Бусад
“Бие биенээсээ давамгайлах асуудлаас үүдэж Үндсэн хууль өнөөг хүртэл гажуудсаар ирлээ”
“Эцэг хууль”-ийн эх баригч Б.Чимид агсан нэгэнтээ ийн тодотгож байжээ. Мөн “Тагнуулын байгууллагын хийдэг хамгийн гол ажил нь Үндсэн хуулийн байгууллагыг хамгаалах явдал байдаг юм шүү” ярьж байсан удаатай. “Хулганы хамраас ч цус гаргаагүй” хэмээх ярьж, бичиж ирсэн 1990 оны цагаан морин жилийн ардчилсан хувьсгалыг тайван замаар хийсэн монголчууд түүнээс хоёр жилийн дараа хүмүүнлэг Ардчилсан Үндсэн хуулиа баталснаас хойш 27 жилийн хугацаа өнгөрчээ. Хүнээр бол шинэ Үндсэн хууль эрийн цээнд хүрчээ. Гэвч хүмүүнлэг гэсэн тодотголтой Үндсэн хуулиа “эх барьж”, засаглал хоорондын эрх мэдлийн хуваарилалтаа тодорхой болгосноос хойш 28 жилийн хугацаанд Монгол Улсад юу болж өнгөрөв. Ололт нь юу байв. Бид Үндсэн хуулиа ягштал мөрдсөн үү, эсвэл гажуудсан уу. Энэ талаар Үндсэн хуулийг баталж, “эх барих”-д голлох нөлөөтэй оролцсон доктор, профессор Л.Дашням, УИХ-ын гишүүн асан Л.Цог нартай ярилцлаа.
–Ардчилсан Үндсэн хуулийг баталсан өдөр. Шинэ Үндсэн хуулиа баталж, түүнийг дагаж мөрдсөн өнгөрсөн 27 жилийн ололт нь юу байв. Гажуудсан, гажуудуулсан зүйл бий юу. Үндсэн хуульдаа тусгасан үзэл баримтлалыг хэрэгжүүлэх асуудал яг ямар төвшинд явж байна вэ?
Л.Дашням: Жил жилийн энэ өдөр Үндсэн хууль тогтоогчдын хувьд баяртай өдөр. Нөгөө талаас Үндсэн хуулийг тогтоон баталснаас хойш хэрхэн хэрэгжүүлж ирэв гэдгийг ярьдаг юм. Бидний үзэж байгаагаар Ардчилсан Үндсэн хуулийг баталснаас хойш хуулийнхаа чадамж, тэрхүү хэмжээндээ явуулж чадаагүй юм. Олон ч шалтгаантай. Мэдээж Үндсэн хуулиа тогтоож, батлахгүйгээр Монголын өнөөгийн хөгжил шинэчлэл явах ямар ч боломжгүй. Гагцхүү энэ бүгдийн тулгуур багана нь Үндсэн хууль өөрөө. Үндсэн хуулийн гажуудал үүсээд байгаа нь эх хуулиа болоод байгаа юм биш. Уг нь Үндсэн хуулийг анх тогтоохдоо одоогийн төрийн түшээд шиг байна гэж огт бодоогүй юм. Олон намын тогтолцоо бий болсон ч гэсэн хоорондоо ийм байдлаар хамтран ажиллана гэж бодоогүй. Хүмүүсийн өмнөө тавьсан зорилгоос болоод магадгүй намуудын бие биенээсээ давамгайлах асуудлаас үүдэж Үндсэн хууль өнөөг хүртэл гажуудсаар ирлээ. Хамгийн том гажуудал нь “Дордуулсан долоон өөрчлөлт”.
Эрх мэдлийн тэнцвэржилт, төрийн институцуудын харилцан хяналтыг Үндсэн хуульд зааснаар явуулсангүй. Органик хуулиудаа зарим талаар зөрчилтэй байна. Хамгийн харамсалтай нь, тэдгээр хуульд улс орны эрх ашиг, төрийн бодлогыг шингээсэн тал нь үргэлж дутагдалтай явж ирсэн. Бодит амьдралд бүрэн харуулж байна. Төрийн түшээд нь жинхэнэ түшээ байж чадсангүй. Ард түмэн үүнийг хэлэхээр барахгүй УИХ-ын гишүүд өөрсдөө энэхүү алдаа дутагдлаа орж хараад өөрчлөх, шинэчлэх, шударга байдлын төлөө дуугарч эхэллээ. Бодлогын төлөө тэмцэж эхэлсэн нь нэг талаараа дэвшилтэд алхам юм.
Л.Цог: Дашням гуайн ярьсан олон зүйлтэй санал нэг байна. Үндсэн хууль гэдэг бол 1990 онд бидний мөрөөдөж байсан эрх зүйн шинэчлэлийн хамгийн том суурь. Гэтэл түүнээс гажсан олон юм бий болсон тухай ярьж болно. Үндсэн хуулийн ач холбогдол нь 70-80 жил бий болсон тогтолцоог орвонгоор нь өөрчилж, хүн, нийгэм нь сайхан, азтай, хүмүүнлиг байх, хүний эрх чөлөө баталгаатай, төрийн дарангуйллын эсрэг байх зэрэг үндсэн суурь ойлголттой байсан юм. Бидний зорьсон гол асуудал нь хүмүүнлиг ардчилсан нийгмийг байгуулах байсан. Нийгмийн амьдралын бүх хүрээнд энэ нь шингэсэн байх ёстой гэж бодсон. Хамгийн гол нь төрийн эрх барих байгууллагаа ард түмэн өөрсдөө сонгох, тэдгээр нь тэдний төлөө үйлчилдэг, түүнд нь нам гэсэн төрийн бус байгууллага тусалж байх үзэл санааг оруулсан. Нэг намын тогтолцоонд бид олон жил явж ирсэн. Түүнээсээ уйдсан, залхсан, үзэн ядсан цаг үе байсан. Олон намын тогтолцоонд шилжиж, олон үзэл баримтлал уралдсан бидний ярьдгаар “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй” гэдэгтэй адилхан бодож байлаа.
Гэтэл 28 жилийн хугацаанд юу болж өнгөрөв. Үндсэн хуулийн бус замаар явсан нь давж гараад ард түмний гэхээсээ нам бүлэглэлийн эрх ашиг дээгүүр тавигдсан. Монголын ард түмний нийтийн өмч байх ёстой газрын баялаг цөөхөн хүний гарт орж, баян хоосны ялгаа тэнгэрт тулсан. Үндсэн хуулийн бус замаар явсан үр дүнд хүрчихлээ. Өнөөдөр бодох юм бол нийгмээ дахин өөрчлөх уур амьсгал бий болчихлоо. Үүнийг янз бүрээр тайлбарлаж болно. Дашням докторын хэлдгээр УИХ-ын одоогийн бүрэлдэхүүнд байгаа зарим хүн үүнийгээ ухаарч, тэмцэж байна. 1990 онд гарсан ардчилсан хувьсгалын үр дүнгээр 1992 оны Үндсэн хуулиа баталсан. Ардчиллыг баталгаажуулсан хамгийн том эрх зүйн акт нь Үндсэн хууль байсан. Харамсалтай нь, өнгөрсөн 27 жилий хугацаанд Үндсэн хуулиа дагаж мөрдөхгүй байх бүхий л боломжийг харууллаа. Хамгийн гол хүчин зүйл нь хүнээс шалтгаалсан. Хүний үйл ажиллагаанаас үүдсэн гажуудал явлаа. Үндсэн хууль өөрөө буруутай биш. Түнүийг гажуудалсан нь хамгийн том алдаа. Үндсэн хуулиа баталснаас хойш 26 жилийн дараа дахин ухаарах, харах асуудал бий боллоо. Үндсэн хуулийг баталж байх үед төрсөн хүүхэд өнөөдөр 28 нас хүрч байна. Ингээд үзэхээр дахиад шинэ үе бий болж байна. Тухайн үед баталж байсан хүмүүсийн үгийг сонсох ёстой. Бидний туулсан зам дараагийн үеийг зөв залах луужин болоосой гэж хүсч байна.
–Нэг намын тогтолцооноос олон ургалч үзэлд шилжиж, бодлогоор өрсөлдөх, институц хоорондын “уралдаан”-ыг бий болгох нь Үндсэн хуулийн бас нэг үзэл санаа байсан байх. Гэхдээ өнгөрсөн 27 жилийн түүхийг харахаар төрийн эрх мэдэл олон гэхээсээ МАН, АН гэсэн хоёр намын хэмжээнд явж ирсэн байгаа шүү дээ?
Л.Дашням: Нийгэмд бий болж байгаа нэг өөр үзэгдэл нь Үндсэн хуулийн өөрчлөлтийн тухай ярьцгааж байна. Төсөл нь хүртэл УИХ-аар хэлэлцүүлэхээр бэлэн болчихлоо. Үндсэн хуулийнхаа хэрэгжилт, давуу, сайн тал нь юу байна. Юуг нь өөрчилж, шинэчлэх ёстой юм, прагтик амьдралтайгаа холбож судалгаа шинжилгээ, дүгнэлт гаргасангүй. Тэгсэн мөртлөө тодорхой хүчин, хүмүүсийн, олон эрх ашиг шингэсэн байдлаар хэлбэрдэх маягаар өөрчлөлт оруулах гэж байгаа нь буруу.
Үндсэн хуулийг огт өөрчлөхгүй гэдэг асуудал мэдээж байхгүй. Гэхдээ тэр болгонд бидний саналыг тусгахгүй, оруулахгүй байна. Уг нь олон намын тогтолцоогоор бодит амьдралд хэрхэн явах талаар тухайн үед арай өөрөөр төсөөлж байсан юм. Гэтэл өнгөрсөн хугацаанд тэрхүү үзэл баримтлал нь тэс ондоо болчихлоо. Сонгуулийг гэхэд төрийн эрх мэдлийг хууль бусаар авах замаар булааж авдаг боллоо.
Энэ нь эргээд Үндсэн хуулийн гажуудал руу аваачиж байгаа юм. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхэд нийгмийн бүх төвшний оролцоо байх ёстой. Нэг нам, хэсэг гишүүний хийх ажил биш. Үндсэн хууль бол Монголын ард түмний оюуны хамгийн нандин өв болсон түүхт хууль. Түүнийг нь хадгалахын сацуу алдаа дутагдлыг нь засч залруулах чиглэл рүү явах ёстой. Намуудын давамгайлал, зарим тохиолдолд түрэмгийлэл бий болчихоор төрийн үйл ажиллагаа хэвийн явж чадахаа больж байна. Намын эсвэл хэсэг бүлгийн эрх ашигт нийцсэнээр явдаг боллоо. Аливаа нам гэдэг нийгмийн, хүн ардын нэг л хэсэг. Нэг хэсгийн үзэл бодол. Нийт ард түмний, намуудын улс орноо хөгжүүлэх үзэл санаа шингэсэн хөтөлбөр өнөөг хүртэл гаргаж чадаагүй байна. Сонгуульд ялсан намын голдуу амлалт буюу гал унтраах маягийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Зарим тохиолдолд түүнийгээ хэрэгжүүлж чадахгүй байна.
Л.Цог: Өнөөдөр Монголд Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 30 орчим нам байна.
-Саяхан 35 дaх намыг бүртгэсэн байна лээ?
Л.Цог: 28 жилийн түүхийг үзэхэд энэ олон намаас хоёрхон нь иргэдийн санаа бодлыг хувааж, улс орныг удирдаж ирсэн байна. Ний нуугүй хэлэхэд нам гэдэг бүлэглэл Монголыг хувьчилж авдаг болчихлоо. Байгуулсан Засгийн газар нь, УИХ нь тухайн намынх гэж ярьдаг. Уг нь Монголын ард түмнийх байхгүй юу. Нам гэдэг бол Монголын ард түмний нэгээхэн хэсэг. Үүнийг дахин бодох ёстой. Нам өөрөө гэмт бүлэглэл болчихвол яах байсан бэ гэдгээ бодох ёстой байсан юм байна. 1992 онд баталсан Үндсэн хуулийн араас түүнд нийцсэн хуулиуд гарах ёстой байтал эсрэг гарсан. Үндсэн хуулиа зөрчсөн, харшилсан хуулиуд гарлаа. Хоёрдугаарт, нам гэдэг бүлэглэлийг ашгийн төлөө, шунахайн сэдэлтэй хүмүүс маш чадамгай ашиглалаа. Цаашид энэ байдлыг даамжруулахгүйн тулд бүх юмыг бодох ёстой. Үндсэн хуулийн шинэчлэл, өөрчлөлт энэ чиглэл рүү байх ёстой. Хамгийн харамсалтай нь, Монголын ард түмний нийтийн баялаг байх ёстой орд газрууд цөөн хүний гарт очсон гэдгийг бүгдээрээ ярьж, шүүмжилж байна.
Баялгийн тэгш хуваарилтыг бий болгох улс төрийн шинэ хүчний эрэлд гарч байна. Дэмжихэд бэлэн байна. Ард түмний сонгуулиар ашигладаг, эргээд хаядаг балай юм руу бид орчихлоо.
Баян хоосны ялгаа тэнгэрт тулчихлаа шүү дээ. Энэ нь шударга бусын туйл болж харагдаж байна. Үндсэн хуулийнхаа эсрэг яваад байна. Үндсэн хуулиа зөрчөөд байвал бид яах вэ гэдгээ дутуу бодсон юм байна. Үндсэн хууль гэдэг бол манай нийгмийн суурийг зоосон асуудал юм, уг нь. Гэтэл Үндсэн хууль руугаа бүх бурууг чихээд, процесс хийх гээд байгаа нь маш том алдаа. Үндсэн хуульдаа зоохгүй бол ердийн хуулиар өөрчлөөд нэмэргүй гэсэн ойлголт төрүүлж байна. Үүнийг ухаарах ёстой. Үндсэн хууль гэхээсээ ёс зүйн хувьд нийцэхгүй асуудал шүү дээ. Бидний олон зуун жил явж ирсэн нүүдлийн ахуй, соёл үүнд нөлөөлж байна. Орчин үеийн нийгэм, сэтгэлгээ, бүтцийн тухай ярьж байгаа зүйл огт байхгүй. Нөгөө талаас 1990 оноос хойш төрсөн нь өмнөх үеэ таг мартчихлаа. Одоо байгаа дэлхийн ертөнцийн өөрчлөлтийг механикаар дуурайдаг болчихлоо. Нийгмийг, хүнийг хөтөлж байгаа зүйл шал өөр болсон.
–Төрийн дээр нам гарчихлаа гэж ярьж, шүүмжлээд байгаа шүү дээ. Хэсэг бүлэг хүний зөрчил, тэмцлээс үүдэж төрийн ажил гацдаг, гацаадаг зүйл бий болчихоор ингэж ярьж, бичих нь оргүй биш ч юм шиг?
Л.Цог: Нам өөрөө гэмт бүлэглэл болчихоор төрийн дээр гарчихаж байгаа юм. Дөрвөн жилийн хугацаанд тухайн намын хэсэг бүлэг хүний эрх ашиг л явдаг. Зээл авбал, тусламж авбал тэдэн төгрөг гэх зэргээр. Уг нь Монголын ард түмний Засгийн газар, УИХ байх ёстой биз. Нам гэдэг бол өөрөө төрийн бус байгууллага. Засгийн эрх барихын төлөө ард түмний эвлэлдэн нийлсэн ТББ төрийнхөө дээр гарчихдаг энэхүү механизмыг маш сай бодох хэрэгтэй.
Л.Дашням: Төрийн эрх мэдэл гагцхүү ард түмний мэдэлд байна гээд Үндсэн хуульд тусгачихсан. Ард түмэн тэрхүү эрхээ хэрэгжүүлж УИХ-ын гишүүдийг сонгодог. Гэтэл ард түмний сонгосон эрх мэдлийг намын эрх ашигт автуулаад, намын заавраар УИХ-ын гишүүд нь ямар ч бодлогогүй, бодолгүй болчихоод байна. Намын жолоодлого, эрх мэдлийн дор орчихсон хэрэг. Үүнийг нам төрийн дээр гарчихлаа гэж яриад байгаа юм. Худлаа юм биш.
Л.Цог: 1990 онд 70 жил болсон намын дарангуйллыг устгана гэж Үндсэн хуулиасаа авч хаясан шүү дээ. Одоо эргээд харахаар сонгуульд ялсан хоёр, гурван намын дарангуйлалд ордог асуудал бий болчихлоо. МАН, АН гэсэн хоёр нам 28 жил төрийн эрхийг ээлжилж, хамтарч барилаа. Үндэстэн дамнасан гэдэгтэй адил нам дамнасан гэмт бүлэглэл бий болж, тэрийгээ яаж ч чадахүй байдал бий боллоо.
–Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг энэ парламентаар хэлэлцэж баталлаа. Нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн эрх мэдлийг танах гэхээсээ Ерөнхий сайдынхыг нэмэгдүүллээ. Энэ нь өөрөө сонгодог парламентын тогтолцоо руу шилжих ахиц болсон гэж байна?
-Л.Дашням: Үндсэн хуулийн өөрчлөлтийг тайлбарлах, ойлгуулах нэг асуудал. Үндсэн хуулийнхаа гол үзэл баримтлалтай нийцэж байна уу гэдэг нь өөр асуудал. Үндсэн хуулийг энэ онд багтааж нэмэлт, өөрчлөлт оруулна гэдэг байж болохгүй асуудал гэж бодож байна. Үндсэн хуулийг өөрчлөх нь битгий хэл УИХ нь өөрөө байх уу, үгүй юу тухай асуудал яригдаж байна шүү дээ. Тэрний гол шалтгаан нь төрийн эрх мэдлийг хэсэг бүлэг хүн гартаа авчихсантай холбоотой.
Л.Цог: Засгийн эрхийг хууль бусаар авсан гэж том асуудал байна. Энэ нь мөнгөний сонуулийг хэлж байгаа юм. Ард түмнээ мөнгөөр хуурч авсан бүх сонгууль хүчингүй болох ёстой. Ингэж гарсан Засгийн газар, УИХ болгон хууль бус байх ёстой юм уг нь, Үндсэн хуулиар. Луйврын Засгийн газар, мөнгөний сонгуулийн тухай өнөөдөр бид яриад сууж байна. Хамгийн аюултай ийм байдлаас үүдэж ард түмэн төрд итгэхээ больж байна, нэр хүнд нь шалан дээр унасантай адил боллоо. Энэ бүгдийн идээ бээрийг шахах, шударга ёс тогтоохын төлөө тэмцэж байгаа хүмүүсийг ард түмэн дэмжихэд бэлэн болсон байна. Долдугаар сарын 1-нд таван хүнийг буудаж ард түмнийг нам дарсан гашуун түүх бидэнд байна. Эргээд төрдөө итгэх итгэл төрөхөд хугацааа хэрэгтэй байдаг юм байна. Өнөөдөр яг тийм найдсан асуудал бий болчихлоо. Хаашаа явах вэ гэсэн зааг дээр бид зогсч байна.
Л.Дашням: Болохүй бүтэхгүй асуудлын талаар түмэн 30-аад жил ярьж байна. Буруу тийш залах болгонд нь хэлж байгаа. Өмнө нь ард түмэн хүчгүй байлаа шүү дээ. Амьдрал өөрөө харуулаад эхлэхээр ард түмнийг өөрсдийг нь эрх мэдлээ хэрэгжүүлэх зүйл рүү явуулж байна.
–Эрх мэдлийн тэнцвэржилт гэснээс Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын хоорондын харилцааг Үндсэн хуульдаа тодорхой тусгасан байгаа шүү дээ. Гэтэл Ерөнхийлөгч нь Ерөнхий сайдтайгаа нийлж УИХ-аа хүчгүйдүүлдэг эсвэл УИХ нь Засгийн газраа барьцаалдаг эрх мэдлийн төлөөх тэмцэл, Үндсэн хуулиа өөрсдөө гажуудуулдаг байдал бодитоор ард түмний нүдэнд ил болчихлоо?
Л.Дашням: Энэ нь ард түмний хувьд энгийн төвшний ойлголт. Уг нь энэ асуудлыг Үндсэн хуульд маш тодорхой заасан. УИХ нь хууль тогтоох дээд байгууллага. Хуулийг батлахдаа улс орны хөгжлийг явуулах тодорхой асуудлыг суулгах ёстой. Засгийн газрынхаа төсөл, хөтөлбөр, түүнийг нь хэрэгжүүлэх асуудлыг нь баталж өгнө. Түүндээ хяналтаа тавиад явах ёстой юм. Гэтэл тэр ажлаа хийхгүйгээр УИХ-ын гишүүд нь гүйцэтгэх засаглалтайгаа хутгалдчихсан. Хаана мөнгө байна тэнд гүйж явдаг боллоо. УИХ-ын гишүүн биш Засгийн газрын ажилтан, сумын албан хаагч шиг явж байна. Ажил үүргийн хуваарилалт, харилцан биенийгээ хянах асуудал нь алга болсон. Энэхүү гажуудал нь явсаар өнөөдрийн байдлыг бий болгосон. Төрийн дотор намын бүлэг орчихсон нь өнөөдөр ямар гацаанд оруулж байна. Төрийн дээр нам гарсныг өөрсдөө хүлээн зөвшөөрч эхэллээ. Янз бүрийн хуульд үүнийгээ оруулж, гажуудал бий болгосноо их мундаг болгож яриад байна.
Л.Цог: Төр гэдэг нийгмийг жолооддог, барьдаг, чиглүүлдэг шийдлийг хэлдэг. Цогц байгууллагыг хэлж байгаа юм. Энэ дотор гурван том цөм эрх байдаг. Бодлогоо тодорхойлохыг хууль тогтоох дээд байгууллага гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, төрийн хууль бодлого болж гардаг. Энэхүү бодлогыг авч явах, гардан хэрэгжүүлэх байгууллага нь Засгийн газар. Их хурал нь ард түмнээс бүрддэг. Ард түмнээс бүрдсэн УИХ Засгийн газраа хянадаг. Ийм л тогтолцоо бий болгосон. Хууль тогтоох эрх мэдэл нь мэдээж тусдаа. Бас нэг институц Ерөнхийлөгчийн эрх мэдэл. 1992 оны Үндсэн хуульд үүнийг маш тодорхой хийж өгсөн. Гэтэл 2000 онд хийсэн “Дордуулсан долоон өөрчлөлт”-өөр хутгаад хаячихсан юм. Хамгийн гол асуудал нь УИХ-ын гишүүн сайд болох асуудлыг оруулсан. УИХ-ын гишүүн сайд болж болдоггүй юм, Монголын нөхцөлд. Яагаад гэвэл хоёр том эрх мэдэлд сандайлаад суучиж байгаа юм. Засгийн газар уналаа УИХ-ын гишүүн хэвээрээ байж л байдаг. Ухаан нь бодлого боловсруулах байгууллагын, хяналт тавих эрхтэй хүн гүйцэтгэх эрх мэдэл рүү гүйж ороод холилдож болохгүй. Гүйцэтгэх эрх мэдлийн хүн УИХ руугаа гүйж орж болохгүй. Хамгийн болдоггүй хоёр эрх мэдэл холилдсон гэсэн үг. Ажлын үүрэг л юм. Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байхдаа Засгийн газар руу хутгалдаж орсон. Хэн сайд байхыг нь би мэднэ. Миний хүн байх ёстой гэж явсаар байгаад Ерөнхийлөгчийн эрх мэдлийг танаж хассан. Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн ямар байх талаар санал авдаг байсныг болиулсан. Намын бүлэг гээчийг гаргаж ирсэн. Энэ бүх нүгэл тэрхүү “Дордуулсан долоон өөрчлөлт”-өөр явсан. Үүнийг нарийн тайлбарлавал лекц шиг юм болно. Тэр болгон толгойд нь буухгүй.
–Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт гэхээсээ “Дордуулсан долоон өөрчлөлт”-өө засчихвал асуудлыг шийднэ гэсэн үг үү?
-Буцааж сэргээхийн оронд тэс өөр юм руу явах гээд байна. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байхдаа миний хүн сайд болох ёстой гээд дарамтлаад байж болохгүй гэсэн үг. Нэг хүний буруу араншингаас болж Үндсэн хуулиа нурааж байна. Ийм байж болох уу. Ингэж л том гажиг үүссэн. Энэ асуудал нэгээс хоёр жилийн дотор бий болчихоогүй. Ерөөсөө л 28 жилийн дотор тэр дундаа 2000 оны нэмэлтээс бий болсон. Өнөөдөр бүгдээрээ яаж ч чадахаа байчихлаа. УИХ нь Засгийн газраа боомилдог. Тэгэхгүй бол сайд нарыг нь огцруулна гэх зэргээр. Эргээд Засгийн газрын сайд нар нь УИХ-аа боомилдог асуудал руу орчихлоо. Бас нэг асуудал нь Үндсэн хуулийг нэг мөр ойлгоод яс мөрдөх ёстой л юм. Гэтэл Үндсэн хуулийг салаа утгаар, өөрийнхөөрөө ойлгож ярьж, тайлбарладаг, эрх ашигтаа нийцүүлдэг балай юм бий болчихоод байгаа юм. Салаа утгатай хууль гэж байдаггүй. Дутуу зохицуулсныг нь бид хуулийн цоорхой гэж яриад байгаа хэрэг. Давхар дээл гэдэг чинь энгийн л үг. Давхар дээл ч гэж байхгүй. Хоёр том эрх мэдлийг сандайлаад суучихаар яаж ажил явах юм. Би сайд явсан хүн. Гэхдээ УИХ-ын гишүүн биш байх үеийн сайд. УИХ-ын гишүүн сайд болчихоор парламент, яам хооронд тэлээ хурга шиг аль ч үгүй болдог. Зүгээр дүр эсгээд явдаг юм. Нэг харахаар сайд ч юм шиг, УИХ-ын гишүүн ч юм шиг. Үүнийгээ уялдаа холбоо сайн байна гэж яриад байдаг юм. Тийм биш л дээ. УИХ-ын дээд байгууллага түүний хуулийг хэрэгжүүлэх албанд захирагдах ёстой. Түүнээсээ урган гарч байх ёстой юм.
–Уг нь Үндсэн хуулийн гажуудал үүсэхээс сэргийлэх, ард түмний эрх ашиг зөрчигдөхөөс хамгаалах газар нь Цэц биз дээ?
Нэгдүгээрт, төр өөрөө хуулиа мөрдөх ёстой. Хууль мөрдөхгүй байх нэг ч хүн байх ёсгүй. Ерөнхийлөгчөөсөө эхлээд жирийн иргэн хуулиа мөрдөх ёстой. Төр өөрөө хуульд бичээгүй юмыг хийж болдоггүй. Хуульд бичсэнийг дагаж мөрдөх ёстой. Тэгэхгүй бол эрх мэдлээ хэтрүүлсэн, урвуулан ашигласан болно. Төрийн бус байгууллага гэж байна. Энэ бол хуулийн хүрээнд ажиллах ёстой. Жирийн иргэдэд хуульд хориогүй юм бүхэн нээлттэй байх ёстой. Ийм гурван том ялгаа байгаа юм. Гэвч бүгд арилсан. 26 жилийн үр дүнд практик зүйлийг хутгаад хаячихсан. Тогтох ёстой юм нь тогтсонгүй. Даргын, намын үгээр явдаг дэглэм тогтлоо. Улс төрийн дэглэм нь даргын, мөнгөтэй хүний үгээр явдаг боллоо. Ард түмэн яаж ч чаддаггүй юм байна. Худлаа бухимдана, тараасан мөнгөнд нь хууртаад ямар ч хүнийг сонгож байгаагаа мэдэхгүй байна. Дараагийн хугацаанд үүнийг ухаарч байна.
–Үндсэн хуулиар Ерөнхийлөгчийн эрх мэдлийг танах шаардлагатай юу. Эсвэл Монгол Улс Ерөнхийлөгчийн засаглалтай болох нь одоогийн хямралыг шийдэх гарц юм уу?
-УИХ, олон нам хоорондоо хутгалдаад эрх ашиг, сандал ширээний төлөө үзэлцээд байгаа энэ үед зохицуулалт хийх шаардлага гарч байгаа. Уг нь 31 намтай өөр хоорондоо эвлэхгүй байсан дор бол босоо удирдлагатай болох тухай ярьж байна. Байж болно. Гэхдээ цаагуураа дарангуйлал үүсэх, нэг хүний дохио зангаагаар хөдлөх учраас болгоомжлол байгаа. Аливаа юманд дандаа хоёр тал байдаг. Сайн, муу гэсэн. Тэгэхээр Монголын нийгэм юу хүсч байгаа юм гэдгээ сайн бодож байж гаргах ёстой шийдэл. Мэдээж үүнийг нэг хоёр үгээр хэлж болохгүй. Хамгийн гол нь Ерөнхийлөгч нь ямар хүн байх ёстой вэ гэсэн шалгуур байхгүй зөвхөн мөнгөөр сонгогдож байгаа учраас асар осолтой. Ямар хэмжээний мэдлэг, чадвар, дадалтай, дотоод сэтгэл, тархинд нь юу байна гэдгээр нь хүнийг сонгож чадаж байна уу гэвэл үгүй. Ний нуугүй хэлэхэд мөнгөөр л явж байна. Үүний ард дарангуйлал тогтоох вий гэсэн айдас байна. Олуулаа хэлэлцэж шийдвэр гаргадаг тогтолцоогоо гажуудуулаад хаячихаар яах юм. Үүнийг зохицуулдаг гол шалгуур нь хууль. Нийгэм хэн хүн, хэсэг бүлгийн зоргоор явж болохгүй. -Хоёр том гүрний дунд байгаа улсын хувьд босоо удирдлагатай болох нь аль нэгнийх нь нөлөөнд автана гэсэн болгоомжлол бас бий? -1990 онд үүнийг ярьж л байсан. Хаант засаглалтай болъё гэж ярьж л байсан. Үндсэндээ нэг намын удирдлагад олон жил явсан хүмүүс чинь арай өөр юм бодох юм байна шдээ. Эцэст нь төрийн эрх барих дээд байгууллагынхаа хүмүүсийг ард түмэн өөрсдөө сонгоё л гэсэн. Гэхдээ сонгож чадаж байна уу гэвэл үгүй. Эрх мэдлийг урвуугаар ашиглаад баяжих хэрэглсэл болгоод явчихлаа. Энэ л бидний гутамшиг, аюул.
С.Хорлоо
Бусад
Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана
Өнгөрсөн наймдугаар сард Боловсролын сайд П.Наранбаяр Монголын хувийн их дээд сургуулиудын холбооны төлөөлөлтэй уулзах үеэр ярилцсаны дагуу нэгдсэн байдлаар бүх хувийн их, дээд сургуулийн удирдлагуудтай уулзлаа.
Хувийн их, дээд сургуулийн удирдлагууд тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэн нэгтгэж, төрийн дээд боловсролын салбар дахь оролцоо дэмжлэг болон эрх зүйн орчин, элсэлтийн босго, дээд боловсролын байгууллагуудын эрэмбэ, багшийн хөгжил болон нийгмийн баталгаа гэсэн чиглэлүүдээр санал хүсэлтээ илэрхийлэв. Тухайлбал, их, дээд сургуулийн онцлогийг харгалзаж үнэлэх замаар эрэмбэ тогтоох, төрийн зүгээс өмчийн хэлбэрийг ялгахгүйгээр адил тэгш бодлого хэрэгжүүлэх, салбарт хэрэгжиж буй хуулиудад өөрчлөлт оруулах шаардлагатай гэлээ.
Боловсролын сайд П.Наранбаяр их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллахаа онцолж, дээд боловсролын байгууллагуудын онцлог, чиглэлийг харгалзан ангилах байдлаар хөндлөнгийн байгууллагаар эрэмбэ тогтоолгох, элсэлтийн босгыг үе шаттайгаар өсгөн элсэгчдийг чанаржуулах бодлого баримтална хэмээв. Мөн бүх санал хүсэлтэд хариу өгч, нэгтгэж эрэмбэлэн үе шаттайгаар шийдвэрлэхээ хэллээ гэж Боловсролын яамнаас мэдээллээ.
Бусад
ТББХ: Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэв
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 05-ны хуралдаанаар Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 01 дүгээр тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийн танилцуулгыг сонслоо.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.5 дахь хэсэгт “Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах нарийвчилсан журмыг Улсын Их Хурлын тогтоолоор батална.” гэж заасныг үндэслэн уг тогтоолын төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор УИХ-ын гишүүн О.Номинчимэгээр ахлуулан, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, П.Сайнзориг, Х.Тэмүүжин нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан юм.
УИХ-ын гишүүн О.Номинчимэг ажлын хэсгийн дүгнэлтийг танилцуулав.
Тэрбээр, Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголыг Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Нийтийн сонсголын тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын 2017 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Нийтийн сонсгол зохион байгуулах журам”-д заасны дагуу зохион байгуулж ирсэн.
Монгол Улсын Их Хурлаас 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-д Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах зарим харилцааг нарийвчлан зохицуулж хуульчилсан байна.
Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн Арван тавдугаар бүлэг бүхэлдээ Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах дараах харилцааг нарийвчлан зохицуулсан байна. Үүнд:
- 119 дүгээр зүйлд Улсын Их Хурлын хяналтын сонсгол явуулах талаар хүсэлт гаргах, хүсэлтийг шийдвэрлэх талаар;
- 120 дугаар зүйлд сонсгол зохион байгуулах харьяаллын талаар;
- 121 дүгээр зүйлд сонсголын бэлтгэл ажлыг хангах талаар;
- 123, 124 дүгээр зүйлд сонсголд оролцогч, түүний эрх, үүрэг;
- 125 дугаар зүйлд сонсгол даргалагчийн эрх, үүрэг;
- 126, 127 дугаар зүйлд сонсголыг танхимаар болон цахимаар явуулах журам;
- 128 дугаар зүйлд сонсголын тайлан, тэмдэглэл боловсруулж, олон нийтэд түгээх талаар;
- 129-133 дугаар зүйлд Нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулах журам.
Өөрөөр хэлбэл, Улсын Их Хурлын хяналтын сонсголыг дээр дурдсан хуулийн зохицуулалтын хүрээнд зохион байгуулах боломжтой байх бөгөөд нарийвчилсан журам батлан гаргах тохиолдолд хуулийн зохицуулалтыг давхардуулан журамд тусгах нөхцөл үүсэж байх тул тус журмын төслийг боловсруулах шаардлагагүй гэж ажлын хэсэг дүгнэлээ гэлээ.
Түүнчлэн тэрбээр 2024-2028 оны парламентын бүрэн эрхийн хугацаанд холбогдох журмын тоог цөөлж, хуулиар зохицуулах шаардлагатай зохицуулалтыг журмаар биш хуульд тусгаж байх стратегийг баримталж байгааг дурдаад, цаашид хууль хэрэглээний хувьд ойлгомжтой болгох үүднээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тохиолдолд хяналтын сонсголын зохион байгуулалттай холбоотой зарим шаардлагатай зохицуулалтыг нэмж тусгах саналтай байна хэмээсэн. Тухайлбал, тус хуулийн 121 дүгээр зүйлийн 121.6-д заасны дагуу шинжээчийг томилохдоо ажлын хэсгийн саналыг үндэслэн Байнгын хороо тогтоол гаргахаар зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл, ажлын хэсэг байгуулагдаагүй бол шинжээч томилох хүсэлт гаргах субьект хэн байх талаарх зохицуулалтыг тодорхой болгох шаардлагатай. Түүнчлэн сонсгол явуулах бүтэц нь Байнгын хороо, дэд хороо байх олон улсын жишигт нийцүүлэх нь цаашид Байнгын хорооны үйл ажиллагааг илүү мэргэшсэн, уялдаа холбоотой байх ач холбогдолтой тул холбогдох өөрчлөлтийг хийх хэрэгтэй. Мөн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэг, 126 дугаар зүйлийн 126.5 дахь хэсгийг тус тус хүчингүй болгох саналтай байгаагаа танилцуулсан юм.
Ажлын хэсгийн дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй.
Мөн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэв.
УИХ дахь МАН-ын бүлгээс тус дэд хорооны бүрэлдэхүүнээс УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг чөлөөлж, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очирыг бүрэлдэхүүнд оруулах саналыг ирүүлсний дагуу Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулжээ.
Хэлэлцэж өуй асуудалтай холбогдуулан асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг хэлэлцэн батлахыг дэмжин, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Дараа нь “Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Тогтоолын төслийн талаар Байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ танилцуулсан. Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалт нь төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус гэсэн төрөлтэй байх бөгөөд мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсэгт заасны дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо Улсын Их Хурлын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаврыг холбогдох шийдвэрийн төслийн хамт нэгдсэн хуралдаанд оруулж, шийдвэрлүүлэх ёстой хэмээв.
Мөн тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасны дагуу Байнгын, дэд хорооноос хийх төлөвлөгөөт хяналт шалгалтыг Улсын Их Хурлын төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаварт тусган хэрэгжүүлэхээр заасныг тодотгоод, хяналт шалгалтын талаар Байнгын хороодоос холбогдох саналыг авахад Аж үйлдвэржилтийн бодлогын, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос тусгайлан санал ирүүлээгүй гэлээ.
Байнгын хороодоос ирүүлсэн санал болон хяналт шалгалтын бусад асуудлын хүрээнд УИХ-ын 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд зохион байгуулах нэр дэвшигчдийн хяналтын сонсголыг УИХ-ын төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаварт тусган боловсруулсан хэмээн танилцуулсан юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэг, иргэдээс ирж байгаа хүсэлт, өргөдлийн дагуу хууль зүйн бодлоготой холбоотой, ялангуяа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль тогтоомжийн биелэлттэй холбоотой асуудлыг хяналт шалгалтын цаглаварт оруулах асуудлыг хөндөн байр сууриа илэрхийлсэн.
Эцэст нь тогтоолын төслийг хэлэлцэн батлах асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин чуулганы нэгдсэн хуралдаанд Байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Бусад
Дэлгэрэх цехийн М.Эрдэнэцэцэг
“Манайх эсгий бүрээсээс бусдыг үйлдвэрлэдэг, гадуур дотуур цагаан бүрээс, давхарга, берзинт, өрх гээд л. Миний хувьд 1993 оноос өрхийн үйлдвэрлэл эрхэлж, ээжтэйгээ хамт цагаан бүрээс оёж эхэлсэн. Түүнээс хойш 31 жил өнгөрсөн байна. Манайхыг аж ахуйн нэгж гэж ойлгов оо, оёдлын цех шүү. Ажлын байрны хүчин чадлын тухайд 16 хүн ажиллах боломжтой ч өнөөдрийн байлаар найман оёдолчин ажиллаж буй ” хэмээн үйл ажиллагаагаа танилцуулсан бүсгүй бол БЗД-ийн иргэн, Дэлгэрэх цехийн эзэн М.Эрдэнэцэцэг. Гав шав хийсэн гялалзуур эмэгтэй шүү гэх тодотголд яг таарах хүн гээд хэлчихвэл буруудахгүй л болов уу. Түүний ажил агуулахаас бүс бараагаа ангилж татахаас эхэлж, эсгүүр хийх, оёдол, ангилах, бэлэн болсон бүтээгдэхүүнээ Нарантуул руу хүргэх, орон нутаг дахь борлуулагчид руугаа ачуулах гэхчилэн амсхийх завгүй гүйсээр үдшийн бүрийтэй золгоно. Ажлынхаа завсраар өндөр настай ижий, хүү хоёроо халамжлах учиртай. Бас ажлын хамт олон гэж бодлын үзүүрт өнжих найман бүсгүй, хоёр эр бий. Хүний л амьдрал болохоор жаргал зовлон ээлжилнэ. Ямар ч үед дэргэд нь байж, зүдрэх үед нь энгэртээ наах нь миний үүрэг гэж ойлгох түүнд хамт олон нь хачин сайн юм билээ. Нэгэн цагт ээжүүдээ дагаж, цехийнх нь умгар өрөөнд эрхэлж наадаж өссөн охид амьдралд хөл тавьж, эдүгээ оёдолчин болцгоон хоёр ээжтэйгээ мөр зэрэгцэн ажиллаж байгаа гээд бодохоор Дарь-Эхийн овооны энгэр бэлд бууриа засч төвхнөсөн жижигхэн цехийн түүх эгэлгүй агаад бахархам ажээ.
Ажилсаг ээжийн хичээнгүй охин
М.Эрдэнэцэцэг өөрийнхөө сайн сайхан явааг ээжийнхээ ажилсаг чанартай холбоно. Ё.Нармандах хэмээх гайхамшигт эмэгтэй бол түүний ээж. Цэл залуугаараа ханиасаа хоцорч гурван үрээ хөлийг нь дөрөөнд,гарыг нь ганзаганд хүргэсэн ижийгээрээ охин нь өнөөдөр гангарч сууна.
Хөнгөн, хүнсний техникум төгссөн залуухан бүсгүй амьдралд хөөр баяртайгаар хөл тавьтал мэргэжил бус юу чаддагаараа амьдарлаа залгуулах тийм цаг үе тосох нь тэр. Тодруулж хэлбэл, БНМАУ зах зээлийн нийгэмд шилжсэн 1990 оны цагаан морин жил. Амьдралын ямар ч үед хөл алдаж үзээгүй ижий нь “Эрдэнэцэцэг ээ, миний охин ижийнхээ оёдлын машинаар хоолоо олж ид. Нагац ахын чинь хүүхдүүд гэрийн бүрээс, цаваг оён Дэнжийн мянгын зах дээр борлуулж байна. Борлуулалт ч гайгүй бололтой. Би тэдэнд тусалж, гэрийн бүрээс, цавгийг яаж эсгэдэг, хэрхэн оёдгийг мэдэж авлаа. Одоо хоёулаа үзээд алдая. Монгол хүн байгаа цагт монгол гэр байж л таарна” хэмээн цуу ямбуу даавуу дэлгэн анхны эсгүүрээ хийсэн тэр өдрөөс хойш бага таван ханатын баруун талаас оёдлын машины дуу тасраагүй гэж хэлж болно. Ингэж л тэрбээр өөрийн гэх орлоготой энэ цагийн хэллэгээр бизнесийнхээ гарааг эхлүүлсэн түүхтэй.
Оёдлын цех байгуулагдаад 31 жил болжээ. Хүний амьдралын бүхэл бүтэн үе ч гэж хэлж болохоор. Өсч дэвжсэн түүх нь энгийн юм шиг атлаа шантарч, уйлж дуулж явсан өдрүүд М.Эрдэнэцэцэгт бий. “Одоо л хөл дээрээ босох нь. Банкнаас авсан зээлээ түүртэлгүйгээр дарж чадах цаг айсуй” хэмээн бүтэн нойртой хонож эхэлтэл гал усны гашуун зовлонгийн өмнө өвдөг сөгдөх нь тэр. Амсхийх гэдгийг умартан зүтгэж байж бий болгосон бүхнийг нь дүрэлзсэн гал хамж аваад үнс болгож орхив. Хүний амь эрсдээгүйд нь магнайгаа хагартал баярлавч ёрдойж харлаад үлдсэн төмрийн хог, утаа савсуулан уугих бууриас өөр юу ч үгүй хоцорсондоо харамсан, харамсан уйлж зогссон тэр хүнд үеийг туулаад л гарсан. Ажлын байрны тав тухтай орчныг бүрдүүлэхийн төлөө хичээн 2019 онд үйлдвэрийн хоёр давхар шинэ байраа ашиглалтад оруулав. Эдүгээ агуулах, савтай ч болсон байна. Бараа материалаа ч жилийн дөрвөн цагийн эргэлтийг даахуйцаар нөөцлөх эдийн засгийн боломжтой болсон гээд багагүй амжилтад хүрсний нууц нь маш энгийн. Эрхэлсэн ажилдаа сэтгэлээ өгч, хичээх явдал. Түүнчлэн хэлсэн үгэндээ хүрч, үнэнч байдлыг эрхэмлэдэг чанар аж.
Хөндлөнгөөс харахад, сувд мэт шаргалтан цайрах цуу ямбуу даавуу нэгэн хэмээр нүргэлэх оёдлын машины дуу, үйлчин бүсгүйн хурдан шаламгай хөдөлгөөнтэй өнгө хослохуй дор монгол гэрийн гоёл болох гадуур, дотуур цагаан бүрээс, цаваг, өрх болж хувирна. “ Үнэтэй торгон хөшиг хэцээр татаж” хэмээх шүлэг зөвхөн шил толь болсон орд харшийнх бус талын Монголын үнэт өв монгол гэрийн дотуур хөшиг ч хээ хуар, саа бүхий үнэтэй торгоор хийгддэг болсныг энэ цехийн үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүнээс олж харснаа нуух юун.
“Цэцгээ гэдэг оёдолчныг хайж явна”
Худалдан авагчид түүнийг ийн сурагласаар ирэх нь бий. “Байнгын минь хаяг Нарантуул зах” шүү дээ хэмээн цайлганаар инээх оёдолчин бүсгүйг малчид андахгүй болжээ. Жил өнжөөд л гэрийнхээ гадуур, дотуур цагаан бүрээсээ сольдог учраас түүний урласан цагаан бүрээсүүд борлогдохгүйн зовлон үгүй. Ийм амжилтад хүрэхийн тулд монгол гэрийн давуун эдлэлийн зах зээлийг алдахгүйн төлөө тэрбээр 31 жил тасралтгүй хөдөлмөрлөсөн. Гэхдээ үнэнчээр. Үйлдвэрлэлийн аль ч шат дамжлагад алдаа гарах ёсгүй гэж тэр үздэг. Түүний баримталж ирсэн зарчим бол чанартай бүс даавуугаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх, худалдан авагчаа солихгүй байх явдал. Нэг удаагийн ашиг бодох бус зөвхөн өөрийг нь зорьж ирэх худалдан авагчаа дээдлэх учиртай хэмээн мань хүн үздэг байна. Тэр утгаараа байнгын үйлчлүүлэгчийн захиалгыг цаг хугацаанд нь гаргаж өгөхийг хичээхийн сацуу худалдаж авсан бүрээс нь очоод барихад язайхгүй, дутахгүй байх ёстой гэдэг дээр анхаарч ажилладаг байна. Үр дүнд нь малчид итгэлээ өгч, Эрдэнэцэцэг буюу Цэцгээ оёдолчны сэтгэлээ шингээж оёсон гэрийн даавуун эдлэлийг сонгож тэр хэрээр эрэлт ч их болжээ. Үүнээс гадна бараа бүтээгдэхүүнийхээ чанарт онцгой анхаарч анхны дамжлаг болох хамгийн чанартай даавууг сонгож, үйлдвэрлээ явуулна. Бас итгэлийн асуудал. Энэ талаараа тэрбээр “Манайх түншүүдтэйгээ 2004 оноос хамтран ажиллаж, бие биеийнхээ итгэлийг алдахгүй явсаар өнөөдөртэй золгосон. Аливаа үйл хэрэг итгэлцэл дээр тогтдог бөгөөд хэн хэнийхээ итгэлийг алдахгүй байх аваас хамтын ажиллагаа улам л бэхжин хөгждөг жамтай” хэмээн өгүүлсэн.
М.Эрдэнэцэцэг олонтой нэгэн.
Оёдолчдынхоо ахуй амьдралыг өөд татаж, хамтдаа хөгжих нь түүний зорилго. Зорилгодоо хүрэхийн тулд тэднийгээ ажлаар хангах явдал. Азаар бидэнд ажилгүй өнжих өдөр гэж үгүй. Өөрөөр хэлбэл, захиалга тасардаггүй гэсэн үг. Гэхдээ тэдний ажил улирлын чанартай гэдгийг хэлэх нь зөв байх. Шинэ гэрийн найр наадам, хуримын сар дуусмагц автомашины дулаан хучилга, гэрийн хаалганы дулаалга руугаа орно. Тэгээд арванхоёрдугаар сарын сүүлчээс хойш үндсэн бүтээгдэхүүнээ оёж эхэлдэг байна. Нөөц гэж ч ойлгож болох юм билээ. Нөгөөтэйгүүр, түүнийг тойрон найман “цэцэг” эргэлдэж буй. Түүний ”торгон” цэрэг П.Алтанцэцэг гэхэд л Дэлгэрэх цехэд 18 жил ажиллаж байгаа бөгөөд үйлдвэрийнхээ бүхий л үйл ажиллагааг хариуцна. И.Санчирын тухайд 16 дахь жилдээ ажиллаж байгаа. Оёдол хийхээс гадна оёдлын машины бүхий л засвар үйлчилгээг хариуцдаг алтан гартай бүсгүй. Тэрбээр дулаалга, давхарга, берзинт гээд бүсгүй хүн оёход хэцүү байж мэдэх оёдлыг ч өлхөн хийдэг. Цехэд шинэ хүн орж ирэхэд оёдлын бүх шат дамжлагыг зааж сургах үүрэг түүнийх. О.Лхамсүрэн хамт олныхоо эд эс нь болоод 12 жил болжээ. Алиа хошин, нийтэч зантай хэмээн танилцуулсан. И.Оюунтүлхүүр арав дахь намартайгаа золгож байгаа. Залуучууд дотроо хамгийн хурдан шалмаг, дайчин бүсгүй гэж ирээд л дарга нь магтаж байна лээ. С.Мөнхзул бүсгүйн хувьд үйлдвэрлэл хариуцдаг П.Алтанцэцэгийн охин нь. Уг нь тэрбээр тогооч мэргэжилтэй. Дээр дурдсан цехэд өсч торнисон хоёр охины нэг нь. Цехийн хамгийн залуу ажилтан бол Т.Төмөрбаатар. Ажилд ороод хоёр жил болж байгаа ч аливаа зүйлийг маш хурдан сурдаг, хичээнгүй залуу гэсэн шүү. Бидэнтэй уулзаж амжаагүй ч заавал онцолж хэлэх оёдолчин бол н.Содцэцэг. Тэрбээр зөвхөн гэрийн торгон хөшгийг дагнаж урладаг. Тэд хамтрагчид болоод арав гаруй жил болжээ.
Дашрамд өгүүлэхэд, оёдлын салбарт голдуу эмэгтэйчүүд ажилладаг. Тэд хоногийн талыг ажил дээрээ өнгөрүүлэх нь бий. М.Эрдэнэцэцэг ажил олгогчийн хувьд оёдолчдынхоо ахуй амьдралыг гарын таван хуруу шигээ мэднэ. Тиймээс охиддоо боломжийнхоо хэрээр туслахыг хичээн зээл өгөх, тусламж үзүүлэх зэргээр ахуй амьдралд нь дэм болсоор ирсний үр дүнд эхнээсээ өөрийн гэсэн хашаа, байшинтай болцгоожээ. Энэ бол хувь хүний сэтгэл мэдэх асуудал. Дэлгэрэх цехийнхэн ядарч зүдэрч яваа нэгэнд сайхан сэтгэлийн гараа байсхийгээд сунгадаг талаар БЗД-ийн нийгмийн ажилтан онцолсныг уншигчдадаа дуулгахад таатай байна. Өнгөрсөн жилүүдэд жил дараалан болсон үер ус, зуд турханд өртсөн хэд хэдэн айлд Дэлгэрэх цехийнхэн иж бүрэн гэр, гэрийн бүрээс хэрэгсэл болон эд материалын тусламж үзүүлж ирснийг мэдэх хүн олон.
-
Улс төр20 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм22 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент22 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм22 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Энтертайнмент21 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Дэлхий дахинд21 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
-
Нийгэм22 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм22 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна