Бусад
ОРНЫ ХҮН
Чандага өмнөх ажлаа түр хойш тавиад өрөөний цонхоор хөх тэнгэрт нүүх хөвсгөр цагаан үүлийг ажин зогсов. Салхинаа туугдах бөөн үүл эхлээд толгой хэсгээсээ задарч аажимдаа сунасаар сунайн харайх нохойн дүрс болон өөрчлөгдөхийг хараад гайхан алмайрчээ. Тэр бурханд итгэж сүжрээд байдаггүй ч бас үгүйсгэж гөжүүдэлдэггүй нэгэн. Энэ удаа үүл нүдэн дээр нь илбийн юм шиг нохой болж хувирахыг үзээд ямар нэг дохио гэж бодмогц зүрхээ бөмбөр дэлдэх мэт цохилох, сэтгэлээ ятгын утас шиг долгисохыг мэдэрчээ. Удалгүй үүл тэнгэрээр зулан сиймийж халуун илчээрээ хайр найргүй төөнөх нарны өмнүүр орон халхлав.
Ажлын тээр гээд дууг нь хаасан гар утас ширээний нүдэнд үл мэдэг чичрэн торжигноход шургуулга татан өнгийвөл дэд сайд залгаж байлаа.
-Сайн байна уу, сайд аа?
-Сайн. Чи хө, орой завтай юу? Ярих чухал хэрэг байна?
-Завтай байлгүй яах вэ, сайд аа.
-Тэгвэл хоёулаа нам гүмхэн газар сууж ганц хоёр юм уунгаа ажил яриадахъя.
-Ойлголоо, сайд аа.
-Хаана уулзахаа тэгж байгаад хэлье
-Мэдлээ, сайд аа.
Товчхон өрнөсөн ярианы дараа Чандагын сэтгэл шаналж өрөөн дундуур нааш цааш холхиж гарав. Яамны давчуу хонгилд дэд сайдтай өдөр бүр тааралдахдаа Чандага толгой бөхийн мэндлээд өнгөрдөг билээ. Хааяа нэг хурал, зөвлөгөөн дээр тоотой хэдэн удаа албархуу үг сольж, ихэнхдээ ярихыг нь чагнадаг байснаас бус илэн далангуй хөөрөлдөж явсан удаагүй. Сайдтай хүмүүсийн нүднээс далд нам гүм газар сэм уулзана гэхээс айдас ч төрөх шиг, бас бахархмаар ч юм шиг сэтгэл нь тогтож өгөхгүй байлаа. Болзсон цаг дөхөх тусам түүнийг сандарч, мэгдэх бүр ч ихээр зовоож, агаар дахь хүчилтөрөгч дуусчихсан мэт санагдаад амьсгал нь давхцахад биеэ хянах гэхдээ сандал налаад нүдээ анин суув. Толгойд элдэв бодол эргэлдэнэ. Сүүлийн үед дэд сайдыг мөнгө шамшигдуулсан гэх хэрэгт орооцолдсон тухай яриа чих дэлсэх болсон билээ. Архи ууж ажил ярина гэдэг ноцтой явдал мөнөөс мөн. Арай, дэд сайдын суудлаа өгөх гэж байгаа юм болов уу гэж ихэд горьдоод надад ямар татаас байх биш, мөрөөдөөд яахав гэж бас эргэж гунив. Тэр болзсон газраа, товлосон цагтаа очих хүртэл ихэд шаналжээ.
Уушийн газрын тусгай өрөөнд сайд тухлан суужээ. Чандагыг гэмшингүй царайлсаар нахилзан орж ирэхэд тэр товчлуур дарж зөөгчийг дуудаад:
-Нэг шил Jack Daniels захиалъя. Мөстэй хамт хоёр кола өгчихөөрэй гэв.
Биеэ барьж, мэгдсэн Чандага дэмий л цэс эргүүлж сууснаа уух гэж байгаа вискигээ сарын цалинтай нь дүйх үнэтэйг харчихаад цочлоо. Сайдыг ийм үнэтэй эдээр дайлж байгаа явдал жигтэй санагдахад бие нь эвгүйцлээ. Сандрал нь одоо айдсаар солигдчихов.
Тэрээр чичирсэн гараар хундагатай вискиг аван сайдтай тулгаад нүдээ аньж байгаад таттал галан зам гол даган урсаж ходоод нь халуу шатахад тавин мянган төгрөг залгичихсан юм чинь аргагүй биз гэж бодогдов. Нүүрний хувиралгүй суух сайд гурван хундага татсаны дараа хацар нь үл мэдэг туяараад ирэв. Дахиад тэд гурав татахад адилхан халамцжээ.
-Амьдрахад хэцүү байгаа биз? гэж сайд гэнэт дуугарав.
-Тийм.
-Амьдрахгүй гээд ч яах билээ.
-Тийм шүү.
-Зовж зовж үхнэ гэхээр бүр ч муухай.
-Тийм.
-Энэ амьдрал шүү дээ.
-Тийм.
-Чи яагаад дандаа тийм гэж хариулаад байгаа юм бэ? гээд сайд согтуу нүдээр түүн рүү сөлийн харав. Харц нь гөлийжээ.
-Тийм л юм чинь өөр юу гэх билээ?
-Яагаад зовох ёстой гэж?
Чандага хариулах гэсэн боловч үг олдсонгүй. Хоёр үг эвлүүлээд хэлчихье гэж чармайсан ч үнэхээр үг орж ирэхгүй байлаа. Дэмий мөр хавчив.
-Чи жаргах эрхтэй хүн. Дэлхийн бүх хүн жаргах эрхтэй гэж сайд гүвтнээд:
-Тэгээд яагаад бид зовоод байгаа юм бэ? гэж уурсан хашгирав.
Бондгосхийн цочсон Чандага яагаад сайдын амьдрал зовлонтой байгаа юм бол гэж эргэцүүллээ. Хэдэн төгрөгийн цалин авдаг нь ч бүү мэд сайд түүний сарын цалингаар виски захиалаад ууж сууна. Дарга юм чинь баян гэсэн бодол түүний толгойд яагаад ч юм, хэзээ ч юм бат шингэжээ. Тэгснээ адилхан хүн юм чинь зоволгүй ч яахав дээ гэж сайдаа дотроо өрөвдөв. Гэхдээ л түүний сарын цалингаар нэг үдэш, ганц шил вискиг яг л тавагтай хоол шиг тоолгүй захиалаад шимтэн суугаад шар нь гозгоновч, сайд болох заяагүйдээ гомдов. Өөрийгөө шил вискиний үнэтэй цалин авдаг гэж бодохоор уурч хүрэх шиг.
-Сайд аа, та жаргаж байгаа юу? гэж асуумаар санагдахад тэсэлгүй хэлж орхив.
-Тийм ээ би жаргаж байгаа гэж хариулах сайдын дуунд үл мэдэгдэм гуниг нуугдаж буйг Чандага анзаарчээ.
-Мөнгөгүй хүн зовж, мөнгөтэй хүн жаргадаг юм. Харамсалтай ч гэсэн энэ хорвоогийн үнэн хэмээн сайд нэмж өгүүлэв.
Чандагад эгдүүцэх сэтгэл төржээ. Мөнгийг тэргүүндээ залах яав ч сайн зүйл биш гэдгийг мэдрэмж нь хэлээд байв.
-Хэчнээн мөнгөтэй байлаа гээд үр хүүхэдгүй зовж байгаа хүмүүс зөндөө л байна.
-Ха ха ха. Тийм хүмүүс одоо цагт саяд нэг тохиолдоно. Мөнгөгүй хүмүүсийн өөрийгөө хуурч, тайвшруулж байгаа царай нь. Чи сонсож бай гээд вискигээ залгиад:
-Чи мөнгөгүй бол турж үхнэ. Яг адил хувь тавилан хүүхдүүдэд чинь ч тохиолдоно. Чамайг маргааш ажлаас халчихвал чи яах юм? гэв.
Чандагын дотор сэрүү татаад явчихав. Арай ч тэгэх гэж дуудаагүй байлгүй гэж айлаа.
-Чи хэдэн хүүхэдтэй вэ?
-Гурав. Том хоёр нь ихэр. Энэ жил Их сургуульд элсэнэ. Бага нь бас дунд сургуульд орно.
Хүүхдүүдээ бодоод Чандагын сэтгэл сэргэв.
-Хоёр хүүхдийн оюутны төлбөр гэж лав зургаан сая төгрөг. Хүүхэд сургуульд орно, өчнөөн зардал. Мөнгөгүй бол яана.
Саяхан хөөрсөн сэтгэл нь эргээд унтарчихав.
-Зовлон ямар дуусах биш. Хойтон жил, тэрний дараа жил гээд мөнгө хэзээд хэрэг болно гэж сайд дультраатав.
-Хүүхдүүд гараас гарахад насны эцэст жаргана гэж бодож байна уу? Үгүй байдаг юм. Романтик нас чинь тэр үед аль хэдийн зовлон дундуур туучаад дуусчихсан байна гээд сайд гар сунган түүний төмсөгийг базав. Ингэнэ чинээ санаагүй Чандага давхийн цочлоо. Төмсөг нь чинэрэн өвдөж, биеэ учиргүй арзайхыг мэдрэв.
-Олдог мөнгө чинь амьдрал ахуйд хүрээд сэтгэл тайван байх л жаргал. Тийм биз?
-Тийм.
Сайд вискинээс хундагалаад хошуу дэвсэн “Май” гэж аядуу сайхан, өгөөмрөөр хэлээд Чандагад өглөө. Өөр рүү нь ширтэх сайдын өрөвдсөн харцны наагуур нулимс цийлэгнэхийг харсан Чандагын сэтгэл тэрхэн хоромд гэгэлзэж уйлмаар ч юм шиг болоод ирэв.
-Чи ойлгож байна уу? Би таван хүний амьдралыг бусниулах гээд байна. Одоо яах вэ? Би яах юм? гээд сайд толгойгоо тэвэрлээ. Тэгээд огцом өндийхөд түрүүний зөөлөн царай оргүй арилж оронд нь догшин нүд гялалзаж, хацар нь татваганаж байлаа.
-Засгийн газраас цомхотгол хийх тушаал ирсэн.
Чандагын нүд харанхуйлж, цээжин дээр нь зуун килограммын туухай тавьчихсан юм шиг амьсгаа давчдав. Үдэж гаргах гэж үнэтэй вискигээр дайлж. Миний сандал сая төгрөгийн үнэтэй юм биз дээ гэж харууслаа.
-Чамайг халах уу, яах уу? Чи шийд гэж сайд дахиад нөгөөх өгөөмөр зангаар дуугарав.
-Би гурван хүүхэдтэй. Хөлсний байранд толгой хоргоддог. Ажилгүй болвол амьдрал минь дууссанаас ялгаагүй.
Тэр нулимстай нүдээр сайд руу харж сууснаа гэнэт ухасхийн түүний гарыг чангаар атгав.
-Миний амьдрал таны гарт байна гэж Чандага өрөвдөлтэй дуугараад шилтэй вискиг шүүрэн авч хундагалан сайдад барьлаа. Тэд тулган уув. Сэтгэлд нь найдварын оч амь бөхтэй сэрвэлзээд ирэв.
-Би чамд өөртөө юм шиг итгэдэг.
-Баярлалаа, сайд аа. Би таны итгэлийг алдаж байгаагүй шүү дээ.
-Гэхдээ дээрээс хал гээд тулгавал би юу ч хийж чадахгүй шүү.
Адар нурах шиг санагдаж, эхнэр, хүүхдүүдийнх нь царай түүний нүдний өмнүүр жирэлзээд өнгөрөв. Ингэх гээд байж. Чандага вискинээс өөртөө хундагалан татлаа. Хоолой дээр нь нясуун юм тээглээд цээжний гүнээс гомдол төрж, багтарсан сэтгэлээ онгойтол хашгирмаар санагджээ.
-Тэглээ гээд амьдрал дуусчих биш. Яаж ийгээд амьдарна шүү, Чандага аа.
-Тийм ээ.
Тэр дуулдах төдий дорой өгүүлэв.
-Чам шиг мэдлэгтэй, чадвартай хүнд ажил амархан олдоно.
-Тийм байх аа.
-Танай газрын дарга Баярааг ч бас цомхотгож байгаа? Тэр хүнийг чи хэр мэдэх вэ?
-Таван жил хамт ажилласны хувьд гайгүй гадарлана.
-Хүний хувьд хэр итгэл даах хүн бол?
-Лав муу хүн биш.
Адилхан цомхтголд орж байгаа учир түүнийг муулж төвдсөнгүй.
-Чи тайван байх хэрэгтэй. Чамайг би аль болохоор авч үлдэхийг хичээнэ. Бүр аргагүйдвал өөр яам руу шилжүүлье. Харин шинэ ажил дээрээ очтол жил орчим хүлээж магадгүй шүү. Тэнд ч бас хэн нэгнийг халах хэрэгтэй болно.
-Баярлалаа, сайд аа.
Сайд вискиний хоосорсон лонхыг сэгсрээд товчлуур дарж зөөгчийг дуудлаа. Зөөгч ирэхэд дахин виски, мөс, ундаа захиалав.
Зөөгчийг захиалга авчиртал сайд, Чандага хоёр юу ч дуугаралгүй сэтгэлдээ өөр өөрийнхөө асуудлыг эргэцүүлэн бодож суулаа. Виски ирмэгц сайд, Чандага хоёр ээлжлэн хундагалж, тулган уусаар талыг нь цааш харуулчихав. Чандагад тас үсэртлээ уумаар санагдаад, улам шунамхайрч хундагалах гэхэд сайд:
-Одоо түр, завсарлая. Чамтай чухал ажил ярина гэж хэлээ биз дээ? хэмээв.
Ажлаас халагдах яриа чухал биш байсанд Чандага гайхаж уусан архи нь гараад эрүүлжээд ирэх шиг санагджээ.
-Чи намайг ямар асуудалд холбогдсоныг дуулаа биз дээ?
Чандага толгой дохив.
-Арван тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй гэрээнээс болж би ажлаа алдаж, шоронгийн хаалга татах дээрээ тулаад байна. Гэрээ байгуулсан компанийн барьсан байгууламж, гүйцэтгэсэн ажлыг улсын комисс хүлээж авсангүй. Чанаргүй барилгыг нураах шийдвэр өнөөдөр Засгийн газраас гарчээ. Тэр компанитай гэрээ байгуулсан хүнээр хохирлыг төлүүлж, хариуцлага тооцох болчихоод байдаг. Удахгүй шүүх хурал болно.
-Баларсан юм.
-Түүнээс ч долоон дор юм болох нь. Би сайндаа таван жилийн ял авах байх. Хамгийн муухай нь миний насаараа цуглуулж, хуримтлуулсан хөрөнгийг минь хураана. Би юу ч үгүй гуйлгачин болж хоцорно.
Чандага даргыгаа өрөвдөв. Удахгүй зовлон нэгтэй болох юм байна. Гэхдээ тэр торны цаана, өөрөө наранд. Гээд нэг ялгаа байхгүй дээ гэж санаашрав.
-Танай газрын дарга Баяраа надад нэг санал тавьсан юм гэснээ сайд үгээ залгиж Чандага руу итгэж болох уу гэсэн шиг нухацтай харав. Чандагын түнтийсэн улаан царайг нягталж хором ажаад сайд аргагүй байдалд орсноо түүнд ойлгуулах гэсэн мэт санаа алдлаа.
-Баяраа дарга миний өмнөөс бүх хэргийг өөртөө хүлээгээд ял үүрч хариуд нь надаас хоёр өрөө байр, 100 сая төгрөг хүссэн. Түүн шиг хоосон хүнээс ямар эд хөрөнгө хураах вэ дээ. Боломжийн санал шиг надад санагдаад байгаа.
-Тийм байна гэж хэлэхдээ Чандага Баяраа даргын хөл дүүжилдэг Ланд 200, тээр нэг жил очиж хоносон зуслангийн хоёр давхар байшинг түүнийх биш юм байхдаа гэж бодов.
-Таван жилийн ял авсан ч шоронд дээд тал нь хоёр жил хагас суугаад тэнсэнгээр гараад ирнэ. Баяраад итгэж болох уу гэдэг л толгойн өвчин болоод байна. Шаналж гүйцлээ.
Сайд виски хундагалах зуур Чандага өөрийнхөө амьдралыг дахин нэг эргэцүүлэн тунгаалаа. Миний таван жилийн цалин 50 сая төгрөг. Хоёр хүүхдийн дөрвөн жилийн сургалтын төлбөр багадаа 25 сая төгрөг. Дээр нь хоёр өрөө шинэ байр. Хөөгдөж, туугдаж, царай алдахгүй амар юм даа. Согтуу болоод ч тэр үү цээжинд нь гал дүрэлзэж, зориг орох шиг болов. Тэгмэгц:
-Баяраа ч найдваргүй хүн дээ гэж бувтналаа.
-Тээр. Би мэдээд байсан юм аа.
-Ер нь л итгэлтгүй хүн шүү.
-Хн. Одоо яавал дээр вэ? гэж өгүүлээд сайд хулгай нүдээр Чандага руу харлаа.
Өдөр үүл нохой болж хувирсан нь ийм учиртай байж хэмээн Чандага тэнгэрийн дохиог тайлав.
-Би таны өмнөөс хэрэг хүлээчихье. Би бол найдвартай.
-Чи миний орны хүн болъё гэж үү? хэмээн сайд эргэлзэнгүй дуугарав.
-Тийм.
-Чи ч найдвартай хүн л дээ.
-Та харин баталгаатай мөнгө, байраа өгнө биз?
-Тэр тал дээр ямар ч асуудалгүй. Алив нэг тогтоочихьё гэж сайд хөгжилтэйгөөр хэлээд виски хундагаллаа.
Хөөрч, тас үсэрсэн Чандагыг даргын жолооч гэрт нь хүргэж өгчээ. Өглөө сэрээд сайдын ярьсныг эргэж нэг саналаа. “Орны хүн” гэж шивнээд өндийн сууж үйл мэтгэх эхнэр өөдөө бодлогошрон харав. Эхнэр нь тонгойсон чигтээ:
-Ажилдаа явдаггүй юм уу? гэв.
-Манай газрыг татан буулгасан. Би ажилгүй болсон.
Амьдралыг нь сүйрүүлж мэдэх муу мэдээг ер бусын тайвнаар өгүүлэх нөхөр өөдөө эхнэр балмагдан хараад сандрахдаа долоовор хурууныхаа өндгийг зүүнд хатгуулчихав. Хуруугаа амандаа хийн цусыг нь сорж байхдаа ч мэлрэн харсаар байлаа.
-Ажилгүй болсон ч их мөнгө олох арга байна.
-Ямар? хэмээн эхнэрээ түгшин асуухад Чандага сайдтай ярьсан тохироогоо хэлвэл огт халгаасангүй. Тулгараад буй нөхцөл байдлаа хэдэнтэй тайлбарлаж, хоёр өрөө байр, 100 сая төгрөгтэй болох үүнээс өөр хялбар арга үгүй гэж ятгаж, загнасны эцэст:
-Бие чинь дийлэх юм уу? гэж эхнэр нь зовнин дуугарлаа.
-Амарч байгаад л гараад ирнэ дээ. Санаа зоволтгүй.
Сайдын орны хүн болж ял үүрээд шоронгийн хаалгаар орж явахдаа Чандага “Намайг эзгүй үед эхнэр маань ч бас орны хүн олох байх даа” гэж гашуунаар боджээ.
Жогноогийн Бямбасайхан 2018 он
Бусад
Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана
Өнгөрсөн наймдугаар сард Боловсролын сайд П.Наранбаяр Монголын хувийн их дээд сургуулиудын холбооны төлөөлөлтэй уулзах үеэр ярилцсаны дагуу нэгдсэн байдлаар бүх хувийн их, дээд сургуулийн удирдлагуудтай уулзлаа.
Хувийн их, дээд сургуулийн удирдлагууд тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэн нэгтгэж, төрийн дээд боловсролын салбар дахь оролцоо дэмжлэг болон эрх зүйн орчин, элсэлтийн босго, дээд боловсролын байгууллагуудын эрэмбэ, багшийн хөгжил болон нийгмийн баталгаа гэсэн чиглэлүүдээр санал хүсэлтээ илэрхийлэв. Тухайлбал, их, дээд сургуулийн онцлогийг харгалзаж үнэлэх замаар эрэмбэ тогтоох, төрийн зүгээс өмчийн хэлбэрийг ялгахгүйгээр адил тэгш бодлого хэрэгжүүлэх, салбарт хэрэгжиж буй хуулиудад өөрчлөлт оруулах шаардлагатай гэлээ.
Боловсролын сайд П.Наранбаяр их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллахаа онцолж, дээд боловсролын байгууллагуудын онцлог, чиглэлийг харгалзан ангилах байдлаар хөндлөнгийн байгууллагаар эрэмбэ тогтоолгох, элсэлтийн босгыг үе шаттайгаар өсгөн элсэгчдийг чанаржуулах бодлого баримтална хэмээв. Мөн бүх санал хүсэлтэд хариу өгч, нэгтгэж эрэмбэлэн үе шаттайгаар шийдвэрлэхээ хэллээ гэж Боловсролын яамнаас мэдээллээ.
Бусад
ТББХ: Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэв
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 05-ны хуралдаанаар Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 01 дүгээр тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийн танилцуулгыг сонслоо.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.5 дахь хэсэгт “Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах нарийвчилсан журмыг Улсын Их Хурлын тогтоолоор батална.” гэж заасныг үндэслэн уг тогтоолын төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор УИХ-ын гишүүн О.Номинчимэгээр ахлуулан, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, П.Сайнзориг, Х.Тэмүүжин нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан юм.
УИХ-ын гишүүн О.Номинчимэг ажлын хэсгийн дүгнэлтийг танилцуулав.
Тэрбээр, Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголыг Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Нийтийн сонсголын тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын 2017 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Нийтийн сонсгол зохион байгуулах журам”-д заасны дагуу зохион байгуулж ирсэн.
Монгол Улсын Их Хурлаас 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-д Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах зарим харилцааг нарийвчлан зохицуулж хуульчилсан байна.
Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн Арван тавдугаар бүлэг бүхэлдээ Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах дараах харилцааг нарийвчлан зохицуулсан байна. Үүнд:
- 119 дүгээр зүйлд Улсын Их Хурлын хяналтын сонсгол явуулах талаар хүсэлт гаргах, хүсэлтийг шийдвэрлэх талаар;
- 120 дугаар зүйлд сонсгол зохион байгуулах харьяаллын талаар;
- 121 дүгээр зүйлд сонсголын бэлтгэл ажлыг хангах талаар;
- 123, 124 дүгээр зүйлд сонсголд оролцогч, түүний эрх, үүрэг;
- 125 дугаар зүйлд сонсгол даргалагчийн эрх, үүрэг;
- 126, 127 дугаар зүйлд сонсголыг танхимаар болон цахимаар явуулах журам;
- 128 дугаар зүйлд сонсголын тайлан, тэмдэглэл боловсруулж, олон нийтэд түгээх талаар;
- 129-133 дугаар зүйлд Нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулах журам.
Өөрөөр хэлбэл, Улсын Их Хурлын хяналтын сонсголыг дээр дурдсан хуулийн зохицуулалтын хүрээнд зохион байгуулах боломжтой байх бөгөөд нарийвчилсан журам батлан гаргах тохиолдолд хуулийн зохицуулалтыг давхардуулан журамд тусгах нөхцөл үүсэж байх тул тус журмын төслийг боловсруулах шаардлагагүй гэж ажлын хэсэг дүгнэлээ гэлээ.
Түүнчлэн тэрбээр 2024-2028 оны парламентын бүрэн эрхийн хугацаанд холбогдох журмын тоог цөөлж, хуулиар зохицуулах шаардлагатай зохицуулалтыг журмаар биш хуульд тусгаж байх стратегийг баримталж байгааг дурдаад, цаашид хууль хэрэглээний хувьд ойлгомжтой болгох үүднээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тохиолдолд хяналтын сонсголын зохион байгуулалттай холбоотой зарим шаардлагатай зохицуулалтыг нэмж тусгах саналтай байна хэмээсэн. Тухайлбал, тус хуулийн 121 дүгээр зүйлийн 121.6-д заасны дагуу шинжээчийг томилохдоо ажлын хэсгийн саналыг үндэслэн Байнгын хороо тогтоол гаргахаар зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл, ажлын хэсэг байгуулагдаагүй бол шинжээч томилох хүсэлт гаргах субьект хэн байх талаарх зохицуулалтыг тодорхой болгох шаардлагатай. Түүнчлэн сонсгол явуулах бүтэц нь Байнгын хороо, дэд хороо байх олон улсын жишигт нийцүүлэх нь цаашид Байнгын хорооны үйл ажиллагааг илүү мэргэшсэн, уялдаа холбоотой байх ач холбогдолтой тул холбогдох өөрчлөлтийг хийх хэрэгтэй. Мөн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэг, 126 дугаар зүйлийн 126.5 дахь хэсгийг тус тус хүчингүй болгох саналтай байгаагаа танилцуулсан юм.
Ажлын хэсгийн дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй.
Мөн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэв.
УИХ дахь МАН-ын бүлгээс тус дэд хорооны бүрэлдэхүүнээс УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг чөлөөлж, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очирыг бүрэлдэхүүнд оруулах саналыг ирүүлсний дагуу Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулжээ.
Хэлэлцэж өуй асуудалтай холбогдуулан асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг хэлэлцэн батлахыг дэмжин, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Дараа нь “Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Тогтоолын төслийн талаар Байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ танилцуулсан. Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалт нь төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус гэсэн төрөлтэй байх бөгөөд мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсэгт заасны дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо Улсын Их Хурлын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаврыг холбогдох шийдвэрийн төслийн хамт нэгдсэн хуралдаанд оруулж, шийдвэрлүүлэх ёстой хэмээв.
Мөн тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасны дагуу Байнгын, дэд хорооноос хийх төлөвлөгөөт хяналт шалгалтыг Улсын Их Хурлын төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаварт тусган хэрэгжүүлэхээр заасныг тодотгоод, хяналт шалгалтын талаар Байнгын хороодоос холбогдох саналыг авахад Аж үйлдвэржилтийн бодлогын, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос тусгайлан санал ирүүлээгүй гэлээ.
Байнгын хороодоос ирүүлсэн санал болон хяналт шалгалтын бусад асуудлын хүрээнд УИХ-ын 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд зохион байгуулах нэр дэвшигчдийн хяналтын сонсголыг УИХ-ын төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаварт тусган боловсруулсан хэмээн танилцуулсан юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэг, иргэдээс ирж байгаа хүсэлт, өргөдлийн дагуу хууль зүйн бодлоготой холбоотой, ялангуяа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль тогтоомжийн биелэлттэй холбоотой асуудлыг хяналт шалгалтын цаглаварт оруулах асуудлыг хөндөн байр сууриа илэрхийлсэн.
Эцэст нь тогтоолын төслийг хэлэлцэн батлах асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин чуулганы нэгдсэн хуралдаанд Байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Бусад
Дэлгэрэх цехийн М.Эрдэнэцэцэг
“Манайх эсгий бүрээсээс бусдыг үйлдвэрлэдэг, гадуур дотуур цагаан бүрээс, давхарга, берзинт, өрх гээд л. Миний хувьд 1993 оноос өрхийн үйлдвэрлэл эрхэлж, ээжтэйгээ хамт цагаан бүрээс оёж эхэлсэн. Түүнээс хойш 31 жил өнгөрсөн байна. Манайхыг аж ахуйн нэгж гэж ойлгов оо, оёдлын цех шүү. Ажлын байрны хүчин чадлын тухайд 16 хүн ажиллах боломжтой ч өнөөдрийн байлаар найман оёдолчин ажиллаж буй ” хэмээн үйл ажиллагаагаа танилцуулсан бүсгүй бол БЗД-ийн иргэн, Дэлгэрэх цехийн эзэн М.Эрдэнэцэцэг. Гав шав хийсэн гялалзуур эмэгтэй шүү гэх тодотголд яг таарах хүн гээд хэлчихвэл буруудахгүй л болов уу. Түүний ажил агуулахаас бүс бараагаа ангилж татахаас эхэлж, эсгүүр хийх, оёдол, ангилах, бэлэн болсон бүтээгдэхүүнээ Нарантуул руу хүргэх, орон нутаг дахь борлуулагчид руугаа ачуулах гэхчилэн амсхийх завгүй гүйсээр үдшийн бүрийтэй золгоно. Ажлынхаа завсраар өндөр настай ижий, хүү хоёроо халамжлах учиртай. Бас ажлын хамт олон гэж бодлын үзүүрт өнжих найман бүсгүй, хоёр эр бий. Хүний л амьдрал болохоор жаргал зовлон ээлжилнэ. Ямар ч үед дэргэд нь байж, зүдрэх үед нь энгэртээ наах нь миний үүрэг гэж ойлгох түүнд хамт олон нь хачин сайн юм билээ. Нэгэн цагт ээжүүдээ дагаж, цехийнх нь умгар өрөөнд эрхэлж наадаж өссөн охид амьдралд хөл тавьж, эдүгээ оёдолчин болцгоон хоёр ээжтэйгээ мөр зэрэгцэн ажиллаж байгаа гээд бодохоор Дарь-Эхийн овооны энгэр бэлд бууриа засч төвхнөсөн жижигхэн цехийн түүх эгэлгүй агаад бахархам ажээ.
Ажилсаг ээжийн хичээнгүй охин
М.Эрдэнэцэцэг өөрийнхөө сайн сайхан явааг ээжийнхээ ажилсаг чанартай холбоно. Ё.Нармандах хэмээх гайхамшигт эмэгтэй бол түүний ээж. Цэл залуугаараа ханиасаа хоцорч гурван үрээ хөлийг нь дөрөөнд,гарыг нь ганзаганд хүргэсэн ижийгээрээ охин нь өнөөдөр гангарч сууна.
Хөнгөн, хүнсний техникум төгссөн залуухан бүсгүй амьдралд хөөр баяртайгаар хөл тавьтал мэргэжил бус юу чаддагаараа амьдарлаа залгуулах тийм цаг үе тосох нь тэр. Тодруулж хэлбэл, БНМАУ зах зээлийн нийгэмд шилжсэн 1990 оны цагаан морин жил. Амьдралын ямар ч үед хөл алдаж үзээгүй ижий нь “Эрдэнэцэцэг ээ, миний охин ижийнхээ оёдлын машинаар хоолоо олж ид. Нагац ахын чинь хүүхдүүд гэрийн бүрээс, цаваг оён Дэнжийн мянгын зах дээр борлуулж байна. Борлуулалт ч гайгүй бололтой. Би тэдэнд тусалж, гэрийн бүрээс, цавгийг яаж эсгэдэг, хэрхэн оёдгийг мэдэж авлаа. Одоо хоёулаа үзээд алдая. Монгол хүн байгаа цагт монгол гэр байж л таарна” хэмээн цуу ямбуу даавуу дэлгэн анхны эсгүүрээ хийсэн тэр өдрөөс хойш бага таван ханатын баруун талаас оёдлын машины дуу тасраагүй гэж хэлж болно. Ингэж л тэрбээр өөрийн гэх орлоготой энэ цагийн хэллэгээр бизнесийнхээ гарааг эхлүүлсэн түүхтэй.
Оёдлын цех байгуулагдаад 31 жил болжээ. Хүний амьдралын бүхэл бүтэн үе ч гэж хэлж болохоор. Өсч дэвжсэн түүх нь энгийн юм шиг атлаа шантарч, уйлж дуулж явсан өдрүүд М.Эрдэнэцэцэгт бий. “Одоо л хөл дээрээ босох нь. Банкнаас авсан зээлээ түүртэлгүйгээр дарж чадах цаг айсуй” хэмээн бүтэн нойртой хонож эхэлтэл гал усны гашуун зовлонгийн өмнө өвдөг сөгдөх нь тэр. Амсхийх гэдгийг умартан зүтгэж байж бий болгосон бүхнийг нь дүрэлзсэн гал хамж аваад үнс болгож орхив. Хүний амь эрсдээгүйд нь магнайгаа хагартал баярлавч ёрдойж харлаад үлдсэн төмрийн хог, утаа савсуулан уугих бууриас өөр юу ч үгүй хоцорсондоо харамсан, харамсан уйлж зогссон тэр хүнд үеийг туулаад л гарсан. Ажлын байрны тав тухтай орчныг бүрдүүлэхийн төлөө хичээн 2019 онд үйлдвэрийн хоёр давхар шинэ байраа ашиглалтад оруулав. Эдүгээ агуулах, савтай ч болсон байна. Бараа материалаа ч жилийн дөрвөн цагийн эргэлтийг даахуйцаар нөөцлөх эдийн засгийн боломжтой болсон гээд багагүй амжилтад хүрсний нууц нь маш энгийн. Эрхэлсэн ажилдаа сэтгэлээ өгч, хичээх явдал. Түүнчлэн хэлсэн үгэндээ хүрч, үнэнч байдлыг эрхэмлэдэг чанар аж.
Хөндлөнгөөс харахад, сувд мэт шаргалтан цайрах цуу ямбуу даавуу нэгэн хэмээр нүргэлэх оёдлын машины дуу, үйлчин бүсгүйн хурдан шаламгай хөдөлгөөнтэй өнгө хослохуй дор монгол гэрийн гоёл болох гадуур, дотуур цагаан бүрээс, цаваг, өрх болж хувирна. “ Үнэтэй торгон хөшиг хэцээр татаж” хэмээх шүлэг зөвхөн шил толь болсон орд харшийнх бус талын Монголын үнэт өв монгол гэрийн дотуур хөшиг ч хээ хуар, саа бүхий үнэтэй торгоор хийгддэг болсныг энэ цехийн үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүнээс олж харснаа нуух юун.
“Цэцгээ гэдэг оёдолчныг хайж явна”
Худалдан авагчид түүнийг ийн сурагласаар ирэх нь бий. “Байнгын минь хаяг Нарантуул зах” шүү дээ хэмээн цайлганаар инээх оёдолчин бүсгүйг малчид андахгүй болжээ. Жил өнжөөд л гэрийнхээ гадуур, дотуур цагаан бүрээсээ сольдог учраас түүний урласан цагаан бүрээсүүд борлогдохгүйн зовлон үгүй. Ийм амжилтад хүрэхийн тулд монгол гэрийн давуун эдлэлийн зах зээлийг алдахгүйн төлөө тэрбээр 31 жил тасралтгүй хөдөлмөрлөсөн. Гэхдээ үнэнчээр. Үйлдвэрлэлийн аль ч шат дамжлагад алдаа гарах ёсгүй гэж тэр үздэг. Түүний баримталж ирсэн зарчим бол чанартай бүс даавуугаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх, худалдан авагчаа солихгүй байх явдал. Нэг удаагийн ашиг бодох бус зөвхөн өөрийг нь зорьж ирэх худалдан авагчаа дээдлэх учиртай хэмээн мань хүн үздэг байна. Тэр утгаараа байнгын үйлчлүүлэгчийн захиалгыг цаг хугацаанд нь гаргаж өгөхийг хичээхийн сацуу худалдаж авсан бүрээс нь очоод барихад язайхгүй, дутахгүй байх ёстой гэдэг дээр анхаарч ажилладаг байна. Үр дүнд нь малчид итгэлээ өгч, Эрдэнэцэцэг буюу Цэцгээ оёдолчны сэтгэлээ шингээж оёсон гэрийн даавуун эдлэлийг сонгож тэр хэрээр эрэлт ч их болжээ. Үүнээс гадна бараа бүтээгдэхүүнийхээ чанарт онцгой анхаарч анхны дамжлаг болох хамгийн чанартай даавууг сонгож, үйлдвэрлээ явуулна. Бас итгэлийн асуудал. Энэ талаараа тэрбээр “Манайх түншүүдтэйгээ 2004 оноос хамтран ажиллаж, бие биеийнхээ итгэлийг алдахгүй явсаар өнөөдөртэй золгосон. Аливаа үйл хэрэг итгэлцэл дээр тогтдог бөгөөд хэн хэнийхээ итгэлийг алдахгүй байх аваас хамтын ажиллагаа улам л бэхжин хөгждөг жамтай” хэмээн өгүүлсэн.
М.Эрдэнэцэцэг олонтой нэгэн.
Оёдолчдынхоо ахуй амьдралыг өөд татаж, хамтдаа хөгжих нь түүний зорилго. Зорилгодоо хүрэхийн тулд тэднийгээ ажлаар хангах явдал. Азаар бидэнд ажилгүй өнжих өдөр гэж үгүй. Өөрөөр хэлбэл, захиалга тасардаггүй гэсэн үг. Гэхдээ тэдний ажил улирлын чанартай гэдгийг хэлэх нь зөв байх. Шинэ гэрийн найр наадам, хуримын сар дуусмагц автомашины дулаан хучилга, гэрийн хаалганы дулаалга руугаа орно. Тэгээд арванхоёрдугаар сарын сүүлчээс хойш үндсэн бүтээгдэхүүнээ оёж эхэлдэг байна. Нөөц гэж ч ойлгож болох юм билээ. Нөгөөтэйгүүр, түүнийг тойрон найман “цэцэг” эргэлдэж буй. Түүний ”торгон” цэрэг П.Алтанцэцэг гэхэд л Дэлгэрэх цехэд 18 жил ажиллаж байгаа бөгөөд үйлдвэрийнхээ бүхий л үйл ажиллагааг хариуцна. И.Санчирын тухайд 16 дахь жилдээ ажиллаж байгаа. Оёдол хийхээс гадна оёдлын машины бүхий л засвар үйлчилгээг хариуцдаг алтан гартай бүсгүй. Тэрбээр дулаалга, давхарга, берзинт гээд бүсгүй хүн оёход хэцүү байж мэдэх оёдлыг ч өлхөн хийдэг. Цехэд шинэ хүн орж ирэхэд оёдлын бүх шат дамжлагыг зааж сургах үүрэг түүнийх. О.Лхамсүрэн хамт олныхоо эд эс нь болоод 12 жил болжээ. Алиа хошин, нийтэч зантай хэмээн танилцуулсан. И.Оюунтүлхүүр арав дахь намартайгаа золгож байгаа. Залуучууд дотроо хамгийн хурдан шалмаг, дайчин бүсгүй гэж ирээд л дарга нь магтаж байна лээ. С.Мөнхзул бүсгүйн хувьд үйлдвэрлэл хариуцдаг П.Алтанцэцэгийн охин нь. Уг нь тэрбээр тогооч мэргэжилтэй. Дээр дурдсан цехэд өсч торнисон хоёр охины нэг нь. Цехийн хамгийн залуу ажилтан бол Т.Төмөрбаатар. Ажилд ороод хоёр жил болж байгаа ч аливаа зүйлийг маш хурдан сурдаг, хичээнгүй залуу гэсэн шүү. Бидэнтэй уулзаж амжаагүй ч заавал онцолж хэлэх оёдолчин бол н.Содцэцэг. Тэрбээр зөвхөн гэрийн торгон хөшгийг дагнаж урладаг. Тэд хамтрагчид болоод арав гаруй жил болжээ.
Дашрамд өгүүлэхэд, оёдлын салбарт голдуу эмэгтэйчүүд ажилладаг. Тэд хоногийн талыг ажил дээрээ өнгөрүүлэх нь бий. М.Эрдэнэцэцэг ажил олгогчийн хувьд оёдолчдынхоо ахуй амьдралыг гарын таван хуруу шигээ мэднэ. Тиймээс охиддоо боломжийнхоо хэрээр туслахыг хичээн зээл өгөх, тусламж үзүүлэх зэргээр ахуй амьдралд нь дэм болсоор ирсний үр дүнд эхнээсээ өөрийн гэсэн хашаа, байшинтай болцгоожээ. Энэ бол хувь хүний сэтгэл мэдэх асуудал. Дэлгэрэх цехийнхэн ядарч зүдэрч яваа нэгэнд сайхан сэтгэлийн гараа байсхийгээд сунгадаг талаар БЗД-ийн нийгмийн ажилтан онцолсныг уншигчдадаа дуулгахад таатай байна. Өнгөрсөн жилүүдэд жил дараалан болсон үер ус, зуд турханд өртсөн хэд хэдэн айлд Дэлгэрэх цехийнхэн иж бүрэн гэр, гэрийн бүрээс хэрэгсэл болон эд материалын тусламж үзүүлж ирснийг мэдэх хүн олон.
-
Улс төр19 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм21 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент20 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм21 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Энтертайнмент20 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Дэлхий дахинд19 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
-
Нийгэм21 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм21 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна