Төрийн энэхүү хүндтэй шагнал гардсаныхаа дараа ХСҮТ-ийн захирал Ж.Чинбүрэн “Элэг нэгт монголчуудынхаа дэмжлэгээр төрийнхөө хайр ивээлийг хүртэж төрийн эрхэм дээд шагнал авсандаа туйлын баяртай байна. Намайг төрүүлж өсгөсөн аав, ээж, ах дүү нар, хань ижил, үр хүүхдүүддээ мөн миний мэргэжлийн чиг баримжааг олгож луужин болсон багш нартаа баярлалаа. Хавдар судлалын үндэсний төв дэлхийн анагаах ухааны ололтыг ард иргэддээ хүргэж өвчин зовлонгүй байлгахын төлөө зүтгэж буй зүтгэлийг минь надаар төлөөлүүлэн үнэлж байгаад баяртай байна. Нийт салбарынхаа хамт олонд шинэ оны мэнд хүргэе. Ард иргэддээ сайн сайхныг дэвшүүлье. 2019 онд бид нэлээн үр бүтээлтэй ажилласан. Тодруулбал, Эрүүл мэндийн тухай хуульд хорт хавдар гэдэг өвчнийг эрт илрүүлэх заалт оруулж өгсөн нь ирээдүйд Монгол хүн энэ муухай өвчнөөр өвдөхгүй байх хамгийн том алхам юм” хэмээлээ.
Ардын эмч цол хүртсэн Ч.Пунцаг “Энэ их сайхан гайхамшигтай түүхт өдөр төрийнхөө хүндтэй шагналыг авсандаа их баяртай байна. Эрүүл мэндийн салбарт 54 жил зүтгэж явна. Энэ хооронд үндэсний эмч мэргэжилтэн бэлтгэхэд, өвдөж шаналсан хүмүүсийг эдгээх, эрдэмтэн судлаачдыг бэлтгэх зэрэг дэв ахиулах гээд олон ажлыг хийж явжээ. Шагналаа авсны дараа ахин залуужиж, илүү их юм бүтээх юмсан даа гэж бодож байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Мөн Ерөнхийлөгчийн зарлигаар дараах эрхэмүүд шагнал хүртлээ.
Гавьяат эмч цолоор
- Улсын нэгдүгээр төв эмнэлгийн зүрх судасны эмгэг судлалын тасгийн эрхлэгч Батсүхийн Батболд
- “Монос фарм трейд” ХХК-ийн зөвлөх Лувсангийн Гэрэлчимэг
- Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн эхогийн эмч Будгианы Дэлгэрхангай,
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор
- “Дүнхэр хангай” ХХК-ийн зөвлөх инженер Самдангийн Эрдэнэбал,
- “Дархан нэхий” ХХК-ийн захирал Эрдэнэдалайн Батсайхан,
Гавьяат агрономич цолоор
- “Чагтай” ХХК-ийн захирал Жалсрайн Баярмагнай
Гавьяат багш цолоор
- “Ховд” их сургуулийн хэл уран зохиолын багш Бавалын Даваадорж
- Ерөнхий боловсролын “Гэрэлт ирээдүй” сургуулийн сургалтын менежер Ламжавын Олзвой
- Сүхбаатар аймгийн боловсрол соёл урлагийн газрын ахмад ажилтан Осорын Сумьяагарав,
- Удирдлагын академийн дэд захирал Дамирангийн Цэдэв,
- Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн захирал Зоригтын Байгалмаа
Гавьяат барилгачин цолоор
- “Эм си пи си жи ар” ХХК-ийн захирал Жанарын Батсайхан,
- “Даваат” ХХК-ийн захирал Хыстаубайн Баян,
- “Ордос” ХХК-ийн захирал Лхамсүрэнгийн Төмөр,
Гавьяат дасгалжуулагч цолоор
- Монголын шатрын холбооны дасгалжуулагч багш Жамбалдоогийн Лхагва
Гавьяат жүжигчин цолоор
- Үндэсний урлагийн их театрын ахмад хөгжимчин Жигдээгийн Цэцэгмаа
Гавьяат хуульч цолоор
- Үндсэн хуулийн цэцийн орон тооны бус зөвлөх Чойжуурын Дашням
Гавьяат эдийн засагч цолоор
- Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын ахмад ажилтан Донидын Алтангэрэл нарыг шагналаа.