Бусад
Сэтгэлд хэнзэлсэн намар
Хэрлэнгийн шугуйд. Намрын өнгө хараа булааж, моддын орой алтран шаргалтана.
Салхи холоос аргадан таалж, сэтгэл ойроос эрхлэн нялхарсан сайхан орой байлаа…
Зүүдэн хонгор навчис зүрхэн дээр эрээ цээргүй хөглөрч, бодлын үзүүрт холын дурсамж хөвөрсөн анхилхан үдэш…
Энэ сайхан үдшээр Анхилмаа шугуй руу ганцаараа алхав.
Өнө эртний нэгэн цагт өвсөн дор бэлзгээ гээсэн гүнж мэт гунхан алхсаар, хаа нэгэн эрхэм нандин газрыг нүдээрээ эрэх мэт ийш тийшээ ширтэн хайж, голын захаар хүглийсэн өвгөн моддын сүүдэрт очоод, эрэг дээр хөлөө унжуулан суулаа.
Их усны долгио алгуурхан мэлтэлзээд, өнөөх зүггүй шаргал навчис, мөн л торгон мандал дээр хэдийнээ оччихоод, эргэлдэн хөвөх ажээ. Хан сүрлэг уулсаар гоо үзэмжээ мэтгэсэн Хэрлэнгийн баръяа, Хөдөө аралд амгалан дүнсгэр болоод хосгүй гайхалтай байлаа. Мөчир хугарч, ус даргиалахаас өөр чимээ аниргүй тогтнуухан байх юм. Хаа нэгтээ шувууд жиргэх, адуу тургилах чимээ орчлон ертөнцийг амрааж, ер бусын тайвшрал бэлэглэнэ.
Нямрын хяруу буухаас өмнө амжиж, Анхилмаа нутагтаа иржээ. Гучин долоотойдоо ирэв. Эр цармын ганган улиас шиг тэвхийж явсан эжий аав хоёр нь хуучин арагны матаас шиг ээтэрч өтлөөд, цал буурал болцгоожээ. Нөхрөөсөө бэлэвсэрч хоцорсон отгон хүүхнээ сайхь хөгшчүүл уулгалан угтлаа.
Өвөлжөө, зусландаа налайж суухад нь Анхилмаа ээж аавыгаа зорин бишгүйдээ л ирдэг байв. Нэг хоёр жил болоод л ирнэ. Нөхөр хүүхдээ дагуулаад л ирнэ… Гэхдээ сэтгэл нь одооных шиг онгомол биш, аадрын солонго шиг гэрэлтэж байгаад буцдаг байв аа.
Элдэв юманд тордоггүй элэг бүтэн амьдрал, эрхэмсэг дэгжин нас нь эр нөхрийнхөө дэргэд гялтагнан гайхуулж явжээ.
Хэрлэнгийн шугуйд намрын сөл хожуу буусан энэхүү сайхан цагаар ирэхдээ, Анхилмаа гань багын дурсамжаа санагалзан, сэтгэл нь гэгэлзжээ.
Нөхрийгөө цэл залуугаараа тэнгэрт хальснаас хойш нутагтаа ойр ойрхон ирэх дуртай болжээ. Арав гаруй нас хүрч, бие даахтайгаа болсон хүү охин хоёроо эгчдээ захиж үлдээгээд ”Ээж нь нутагтаа оччихоод ирье ээ. Ээж аавыгаа санаад байна. Миний охин дүүгээ сайн хараад, Андиагийнхаа үгэнд сайн ороод байж байгаарай…” гээд ухасхийсэн ажээ.
Нөхөр нь хэчнээн төвшин сайхан эр байлаа даа. Ажил гэр, хань ижил, хоёр хүүхдийнхээ төлөө цаг наргүй зүтгэж яваад, хөөрхий хүнд өвчин олжээ. Хүний амьдралын оноосон тавилан тоотой юм шиг нэхэмжилсээр, нэг л өдөр тэрээр хоёр үрээ өнчрүүлэн, хоймроо ханхайлгаад хол одсон билээ.
Анхилмаа элдэв юм бодож, шүүрс алдан сууснаа, гутлаа тайлан зүлэг рүү шидээд, голын усанд хөлөө дүрэн булхуулав.
Хорин нэгэн жилийн өмнөх гэнэн дурсамжаа бодоод, арагшаа налан, гараа алдлан хэвтлээ. Хөх тэнгэрт торойх үүлгүй агаад оройн нарны шаргал туяа дурдан алчуур шиг хөвөлзөн харагдана. Утаагаараа утас мэтгэсэн цагаан онгоц, хойноосоо урагшаа дүүлэн нисэж, цаг нарны аргамжаа шиг хөврөн, бодол хөвөлзүүлсээр алсыг зоримуй. Тэрээр онгоц нисэхийг харангаа, нүдээ сүүмийлгэн хэсэг хэвтээд, хажуу тийшээ эргэн гараа дэрлэж, хөлөө нугалан нугдайв.
Намрын шаргал өвсний толгой салхинд ганхан, хүүхэд гэнэн насных нь хамгийн торгон мөч, нүдэнд тодрон үзэгдэх шиг болжээ.
***** ***** *****
Анхилмааг арван зургаа хүрч байх тэр зун, ойр хавийн айлууд бие биенээсээ өрсөн хадлангаа базаахаар, шугуйд уралдан буулаа. Найман сарын дундуур арай л эрт намаржаандаа буусан санагдана. Тэднийхийг буугаад хоёр хонож байтал Уужаа өвөөгийнх Ар сайрын зуслангаасаа нүүн ирж, айлсан буулаа.
Хүүхэд шуухад нь хичээл эхлэхээс өмнө амжиж, хадлангаа хадаж авахаар шамдсан аав ээжүүд, майхан сав, хоол үйц, хадуур тармуур, алх дөшөө бэлдэн, дулаан хувцас, хөнжил гудсаа ачиж аваад, үхэр тэргээ хөтлөн, гол уруудан явцгаалаа. Анхилмаа гэрээ сахин үлдэж, үнээ малаа сааж, хонь хургаа эргүүлэн, ар даагаад хоцров.
Уужаа өвгөний том хүүхнийх нь хүүхэд хотоос ирчихээд, хонь ямаагаа хариулахаар эмээтэйгээ гэртээ үлдлээ.
Насны хувьд Анхилмаатай ойролцоо тэр өндөр цагаан хөвгүүн, нүдээрээ инээмсэглэн дотносож, ганц нэг үг сольсоор, гар барин танилцаад авлаа. Хот газрын хөвгүүн гэхээрээ яриа хөөрөө сайтай, нүүрэмгий чөлөөтэй, бас их хөгжилтэй сэргэлэн төрх нь Анхилмаад таалагджээ.
Заримдаа элдвийн хөгжилтэй юмс ярин, элэг хөштөл инээлгэх бөгөөд нэг мэдэхэд Анхилмаа нулимсаа арчин, элгээ эвхрэн, унаж тусаж байгаагаа мэдээд ичдэг байв.
Анхилмаагийн гэнэн хонгор ааш, харгүй цагаан сэтгэлийг хараад, дотроо баясаж урамшсан өнөөх хөвгүүн, үргэлжлүүлэн ярьсаар бүр тамтаггүй болтол нь сульдуулдаг байв.
“Боль! Боль! Одоо болно оо! Элэг хөшөөд байна шүү дээ…” гэсээр Анхилмаа босоод гүйдэг байлаа.
Үнээ саагаад сууж байхад нь дэргэд ирээд Анхилмааг ширтэн зогсох нь хэчнээн хөөрхөн, ямар хөгжилтэй гээч! Нүдэнд дулаахан, гэнэн цайлган тэр хөвгүүн, эмээгээ дуудангуут ухасхийн гүйж очоод, хий гэсэн ажлыг нь дор нь амжуулаад, эргээд л гүйгээд ирнэ.
Анхилмаагийн аав ээж хоёр, Уужаа өвөөтэй хадлангаа хадаж, бухал бухлаар баяжуулан, намрын ажлаа тэвхрүүлж байхад, хүү охин хоёрын хооронд хайрын нандин холбоо хэдийнээ үүсчээ.
Нэг орой хургаа хотлуулчихаад Анхилмаа, Бүрэнцэгцтэй цуг шугуй руу усанд явлаа. Голын эрэг дээр очоод, хот хөдөөний амьдрал, хичээл сургууль, найз нөхөд гэцгээн, эцэс төгсгөлгүй яриаг ам уралдуулан ярьж, инээлдэн хөхөрч суусаар үдэш боллоо.
Голын ус яг энэ үдэш шиг хориод жилийн өмнө халгин урссаар байсан юм. Бүрэнцэгц, Анхилмааг өөртөө ойртуулан, мөрөөр нь тэврэн суув. Дороосоо даарч суусан Анхилмаа түүний халуун биенд наалдан, зүрхээ савлуулан, хярсан бүжин шиг хөдөлгөөнгүй боллоо. Сэтгэл булаасан хөөрхөн хөвгүүний ханагар цээжнээс зүрхний цохилт нь дуулдан, бүлээн амьсгаа нь чих гижигдэн, үгээр хэлэхийн аргагүй сайхан байлаа.
Бүрэнцэгц, Анхилмаагийн үсийг зөөлөн илэнгээ, хацар дээр нь шовхийтэл үнэсээд авав.
“Хотын хүүхэд гэхээрээ ийм зоримог байдаг юм байна шүү дээ. Манай ангийн хөвгүүд намайг үнэсэх нь байтугай хялалзангуут буруу хараад суучихдаг?” гэж бодоод, Анхилмаагийн инээд нь хүрэв.
Гэтэл гэрийн гаднаас, Бүрэнцэгцийн эмээ Буудай самган дуудах шиг боллоо. Яарч тэвдсэн Бүрэнцэгц сандран босож, хувинтай усаа бариад цалгиулан гүйлээ. Анхилмаа араас нь шанагаа даллан, годолзон дагасаар гэртээ харив.
“Маргааш хоёлаа тэнд уулзана шүү. Би чамд гоё юм ярьж өгнө өө!” гэж хэлчихээд, Бүрэнцэгц гэр рүүгээ гүйлээ.
Тугалаа зэллэн, хурга ишгээ гүргийлчихээд, Анхилмаа унтахаар хэвтэв. Тэр шөнө нойр нь хүрсэнгүй. “Маргааш орой хурдан болоосой… Хөөрхөн хөвгүүнд тэврүүлэн, халуун биенд нь дулаацан суух юм сан…” гэж бодон, шөнөжин эргэж хөрвөөсөөр, үүрээр унтжээ.
Өглөө нар хөөрсөн үед, Бүрэнцэгц гэрийн хаалга зөөлхөн тогшоод ”Хөөе, Анхилмаа босоорой! Үнээ чинь зэлнээсээ явчих гээд байна аа!” гэхэд давхийн сэрэв.
Өдөртөө хонь ямаагаа эргүүлэн, оройдоо үнээгээ сааж сүүгээ хөөрүүлээд, хоёр хувингаа бариад гол руу гүйлээ. Гол дагасан өтгөн төгөл тойрон гарч иртэл, Бүрэнцэгц хэдийнээ ирчихээд, түрүүлгээ харан хэвтэж байв. Тэрээр, хоёр хөлөө савчуулан, амандаа өвс зуучихаад, хөгжилтэйгээр инээмсэглэн угтлаа.
Анхилмаа, Бүрэнцэгцийн гэнэхэн хөгжилтэй, хайр татам байдлыг хараад, сэтгэл догдлон, дэргэд нь очоод суув. Энэ удаа тэр хоёр удтал хөөрөлджээ. Нэлээн орой болсон байв. Ашгүй Буудай эмээ дуудсангүй.
Нэг мэдэхэд Бүрэнцэгц , Анхилмааг өөртөө ойртуулан, уруулыг нь зөөлөн озож эхлэв. Биеэ барьж чадаагүй охин түүний хүчтэй тэврэлтэд автагдан, бүх биеэ суллан, гарынх нь аясаар уусжээ.
Хадланчид бууж ирэхийн урд орой, Бүрэнцэгц шөнө дунд хаалга тогшин орж ирээд, Анхилмаагийн өвөрт хоноод, үүрээр буцав.
Хадланчид тэрэг тэргээр өвс ачин, өвөлжөөндөө буулгаж хураагаад, ядарч туйлдсан хүмүүс ирцгээлээ.
Удалгүй хичээл орох болж, Анхилмаа сумын төв рүү, Бүрэнцэгц хот руу явжээ.
Тэр хоёр дахиж хэзээ ч уулзаж чадаагүй билээ.
Тэр өвөл сургуулийн дотуур байраар дүүрэн цуу яриа дэгдэв. Бүр сургууль даяар шуугилдлаа. Сум даяар шүү дээ…
“Наймдугаар ангийн Анхилмаа жирэмсэн болчихжээ. Хүүхдийнх нь эцэг хэн бэ?” гэсэн цуу үг, цулбуургүй таавар болж, чихтэй бүхний сонор дамжин, намрын өвсөнд тавьсан түймэр шиг дүрэлзэн асав. Дотуур байрны эрхлэгч багш, Анхилмаагийн том эгч рүү ярьж, түүнийг хотоос яаралтай дуудууллаа. Шинэ оны баяр дамнуулан, хөвгүүдийнхээ зүрхийг шархлуулаад, хөл хүндтэй хөөрхөн Анхилмаа хот руу оджээ.
***** ***** *****
Анхилмаагийн том эгч нь отгон дүүгээ өрөвдөн ойлгож, анхны үрийг энгэрт нь тэврүүлжээ. Том эгч нь нэг өдөр, дүүгийнхээ толгойг илэн, духан дээр нь зөөлөн үнсээд:
-Миний дүү алс амьдралынхаа замыг бод доо! Хүүг чинь өргөж авах хүн өнөөдөр утсаар ярилаа. Эмнэлэг дээрээс сураг сонссон бололтой. Их тохитой тухтай сайхан айл байна лээ. Ингэхэд Бүрэгцэгц та хоёр чинь хоёулаа наймдугаар ангийн сурагчид шүү дээ. Яахав дээ… Алсдаа бие биетэйгээ уулзаад, ханилан суувал, дахиад л хөөрхөн хүүхдүүдтэй болж болно шүү дээ! Миний дүү манайд үлдээд, хичээл сургуульдаа үргэлжлүүлэн сурах хэрэгтэй. Чамд боловсрол мэдлэг тун чухал… гэхчилэн аргадаж гуйсан өнгөөр баахан ярилаа.
Анхилмаа нулимсаа арчин, хамраа шуухитнуулан чимээгүй болов. Хоёр хоногийн дараа эгчийгээ хараад, толгой дохижээ.
Хэд хоногийн дараа хадаг самбай дэлгэж барьсан дөч гаруй насны эрэгтэй, эмэгтэй хоёр хүн ирээд, бэлэг сэлт, чихэр жимс, мөнгө төгрөг өгөөд, ёс төр болон, нялх үрийг нь Анхилмаагаас авч оджээ. Хөөрхөн булцгар үрээ, хөгшин хүмүүст өгөхдөө дурамжхан байсан боловч, нөмөр түшигтэй зөөлөн хашир байх болов уу? гэж бодсоор уйлан хайлан хоцорлоо.
Анхилмаа хотод есдүгээр ангид элсэн орж, хичээл зүтгэлтэй суралцсаар, их сургуулийн хуваарь авчээ.
Оюутны амьдрал, номын дуутай таван жилийг зүтгэж яваад төгсгөжээ. Их эмчийн мэргэжил эзэмшин, ажилд ороод удаагүй байхдаа, бурхан болооч нөхөртэйгээ уулзаж танилцаад, нэг гэртээ орж, хурим найраа хийсэн билээ.
Мэргэжил нэгтэй, сэтгэл нийцтэй залуу хосууд, охин, хүү хоёр төрүүлэн, амьдрал ахуйгаа дэвжээн бадраасаар, арав гаруй жил ханилжээ.
Гэнэт тэднийг хагацлын хар сүүдэр дайран өнгөрлөө…
Анхилмаа нөхрөөсөө бэлэвсэн хоцроод, жил гаруй хугацаанд өчнөөн зүйлийг бодож, хэчнээн ихийг цэгнэв. Залуугаараа хорвоогоос буцсан сайхан сэтгэлт ханийгаа өрөвдөн хайлна. Ээж аавыгаа санаж, эх нутгаа үгүйлж, хүүхэд насаа дурсаж, үе үе гиюүрч, сэтгэл нь өмрөх ажээ. Цэл залуу насандаа бусдад үрчлээд явуулсан хөөрхий хүүгээ харах юм сан гэж бодох болов. Бүрэнцэгц хаана юу хийж явдаг бол доо? гэж бодож ч үзлээ.
Ганцаардсан сэтгэлийн зовлонг хэн ч анзаарахгүй бөгөөд магад тойрон өнгөрөхгүй билээ.
***** ***** *****
Голын зүлэг дээр элдвийг бодож хэвтсэн Анхилмаа навч өшигчих хөлийн чимээ сонсоод давхийн босов.
Зүлэг рүү шидсэн гутлаа өмсөн, хормой хотоо цэмцийн суугаад , гол руу чулуу шидэнгээ, хүн ирэхийг хүлээв. Шугуйгаас морьтой хүн, үхэр мал туусан айлын хүүхдүүд гээд юу эс гарч ирэх билээ дээ? Гэтэл өтгөн бургасны цаанаас навч ханаран унаж, нэгэн эрэгтэй хүн гарч ирлээ.
Бахим чийрэг биетэй, өндөр тэвхгэр нуруутай, цайвар царайтай, үл ялиг бууралтаж яваа залуу эрийг хараад Анхилмаа барьц алдан, бараг унах шахав. Юу болоод байгаагаа ч ойлгохгүй ухасхийн боссоноо хойшоо ухран, гайхан харлаа. “Анхилмаа?! ” гэх дуунаар цочин, зүрх дэлсээд өөрийн эрхгүй сөгдөн суулаа. Бүрэнцэгц түүнийг тэврэн аваад, зүлгэн дээр аяархан суулгав.
-Сайн байна уу ? Сайхан намаржиж байна уу? гэж танил дуугаар хүнгэнүүлэн мэндэлснээ “Хорин нэгэн жил болж дээ. Ямар сайхан учрал вэ? ” гэх нь тэр. Анхилмаа гайхшаа баран, яг юу хэлэхээ мэдэлгүй енгэнүүлэн уйллаа. Бүрэнцэгц түүнийг аргадан, элгэндээ тэврэн духан дээр нь зөөлөн үнэслээ. Бүрэнцэгц, Анхилмааг тайвширтал, юу ч хэлэлгүй хүлээн суулаа. Нэлээн удаан сууснаа:
-Эмээ маань чамайг нутагтаа ирснийг мэдээд, надад утсаар хэллээ. Би чамайг арай буцах болоогүй болов уу? гэж бодоод, өнөө өглөө яаран, наашаа гарсан юм аа!
Чи бид хоёрын хүүхэд насны анхны учрал бэлэглэсэн энэ голын тохойд би дандаа ирдэг юм л даа! гээд гол руу ширтэн, шүүрс алдав.
Анхилмаа нүдээ дүрлэлзүүлэн:
-Тийм үү? Би хорин нэгэн жилийн дараа анх удаа л ирж байгаа юм аа гэснээ гэм хийсэн хүн шиг доошоо тонгойн “Эмээ, өвөө чинь сайн уу? Сайхан насалж яваа буянтай хүмүүс шүү? ” гэж асуулаа. Бүрэнцэгц дахин хэнгэнэтэл шүүрс алдаад:
-Өвөө маань бурхны орондоо морилсон. Эмээ маань ная гаруй насыг зооглож явна даа. Хэрлэн өгсөөд, Хүрэн цохионоос дээшээ намаржиж байгаа. Эндээс холгүй ээ! гэв.
Анхилмаа, Бүрэнцэгцийн энгүй тайван бөгөөд гуниг хургасан яриаг сонсож сууснаа:
-Өвөө чинь бурхан шиг сайхан хүн байж билээ. Манайхан олон жил айл саахалт хаяа хамар хатгаж, ойр гэмгүй явлаа даа. Би хэдэн жилийн өмнө аав ээжээрээ дамжуулан, чамайг сурагласан юм. Чамайг цагдаа болсон гэж дуулсан л даа! гэснээ яриагаа үргэлжлүүлэн, “Нөхөр маань ноднин залуугаараа өнгөрчихлөө. Би охин хүү хоёртойгоо хоцорсон. Бидний хувь заяа энэ юм байх даа… Хүний амьдралын тохиол тавиланг яах ч аргагүй юм даа” гэлээ. Бүрэнцэгц, Анхилмааг аргадан тайвшруулж:
-Би бүгдийг дуулсаан… гээд чимээгүй болов.
Анхилмаа яриагаа чухам яаж үргэлжлүүлэхээ мэдэхгүй нэг хэсэгтээ гацав. Нэлээн сууснаа зориг шулуудан:
-Чи бид хоёр ёстой л гэнэн хүүхдүүд байж дээ! Хэн хэн нь юугаа ч мэдэхгүй хар зөнгөөрөө л хэрэг хийж явжээ. Тэр намар би жирэмсэн болсноо мэдээд, яах учраа олохгүй сандарч тэвдсээр өвөлтэй золгосон юм. Байрны хүүхдүүд намайг мэдчихээд, сум даяараа яриа болов оо. Аргагүйн эрхэнд эгчийгээ даган хотод ирж, хүүгээ төрүүлээд, хүнд өргүүлчихсэн. Би ер нь яаж амьдраад байгаа хүн бэ? Өөрийгөө ч ойлгохоо болилоо! гээд асгаруулан уйллаа.
Бүрэнцэгц тэвдэн сандарч, Анхилмааг тэврээд, энгэр цээжиндээ ойртуулан тайвшруулав. Анхилмаа уртаар шүүрс алдсанаа “Эгч маань надад, өргөж авсан хүмүүсийн талаар хэлээгүй. Гэнэт утсаар холбогдоод, дүүгий чинь хүүхдийг өргөж авъя гэцгээсэн гэдэг. Би дөнгөж арван долоохон настай байсан болохоор юу, юугаа ч мэдээгүй. Их сургуулиа төгсөөд хань ижилтэй болж, хоёр хүүхэд төрүүлэн өсгөх хүртлээ хөөрхий хүүгээ үргэлж боддог байлаа. Сургийг нь гаргаж чадаагүй юм аа” гэв.
Бүрэнцэгц “Би бүгдийг дуулсан. Бас л хожмоо…. дуулсан… ” гээд дуугүй болов. Анхилмаа баахан уйлсандаа дотор нь уужран, хэсэг сууснаа “Хоёулаа хүүгээ олцгооё! Олж уулзаж л таарна. Сүүлийн үед би хүүгээ их бодох боллоо?” гэв.
Бүрэнцэгц, Анхилмааг тайвширахыг хүлээзнэн, шийдэмгий яриаг нь чагнан сууснаа:
-Би бас юу ч мэдээгүй. Наймдугаар ангиа төгсөөд хойтон зун нь энд ирж, танайд очсон. Чамайг хотод сургуульд сурахаар явсныг дуулаад, удаагүй хот буцсан. Хотоос яаж олох билээ дээ? Байнга л боддог байлаа. Аравдугаар ангиа төгсөөд, цагдаагийн сургуульд оров оо. Зун, өвөл, хавар, намартаа завгүй хүн болсон. Гэхдээ л байн байн сураглахад чамайг оюутан болсон гэнэ лээ гэж дуулдав. Олон жил уулзаагүй намайг одоо мартсан биз? гэж бодлоо. Сургуулиа төгсөөд зүүн аймаг руу хуваарилагдан яваад, хөдөө нутагт олон жил ажилласан. Би өвөөгийндөө тэр бүр ирээд байх завгүй хүн болсон юм л даа. Нэг удаа сураглахад чамайг хүнтэй суусан гэнэ лээ л гэж дуулдсан.
Хамгийн хачин нь…. Намайг есдүгээр ангид сурч байх тэр жил, аав ээж хоёр минь гэнэт нэг нялх хүүхэд үрчилж аваад өсгөж эхлэв. Би ч гайхаж анзаараагүй юм. Учир нь би ганцхан дүүтэй байсан шүү дээ. Гурван хүүхэдтэй болсон манайхаас дуу шуугиан тасралгүй, үнэхээр баяр хөөртэй байх болов. Бүүр хожмоо… Хөдөө нутагт ажиллаж байгаад санаанд оромгүй сонин юм ааваасаа дууллаа…
Аав маань бие нь тааруу байхдаа надад бүх үнэнийг хэлсэн юм. Одоо хүү чинь надтай байгаа. Хорин нэг хүрч байна. Өнөө өглөө хотоос наашаа бид цуг гарсан гэв. Тэрээр хэлэхээр зорьж ирсэн үгээ хэлчихээд, уужрах мэт алсын бараа ширтэн суув.
Бүрэнцэгц сэтгэл догдлон суугаа Анхилмаагийн гарыг атгаад:
-Анхилмаа минь дээ! Хүний амьдрал төсөөлж болохгүй зүйлээр дүүрэн шүү дээ. Эмээ маань ухаантай хүн байсан учраас, бүгдийг зохицуулсан юм билээ. Намайг есдүгээр ангид сурч байх тэр жил эмээ хотод ирж, ээж аав хоёрыг загнаж зандран, ятгаж аргадан хүүг минь авахуулсан юм билээ. “Айлын жаахан охин үрийн амьдралаар хүү чинь наадаад хаячихлаа! Та хоёр ачийгаа өргөж аваад, хүн хийж ав!” гэж л дээ. Ингээд эгчтэй чинь уулзаад, миний хүүг авчирсан. Чамайг нөхөр хүүхэдтэй болоод сайн сайхан амьдарч яваа болохоор хэл ул болж, үг цухуйлгалгүй нуугаад өнгөрчээ. Би хүртэл мэдэхгүй явсаар уржнан мэдсэн. Хүүгээ дагуулан нэг л өдөр чам дээр очно доо гэж бодож байтал танай гэр бүлд гашуун зовлон тохиосон юм. Ингээд байдлыг харзнан түр хүлээсэн юм.
Манайх хотод суурьшаад удаагүй айл. Өчигдөр ажлаасаа тараад, гэртээ ирчихсэн сууж байтал эмээ над руу гэнэт утасдав. “Анхилмаа аавындаа ирсэн байна гэнэ ээ. Хүүгээ дагуулан хурдан ирцгээ!” гэж лүндэн буулгалаа. Тэгээд бид хоёр наашаа ухасхийлээ гэснээ хөгжилтэйгээр инээв.
Үлгэр шиг сонин зүйлд анхаарал төвлөрүүлэн, нэг ч үг орхилгүй сонсож суусан Анхилмаагийн дүрлэгэр нүдэнд оч гэрэлтэн, ухасхийн босов. “Хүү минь! Хүү минь! Тэнэг намайг өршөө! Одоо хаана байна вэ? Би очиж уулзмаар байна!!! ” гэв.
Бүрэнцэгц Анхилмааг тэврэн тайвшруулаад:
-Бүх юм надаас болсон юм. Миний тэнэг зангаас болж чи минь хар нялхаараа хүүхэд төрүүлэн, нутаг орноосоо явж, их зовлон үзсэн шүү дээ! гэснээ нүдэнд нь нулимс цийлэгнэн дуу нь чангарч ” Гэхдээ би их азтай хүн. Хүүдээ амиа дэвсэн, хайраа өгсөөр амьдарч л явна даа” гээд өөдрөг тэнүүхнээр инээв.
Мөн шүү!!! Яг өнөөх Бүрэнцэгц. Арван зургаахан настай хөгжилдөн хөхрөлдөж байсан жаахан хүү яг хэвээрээ өмнө нь зогсож байлаа. Анхилмаа гайхшаа барахдаа:
-Чи чинь хүнтэй суугаагүй хүн үү? гэж сөхрөн асуулаа.
-Би чинь хүүтэй хүн шүү дээ. Тэгээд ч чиний амьдралаар тоглож хаясандаа шийтгэгдээд, хөлөө олж чадахгүй мунгинаж яваа эр ээ гэв. Тэгснээ хөгжилтэйгээр хөхрөн, Анхилмааг гижигдэн сахилгагүйтэх гэснээ болиод:
-Өглөө эрт хүүгээ дагуулан, аавынд чинь очно оо. Одоо үдэш орой болсон байна аа. Би чамайг гэрт чинь дөхүүлээд өгье гэв.
Анхилмаа тэр шөнө хэрхэн яаж хоносныг уншигч эрхэм та надаар бичүүлэлтгүй мэдэж байгаа шүү дээ.
Маргааш өглөө нь нар мандах үеэр, гэрийн гадаа машины дуу гарлаа. Уймарч сандарсан эжий нь бүсээ бүслэн, алчуураа боогоод, яаран гарав.
Гэрийн хаалга нээгдэн, хорь орчим насны өндөр сайхан хүү хадаг дэлгэн бариад, Анхилмаагийн өмнө сөгдөн бохироод, бөхийн золгонгоо бумбагар хацраа өгөв. Анхилмаа нүдэндээ нулимс цийлэгнүүлэн, гар салганан, хүүгээ тэврэн авчээ. Өлгийтэй багын үнэр нь яг хэвээрээ. Бүрэнцэгцийг энгүй адилхан дуурайжээ. Хөгжилтэй сэргэлэн нүдээрээ ээжийгээ удаан гэгч ширтээд, уртаар шүүрс алдав. Олон жил мөрөөдөж хүлээсэн сэтгэл нь уужирчээ.
Анхилмаа босоод, Бүрэнцэгцийн эмээ Буудай самгантай золгов. Тэрээр үсэн буурал болоод нэлээн өтөлжээ. Гэхдээ ная гарсан хүн гэхэд бас л ануухан байлаа. Анхилмааг тэврэн авч:
-Ишш … охин минь нүгэлт намайг өршөөгөөрэй. Өдий насалтлаа юу бодож суусан хүн билээ би? Хүмүүс хадланд гарсан хойно ар гэр дааж үлдсэн ганц том хүн би л байлаа шүү дээ. Юу ч гэхэв дээ охин минь өршөө!!! гэв. Анхилмаа нулимсаа арчаад:
– Юу гэсэн үг вэ эмээ минь! Энэ сайхан хүүг минь өргөж ачилсан та бүхэндээ их баярлалаа. Гэнэн томоогүй явсан надаас л боллоо гэв. Анхилмаагийн ээж тэдний яриаг шүүрэн авч залруулан:
– Дээшээ сууцгаа! Дээшээ сууцгаа! Бие биеэ өршөөн энэрч, хувь тавилангаа бишрэн дээдэлцгээе. Ийм сайхан алаг үр бидэнд заяачихаад байхад, гэм зэм, өршөөл нигүүсгэл одоо яриад хэрэггүй ээ… Таминь! гэв.
Хэрлэнгийн шугуйд халгиж далгисан сайхан намар болсон юм. Хүүхэд насны томоогүй хайр зүрхэнд дахин хэнзэлж, ах дүү амраг саднаараа учрах тавилангийн ерөөлөөр булаг шиг мэлмэрчээ.
Тэнгэр бурхны орноос ажиглан суугаа ариун сүнс амаршин аглагшив.
Бадран ассан тэдний амьдралд өнө удаан жаргахын ерөөлөө шившээд, өөрөө сайн төрөл олсон нь дамжиггүй юм. Чив чимээгүй одсон ариун сүнс зовинох зүйлгүй болоо биз ээ.
Амьдрал гэдэг нь төгсгөл биш эхлэл ажээ. Зовлон жаргал хоёр хэлхэж буусан толин тусгалыг жам гэнэ ээ. Хорвоогийн жам үргэлжлэлтэй.
Бүрэнцэгц, Анхилмаа нар дахин хоёр охин төрүүлжээ.
Таван сайхан хүүхэд нь өнчрөл хагацлын зовлон хэзээ ч амсаагүй юм аа.
Д.Мөнхбаатар
Бусад
Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана
Өнгөрсөн наймдугаар сард Боловсролын сайд П.Наранбаяр Монголын хувийн их дээд сургуулиудын холбооны төлөөлөлтэй уулзах үеэр ярилцсаны дагуу нэгдсэн байдлаар бүх хувийн их, дээд сургуулийн удирдлагуудтай уулзлаа.
Хувийн их, дээд сургуулийн удирдлагууд тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэн нэгтгэж, төрийн дээд боловсролын салбар дахь оролцоо дэмжлэг болон эрх зүйн орчин, элсэлтийн босго, дээд боловсролын байгууллагуудын эрэмбэ, багшийн хөгжил болон нийгмийн баталгаа гэсэн чиглэлүүдээр санал хүсэлтээ илэрхийлэв. Тухайлбал, их, дээд сургуулийн онцлогийг харгалзаж үнэлэх замаар эрэмбэ тогтоох, төрийн зүгээс өмчийн хэлбэрийг ялгахгүйгээр адил тэгш бодлого хэрэгжүүлэх, салбарт хэрэгжиж буй хуулиудад өөрчлөлт оруулах шаардлагатай гэлээ.
Боловсролын сайд П.Наранбаяр их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллахаа онцолж, дээд боловсролын байгууллагуудын онцлог, чиглэлийг харгалзан ангилах байдлаар хөндлөнгийн байгууллагаар эрэмбэ тогтоолгох, элсэлтийн босгыг үе шаттайгаар өсгөн элсэгчдийг чанаржуулах бодлого баримтална хэмээв. Мөн бүх санал хүсэлтэд хариу өгч, нэгтгэж эрэмбэлэн үе шаттайгаар шийдвэрлэхээ хэллээ гэж Боловсролын яамнаас мэдээллээ.
Бусад
ТББХ: Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэв
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 05-ны хуралдаанаар Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 01 дүгээр тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийн танилцуулгыг сонслоо.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.5 дахь хэсэгт “Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах нарийвчилсан журмыг Улсын Их Хурлын тогтоолоор батална.” гэж заасныг үндэслэн уг тогтоолын төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор УИХ-ын гишүүн О.Номинчимэгээр ахлуулан, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, П.Сайнзориг, Х.Тэмүүжин нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан юм.
УИХ-ын гишүүн О.Номинчимэг ажлын хэсгийн дүгнэлтийг танилцуулав.
Тэрбээр, Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголыг Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Нийтийн сонсголын тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын 2017 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Нийтийн сонсгол зохион байгуулах журам”-д заасны дагуу зохион байгуулж ирсэн.
Монгол Улсын Их Хурлаас 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-д Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах зарим харилцааг нарийвчлан зохицуулж хуульчилсан байна.
Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн Арван тавдугаар бүлэг бүхэлдээ Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах дараах харилцааг нарийвчлан зохицуулсан байна. Үүнд:
- 119 дүгээр зүйлд Улсын Их Хурлын хяналтын сонсгол явуулах талаар хүсэлт гаргах, хүсэлтийг шийдвэрлэх талаар;
- 120 дугаар зүйлд сонсгол зохион байгуулах харьяаллын талаар;
- 121 дүгээр зүйлд сонсголын бэлтгэл ажлыг хангах талаар;
- 123, 124 дүгээр зүйлд сонсголд оролцогч, түүний эрх, үүрэг;
- 125 дугаар зүйлд сонсгол даргалагчийн эрх, үүрэг;
- 126, 127 дугаар зүйлд сонсголыг танхимаар болон цахимаар явуулах журам;
- 128 дугаар зүйлд сонсголын тайлан, тэмдэглэл боловсруулж, олон нийтэд түгээх талаар;
- 129-133 дугаар зүйлд Нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулах журам.
Өөрөөр хэлбэл, Улсын Их Хурлын хяналтын сонсголыг дээр дурдсан хуулийн зохицуулалтын хүрээнд зохион байгуулах боломжтой байх бөгөөд нарийвчилсан журам батлан гаргах тохиолдолд хуулийн зохицуулалтыг давхардуулан журамд тусгах нөхцөл үүсэж байх тул тус журмын төслийг боловсруулах шаардлагагүй гэж ажлын хэсэг дүгнэлээ гэлээ.
Түүнчлэн тэрбээр 2024-2028 оны парламентын бүрэн эрхийн хугацаанд холбогдох журмын тоог цөөлж, хуулиар зохицуулах шаардлагатай зохицуулалтыг журмаар биш хуульд тусгаж байх стратегийг баримталж байгааг дурдаад, цаашид хууль хэрэглээний хувьд ойлгомжтой болгох үүднээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тохиолдолд хяналтын сонсголын зохион байгуулалттай холбоотой зарим шаардлагатай зохицуулалтыг нэмж тусгах саналтай байна хэмээсэн. Тухайлбал, тус хуулийн 121 дүгээр зүйлийн 121.6-д заасны дагуу шинжээчийг томилохдоо ажлын хэсгийн саналыг үндэслэн Байнгын хороо тогтоол гаргахаар зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл, ажлын хэсэг байгуулагдаагүй бол шинжээч томилох хүсэлт гаргах субьект хэн байх талаарх зохицуулалтыг тодорхой болгох шаардлагатай. Түүнчлэн сонсгол явуулах бүтэц нь Байнгын хороо, дэд хороо байх олон улсын жишигт нийцүүлэх нь цаашид Байнгын хорооны үйл ажиллагааг илүү мэргэшсэн, уялдаа холбоотой байх ач холбогдолтой тул холбогдох өөрчлөлтийг хийх хэрэгтэй. Мөн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэг, 126 дугаар зүйлийн 126.5 дахь хэсгийг тус тус хүчингүй болгох саналтай байгаагаа танилцуулсан юм.
Ажлын хэсгийн дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй.
Мөн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэв.
УИХ дахь МАН-ын бүлгээс тус дэд хорооны бүрэлдэхүүнээс УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг чөлөөлж, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очирыг бүрэлдэхүүнд оруулах саналыг ирүүлсний дагуу Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулжээ.
Хэлэлцэж өуй асуудалтай холбогдуулан асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг хэлэлцэн батлахыг дэмжин, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Дараа нь “Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Тогтоолын төслийн талаар Байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ танилцуулсан. Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалт нь төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус гэсэн төрөлтэй байх бөгөөд мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсэгт заасны дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо Улсын Их Хурлын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаврыг холбогдох шийдвэрийн төслийн хамт нэгдсэн хуралдаанд оруулж, шийдвэрлүүлэх ёстой хэмээв.
Мөн тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасны дагуу Байнгын, дэд хорооноос хийх төлөвлөгөөт хяналт шалгалтыг Улсын Их Хурлын төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаварт тусган хэрэгжүүлэхээр заасныг тодотгоод, хяналт шалгалтын талаар Байнгын хороодоос холбогдох саналыг авахад Аж үйлдвэржилтийн бодлогын, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос тусгайлан санал ирүүлээгүй гэлээ.
Байнгын хороодоос ирүүлсэн санал болон хяналт шалгалтын бусад асуудлын хүрээнд УИХ-ын 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд зохион байгуулах нэр дэвшигчдийн хяналтын сонсголыг УИХ-ын төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаварт тусган боловсруулсан хэмээн танилцуулсан юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэг, иргэдээс ирж байгаа хүсэлт, өргөдлийн дагуу хууль зүйн бодлоготой холбоотой, ялангуяа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль тогтоомжийн биелэлттэй холбоотой асуудлыг хяналт шалгалтын цаглаварт оруулах асуудлыг хөндөн байр сууриа илэрхийлсэн.
Эцэст нь тогтоолын төслийг хэлэлцэн батлах асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин чуулганы нэгдсэн хуралдаанд Байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Бусад
Дэлгэрэх цехийн М.Эрдэнэцэцэг
“Манайх эсгий бүрээсээс бусдыг үйлдвэрлэдэг, гадуур дотуур цагаан бүрээс, давхарга, берзинт, өрх гээд л. Миний хувьд 1993 оноос өрхийн үйлдвэрлэл эрхэлж, ээжтэйгээ хамт цагаан бүрээс оёж эхэлсэн. Түүнээс хойш 31 жил өнгөрсөн байна. Манайхыг аж ахуйн нэгж гэж ойлгов оо, оёдлын цех шүү. Ажлын байрны хүчин чадлын тухайд 16 хүн ажиллах боломжтой ч өнөөдрийн байлаар найман оёдолчин ажиллаж буй ” хэмээн үйл ажиллагаагаа танилцуулсан бүсгүй бол БЗД-ийн иргэн, Дэлгэрэх цехийн эзэн М.Эрдэнэцэцэг. Гав шав хийсэн гялалзуур эмэгтэй шүү гэх тодотголд яг таарах хүн гээд хэлчихвэл буруудахгүй л болов уу. Түүний ажил агуулахаас бүс бараагаа ангилж татахаас эхэлж, эсгүүр хийх, оёдол, ангилах, бэлэн болсон бүтээгдэхүүнээ Нарантуул руу хүргэх, орон нутаг дахь борлуулагчид руугаа ачуулах гэхчилэн амсхийх завгүй гүйсээр үдшийн бүрийтэй золгоно. Ажлынхаа завсраар өндөр настай ижий, хүү хоёроо халамжлах учиртай. Бас ажлын хамт олон гэж бодлын үзүүрт өнжих найман бүсгүй, хоёр эр бий. Хүний л амьдрал болохоор жаргал зовлон ээлжилнэ. Ямар ч үед дэргэд нь байж, зүдрэх үед нь энгэртээ наах нь миний үүрэг гэж ойлгох түүнд хамт олон нь хачин сайн юм билээ. Нэгэн цагт ээжүүдээ дагаж, цехийнх нь умгар өрөөнд эрхэлж наадаж өссөн охид амьдралд хөл тавьж, эдүгээ оёдолчин болцгоон хоёр ээжтэйгээ мөр зэрэгцэн ажиллаж байгаа гээд бодохоор Дарь-Эхийн овооны энгэр бэлд бууриа засч төвхнөсөн жижигхэн цехийн түүх эгэлгүй агаад бахархам ажээ.
Ажилсаг ээжийн хичээнгүй охин
М.Эрдэнэцэцэг өөрийнхөө сайн сайхан явааг ээжийнхээ ажилсаг чанартай холбоно. Ё.Нармандах хэмээх гайхамшигт эмэгтэй бол түүний ээж. Цэл залуугаараа ханиасаа хоцорч гурван үрээ хөлийг нь дөрөөнд,гарыг нь ганзаганд хүргэсэн ижийгээрээ охин нь өнөөдөр гангарч сууна.
Хөнгөн, хүнсний техникум төгссөн залуухан бүсгүй амьдралд хөөр баяртайгаар хөл тавьтал мэргэжил бус юу чаддагаараа амьдарлаа залгуулах тийм цаг үе тосох нь тэр. Тодруулж хэлбэл, БНМАУ зах зээлийн нийгэмд шилжсэн 1990 оны цагаан морин жил. Амьдралын ямар ч үед хөл алдаж үзээгүй ижий нь “Эрдэнэцэцэг ээ, миний охин ижийнхээ оёдлын машинаар хоолоо олж ид. Нагац ахын чинь хүүхдүүд гэрийн бүрээс, цаваг оён Дэнжийн мянгын зах дээр борлуулж байна. Борлуулалт ч гайгүй бололтой. Би тэдэнд тусалж, гэрийн бүрээс, цавгийг яаж эсгэдэг, хэрхэн оёдгийг мэдэж авлаа. Одоо хоёулаа үзээд алдая. Монгол хүн байгаа цагт монгол гэр байж л таарна” хэмээн цуу ямбуу даавуу дэлгэн анхны эсгүүрээ хийсэн тэр өдрөөс хойш бага таван ханатын баруун талаас оёдлын машины дуу тасраагүй гэж хэлж болно. Ингэж л тэрбээр өөрийн гэх орлоготой энэ цагийн хэллэгээр бизнесийнхээ гарааг эхлүүлсэн түүхтэй.
Оёдлын цех байгуулагдаад 31 жил болжээ. Хүний амьдралын бүхэл бүтэн үе ч гэж хэлж болохоор. Өсч дэвжсэн түүх нь энгийн юм шиг атлаа шантарч, уйлж дуулж явсан өдрүүд М.Эрдэнэцэцэгт бий. “Одоо л хөл дээрээ босох нь. Банкнаас авсан зээлээ түүртэлгүйгээр дарж чадах цаг айсуй” хэмээн бүтэн нойртой хонож эхэлтэл гал усны гашуун зовлонгийн өмнө өвдөг сөгдөх нь тэр. Амсхийх гэдгийг умартан зүтгэж байж бий болгосон бүхнийг нь дүрэлзсэн гал хамж аваад үнс болгож орхив. Хүний амь эрсдээгүйд нь магнайгаа хагартал баярлавч ёрдойж харлаад үлдсэн төмрийн хог, утаа савсуулан уугих бууриас өөр юу ч үгүй хоцорсондоо харамсан, харамсан уйлж зогссон тэр хүнд үеийг туулаад л гарсан. Ажлын байрны тав тухтай орчныг бүрдүүлэхийн төлөө хичээн 2019 онд үйлдвэрийн хоёр давхар шинэ байраа ашиглалтад оруулав. Эдүгээ агуулах, савтай ч болсон байна. Бараа материалаа ч жилийн дөрвөн цагийн эргэлтийг даахуйцаар нөөцлөх эдийн засгийн боломжтой болсон гээд багагүй амжилтад хүрсний нууц нь маш энгийн. Эрхэлсэн ажилдаа сэтгэлээ өгч, хичээх явдал. Түүнчлэн хэлсэн үгэндээ хүрч, үнэнч байдлыг эрхэмлэдэг чанар аж.
Хөндлөнгөөс харахад, сувд мэт шаргалтан цайрах цуу ямбуу даавуу нэгэн хэмээр нүргэлэх оёдлын машины дуу, үйлчин бүсгүйн хурдан шаламгай хөдөлгөөнтэй өнгө хослохуй дор монгол гэрийн гоёл болох гадуур, дотуур цагаан бүрээс, цаваг, өрх болж хувирна. “ Үнэтэй торгон хөшиг хэцээр татаж” хэмээх шүлэг зөвхөн шил толь болсон орд харшийнх бус талын Монголын үнэт өв монгол гэрийн дотуур хөшиг ч хээ хуар, саа бүхий үнэтэй торгоор хийгддэг болсныг энэ цехийн үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүнээс олж харснаа нуух юун.
“Цэцгээ гэдэг оёдолчныг хайж явна”
Худалдан авагчид түүнийг ийн сурагласаар ирэх нь бий. “Байнгын минь хаяг Нарантуул зах” шүү дээ хэмээн цайлганаар инээх оёдолчин бүсгүйг малчид андахгүй болжээ. Жил өнжөөд л гэрийнхээ гадуур, дотуур цагаан бүрээсээ сольдог учраас түүний урласан цагаан бүрээсүүд борлогдохгүйн зовлон үгүй. Ийм амжилтад хүрэхийн тулд монгол гэрийн давуун эдлэлийн зах зээлийг алдахгүйн төлөө тэрбээр 31 жил тасралтгүй хөдөлмөрлөсөн. Гэхдээ үнэнчээр. Үйлдвэрлэлийн аль ч шат дамжлагад алдаа гарах ёсгүй гэж тэр үздэг. Түүний баримталж ирсэн зарчим бол чанартай бүс даавуугаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх, худалдан авагчаа солихгүй байх явдал. Нэг удаагийн ашиг бодох бус зөвхөн өөрийг нь зорьж ирэх худалдан авагчаа дээдлэх учиртай хэмээн мань хүн үздэг байна. Тэр утгаараа байнгын үйлчлүүлэгчийн захиалгыг цаг хугацаанд нь гаргаж өгөхийг хичээхийн сацуу худалдаж авсан бүрээс нь очоод барихад язайхгүй, дутахгүй байх ёстой гэдэг дээр анхаарч ажилладаг байна. Үр дүнд нь малчид итгэлээ өгч, Эрдэнэцэцэг буюу Цэцгээ оёдолчны сэтгэлээ шингээж оёсон гэрийн даавуун эдлэлийг сонгож тэр хэрээр эрэлт ч их болжээ. Үүнээс гадна бараа бүтээгдэхүүнийхээ чанарт онцгой анхаарч анхны дамжлаг болох хамгийн чанартай даавууг сонгож, үйлдвэрлээ явуулна. Бас итгэлийн асуудал. Энэ талаараа тэрбээр “Манайх түншүүдтэйгээ 2004 оноос хамтран ажиллаж, бие биеийнхээ итгэлийг алдахгүй явсаар өнөөдөртэй золгосон. Аливаа үйл хэрэг итгэлцэл дээр тогтдог бөгөөд хэн хэнийхээ итгэлийг алдахгүй байх аваас хамтын ажиллагаа улам л бэхжин хөгждөг жамтай” хэмээн өгүүлсэн.
М.Эрдэнэцэцэг олонтой нэгэн.
Оёдолчдынхоо ахуй амьдралыг өөд татаж, хамтдаа хөгжих нь түүний зорилго. Зорилгодоо хүрэхийн тулд тэднийгээ ажлаар хангах явдал. Азаар бидэнд ажилгүй өнжих өдөр гэж үгүй. Өөрөөр хэлбэл, захиалга тасардаггүй гэсэн үг. Гэхдээ тэдний ажил улирлын чанартай гэдгийг хэлэх нь зөв байх. Шинэ гэрийн найр наадам, хуримын сар дуусмагц автомашины дулаан хучилга, гэрийн хаалганы дулаалга руугаа орно. Тэгээд арванхоёрдугаар сарын сүүлчээс хойш үндсэн бүтээгдэхүүнээ оёж эхэлдэг байна. Нөөц гэж ч ойлгож болох юм билээ. Нөгөөтэйгүүр, түүнийг тойрон найман “цэцэг” эргэлдэж буй. Түүний ”торгон” цэрэг П.Алтанцэцэг гэхэд л Дэлгэрэх цехэд 18 жил ажиллаж байгаа бөгөөд үйлдвэрийнхээ бүхий л үйл ажиллагааг хариуцна. И.Санчирын тухайд 16 дахь жилдээ ажиллаж байгаа. Оёдол хийхээс гадна оёдлын машины бүхий л засвар үйлчилгээг хариуцдаг алтан гартай бүсгүй. Тэрбээр дулаалга, давхарга, берзинт гээд бүсгүй хүн оёход хэцүү байж мэдэх оёдлыг ч өлхөн хийдэг. Цехэд шинэ хүн орж ирэхэд оёдлын бүх шат дамжлагыг зааж сургах үүрэг түүнийх. О.Лхамсүрэн хамт олныхоо эд эс нь болоод 12 жил болжээ. Алиа хошин, нийтэч зантай хэмээн танилцуулсан. И.Оюунтүлхүүр арав дахь намартайгаа золгож байгаа. Залуучууд дотроо хамгийн хурдан шалмаг, дайчин бүсгүй гэж ирээд л дарга нь магтаж байна лээ. С.Мөнхзул бүсгүйн хувьд үйлдвэрлэл хариуцдаг П.Алтанцэцэгийн охин нь. Уг нь тэрбээр тогооч мэргэжилтэй. Дээр дурдсан цехэд өсч торнисон хоёр охины нэг нь. Цехийн хамгийн залуу ажилтан бол Т.Төмөрбаатар. Ажилд ороод хоёр жил болж байгаа ч аливаа зүйлийг маш хурдан сурдаг, хичээнгүй залуу гэсэн шүү. Бидэнтэй уулзаж амжаагүй ч заавал онцолж хэлэх оёдолчин бол н.Содцэцэг. Тэрбээр зөвхөн гэрийн торгон хөшгийг дагнаж урладаг. Тэд хамтрагчид болоод арав гаруй жил болжээ.
Дашрамд өгүүлэхэд, оёдлын салбарт голдуу эмэгтэйчүүд ажилладаг. Тэд хоногийн талыг ажил дээрээ өнгөрүүлэх нь бий. М.Эрдэнэцэцэг ажил олгогчийн хувьд оёдолчдынхоо ахуй амьдралыг гарын таван хуруу шигээ мэднэ. Тиймээс охиддоо боломжийнхоо хэрээр туслахыг хичээн зээл өгөх, тусламж үзүүлэх зэргээр ахуй амьдралд нь дэм болсоор ирсний үр дүнд эхнээсээ өөрийн гэсэн хашаа, байшинтай болцгоожээ. Энэ бол хувь хүний сэтгэл мэдэх асуудал. Дэлгэрэх цехийнхэн ядарч зүдэрч яваа нэгэнд сайхан сэтгэлийн гараа байсхийгээд сунгадаг талаар БЗД-ийн нийгмийн ажилтан онцолсныг уншигчдадаа дуулгахад таатай байна. Өнгөрсөн жилүүдэд жил дараалан болсон үер ус, зуд турханд өртсөн хэд хэдэн айлд Дэлгэрэх цехийнхэн иж бүрэн гэр, гэрийн бүрээс хэрэгсэл болон эд материалын тусламж үзүүлж ирснийг мэдэх хүн олон.
-
Улс төр23 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Дэлхий дахинд23 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
-
Улс төр23 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Улс төр33 мин өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Улс төр32 мин өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр35 мин өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр