Бусад
Б.Лхагважав: Сонгодог урлагт дурлах нүдийг минь багш маань нээж өгсөн

Монголын Үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч Б.Лхагважавтай хийсэн ярилцлагыг уншигч танд өргөн баръя.
- Н.Жанцанноров гуай нэгэнтээ “Лхагважав шиг сонгодог урлагийг ойлгодог дэмждэг хүн олон бол ч бидэнд дэлхийд нэрээ дуурсгах боломж нөөцүүд зөндөө байна” гэж шүүрс алдан өгүүлж байсан юм. Тиймээс ярилцлагаа сонгодог урлагтай танилцсан түүхээс эхлэх нь зөв байх?
- Хүүхэд насны гэгээн өдрүүдээр зочлох хэрэгтэй болох нь. Польшийн суут хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Фридерик Шопены бүтээлүүд миний сэтгэлийг хөглөдөг юм. Би нийслэлийн 48 дугаар сургуулийг төгссөн. Манай орос хэлний багш н.Алтанцоож маань бидэнд Чайковскийн “Хунт нуур” бүжгэн жүжгийн удиртгал сонсгоно гээд, пянз тоглуулагчаа авчирсан юм. хичээл эхлэхийн өмнө тавхан минут л сонсгосон байх. Хөгжим эхлүүт багш маань тэрхүү бүжгийн жүжигт уусаад орчихсон. Бид анх удаа сонсч байгаа болохоор уярч догдлох зүйл байхгүй харин ч багшийгаа шоолох маягтай. Сонгодог хөгжим гэдгийг ойлгохгүй байсан хэрэг. Дуу, хөгжмийн хичээл гэж долоон нотноос цаашгүй хэтрэх биш. Тэр өдрөөс хойш орос хэлний багш маань бидэнд сонгодог хөгжмийн сайхныг хичээл бүрийнхээ төгсгөлд тайлбарлаж, сонсгодог болсноор манай ангийнхан тэрхүү гайхамшигт урлагт дурлацгаасан даа. Ингэж л бидний нүд, чихийг нээж өгч билээ. Тэр цагаас “Хунт нуур” гэх мэт балетийг алсгалгүй үзэхийг хичээж, сонгодог хөгжим сонсдог болсон гэж хэлж болно. Гадаад руу, тэр дундаа Польш явахдаа ёс юм шиг театрт нь зочилж, балет, дуурийн аль тааралдсаныг үзэж, сэтгэлээ сэргээдэг болсон. Би оюутан цагаасаа Польш руу явж, наймаа хийсэн хүн. Польшийн бэлгэ тэмдэг бол Шопен. Польш, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой 2005 онд тохиосон. Тэр ойгоор Шопений нэрэмжит төгөлдөр хуурчдын тэмцээнийг Улаанбаатар хотод зохион байгуулсан. Н.Жанцанноров гуайг зөвлөхөөр аваад, төгөлдөр хуурч Т.Цолмон багш гэх мэт олон мундаг хүмүүстэй хамтраад шүү дээ. Тэр цагаас Шопений нэрэмжит тэмцээнтэй холбогдсон. Дараа нь 2010, 2014 онд хоёр удаа Шопений нэрэмжит Олон улсын төгөлдөр хуурчдын тэмцээнийг Монголд зохион байгуулсан. “Шопен ба XXI зууны Монгол” нэртэй Олон улсын төгөлдөр хуурчдын тэмцээн юм. Эхний тэмцээнд нь н.Бат-Эрдэнэ гэдэг залуу түрүүлж байсан. Өнгөрсан хавар Мальт улсад очиж тоглолтод оролцоод ирсэн. Италид сургууль төгссөн, манай улсын мундаг төгөлдөр хуурч бий. Сүүлийн тэмцээнд нь Шанхай хотын Зү Ванг гэдэг 15 настай хүү түрүүлсэн. Энэ тэмцээн Монголыг дэлхийд сурталчилсан үйл явдал болсон гэж дүгнэж болно. Ингээд бодохоор төгөлдөр хуур, сонгодог хөгжим гэдэг миний сонирхдог төдий зүйл биш үндсэн ажлын маань нэг хэсэг болоод байгаа.
– Шопентой адил таны сэтгэлийг хөглөдөг Монголын хөгжмийн бүтээлүүд байна уу?
- Би сонгодог хөгжим судлаач биш, зөвхөн сонирхогч төдий сонсогч. Сонгодог хөгжмийн бүтээлүүд бүгд л агуу. Сонгодог хөгжим хүний мэдрэхүйгээр дамжиж, эд эсэд хүрдэг. Хүн зургаан мэдрэхүйтэй, түүгээрээ мэдэрдэг. Нүд, чих, хамар, ам, биеэрээ мэдэрдэг. Энэ бол бурхнаас заяасан өгөгдөл. Эдгээр мэдрэхүйгээ хөгжүүлж байх ёстой. Хөгжүүлэх нэг хэлбэр нь хөгжим. Хөгжим гэдэг хүн төрөлхтний бий болгосон гайхамшигтай бүтээл. Дэлхийн сонгодгуудыг сонсохгүйгээр хорвоогоос буцна гэдэг эмгэнэл шүү. Дээрээс нь Монгол ардын уртын дууг Ж.Дорждагва, “Жаахан шарга”-ыг Ламжав гуайн дуулснаар. Цаашлаад Нямсүрэн, Нямлхагва, алдарт Н.Норовбанзад гуайн дуулсан уртын дууг сонсоогүй өнгөрвөл эмгэнэл. Энэ гайхалтай бүтээлүүдийг монгол хүн туурвисан, амилуулсан, хойч үедээ үлдээсэн. Тиймдээ ч би уртын дуу сонсох дуртай. Сонгодог хөгжим сонсох боловсрол гэж байх ёстой. Багаасаа сонсч, ойлгодог болох шаардлагатай. Тав, 10 минутын хугацаанд сонсч байгаад дараа нь цагийн концерт сонсох хэмжээнд боловсрох ёстой юм. Сонгодог хөгжим сонирхож сонсоно гэдэг нэлээд мэргэшсэн, боловсорсон хүний хийх ажил. Түүнээс сонгодог хөгжим сонсоно гэдэг зугаа цэнгэл биш. Яг л номтой адилхан. Шопен яагаад дэлхийд алдартай болсон бэ гэхээр түүний бүтээлийг бүх төгөлдөр хуурчид тоглодог байхгүй юу. Энэ хүн 37 настайдаа нас барсан. Таван настайгаасаа л тодорсон, дэлхийн суут хүн. Сайн төгөлдөр хуурч гэдгээсээ гадна мундаг хөгжмийн зохиолч байсан. Таван настайдаа Австрийн хаанд үнэлэгдээд, тэнд очиж төгөлдөр хуур тоглож байсан түүхтэй. Зургаан настайдаа вальс бүжгийн хэмнэлийг бичиж байсан гэдэг. Тийм учраас түүний төгөлдөр хуурын бүтээлүүд төгс гэгддэг юм. Шопений бүтээлийг яагаад төгс гэдэг нь бас учиртай. Нэгдүгээрт, түүний бичсэн ая аялгуу нь өөрөө гайхалтай. Түүнээс гадна, тэр төгөлдөр хуурыг амилуулж чадсан хүн. Төгөлдөр хуур хөгжмийг Европ, Америкийн хөгжмийн зэмсэг урладаг хүмүүс хийсэн байдаг. Сүмийн том хөгжмийг жижигрүүлж, төгөлдөр хуур болгож хийсэн. Гэхдээ сайн амилаагүй байсан гэдэг. Харин Шопен төгөлдөр хуур гэдэг хөгжмийг өөрийнхөө зохиосон нот, аяар амилуулсан учраас суут хөгжмийн зохиолч гэгдэж буй хэрэг. Мөн өөрийнхөө бүтээлээр дамжуулаад Польшийн ард түмний соёл урлаг, зан заншлыг дэлхийд түгээсэн. Польш улс 1810 онд тусгаар тогтнолоо алдсан. Оросын хаант улсын эрхшээлд орж, 100 гаруй жилийн дараа буюу 1918 онд тусгаар тогтнолоо буцааж авсан. Энэ бүх үүх түүх түүний бүтээлд шингэсэн байдаг.
Ер нь хөгжмийг ямар үед сонгох ёстой юм бэ. Гунисан гутарсан, ганцаардсан, ядарсан үедээ юм уу. Эсвэл зориуд цаг гарган театрт очих ёстой юу. Та түрүүн боловсорсон байх учиртай хэмээсэн тул асууж буй хэрэг?
-Амьд хөгжим сонсоно гэдэг өөрөө гайхамшиг. Мэдээж орчин үеийн технологи амьд хөгжмийг гэрт маань аваад ирсэн. Түүнийг сонсох нэг өөр. Гэхдээ манай улс дуурийн театртай. Олон жил сонгодог урлагийг үзэгчдэд хүргэж байна. Тэнд 200 гаруй хүн ажиллаж байгаа. Тэдгээр уран бүтээлчдийн бүтээлийг амьдаар нь сонсч сэтгэлийн цэнгэл эдлэнэ гэдэг юутай жаргал билээ. Сонгодог бүтээлийг сонгодог хамт олон л амилуулдаг байхгүй юу. Тэгж байж балет бүжиглэнэ, дуурь дуулна, сонгодог урлаг үзэгчдэд хүрнэ. Хөгжмийг нь монгол хөгжимчид тоглоод, монгол удирдаач удирдаад, бүхэл бүтэн үйлдвэрлэл явуулж байна. Тэгээд долоо хоног болгон балет, дуурь үзэгчдэд хүргэж байгаа. Ийм уран бүтээлчидтэй, театртай байна гэдэг нь өөрөө гайхалтай. Сонгодог бүтээлийг сонгодог орчинд нь үзэж, сонсвол илүү таашаалтай. Тиймээс л энд тэнд явж байхдаа театраар нь заавал орж, тоглолт байвал үздэг. Ялангуяа симфони найрал хөгжмийн бүтээл сонсоно гэдэг үнэхээр гайхалтай. Монголын хамгийн агуу сонгодог урлаг бол уртын дуу. Би түрүүнд цухас дурьдсан. Уртын дуу гэдэг 1000 жил болсон сонгодог урлаг байхгүй юу. Уртын дуу сонсоно гэдэг өөрийн ард түмнийхээ 1000 жилийн түүх соёлыг чихээрээ мэдэрч байна л гэсэн үг. Уртын дууны гол нууц нь үгэндээ байдаг. Үг нь тэр аяараа манай ард түмний амьдралын гүн ухаан байдаг юм. “Өвгөн шувуу” гэдэг дууг манайхан сонсч байх хэрэгтэй. Энэ дуу 30 бадаг шүлэгтэй. Энэ дууны 25 дугаар бадагт
Омогшин бардамнахыг хүлцэн тэвчиж
Ойр холхиноор нийцэн зэрэгцвэл
Нуур амар, нугас амгалан, нутаг дэлгэрээс дэлгэр болдог юм шүү дээ
Жигүүртэн олон шувууд минь ээ гэдэг. Энэ бол өнөө цагийн хэллэгээр зах зээлийн зарчим шүү дээ. Хэн хэндээ хожоотой гэрээ хийвэл хоёулаа хожиноо л гэсэн үг. Манай өвөг дээдэс энэ зарчмыг уртын дуундаа оруулаад дуулж байж. Ер нь том уртын дуунууд 28, 36 бадагтай байдаг. Одоо бол эхний дөрвөн мөр, эсвэл хоёр, гурван бадгаас цааш дуулахаа больсон. Энэ алдааг засъя гээд бид 2011 онд “Морьтон ардын түмний эх” нэртэй уртын дууны уралдаан зохион байгуулж байсан. Тэгээд уртын дууг гурван түрлэг дуулуулж байсан юм. Гурван түрлэг гэдэг чинь айзам уртын дуу бол 20 минут дуулна шүү дээ.
Ингэхэд та өөрөө төгөлдөр хуур тоглож сурах гэж оролдож үзэв үү?
-Би дуу дуулах, хөгжим тоглох авьяасгүй. Тийм учраас төгөлдөр хуур тоглож суръя гэж бодож, оролдож байгаагүй. Авьяасгүйгээ мэдэж байгаа юм чинь оролдлого хийж яах юм бэ, цагийн гарз. Монголчууд дуулж, хуурдахаар бялхаж байгаа. Тийм байхад би бас нэмэрлээд яах юм. Урлаг гэдэг цаанаа гүн ухааны л шинжтэй. Хүн тэндээс олж авахаа авч байх хэрэгтэй. Дуурийн дууг итали хэлээр л дуулж байгаа. Үгийг нь бид ойлгохгүй. Хөгжмийг нь л сонсч, таашаал авдаг. Тэгвэл Гандан ороод, өглөөний хурал хурахыг сонсоод үзээрэй. Ялангуяа 29-ний хурал өглөө 06:00 цагт хурж байгаа. Тэр олон лам нар төвдөөр ном уншихыг сонсоорой. Яг л дуурьтай адилхан. Зүгээр л очоод сонсоод үзээрэй. Бурханы ном гэдэг гайхалтай философи. Оюуны их ундарга тэнд байна. Очоод зүгээр л ном хурахыг нь сонс. Дуурийг очоод зүгээр л үз, сонс. Ганданд ороход мөнгө төлөхгүй. Дуурь хямдхан шүү дээ. Гэхдээ манай дуурийн театрынхан дэлхийн сонгодгуудыг тоглож байна. Нөгөөтэйгүүр би спортод дуртай. Бүр болоогүй Монголын Гимнастикийн холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байна.
-Дэлхийн сонгодог урлагт дуртай хүмүүсийн очих дуртай газар нь аль улсын театр вэ. Би бодох нь ээ, Итали вм болов уу гэж санадаг. Очиж үзээгүй л дээ?
- Дэлхийн ихэнх театраар ороод үзсэн. Дууриас гадна ардын соёл, урлагийг түгээдэг жижиг театрууд бас их байдаг. Манай Үндэсний урлагийн их театр гэж байдаг даа. Түүнтэй адилхан. Жишээлбэл, Мексикт явж байхад том далбагар малгайгаа өмсөөд, хөгжмөө тоглодог хүмүүс маш их байдаг. Тэрүүхэн хойд талд нь, Нью-Орлеанд очиход жааз хөгжмийн клубүүд их бий. Ерөөс жааз хөгжмийн эх орон нь Нью-Орлеан. Тэндхийн хүмүүс жааз хөгжмөө тоглож байгаа нь монгол хүн морин хуураа татаж байгаатай л адилхан. Ядаргаагүй, ямар ч зовиургүй, зүгээр л баяр баясгаланг түгээдэг. Тийм зүйлийг том театрт үзэхгүй шүү дээ. Нью-Орлеаны жааз хөгжмийн театр нь эртний хэлбэрээрээ. Дээр үед тоглож байсан хөгжмөөрөө л тоглодог. Модон сандал дээр суугаад үзнэ. Ямар гоё тоглодог гэж санана аа. Японы театруудад очоод, ардын урлагийг үзэх ямар их амар амгаланг мэдэрдэг гэж бодож байна, гайхалтай.
–Монголын хөгжмийн зохиолчид агуу гэмээр гайхалтай бүтээлүүдийг туурвисаар байна. Харин яаж тэднийгээ дэлхийд гаргах вэ?
-Монголын урлаг, спортын хөгжил дэлхийн хэмжээнд хүрчихсэн. Уран бүтээлчид дэлхийн хэмжээний том тэмцээнд оролцож, түрүүлж байна. Спортынхон олимпын наадмаас алт, мөнгөн медаль авч байгаа. Харин бусад салбарынхан дэлхийн хаана ч хүрээгүй. Монгол Улс урлагаас бусад салбарт гаргасан амжилтаараа дэлхийд 110-т жагсдаг. Спорт, урлагийнхны тухайд 20, 30 -д л яригддаг. Одоо ч хөгжиж л байна. Гэхдээ өчигдөр хөгжүүлээд өнөөдөр ийм амжилтад хүрсэн юм биш. Жишээ нь сонгодог хөгжим байна. Цэдэнбал Филатова гэдэг гайхалтай орос эмэгтэйн ачаар сонгодог урлаг Монголд хөгжсөн юм шүү дээ. Тийм учраас сонгодог урлагийнхан энэ хүнд үргэлж талархаж явах хэрэгтэй. БНМАУ-ын 1960 оны Үндсэн хуульд илүү гарсан бүх хөрөнгийг иргэдийнхээ сайн сайхны төлөө зарцуулна гэсэн заалт байсан. Энэ заалтыг л Филатова гуай хэрэгжүүлсэн. Спорт ч гэсэн 1950, 1960-аад оноос эхэлж хөгжөөд, өнөөдөр олимпын наадамд түрүүлж байна. Аль ч спортын холбооны 40-60 жилийн хөлс хүч, нус, нулимсны үнэ цэнээр олимпын медальтан төрдөг юм шүү. Миний хадам аав Д.Банди гэж боксын алдартай дасгалжуулагч хүн байлаа. Саяхан бурхан болсон. Боксын төлөө бүхий л авьяас чадвар, хүч хөдөлмөрөө зориулсан. Боксын холбоо 60 жилийнхээ босгон дээр олимпын наадмаас алтан медаль авсан. 60 жилийн турш гаргасан далай шиг их хөлсний үнэ цэнэ байхгүй юу. Манай Гимнастикийн холбооны 50 жилийн ойгоор Сингапурын хүүхдийн олимпын наадмаас Г.Эрдэнэболд гэдэг хүү алтан медаль авсан. Энэ бол 50 жилийн хөдөлмөр, хөлсний үнэ. Бөхчүүд маань амжилттай барилдаж, олон медаль авч байгаа. Энэ бол 2000 жилийн хөгжлийн үр дүн. Тийм учраас спорт, урлаг арай л өөр юм шүү. Монголын сонгодог урлаг хэдэн зуун жил хөгжиж байгаа. Та бод доо, дэлхийн хааны өмнө тоглож байсан урлаг соёл агуу л байж таараа. Тэр агуу соёлын үргэлжлэлийг бид авч явж байна. Дээрээс нь нэмээд орчин үеийн сонгодог урлагийг хөгжүүлээд, өнөөдөр үнэ цэнтэй болсон.
-Монгол Улс сонгодог урлаг хийгээд спортоороо дэлхийн хэмжээнд хүрсэн талаар та ярилаа. Гэвч амьдрал дээр Дуурийн театрын заал үзэгчдээр дүүрдэггүй. Тиймээс хүүхэд, залуучуудыг гар утсанд дондуулахаас илүү сонгодог урлаг руу тэмүүлдэг болгохын тулд юу хийх ёстой вэ?
-Сонгодог урлаг, уртын дуу гэдэг язгууртан, хаадын сонсдог, таашаадаг зүйл гэж дээр өгүүлсэн. Багаас нь урлаг сонирхдог, дурладаг болгож хүмүүжүүлэх хэрэгтэй. Сонгодог урлаг, уртын дууг нарийн ойлгодог болно гэдэг бол эрдэм сурч байна л гэсэн үг. Түүнээс биш гэнэт л нэг өдөр Бетховен, Моцартыг ойлгодог болчихгүй. Уг нь манай ард түмэнд сонгодог урлагийг ойлгох суурь бий. Гагцхүү н.Алтанцоож багш шиг минь шавь нарынхаа нүд, чихийг нээж, сонгодог урлаг ойлгох оньсыг нь яаж тайлах вэ гэдэгт л хэргийн учир оршино. Дунд сургуулийн дуу, хөгжмийн багш нарын хичээл зүтгэл чухал. Дээр нь тухайн хувь хүн сонгодог урлагийг ойлгох хүсэл эрмэлзэлтэй байх ёстой. Соёл урлаг, спортын хүчийг ашиглаж агуу гүрнийг байгуулж болдог гэдгийг бид умартчихсан. Төрийн томчууд спорт, урлагийнхан шагнал аваад ирэхээр нь хүлээж авч уулзаж, өөрсдийгөө гоёод байдаг. Түүнээс биш ард түмнээ тэднээр гоёхгүй байна. Урлаг соёлын хүч гэж агуу зүйл бий. Ард түмнийг нэгтгэн нийлүүлдэг. Их хүчний гайхамшгийг мөнгөнөөс илүү гаргаж харахгүй байна. Манай эрх мэдэлтнүүд мөнгийг л чадалтай гэж хараад байгаа болохоос соёл, түүхээ тэгж хардаггүй. Тиймдээ ч урлаг соёлдоо хөрөнгө оруулалт хийхгүй байна. Миний санаснаар болдог энэ төрийнхөн өөрсдөө үлгэр дууриалал үзүүлмээр байгаа юм. Урлаг соёлынхоо агуу хүмүүсийг дэмжих хэрэгтэй. Нэг симфони бичсэнийхээ төлөө яагаад 500 сая төгрөг авч болохгүй гэж. Хэрвээ урлаг соёлоо түгээе, ард түмнээ соён гэгээрүүлье, сонгодог урлагийн боловсролтой болгоё гэвэл соёлын салбарт ажиллаж байгаа 18 мянган хүндээ хөрөнгө оруул. Яг нарийндаа социализмын үед бэлтгэгдсэн нөөц шавхагдаад дуусч байна. Хөгжмийн зохиолч, хөгжимчин талаасаа ч.

Бусад
Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.
Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж, говь, хуурай хээрийн бүсийн экосистемийн үнэлгээ хийх, экологийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийг тогтоож, тусгай хамгаалалтад авах, үүнд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлын нэг бөгөөд айлчлалын үеэр ярилцсан санал, санаачилгууд ийнхүү бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаагийн илрэл юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа үеэр Прага хотын амьтны хүрээлэнд зочилж, шинээр төрсөн тахийн унаганд “Дагина” хэмээх нэр хайрлаж байсан юм.
Прага хотын амьтны хүрээлэн 2024 оны гуравдугаар сард “Монголын говь”-ийн байнгын үзмэр байгуулж, монгол гэр барин, тахь нутагшуулах төслийн үйл явц, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд тогтмол толилуулж байна.
Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байх хугацаандаа тахь нутагшуулах ажлын хүрээнд тахийг цэргийн онгоцоор тээвэрлэн Монгол Улсад авчрах шийдвэр гаргасан нь уг төслийн амжилтад чухал хувь нэмэр оруулсан юм. Үүний үр дүнд Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрээд байна.
Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
-
Эдийн засаг6 цаг өмнө
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа
-
Нийгэм6 цаг өмнө
Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө
-
Нийгэм5 цаг өмнө
Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй
-
Улс төр6 цаг өмнө
Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ
-
Нийгэм6 цаг өмнө
“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно
-
Нийгэм6 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурханы батлагдсан тохиолдол 7717 бүртгэгдэж, нас баралт 6 болжээ
-
Нийгэм4 цаг өмнө
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа
-
Нийгэм3 цаг өмнө
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав