Бусад
Ангийн нөхөд
Дунд сургуулийн ангийн найз нөхөд гэдэг чинь шуугилдаж бужигнаж, үймүүлж дэвхэрч, тоглож наадаж, заримдаа зодолдож уйлалдаж, тэгснээ удалгүй инээлдэж хөхрөлдөж явахын нэр биш үү?
Багш нараа багахан шиг уурлуулбал нэн сайн. Өгсөн үүрэг даалгаврыг нь ягштал биелүүлж, хичээл номоо чармайн ойлгож, ангидаа төвөг чирэгдэлгүй байцгаавал гол гавьяа нь тэр бололтой. Хөөрхий багш нар нь хөлөө чилтэл самбарын өмнө зогсож, шохой тоосны үнэрт харшилтай болтлоо хоолойгоо аргааж хичээл заана. Ангийн гучин сурагчаас тэн хагас нь дориун зүгширч, үлдсэн хэсэг нь <<эх орны алтан гурав>>-аа дөнгөн данган чирсээр нэлээн хойно хоцордог билээ.
“Байна” гэдэг үгийг “баана” гэж биччихээд, хэл бичгийнхээ багшийн даралтыг ихэсгэж, “А. В. С” гурвалжин гэхийг “авс гурвалжин “ гэж уншаад геометрийнхээ багшаар толгой руугаа тоншуулах нь энүүхэнд. Тооны хичээл сүүлдээ улам хүндэрч, толгой эргүүлмээр томьёо дүрэм, дасгал тэгшитгэл, өгүүлбэртэй бодлого гэх зэргээр тоймгүй олноороо ар араасаа цуварч, сүүлдээ бүр үстэй толгойгоо зулгаамаар санагдах үе бий.
Наймдугаар ангид байхад “муур” хочтой охиныг ангийн сахилгагүй хөвгүүн шоглохдоо самбар дээр “кошка” гээд томоор биччихсэний дараа ангиараа бөөн хөхрөлдөөн болно. Өнөөх “муур” нь уг үгийг орчуулж мэдэхгүй учрыг нь олохгүй биднийгээ дагаж баахан хөхөрч унаж тусаж байснаа гэнэт ойлгож, нөгөө хүүг хашраахаар элдэн хөөх жишээний.
Гэхдээ хүүхэд бүр өөр өөрийн онцлогт тохирсон хувийн давуу чанартай. Хичээлдээ тааруу мөртлөө ажил хөдөлмөрт гялалзуур хүүхдүүд байдаг. Зарим нь байнгын хөөр хөгжилтэй хаа ч явсан инээж хөхөрч явахад, нэг хэсэг нь дув дуугай дүнсийн суух нь бий.
За даа, ямар ч байсан бүгд л нэг ангийн найзууд…Насан туршийн андууд даа.
Хүүхэд бага насандаа цахилж бадарч явсан алтан дурсамжийн амин эзэд, хэн хэндээ мартагдашгүй бурхад билээ. Хэн ч бай бие биедээ сүйд. Инээж хөхрөлдөж, уурлаж бухимдаж заримдаа хэрэлдэж зодолдох нь хүртэл цаанаа л нэг сэтгэлд дотно тэр ч бүү хэл заавал байх ёстой асуудал мэт тасралтгүй. Хэзээ ч хувиршгүй яг хэвээрээ.
Сумын найман жилийн сургуулийн бор дүнзэн байшингийн хамгийн зүүн захын анги бол бидний хувьд хоёр дахь гэр минь байлаа.
Тэр үед долдугаар анги хүртлээ халимаг тавих хориотой, хөвгүүд мөнгөн түнжгэр толгой гялалзуулан явдаг байсан бол охид улаан цэнхэр өнгийн лентээр үсээ боож, нэг төрлийн цэцэг шиг жигдэрнэ. Өвлийн хүйтэнд хөвөнтэй өмд, эсгий гуталтай сургуульдаа гүйж, улаан бүч намируулан, бор өнгийн формныхоо захыг цагаан даавуугаар эмжиж хир дагнаас хамгаална. Охидын ихэнх нь цагаан парчикаа толийтол индүүдэн өмсөөд цэмбийж байхад зарим нь үрчийлгэн урдаа унжуулсан яваа харагдана.
Харин наймдугаар ангид ормогц, халимаг үс зөвшөөрөгдөж, зарим нөхөд бүүр ч их ургуулаад авъя гэсэн шиг овойтол нь сэгсийлгэж, царай даран багшдаа загнуулна. Охид тууз лентээ орхиж, үсээ сул унаган сүлжих бөгөөд хэнийх нь тахимаа шүргэсэн урт, хэнийх нь бярууны сүүл шиг годгор болохыг хөвгүүд битүүхэндээ шинжин шүүж шохоорхон харцгаана.
Сургуулийн захирал Нацагийн том охин Цээмаа пионерийн идэвхтэн бүлгийн дарга байснаа сургуулийн сурагчдын зөвлөлийн дарга болж, Бадрах ангийн дарга хэвээр байсаар байв. Бадрах бага ангидаа хичээл сурлагадаа зэгсэн сайн, төлөв томоотой итгэл даасан сайн хүү байлаа.
Бадрахыг зургадугаар ангид, охин дүүг нь дөрөвдүгээр ангид байх жил хөдөө бригад руу эмнэлэгийн дуудлагад явсан ээж нь машины ослоор өнгөрч, хүү охин хоёр аавтайгаа хоцорсон билээ. Тэр цагаас хойш Бадрах улам дуу цөөтэй болж, хичээл сурлагадаа суларч, идэвх зүтгэлгүй заримдаа гөжүүд уцаартай юм шиг байдаг боллоо.
Ангийн дарга маань угийн төлөв даруу олон таван үггүй. Бид түүнтэй нөхөрсөг дотно сэтгэлийн холбоосоор хүндэтгэн харьцаж, төвөггүй ойлголцож дэмжсээр наймдугаар ангиа төгсгөсөн билээ.
Төгсөх жил Бадрах, Цээмаад анхны хайраар дурлажээ. Өдөр шөнөгүй бодож, өглөө хичээлдээ ирэхдээ зүрх нь савлан догдолж, жаахан гайгүй байснаа завсарлагаанаар дахин тогтож суух аргагүй болно.
Цээмаагийн цовоо цолгиун төрх, инээд баясал, хичээлийн идэвх зүтгэл, олон нийтийн болон спорт урлагийн бүхий л арга хэмжээнд хошуучлан оролцох нь Бадрахад бахархмаар сайхан байдаг сан. Хайрыг нь улам их хүргэж гарыг нь атгаад авмаар санагдавч, дэмий л бодлоосоо ичихдээ мэнчийж улайгаад суудаг байлаа.
Хайрын мананд үйлгэртсэн уяхан цэнхэр хавар хөг аялгуугаа эвхсээр, эргэхээргүй холд нисэн одлоо. Хэдийнээ сургуулиа төгсгөжээ. Сүүлийн жилүүдийн хичээлийн дүн сул байсан тул Бадрах есдүгээр ангид дэвшин орж чадсангүй.
Бадрах ээжийгээ санаж бэтгэрч байсны дээр сүүлийн жил Цээмааг байнга боддог болж, цээжиндээ нэвчин шаналж, уйтгар харуусалд гүн автах болжээ. Хонхны баяр хийчихээд таран одоцгооно гэхээр тогтохын аргагүй уймарна.
Цээмаагаа өдөр бүр харахгүйгээр ингээд л сална гэж бодохоор дотор харанхуйлж, галзуурмаар юм шиг давчидна. << Бөн бөн шогшрох бүлээн зүрх минь, балчирхан томоогүй хүүхэд нас минь, туулсан хүнд амьдрал минь, ээжий минь, анхны хайр минь намайг яах гэж ингэтлээ тарчлаана вэ? Эхлэнгүүт дуусах төгсгөл юм уу, мандаад тэр дороо жаргах нар юмуу???>> гэж өөрөөсөө байнга л асууна.
….Хонхон дуунаар шуугин гүйлдээд
Хожмын өдрүүдийг зөгнөн баясаад….
Ангийн хүүхдүүд гар гараасаа хөтлөлцөн дуулж бүжихэд Бадрах хий дэмий л инээхчээ болж аяыг нь дагаж байлаа. Дуулж хөөрөхийн оронд чихээ дараад гарч явмаар санагдана.
Цаг хугацаанд энэрэл хүлээлт гэж байхгүй… Хүслээ дагасан шувуухайнууд тал тийшээ таран нислээ.
Ингээд зуны амралт эхэллээ. Аав нь малын эмч. Хөдөө бригадаар тарилга туулга, эсвэл эмчилгээ дуудлагаар үе үе явахад Бадрах дүүгээ харж гэртээ үлдэнэ. Цээмаагаа байнга санаад нэг л болдоггүй. Оройхон түүнтэй уулзахаар хашааных нь гадаа очоод модон сандал дээр нь сууж байтал, Нацаг захирал гарч ирлээ. Гадагшаа гарч байгаа бололтой зангиагаа зүүж, костюмаа өмссөн байлаа. Тэрээр Бадрахыг зогтусан харснаа:
-За… Бадрах… Сайхан амарч байна уу? Есдүгээр ангид хуваарилагдаж чадсан билүү? гэхэд Бадрах:
-Үгүй, багш аа гээд өөр үг хэлэлгүй толгойгоо маажив.
-Мөн мөн! Одоо ТМС-д сур! Эсвэл илгээлт авч малчин бол! Аав чинь сайн малын эмч чамд ирээдүй бий шүү! гэж дүрэмдэн зааварлав. Цээмаагийн ээж Долгор эмч араас нь сүрчиг үнэртүүлэн гоёж гоодон гарч ирснээ:
-Өө, хүү минь сайн уу? Ор ор миний хүү. Аав нь сайн уу? гэлээ. Тэгснээ:
– Хөөе, Цээмаа миний охин наашаа гараад ир! гэж дуудчихаад, захирлыг сугадан одов. Кино үзэхээр улаан булан руу явж байгаа бололтой.
Цээмаа гүйн гарч ирснээ Бадрахыг зогтусан харлаа. Мэндчилэн инээмсэглээд хажууд нь зэрэгцэн суулаа.
-Юу хийж амарч байна даа? Манайд орооч! гэж Цээмааг хэлэхэд:
-Хийсэн юм алга даа. Байж л байна… гэв
Цээмаа үргэлжлүүлэн “Би ааваас чамайг есдүгээр ангид оруулаад өгөөч гэж гуйх гэж байгаа. Аймгийн төвийн арван жилийн сургуульд таньдаг хүн байгаа байх. Чи харин сайн мэрийж сурна шүү” гэхэд Бадрах:
-Хэрэггүй байх. Би ТМС-д орно гэчихлээ. Цээмаа дуугүй боллоо. Тэр хоёр ангийнхныхаа тухай ярьж суутал Цээмаагийн дүү Зориг гудамжны өнцөг тойрон ирж яваа харагдлаа. Үүдэнд тулж ирээд:
-Бадрах ах сайн уу? Юу хийж амарч байна та? гэснээ эгчдээ хандан:
– Аав ээж хоёр кинондоо явсан биз дээ? Ангийнхаа хүүхдийг гадаа суулгаад байхдаа яадаг юм бэ! Бадрах ахыг оруулаач! гэж зэмлэлээ.
Тэр цагаас хойш аав нь завгүй ажилдаа явж, Бадрах дүүтэйгээ гэртээ өнжиж, хааяа ангийн хүүхдүүд ирж буцаж, мөн Цээмаатайгаа уулзсаар намар болж, хичээлд сургуульдаа түрүүчээсээ мордоцгоов.
Нэг өдөр Бадрах аавдаа:
– Би хавар хуваарилагдсан ТМС-ийг авчихдаг байж дээ. Харин одоо орж сурмаар санагдаад байна гэж хэллээ. Аав нь бодож сууснаа:
– Миний хүү тэгье гэж хүсвэл би аймаг орж, эртхэн ТМС-ийн захиралтай очиж уулзъя. Ганц нэг танил хүн бий байх. Учирлаж гуйгаад оруулахыг бодъё гэв.
Есдүгээр сарын нэгэн болж, хэсэг нь аймгийн төвийн нэгдүгээр сургуульд, харин найман хүүхэд ТМС-д орж сурахад Бадрах трактор механикийн ангид элсэн орлоо. Тэрээр дулаан тохилог дотуур байр, хоол хүнс, нормын хувцас, хичээлийн хэрэгсэл гээд улсын хангамжинд бүгд бэлэн бас их зүйл сурч нэг хэсэгтээ дасаж ээнэгшин овоо дажгүй байлаа. Хагас бүтэн сайнд замын унаанд дайгдан гэртээ ирж, нэг хоноод буцна. Аймгийн төвд Цээмаатайгаа хааяа уулзах боловч тэр бүр зав олдохгүй, эрдэм номд шамдацгаасаар сургуулиа төгслөө. Цээмаа арван жил дараалан онц сурч, гадаадын их сургуульд шууд хуваарилагдаж, Бадрах хоёрдугаар курсээ амжилттай төгсгөв.
Тэр зуны амралтыг тохиолдуулан сумын наадмаар наймынхан уулзаж, гол дээр бөөгнөрч, баахан бужигнацгаав. Бадрах, Цээмаа хоёр зүлгэн дээр зэрэгцэж голын усанд хөлөө дүрж суугаад нэлээн хөөрөлдөв. Тэр хоёр наймдугаар ангид байснаа бодоход нас биед хүрч, олны дунд орж нүүр хагарч, нөгөө талаар өсөж томрон, ухаан төлөвшин, цаашдаа жигүүрээ дэлгэн, амьдралаа даан бүрмөсөн одох онцгой цаг үед иржээ. Бадрах нэлээд яриа хөөрөө сайтай болсон байв. Тэрбээр угийн өсгөлүүн биетэй, өргөн ханхар цээжтэй, өндөр нуруутай, өтгөн хар хөмсөг үл ялих гуниг шингэсэн зөөлөн бор нүдтэй, тэвхийсэн сайхан хархүү болжээ. Цээмаа бага байхынхаа эргэлдсэн алаг нүдтэй өндөр цагаан охин. Авхаалжтай сэргэлэн төрхтэй туялзсан гоолиг бүсгүй болжээ. Бадрахыг бодоход дуу шуутай, ухаалаг цэгцтэй үг яриатай, уяхан зөөлөн сэтгэлтэй, ёстой л зорьсондоо хүрэхийн тулд шаргуу зүтгэж яваа сүрхий бүсгүйн шинжийг агуулжээ. Тэрээр хоёр хөлөө уснаас гарган зүлгэн дээр хажуулдаж сууснаа:
– Саяхан л наймдугаар ангиа төгсөж байлаа. Бас нэг мэдэхэд арав төгсчихлөө. Одоо Орос улсад очиж сурна гэхээр итгэмээргүй санагдаад байна. Эдийн засаг бизнес удирдлагын чиглэлээр мэргэжлийн хуваарь байсан болохоор сонгочихлоо. Герман улсад инженерийн чиглэлээр хуваарь байсан л даа. Анги нь надад тохирохгүй юм шиг санагдчихлаа гэж Цээмаа гэнэн цайлганаар ярих нь Бадрахад ойр дотно сэтгэлд дулаахан эжийтэйгээ хүүрнэж байгаа мэт. Тэрээр эмэгтэй хүний ил цайруу элгэмсэг дотно яриаг хэдэн өдрөөр ч сонсоход уйдамгүй санагдана. Цээмаа цааш яриагаа үргэлжлүүлэн:
– Чи цаашдаа яах бодолтой байна даа? Надад захиа бичнэ биз дээ, би очоод чам руу хаягаа явуулна аа гэлээ. Бадрах дуугүй сууснаа:
– Би цэрэгт явна аа гэлээ Цээмаа:
– Дүү чинь наймдугаар ангиа их сайн төгссөн байна лээ. Аав дүү хоёроо сайн харж хандаж яваарай. Хүний амьдрал гэдэг чинь өөрийн хичээл зүтгэлээс хамаардаг, хүн насаараа суралцаж, байнга мэрийж, зогсолтгүй тэмцэж явсаар амьдралыг туулдаг. Амьдралын замд олон саад бэрхшээл таарлаа ч гэсэн заавал давж гарна гэсэн итгэл байх юм бол зорьсондоо хүрдэг юм даа гэж том хүн шиг захимжлан хэллээ. Тэрээр алсын уулын орой ширтэн сууснаа “Би харь нутагт аав ээжээсээ холдон явахаас эмээж байвч, бас бууж өгөхгүй зүтгэлтэй сурна гэсэн бодолтой байгаа” гэж шийдмэг шулуухнаар ярив.
Тэгснээ эрвэгэр алаг нүдээ дүрлэлзүүлэн:
– Чи хулс хэрхэн тарьдаг тухай олж уншаад захианы хариуд бодсоноо бичиж явуулаарай гээд хөгжилтэйгээр хөхрөв.
Голын ус намуухнаар урсаж, хүмүүний дотоод сэтгэлийн гүнээс хөврөх түмэн аялгууг хөглөх мэт мяралзан долгилж, оройн нарны алтан шаргал туяанд шижиртэн уусна. Зүрхний чанадад хэмжээгүй их хүч чадал, өгөөмөр хишиг итгэл найдварыг төрүүлэн эгшиг аялгуугаа үлдээгээд, усан мяралзаа алсын алс руу түрэн түрсээр яаран одно.
Бадрах, хүүхэд бага наснаасаа зүрхэндээ хураасан гуниг харуусал хийгээд бодлын хүлээсээ бага зэрэг тайлан хөнгөлж, шинэ идэр цагийн амжилтыг зориглон атгахаар, дотоод хүч чадлаа тэлэн бялхлаа.
Ангийн хүүхдүүд зүлгэн дээр дуулж бүжиглэн инээлдэж хөхрөлдөн хөл хөөрцөг болж, алсад гэрэлтэх амьдралын харгуйд ажрах зүйлгүй, мөрөөдлийн хүлгээ дөрөөлөн тэлгүүлцгээнэ.
****** ****** ******
Наймдугаар сарын эхээр “Нацаг захирал эхнэртэйгээ хамт охиноо Орос руу үдэж өгөхөөр хот явна гэнэ ээ” гэсэн яриаг сонсоод, Бадрах уулзахаар очлоо. Тэрээр, Цээмаад нямбайлж наасан дугтуйтай нэлээн зузаавтар захидал атгуулаад “Чи сургуульдаа очоод уншаарай, энд битгий задлаарай” гэв. Цээмаа хөгжилтэй инээснээ “Захидлын хариуг явуулна аа” гэлээ. Удалгүй, анги хамт олон найз нөхөд, багш нар бусад таньдаг мэддэг олон хүн цугларч, Цээмааг үдэцгээлээ.
Тэр намар Бадрах цэргийн албанд мордож, хилийн цэргийн дугаар ангид байлдагч болжээ. Хал цэрэг болж байх үеэр нэгэн захидал ирлээ. Авангуут гарчиглан үзтэл “СССР улсаас… ” гэсэн хаягтай Цээмаагийн цэмцгэр бичиг мөн байлаа.
<<…Сайн байна уу? Шинелийн товчиндоо алтан соёмботой цэрэг чамтай алс хол нутгаас би мэндчилж байна. Цэргийн албаа сайн хааж байна уу? Би энд ирээд нэг жил амжилттай сайн суралцлаа. Одоо орчиндоо дасаж орос хэлээр овоо сайн харилцдаг болсон. Мэдээж, цаашдаа сурах зүйл маш их байгаа… гэж эхлүүлснээ, …. Чиний өгсөн захиаг саяхан задалж уншлаа. Надад, наймдугаар ангиас эхлээд аравдугаар анги төгсөх хүртэл бичиж байсан захианууд байна лээ. Нэг бүрчлэн уншиж үзээд сэтгэл их хөдөллөө. Маш олон жилийн захидал нэг дор хүлээн авна гэж бодсонгүй шүү. Амжилт хүсье, албаа сайн хаагаарай. Баяртайгаар уулзахын ерөөл өргөе. Цээмаагаас…>> гэжээ.
Удалгүй Бадрах хариуг нь бичлээ. << Сайн байна уу? Захидал ирэх мөчийг тэсэн ядан хүлээж байлаа. Алс хол нутгаас миний хаягийг олж сайхан захидал бичсэн чамдаа хязгааргүй их баярлалаа. Чиний хичээл сурлагын амжилт гялалзаж байгаа биз ээ. Би албаа сайн хааж байна. Монгол улсын урд хилийн торгон зурваст, олон аавын хүүтэй эн зэрэгцэн эх орноо хамгаалсаар хал цэрэг боллоо… “ гэж эхлүүлэв. Тэрээр үргэлжлүүлэн хулсны тухай олж уншсанаа шууд бичлээ.
<< Хулс модны ургах нь тууштай байхын тухайд тохирсон жишээ юм. Хулс модыг тарихдаа эхлээд үрийг газарт булан усалж борддог. Эхний жил үрэнд ямар нэг өөрчлөлт гарахгүй. Үрийг дахин усалж бордоно. Хоёр дахь жилдээ ч хөрсөн дээр ил нахиалж гөлөглөхгүй. Дахиад гурав, дөрөв дэх жил ч урьд жилүүдийн адил хулсны үрийг усалж бордсоор л байдаг. Гэвч зөрүүд хулс бас л нахиалдаггүй. Тэвчээртэйгээр 5 дахь жилдээ ч усалж бордсон хэвээр байдаг бөгөөд арай гэж 5 дахь жилийнхээ сүүлээр хулс мод соёолж зургаан долоо хоногийн богинохон хугацаанд ойролцоогоор 27 метр өндөр болдог. Хүний толгойд хамгийн түрүүнд урган гарч ирдэг асуулт бол “Хулс мод зургаан долоо хоногийн дотор уу, 5 жилийн дотор 27 метр өндөр болсон уу?” юм. Энэ асуултын хариулт нь, мэдээж, 5 жилийн дотор. Маш их тэвчээр, цөхрөлтгүй хүлээсний эцэст хулсыг 5 жилийн турш усалж бордоогүй бол хулс ургах нь битгий хэл нахиалах тухай ч ярихын хэрэггүй. Хэсэг хугацаанд уйгагүй хөдөлмөрлөж бас нэг хэсэг хугацаанд тэсвэртэй хүлээх хэрэгтэй. Үргэлж итгэлтэй байж хэзээ ч бүү бууж өг…>>
Бадрах цэргээс халагдан нутагтаа очоод илгээлт авч нэг жил хөдөө мал маллан уйгагүй хөдөлмөрлөж байгаад ХААИС-д уригдан сурлаа. Тэр үед илгээлтээр гарч сайн ажилласан хүүхдүүд их сургуульд орох эрхээр ийнхүү шагнагддаг сайхан цаг байлаа.
Хайрын тэнгэр түүний зүтгэлийг бас мартсангүй…
Хорин таван насныхаа босгон дээр Бадрах их сургуулиа төгсөж, Цээмаатайгаа хуримаа хийж, ангийнхаа бүх хүүхдийг урьж, гурван өдрийн баяр цэнгэл үргэлжилсэн билээ. Хуриман дээр уригдан ирсэн аав ээж дүү нар шиг баяр жаргалтай хүмүүс алга аа.
Нацаг захирал хүргэнээ магтан “ТМС-д орж сур! Эсвэл илгээлт авч мал дээр гар! гэж санамсаргүй зөвлөснийг минь ингэж ягштал биелүүлдэг хүн гэж байх уу?” гэж бахархан хөөрлөө. Бадрахын аав бэрээ магтан ”Миний өөдсийн чинээ бор хүүг минь тоодог ийм том боловсролтой мундаг охин бас байдаг юм аа” гэж нулимс унаган баярлалаа.
Бадрах, хүүхэд бага наснаасаа зүрхэндээ хураасан гуниг харуусал хийгээд бодлын хүлээсээ бүрмөсөн тайлан хөнгөлөөд, шинэ идэр цагийн амжилтыг үүрд атган дотоод хүч чадлаа тэлэн бялхлаа.
Ангийн хүүхдүүд найран дээр дуулж бүжиглэн инээлдэж хөхрөлдөн хөл хөөрцөг болж, алсад гэрэлтэх амьдралын харгуйд ажрах зүйлгүй, мөрөөдлийн хүлгээрээ зуузай холбон тэлгүүлцгээнэ.
Д.Мөнхбаатар
Бусад
Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана
Өнгөрсөн наймдугаар сард Боловсролын сайд П.Наранбаяр Монголын хувийн их дээд сургуулиудын холбооны төлөөлөлтэй уулзах үеэр ярилцсаны дагуу нэгдсэн байдлаар бүх хувийн их, дээд сургуулийн удирдлагуудтай уулзлаа.
Хувийн их, дээд сургуулийн удирдлагууд тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэн нэгтгэж, төрийн дээд боловсролын салбар дахь оролцоо дэмжлэг болон эрх зүйн орчин, элсэлтийн босго, дээд боловсролын байгууллагуудын эрэмбэ, багшийн хөгжил болон нийгмийн баталгаа гэсэн чиглэлүүдээр санал хүсэлтээ илэрхийлэв. Тухайлбал, их, дээд сургуулийн онцлогийг харгалзаж үнэлэх замаар эрэмбэ тогтоох, төрийн зүгээс өмчийн хэлбэрийг ялгахгүйгээр адил тэгш бодлого хэрэгжүүлэх, салбарт хэрэгжиж буй хуулиудад өөрчлөлт оруулах шаардлагатай гэлээ.
Боловсролын сайд П.Наранбаяр их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллахаа онцолж, дээд боловсролын байгууллагуудын онцлог, чиглэлийг харгалзан ангилах байдлаар хөндлөнгийн байгууллагаар эрэмбэ тогтоолгох, элсэлтийн босгыг үе шаттайгаар өсгөн элсэгчдийг чанаржуулах бодлого баримтална хэмээв. Мөн бүх санал хүсэлтэд хариу өгч, нэгтгэж эрэмбэлэн үе шаттайгаар шийдвэрлэхээ хэллээ гэж Боловсролын яамнаас мэдээллээ.
Бусад
ТББХ: Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэв
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 05-ны хуралдаанаар Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 01 дүгээр тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийн танилцуулгыг сонслоо.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.5 дахь хэсэгт “Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах нарийвчилсан журмыг Улсын Их Хурлын тогтоолоор батална.” гэж заасныг үндэслэн уг тогтоолын төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор УИХ-ын гишүүн О.Номинчимэгээр ахлуулан, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, П.Сайнзориг, Х.Тэмүүжин нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан юм.
УИХ-ын гишүүн О.Номинчимэг ажлын хэсгийн дүгнэлтийг танилцуулав.
Тэрбээр, Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголыг Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Нийтийн сонсголын тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын 2017 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Нийтийн сонсгол зохион байгуулах журам”-д заасны дагуу зохион байгуулж ирсэн.
Монгол Улсын Их Хурлаас 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-д Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах зарим харилцааг нарийвчлан зохицуулж хуульчилсан байна.
Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн Арван тавдугаар бүлэг бүхэлдээ Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах дараах харилцааг нарийвчлан зохицуулсан байна. Үүнд:
- 119 дүгээр зүйлд Улсын Их Хурлын хяналтын сонсгол явуулах талаар хүсэлт гаргах, хүсэлтийг шийдвэрлэх талаар;
- 120 дугаар зүйлд сонсгол зохион байгуулах харьяаллын талаар;
- 121 дүгээр зүйлд сонсголын бэлтгэл ажлыг хангах талаар;
- 123, 124 дүгээр зүйлд сонсголд оролцогч, түүний эрх, үүрэг;
- 125 дугаар зүйлд сонсгол даргалагчийн эрх, үүрэг;
- 126, 127 дугаар зүйлд сонсголыг танхимаар болон цахимаар явуулах журам;
- 128 дугаар зүйлд сонсголын тайлан, тэмдэглэл боловсруулж, олон нийтэд түгээх талаар;
- 129-133 дугаар зүйлд Нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулах журам.
Өөрөөр хэлбэл, Улсын Их Хурлын хяналтын сонсголыг дээр дурдсан хуулийн зохицуулалтын хүрээнд зохион байгуулах боломжтой байх бөгөөд нарийвчилсан журам батлан гаргах тохиолдолд хуулийн зохицуулалтыг давхардуулан журамд тусгах нөхцөл үүсэж байх тул тус журмын төслийг боловсруулах шаардлагагүй гэж ажлын хэсэг дүгнэлээ гэлээ.
Түүнчлэн тэрбээр 2024-2028 оны парламентын бүрэн эрхийн хугацаанд холбогдох журмын тоог цөөлж, хуулиар зохицуулах шаардлагатай зохицуулалтыг журмаар биш хуульд тусгаж байх стратегийг баримталж байгааг дурдаад, цаашид хууль хэрэглээний хувьд ойлгомжтой болгох үүднээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тохиолдолд хяналтын сонсголын зохион байгуулалттай холбоотой зарим шаардлагатай зохицуулалтыг нэмж тусгах саналтай байна хэмээсэн. Тухайлбал, тус хуулийн 121 дүгээр зүйлийн 121.6-д заасны дагуу шинжээчийг томилохдоо ажлын хэсгийн саналыг үндэслэн Байнгын хороо тогтоол гаргахаар зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл, ажлын хэсэг байгуулагдаагүй бол шинжээч томилох хүсэлт гаргах субьект хэн байх талаарх зохицуулалтыг тодорхой болгох шаардлагатай. Түүнчлэн сонсгол явуулах бүтэц нь Байнгын хороо, дэд хороо байх олон улсын жишигт нийцүүлэх нь цаашид Байнгын хорооны үйл ажиллагааг илүү мэргэшсэн, уялдаа холбоотой байх ач холбогдолтой тул холбогдох өөрчлөлтийг хийх хэрэгтэй. Мөн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэг, 126 дугаар зүйлийн 126.5 дахь хэсгийг тус тус хүчингүй болгох саналтай байгаагаа танилцуулсан юм.
Ажлын хэсгийн дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй.
Мөн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэв.
УИХ дахь МАН-ын бүлгээс тус дэд хорооны бүрэлдэхүүнээс УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг чөлөөлж, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очирыг бүрэлдэхүүнд оруулах саналыг ирүүлсний дагуу Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулжээ.
Хэлэлцэж өуй асуудалтай холбогдуулан асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг хэлэлцэн батлахыг дэмжин, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Дараа нь “Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Тогтоолын төслийн талаар Байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ танилцуулсан. Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалт нь төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус гэсэн төрөлтэй байх бөгөөд мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсэгт заасны дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо Улсын Их Хурлын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаврыг холбогдох шийдвэрийн төслийн хамт нэгдсэн хуралдаанд оруулж, шийдвэрлүүлэх ёстой хэмээв.
Мөн тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасны дагуу Байнгын, дэд хорооноос хийх төлөвлөгөөт хяналт шалгалтыг Улсын Их Хурлын төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаварт тусган хэрэгжүүлэхээр заасныг тодотгоод, хяналт шалгалтын талаар Байнгын хороодоос холбогдох саналыг авахад Аж үйлдвэржилтийн бодлогын, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос тусгайлан санал ирүүлээгүй гэлээ.
Байнгын хороодоос ирүүлсэн санал болон хяналт шалгалтын бусад асуудлын хүрээнд УИХ-ын 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд зохион байгуулах нэр дэвшигчдийн хяналтын сонсголыг УИХ-ын төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаварт тусган боловсруулсан хэмээн танилцуулсан юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэг, иргэдээс ирж байгаа хүсэлт, өргөдлийн дагуу хууль зүйн бодлоготой холбоотой, ялангуяа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль тогтоомжийн биелэлттэй холбоотой асуудлыг хяналт шалгалтын цаглаварт оруулах асуудлыг хөндөн байр сууриа илэрхийлсэн.
Эцэст нь тогтоолын төслийг хэлэлцэн батлах асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин чуулганы нэгдсэн хуралдаанд Байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Бусад
Дэлгэрэх цехийн М.Эрдэнэцэцэг
“Манайх эсгий бүрээсээс бусдыг үйлдвэрлэдэг, гадуур дотуур цагаан бүрээс, давхарга, берзинт, өрх гээд л. Миний хувьд 1993 оноос өрхийн үйлдвэрлэл эрхэлж, ээжтэйгээ хамт цагаан бүрээс оёж эхэлсэн. Түүнээс хойш 31 жил өнгөрсөн байна. Манайхыг аж ахуйн нэгж гэж ойлгов оо, оёдлын цех шүү. Ажлын байрны хүчин чадлын тухайд 16 хүн ажиллах боломжтой ч өнөөдрийн байлаар найман оёдолчин ажиллаж буй ” хэмээн үйл ажиллагаагаа танилцуулсан бүсгүй бол БЗД-ийн иргэн, Дэлгэрэх цехийн эзэн М.Эрдэнэцэцэг. Гав шав хийсэн гялалзуур эмэгтэй шүү гэх тодотголд яг таарах хүн гээд хэлчихвэл буруудахгүй л болов уу. Түүний ажил агуулахаас бүс бараагаа ангилж татахаас эхэлж, эсгүүр хийх, оёдол, ангилах, бэлэн болсон бүтээгдэхүүнээ Нарантуул руу хүргэх, орон нутаг дахь борлуулагчид руугаа ачуулах гэхчилэн амсхийх завгүй гүйсээр үдшийн бүрийтэй золгоно. Ажлынхаа завсраар өндөр настай ижий, хүү хоёроо халамжлах учиртай. Бас ажлын хамт олон гэж бодлын үзүүрт өнжих найман бүсгүй, хоёр эр бий. Хүний л амьдрал болохоор жаргал зовлон ээлжилнэ. Ямар ч үед дэргэд нь байж, зүдрэх үед нь энгэртээ наах нь миний үүрэг гэж ойлгох түүнд хамт олон нь хачин сайн юм билээ. Нэгэн цагт ээжүүдээ дагаж, цехийнх нь умгар өрөөнд эрхэлж наадаж өссөн охид амьдралд хөл тавьж, эдүгээ оёдолчин болцгоон хоёр ээжтэйгээ мөр зэрэгцэн ажиллаж байгаа гээд бодохоор Дарь-Эхийн овооны энгэр бэлд бууриа засч төвхнөсөн жижигхэн цехийн түүх эгэлгүй агаад бахархам ажээ.
Ажилсаг ээжийн хичээнгүй охин
М.Эрдэнэцэцэг өөрийнхөө сайн сайхан явааг ээжийнхээ ажилсаг чанартай холбоно. Ё.Нармандах хэмээх гайхамшигт эмэгтэй бол түүний ээж. Цэл залуугаараа ханиасаа хоцорч гурван үрээ хөлийг нь дөрөөнд,гарыг нь ганзаганд хүргэсэн ижийгээрээ охин нь өнөөдөр гангарч сууна.
Хөнгөн, хүнсний техникум төгссөн залуухан бүсгүй амьдралд хөөр баяртайгаар хөл тавьтал мэргэжил бус юу чаддагаараа амьдарлаа залгуулах тийм цаг үе тосох нь тэр. Тодруулж хэлбэл, БНМАУ зах зээлийн нийгэмд шилжсэн 1990 оны цагаан морин жил. Амьдралын ямар ч үед хөл алдаж үзээгүй ижий нь “Эрдэнэцэцэг ээ, миний охин ижийнхээ оёдлын машинаар хоолоо олж ид. Нагац ахын чинь хүүхдүүд гэрийн бүрээс, цаваг оён Дэнжийн мянгын зах дээр борлуулж байна. Борлуулалт ч гайгүй бололтой. Би тэдэнд тусалж, гэрийн бүрээс, цавгийг яаж эсгэдэг, хэрхэн оёдгийг мэдэж авлаа. Одоо хоёулаа үзээд алдая. Монгол хүн байгаа цагт монгол гэр байж л таарна” хэмээн цуу ямбуу даавуу дэлгэн анхны эсгүүрээ хийсэн тэр өдрөөс хойш бага таван ханатын баруун талаас оёдлын машины дуу тасраагүй гэж хэлж болно. Ингэж л тэрбээр өөрийн гэх орлоготой энэ цагийн хэллэгээр бизнесийнхээ гарааг эхлүүлсэн түүхтэй.
Оёдлын цех байгуулагдаад 31 жил болжээ. Хүний амьдралын бүхэл бүтэн үе ч гэж хэлж болохоор. Өсч дэвжсэн түүх нь энгийн юм шиг атлаа шантарч, уйлж дуулж явсан өдрүүд М.Эрдэнэцэцэгт бий. “Одоо л хөл дээрээ босох нь. Банкнаас авсан зээлээ түүртэлгүйгээр дарж чадах цаг айсуй” хэмээн бүтэн нойртой хонож эхэлтэл гал усны гашуун зовлонгийн өмнө өвдөг сөгдөх нь тэр. Амсхийх гэдгийг умартан зүтгэж байж бий болгосон бүхнийг нь дүрэлзсэн гал хамж аваад үнс болгож орхив. Хүний амь эрсдээгүйд нь магнайгаа хагартал баярлавч ёрдойж харлаад үлдсэн төмрийн хог, утаа савсуулан уугих бууриас өөр юу ч үгүй хоцорсондоо харамсан, харамсан уйлж зогссон тэр хүнд үеийг туулаад л гарсан. Ажлын байрны тав тухтай орчныг бүрдүүлэхийн төлөө хичээн 2019 онд үйлдвэрийн хоёр давхар шинэ байраа ашиглалтад оруулав. Эдүгээ агуулах, савтай ч болсон байна. Бараа материалаа ч жилийн дөрвөн цагийн эргэлтийг даахуйцаар нөөцлөх эдийн засгийн боломжтой болсон гээд багагүй амжилтад хүрсний нууц нь маш энгийн. Эрхэлсэн ажилдаа сэтгэлээ өгч, хичээх явдал. Түүнчлэн хэлсэн үгэндээ хүрч, үнэнч байдлыг эрхэмлэдэг чанар аж.
Хөндлөнгөөс харахад, сувд мэт шаргалтан цайрах цуу ямбуу даавуу нэгэн хэмээр нүргэлэх оёдлын машины дуу, үйлчин бүсгүйн хурдан шаламгай хөдөлгөөнтэй өнгө хослохуй дор монгол гэрийн гоёл болох гадуур, дотуур цагаан бүрээс, цаваг, өрх болж хувирна. “ Үнэтэй торгон хөшиг хэцээр татаж” хэмээх шүлэг зөвхөн шил толь болсон орд харшийнх бус талын Монголын үнэт өв монгол гэрийн дотуур хөшиг ч хээ хуар, саа бүхий үнэтэй торгоор хийгддэг болсныг энэ цехийн үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүнээс олж харснаа нуух юун.
“Цэцгээ гэдэг оёдолчныг хайж явна”
Худалдан авагчид түүнийг ийн сурагласаар ирэх нь бий. “Байнгын минь хаяг Нарантуул зах” шүү дээ хэмээн цайлганаар инээх оёдолчин бүсгүйг малчид андахгүй болжээ. Жил өнжөөд л гэрийнхээ гадуур, дотуур цагаан бүрээсээ сольдог учраас түүний урласан цагаан бүрээсүүд борлогдохгүйн зовлон үгүй. Ийм амжилтад хүрэхийн тулд монгол гэрийн давуун эдлэлийн зах зээлийг алдахгүйн төлөө тэрбээр 31 жил тасралтгүй хөдөлмөрлөсөн. Гэхдээ үнэнчээр. Үйлдвэрлэлийн аль ч шат дамжлагад алдаа гарах ёсгүй гэж тэр үздэг. Түүний баримталж ирсэн зарчим бол чанартай бүс даавуугаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх, худалдан авагчаа солихгүй байх явдал. Нэг удаагийн ашиг бодох бус зөвхөн өөрийг нь зорьж ирэх худалдан авагчаа дээдлэх учиртай хэмээн мань хүн үздэг байна. Тэр утгаараа байнгын үйлчлүүлэгчийн захиалгыг цаг хугацаанд нь гаргаж өгөхийг хичээхийн сацуу худалдаж авсан бүрээс нь очоод барихад язайхгүй, дутахгүй байх ёстой гэдэг дээр анхаарч ажилладаг байна. Үр дүнд нь малчид итгэлээ өгч, Эрдэнэцэцэг буюу Цэцгээ оёдолчны сэтгэлээ шингээж оёсон гэрийн даавуун эдлэлийг сонгож тэр хэрээр эрэлт ч их болжээ. Үүнээс гадна бараа бүтээгдэхүүнийхээ чанарт онцгой анхаарч анхны дамжлаг болох хамгийн чанартай даавууг сонгож, үйлдвэрлээ явуулна. Бас итгэлийн асуудал. Энэ талаараа тэрбээр “Манайх түншүүдтэйгээ 2004 оноос хамтран ажиллаж, бие биеийнхээ итгэлийг алдахгүй явсаар өнөөдөртэй золгосон. Аливаа үйл хэрэг итгэлцэл дээр тогтдог бөгөөд хэн хэнийхээ итгэлийг алдахгүй байх аваас хамтын ажиллагаа улам л бэхжин хөгждөг жамтай” хэмээн өгүүлсэн.
М.Эрдэнэцэцэг олонтой нэгэн.
Оёдолчдынхоо ахуй амьдралыг өөд татаж, хамтдаа хөгжих нь түүний зорилго. Зорилгодоо хүрэхийн тулд тэднийгээ ажлаар хангах явдал. Азаар бидэнд ажилгүй өнжих өдөр гэж үгүй. Өөрөөр хэлбэл, захиалга тасардаггүй гэсэн үг. Гэхдээ тэдний ажил улирлын чанартай гэдгийг хэлэх нь зөв байх. Шинэ гэрийн найр наадам, хуримын сар дуусмагц автомашины дулаан хучилга, гэрийн хаалганы дулаалга руугаа орно. Тэгээд арванхоёрдугаар сарын сүүлчээс хойш үндсэн бүтээгдэхүүнээ оёж эхэлдэг байна. Нөөц гэж ч ойлгож болох юм билээ. Нөгөөтэйгүүр, түүнийг тойрон найман “цэцэг” эргэлдэж буй. Түүний ”торгон” цэрэг П.Алтанцэцэг гэхэд л Дэлгэрэх цехэд 18 жил ажиллаж байгаа бөгөөд үйлдвэрийнхээ бүхий л үйл ажиллагааг хариуцна. И.Санчирын тухайд 16 дахь жилдээ ажиллаж байгаа. Оёдол хийхээс гадна оёдлын машины бүхий л засвар үйлчилгээг хариуцдаг алтан гартай бүсгүй. Тэрбээр дулаалга, давхарга, берзинт гээд бүсгүй хүн оёход хэцүү байж мэдэх оёдлыг ч өлхөн хийдэг. Цехэд шинэ хүн орж ирэхэд оёдлын бүх шат дамжлагыг зааж сургах үүрэг түүнийх. О.Лхамсүрэн хамт олныхоо эд эс нь болоод 12 жил болжээ. Алиа хошин, нийтэч зантай хэмээн танилцуулсан. И.Оюунтүлхүүр арав дахь намартайгаа золгож байгаа. Залуучууд дотроо хамгийн хурдан шалмаг, дайчин бүсгүй гэж ирээд л дарга нь магтаж байна лээ. С.Мөнхзул бүсгүйн хувьд үйлдвэрлэл хариуцдаг П.Алтанцэцэгийн охин нь. Уг нь тэрбээр тогооч мэргэжилтэй. Дээр дурдсан цехэд өсч торнисон хоёр охины нэг нь. Цехийн хамгийн залуу ажилтан бол Т.Төмөрбаатар. Ажилд ороод хоёр жил болж байгаа ч аливаа зүйлийг маш хурдан сурдаг, хичээнгүй залуу гэсэн шүү. Бидэнтэй уулзаж амжаагүй ч заавал онцолж хэлэх оёдолчин бол н.Содцэцэг. Тэрбээр зөвхөн гэрийн торгон хөшгийг дагнаж урладаг. Тэд хамтрагчид болоод арав гаруй жил болжээ.
Дашрамд өгүүлэхэд, оёдлын салбарт голдуу эмэгтэйчүүд ажилладаг. Тэд хоногийн талыг ажил дээрээ өнгөрүүлэх нь бий. М.Эрдэнэцэцэг ажил олгогчийн хувьд оёдолчдынхоо ахуй амьдралыг гарын таван хуруу шигээ мэднэ. Тиймээс охиддоо боломжийнхоо хэрээр туслахыг хичээн зээл өгөх, тусламж үзүүлэх зэргээр ахуй амьдралд нь дэм болсоор ирсний үр дүнд эхнээсээ өөрийн гэсэн хашаа, байшинтай болцгоожээ. Энэ бол хувь хүний сэтгэл мэдэх асуудал. Дэлгэрэх цехийнхэн ядарч зүдэрч яваа нэгэнд сайхан сэтгэлийн гараа байсхийгээд сунгадаг талаар БЗД-ийн нийгмийн ажилтан онцолсныг уншигчдадаа дуулгахад таатай байна. Өнгөрсөн жилүүдэд жил дараалан болсон үер ус, зуд турханд өртсөн хэд хэдэн айлд Дэлгэрэх цехийнхэн иж бүрэн гэр, гэрийн бүрээс хэрэгсэл болон эд материалын тусламж үзүүлж ирснийг мэдэх хүн олон.
-
Улс төр18 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм20 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент20 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм20 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Энтертайнмент19 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм20 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм20 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд19 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ