Улс төр
Л.Болд: Ж.Батзандан гишүүний өмнө үнэхээр их ичсэн

АН-ын дарга С.Эрдэнэ даваа гаригт УИХ-ын гишүүн Ж.Батзанданг намаас хөөж, Л.Болд, Д.Мурат нарыг УИХ-д нэр дэвшүүлэхгүй хэмээн мэдэгдсэний дараа Л.Болд гишүүн АН-ын бүлгээс гарах тухайгаа мэдэгдсэн билээ. Ж.Батзанданг АН-аас хөөж, Л.Болд УИХ дахь АН-ын бүлгээс гарснаар АН УИХ-д суудалгүй болж УИХ-ын шийдвэр гаргах үйл ажиллагаанд нөлөөлөх чадамжгүй, маргаантай асуудлаар завсарлага авах ч эрхгүй болоод байгаа. Гэтэл өчигдөр тэр бас дахин нэгэн цочир мэдэгдэл хийсэн нь АН-аас гарах өргөлдөө намын дарга С.Эрдэнэд хүргүүлсэн явдал. Түүнтэй уулзаж, ийм шийдвэрт хүрэх болсон шалтгааныг тодрууллаа.
-Та өнөөдөр (өчигдөр) төрийн ордонд болсон намынхаа хуралд оролцсонгүй юу?
-АН-ын дарга өчигдөр надад дүрмийн бусаар хариуцлага тооцож, АН-аас сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэсэн. Үүний дараа би АН-ын бүлгээс гарч байгаагаа мэдэгдсэн. Гэтэл өнөөдөр намын бүлгээс гарсан асуудлаар намайг шүүхэд өгнө гэлээ. Тийм учраас би АН-ын гишүүнээс татгалзахаас өөр аргагүй болж байна. Гэхдээ би намаас гарсан ч намынхаа шинэчлэлийн төлөө тууштай явах эрх чөлөөтэй болж байна.
-Таныг АН-ын бүлгээс гарвал АН УИХ-д бүлэггүй болно. УИХ-аас гарч байгаа шийдвэрт нөлөөлөх боломжгүй болно шүү дээ. Тэгэхээр энэ шийдвэр танч хувьд ч, АН-ын хувьд ч их хүнд шийдвэр биш үү?
-Миний хувьд бол хүнд шийдвэр. Гэхдээ манай намын хувьд бол ямар ч гарзгүй шийдвэр болж байна л даа. Яагаад гэвэл манай намын бүлэг 60 тэрбумын бүлэгт үйлчилж байна. АН-ын язгуур эрх ашгийн эсрэг явж байна. МАН-ын дотоод зодоон нүдээнд нь давхиж орж, нэг талд нь үйлчилж, гишүүдээ шахаж дарамталж байгаа, наймаа арилжаанд нь орж байгаа байдлыг аваад үз л дээ.
-Ямар наймаа тохироо хийсэн гэж?
-Одоогоор надад мэдэх юм алга. Удахгүй цаг хугацаа бүгдийг ил гаргана л даа. Ямар ч байсан УИХ-ын даргын төлөө бол амиа тавьтал үзэж байна шүү дээ. Ийм бүлэг байгаад хэрэггүй. АН-д эрүүл саруул бодолтой гишүүн амьдрах эрхгүй болж байна шүү дээ. Ийм л тогтолцоо өнөөдөр манай намыг эзлээд байна.
-Намын ҮДХ шийдвэр гаргасан гэхээр ямар нэг дүрэм журам, бичиг баримтад тулгуурлаж энэ шийдвэрийг гаргасан байх л даа?
-УИХ-ын чуулганы санал хураалт дээр тулгуурлаж, түүнийг нотлох баримт болгож шийдвэр гаргасан гэсэн. Нэг ёсондоо шүүхийн процесс явж л дээ.
-Эхэндээ танай намын дарга “МАН-ын дотоод хэрүүлд оролцохгүй ээ. МАН дотооддоо асуудлаа шийдэг ёстой” гэж байсан шүү дээ. Ямар шаардлагаар гэнэт Улс төрийн зөвлөл хуралдаад, Засгийн газрыг огцруулах болоод явчихав?
-Яг тийм. АН-ын бүлгээс гаргасан албан ёсны ганц шийдвэр тэр байхүй юу. Хуралд нь оролцохгүй, ирцийг нь бүрдүүлж өгөхгүй. Энэ нам Монгол Улсаар тоглож, засгаараа наадаж байхад бид оролцохгүй ээ л гэсэн. Тэгсэн чинь сүүлдээ оролцохын дээдээр оролцож, ирцийг нь бүрдүүлж өгдөг болоод, дараа нь нэг талд нь очиж үйлчлээд. Бид өмнө нь 60 тэрбумынхныг огцруулсан шүү дээ. Д.Эрдэнэбат Миеэгийн Засгийн газрыг жилийн өмнө огцруулсан. Одоо эргээд тэр Засгийн газраа буцаагаад гаргаж ирж болохгүй шүү дээ. У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулж болно оо, зөв. Гэхдээ нөгөө талд нь Миеэгийн Засгийн газрыг дахиад гаргаж ирж болохгүй. Тэгээд 2020 оны сонгууль руу явбал тэрнээсээ ноцтой юм болно. Нам ч сүйрнэ, улс ч сүйрнэ. Бид харсан шүү дээ. 60 тэрбумынхан юу хийсэн, яаж энэ улсыг сүйрүүлсэн. Үр дүн нь энэ ЖДҮ. Энэ Засгийн газрыг ЖДҮ-ээр огцруулах гэж үзлээ. Гэхдээ огцруулж байгаа хүмүүс нь өөрсдөө ЖДҮ байгаа байхгүй юу. 40 гаруй ЖДҮ-чдийн 30 гаруй нь огцруулж байгаа талдаа байна. Түүн дээр бид ЖДҮ-чин болж нэмэгдэж болохгүй. Ерөөсөө огт оролцохгүй байх байсан юм. Харин ч оролцоод байгаа хүмүүс нь намынхаа шийдвэрийг зөрчсөн.
-Нэгэнт Засгийн газрыг огцруулах асуудалд АН оролцох ёсгүй гэж үзэж байсан юм бол та гурав өөрсдөө санал өгөхгүй, Засгийн газрыг хамгаалахгүй байж болоогүй юм уу?
-60 тэрбумыг ялуулж болохгүй. Засгийн газартай хариуцлага тооцохоосоо өмнө УИХ-ын даргатай хариуцлага тооцох ёстой. Тэрний дараа Засгийн газартай хариуцлага тооцож болно. Тэр үед харин бид санал өгөхгүй байж болно. Өгсөн ч болно. Тэр бол манай асуудал биш.
-Чуулган дээр та Богд банкны тухай ярьсан, Сангийн сайдын ширээн дээр таны бичиг нь байсан ч билүү нэг зүйл яригдаад өнгөрсөн. Тэр ямар учиртай юм?
-Наадах чинь бүгд гүтгэлэг. Хэрвээ тийм бичиг байсан бол над дээр аль хэдийн хэрэг нээгээд бараг цаазалчихсан байгаа. Байхгүй учраас ингэж гүтгэж байна. Тэрүүхэн хооронд хүмүүсийг төөрөлдүүлэх, биднийг харлуулах гэсэн башир арга.
-Гэхдээ чуулган дээр ярьсан нь та шүү дээ?
-Би тэр гүтгэлгэд нь хариу өгсөн. Тэр нь буруудсан байна л даа. Зүв зүгээр ажлаа хийж байгаа тэр залуучуудыг, тэр хамт олныг энэ муухай улс төрийн бохир хэрүүлд оруулж ирдэг нь буруу шүү дээ. Ж.Мөнхбатын хамгийн муухай бохир, явуургүй арга. Баримт байгаад гаргаж ирж тавьж байгаа бол хамаа алга. Зүгээр улс төрийн зорилгоор хэн нэгний төрөл төрөгсөд, гэр бүл, хамаатан садан, ах дүүгийн эрхэлж байгаа бизнесийг энэ муухай улс төрийн хэрүүлд чирж авчирч болохгүй шүү дээ. Ж.Мөнхбат үүгээрээ үнэхээр муухай, бохир зүйл хийсэн. Гэмт хэрэг хийсэн шүү.
-АН-ын гурван гишүүн Засгийн газрын талд кноподсон. Гэтэл хоёр өөр арга хэмжээ авсан. Та үүнийг юу гэж бодож байна?
-Харин тийм. Хөөвөл адилхан л хөөх ёстой биз дээ. Үүрүүлж байгаа хариуцлагаасаа эхлээд ялгамжтай, буруу байгаа байхгүй юу. Нэгийг нь хөөгөөд сануулга өгчихье, нөгөө хоёрыг нь айлгаад байж байя гэж байгаа юм уу, хаашаа юм. Би лав нэг нөхрөө хаяад, урваж шарваад, өөрөө гэмшээд аялдан дагалдана гэж байхгүй. Би үүний төлөө АН-д ороогүй, ардчиллын замыг сонгоогүй. Энэ бол миний нам, миний тэмцэл, миний зарчим.
-ҮДХ-ны шийдвэр гарсны дараа Ж.Батзандан гишүүн яаж хүлээж авсан бэ? Хөндлөнгөөс харахад бол та хоёр гүйж очоод уучлал гуйгаад аврагдчихсан, Ж.Батзандангаа хөөлгөчихсөн ч юм шиг хар төрөхөөр боллоо?
-Харин тийм шүү дээ. Би ч гэсэн үнэхээр их ичсэн. Ичсэндээ нүүрийг нь харж чадахгүй шууд гараад мэдэгдэл хийсэн. АН-ын бүлгээс гарлаа гээд. Гэтэл намайг АН-ын бүлгээс гаргахгүй, гарвал шүүхэд өгнө гэнэ ээ. Тэгвэл би намаас нь гарчихья. Намынхаа гаднаас намаа дэмжиж, шинэчилж болно шүү дээ. Намынхаа гишүүдийг надтай хамт гараад намынхаа шинэчлэлийн төлөө тэмцье гэж уриалж байгаа.
-АН-ын шинэчлэл яваад хоёр жил болчихсон байхад таны ярьж байгаа шинэчлэлийг гишүүд хүлээж авах болов уу?
-Шинэчлээгүй л юм байна. Зүгээр нэг хүний дарангуйлалд орчихсон байна. Нэг хүн УИХ-ын гишүүнийг намаас хөөж байна. Намын улс төрийн зөвлөлийг хурууныхаа үзүүрээр хөдөлгөж, дуртай шийдвэрээ гаргуулж байна. Нэг хүн намын бүлгийг бүрэн эрхшээлдээ оруулаад, өөрийнхөө халаасны нам шиг төлөөлж очоод өөр намтай наймаа хийж байна шүү дээ. Нэг хүн намын ҮБХ, намын их хурлыг дохио зангаагаараа хөдөлгөдөг болсон байна. Ерэн онд бид үүнийг хүсээгүй, үүний эсрэг хувьсгал хийсэн. Гэтэл өнөөдөр 30 жилийн хөгжлийн үр дүнд АН өөрөө ийм коммунист нам болсон байна. АН нь илүү коммунист, МАН л хамаагүй ардчилсан болчихсон зогсч байна шүү дээ. Ингэж болохгүй. Үүнийг бид шинэчилнэ.
-С.Баярцогтыг өмнө нь бас намаас хассан шийдвэр гаргаж байсан шүү дээ, З.Энхболд намын дарга байхдаа?
-С.Баярцогтыг намаас хасах шийдвэр намын даргын эрх мэдэл байсан эсэхийг би мэдэхгүй. С.Эрдэнэд бол тийм эрх байхгүй. Би АН-ын ҮЗХ-ноос УИХ-д нэр дэвших эрхээ авсан. УИХ-д ард түмэн намайг сонгосон. Тэгэхээр намайг УИХ-аас татах асуудал ард түмний эрх. Намаас ямар нэг арга хэмжээ авах бол ҮБХ-ны асуудал. ҮЗХ ийм нэртэй болсон.
-Үндсэн дүрмийн хороо намын дүрэм зөрчсөн талаар дүгнэлт гаргасан ч ядаж түүнийг нь ҮБХ хэлэлцэж шийдвэр гаргах ёстой гэж үү?
-Яг тийм. Дэвшүүлсэн газар нь дэвшүүлэхгүй гэдгээ хэлэх ёстой биз дээ. Өмнөөс нь өөр хэн нэг хүн цаазлаад байж болохгүй биз дээ. Тэр чинь коммунист тогтолцоо. Манай намд шинэчлэл огт явагдаагүй байна.
-Өнөөдрийн ҮБХ-ны хурлаар намын дүрэм хэлэлцэнэ гэснийг бодоход гурван гишүүнд хариуцлага тооцох асуудал хуучин дүрмээрээ явж байгаа байх, тийм үү?
-Би бас мэдэхгүй байна. Манай намын дүрэм хүртэл ийм нууц болчихсон. Уг нь намын вэб сайт дээр байж байх ёстой шүү дээ. Сүүлд сонссоноор бол бараг намын ерөнхий нарийн бичгийн дарга тушаал гаргаад намын дүрэмд өөрчлөлт оруулчихдаг юм биш үү? Бидний гар дээр лав ирээгүй, байдаггүй юм шүү дээ.
-Намын дүрмийн тэдийн тэдийг үндэслээд.. гэдэг шийдвэр нь бичгээр ирээгүй гэж үү?
-Тийм бичиг ирээгүй. Өөрсдөө түрүүлээд олон нийтэд зарлачихдаг л юм байна.
-Одоо тэгээд та яаж намынхаа даргатай тэмцэх гэж байна. Хэн таныг дэмжих вэ?
-Намын гишүүд маань надтай адилхан намаасаа гараад намынхаа шинэчлэлийн төлөө явья гэж уриалах байна. Тэгэхгүй бол дотроос нь шинэчлэх боломж алга. Нэг нэгээрээ хяргуулаад байна шүү дээ.
-Та МоАН санаачлагад байгаа юу?
-Байгаа. МоАН санаачлага бол судалгааны байгууллага. Ардчиллын үнэт зүйл, үзэл санаанд залуучуудыг сургах гээд зорилго нь өөр.
-Тэд таныг дагах болов уу?
-Тэд намайг дагах албагүй. Гэхдээ манай намаас намайг дагах хүн байгаа.
-Би хувьдаа их огцом, эрсдэлтэй шийдвэр гаргалаа гэж харж байна. Мэдээж ямар нэг сэтгэл санааны бэлтгэлтэй байсны үндсэн дээр та ийм шийдвэрт хүрсэн байх л даа?
-Би яаж бэлтгэх юм бэ? Нэг дэхийн өглөө босоод ирсэн чинь намаас арга хэмжээ авлаа гэж байхад би яаж бэлтгэх юм. Тэгснээ маргааш нь намайг намын бүлэг маань шүүхэд өгөхийг би яаж мэдэх юм, яаж үүнд бэлтгэх юм бэ.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

Улс төр
Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр

Монгол Улсын Их Хурал 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Өмгөөллийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан. Энэхүү өөрчлөлтөөр хуульч нь өмгөөлөгчийн шалгалтад орохдоо тодорхой ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн байхыг шаарддаг зүй бус хязгаарлалтыг хүчингүй болгосноор хуульчийн мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангах нөхцөл бүрдэв.
Энэ хуулийн 15.1.12, 15.1.13-т заасан өмгөөллийн үйл ажиллагаа хавсран эрхэлж болохгүй ажил, албан тушаал эрхэлж байгаа бол шалгалтад оруулахаас татгалзахаар тусгасан нь өмгөөлийн үйл ажиллагаа эрхлэх эсэх нь тодорхойгүй байхад хуульч өөрийн эрхэлж буй ажлаас чөлөөлөгдөхийг шаардсан хуульчийн мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөр эрхлэх үндсэн эрхийг хэт хязгаарлаж, хүний эрхэд нийцээгүй зохицуулалт болсон хэмээн хуулийн төсөл санаачлагч үзэн хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.
Уг заалтын улмаас 2023 онд гэхэд өмгөөллийн эрх авах хүсэлт гаргасан 283 хуульчаас 45 хуульч шалгалтад орох боломжгүй болж, урьдчилсан шалгуураар хасагдаж байжээ.
Энэхүү асуудлаар хуульчид болон иргэдийн зүгээс Үндсэн хуулийн цэцэд удаа дараа гомдол гаргаж байсан бөгөөд Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 02 дугаар дүгнэлтээр тухайн заалт нь Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн боловч, уг хуулийн заалт Үндсэн хуульд заасан ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хязгаарласан байх магадлалтай гэсэн байна.
Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг Монгол Улсын Их Хурал хууль тогтоогчийн хувьд хуулийн холбогдох зохицуулалтыг засах нь зүйтэй гэсэн үндэслэлээр Өмгөөллийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6.3 дахь заалтыг хүчингүй болгох тухай хуулийн төслийг санаачилж, 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм. Тэрбээр, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх хүсэлтэй хуульч нь шалгалтаа амжилттай өгч, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх боломжтой болсон нөхцөлд өмнөх ажлаасаа чөлөөлөгдөх учиртай болохоос, шалгалтад орохын тулд урьдчилан ажил, амьдралаа орхино гэдэг нь хүний эрхийг хэт хязгаарлаж байна. Хэрэв шалгалтад тэнцээгүй нөхцөлд тухайн хүн ажил, амьдралаараа хохирох нөхцөл үүснэ. Цаашид ч ийм логик зөрчилтэй заалтуудыг нэг бүрчлэн засах ёстой гэж үзэж байна хэмээсэн.
Энэ хуулийн өөрчлөлт нь Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөнд туссан хүн төвтэй, эрх зүйт, хариуцлагатай парламентын “Гурван төгөлдөршил” бодлогын биелэлтийн бодит үр дүнгийн жишээ болж буйг тэрбээр тодотголоо.
Улсын Их Хурлын Хэвлэл, мэдээллийн газар
Улс төр
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ

Монгол Улсын Ерөнхий сайд, Монголын Шатрын холбооны ерөнхийлөгч Гомбожавын Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч Султан Бин Халифа Аль-Нахъян баяр хүргэж захидал илгээжээ.
Захидалдаа, Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсонд Азийн Шатрын холбооны өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баяр хүргэе.
Энэ бол Монголын ард түмний төдийгүй, Азийн шатрын хамт олны хувьд бахархалтай, түүхэн мөч болж байна.
Таны олон жилийн туршид төрд зүтгэсэн тууштай байдал , Монголын Шатрын холбооны Ерөнхийлөгчийн хувиар үзүүлсэн манлайлал нь стратегийн алсын хараа, эх орондоо зориулсан чин сэтгэл, оюуны өндөр эрмэлзэл зэргийн тод жишээ юм. Таны удирдлага дор Монголын шатар хөгжиж, хүчирхэг тамирчид төрөн гарч, олон улсын тавцанд нэр хүндтэй болсон билээ. Таныг улсынхаа хамгийн өндөр албан тушаалд сонгогдсон нь ард түмэнтэйгээ гүн холбоотой, чадварлаг, шударга хүн гэдгийн баталгаа юм.
Бид таны манлайлал дор Монгол Улс цаашид ч хөгжин дэвжинэ гэдэгт гүнээ итгэлтэй байна. Мөн таны шатрын тоглоомд ханддаг гүн хүндэтгэл нь зөвхөн Монголд төдийгүй бүс нутгийн хэмжээнд боловсрол, хүүхэд залуусын хөгжил, соёлын дипломатын чухал хэрэгсэл болох шатрын үүргийг улам бүр бэхжүүлнэ гэдэгт итгэж байна.
Азийн Шатрын Холбоо нь таны нэр хүндтэй удирдлага дор Монголын Шатрын Холбоотой ойр хамтран ажиллах, мөн тив даяар шатрын хөгжлийг дэмжих хамтын зорилгодоо хүрэхийн төлөө хамтран зүтгэх болно.
Ерөнхий сайдын өндөр хариуцлагатай албанд тань амжилт хүсэн, чин сэтгэлийн баяр хүргэе” гэжээ.
Улс төр
Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ

2022 онд Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх дэлхийн үнэт өв, түүх, соёлын дурсгалт газар Орхоны хөндийд шинэ Хархорум хотыг сэргээн байгуулах зарлиг гаргасан.
Монголчуудын түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийн илэрхийлэл болсон Төрийн далбааг Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д өнө мөнхөд мандуулах ёслолоор Хархорум хотын бүтээн байгуулалт эхэллээ.
Ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож хэлсэн үгэндээ, монгол түмний ариун гал голомт болох Орхоны хөндийд Хархорум хотыг бүтээн байгуулахдаа сурвалж бичиг, археологийн олдвор, нотолгоонд тулгуурлан 800 гаруй жилийн тэртээх дүр төрх, Их хаадын сүр хүчийг шингээх ёстойг онцоллоо.
Мөн авто зам, төмөр зам, нисэх буудал, ус, дулаан, цахилгаан, хог хаягдал боловсруулах үйлдвэр, цэвэрлэх байгууламж, ногоон бүс, хөдөө аж ахуйн кластер, гол, нуурыг сэргээх зэрэгт нэн тэргүүнд анхаарах шаардлагатайг тэмдэглэв.
Цаг хугацаа, хөрөнгө, хүч хөдөлмөр шаардах бүтээн байгуулалтад төр, засаг, хувийн хэвшил, түмэн олноороо нэгдэж, нэгэн үзүүрт сэтгэлээр Хархорум хотоо сэргээн байгуулах үйлсэд идэвхтэй оролцохыг уриаллаа.
Тэрбээр Хархорум хотын ногоон байгууламжийн ажилд сэтгэл зүрхээ зориулан, идэвх санаачилга гарган, хөрөнгө зарцуулсан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.
Хархорум хотыг бүтээн байгуулах хүрээнд нийт 1,500 га талбайд нэг сая гаруй шилмүүст болон навчит мод, сөөг тарьж ургуулна.
Сүүлийн сар гаруйн хугацаанд төр, хувийн хэвшил, түүний дотор уул уурхай, ойн болон модны салбарын 40 гаруй байгууллага, аж ахуйн нэгжийн 800 гаруй хүн 550 гаруй мянган мод тариад байна.
“Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д гэхэд л төр, хувийн хэвшил хамтран 11 мянган ширхэг мод тарин, 13 мянган кв.м авто зогсоол, 11 мянган кв.м явган зам тавьж, цахилгаан, гэрэлтүүлэг, худаг, усжуулалт зэргийг шийджээ.
Шинэ Хархорум хотод 500 мянган хүн оршин суух бөгөөд 285 мянган ажлын байр бий болж, үүнийг даган бүс нутгийн хөгжлийг тэтгэх хот болно гэж тооцоолж байна.
Төр, захиргааны болон олон улсын байгууллага, гадаад улс орнуудын Дипломат төлөөлөгчийн газар төвлөрсөн, нийгэм, эрүүл мэнд, дэд бүтэц, өндөр технологийн үйлдвэрлэл, орон сууц, соёл, урлаг, аялал жуулчлал, ногоон байгууламж, бусад үйлчилгээ хөгжсөн ухаалаг хот байхаар төлөвлөсөн.
Тухайлбал, хотын нийт талбайн 50 хувь нь ногоон байгууламж, 30 хувь нь барилгажих талбай, 20 хувь нь авто зам байх юм.
Хот байгуулахтай холбоотойгоор Өвөрхангай, Архангай аймгийн нутаг дахь Орхоны хөндийд 189 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд аваад байна.
Хархорум хот нь түгжрэл, агаар, ус, хөрсний бохирдол гээд нийгэм, эдийн засаг, иргэдийн ахуй амьдрал, эрүүл мэнд зэрэгт сөргөөр нөлөөлж байгаа хүн амын төвлөрлийг задлах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдүүлэх, нийгмийн суурь үйлчилгээг хангах, суурьшлын шинэ бүсүүд бий болоход томоохон хувь нэмэр оруулна.
Улсын Их Хурал Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хууль баталж, Засгийн газар Хархорум хотын Захирагчийн Ажлын алба, Хотын болон Эрдэмтдийн зөвлөл ажиллуулж байна.
Одоогоор “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-гээс гадна “Мэдээлэл, сурталчилгааны цогцолбор” байгуулж, Хөгшин Орхон гол, Хэлтгий цагаан нуур, эртний нийслэлийн туурийг сэргээн, хотын бүтээн байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг боловсруулж байгаа юм.
Шинэ Хархорум хотод ногоон байгууламж барих эхний шатны ажилд:
1. “Эрдэнэс Тавантолгой” ХК
2. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ
3. “Эрдэнэс алт ресурс” ХК
4. “Эрдэнэс Монгол нэгдэл”
5. “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ
6. “Энержи ресурс” ХХК
7. “Шивээ овоо” ХХК
8. “Багануур” ХК
9. “Бороо гоулд” ХХК
10. “Оюу толгой” ХХК
11. “Болд төмөр ерөө” ХХК
12. “Саусгоби сэндс” ХХК
13. “Платинум ланд” ХХК
14. “Бадрах энержи” ХХК
15. “Дархан төмөрлөгийн үйлдвэр”
16. “Тэрбум мод” сан
17. Шүүхийн шинжилгээний ерөнхий газар
18. “МИАТ” ТӨХК
19. “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэг
20. “Монголын төмөр зам” ТӨХК
21. “Тавантолгой төмөр зам” ХХК
22. “Хархорин” цахилгаан түгээх сүлжээ
23. Зэвсэгт хүчний Жанжин штаб
24. Хил хамгаалах ерөнхий газар
25. Дотоодын цэргийн штаб
26. Онцгой байдлын ерөнхий газар
27. Цагдаагийн ерөнхий газар
28. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
29. Төрийн тусгай хамгаалалтын газар зэрэг байгууллага, аж ахуйн нэгж хувь нэмрээ орууллаа.
-
Нийгэм4 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
-
Нийгэм6 цаг өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
-
Нийгэм6 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм5 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Нийгэм6 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна
-
Нийгэм5 цаг өмнө
Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ
-
Нийгэм6 цаг өмнө
АТГ: Нийтийн албанд томилогдох 505 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав
-
Нийгэм5 цаг өмнө
Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо