Улс төр
Монголчууд таныг харсаар цөхөрлөө, Ерөнхийлөгчөө
Айл болгонд нуугдсан “амьгүй албат”-ууд
Миний ээж 93 сүүдэр зооглоод, одоогоос арван хэдэн жилийн өмнө таалал төгсч билээ. Бид ээжийгээ оршуулж ёс төрийг нь гүйцээгээд дүүрэг хороондоо мэдэгдэн хүн амын бүртгэлээс хасуулан, иргэний үнэмлэхийг нь хүчингүй болгож билээ. Жилийн дараа утас хангинаж “Дуламсүрэн гуай та аяга халбагатайгаа хорооны Улаанбуланд хүрээд ир. Хүндэтгэлийн зоог барина” гэдэг байгаа. Ахмадын баяраар хорооны өндөр настнуудыг урьж, ийнхүү дайлдаг байсан юм. Гэнэт дотор хачин боллоо. Жилийн өмнө таалал төгсөөд хүн амын бүртгэлээс хасуулчихсан ээжийг минь ингэж дууддаг ямар учир байна гээд очлоо. Тэгсэн чинь ээжийн минь нэр хорооны хүн амын бүртгэлд байгаагаар барахгүй, манай ам бүлээс ч хассангүй.
Хороо хорины шинэ хуучин удирдлагуудыг баахан зэмлээд дахин хасуулж билээ. Тэгсэн чинь их учиртай юм байж. Засаг захиргааны нэгж, нийгмийн даатгалын байгууллага, банк санхүүгийнхний “амьгүй албат”-уудын бүхэл бүтэн сүлжээ илэрч билээ. Монголын 10000 нас барагчийг “амьгүй албат” болгоод нийгмийн даатгалынх нь мөнгийг хувааж хүртдэг байсан онц ноцтой хэргийг илрүүлж, хууль хяналтын байгууллагууд шалгаж эхлэсэн л дээ. Улсын хэмжээнд нас барсан хүний мөнгө идсэн олон тэрбумын хэрэг илрүүлж сонин хэвлэлээр мэдээлсэн боловч тэгсхийгээд нам дарагдсан. Тухайн үеийн гол буруутан сайд дарга нар, бараг зохион байгуулсан хүмүүс нь арга хэмжээ авагдалгүй хоцроод, доод, дунд шатны хэдэн хүнд арга хэмжээ авсан уу, үгүй юу, сүр бадруулаад өнгөрч билээ.
Монгол дахь “амьгүй албат”-уудын хэрэг эндээс эхлэсэн юм. Одоо бол өнгө төрхөө олон янзаар хувиргасан байна. Гол нь хороо дүүрэг, нийгмийн даатгалын болон халамж үйлчилгээний газрууд, цахилгаан дулааны шугам сүлжээ, банк санхүүгийн байгууллагууд “амьгүй албат”-уудыг олон зуу, мянгаар нь төрүүлэх болсон байна.
Та нар хар даа, хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр цахилгааны үнэ өсчихлөө, орон сууцны үнэ дийлдэхээ байлаа гээд л байнга гомдол явж байгаа биз дээ. Үүний чинь цаана “амьгүй албат”-уудын эзэд байдаг юм байна. Тэр эздүүдийн том сүлжээ байдаг юм байна. Би өөрийн санамсаргүй нэгэн тохиолдлоо баримт болгож авбал илүү ойлгомжтой болов уу.
Манайх ам бүл гурвуулаа. Хөгшин, хүүхдийн хамт арваад жил амьдарч байгаа юм. Бид орон сууцны контороос нэхсэн хураамжуудыг цаг алдалгүй өгчихөөд л явдаг байсан. Тэгтэл энэ оны зургадугаар сар орчмоос орон сууц, шугам сүлжээний үнэ тариф гэнэт нэмэгдчихжээ. Эхний үед ч бас анзаарсангүй. Саяхан орон сууцны конторын зохих албаны хүмүүстэй уулзаж шалгуулсан чинь манайх дөрвөн ам бүлтэй болчихсон. Бүх татвар хураамжийг дөрвөн ам бүлээр хураагаад хэдхэн сарын дотор 71000 төгрөг илүү авчихаж. Гомдлоо хэлсэн чинь “Хороо руу оч. Бид ам бүлийн тодорхойлолтыг тэндээс авдаг” гэж байна. Хорооны цахим бүртгэлээс шүүсэн чинь манай гурван ам бүл хэвээрээ л байна. Учир явдлыг хорооны даргаас асуусан чинь “Орон сууцныхан чинь өөрсдөө айлуудад ам бүл нэмээд мөнгө илүү авчихдаг байхгүй юу. Олон иргэний санал гомдол ирсэн” гэж байх юм. Би гурван ам бүлийнхээ тодорхойлолтыг хийлгэж аваад гомдол гаргагчидтай уулзахаар явлаа. Олон айлд “амьгүй албат”-ууд нуугдаж байдаг юм байна. Орон сууцны конторынхон мөнгө хэрэгтэй болохтойгоо зэрэг л айлуудад “амьгүй албат” нэмчихдэг, цахилгааныхан мөн адил мөнгөний хэрэгцээ болвол санаанаасаа гэрэл биччихдэг, ийм сүлжээ Улаанбаатарт бий болсон гэнэ. Ингээд Улаанбаатарт хамгийн амар хялбар аргаар баяжиж болох газар нь дээр дурдсан зарим байгууллагууд, тэдний овсгоотой дарга нар гэнэ. Тэд, хууль хяналтын байгууллагын эрх мэдэл бүхий хүмүүстэй нягт холбоотой ажилладаг учраас энэ бохир мөнгөний сүлжээ амь бөхтэй оршиж байгаа гэх.
Би бас л нэг баримт авъя. Баянгол дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт гэнэт гоёмсог шилэн орд харшууд сүндэрлэн босч үүдэн дээрээ “Монзам” “Тансаг моторс” авто худалдаа, “БТЗ аудит ХХК” гэхчлэн өнгө алагласан хаягууд хадсан байгаа. 4-10 давхар энэ шилэн ордууд бол саяхан хүртэл Орон сууцны конторын дарга байсан Г.Эрдэнэцэцэг гэгч эмэгтэйн хувийн хөрөнгө. Би энэ даргын тухай жаахан түүх ярьвал, орон сууцны конторын дарга нар “амьгүй албат”-уудын хүчээр яаж баяжиж болдогийн зах зухыг ч болов ойлгох байх. Г.Эрдэнэцэцэг даргатай манайхан эгэл жирийн хөршүүд байсан. Энэ эмэгтэйг конторын дарга байхад улсын төсвөөр арваад тасалгаатай тоосгон байшинг конторын зориулалтаар барьж өгсөн. Өөрөөр хэлвэл манай хороо улсын төсөв хөрөнгөөр орон сууцны конторын шинэ сайхан барилгатай болж билээ. Энэ үед анзаарагдаж байсан нэг зүйл бол орон сууцны үйлчилгээний үнэ тариф асар хурдацтайгаар нэмэгдэж, гомдол санал их гарах болсон. Манай ард түмэн ч дэндүү тайван хүмүүс юм даа. “За яахав, энэ мөнгө улсад л орж байвал болох нь тэр” гээд ер анзаардаггүй байж.
Тэгтэл!
Тэгтэл манай орон сууцны гадна талбайд байсан задгай агуулахыг нураагаад яах ийхийн завгүй 4 давхар том хаус барьчихлаа. Өндөр төмөр хайстай, үүдэн дээр нь зуудаг нохойтой, хаалганыхаа дэргэд хамгаалагчийн байртай, ямар тансаг орд харш боссон гээ. П.Жасрайн гудамжны өнгө нь тэр хувийн орон сууц болсон. Хэнийх вэ? гэсэн чинь орон сууцны конторын дарга Г.Эрдэнэцэцэгийнх гэнэ. За яахав, мөнгөтэй хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү, дураараа л болог гээд өнгөрсөн.
Дараахан нь нэг шөнө орон сууцны конторын шинэ тоосгон барилгыг маань нураагаад зөөчихсөн. Лав л тав зургаан зуун сая төгрөгөөр баригдсан байх. Хэдэн өдөр шөнө л зөөсөн. Улсын асар их хөрөнгө шүү! Яаж байгаа нь энэ вэ гэсэн чинь орон сууцны конторын дарга Г.Эрдэнэцэцэг энэ байшинг нурааж буйран дээр нь 10 давхар ордон барьж орон сууцны контороо оруулах юм гэнэ. Бас арваад айлын орон сууцанд нь, дан өөрсдийнхөө ажилчдыг оруулах юм гэнэ хэмээн шуугилаа. Нэг хэсэг нь “юу л бол!” гэж гайхсан. Нөгөө хэсэг нь, “яамай даа, манай орон сууцны контор сайхан барилгатай, ажилчид нь орон байртай болж амарч дээ” гэцгээсэн. Ингээд “үүрээ эвдүүлсэн” ажилчид маань нэлээн хол, дулааны дэд станцын барилгын дуу шуугиан, тоос шороотой хэдэн өрөөнд байрлах нь тэр. Шинэ байр хурдан боссон. 4-10 давхар шилэн ордон яах ийхийн завгүй сүндэрлэн босч, таван давхар орон сууцны цонхнуудыг хаагаад барьчихаа ч мартаагүй. Ямар ч хэл ам болсон Г.Эрдэнэцэцэг даргад халдах “эр зоригтон” манай хороо дүүрэгт л лав байхгүй болсон.
Шилэн ордон сүндэрлэж босоод тав зургаан жил боллоо. Орон сууцны контор ч нүүж орсонгүй, ажилчид нь ч нүүж орсонгүй. Түрүүчийн миний хэлдэг олон албан газрын хаяг хадагдсаныг харвал оффисын зориулалттай барилга болж. Доод сууриндаа ЦТП-г бүтээж нууцлаад нүх ухаж байсан. Тэр шугам сүлжээ одоо байдаг эсэхийг мэдэхгүй. Ингэж конторын дарга Г.Эрдэнэцэцэгийн хувийн бараг л хороолол гэмээр том барилга байшингууд одоо хэрнээ сүндэрлэж байгаа. Хүмүүсийн ярих нь “Г.Эрдэнэцэцэг бидний орон сууцны төлбөрөөр боссон энэ барилгаа түрээслэдэг гэх. Зарим нь “хүнд худалдчихсан” гэх. Юутай ч манай Баянгол дүүргийн 4-р хорооноос нэг “тэрбумтан” төрсөн байх нь. Харамсалтай нь орон сууцны контор маань өнөөх л хөөгдөж орсон дэд станцын хэдэн бөглүү өрөөндөө, ажилчид нь орон сууцанд ороогүй аргаа барцгааж явах юм даа. Иргэд “Г.Эрдэнэцэцэг бидний орон сууцны төлбөрөөр ийм тансаг хороолол барьчихлаа” хэмээн бухимдаж зарим нь Авилгатай тэмцэх газарт хандсан сураг байсан. Г.Эрдэнэцэцэг хатагтай ардаа байдаг хууль хяналтынхны нөлөөгөөр, ёстой л “даналзаад” гарч гэнэ гэсэн яриа ч явж л байсан. Ард нь “том хүн” бий гэсэн.
Ганц Г.Эрдэнэцэцэг ч биш, орон сууц, цахилгаан дулааны төлбөрөөр олон хүн “Амьгүй албат” босгож баяжиж таргалсан гэх юм билээ. Тэднийг хянадаг шалгадаг байгууллага, хүмүүс ч бараг байхгүй болсон юм биш үү?! Г.Эрдэнэцэцэг дарга маань ийм том орд харш байгуулж аваад халагдсан л даа. Одоо хаана явдгийг мэдэхгүй. Ганцхан манай гэрт нуугдсан “амьгүй албат” л зургаахан сарын дотор 71000 төгрөг “идчихэж” байгаа юм чинь улс, хот, дүүрэг хороогоороо бодож үзвэл хэчнээн их наядыг залгиж байгаа бол гэхээс гол харлах юм. Би хэдэн зүйлийг санал болгох гэж үүнийг тэрлэж байна.
Нэгдүгээрт, Удахгүй, улсын хэмжээнд хүн ам орон сууцны тооллого явагдана. Иргэн та түүнээс наана гэр бүлийнхээ улсад, орон сууцанд төлдөг төлбөр тооцоогоо нэг удаа нарийн нягталж үзэхэд илүүдэхгүй болов уу.
Хоёрдугаарт, Хүн ам, орон сууцны тооллогыг явуулахдаа цагдаа хуулийн байгууллагынхантай хамтарч “амьгүй албат”-ын дүрээр иргэдийг, улс орныг хохироодог хүмүүстэй хатуу тооцоо хийх нь зүйтэй юм шиг.
Гуравдугаарт, Өнөөдөр, жирийн иргэн хүнд ямар их дарамт ирж байгааг төр засгийн удирдлагууд тунгаан бодох цаг болсон баймаар. Жирийн хүний нэг халааснаас улс тав дахин гэх мэт татварын журмаар суйлж, нөгөө халааснаас нь зальт этгээдүүд хараа хяналтгүй суйлаад байхаар шудрага иргэд яаж амь амьдралаа залгуулах болж байна аа?!
Дөрөвдүгээрт, Монголыг талж дээрэмдсэн, нийгмийг ийм болтол нь ядууруулсан буруутнуудтай тэмцэхийн оронд эрх мэдэл албан тушаалаа ашиглан шоронгоос суллаж, гадагш нь оргуулж, оргуулсан хойноо хэрэгт татаж, эрэн сурвалжилж жүжиглэдэг, Монголын мафийн “гал хамгаалагч” цөөн хэдэн шүүгч, прокуроруудаасаа хэзээ яаж салах юм бэ?
Бүх эрх мэдэл нь Ерөнхийлөгч Х.Баттулгад бий. Монголчууд таныг харсаар цөхөрлөө шүү дээ.
Ингэсээр Монгол маань “амьгүй албат”-уудын улс болох юмуу?!
Г.Жамьян
(Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч)
Улс төр
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслолоор эхэллээ. Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.
Дараа нь Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцлоо.
Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол, үндэсний бөхийн барилдаан болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан баярын хурал 2024 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр Төрийн ордны “Их Монгол” танхимд боллоо.
Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэснээр эхэлсэн баярын хурлын эхэнд Улсын Их Хурлын дэд дарга, Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Х.Булгантуяа үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ тусгаар Монгол Улсын бүрэн эрхт байдлыг илэрхийлсэн Үндсэн хуулийн үзэл санааг иргэн бүрд таниулах, сурталчлах, хууль дээдлэх ёсыг олон нийтэд төлөвшүүлэх нь үндэсний бахархал хэмээн үзэж, ажлын хэсэг 100 жилийн ойг “Санан тунхаглах ирээдүй” сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж буйг дурдаад, үүний хүрээнд Эмэгтэй парламентчдын гуравдугаар чуулга уулзалт, “Парламентын хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” чуулга уулзалт, гэрэл зураг, архивын баримтын үзэсгэлэн, “Үндсэн хуульт ёс, өнгөрсөн, одоо, ирээдүй” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал зэрэг олон томоохон арга хэмжээг зохион байгуулж байгааг танилцуулсан юм. Мөн маргааш буюу 2024 оны 11 дүгээр сарын 26-нд 21 аймаг, есөн дүүргээс тусгайлан ирж сургалтад хамрагдан бэлтгэгдсэн багш нар ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн нас насны онцлогт тохирсон Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийн мэдлэг олгох хичээл заах гэж байгааг тэрбээр мэдээлж, ойн хүрээнд төрийн ёслол, хүндэтгэлийн олон арга хэмжээ төлөвлөгдсөнийг тэмдэглээд, аливаа улсын тусгаар тогтнол нь Үндсэн хуулиараа баталгааждаг агаад Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа 100 жилийн тэртээ баталсны ач холбогдол нь тусгаар тогтнолын дайтай үнэ цэнтэй юм гэв.
Баярын хурлыг албан ёсоор нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүллээ. Бүрэн эрхт, тусгаар тогтносон Монгол Улсын нийт ард иргэд, төр, улсыг удирдаж ирсэн төрийн тэргүүн, Ерөнхийлөгч нар, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нар, Ардын Их Хурал болон Улсын Бага Хурлын депутатууд, төрийн түшээдэд хандсан мэндчилгээндээ тэрбээр үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо байлдан олж, улмаар бэхжүүлэн батжуулахын төлөө хичээн зүтгэсэн өвөг дээдсийн бартаат түүх, анхдугаар Үндсэн хуулиа боловсруулан баталж, Бүгд найрамдах улсыг тунхаглан зарласан алдар гавьяаг бахархан дурсаж, Монгол Улсын Үндсэн хуульт ёсны 100 жилийн түүхийн хөгжил бол аливаа эрх мэдэл ард түмнээс эх сурвалжтай байх зарчимд тулгуурлан, төр засгийн эрх мэдлийг Үндсэн хуулиар тогтоож, хүний эрх, эрх чөлөөг хамгаалан баталгаажуулж, эрх зүйт төрийг байгуулахын төлөөх нэгэн зууны нөр их хичээл зүтгэл, эрэл хайгуул, сургамж туршлага, бидний өв соёл, үнэт зүйл болохыг онцлон тэмдэглэв. Түүнчлэн Ерөнхийлөгч эдүгээ хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Ардчилсан Үндсэн хууль бол Монголын ард түмний амьдралд түүхэн шинэ эргэлт болж, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бэхжүүлж, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэх, дэлхий дахинд Монгол Улс оюун санааны эрх чөлөө, энх тайвны бэлгэ тэмдэг болсон улс хэмээн үнэлэгдэн хэлэгдэх үндэс суурийг тавьж өгснийг онцгойлон илтгээд, ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлахад оюун ухаан, зүрх сэтгэлээ дайчлан хүчин зүтгэсэн Ардын Их Хурлын депутатууд болон Улсын Бага Хурлын гишүүд, төр нийгмийн зүтгэлтнүүд, үе үеийн Монгол төрийн түшээдэд гүн талархал илэрхийллээ.
Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурлын үндсэн илтгэлийг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан “Санан тунхаглах ирээдүй” сэдвээр тавилаа. Тэрбээр илтгэлдээ, 1924 онд анхдугаар Үндсэн хуулиа баталсан нь түүхэн онцгой үйл явдал болсон бөгөөд түүний хөрс суурийг хорьдугаар зууны эхэнд өрнөсөн Монголчуудын тусгаар тогтнолоо сэргээхийн төлөөх тэмцэл, хувьсгал тавьсан гэдгийг чухалчлан дурдаж, олон улс дахь улс төр, дайн дажины хурцадмал нөхцөлд Монголчууд жинхэнэ эрх чөлөөнд хүрэх зорилгоо биелүүлж, Бүгд Найрамдах засгаа бүрэн утгаар тунхагласныг бахархан тэмдэглэв. Анхдугаар Үндсэн хуулийн улс төр, эрх зүйн ач холбогдол нь төрийн эрх мэдлийг ард түмэнд шилжүүлж, хүний эрх, эрх чөлөөний асуудлаар зарим дэвшил гарсан хийгээд Бүгд Найрамдах улсыг тунхаглан зарласанд оршиж буйг Улсын Их Хурлын дарга илтгэлдээ тухайлан онцолж, энэ нь дараа дараагийн Үндсэн хуулийн уг сурвалж болж, улам бэхжсээр 1992 оны ардчилсан Үндсэн хуульд тусгалаа олсныг дурдлаа. Мөн тэрбээр, Монгол Улсын Их Хурлын ес дэх удаагийн сонгуулийн дүнд бүрдсэн парламент 2024-2028 онд баримтлах стратеги төлөвлөгөөгөө баталж, “хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулах, олон ургалч үзлийг хангах, үр нөлөөтэй байх, ил тод, нээлттэй, хүртээмжтэй байх, ёс зүйтэй, хариуцлагатай, хариуцан тайлагнадаг байх”-ыг үнэт зүйл болгон тодорхойлсныг танилцуулаад, хууль тогтоох болон хянан шалгах бүх үе шатанд хүн төвтэй үзэл санаанд суурилсан, хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалсан байх агуулга, шаардлагыг нэн тэргүүнд тавьж ажиллахыг илэрхийлэв.
Баярын хуралд оролцсон үе үеийн төр, нийгмийн зүтгэлтнүүдийг төлөөлөн Монгол Улсын Их Хурлын дарга асан Р.Гончигдорж, Д.Лүндээжанцан, Г.Занданшатар нар үг хэлж, Үндсэн хуульт ёсны 100 жилийн түүх, анхдугаар болон түүнээс хойших Үндсэн хуулиудын залгамж чанар, үнэ цэнийг илтгэхийн зэрэгцээ улс орныхоо сайн сайхан ирээдүй, шударга ёс, эрх зүйт ёс, үндсэн хуульт ёсны төлөвшлийн төлөө хамтран зүтгэхийг уриаллаа. Өвөг дээдсийн эхлүүлсэн их үйл хэрэг нь бидний хувьд зөвхөн бахархал бус хойч үедээ энх тайван, шударга ёс, хүний эрх, эв нэгдлийг хамгаалж, өвлүүлэх үүрэг хариуцлага юм хэмээн баярын хурлыг хааж хэлсэн үгэндээ Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж онцолсон юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Эрхэм хүндэт туурга тусгаар Монгол Улсын ард иргэд ээ,
Та бүхэнд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, ард түмэн засаглах, эрх чөлөөтэй амьдрах үндсийг бүрдүүлсэн анхдугаар Үндсэн хууль батлагдсан 100 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.
Одоогоос 100 жилийн өмнө монголын аймаг, хошууд, ардын цэргийн ангиудаас сонгогдсон 77 төлөөлөгч Улсын Анхдугаар Их Хурлаар чуулж анхны Үндсэн хуулиа 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр баталж Бүгд Найрамдах Улсыг тунхагласан түүх бол бидний бахархал мөн.
Монголчууд дэлхий дахинаа Бүгд Найрамдах улсаа тунхаглаж анхдугаар Үндсэн хуулиа баталснаар зүүн болон төв Азидаа Япон, Хятад улсын хамт Үндсэн хууль бүхий эхний гурван улс болж, тэргүүлж хөтөлсөн түүхтэй. Ийнхүү Бүгд Найрамдах засаглалыг тогтоож, дэлхийн улс орнуудтай хөл нийлүүлж, үндсэн хуульт ёсыг нэвтрүүлж, тивдээ түүчээлсэн нь бидний хувьд үнэ цэнэтэй.
ХХ зууны эхэн үеийн дэлхийн улсуудын байдлыг авч үзэхэд өмнөд хөршид Манж Чин улсын уналт, хойд хөршид Октябрын хувьсгал, Европ тивд улс орнуудын зөрчилдөөн, Дэлхийн I дайн, зарим үндэстний тусгаар тогтнолын төлөөх тэмцэл өрнөж, дайн дажины хурцадмал нөхцөлтэй байсныг та бүхэн мэднэ. Дэлхий дахин амар амгалангүй байсан энэ цаг үед Монголчууд жинхэнэ эрх чөлөөнд хүрэх зорилгоо ахиулж, Бүгд Найрамдах засгаа тунхаглаж чадсан нь үнэхээр бахархалтай үйл явдал.
1924 оны Үндсэн хуулийн улс төр, эрх зүйн ач холбогдол нь төрийн эрх мэдлийг ард түмэнд шилжүүлж, төрийг сонгуульт зарчмаар удирдах тогтолцоог бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөөний талаар зарим дэвшил гарган хуульчилж, Бүгд Найрамдах улсыг тунхаглан зарласанд оршино.
Зуун жилийн өмнө Монголчууд ард түмэн засаглах, төлөөллийн зарчмаар төрийг удирдах, байгалийн баялгийг ард түмний мэдэлд харьяалуулах, улсын бэлгэ тэмдгийг тогтоох, хууль тогтоох байгууллага нь гүйцэтгэх засгаа томилох, хүний үндсэн эрх, эрх чөлөөг баталгаажуулах, нутгийн удирдлагын бүрэн эрхийг тодорхойлох зэрэг олон чухал асуудлыг тунхаглаж байсан нь залгамжлагдаж өнөөгийн ардчилсан Үндсэн хуульд бэхжин төгөлдөржсөөр байна.
Монгол Улс анхдугаар Үндсэн хууль баталснаас хойш 100 жилийн хугацаанд 1940, 1960, 1992 онд Үндсэн хуулиа бүтэц, бичвэр, агуулгын хувьд улам бүр баяжуулан сайжруулсныг та бүхэн мэднэ. Үндсэн хуульт ёсны энэхүү хөгжлийн үе шатад төрт улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг өчүүхэн ч төдий дордуулаагүй нь Монголчууд бидний бас нэгэн бахархах зүйл мөн юм.
Анхдугаар Үндсэн хуульд засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх, төрийн эрх мэдлийн уг сурвалж жинхэнэ ард буюу иргэд байх зарчмыг анх удаа тогтоосон нь дараа дараагийн Үндсэн хуульд бэхжиж, улмаар 1992 оны ардчилсан Үндсэн хуулийн амин чухал зарчмын нэг болсон билээ.
Тиймээс өнөөгийн парламентын засаглал нь геополитик, дотоод улс төрийн нөхцөл байдлын хувьд чухал тогтолцоо бөгөөд үүнийг цаашид улам бүр төгөлдөржүүлэн авч явах ёстой.
2023 онд ардчилсан Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр сонгуулийн холимог тогтолцоонд шилжсэн бөгөөд Монгол Улсын Их Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн дүнд таван намын төлөөлөл бүхий 126 гишүүнтэй парламент бүрдэж олон ургалч үзэл санаа хангагдах нөхцөл бий боллоо.
Шинээр бүрдсэн парламент Үндсэн хуулийн эрхэм зорилгод үндэслэн Стратеги төлөвлөгөөгөө баталсан бөгөөд цаашид хууль тогтоох болон хянан шалгах бүх үе шатад хүн төвтэй үзэл санаанд суурилсан, хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалсан байх агуулга, шаардлага нэн тэргүүнд тавигдана.
Монгол Улсын Их Хурал ардчилсан Үндсэн хуулийн онцгой чухал зарчим болох ард түмэн засаглах Бүгд Найрамдах Улсын эрх зүйн үндсийг тогтоосон анхдугаар Үндсэн хуулийн түүхэн ач холбогдлыг тэмдэглэж, ард түмэн бид бүрнээ дагаж мөрдвөл зохих 1992 оны Үндсэн хуулиа дээдлэн залах тухай тогтоолыг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр баталсныг та бүхэнд дуулгахад таатай байна.
Бид өнөөдөр анхдугаар Үндсэн хуулийн зуун жилийн түүхэн ойн өдөрт гүн хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ цаашид Бүгд Найрамдах ёс, ард түмний засаглал, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг хойч үедээ уламжлан дамжуулах төрийн байгуулалт, төрт ёсыг бэхжүүлэх эрхэм хүндтэй үүргээ нэр төртэйгээр биелүүлнэ гэдэгт итгэл дүүрэн байна.
Та бүхэндээ Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийн зуун жилийн ойн баярын мэндийг дахин хүргэж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.
2024.11.26
Улаанбаатар хот
-
Улс төр14 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр14 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Нийгэм12 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр14 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Улс төр12 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
-
Энтертайнмент3 цаг өмнө
Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ