Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Бусад

Амингоо

Нийтэлсэн

-

Хүйтэн бороо шавхуурдсан жиндүүхэн өдөр. Ажил дээрээсээ гараад гэр рүүгээ алхах Ломбо норж, даарч байгаадаа эмзэглэсэнгүй. Тэнгэрт битүү үүл хуралдсантай адил түүний дотор харанхуйлна. Уйлагнан шиврэх бороо шиг сэтгэл, зүрхнээс нь гашуун нулимс түрж ирээд байлаа.

Аврал эрэх мэт ам нь өмөлзөөд, хөдөлгөөн бүрийг дагуулан бүлтийтэл харж зогссон охиныхоо гар дээр цохиж, уйлуулчихаад гэрээсээ гарсан эцгийн сэтгэл өдөржин булингартан тогтворгүйтжээ. Аав нь өмөөрсөндөө булцгар жаахан гарт нь хүрсэн гэдгийг балчирхан охин яахин мэдэх билээ.

“Урангоог газар хүргэхгүй шахам бөөцийлдөг биш билүү. Сүүлийн үед Амингоод арай ширүүлээд байна…” гэж бодохоос Ломбын нүд бүрэлзэн, алхаагаа түргэсгэв. Автобус унаанд суусангүй. Алхсаар яваад гэртээ ирлээ.

Ирээд удаагүй байгаа бололтой, эхнэр нь гал тогооны өрөөнд харагдав.

Том өрөөнд тоглож байсан дүүгээсээ түрүүлэн Амингоо аав руугаа нэг том харснаа гоморхсон янзтай доош тонгойлоо. Гутлаа тайлах гээд суутал Амингоо дэргэд нь ирээд, гараа сарвайв. Аавынхаа тэнийсэн алган дээр хоёр ширхэг үзэмтэй үрэл тавьжээ. Ломбо охиноо үнсээд, эрхий хуруугаа гозойлгов. Угаалгын өрөө рүү орж нойтон хувцсаа солиод гарч ирлээ. Амдаад зогсч байсан Амингоог өхөөрдөн өргөхөд, аавынхаа хүзүүгээр тэврэн авч, нүдээрээ инээв.

Гал тогоонд хоол бэлтгэж байсан Бумаа “Адилхан хоёр охиныхоо нэгд нь илүү хандаад…” гэх төсөрхөн бодлоо лавшруулан, дотроо бухимдсан хэвээр. Ломбо гал тогооны өрөө рүү орж, Амингоо тоглохоор дүү дээрээ очлоо.

Хүйтэн бороонд нэвт норж, бага зэрэг жихүүцсэн Ломбо халуун цай оочингоо:

-Ус багатай юм шиг мөртлөө хувцас нэвт норгож байна. “Шиврээ бороо хувцсанд халтай…” гэж үнэн юм даа хэмээн эхнэрээсээ үг өдлөө.

Тоглоомоо булаацалдсан хоёр охиноосоо болж, өглөө ам мурийж, ажилдаа уван цуван гарсан хоёр орой ч дуу муутайхан байгаа нь энэ. Ломбын яриа өдөж байгааг үл анзаарсан царайлж, гурил хавтгайлан зогсох Бумаа хариу дуугарсангүй. Эхнэрийнхээ таагүй хэвээр байгааг анзаарсан Ломбо олон юм ярьсангүй. Аяга цай уусан болоод, хоёр охин дээрээ очив.

Зурагтын суваг солин хэвтэх аавыгаа хоёр охин нь ноолон, шулганана. Урангоо дуу дуулж, чанга, чанга ярина. Амингоо дохиж, хааяа үл ойлгогдох ч үг хэлэх шиг болно. Энэ бүгдийг ажиглаж хэвтсэн Ломбо босч суулаа. Тэгснээ Амингоог “Дуул” гэж дохингоо “Маамуу нааш ир” дууг өөрөө дуулж өглөө. Дүрлэгэр алаг нүдээ эргэлдүүлэн, нүүрээ минчийлгэн, их л хичээснээ “Маа-муу… маа- муу…” гэж бүдэг бадаг хэлэхэд аав нь баярлан толгой дохиж, алга ташин, охиноо урамшуулав. Хажууд нь зогсч байсан бага охин Урангоо нь:

-Би гоё дуулна аа… гээд эгчийгээ арагш түлхсэнээ аавынхаа өмнө зогсч байгаад хэд хэдэн дуу хольж дууллаа. Учир мэдэхгүй ч бага охин нь үг хэлэх гэж ядаж байгаа эгчдээ ийн дээрэнгүй хандаж буйд Ломбын сэтгэл хөндүүрлэн, хүйтэн хөлс нь чийхрах шиг болжээ. Гэлээ ч бага охиноо зандарч, “Эгчийгээ ингэж болохгүй” гээд хэлчихвэл юу дэгдэхийг сайн мэдэх тэрээр:

-Өө ёстой мундаг… хэмээн өхөөрдөн үнссэнээ Урангоог өвөр дээрээ суулгаад:

-Одоо эгч нь дуулна… гээд гартаа байсан зурагтын удирдлагыг микрофон болгон Амингоогийн урд барилаа… “Хүсэл сонирхолдоо хөтлөгдөөд ганц ч болов үг хэлээсэй” гэж хүсэх аавын мэрийлт энэ…

Огт юм ярихгүй биш, ганц хоёр үг хэлдэг охиноо хэлд орно гэж Ломбо итгэдэг… Энэ жил сургуульд орох нас нь боловч хэлний бэрхшээлээс үүдэн хойшлуулаад байгаа юм.

Хоёр насны зөрөөтэй мөртлөө Урангоо бол шаазгай л гэсэн үг. Завсар чөлөөгүй шулганана. Зааж өгсөн үлгэр, оньсогыг хурдан тогтооно…

Амингоо дүүгээ дууриаж, амны нь хөдөлгөөнөөс бүгдийг ойлгоно. Дууриах гэж оролдоно… Даанч хэлж чадахгүй… Харин хөдөлгөөний эвсэл сайтай. “Бүжиглэх магадгүй нугарах авьяастай” хэмээн аав нь Амингоогоо дотроо магтдаг, бахархдаг…
*** ***
Хөөрхөн охин төрүүлж өгөөд бурханы орныг зорьсон ханийгаа орлох хүний тухай Ломбо бодож үзсэн удаа үгүй.

Улаан нялзрай охиноо тэврээд хоцорсон тэрээр “Охиноо хүн болгох”-оос өөр бодол тээгээгүй… Хэн нэгийг бараадаж, “Өсгөөд өгөөч” гэж гуйгаагүй…

Ангир уургаа амлаагүй хоцорсон охиноо энгэртээ тэвэрч, элгэндээ наан, өдий хүргэсэн хүн бол Ломбо.

“Эрүүл байхад болно…” хэмээн бодохоос биш, охиноо ярьж чадахгүйд санаа зовох нь бага.

Охиноосоо илүү гарч чадахгүй ажил, гэр хоёрын хооронд шогшиж явсан Ломбод бусдаас илүү халамж, анхаарал тавьсан хүн бол Бумаа. Түүнийг охинтой нь хамт байнга бөөцийлөн, халамжилж, сэтгэл гаргах бүсгүйгээс тэгтлээ харц буруулаагүй.

Ингэж дотноссоор нэг гэрт орсон хоёр өнөөдөр охидуудаа өмчлөн өмөөрч, ам мурийх нь олонтаа болжээ.

“Хэл нэвтэрч чадахгүй, хүн, хүн рүү бүлтэлзэн, амыг харах нь дэндүү өрөвдөлтэй харагддаг Амингоодоо илүү санаа зовдог нь үнэн…” хэмээн Ломбо өөрийгөө буруутгана. Гэвч Бумаа өдрөөс өдөрт Амингоод ширүүлэх нь илт нэмэгдсээр байгааг Ломбо мэдрэх тусмаа шаналах нь ихэсчээ.

Үг хэлэхгүй ч гэсэн андашгүй. Амингоогийн дүрлэгэр алаг нүд нулимсаар дүүрээд, аавыгаа бараадан, салахгүй дагах нь нэгийг хэлнэ… Охиныхоо энэ төрхийг хараад Ломбын өр зүрх өмрөх шиг болно.

Хэлж, ярьж чадахгүй, сонсгол муу хэдий ч Амингоо таван настай байхдаа 35 үсгээ нүдлэн, цээжлээд, бичиж сурчээ. Амингоотой дохионоос илүү бичгээр харилцах нь амар болов. Сургуульд ороогүй, цэцэрлэгт явдаггүй Амингоод аяга, таваг угаахаас эхлээд гэрийн ажил мундахгүй.

Тэдний гал тогооны өрөөний хаалганд ягаан хавтастай дэвтэр өлгөөтэй байх. Энэ бол Амингоотой харилцах дэвтэр. Өглөө гарахаасаа өмнө Бумаа “Угаах, арчих, цэвэрлэх…” гээд баахан үүрэг даалгавар бичнэ. Ломбо охиноо магтаж өхөөрдөн, заавал нэг шинэ дуу, шүлэг бичиж үлдээнэ. Амингоог гэх тэдний сэтгэлийн ялгаа ийм.

Хэд хоногийн өмнө ягаан дэвтэр дээрх “Чи аяга, таваг муу угаасан байна. Дахиж сайн угаа…. Хөргөгчинд байгаа зайрмагийг идэж болохгүй шүү” гэх Бумаагийн даалгаврыг уншсан Ломбын нүд бүрэлзээд иржээ.

-Чи яагаад ингэж байгаа юм бэ… Өдөржин гэрт байгаа хүүхэд ганц зайрмаг идэж болохгүй юу. Энэ аяга, тавгийг чи угааж чадахгүй бол би угаая… гэсэн Ломбын үгэнд:

-Өдий болсон хүүхэд аяга, таваг угаахад яадаг юм бэ. Урангоо орой ирээд, зайрмаг нэхдэг биз дээ… Чи яагаад дандаа өөрийнхөө охиныг өмөөрч байдаг юм бэ… Би ч гэсэн охинтой хүн шүү… хэмээн Бумаа хариу өгсөн нь гал дээр тос нэмэхтэй адил хэрүүлийг хурцатгав.

-Энэ хоёр хүүхдийг “Миний… чиний” гэж яаж хэлж чадаж байна аа. Хоёулаа миний охин. “Амингоог амь шигээ хайрлана” гээд байсан үг чинь ийм хурдан алга боллоо гэж үү. Эсвэл чи тэгж худлаа хэлж байсан хэрэг үү… гэж хэлчихээд Амингоог дагуулан гарсан Ломбын араас Бумаа гүйж очин, аргадаж нөхөр, охин хоёроо авчирчээ.

Гэтэл өнөөдөр дахиад л хэрүүл… Бас л нэг нь зэмлэж буруутган, нөгөө нь өмөөрсөн сэтгэлүүдээ хаацайлан, дотроо бугшицгааж байгаа нь илт.

Өглөө ажилдаа очихоосоо өмнө өөр нэг ажил амжуулахаар шийдсэн Ломбо:

-Урангоог хүргэж өгөөд, чи шууд ажилдаа оч. Би өөр газраар орох ажилтай гэхэд Бумаа юм хэлэлгүй, бага охиноо хөтлөн гарчээ.

Охиноо хэлд оруулах гэж сайн гэсэн эмч, бариач, лам, хуврагийг гүйцээх дөхсөн Ломбо “Миний охин уншиж, бичиж чадна. Хөдөлгөөний эвсэл сайтай. Тийм болохоор циркчин болгоё” гэж шийджээ. Гэхдээ энэ тухайгаа эхнэртээ хэлээгүй.

“Циркийн дунд сургуульд 5-7 насны хүүхэд элсүүлнэ” гэсэн зарын дагуу охиноо хөтөлсөөр Раднаабазарын нэрэмжит Циркийн сургууль дээр очив. Шалгалтын комиссын дарга эмэгтэйтэй уулзаж, охиныхоо талаар дэлгэрэнгүй танилцууллаа.

– Ярих, сонсох муу гэдэг бол хүүхдийн авьяасыг дарах асуудал биш. Ийм хөөрхөн охиныг шалгуул… гэсэн хариу сонсоод самсаа нь шархиртлаа баярласан Ломбо:

-Амингоо, миний охин хичээгээрэй. Циркийн сайн нугараач болж чадна шүү… гэж бичээд охиндоо уншуулав. Бүжиглэж, нугарах дуртай охин нь:

-Би чадна аа, аав аа… гэсэн хариу бичжээ.

Охиндоо авсан хувцсаа гэртээ аваачилгүй ажил дээрээсээ шууд авч гарсан болохоор бага зэрэг үрчгэр ч гэлээ яг таарч байв.

… Шалгалт эхэллээ. Комиссын даргын дохиогоор Амингоо бүх дасгалыг сайн гүйцэтгэв. “Сонсохгүй” гэхээс аав нь хотолзож суулаа.

… Хөгжмийн ая, хэмнэлийг яг тааруулан уран гоё хөдөлгөөн, эвслээрээ гайхуулах охиноороо улам бахархаж, суудал дээрээ тогтож ядан, өндөлзлөө. Яг энэ үед Ломбо тэнгэрийн оронд очсон ээжид нь сүслэн залбирч, талархаж байв.

Үдээс хойш дүнгээ сонсох аав, охин хоёр ойрхон ресторанд орж хоол идлээ. “Охиноо шалгалтанд оруулсан гэж хэлэх үү, байх уу” гэж бага зэрэг тээнэгэлзсэнээ “Хэдий болтол нуух юм бэ” гэж бодоод Бумаатай утсаар ярилаа.

-Чи тэгээд ганцаараа очоод байхдаа яах вэ дээ. За, за дүнг сонсонгуутаа яриарай. Бумааг ингэж хэлэхэд, Ломбын дотор уужраад иржээ.

Хамгийн өндөр оноо авсан охиноо дагуулаад, Бумаагийн ажил дээр очиж, баярт мэдээгээ дуулгалаа.

-Баяр хүргэе… Ийм мундаг охиноо шагнана гэсэн бичиг уншуулснаа, Бумаа гоёмсог уутан дотроос улаан цэцэгтэй, цав цагаан даашинз гаргаж ирлээ. Амингоод шууд өмсүүлэв. Яг таарчээ. Амингоо шинэ даашинзныхаа хормойг дэрвүүлэн, эргэлдээд бөөн баяр. Ломбо охиноосоо илүү баярлаж суулаа.

Тэр гурав гарч, Урангоог цэцэрлэгээс аваад харив…

Бумаа нөхрийнхөө гарыг дэрлэн хэвтээд зурагт харж байвч санаа бодол нь огт өөр зүгт тэнүүчилнэ…

“Хоёр охиныхоо нэгийг ад үзлээ” гэж намайг буруутгахдаа сайн. Тэгсэн мөртлөө өөрөө “Амингоо… Амингоо…” гээд яаж байна… Миний муу охин хүүхэд нь биш юм уу… “ гэсэн бодолдоо хатгуулан, тэсэлгүй, ухасхийн бослоо. Тэгснээ зурагтны өмнө тоглож суусан Амингоог:

-Яагаад баахан новш хөглөрүүлээд байгаа юм бэ, чи. Бос, цэвэрлэ… хэмээн зандарлаа. Ам руу нь хараад бүхнийг ойлгодог Амингоогийн дүүтэйгээ тоглоод баясгалантай байсан царай нь хувьсхийв. Нүдний нь гал хүртэл хормын зуур унтрах шиг болжээ. Амингоо бөндөгнөн мөлхөж, тоглоомоо хамж байхдаа аав руугаа нүднийхээ булангаар харах нь өрөвдмөөр.

Хашгичаж байгааг нь сонсохгүйг мэдсээр байж:

-Хурдал, хурдал… Хүүхэд уруу татахдаа сайн шүү… Нэг юм дээш нь тавих, янзлах санаагүй байж, буулгахдаа гарамгай гэж яана… гэх Бумаагийн үг бүхэн Ломбын зүрх рүү шивж байлаа. Энэ үед Урангоо гүйж ирснээ аавынхаа гэдсэн дээр суух гэхэд нь:

-Эгчдээ тусал… Тэр тоглоомноосоо хураалц… хэмээн зандрахад Бумаагийн бүх бие зарайгаад ирсэн боловч, хүчлэн байж, чихнийхээ хажуугаар арайхийн өнгөрүүлжээ.

Амингоог өмөөрч байгааг анзаарангуутаа Бумаа угаалгын өрөөндөө орж дотроос нь түгжсэнээ өөрийгөө толинд харлаа.

“Хөөрхий, ярихгүй, сонсохгүй нялх амьтныг битгий адлаач…” хэмээн хаа нэгтээгээс шивнэх шиг болов… Бумаа цочлоо. Тэгснээ нүдний будаг нь буугаад, сармайн халтартаж, үс гэзэг нь сэгсийсэн түүн рүү хаа нэгтээгээс цоо ширтэх шиг санагджээ… Бумаа айв.

Өөрөөсөө айж, цочсон бүсгүй нүүрээ хүйтэн усаар шавшлаа. Тайвшрах гэж ядаж байгаа нь энэ. Яг тэр мөчид Урангоо часхийтэл уйлах нь сонсджээ.

Нүүр, гараа арчилгүй, нойтон чигээр нь, Бумаа шидсэн чулуу шиг сүнгэнэн орж ирэв. Юу болсныг тунгаалгүйгээр, шууд Амингоог тас хийтэл алгадах нь тэр. Омогтой хойд эхийн нударганд өртсөн хөөрхий охин ар тийш саван унахдаа дагзаараа паар мөргөжээ. Нүүр нь хөхрөн, ээрч унасан охины ар дагзнаас цус гарч, хүзүү, хоолойг даган урсав.

Буйдан дээр хэвтэж байсан Ломбо хөлдөө тээглэсэн ширээг дайрч унагаагаад Амингоог өвөр дээрээ авлаа. Гартаа тааралдсан цамцаараа цусыг арчиж, толгойг дарж аваад, царай нь хачин болсон охиноо орон дээр тавьтал эхэр татсанаа, чанга орилов.

Хүйтэн жин тавьж, толгойг нямбайлан боох зуураа Ломбо:

-Миний охин… миний охин хэмээн амандаа бувтнан, уруул нь чичигнэв. Охиндоо нүүрээ наан, нүдээ тас аньсан Ломбын хацрыг даган нулимс урслаа.

Ам нь хөдлөн хааяа хэн нэг хүний нэр хэлэх шиг болно. Аврал гуйж байгаа бололтой… Эхээс мэндлээд өнчирч хоцорсон охиноо аврах гэж байгаа аавын төрх энэ.

Нүдийг харанхуйлтал оргилоод байсан уур, омог нь ор мөргүй алга болсон Бумаа энэ бүгдийг хараад яахаа мэдэхгүй, салгалан чичирч зогслоо. Учир мэдэхгүй бага охин нь түүний хажууд бүлтэлзэн зогсч, байн, байн ээж рүүгээ харах нь “Та буруутай…” гэх шиг санагдана…

… Амингоо овоо тайтгарав бололтой, аавынхаа энгэрт наалдан, унтаад өгчээ.

Нөхрийнхөө хөдөлгөөн, харцнаас үзэн ядаж байгааг ойлгосон бүсгүй өөртөө хань татан Урангоог хөтөлсөөр, жижиг өрөөндөө орлоо…

…”Сайн залуу… Сайхан залуу” гээд тэдний эмнэлгийнхэн Ломбыг ам хуурайгүй магтдаг байлаа. “Эхнэр нь нас барсан… Охиноо хүн болгох гэж яваа юм”. “Ийм сайн эцэгтэй байхад энэ охин алзахгүй ээ… Яг хугацаандаа ирж, хүүхдээ үзүүлнэ. Ямар чамбай гээч…” Энэ бүх магтаал, тодорхойлолт бас түүнийг дагалддаг байв.

Тэдний хороог хариуцсан сувилагч шилжин явж, оронд нь Бумаа очоод удаагүй байсан үе. Ихэвчлэн ээжүүд хүүхдээ авчирч үзүүлдэг болохоор тэр үү, Ломбыг охинтойгоо ирэхээр Бумаа жигтэйхэн сандарна… Яагаад ингэж сандарч, тэвдээд байгаагаа өөрөө ч сайн мэдэхгүй.

Бумаа энэ эмнэлэгт ирээд удаагүй болохоор үйлчлүүлэгчдээ сайн танихгүй. Костюм өмсч, зангиа зүүсэн залуу жаахан охиноо тэврээд ирэхэд, түүнийг “Хүүхдэдээ хайртай, үнэхээр сайн аав” гэж бодно…

Сүүлдээ зөөлөн үнэртэх ус нь хүртэл Бумаад дотно, танил болов. Анх охинд нь вакцин хийх гэж гар нь чичрэн будилж байснаа бодвол Бумаа, Ломбо хоёр ойр зуурын юм ярьдаг, нэр усаа мэддэг болжээ…

Одоогоос яг таван жилийн өмнө дөө. Шинэ жилийн баяр дөхөх тусам Бумаад хөнгөн гуниг нэмэгдээд:

-Баяр дөхөхөөр гуниг нэмэгдэх юм. Яагаад гэвэл ганц бие учраас… хэмээн ажлынхандаа ам нээтэл, түүний энэ үгийг ажлын газрын нь олонхи бүсгүйчүүд дэмжиж:

-Энэ жил гаднаас зочид урьж, шинэ жилээ өргөн тэмдэглэе гэлцсэнээр гаднаас хэд хэдэн хүн урьсны нэг нь Ломбо.

Эмнэлгийн шинэ жилийн баярт урилгаар очсон Ломботой Бумаа бусдаас илүү дотно танилцжээ…

Өглөө, оройгүй утсаар ярина. Уулзах санал тавина. Ломбо эхэндээ бүсгүйн урилга бүрээс татгалзав. Гэвч Бумаагийн халамж, анхаарал түүний сэтгэлийн хөгийг аажим аажмаар хөндөж байлаа.

Өөрийнхөө төрсөн өдрөөр Бумааг урьж, хэдэн найзтайгаа жаахан доргичихоод харихдаа ганцаар биш хоёул хамт очив. Охиныхоо ээжээс хойш эмэгтэй хүнтэй ойртоогүй Ломбод тэр шөнө “Хар, цагаан сүлэлдсэн орчлонд хатууг зөөллөж амьдрах учиртай юм байна” гэсэн бодол төржээ.

“Охинтойгоо хоёулхнаа амьдрах” бодлоо гээсэн залууд Бумаагийн халамжийн үг, яриа дулаан, зөөлөн сонсогдох боллоо. Түүний утсаар ярихыг хүлээхээ больж, өөрөө залгах болов.

Аавтайгаа дэндүү адилхан, дөнгөж ой өнгөрч байгаа охиныг Бумаа бөөцийлөн халамжлах нь түүний сэтгэлийн хаалганд таарсан түлхүүр байсан гэлтэй.

Ломбо нэг цамцыг хоёр өдөр өмсдөг байснаа болив. Тэрээр угааж, индүүдсэн цамцнаас шилж өмсдөг боллоо. Ажлаа тарахад нь:

-Амингоод өгөөрэй… гээд сүү, тараг, жимс авчирч өгөх нь залуугийн бодол санааг өөрчилжээ.

… Өнөөдөр охиныхоо хагархай толгойг харан, дотроо мэгшиж суугаа түүний итгэлийн гал унтарсан байлаа. Охиноо энгэртээ тас тэвэрсэн Ломбо талийгаач эхнэрийнхээ зургийг ширтэн суув.

Шөнө дунд Амингоо халуурч, таталт өгч эхэлжээ. Түргэний эмч ирээд:

-Яаралтай хэвтүүл… гэв. Гэрийн шаахайгаа ч солилгүй, охиноо тэврэн эмнэлэгт очсон Ломбо:

-Чи миний нүдэнд харагдах хэрэггүй… гэсэн мессежийг Бумаа руу илгээх гэснээ болилоо. Хүүхдийн бие тавгүй байхад “Хэрүүл хийгээд яах вэ. Үг өмхийрч, муудах биш… ” гэж бодсон хэрэг.

Амингоо, Ломбо хоёрын хувцсыг, халуун цай, хоолтой өглөө барьж ирсэн Бумаа палат руу орох гэснээ чадсангүй. Зогсч байтал:

-Танай хоёр энэ өрөөнд байгаа… гээд хаалгыг онгойлгосон сувилагчийн хамт дотогш ороход Амингоо дусал залгуулчихсан, Ломбо нүд цавчилгүй хараад сууж байв.

Бумааг ирлээ гэж тоох шинж алга.

“Би харж хоноё. Чи ажил ихтэй байгаа… Харьж амар… “ гэж хэлмээр байвч бүсгүйн үг эвлэсэнгүй. Харин Ломбо өөдөөс нь муухай харснаа:

-Яв… гэж гараараа дохижээ.

Дуугарч чадахгүй, хэсэг зогссоноо Бумаа арга буюу гарч явлаа.

Шөнөдөө охины бие дахиад мууджээ. Энэ үед Бумааг дуудаж, хань татмаар санагдавч, Ломбо өөртэйгөө ярьж “Үгүй” хэмээн хариулт өглөө.

Өглөө эрт эмч нарын зөвлөлгөөн хийгээд “Тархинд яаралтай мэс засал хийх” шийдвэр гаргасныг сонссон Ломбо жолооч руугаа утасдав. Тэрээр өөрийн сайн таних лам өвгөний гэрийн хаягийг өгөөд:

– Тэр хүнийг бушуухан аваад ир… гэжээ.

Халуун хоол, цай барьсан Бумаа эмнэлгийн хоёр давхарт цаг хэртэй зогсов. Хажуугаар өнгөрсөн нэг сувилагчийг дуудан, цай, хоолоо Ломбод өгүүлжээ.

Гэтэл нөгөө сувилагч:

-Хэрэггүй гэнэ ээ… гэсээр савтай цай, хоолыг тэр чигт нь бариад ирлээ…

Цаг харан суутал, ашгүй жолооч нь ярив. Ломбо яаран гарч, машин дотроо Түвдэн ламтай уулзлаа.

-Амингоо алзахгүй ээ. Эмчилгээ үр дүнтэй болно. Ивээл цаг нь таарч байна… гэснээ:

-За, би чамд их эрт хэлсэн биз. Талийгаач хань чинь чамайг тийм амархан өөр хүнд өгөхгүй ээ гэж… Тэгэхээр та хоёрын таарч тохирохгүй байгаа чинь ерөөсөө л дээрээс ирж байгаа хаалт. Цаг нь болохоор тэр хүн чамайг их сайн ханьтай учруулна… Тэр болтол охиноо бод… хэмээн хөгшнийг хэлэхэд Ломбо хар, цагаан үг хэлсэнгүй. Харин боож, савлаж авчирсан арц, рашааныг аваад машинаас буув.

Ломбо дотогш орж, ламын өгсөн арц, рашаанаар охиноо ариуллаа. Охин нь аавынхаа хөдөлгөөн бүрийг дагуулан харснаа муухан мушийжээ.

-Миний охин, одоохон зүгээр болно… гэж хариу дохилоо.

Хагалгааны өрөөний үүдний сандал дээр Ломбо, Бумаа хоёр зөрүү харан сууцгаажээ.

“Би яах гэж ширүүн зан гаргав даа. Надаас гараагүй болохоор нь тэр юм уу, нэг мэдэхэд уурлаад зандарчих юм. “Охиныг минь хайрлаж чадах юм уу” гэж Ломбо надаас хэдэн удаа асуулаа даа. Гэтэл би гэж тэнэг амьтан…” хэмээн халагласнаа Бумаа “Хэлгүй, дүлий хэрнээ өөдөөс бүлтэлзээд цаанаасаа “Энэ миний ээж биш” гэх бодол нь анзаарагддаг юм даа” гэж өөрийгөө өмөөрсөн бодолтой эргэж зууралдав…

-Хагалгаа амжилттай болсон. Амингоогийн бие сайн… гээд нүүр дүүрэн инээмсэглэх эмчийн өөдөөс яаран очсон Ломбо:

-Баярлалаа… гэж хэлэхдээ нулимсаа барьж дийлсэнгүй. Энэ үед түүний дэргэд очин, нулимсыг арчиж өгсөн Бумааг:

-Чи одоо яв… Гэртээ харь… гэснээ Ломбо бүсгүйг ширүүхэн түлхлээ.

… Гурван цагийн дараа Амингоог эрчимт эмчилгээний тасаг руу шилжүүлэв. Тэр шөнө Амингоо тайван унтжээ. Эмчтэй нь хамт Ломбо өглөө эрт тасаг руу нь орлоо.

Толгойн хэсэг нь битүү боолттой охиноо хараад зүрх нь шимширсэн Ломбо:

-Аав аа… гэх дуу сонсов. Чихэндээ итгэсэнгүй. Гэтэл охин нь дахиад:

-Аав аа… гэж хэллээ.

-Миний охин…. Амингоо… гээд хоёр хөлийг ээлжлэн үнсэх Ломбын мөрөн дээр зөөлөн алгадсан Намхай эмч:

-Одоо тайван байлга… гээд Ломбыг дагуулан өрөөндөө орлоо..

-Эхээс төрөх үеийн цочролоос болж сонсч, ярих эрхтэн, систем доголдсон байлаа. Сая тархинд хүчтэй цохилт өгснөөс суурь хэсэгт үүссэн цус хуралтыг соруулж авсан. Мөн цочролын улмаас саармагжсан тэр хэсэгт мэс ажилбар хийлээ. Охин чинь одоо ярьж, сонсоно. Цоо эрүүл болсон гэв.

Ломбо эмчтэй нэлээд удаан ярилцаж, тайтгараад ороход охин нь сэрүүн байлаа.

-Амингоо… Миний охин… хэмээн зөөлхөн дууджээ.

-Та уйлсан юм уу… Нүд чинь муухай болчихож… Би хэзээ сургуульдаа явах вэ, аав аа… хэмээн цовоо гэгч нь ярилаа.

-Миний охин ямар мундаг юм бэ. Одоо удахгүй, сургуульдаа явна. Миний охин мундаг нугараач болно, тийм ээ… гээд хоёр хацрыг үнсэхэд Амингоо:

-Ээж… ээж… гээд дуу нь зөөлрөв. Тэгснээ:

– Урангоо гэртээ байгаа юу… Бумаа ээж намайг зодоод, миний толгой өвдсөн чинь эмч зүгээр болгосон юм уу… Аав аа, би ярьж, дуулдаг болсон, тийм ээ… гээд үгээ дараалуулан шулганалаа. Ломбо баярласандаа тэр үү аль эсвэл охиндоо юу гэж хэлэхээ мэдэхгүй байсан уу, юм хэлж чадсангүй. Тэгтэл Амингоо:

-Бумаа ээж минийх биш, Урангоогийн ээж тийм ээ… гэхэд Ломбо түгдэрснээ:

-Миний охин мэддэг юм уу… хэмээн арайхийн дуугарлаа.

-Надад би чиний ээж биш… гэж ягаан дэвтэр дээр бичиж өгсөн. Би урчихсан. Миний ээжийг тэнгэрт байгаа гэж эмээ хэлсэн…

“Миний охин бүгдийг мэдэж байж. Би гэж тэнэг амьтан үнэнийг хэлэлгүй өдийг хүртэл явж” хэмээн өөрийгөө буруутгасан Ломбо:

-Одоо миний охин унт. Аав, охин хоёр алзахгүй ээ… гээд инээв.

Амингоо төдөлгүй унтлаа.

Шөнө болтол сууж байгаад явсан Бумаа дахиад л өглөө эрт ирээд зогсч байлаа. Ломбо түүний дэргэд очсоноо:

– Би энэ хүүхдийн төлөө амьдрах ёстой хүн… Буруу сонголт хийсэн алдааг минь богино хугацаанд ойлгуулж өгсөн бурхан ханьдаа талархаж байна… Гэхдээ би Урангоогоо эцгийн ёсоор харж, хандаж явна аа… гэж хэлчихээд буцаад алхав.

Ж.Жаргал

Дэлгэрэнгүй ...

Бусад

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийтэлсэн

-

Нийтэлч

Өнгөрсөн наймдугаар сард Боловсролын сайд П.Наранбаяр Монголын хувийн их дээд сургуулиудын холбооны төлөөлөлтэй уулзах үеэр ярилцсаны дагуу нэгдсэн байдлаар бүх хувийн их, дээд сургуулийн удирдлагуудтай уулзлаа.

Хувийн их, дээд сургуулийн удирдлагууд тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэн нэгтгэж, төрийн дээд боловсролын салбар дахь оролцоо дэмжлэг болон эрх зүйн орчин, элсэлтийн босго, дээд боловсролын байгууллагуудын эрэмбэ, багшийн хөгжил болон нийгмийн баталгаа гэсэн чиглэлүүдээр санал хүсэлтээ илэрхийлэв. Тухайлбал, их, дээд сургуулийн онцлогийг харгалзаж үнэлэх замаар эрэмбэ тогтоох, төрийн зүгээс өмчийн хэлбэрийг ялгахгүйгээр адил тэгш бодлого хэрэгжүүлэх, салбарт хэрэгжиж буй хуулиудад өөрчлөлт оруулах шаардлагатай гэлээ.

Боловсролын сайд П.Наранбаяр их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллахаа онцолж, дээд боловсролын байгууллагуудын онцлог, чиглэлийг харгалзан ангилах байдлаар хөндлөнгийн байгууллагаар эрэмбэ тогтоолгох, элсэлтийн босгыг үе шаттайгаар өсгөн элсэгчдийг чанаржуулах бодлого баримтална хэмээв. Мөн бүх санал хүсэлтэд хариу өгч, нэгтгэж эрэмбэлэн үе шаттайгаар шийдвэрлэхээ хэллээ гэж Боловсролын яамнаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Бусад

ТББХ: Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэв

Нийтэлсэн

-

Нийтэлч

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 05-ны хуралдаанаар Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 01 дүгээр тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийн танилцуулгыг сонслоо.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.5 дахь хэсэгт “Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах нарийвчилсан журмыг Улсын Их Хурлын тогтоолоор батална.” гэж заасныг үндэслэн уг тогтоолын төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор УИХ-ын гишүүн О.Номинчимэгээр ахлуулан, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, П.Сайнзориг, Х.Тэмүүжин нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан юм.

УИХ-ын гишүүн О.Номинчимэг ажлын хэсгийн дүгнэлтийг танилцуулав.

Тэрбээр, Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголыг Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Нийтийн сонсголын тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын 2017 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Нийтийн сонсгол зохион байгуулах журам”-д заасны дагуу зохион байгуулж ирсэн.

Монгол Улсын Их Хурлаас 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-д Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах зарим харилцааг нарийвчлан зохицуулж хуульчилсан байна.

Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн Арван тавдугаар бүлэг бүхэлдээ Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах дараах харилцааг нарийвчлан зохицуулсан байна. Үүнд:

  • 119 дүгээр зүйлд Улсын Их Хурлын хяналтын сонсгол явуулах талаар хүсэлт гаргах, хүсэлтийг шийдвэрлэх талаар;
  • 120 дугаар зүйлд сонсгол зохион байгуулах харьяаллын талаар;
  • 121 дүгээр зүйлд сонсголын бэлтгэл ажлыг хангах талаар;
  • 123, 124 дүгээр зүйлд сонсголд оролцогч, түүний эрх, үүрэг;
  • 125 дугаар зүйлд сонсгол даргалагчийн эрх, үүрэг;
  • 126, 127 дугаар зүйлд сонсголыг танхимаар болон цахимаар явуулах журам;
  • 128 дугаар зүйлд сонсголын тайлан, тэмдэглэл боловсруулж, олон нийтэд түгээх талаар;
  • 129-133 дугаар зүйлд Нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулах журам.

Өөрөөр хэлбэл, Улсын Их Хурлын хяналтын сонсголыг дээр дурдсан хуулийн зохицуулалтын хүрээнд зохион байгуулах боломжтой байх бөгөөд нарийвчилсан журам батлан гаргах тохиолдолд хуулийн зохицуулалтыг давхардуулан журамд тусгах нөхцөл үүсэж байх тул тус журмын төслийг боловсруулах шаардлагагүй гэж ажлын хэсэг дүгнэлээ гэлээ.

Түүнчлэн тэрбээр  2024-2028 оны парламентын бүрэн эрхийн хугацаанд холбогдох журмын тоог цөөлж, хуулиар зохицуулах шаардлагатай зохицуулалтыг журмаар биш хуульд тусгаж байх стратегийг баримталж байгааг дурдаад, цаашид хууль хэрэглээний хувьд ойлгомжтой болгох үүднээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тохиолдолд хяналтын сонсголын зохион байгуулалттай холбоотой зарим шаардлагатай зохицуулалтыг нэмж тусгах саналтай байна хэмээсэн. Тухайлбал, тус хуулийн 121 дүгээр зүйлийн 121.6-д заасны дагуу шинжээчийг томилохдоо ажлын хэсгийн саналыг үндэслэн Байнгын хороо тогтоол гаргахаар зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл, ажлын хэсэг байгуулагдаагүй бол шинжээч томилох хүсэлт гаргах субьект хэн байх талаарх зохицуулалтыг тодорхой болгох шаардлагатай. Түүнчлэн сонсгол явуулах бүтэц нь Байнгын хороо, дэд хороо байх олон улсын жишигт нийцүүлэх нь цаашид Байнгын хорооны үйл ажиллагааг илүү мэргэшсэн, уялдаа холбоотой байх ач холбогдолтой тул холбогдох өөрчлөлтийг хийх хэрэгтэй. Мөн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэг, 126 дугаар зүйлийн 126.5 дахь хэсгийг тус тус хүчингүй болгох саналтай байгаагаа танилцуулсан юм.

Ажлын хэсгийн дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй.

Мөн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэв.

УИХ дахь МАН-ын бүлгээс тус дэд хорооны бүрэлдэхүүнээс УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг чөлөөлж, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очирыг бүрэлдэхүүнд оруулах саналыг ирүүлсний дагуу Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулжээ.

Хэлэлцэж өуй асуудалтай холбогдуулан асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг хэлэлцэн батлахыг дэмжин, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Дараа нь  “Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Тогтоолын төслийн талаар Байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ танилцуулсан. Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалт нь төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус гэсэн төрөлтэй байх бөгөөд мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсэгт заасны дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо Улсын Их Хурлын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаврыг холбогдох шийдвэрийн төслийн хамт нэгдсэн хуралдаанд оруулж, шийдвэрлүүлэх ёстой хэмээв.

Мөн тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасны дагуу Байнгын, дэд хорооноос хийх төлөвлөгөөт хяналт шалгалтыг Улсын Их Хурлын төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаварт тусган хэрэгжүүлэхээр заасныг тодотгоод, хяналт шалгалтын талаар Байнгын хороодоос холбогдох саналыг авахад Аж үйлдвэржилтийн бодлогын, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос тусгайлан санал ирүүлээгүй гэлээ.

Байнгын хороодоос ирүүлсэн санал болон хяналт шалгалтын бусад асуудлын хүрээнд УИХ-ын 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд зохион байгуулах нэр дэвшигчдийн хяналтын сонсголыг УИХ-ын төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаварт тусган боловсруулсан хэмээн танилцуулсан юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэг, иргэдээс ирж байгаа хүсэлт, өргөдлийн дагуу хууль зүйн бодлоготой холбоотой, ялангуяа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль тогтоомжийн биелэлттэй холбоотой асуудлыг  хяналт шалгалтын цаглаварт оруулах асуудлыг хөндөн байр сууриа илэрхийлсэн.

Эцэст нь тогтоолын төслийг хэлэлцэн батлах асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин чуулганы нэгдсэн хуралдаанд Байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй ...

Бусад

 Дэлгэрэх цехийн М.Эрдэнэцэцэг

Нийтэлсэн

-

Нийтэлч

“Манайх эсгий бүрээсээс  бусдыг үйлдвэрлэдэг,  гадуур дотуур цагаан бүрээс, давхарга, берзинт, өрх гээд л.  Миний хувьд 1993 оноос  өрхийн  үйлдвэрлэл эрхэлж,  ээжтэйгээ хамт  цагаан бүрээс оёж эхэлсэн. Түүнээс хойш 31 жил  өнгөрсөн байна.  Манайхыг  аж ахуйн нэгж  гэж  ойлгов оо,  оёдлын цех шүү. Ажлын байрны хүчин чадлын тухайд 16 хүн ажиллах боломжтой ч өнөөдрийн байлаар найман оёдолчин ажиллаж  буй ” хэмээн үйл ажиллагаагаа танилцуулсан  бүсгүй бол БЗД-ийн иргэн, Дэлгэрэх цехийн эзэн М.Эрдэнэцэцэг.   Гав шав хийсэн гялалзуур  эмэгтэй шүү гэх тодотголд яг таарах хүн гээд хэлчихвэл буруудахгүй л болов уу. Түүний ажил агуулахаас бүс бараагаа ангилж татахаас эхэлж, эсгүүр хийх, оёдол, ангилах,  бэлэн болсон бүтээгдэхүүнээ Нарантуул руу хүргэх, орон нутаг дахь борлуулагчид руугаа ачуулах гэхчилэн амсхийх завгүй гүйсээр үдшийн бүрийтэй золгоно. Ажлынхаа завсраар өндөр настай ижий, хүү хоёроо халамжлах учиртай.  Бас ажлын хамт олон гэж бодлын үзүүрт өнжих найман бүсгүй, хоёр эр бий. Хүний л амьдрал болохоор  жаргал зовлон ээлжилнэ. Ямар ч үед дэргэд нь байж,  зүдрэх үед нь энгэртээ наах нь   миний үүрэг гэж ойлгох түүнд  хамт олон нь хачин сайн юм билээ.  Нэгэн цагт ээжүүдээ дагаж, цехийнх нь умгар өрөөнд эрхэлж наадаж өссөн охид  амьдралд хөл тавьж,  эдүгээ  оёдолчин болцгоон  хоёр ээжтэйгээ мөр зэрэгцэн ажиллаж байгаа гээд бодохоор Дарь-Эхийн овооны энгэр бэлд бууриа засч  төвхнөсөн жижигхэн цехийн түүх эгэлгүй агаад бахархам ажээ.

Ажилсаг ээжийн хичээнгүй охин

М.Эрдэнэцэцэг өөрийнхөө сайн сайхан явааг ээжийнхээ ажилсаг чанартай холбоно. Ё.Нармандах хэмээх гайхамшигт эмэгтэй бол түүний ээж. Цэл залуугаараа ханиасаа хоцорч гурван үрээ хөлийг нь дөрөөнд,гарыг нь ганзаганд хүргэсэн ижийгээрээ охин нь өнөөдөр гангарч сууна.

Хөнгөн, хүнсний техникум төгссөн  залуухан бүсгүй амьдралд хөөр баяртайгаар  хөл тавьтал   мэргэжил бус юу чаддагаараа амьдарлаа залгуулах тийм цаг  үе тосох нь тэр. Тодруулж хэлбэл, БНМАУ зах зээлийн нийгэмд шилжсэн 1990 оны цагаан морин жил.  Амьдралын  ямар ч үед хөл алдаж үзээгүй ижий нь  “Эрдэнэцэцэг ээ, миний охин ижийнхээ оёдлын машинаар хоолоо олж ид. Нагац  ахын чинь хүүхдүүд гэрийн бүрээс, цаваг оён Дэнжийн мянгын зах дээр борлуулж байна. Борлуулалт ч гайгүй бололтой. Би тэдэнд тусалж, гэрийн бүрээс, цавгийг яаж эсгэдэг, хэрхэн оёдгийг мэдэж авлаа. Одоо хоёулаа үзээд алдая. Монгол хүн байгаа цагт монгол гэр байж л таарна” хэмээн цуу ямбуу даавуу  дэлгэн анхны эсгүүрээ хийсэн тэр өдрөөс хойш бага таван ханатын баруун талаас оёдлын машины дуу тасраагүй гэж хэлж болно. Ингэж л тэрбээр өөрийн гэх орлоготой энэ цагийн хэллэгээр бизнесийнхээ гарааг эхлүүлсэн түүхтэй.

Оёдлын цех байгуулагдаад 31 жил болжээ. Хүний амьдралын бүхэл бүтэн үе ч гэж хэлж  болохоор.  Өсч дэвжсэн түүх нь  энгийн юм шиг атлаа шантарч, уйлж дуулж явсан өдрүүд М.Эрдэнэцэцэгт бий.  “Одоо л хөл дээрээ босох нь. Банкнаас авсан зээлээ түүртэлгүйгээр дарж чадах  цаг айсуй” хэмээн  бүтэн нойртой хонож эхэлтэл гал усны гашуун зовлонгийн өмнө өвдөг сөгдөх нь тэр. Амсхийх гэдгийг умартан зүтгэж байж  бий болгосон бүхнийг нь дүрэлзсэн гал хамж аваад үнс болгож орхив. Хүний амь эрсдээгүйд нь магнайгаа хагартал баярлавч ёрдойж харлаад  үлдсэн төмрийн хог, утаа савсуулан уугих бууриас  өөр юу ч үгүй хоцорсондоо харамсан, харамсан уйлж зогссон тэр хүнд үеийг туулаад л гарсан.  Ажлын байрны тав тухтай орчныг бүрдүүлэхийн төлөө хичээн 2019 онд  үйлдвэрийн хоёр давхар  шинэ байраа ашиглалтад оруулав.  Эдүгээ агуулах, савтай ч болсон байна. Бараа материалаа ч жилийн дөрвөн цагийн эргэлтийг  даахуйцаар нөөцлөх эдийн засгийн боломжтой болсон гээд багагүй амжилтад хүрсний нууц нь  маш энгийн. Эрхэлсэн ажилдаа сэтгэлээ өгч, хичээх  явдал.  Түүнчлэн хэлсэн үгэндээ хүрч, үнэнч байдлыг эрхэмлэдэг чанар  аж.

Хөндлөнгөөс харахад,  сувд мэт шаргалтан цайрах цуу ямбуу даавуу нэгэн хэмээр нүргэлэх  оёдлын машины дуу, үйлчин бүсгүйн хурдан шаламгай хөдөлгөөнтэй  өнгө хослохуй  дор монгол гэрийн гоёл болох гадуур, дотуур цагаан бүрээс, цаваг, өрх  болж хувирна. “ Үнэтэй торгон хөшиг хэцээр татаж” хэмээх шүлэг зөвхөн шил толь болсон орд харшийнх бус талын Монголын үнэт өв монгол гэрийн дотуур хөшиг ч хээ хуар, саа бүхий үнэтэй торгоор хийгддэг болсныг энэ  цехийн үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүнээс олж харснаа нуух юун.

“Цэцгээ гэдэг оёдолчныг хайж явна”

Худалдан авагчид түүнийг ийн сурагласаар ирэх нь бий. “Байнгын минь хаяг Нарантуул зах”  шүү дээ хэмээн цайлганаар инээх оёдолчин бүсгүйг  малчид андахгүй болжээ. Жил өнжөөд л гэрийнхээ гадуур, дотуур цагаан бүрээсээ сольдог учраас түүний урласан цагаан бүрээсүүд борлогдохгүйн зовлон үгүй. Ийм амжилтад хүрэхийн тулд  монгол гэрийн давуун эдлэлийн зах зээлийг алдахгүйн төлөө тэрбээр 31 жил тасралтгүй хөдөлмөрлөсөн. Гэхдээ үнэнчээр.  Үйлдвэрлэлийн аль ч шат  дамжлагад алдаа гарах ёсгүй гэж тэр үздэг. Түүний  баримталж ирсэн зарчим бол чанартай бүс даавуугаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх,  худалдан авагчаа солихгүй байх явдал.  Нэг удаагийн ашиг бодох бус  зөвхөн өөрийг нь зорьж ирэх худалдан авагчаа дээдлэх учиртай хэмээн мань хүн үздэг байна. Тэр утгаараа байнгын үйлчлүүлэгчийн захиалгыг цаг хугацаанд нь гаргаж өгөхийг хичээхийн сацуу худалдаж авсан бүрээс нь очоод барихад язайхгүй,  дутахгүй байх ёстой гэдэг дээр анхаарч ажилладаг  байна. Үр дүнд  нь  малчид итгэлээ өгч, Эрдэнэцэцэг буюу Цэцгээ оёдолчны  сэтгэлээ шингээж оёсон гэрийн даавуун эдлэлийг сонгож тэр хэрээр  эрэлт ч их болжээ. Үүнээс гадна бараа бүтээгдэхүүнийхээ чанарт онцгой анхаарч анхны дамжлаг болох хамгийн чанартай даавууг сонгож, үйлдвэрлээ явуулна.  Бас итгэлийн асуудал. Энэ талаараа тэрбээр   “Манайх  түншүүдтэйгээ 2004 оноос  хамтран ажиллаж,  бие биеийнхээ итгэлийг алдахгүй явсаар өнөөдөртэй золгосон.  Аливаа үйл хэрэг  итгэлцэл дээр тогтдог бөгөөд хэн хэнийхээ итгэлийг алдахгүй байх аваас хамтын ажиллагаа улам л бэхжин хөгждөг жамтай” хэмээн өгүүлсэн.

М.Эрдэнэцэцэг  олонтой нэгэн.

Оёдолчдынхоо  ахуй амьдралыг өөд татаж, хамтдаа хөгжих нь түүний  зорилго. Зорилгодоо хүрэхийн тулд тэднийгээ ажлаар хангах явдал. Азаар бидэнд ажилгүй өнжих өдөр гэж үгүй. Өөрөөр хэлбэл, захиалга тасардаггүй гэсэн үг.  Гэхдээ тэдний   ажил улирлын чанартай гэдгийг хэлэх нь зөв байх.   Шинэ гэрийн найр наадам, хуримын сар дуусмагц  автомашины дулаан хучилга, гэрийн хаалганы дулаалга руугаа орно.  Тэгээд арванхоёрдугаар сарын сүүлчээс хойш  үндсэн бүтээгдэхүүнээ оёж эхэлдэг байна. Нөөц гэж ч ойлгож болох юм билээ.   Нөгөөтэйгүүр,  түүнийг тойрон найман “цэцэг”  эргэлдэж буй.  Түүний ”торгон” цэрэг  П.Алтанцэцэг гэхэд л  Дэлгэрэх цехэд 18 жил ажиллаж байгаа бөгөөд үйлдвэрийнхээ бүхий л үйл ажиллагааг хариуцна.  И.Санчирын тухайд 16 дахь жилдээ ажиллаж байгаа.  Оёдол хийхээс гадна оёдлын машины бүхий л засвар үйлчилгээг хариуцдаг алтан гартай бүсгүй. Тэрбээр  дулаалга, давхарга, берзинт гээд  бүсгүй  хүн оёход хэцүү байж мэдэх оёдлыг ч өлхөн хийдэг.  Цехэд шинэ хүн орж ирэхэд оёдлын  бүх шат дамжлагыг  зааж сургах үүрэг түүнийх. О.Лхамсүрэн  хамт олныхоо  эд эс нь  болоод 12 жил болжээ.  Алиа хошин, нийтэч зантай хэмээн танилцуулсан. И.Оюунтүлхүүр арав дахь намартайгаа золгож байгаа.  Залуучууд дотроо хамгийн хурдан шалмаг, дайчин бүсгүй гэж ирээд л  дарга нь магтаж байна лээ.  С.Мөнхзул бүсгүйн  хувьд үйлдвэрлэл хариуцдаг П.Алтанцэцэгийн охин нь.  Уг нь тэрбээр тогооч мэргэжилтэй.  Дээр дурдсан   цехэд өсч торнисон хоёр охины нэг нь.  Цехийн хамгийн залуу ажилтан бол Т.Төмөрбаатар. Ажилд ороод хоёр жил болж байгаа ч аливаа зүйлийг маш хурдан сурдаг, хичээнгүй залуу гэсэн шүү. Бидэнтэй уулзаж амжаагүй ч заавал онцолж хэлэх оёдолчин бол н.Содцэцэг. Тэрбээр  зөвхөн гэрийн торгон хөшгийг дагнаж урладаг.  Тэд хамтрагчид болоод арав гаруй  жил болжээ.

Дашрамд өгүүлэхэд,  оёдлын салбарт   голдуу эмэгтэйчүүд  ажилладаг.  Тэд хоногийн талыг  ажил дээрээ өнгөрүүлэх нь бий.  М.Эрдэнэцэцэг ажил олгогчийн хувьд  оёдолчдынхоо ахуй амьдралыг гарын таван хуруу шигээ мэднэ.  Тиймээс  охиддоо  боломжийнхоо хэрээр туслахыг хичээн зээл өгөх,  тусламж үзүүлэх  зэргээр  ахуй амьдралд нь дэм болсоор ирсний үр дүнд  эхнээсээ өөрийн гэсэн хашаа, байшинтай болцгоожээ.  Энэ бол хувь хүний сэтгэл мэдэх асуудал.   Дэлгэрэх цехийнхэн ядарч зүдэрч яваа нэгэнд  сайхан сэтгэлийн гараа байсхийгээд сунгадаг талаар БЗД-ийн нийгмийн ажилтан онцолсныг уншигчдадаа дуулгахад таатай байна. Өнгөрсөн жилүүдэд жил дараалан болсон үер ус, зуд турханд  өртсөн хэд хэдэн айлд Дэлгэрэх цехийнхэн  иж бүрэн гэр, гэрийн бүрээс хэрэгсэл болон эд материалын тусламж үзүүлж ирснийг мэдэх хүн олон.

 

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Улс төр20 цаг өмнө

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Улс төр20 цаг өмнө

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Дэлхий дахинд20 цаг өмнө

АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ

Энтертайнмент21 цаг өмнө

“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо

Энтертайнмент21 цаг өмнө

Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо

Нийгэм21 цаг өмнө

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийгэм22 цаг өмнө

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийгэм22 цаг өмнө

Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

Нийгэм22 цаг өмнө

Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой

Нийгэм4 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм4 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Улс төр4 өдөр өмнө

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Бусад5 өдөр өмнө

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийгэм5 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Дэлхий дахинд5 өдөр өмнө

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийгэм5 өдөр өмнө

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ

Нийгэм5 өдөр өмнө

Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна

Нийгэм5 өдөр өмнө

Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ

Нийгэм5 өдөр өмнө

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Улс төр5 өдөр өмнө

Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа

Нийгэм5 өдөр өмнө

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна

Улс төр5 өдөр өмнө

“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо

Улс төр6 өдөр өмнө

Ж.Баясгалан: Өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамж авахаасаа илүү боломж олдвол хөдөлмөрлөхийг хүсдэг

Улс төр6 өдөр өмнө

“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

Улс төр6 өдөр өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа

Улс төр6 өдөр өмнө

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрмийг шинэчлэн баталлаа

Нийгэм6 өдөр өмнө

Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

Улс төр6 өдөр өмнө

Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны ээлжит хуралдаан болов

Нийгэм6 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм6 өдөр өмнө

“Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц”-ыг хэрэгжүүлэхэд чиглэсэн ажлуудыг үнэлэх хэлэлцүүлэг боллоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим