Улс төр
Тэтгэврийн зээлийг тэглэх шийдвэрийг олон улсын байгууллага, хандивлагч орнууд зөвөөр ойлгоно гэдэгт итгэж буйгаа Г.Занданшатар илэрхийллээ
УИХ-ын дарга Г.Занданшатар Япон Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдож ирээд буй Кобаяши Хироюкиг өнөөдөр (2020.02.05) хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсонд нь баяр хүргэж, ажлын амжилт хүслээ. Ноён Элчин сайд Кобаяши Хироюки УИХ-ын даргыг цаг гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлэв. Тэрбээр гурав дахь удаагаа Монгол Улсад томилогдон ажиллаж байгаагаа дурдаад “Монгол бол миний хоёр дахь эх орон гэж хэлж болно. Тиймээс Элчин сайдаар ажиллах хугацаандаа хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг бүхий л түвшинд гүнзгийрүүлэн хөгжүүлэх, эрчимжүүлэхийн тулд идэвх, зүтгэл гарган ажиллах болно” гэлээ.
УИХ-ын дарга, Хэйсэй эринд эхэлсэн манай хоёр орны уламжлалт, найрсаг харилцаа Рэйва эринд илүү өндөр түвшинд шинэ агуулга, хэлбэрээр өргөжин баяжина гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Монгол Улс Япон Улсыг гурав дахь хөршөө хэмээн үзэж, харилцан хамтарч ажиллаж ирсэн түүхэн уламжлалтайг тэрбээр хэлээд, “Намайг Гадаад харилцааны сайдаар ажиллаж байх үед манай хоёр улс Стратегийн түншлэлийн харилцаа тогтоож байсан. Энэ нь Монгол, Япон хоёр улсын харилцан итгэлцэл, ойлголцол, түншлэлийг илэрхийлж буй. Монгол Улс шинэ нийгэмд шилжих шилжилтийн үед Япон Улс өгөөмөр дэмжлэг, туслалцаа үзүүлж, ардчиллын институциудыг бэхжүүлэх, чөлөөт зах зээлийн системд шилжихэд чухал хувь нэмэр оруулсан” хэмээн тэмдэглэв. “Говь” үйлдвэр, Хөшигийн хөндийн нисэх буудал, Япон-Монголын сургалтын эмнэлэг гэх зэрэг хоёр орны хамтран хэрэгжүүлсэн олон төсөл, арга хэмжээ амжилттай, үр ашигтай байдгийг дурдсан юм.
УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхдаа дээр дурдсан нисэх буудлын байгууламж, сургалтын эмнэлэг байгуулах зэрэг олон асуудалд ихээхэн дэмжлэг үзүүлж, чухал хувь нэмэр оруулж ажиллаж ирснийг ноён Элчин сайд энэ үеэр онцоллоо. Түүнчлэн 2019 оны 05 дугаар сард Японы эдийн засгийн нөлөө бүхий “Никкэй” сонины газраас зохион байгуулсан 25 дахь удаагийн “Азийн ирээдүй” олон улсын форумын урилгыг Монгол УИХ-ын дарга Г.Занданшатар хүлээн авч, оролцсон явдал нь хоёр орны харилцаанд чухал хувь нэмэр оруулсан гэдгийг хэлсэн. Элчин сайд Кобаяши Хироюки хэлэхдээ “Цаашид хоёр орны эдийн засаг, худалдаа, бизнесийн харилцааг эрчимжүүлэх, өргөжүүлэх боломж бий гэж үзэж байна. Хоёр орон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээр байгуулаад тодорхой хугацаа өнгөрсөн хэдий ч Монгол Улсаас Япон Улс руу хийж буй экспортын хэмжээ дорвитой нэмэгдээгүй. Тиймээс Элчин сайдын хувиар би үүнд анхаарал хандуулан Монгол Улсын холбогдох төрийн байгууллага, хувийн хэвшлийнхэн, үйлдвэрлэгчидтэй уулзаж, хамтран ажиллаж, дэмжлэг туслалцаа үзүүлэх болно” гэлээ.
Хоёр орны улс төрийн харилцаа өндөр түвшинд хүрсэн бөгөөд эдийн засгийн харилцаагаа ижил түвшинд хүргэх нь чухал гэдгийг УИХ-ын дарга санал нэгтэйгээр тэмдэглэв. Хөшигийн хөндий дэх шинэ нисэх буудлын үйл ажиллагаагаар дамжуулан хоёр улсын эдийн засаг, бизнес, худалдааны харилцаа эрчимжих боломжтой хэмээн үзэж буйгаа Г.Занданшатар дарга хэлээд “Банк, харилцаа холбооны салбарын үр ашигтай бизнес төслүүдийн амжилтыг харахад хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаанд илүү их боломж бий. Монголчуудын хурд, япончуудын нягт, нямбай зан чанарыг хослуулан олон салбарт харилцан өндөр үр ашигтай хамтран ажиллах нөөц бий гэж харж байна” гэлээ. Түүнчлэн бизнес, худалдааны амжилттай харилцааны суурь болох иргэд хоорондын итгэлцэл, хамтын ажиллагаа, харилцааг дэмжин хөгжүүлэх нь чухал ач холбогдолтой болохыг хэлж байв.
Япон Улсын хөгжлийн тулгуур бол сайн боловсон хүчин, харин Монгол Улсын хувьд байгалийн баялаг юм. Өөр онцлог, давуу талууд олон бий учир хөгжлийн нөөц, боломж өндөр байгаа гэж үздэг тухайгаа ноён Элчин сайд хэлсэн.
Монгол Улсаас Олон Улсын Валютын Сантай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд Япон Улсын Засгийн газраас дэмжлэг үзүүлж хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт олгохоор шийдвэрлэсэнд талархаж байгаагаа УИХ-ын дарга Г.Занданшатар илэрхийлээд, энэ санхүүжилтийн II хэсгийг олгох асуудлыг шийдвэрлэхэд дэмжин ажиллахыг Элчин сайд Кобаяши Хироюкигоос хүсэв.
Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийг Улсын Их Хурал баталсан. Эл шийдвэрийн талаарх тайлбар, тодруулга, холбогдох судалгааг Олон Улсын Валютын Санд хүргүүлээд байгаа аж. Холбогдох судалгаанаас харахад хамгийн бага хэмжээний тэтгэвэр авдаг иргэд хэрэглээгээ хангах үүднээс тэтгэврийн зээл авдаг. Нийт тэтгэврийн зээлийн 86 хувь нь иргэдийн хэрэглээнд, үлдсэн нь сургалтын төлбөр, автомашины лизинг болон бизнесийн санхүүжилтийн зорилгоор зарцуулагдсан байдаг байна. Өөрөөр хэлбэл, жилийн 15 орчим хувийн хүүтэй энэ төрлийн зээлийг амьдралын баталгаатай, хангалуун амьдарч буй ахмадууд авдаггүй.
Зөвхөн бага орлоготой, нийгмийн халамж зайлшгүй шаардлагатай ахмадууд авч байгааг судалгааны дүн харуулдаг байна. Нөгөө талд, бүх ард түмний өмч болох байгалийн баялгийн үр ашгийг хүн амын цөөн хэсэг нь хүртэж, хэт тансаг амьдарч буй шударга бус байдлыг цэгцлэх ёстой. Мөн тэтгэврийн реформыг хийхийн тулд тэтгэврийн санг чөлөөлөх шаардлагатай. Энэ мэт олон шалтгаанаас үүдэлтэй, байгалийн баялгийг ард түмэнд тэгш хүртээх, нийгмийн тэгш бус байдлыг арилгах, нийгмийн эмзэг бүлгийн ахмадуудаа халамжлах үүднээс сайтар судалж, боловсруулж, авч хэрэгжүүлсэн бодлого шийдвэр болохыг УИХ-ын дарга уулзалтын үеэр тайлбарлалаа. Япон Улс нь манай улсын томоохон хандивлагч тул дээрх шийдвэрийн талаарх судалгаа, мэдээлэл, холбогдох тайлбарыг Элчин сайдаар уламжилж буйгаа хэлэв.
Мөн “УИХ-ын энэ шийдвэр бол төрийн халамж нэн шаардлагатай байгаа ахмад настнуудад халамж үзүүлэх, улмаар байгалийн баялгийн хуваарилалтыг тэгш, шударга болгох, нийгмийн тэгш бус байдлыг бууруулах зорилготой улс төр, нийгмийн өндөр ач холбогдолтой бодлогыг хэрэгжүүлэх эхний алхам юм” хэмээн тайлбарлаад, Монгол Улсын Их Хурлаас гаргасан эл шийдвэрийг олон улсын байгууллага болон хандивлагч орнууд зөвөөр ойлгож, хамтран ажиллана гэдэгт найдаж буйгаа УИХ-ын дарга Г.Занданшатар хэллээ.
Үргэлжлүүлэн талууд цаг үеийн асуудал болон хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар санал солилцов
Улс төр
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслолоор эхэллээ. Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.
Дараа нь Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцлоо.
Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол, үндэсний бөхийн барилдаан болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан баярын хурал 2024 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр Төрийн ордны “Их Монгол” танхимд боллоо.
Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэснээр эхэлсэн баярын хурлын эхэнд Улсын Их Хурлын дэд дарга, Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Х.Булгантуяа үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ тусгаар Монгол Улсын бүрэн эрхт байдлыг илэрхийлсэн Үндсэн хуулийн үзэл санааг иргэн бүрд таниулах, сурталчлах, хууль дээдлэх ёсыг олон нийтэд төлөвшүүлэх нь үндэсний бахархал хэмээн үзэж, ажлын хэсэг 100 жилийн ойг “Санан тунхаглах ирээдүй” сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж буйг дурдаад, үүний хүрээнд Эмэгтэй парламентчдын гуравдугаар чуулга уулзалт, “Парламентын хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” чуулга уулзалт, гэрэл зураг, архивын баримтын үзэсгэлэн, “Үндсэн хуульт ёс, өнгөрсөн, одоо, ирээдүй” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал зэрэг олон томоохон арга хэмжээг зохион байгуулж байгааг танилцуулсан юм. Мөн маргааш буюу 2024 оны 11 дүгээр сарын 26-нд 21 аймаг, есөн дүүргээс тусгайлан ирж сургалтад хамрагдан бэлтгэгдсэн багш нар ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн нас насны онцлогт тохирсон Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийн мэдлэг олгох хичээл заах гэж байгааг тэрбээр мэдээлж, ойн хүрээнд төрийн ёслол, хүндэтгэлийн олон арга хэмжээ төлөвлөгдсөнийг тэмдэглээд, аливаа улсын тусгаар тогтнол нь Үндсэн хуулиараа баталгааждаг агаад Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа 100 жилийн тэртээ баталсны ач холбогдол нь тусгаар тогтнолын дайтай үнэ цэнтэй юм гэв.
Баярын хурлыг албан ёсоор нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүллээ. Бүрэн эрхт, тусгаар тогтносон Монгол Улсын нийт ард иргэд, төр, улсыг удирдаж ирсэн төрийн тэргүүн, Ерөнхийлөгч нар, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нар, Ардын Их Хурал болон Улсын Бага Хурлын депутатууд, төрийн түшээдэд хандсан мэндчилгээндээ тэрбээр үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо байлдан олж, улмаар бэхжүүлэн батжуулахын төлөө хичээн зүтгэсэн өвөг дээдсийн бартаат түүх, анхдугаар Үндсэн хуулиа боловсруулан баталж, Бүгд найрамдах улсыг тунхаглан зарласан алдар гавьяаг бахархан дурсаж, Монгол Улсын Үндсэн хуульт ёсны 100 жилийн түүхийн хөгжил бол аливаа эрх мэдэл ард түмнээс эх сурвалжтай байх зарчимд тулгуурлан, төр засгийн эрх мэдлийг Үндсэн хуулиар тогтоож, хүний эрх, эрх чөлөөг хамгаалан баталгаажуулж, эрх зүйт төрийг байгуулахын төлөөх нэгэн зууны нөр их хичээл зүтгэл, эрэл хайгуул, сургамж туршлага, бидний өв соёл, үнэт зүйл болохыг онцлон тэмдэглэв. Түүнчлэн Ерөнхийлөгч эдүгээ хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Ардчилсан Үндсэн хууль бол Монголын ард түмний амьдралд түүхэн шинэ эргэлт болж, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бэхжүүлж, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэх, дэлхий дахинд Монгол Улс оюун санааны эрх чөлөө, энх тайвны бэлгэ тэмдэг болсон улс хэмээн үнэлэгдэн хэлэгдэх үндэс суурийг тавьж өгснийг онцгойлон илтгээд, ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлахад оюун ухаан, зүрх сэтгэлээ дайчлан хүчин зүтгэсэн Ардын Их Хурлын депутатууд болон Улсын Бага Хурлын гишүүд, төр нийгмийн зүтгэлтнүүд, үе үеийн Монгол төрийн түшээдэд гүн талархал илэрхийллээ.
Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурлын үндсэн илтгэлийг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан “Санан тунхаглах ирээдүй” сэдвээр тавилаа. Тэрбээр илтгэлдээ, 1924 онд анхдугаар Үндсэн хуулиа баталсан нь түүхэн онцгой үйл явдал болсон бөгөөд түүний хөрс суурийг хорьдугаар зууны эхэнд өрнөсөн Монголчуудын тусгаар тогтнолоо сэргээхийн төлөөх тэмцэл, хувьсгал тавьсан гэдгийг чухалчлан дурдаж, олон улс дахь улс төр, дайн дажины хурцадмал нөхцөлд Монголчууд жинхэнэ эрх чөлөөнд хүрэх зорилгоо биелүүлж, Бүгд Найрамдах засгаа бүрэн утгаар тунхагласныг бахархан тэмдэглэв. Анхдугаар Үндсэн хуулийн улс төр, эрх зүйн ач холбогдол нь төрийн эрх мэдлийг ард түмэнд шилжүүлж, хүний эрх, эрх чөлөөний асуудлаар зарим дэвшил гарсан хийгээд Бүгд Найрамдах улсыг тунхаглан зарласанд оршиж буйг Улсын Их Хурлын дарга илтгэлдээ тухайлан онцолж, энэ нь дараа дараагийн Үндсэн хуулийн уг сурвалж болж, улам бэхжсээр 1992 оны ардчилсан Үндсэн хуульд тусгалаа олсныг дурдлаа. Мөн тэрбээр, Монгол Улсын Их Хурлын ес дэх удаагийн сонгуулийн дүнд бүрдсэн парламент 2024-2028 онд баримтлах стратеги төлөвлөгөөгөө баталж, “хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулах, олон ургалч үзлийг хангах, үр нөлөөтэй байх, ил тод, нээлттэй, хүртээмжтэй байх, ёс зүйтэй, хариуцлагатай, хариуцан тайлагнадаг байх”-ыг үнэт зүйл болгон тодорхойлсныг танилцуулаад, хууль тогтоох болон хянан шалгах бүх үе шатанд хүн төвтэй үзэл санаанд суурилсан, хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалсан байх агуулга, шаардлагыг нэн тэргүүнд тавьж ажиллахыг илэрхийлэв.
Баярын хуралд оролцсон үе үеийн төр, нийгмийн зүтгэлтнүүдийг төлөөлөн Монгол Улсын Их Хурлын дарга асан Р.Гончигдорж, Д.Лүндээжанцан, Г.Занданшатар нар үг хэлж, Үндсэн хуульт ёсны 100 жилийн түүх, анхдугаар болон түүнээс хойших Үндсэн хуулиудын залгамж чанар, үнэ цэнийг илтгэхийн зэрэгцээ улс орныхоо сайн сайхан ирээдүй, шударга ёс, эрх зүйт ёс, үндсэн хуульт ёсны төлөвшлийн төлөө хамтран зүтгэхийг уриаллаа. Өвөг дээдсийн эхлүүлсэн их үйл хэрэг нь бидний хувьд зөвхөн бахархал бус хойч үедээ энх тайван, шударга ёс, хүний эрх, эв нэгдлийг хамгаалж, өвлүүлэх үүрэг хариуцлага юм хэмээн баярын хурлыг хааж хэлсэн үгэндээ Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж онцолсон юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Эрхэм хүндэт туурга тусгаар Монгол Улсын ард иргэд ээ,
Та бүхэнд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, ард түмэн засаглах, эрх чөлөөтэй амьдрах үндсийг бүрдүүлсэн анхдугаар Үндсэн хууль батлагдсан 100 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.
Одоогоос 100 жилийн өмнө монголын аймаг, хошууд, ардын цэргийн ангиудаас сонгогдсон 77 төлөөлөгч Улсын Анхдугаар Их Хурлаар чуулж анхны Үндсэн хуулиа 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр баталж Бүгд Найрамдах Улсыг тунхагласан түүх бол бидний бахархал мөн.
Монголчууд дэлхий дахинаа Бүгд Найрамдах улсаа тунхаглаж анхдугаар Үндсэн хуулиа баталснаар зүүн болон төв Азидаа Япон, Хятад улсын хамт Үндсэн хууль бүхий эхний гурван улс болж, тэргүүлж хөтөлсөн түүхтэй. Ийнхүү Бүгд Найрамдах засаглалыг тогтоож, дэлхийн улс орнуудтай хөл нийлүүлж, үндсэн хуульт ёсыг нэвтрүүлж, тивдээ түүчээлсэн нь бидний хувьд үнэ цэнэтэй.
ХХ зууны эхэн үеийн дэлхийн улсуудын байдлыг авч үзэхэд өмнөд хөршид Манж Чин улсын уналт, хойд хөршид Октябрын хувьсгал, Европ тивд улс орнуудын зөрчилдөөн, Дэлхийн I дайн, зарим үндэстний тусгаар тогтнолын төлөөх тэмцэл өрнөж, дайн дажины хурцадмал нөхцөлтэй байсныг та бүхэн мэднэ. Дэлхий дахин амар амгалангүй байсан энэ цаг үед Монголчууд жинхэнэ эрх чөлөөнд хүрэх зорилгоо ахиулж, Бүгд Найрамдах засгаа тунхаглаж чадсан нь үнэхээр бахархалтай үйл явдал.
1924 оны Үндсэн хуулийн улс төр, эрх зүйн ач холбогдол нь төрийн эрх мэдлийг ард түмэнд шилжүүлж, төрийг сонгуульт зарчмаар удирдах тогтолцоог бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөөний талаар зарим дэвшил гарган хуульчилж, Бүгд Найрамдах улсыг тунхаглан зарласанд оршино.
Зуун жилийн өмнө Монголчууд ард түмэн засаглах, төлөөллийн зарчмаар төрийг удирдах, байгалийн баялгийг ард түмний мэдэлд харьяалуулах, улсын бэлгэ тэмдгийг тогтоох, хууль тогтоох байгууллага нь гүйцэтгэх засгаа томилох, хүний үндсэн эрх, эрх чөлөөг баталгаажуулах, нутгийн удирдлагын бүрэн эрхийг тодорхойлох зэрэг олон чухал асуудлыг тунхаглаж байсан нь залгамжлагдаж өнөөгийн ардчилсан Үндсэн хуульд бэхжин төгөлдөржсөөр байна.
Монгол Улс анхдугаар Үндсэн хууль баталснаас хойш 100 жилийн хугацаанд 1940, 1960, 1992 онд Үндсэн хуулиа бүтэц, бичвэр, агуулгын хувьд улам бүр баяжуулан сайжруулсныг та бүхэн мэднэ. Үндсэн хуульт ёсны энэхүү хөгжлийн үе шатад төрт улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг өчүүхэн ч төдий дордуулаагүй нь Монголчууд бидний бас нэгэн бахархах зүйл мөн юм.
Анхдугаар Үндсэн хуульд засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх, төрийн эрх мэдлийн уг сурвалж жинхэнэ ард буюу иргэд байх зарчмыг анх удаа тогтоосон нь дараа дараагийн Үндсэн хуульд бэхжиж, улмаар 1992 оны ардчилсан Үндсэн хуулийн амин чухал зарчмын нэг болсон билээ.
Тиймээс өнөөгийн парламентын засаглал нь геополитик, дотоод улс төрийн нөхцөл байдлын хувьд чухал тогтолцоо бөгөөд үүнийг цаашид улам бүр төгөлдөржүүлэн авч явах ёстой.
2023 онд ардчилсан Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр сонгуулийн холимог тогтолцоонд шилжсэн бөгөөд Монгол Улсын Их Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн дүнд таван намын төлөөлөл бүхий 126 гишүүнтэй парламент бүрдэж олон ургалч үзэл санаа хангагдах нөхцөл бий боллоо.
Шинээр бүрдсэн парламент Үндсэн хуулийн эрхэм зорилгод үндэслэн Стратеги төлөвлөгөөгөө баталсан бөгөөд цаашид хууль тогтоох болон хянан шалгах бүх үе шатад хүн төвтэй үзэл санаанд суурилсан, хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалсан байх агуулга, шаардлага нэн тэргүүнд тавигдана.
Монгол Улсын Их Хурал ардчилсан Үндсэн хуулийн онцгой чухал зарчим болох ард түмэн засаглах Бүгд Найрамдах Улсын эрх зүйн үндсийг тогтоосон анхдугаар Үндсэн хуулийн түүхэн ач холбогдлыг тэмдэглэж, ард түмэн бид бүрнээ дагаж мөрдвөл зохих 1992 оны Үндсэн хуулиа дээдлэн залах тухай тогтоолыг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр баталсныг та бүхэнд дуулгахад таатай байна.
Бид өнөөдөр анхдугаар Үндсэн хуулийн зуун жилийн түүхэн ойн өдөрт гүн хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ цаашид Бүгд Найрамдах ёс, ард түмний засаглал, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг хойч үедээ уламжлан дамжуулах төрийн байгуулалт, төрт ёсыг бэхжүүлэх эрхэм хүндтэй үүргээ нэр төртэйгээр биелүүлнэ гэдэгт итгэл дүүрэн байна.
Та бүхэндээ Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийн зуун жилийн ойн баярын мэндийг дахин хүргэж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.
2024.11.26
Улаанбаатар хот
-
Улс төр20 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр20 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Улс төр20 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Нийгэм19 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр19 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
-
Энтертайнмент10 цаг өмнө
Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ