Улс төр
Ж.Бат-Эрдэнэ: Аймаг, нийслэлийн мандатын тоог өөрчлөх нь тэгш байдлыг хангах зорилготой
УИХ-ын гишүүн Ж.БАТ-ЭРДЭНЭТЭЙ ярилцлаа.
-Тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх шийдвэрийг УИХ-аас гаргасантай холбоотойгоор ОУВС-гийн зүгээс байр сууриа илэрхийлсэн. Үүний дагуу УИХ, Засгийн газарт хандсан зүйл бий юү?
-Миний мэдэж байгаагаар албан ёсоор ямар нэгэн бичиг сэлт ирүүлээгүй. Сангийн яам юм уу Засгийн газарт холбогдох бичгийг өгсөн байхыг үгүйсгэхгүй. УИХ-ын гишүүдэд албан ёсоор ингэлээ, тэглээ гэсэн мэдээлэл ирүүлээгүй байна. Ер нь ОУВС-тай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж эхлэхэд хэд хэдэн гол шаардлагыг анх тавьсан. Үүний нэг нь яалт ч үгүй Монгол Улсын Засгийн газар санхүү, төсвийн сахилга батыг чанд сахиулах явдал. Орлогоо зөв зүйтэй ажилд зарцуулах, төсвийнхөө зарцуулалтад маш нарийн тооцоо судалгаатай хандах ёстойг чухалчилж байсан.
-ОУВС-тай тохирсны дагуу яриа хэлэлцээрээсээ буцаж болохгүй гэж хаана хаанаа ярьж байгаа. Үүний нэг илрэл нь энэ он гарснаар НДШ-ийг хоёр хувиар нэмэгдүүлэх байсныг болиулсан шийдвэр. Тэтгэврийн зээлийг тэглэх асуудпыг дээрхийн адилаар зохицуулах боломж байсан уу. Энэ тухайд эрх баригч намынхан дотооддоо ямар байдлаар ярилцсан бэ?
-ОУВС-тай хамтарсан “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” энэ оны тавдугаар сард дуусгавар болно. Гэсэн хэдий ч оны өмнө ҮАБЗ-өөс тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх шийдэлд хүрсэн. Улмаар Засгийн газраас ч энэ шийдвэрийг хүлээж авахаар тохиролцсон учраас бүлгийн хуралдаанаар нэгдсэн байдлаар авч хэлэлцсэн мэдээж ийм шийдвэр гаргаснаар ОУВС-тай тохирсон хөтөлбөрт нөлөөлөх эсэх, цаашид хөтөлбөрийг хэрхэн үргэлжлүүлэх тухайд бид тал талаас нь ярилцсан Засгийн газрын зүгээс энэ хөтөлбөрийг үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа учраас цаашид ч гэсэн бүрэн анхаарал хандуулан ажиллаж таарна.
-Шийдвэр гарчихсан ч араас нь олон янзын дүгнэлт хөвөрч байна. Тэр дундаа эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэх эсэх тухайд үзэл бодлоо уралдуулах хүн олон байна. Үүний зэрэгцээ “Эдийн засаг өсөлттэй байгаа энэ үед төдийлөн нөлөөлөхгүй” гэх нэгэн ч бий. Энэ тухайд та ямар байр суурь илэрхийлэх вэ?
-Ахмадуудын тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх шийдвэрийг УИХ-аас гаргасантай холбоотойгоор 900-гаад тэрбум төгрөг шаардлагатай болсон. Үүнээс наанадаж 700 орчим тэрбум төгрөгийг ойрын хугацаанд зах зээлд нийлүүлэх, гаргах шаардлагатай болчихоод байна шүү дээ. Тиймээс энэ мөнгийг хэрвээ Засгийн газар өөртөө авбал жил жилийн төсөвт хүндрэл үүсгэх. магадлалтай. Тиймээс эхний ээлжид үүнээс болгоомжлох ёстой. Тэгэхээр үүнийг аж ахуйн нэгжийнх нь хүрээнд зах зээлийнх нь зарчмаар явуулах хэрэгтэй байгаа юм. Өөрөөр хэлбэл, бондоо босгоод түүнээсээ олсон ашгаар төлөөд явах хувилбарт хатуу зогсох хэрэгтэй. Үүнд Монголбанк болон арилжааны банктай хамтарсан бодлогоо чанд баримтлахгүй бол Засгийн газарт ачаалал үүсгэж болохгүй. Энэ жил бид хэд хэдэн бондын зээлийн үндсэн төлбөрийг төлөхөөр байгаа. Ийм үед Засгийн газарт ачаалал үүсгэвэл хүндрэл болох талтай.
-Ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх шийдвэрийг анх Ерөнхийлөгч олон нийтэд дуулгасан. Гэтэл үүнээс өмнө ҮАБЗ-ийн шийдвэр гарчихсан байсан. Нөгөө талаас эрх баригч намын бүлгийн хуралдаанаар өмнө нь ярьж байсан асуудал гэж зарим гишүүн мэдээлсэн. Таны хувьд энэ талаар олон нийтэд зарлахаөс өмнө ямар мэдээлэлтэй байсан бэ?
-Ямар ч мэдээлэлгүй байсан. Та бүхний адилаар телевизээр л анх сонссон. Үүнээс өмнө бүлгийн хуралдаанаар юм уу Засгийн газрын түвшинд ярилцаж байсан эсэхийг мэдэхгүй юм.
-Ирэх сарын 1-нийг гэхэд сонгуулийн тойрог, мандатын тоог тодорхой болгох ёстой. СЕХ-ны зүгээс УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд үүнийг шийднэ гэдгийг хэлсэн. Зарим аймгийн мандатын тоог нэмэх талаар ярьж эхэлсэн. Жишээлбэл, таны сонгогдсон аймгийн мандатын тоог нэмэгдүүлэх зайлшгүй үндэслэл байгаа юм уу?
-Одоохондоо нийслэлээс хасаад, аймгийн мандатын тоог нэмнэ гэдэг асуудлыг оруулж ирээд бид хоорондоо талцаж хуваагдсан зүйл алга. Ер нь Сонгуулийн хуулийн гол зарчмын нэг нь тойрог, мандатыг хуваарилах явдал. Цаашлаад ард иргэдэд тэгш сонголт хийх боломж, бололцоогоор хангах нь чухал байгаа юм.
Энэ утгаараа Булган, Дундговь, Сүхбаатар, Говь-Алтай аймгийн мандатын тоог нэмэх талаар ярьж байна. Энэ нь яалт ч үгүй зарчмын асуудал. Жишээлбэл, Булган аймаг 62 мянган хүн амтай атлаа УИХ-д нэг төлөөлөлтэй. Өмнө нь хоёр байсныг болиулсан шүү дээ. Энэ бүхнээс үзэхэд Булган аймаг зайлшгүй хоёр мандаттай байх учиртай. Ерөөсөө л аймаг, нийслэлийн мандатын тоонд өөрчлөлт оруулах гол үндэслэл нь тэгш байдлыг хангах тухай ойлголт. Энэ бол зүй ёсны хэрэг. Бусдаар бол мандатын тоог айхавтар өөрчлөхгүй болов уу гэж харж байна.
-Зарим аймгийн мандатын тоог нэмснээр иргэдэд ямар давуу тал бий болох вэ. УИХ-д ганц төлөөлөлтэй байх нь ямар сул талтай байдаг юм бэ?
-Энэ тухайд олон зүйлийг хэлж болно. Наад зах нь төсвийн хуваарилалт. Төсвийн менежментийг жигд баримтлах зарчим байхгүй болдог. Нөлөөллийн системээ бодсон ч бүхэл бүтэн аймгийг УИХ-д ганц хүн төлөөлөх, хоёр хүн төлөөлөх асар ялгаатай. Олон төлөөлөлтэй аймагт төсвийн хуваарилалт ганц төлөөлөлтэй аймгаас илүү очих зэрэг асуудал гардаг. Энэ бол хүнээсээ шалтгаалсан фактор үйлчлээд байна гэсэн үг биз дээ. Ямар ч тохиолдолд тооны харьцаа гардаг. Энэ ч утгаараа тухайн орон нутагт хэчнээн хүн ажиллаж, амьдарч байгаагаас хамаараад төрийн төлөөллийг нь тогтоох учиртай юм. Энэ бол зарчим.
-Нийслэлийн мандатын тоог хасах гэж байгаа учраас УИХ-ын гишүүдийн дунд маргаан өрнөсөн, тэр бүү хэл гар зөрүүлсэн гэх мэдээлэл гарсан. Үүнд таны нэр ч багтсан байна билээ. Энэ үнэн юм уу?
-Намайг сайн хар л даа. Зодоон цохион хийсэн шинж байхгүй байгаа биз. Сонгууль дөхөөд ирэхээр янз бүрийн гүжир гүтгэлэг гаргаж ирэх нь ихэсдэг. Үүний нэг илрэл нь гэж ойлгож болно. УИХ-ын гишүүд хоорондоо маргасан зүйл огт байхгүй. Дээр хэлсэнчлэн одоогоор тойрог, мандатыг эцсийн байдлаар тогтоогоод оруулаад ирсэн зүйл алга. Тэгээд ч энэ бол хэн нэгний хүсэл, сонирхлоор бус хуулийн дагуу шийдэх ёстой асуудал. Нэр дурдсан дөрвөн аймгийн мандатын тоог нэмэх нь хууль зүйн талаасаа ч, тэгш ардчиллын зарчмаараа ч зайлшгүй хийх ёстой ажил гэдгийг дахин хэлье. Тиймээс үүнийг гарцаагүй ярьж таарна.
-Таны хэлсэнчлэн тойрог, мандатыг хуваарилахдаа хуулиа баримтлах ёстой. Гэтэл өнгөрсөн хугацаанд АН-ынхан олон суудал авах магадлалаа тооцоод хэд хэдэн аймгийн мандатын тоог цөөлчихсөн. Гэтэл одоо дахиад нэмэх тухай ярьж эхэллээ. Үүний цаана хуулиа баримтлах зарчмыг орхиод байгаа юм биш үү?
-Ерөөсөө Сонгуулийн хуулиа баримтлах, мөрдөх гэдэг нь олон түмний эрх ашигт нийцүүлэх тухай ойлголт юм шүү дээ. Сонгуулиа зөв зүйтэй хийдэг, ард иргэд нь сонголтоо зөв хийдэг байх, тэгш сонголт хийх боломжийг олгохын төлөө л Сонгуулийн хуулиа баталж байгаа юм. Түүнээс хуульдаа элдэв буруу зүйлийг наагаад байж болохгүй.Хамгийн гол нь Монгол Улсын иргэн хүн өөрийн төлөөллийг хууль тогтоох байгууллага буюу УИХ руу оруулах бололцоог хангах гол зарчмаасаа хазайж болохгүй. Өөрөөр хэлбэл, хүн амынхаа нягтаршил, суурьшлыг зайлшгүй харгалзах ёстой. Газар нутгийн байршлаас үл хамаараад тэгш боломжийг л сонгогчдод олгох учиртай юм. Энэ нам нийслэлээс, тэр нь орон нутгаас сонгогддог гэдэг нь үнэхээр өрөөсгөл шүүмжлэл. Хөдөө, хотын иргэдийн бодол санаа, боловсрол зэрэгт ялгамжтай хандаж, хагалан бутаргаж хэрхэвч болохгүй. Үндсэн хуульдаа бид иргэнээ дээдлэх зарчмыг суулгасан улс атлаа ийм зүйл ярих учиргүй юм.
Улс төр
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслолоор эхэллээ. Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.
Дараа нь Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцлоо.
Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол, үндэсний бөхийн барилдаан болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан баярын хурал 2024 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр Төрийн ордны “Их Монгол” танхимд боллоо.
Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэснээр эхэлсэн баярын хурлын эхэнд Улсын Их Хурлын дэд дарга, Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Х.Булгантуяа үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ тусгаар Монгол Улсын бүрэн эрхт байдлыг илэрхийлсэн Үндсэн хуулийн үзэл санааг иргэн бүрд таниулах, сурталчлах, хууль дээдлэх ёсыг олон нийтэд төлөвшүүлэх нь үндэсний бахархал хэмээн үзэж, ажлын хэсэг 100 жилийн ойг “Санан тунхаглах ирээдүй” сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж буйг дурдаад, үүний хүрээнд Эмэгтэй парламентчдын гуравдугаар чуулга уулзалт, “Парламентын хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” чуулга уулзалт, гэрэл зураг, архивын баримтын үзэсгэлэн, “Үндсэн хуульт ёс, өнгөрсөн, одоо, ирээдүй” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал зэрэг олон томоохон арга хэмжээг зохион байгуулж байгааг танилцуулсан юм. Мөн маргааш буюу 2024 оны 11 дүгээр сарын 26-нд 21 аймаг, есөн дүүргээс тусгайлан ирж сургалтад хамрагдан бэлтгэгдсэн багш нар ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн нас насны онцлогт тохирсон Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийн мэдлэг олгох хичээл заах гэж байгааг тэрбээр мэдээлж, ойн хүрээнд төрийн ёслол, хүндэтгэлийн олон арга хэмжээ төлөвлөгдсөнийг тэмдэглээд, аливаа улсын тусгаар тогтнол нь Үндсэн хуулиараа баталгааждаг агаад Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа 100 жилийн тэртээ баталсны ач холбогдол нь тусгаар тогтнолын дайтай үнэ цэнтэй юм гэв.
Баярын хурлыг албан ёсоор нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүллээ. Бүрэн эрхт, тусгаар тогтносон Монгол Улсын нийт ард иргэд, төр, улсыг удирдаж ирсэн төрийн тэргүүн, Ерөнхийлөгч нар, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нар, Ардын Их Хурал болон Улсын Бага Хурлын депутатууд, төрийн түшээдэд хандсан мэндчилгээндээ тэрбээр үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо байлдан олж, улмаар бэхжүүлэн батжуулахын төлөө хичээн зүтгэсэн өвөг дээдсийн бартаат түүх, анхдугаар Үндсэн хуулиа боловсруулан баталж, Бүгд найрамдах улсыг тунхаглан зарласан алдар гавьяаг бахархан дурсаж, Монгол Улсын Үндсэн хуульт ёсны 100 жилийн түүхийн хөгжил бол аливаа эрх мэдэл ард түмнээс эх сурвалжтай байх зарчимд тулгуурлан, төр засгийн эрх мэдлийг Үндсэн хуулиар тогтоож, хүний эрх, эрх чөлөөг хамгаалан баталгаажуулж, эрх зүйт төрийг байгуулахын төлөөх нэгэн зууны нөр их хичээл зүтгэл, эрэл хайгуул, сургамж туршлага, бидний өв соёл, үнэт зүйл болохыг онцлон тэмдэглэв. Түүнчлэн Ерөнхийлөгч эдүгээ хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Ардчилсан Үндсэн хууль бол Монголын ард түмний амьдралд түүхэн шинэ эргэлт болж, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бэхжүүлж, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэх, дэлхий дахинд Монгол Улс оюун санааны эрх чөлөө, энх тайвны бэлгэ тэмдэг болсон улс хэмээн үнэлэгдэн хэлэгдэх үндэс суурийг тавьж өгснийг онцгойлон илтгээд, ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлахад оюун ухаан, зүрх сэтгэлээ дайчлан хүчин зүтгэсэн Ардын Их Хурлын депутатууд болон Улсын Бага Хурлын гишүүд, төр нийгмийн зүтгэлтнүүд, үе үеийн Монгол төрийн түшээдэд гүн талархал илэрхийллээ.
Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурлын үндсэн илтгэлийг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан “Санан тунхаглах ирээдүй” сэдвээр тавилаа. Тэрбээр илтгэлдээ, 1924 онд анхдугаар Үндсэн хуулиа баталсан нь түүхэн онцгой үйл явдал болсон бөгөөд түүний хөрс суурийг хорьдугаар зууны эхэнд өрнөсөн Монголчуудын тусгаар тогтнолоо сэргээхийн төлөөх тэмцэл, хувьсгал тавьсан гэдгийг чухалчлан дурдаж, олон улс дахь улс төр, дайн дажины хурцадмал нөхцөлд Монголчууд жинхэнэ эрх чөлөөнд хүрэх зорилгоо биелүүлж, Бүгд Найрамдах засгаа бүрэн утгаар тунхагласныг бахархан тэмдэглэв. Анхдугаар Үндсэн хуулийн улс төр, эрх зүйн ач холбогдол нь төрийн эрх мэдлийг ард түмэнд шилжүүлж, хүний эрх, эрх чөлөөний асуудлаар зарим дэвшил гарсан хийгээд Бүгд Найрамдах улсыг тунхаглан зарласанд оршиж буйг Улсын Их Хурлын дарга илтгэлдээ тухайлан онцолж, энэ нь дараа дараагийн Үндсэн хуулийн уг сурвалж болж, улам бэхжсээр 1992 оны ардчилсан Үндсэн хуульд тусгалаа олсныг дурдлаа. Мөн тэрбээр, Монгол Улсын Их Хурлын ес дэх удаагийн сонгуулийн дүнд бүрдсэн парламент 2024-2028 онд баримтлах стратеги төлөвлөгөөгөө баталж, “хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулах, олон ургалч үзлийг хангах, үр нөлөөтэй байх, ил тод, нээлттэй, хүртээмжтэй байх, ёс зүйтэй, хариуцлагатай, хариуцан тайлагнадаг байх”-ыг үнэт зүйл болгон тодорхойлсныг танилцуулаад, хууль тогтоох болон хянан шалгах бүх үе шатанд хүн төвтэй үзэл санаанд суурилсан, хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалсан байх агуулга, шаардлагыг нэн тэргүүнд тавьж ажиллахыг илэрхийлэв.
Баярын хуралд оролцсон үе үеийн төр, нийгмийн зүтгэлтнүүдийг төлөөлөн Монгол Улсын Их Хурлын дарга асан Р.Гончигдорж, Д.Лүндээжанцан, Г.Занданшатар нар үг хэлж, Үндсэн хуульт ёсны 100 жилийн түүх, анхдугаар болон түүнээс хойших Үндсэн хуулиудын залгамж чанар, үнэ цэнийг илтгэхийн зэрэгцээ улс орныхоо сайн сайхан ирээдүй, шударга ёс, эрх зүйт ёс, үндсэн хуульт ёсны төлөвшлийн төлөө хамтран зүтгэхийг уриаллаа. Өвөг дээдсийн эхлүүлсэн их үйл хэрэг нь бидний хувьд зөвхөн бахархал бус хойч үедээ энх тайван, шударга ёс, хүний эрх, эв нэгдлийг хамгаалж, өвлүүлэх үүрэг хариуцлага юм хэмээн баярын хурлыг хааж хэлсэн үгэндээ Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж онцолсон юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Эрхэм хүндэт туурга тусгаар Монгол Улсын ард иргэд ээ,
Та бүхэнд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, ард түмэн засаглах, эрх чөлөөтэй амьдрах үндсийг бүрдүүлсэн анхдугаар Үндсэн хууль батлагдсан 100 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.
Одоогоос 100 жилийн өмнө монголын аймаг, хошууд, ардын цэргийн ангиудаас сонгогдсон 77 төлөөлөгч Улсын Анхдугаар Их Хурлаар чуулж анхны Үндсэн хуулиа 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр баталж Бүгд Найрамдах Улсыг тунхагласан түүх бол бидний бахархал мөн.
Монголчууд дэлхий дахинаа Бүгд Найрамдах улсаа тунхаглаж анхдугаар Үндсэн хуулиа баталснаар зүүн болон төв Азидаа Япон, Хятад улсын хамт Үндсэн хууль бүхий эхний гурван улс болж, тэргүүлж хөтөлсөн түүхтэй. Ийнхүү Бүгд Найрамдах засаглалыг тогтоож, дэлхийн улс орнуудтай хөл нийлүүлж, үндсэн хуульт ёсыг нэвтрүүлж, тивдээ түүчээлсэн нь бидний хувьд үнэ цэнэтэй.
ХХ зууны эхэн үеийн дэлхийн улсуудын байдлыг авч үзэхэд өмнөд хөршид Манж Чин улсын уналт, хойд хөршид Октябрын хувьсгал, Европ тивд улс орнуудын зөрчилдөөн, Дэлхийн I дайн, зарим үндэстний тусгаар тогтнолын төлөөх тэмцэл өрнөж, дайн дажины хурцадмал нөхцөлтэй байсныг та бүхэн мэднэ. Дэлхий дахин амар амгалангүй байсан энэ цаг үед Монголчууд жинхэнэ эрх чөлөөнд хүрэх зорилгоо ахиулж, Бүгд Найрамдах засгаа тунхаглаж чадсан нь үнэхээр бахархалтай үйл явдал.
1924 оны Үндсэн хуулийн улс төр, эрх зүйн ач холбогдол нь төрийн эрх мэдлийг ард түмэнд шилжүүлж, төрийг сонгуульт зарчмаар удирдах тогтолцоог бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөөний талаар зарим дэвшил гарган хуульчилж, Бүгд Найрамдах улсыг тунхаглан зарласанд оршино.
Зуун жилийн өмнө Монголчууд ард түмэн засаглах, төлөөллийн зарчмаар төрийг удирдах, байгалийн баялгийг ард түмний мэдэлд харьяалуулах, улсын бэлгэ тэмдгийг тогтоох, хууль тогтоох байгууллага нь гүйцэтгэх засгаа томилох, хүний үндсэн эрх, эрх чөлөөг баталгаажуулах, нутгийн удирдлагын бүрэн эрхийг тодорхойлох зэрэг олон чухал асуудлыг тунхаглаж байсан нь залгамжлагдаж өнөөгийн ардчилсан Үндсэн хуульд бэхжин төгөлдөржсөөр байна.
Монгол Улс анхдугаар Үндсэн хууль баталснаас хойш 100 жилийн хугацаанд 1940, 1960, 1992 онд Үндсэн хуулиа бүтэц, бичвэр, агуулгын хувьд улам бүр баяжуулан сайжруулсныг та бүхэн мэднэ. Үндсэн хуульт ёсны энэхүү хөгжлийн үе шатад төрт улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг өчүүхэн ч төдий дордуулаагүй нь Монголчууд бидний бас нэгэн бахархах зүйл мөн юм.
Анхдугаар Үндсэн хуульд засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх, төрийн эрх мэдлийн уг сурвалж жинхэнэ ард буюу иргэд байх зарчмыг анх удаа тогтоосон нь дараа дараагийн Үндсэн хуульд бэхжиж, улмаар 1992 оны ардчилсан Үндсэн хуулийн амин чухал зарчмын нэг болсон билээ.
Тиймээс өнөөгийн парламентын засаглал нь геополитик, дотоод улс төрийн нөхцөл байдлын хувьд чухал тогтолцоо бөгөөд үүнийг цаашид улам бүр төгөлдөржүүлэн авч явах ёстой.
2023 онд ардчилсан Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр сонгуулийн холимог тогтолцоонд шилжсэн бөгөөд Монгол Улсын Их Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн дүнд таван намын төлөөлөл бүхий 126 гишүүнтэй парламент бүрдэж олон ургалч үзэл санаа хангагдах нөхцөл бий боллоо.
Шинээр бүрдсэн парламент Үндсэн хуулийн эрхэм зорилгод үндэслэн Стратеги төлөвлөгөөгөө баталсан бөгөөд цаашид хууль тогтоох болон хянан шалгах бүх үе шатад хүн төвтэй үзэл санаанд суурилсан, хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалсан байх агуулга, шаардлага нэн тэргүүнд тавигдана.
Монгол Улсын Их Хурал ардчилсан Үндсэн хуулийн онцгой чухал зарчим болох ард түмэн засаглах Бүгд Найрамдах Улсын эрх зүйн үндсийг тогтоосон анхдугаар Үндсэн хуулийн түүхэн ач холбогдлыг тэмдэглэж, ард түмэн бид бүрнээ дагаж мөрдвөл зохих 1992 оны Үндсэн хуулиа дээдлэн залах тухай тогтоолыг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр баталсныг та бүхэнд дуулгахад таатай байна.
Бид өнөөдөр анхдугаар Үндсэн хуулийн зуун жилийн түүхэн ойн өдөрт гүн хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ цаашид Бүгд Найрамдах ёс, ард түмний засаглал, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг хойч үедээ уламжлан дамжуулах төрийн байгуулалт, төрт ёсыг бэхжүүлэх эрхэм хүндтэй үүргээ нэр төртэйгээр биелүүлнэ гэдэгт итгэл дүүрэн байна.
Та бүхэндээ Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийн зуун жилийн ойн баярын мэндийг дахин хүргэж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.
2024.11.26
Улаанбаатар хот
-
Улс төр17 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр17 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Улс төр17 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Нийгэм15 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Энтертайнмент6 цаг өмнө
Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ
-
Улс төр15 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө