн өмнө монголын аймаг, хошууд, ардын цэргийн ангиудаас сонгогдсон 77 төлөөлөгч Улсын Анхдугаар Их Хурлаар чуулж анхны Үндсэн хуулиа 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр баталж Бүгд Найрамдах Улсыг тунхагласан түүх бол бидний бахархал мөн.
Монголчууд дэлхий дахинаа Бүгд Найрамдах улсаа тунхаглаж анхдугаар Үндсэн хуулиа баталснаар зүүн болон төв Азидаа Япон, Хятад улсын хамт Үндсэн хууль бүхий эхний гурван улс болж, тэргүүлж хөтөлсөн түүхтэй. Ийнхүү Бүгд Найрамдах засаглалыг тогтоож, дэлхийн улс орнуудтай хөл нийлүүлж, үндсэн хуульт ёсыг нэвтрүүлж, тивдээ түүчээлсэн нь бидний хувьд үнэ цэнэтэй.
ХХ зууны эхэн үеийн дэлхийн улсуудын байдлыг авч үзэхэд өмнөд хөршид Манж Чин улсын уналт, хойд хөршид Октябрын хувьсгал, Европ тивд улс орнуудын зөрчилдөөн, Дэлхийн I дайн, зарим үндэстний тусгаар тогтнолын төлөөх тэмцэл өрнөж, дайн дажины хурцадмал нөхцөлтэй байсныг та бүхэн мэднэ. Дэлхий дахин амар амгалангүй байсан энэ цаг үед Монголчууд жинхэнэ эрх чөлөөнд хүрэх зорилгоо ахиулж, Бүгд Найрамдах засгаа тунхаглаж чадсан нь үнэхээр бахархалтай үйл явдал.
1924 оны Үндсэн хуулийн улс төр, эрх зүйн ач холбогдол нь төрийн эрх мэдлийг ард түмэнд шилжүүлж, төрийг сонгуульт зарчмаар удирдах тогтолцоог бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөөний талаар зарим дэвшил гарган хуульчилж, Бүгд Найрамдах улсыг тунхаглан зарласанд оршино.
Зуун жилийн өмнө Монголчууд ард түмэн засаглах, төлөөллийн зарчмаар төрийг удирдах, байгалийн баялгийг ард түмний мэдэлд харьяалуулах, улсын бэлгэ тэмдгийг тогтоох, хууль тогтоох байгууллага нь гүйцэтгэх засгаа томилох, хүний үндсэн эрх, эрх чөлөөг баталгаажуулах, нутгийн удирдлагын бүрэн эрхийг тодорхойлох зэрэг олон чухал асуудлыг тунхаглаж байсан нь залгамжлагдаж өнөөгийн ардчилсан Үндсэн хуульд бэхжин төгөлдөржсөөр байна.
Монгол Улс анхдугаар Үндсэн хууль баталснаас хойш 100 жилийн хугацаанд 1940, 1960, 1992 онд Үндсэн хуулиа бүтэц, бичвэр, агуулгын хувьд улам бүр баяжуулан сайжруулсныг та бүхэн мэднэ. Үндсэн хуульт ёсны энэхүү хөгжлийн үе шатад төрт улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг өчүүхэн ч төдий дордуулаагүй нь Монголчууд бидний бас нэгэн бахархах зүйл мөн юм.
Анхдугаар Үндсэн хуульд засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх, төрийн эрх мэдлийн уг сурвалж жинхэнэ ард буюу иргэд байх зарчмыг анх удаа тогтоосон нь дараа дараагийн Үндсэн хуульд бэхжиж, улмаар 1992 оны ардчилсан Үндсэн хуулийн амин чухал зарчмын нэг болсон билээ.
Тиймээс өнөөгийн парламентын засаглал нь геополитик, дотоод улс төрийн нөхцөл байдлын хувьд чухал тогтолцоо бөгөөд үүнийг цаашид улам бүр төгөлдөржүүлэн авч явах ёстой.
2023 онд ардчилсан Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр сонгуулийн холимог тогтолцоонд шилжсэн бөгөөд Монгол Улсын Их Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн дүнд таван намын төлөөлөл бүхий 126 гишүүнтэй парламент бүрдэж олон ургалч үзэл санаа хангагдах нөхцөл бий боллоо.
Шинээр бүрдсэн парламент Үндсэн хуулийн эрхэм зорилгод үндэслэн Стратеги төлөвлөгөөгөө баталсан бөгөөд цаашид хууль тогтоох болон хянан шалгах бүх үе шатад хүн төвтэй үзэл санаанд суурилсан, хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалсан байх агуулга, шаардлага нэн тэргүүнд тавигдана.
Монгол Улсын Их Хурал ардчилсан Үндсэн хуулийн онцгой чухал зарчим болох ард түмэн засаглах Бүгд Найрамдах Улсын эрх зүйн үндсийг тогтоосон анхдугаар Үндсэн хуулийн түүхэн ач холбогдлыг тэмдэглэж, ард түмэн бид бүрнээ дагаж мөрдвөл зохих 1992 оны Үндсэн хуулиа дээдлэн залах тухай тогтоолыг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр баталсныг та бүхэнд дуулгахад таатай байна.
Бид өнөөдөр анхдугаар Үндсэн хуулийн зуун жилийн түүхэн ойн өдөрт гүн хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ цаашид Бүгд Найрамдах ёс, ард түмний засаглал, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг хойч үедээ уламжлан дамжуулах төрийн байгуулалт, төрт ёсыг бэхжүүлэх эрхэм хүндтэй үүргээ нэр төртэйгээр биелүүлнэ гэдэгт итгэл дүүрэн байна.
Та бүхэндээ Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийн зуун жилийн ойн баярын мэндийг дахин хүргэж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.
2024.11.26
Улаанбаатар хот
-
Улс төр8 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр8 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр8 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Нийгэм6 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр6 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө